Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for March, 2008

Сонгуулийн прогноз хийх арга зүй

Posted by bolod on March 30, 2008

(Сонгуулийн социологи, сонгогчийн зан үйлийн шинжилгээ)

Нэг. Сонгуулийн прогноз хийх үндсэн нөхцөл: тооцох хүчин зүйлс.

Сонгуулийн дүнг прогнозчилох явдал сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэхүү судалгааг наад зах нь нэгдүгээрт иргэдийн сонгуулийн оролцоо, хоёрдугаарт тойргийн хэв шинж, онцлогийн судалгаа , гуравдугаарт, улс төрийн намуудын рейтинг, дөрөвдүгээрт сонгуулийн булхай луйвар, тавдугаарт сонгогчийн зан үйлийг бүрдүүлэгч хүчин зүйлсийн нөлөө, тэдгээрийн хэр хэмжээ зэргийг тусгасан цогц судалгаа хийж байж сонгуульд ямар нам хүчин амжилт үзүүлэх вэ? гэдэгт илүү бодитой хариулт өгч чадах юм.

Чөлөөт сонгууль явуулж эхэлсэн 1990 оноос эхлээд сонгууль бүрийн өмнө аль нам хүчин сонгуульд ялалт байгуулах бол гэсэн мэтгэлцээн, маргаан өрнөж үүнд жирийн сонгогчоос эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд, зурхайчаас эхлээд судалгааны байгууллагын мэргэжилтнүүд идэвхийлэн оролцож иржээ.

Нийгэмд өрнөж байгаа эл үйл явдлаас судлаачид хоцроогүй, хоцрох ч ёсгүй юм. Английн нэрт социологич Э.Гидденсийн хэлснээр социологийн шинжлэх ухааны нийгмийн өмнө гүйцэтгэдэг хүндтэй үүрэг бол прогнозчилол билээ. Чухам тийм учраас бид хамгийн их анхаарал татсан сэдэв болох сонгуулийн дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалыг ашиглан прогнозчилох оролдлого хийсний зарим хэсгээс толилуулж байна. Өнөөдөр судлаачид сонгуулийн прогноз хийхдээ дараах аргыг л үндсэндээ ашиглаж байна. Одоогоор сонгуулийн судалгааг дагнан явуулж буй зарим судалгааны байгууллагын мэдээнээс үзвэл манай улсын сонгуулийн системийн онцлогтой уялдуулан 76 тойрогт тус бүрт нь судалгаа явуулж үүндээ тулгуурлан сонгуулийн дүнг урьдчилан гаргаж байна. Хэдийгээр энэ нь сайн арга мөн боловч маш их хөрөнгө, олон тооны мэргэжилтэн, багагүй цаг хугацаа шаарддаг нь бэрхшээлтэй. Мөн 2000 оны УИХ-ийн сонгуулийн дүнг экспертийн судалгаан дээр тулгуурлан прогноз хийж байсан . Тэгвэл үүнээс өөр арга байж болох уу? Чухам энэ асуултанд хариулахаас бидний судалгааны эрэл хайгуул эхэлсэн. Сонгогчийн зан үйл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, ангилал, хэв шинж, тойргуудын шилжих хөдөлгөөн зэргийн талаар хийсэн судалгааны дүнгээс цуврал болгон нийтэлж байсан. Энэ нь сонгогчийн зан үйлд шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнг урьдчилан тооцоолох ажлын дөнгөж эхлэл байв. Улмаар сонгуулийн прогноз хийхдээ математик, статистикийн зарим нэг арга, мөн социологийн тодорхой судалгааны дүнг өөр хооронд нь уялдуулах, математик онолын хялбар загварыг ашиглах оролдлогыг хийж эхэлсэн. Мэдээж үүнд олон бэрхшээл гарсан. Наад зах нь манайд ардчилсан сонгууль явуулаад төдийлөн удаагүй учраас сонгуулийн зүй тогтлыг гаргах хэмжээний статистик тоо хуримтлаагүй, бага зэрэг тоо баримт байгаа боловч түүнд шинжилгээ хийгээгүй , хоёрдугаарт улс төрийн намуудын нэгдэх, ялгарах үйл явц хэт хурдан, бүрэн төлөвшөөгүй, гуравдугаарт сүүлийн гурван сонгуулийг эс тооцвол 1992 он болон 1990 оны сонгууль нь өөр систем хувилбараар явагдсан ба цаашид 2008 оны УИХ-ийн сонгуулийн өмнө сонгуулийн хууль өөрчлөгдөх магадлалтай, үүнтэй уялдаад сонгуулийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс өөрчлөгдөж байдаг, зэрэг монголын улс төрийн нөхцөл байдлыг загварчлахад бэрхшээл учруулдаг олон шалтгааныг тоочиж болох юм. Сонгуулийн прогноз гэдэг нь сонгуулийн үйл явцын өнгөрсөн болон одоогийн нөхцөл байдлын шинжилгээнд тулгуурлан түүний цаашдын хандлага үр дүнг урьдчилан таамаглах үйл явц. Тийм учраас энэ нь нэлээд төвөгтэй ажил юм. Yүнд сонгуулийн үйл явцаас тогтвортой хүчин зүйлсийг хэрхэн тогтоох, алийг нь сонгон авах, өөрчлөлт динамикийг хэрхэн гаргах гэх мэтчилэн онол, арга зүй, аргачлалын түвшинд сайтар боловсруулах шаардлагатай нарийн асуудал олон бий. Энэ бүгдийг нуршилгүйгээр сонгуулийн дүнг математик хялбар загвараар тооцоолоход нөлөө үзүүлэх зарим хүчин зүйлсийн талаар товчхон дурдъя.

1. Улс төрийн хүчнүүдийн интеграци, дифференциацийн асуудал

Сонгогчийн зан үйл, сонгуулийн системийн талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхөд, цаг хугацааны өөрчлөлт дэх динамикийг гаргахад манайд явагдсан ардчилсан сонгуулийн тоо цөөхөн ч урьдчилж тойм төдий ч гэсэн зүйлийг ярьж болохуйц цаг нэгэнт болжээ.

1990 оноос хойш манай улсад олон намын тогтолцоо бүрэлдэн бий болж өдгөө 15 жил өнгөрчээ. Дээрх хугацаанд улс төрийн амьдрал оргилон буцалж нам, хүчнүүд ихээхэн эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байлаа. Yүнийг улс төрийн намууд шинээр үүсэх, өөр хоорондоо нэгдэх, дотооддоо ялгарах, салах зэрэг цаг хугацааны хувьд зэрэгцэн болон дараалан явагдсан олон үйл явдлаас харж болно. Мөн сонгуулийн өмнө улс төрийн намууд эвсэх явдал түгээмэл байлаа. Хамгийн томоохноос нь дурдахад 1996 онд Ардчилсан холбоо эвсэл, 2004 онд Эх орон-Ардчилал эвслийг байгуулж байв.

Гэвч энэ бүхнийг нэгтгэн багцалж үзвэл улс төрийн хүчнүүдийг хоёр ангилалд буюу МАХН ба Ардчиллын талынхан гэж хуваан үзэх үндэслэл бий. Тухайлбал МАХН гэхэд сонгууль болгонд оролцсон, өөрийн гэсэн электораттай, тогтвортой статик үзүүлэлттэй гэдгийг нэг тал болговол нөгөө талд ардчиллын талынхныг 1996 он ба 2004 онуудад сонгуульд оролцохдооэвссэнийг иш үндэс болгож МАХН-тай өрсөлдөгч үндсэн хүч үзэж болно. Ингэж хуваах нь улс төрийн гуравдагч хүчний талаарх асуудлыг зүй ёсоор хөндөнө. Өнгөрсөн хугацаанд манай улс төрийн амьдралд (1996, 2004 онд) гуравдагч хүчин оршиж байсан түүх бий ч өөрийн электораттай нам гэдгээрээ бус харизматик лидер дагасан нэгдэл гэдэг тал нь давамгайлж байсан. Үүнийг амьдрал дээр улс төрийн гуравдагч хүчний оршин байх орон зай байхгүй хэмээн МАХН-ынхан ч, Ардчилалын талынхан ч ярьж бичдэг. Үнэхээр сонгогчдын ихэнхи нь энэ хоёр талд хуваагдаж санал өгдөг ба үүнийг өнгөрсөн сонгуулийн дүн ч баталдаг. (О.Дашбалбар, Х.Гүндалай, С.Оюун, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар тодорхой цаг хугацаанд пардаментат суудалтай байсан боловч бодитой улс төрийн гуравдагч хүчний тухай ярихад арай эрт байна.)

Дээр өгүүлсэнд үндэслэн Монголын улс төрд хоёр гол хүчин өрсөлддөг гэсэн санааг тулгуур болгож үзэж болно. Энэ нь МАХН ба Ардчилсан хүчин гэсэн ангилал юм.

2. Сонгуулийн ижил нөхцөл

Сонгуулийн прогноз хийхэд сонгуулийн систем ихээхэн хамаатай юм. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойшхи арав гаран жилийн хугацаанд Монгол улсад Улсын Их Хурлын сонгууль 4 дэх удаагаа явагдаж өнгөрлөө. Хэрвээ 2004 оны сонгуулийг оролцуулвал сүүлийн 3 сонгууль нь яг нэг ижил нөхцөлд явагдсан юм. Сонгуулийн ижил нөхцөл гэдгийн дор бид сонгуулийн нэгэн хуулиар, сонгуулийн нэгэн ижил системд, нэгэн ижил тойргийн хуваарилалт, санал тооцох механизм зэргийг ойлгож байна. Өнөөдөр үйлчилж байгаа сонгуулийн хуулиар улс орныг 76 тойрогт хуваан тойрог болгонд улс төрийн хүчнүүд нэр дэвшүүлж өрсөлддөг. Нэг тойргийн дүнгээс нөгөө тойргийн дүн үл хамаарах ба тухайн тойрогт нэрийн жагсаалтанд бичигдсэн сонгогчдын олонхи (буюу 50+1) оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож олонхийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцно (хамгийн доод тал нь 25+1 гэсэн үг.) Сонгуулийн тогтолцооны эл онцлогтой уялдуулан бид өөрсдийн загварыг сонгон авсан.

3. Намтай өөрийгөө адилтгах нь сонгогчийн зан үйлийн түлхүүр болох нь.

Өнгөрсөн сонгуулиудад судалгаа хийж үзэхэд ихэнхи сонгогчийн хувьд намын фон хамгийн нөлөөтэй хүчин зүйл болдог нь анхаарал татаж байв. Yүнийг улс төрчид, судлаачид “Сонгуульд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол намын фон”, “1996 оны сонгуульд эвслээс бор халзан хонь дэвшсэн ч ялах л байсан”, “2000 онд МАХН-ын олон улс төрчид намын рейтингдээ татагдан эвслийн хүчтэй улс төрчдийг ялсан” гэх зэргээр ярьдаг нь оргүй зүйл биш бөгөөд улс төрийн социологичид үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Сонгуулийн дүнгүүд ч үүнийг ихэнхдээ баталдаг. /Маш энгийн тоо баримтаас үүнийг харж болно. Тухайлбал 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл ялсан, 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан нь сонгогчдын ихэнхи нь намд харьяалуулж, өөрийгөө адилтгаж саналаа өгсөнтэй холбоотой./ Гэвч намын хүчин зүйл нь сонгуульд нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл гэж туйлширвал хэтрүүлсэн хэрэг болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чухам ингэж сонгогчийн зан үйлд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох нь намуудын рейтингийг сонгуулийн прогнозод ашиглах боломжтой болно.

Өгүүлэн буй арга зүйн зарим тодотголоо үүгээр өндөрлөөд бидэнд байгаа тоо мэдээ баримтыг ашиглан ямар аргаар прогноз хийж болох талаар өгүүлье.

Хоёр. Бернуллийн схемийг ашиглах нь.

Нийгмийн прогноз хийхэд маш олон янзын аргыг ашигладаг . Сонгуулийн прогноз хийхэд ямар аргыг ашиглаж болох вэ? Хэрвээ та энэ хэсгийн нэрийг анхааралтай ажигласан бол бидний сонгосон хувилбарыг мэдсэн байх. Бид сонгуулийн дүнг Бернуллийн схемийг ашиглан загварчилсан.

Өмнө өгүүлснээс үндэслэн “Монголын улс төрд улс төрийн хоёр хүчин өрсөлддөг, энэ хоёр хүчний намын фон нь сонгуульд нөлөөлдөг гол хүчин зүйл мөн, мөн сонгуулийн аль нэг тойргийн дүн нь нөгөөгөөсөө үл хамаардаг гэсэн зарчмуудыг мөрдлөгөө болгон гаргаж авч болно. Чухам ингэж улс төрийн маш олон янзын үйл явцыг хоёр талд хуваан үзсэнээр Бернуллийн схемийг хэрэглэх боломжтой болно. Гэхдээ уг хийсвэрлэл нь монголын улс төрийн тогтолцоог хэтэрхий хялбарчилсан загварт оруулжээ гэсэн шүүмжлэл гарвал хүлээн авна.

Хялбар загвар-Бернуллийн схем.

Туршилтын дүнд /сонгуулийн дүнд/ А ба үзэгдлүүдийн зөвхөн нэг нь явагддаг /А нь МАХН-ийн нэр дэвшигч ялах, нь Ардчилсан хүчнээс нэр дэвшигч ялах/ бөгөөд А үзэгдлийн илрэх /МАХН-аас нэр дэвшигч ялах/ амжилтын магадлалыг р гэе. Тэгвэл Р(A)=p, P( )=q, p+q=1 болно. Дээрх туршилтыг нэгэн ижил нөхцөлд /нэгэн ижил сонгуулийн ситемд/ олон дахин /76 тойрогт/ давтан хийснийг үл хамаарах /сонгуулийн аль нэг тойргийн дүн нөгөө тойргийн дүнгээс үл хамаарна/ туршилтуудын дараалал буюу Бернуллийн схем гэж нэрлэдэг.

Одоо уг загвараар өнгөрсөн сонгуулийн дүнг тооцож үзье. Ингэхдээ бид хоёр үзүүлэлтийг ашиглах болно. Нэгдүгээрт МАХН-ын рейтингийг амжилтын магадлалыг тооцохдоо ашиглаж үзье. 2000 онд УИХ-ийн сонгуулиар нийт сонгогчдын 51 хувь нь МАХН-ыг дэмжиж байсан бөгөөд үүнийг сонгуульд ялалт байгуулах боломж гэж үзвэл амжилтын магадлал нь р=0.51 байжээ. Дээрх Бернуллийн схем ёсоор МАХН 2000 оны сонгуульд 72 тойрогт ялалт байгуулах магадлал нь 0 байгаа, (тэрбумны нэг нарийвчлалтайгаар). Харин хамгийн их магадлалтай тоо буюу авах суудал нь 39 байна. Yүнтэй яг адилаар 1996 оны сонгуулиар МАХН хэдэн суудал авах байсныг бодвол МАХН-г дэмжигчдийн нийт сонгогчдын дунд эзлэх хувь 40.5 хувь байсан гэдгээс үүдэн амжилтын магадлалыг р=0.40 гэвэл МАХН 31 суудал авах магадлалтай гэсэн дүн гарч байна. Энэ тоо бас л сонгуулийн дүнтэй зөрж байгааг харж болно. Энд яагаад зөрүү гарсан вэ? 2000 онд бидний тооцосоноор сонгогчдын тэн хагасаас жаахан илүү санал авсан МАХН, 39 суудал авах нь хамгийн их магадлалтай байсан боловч 72 тойрогт ялалт байгуулж, даруй 33 суудал илүү авсан бол, 1996 онд сонгогчдын 40.5 хувийн санал авч, 31 суудал авах хамгийн их магадлалтай байсан боловч 26 суудал авч, 5 суудал дутуу авсан ба аль аль тохиолдолд нь ялалт байгуулсан тал нь боломжоосоо илүү үр дүнг хүртжээ.

/Үүнийг хүснэгтээр харуулъя./

УИХ-ын сонгууль МАХН-ыг дэмжигчдийн хувь Амжилтын магадлал МАХН-ын авч болох суудлын хамгийн их магадлалтай тоо

 Сонгуулийн дүн

1 1996 оны сонгууль       40%    0.40     31     26

2 2000 оны сонгууль      51%    0.51      39     72

3 2004 оны сонгууль      48%    0.48      36    36

Яагаад ийм алдаа гарсан вэ? Сонгуульд нөлөөлөх намын фоны нөлөөг хөөрөгддөг одоогийн сонгуулийн системээс шалтгаалав уу? Сонгууль бүрийн дараа ялагдсан улс төрийн хүчний зүгээс манай нам тэдэн хувийн санал авсан мөртлөө цөөхөн суудал авсан, тэр нам сонгогчдын тал хувийн санал авсан мөртлөө үнэмлэхүй олонхи болчихлоо, монголын сонгогчдын тал хувийн санал, эрх ашиг хохирч байна гэх гомдол тасрахгүй. Ер нь можаритар систем сонгогчдын саналыг бүрэн төлөөлж чадахгүй байх элбэг . Мөн нөгөө талаас энэхүү хялбар загвар буюу Бернуллийн загвар маань Монголын УИХ-ын сонгуулийг загварчлахад учир дутагдалтай байна уу? эсвэл загварчлахдаа буруу үзүүлэлт сонгож авсан уу? гэсэн асуулт гарна. Үүнийг дараагийн гүйцээлтээс харна уу.

Бернуллийн схемд np тоонд ойрхон байх к тоо нь хамгийн их магадлалтай тоо байдаг. Хэрэв np-q тоо бүхэл тоо биш бол np-q<k0<np+p байх k0 тоо хамгийн их магадлалтай тоо болно.Тухайлбал амжилтын магадлал 0.48, n=76 гэвэл k0=0.48*76 буюу 36 нь хамгийн их магадлалтай тоо болно.

2004 оны 5 сард МАХН-ыг дэмжигчдийн хувь 48 хувьтай байсан бөгөөд амжилтын магадлалыг 0.48 гэж тооцож сонгуулийн дүнг Бернуллийн схемээр загварчилбал МАХН их хуралд 36 суудал авах магадлал хамгийн өндөр байсан юм . Гэвч энэхүү прогнозод бүрэн итгэж болох уу, манай хялбар загвар энэ жилийн сонгуулийн үр дүнг тооцоолоход хэр зэрэг тохирох бол гэдэгт хариулахад хүнд байлаа. Учир юу гэвэл гуравхан удаагийн сонгуулийн үйл явцаас үүдэн улс төрийн үзэгдлийн зүй тогтлыг гаргахад хэцүү, тиймээс энэхүү загвар маань хэт энгийн юм шиг санагдаж байсан. Бидний загвар нэг сонгуульд нэлээд дөхүү, нөгөө сонгуульд илэрхий зөрүүтэй, мөн 2004 оны сонгуульд захиалсан юм шиг таарсны учир юу вэ?

Сүүлийн 4 удаагийн УИХ-ийн сонгуулийг ажиглаж байхад МАХН-аас бусад намууд эвссэн үедээ тодорхой амжилтад хүрдэг гэдэг нь 1996 он ба 2004 онд сөрөг хүчнийхэн эвсэл байгуулан орж ялалт байгуулснаар батлагдсан бол тэд сонгуульд дан дангаар оролцвол МАХН үнэмлэхүй ялалт байгуулдаг гэдгийг 1992 он ба 2000 оны УИХ-ын сонгуулийн дүн харуулсан.

Yүнээс үүдэн энэхүү Бернуллийн схемээр сонгуулийн үр дүнг загварчилж урьдчилсан прогноз хийх боломжтой юм байна, гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан аль хүчин зүйлийг сонгон авахаас прогноз мань өөр өөрөөр гарч байв. Өөрөөр хэлбэл ардчилсан хүчний намууд эвссэн тохиолдолд МАХН-ын үзүүлэлтийг сонгон авч болох бол эвсээгүй тохиолдолд сөрөг хүчний намуудын дундаж рейтингийг (эсрэг үзэгдлийн магадлалаар тооцож, улмаар амжилтын магадлалыг тогтоох) харгалзан тооцох хэрэгтэй ажээ.

Ингэхгүйгээр амжилтын магадлалыг тооцохдоо МАХН-ын рейтингийг шууд авах нь сонгуулийн үр дүнг буруу гаргахад хүрч байна.

1992 оны УИХ-ын сонгууль 1992 оны сонгуулийн дүн

1 МАХН                                              56.9%

2 МоАН-МҮДН, НН эвсэл              17.5%

3 МСМН                                             3.7%

4 МСДН                                              10.1%

5 ММТНН                                          2%

6 МХӨНН                                          1.4%

7 МТТН                                              2%

8 МХН                                                2.1%

9 Бие даагчид                                   3%

2000 оны УИХ-ын сонгууль 2000 оны сонгуулийн дүн

1 МАХН                                             51.7%

2 МҮАН                                            13.4%

3 МСДН                                            9.1%

4 Эх Орон – МАШСН                     11.0%

5 МоАН                                             1.8%

6 ИЗН-НН                                        3.6%

7 БНН                                                4.2%

8 Бие даагч                                      2.9%

Чухам үүнийг баримтлан дахин Бернуллын схемийн дагуу тооцож үзвэл дараах байдалтай байна. Жишээ нь 2000 онд МАХН-аас бусад намуудын рейтинг дунджаар 6.6 хувьтай байсан гэж үзвэл МАХН-ын нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулах амжилтын магадлал 0.51 биш, харин 0.93 болох юм. Бернуллийн схемд амжилтын магадлал р=0.93 байхад туршилтыг 76 удаа давтан явуулбал хамгийн их магадлалтай тоо нь 71 болох ажээ. Тиймээс МАХН 2000 оны сонгуульд 72 суудал авсан нь санамсаргүй зүйл биш, тэр тусмаа савалгаа ч биш зүй тогтлын шинжтэй зүйл байсан гэж дүгнэж болохоор байна. Ийнхүү сонгуулийн прогноз хийхэд Бернуллийн схемийг ашиглахдаа тухайн үеийн нам хүчний харьцаатай уялдуулан хоёр янзын хувилбарыг ашиглах боломжтойг анхаарах хэрэгтэй юм.

Гурав. 2004 оны сонгуулийн дүн зүй ёсных байсан уу эсвэл?

2004 оны сонгууль дараах хоёр хэлбэрээр явагдаж болох байлаа. Хэрвээ ардчилсан хүчнүүд эвсээгүй тохиолдолд сонгууль нэгдүгээр хувилбараар явагдана, харин эвссэн тохиолдолд сонгуулийн дүн хоёрдугаарт хувилбараар загварчлагдах байв. Одоо үүнийг сонгуулийн өмнө хийгдсэн судалгааны дүн дээр тулгуурлан авч үзье.

Нэгдүгээр хувилбар:

Хэрвээ 2004 оны сонгуулийн өмнө сөрөг хүчний намууд эвсэж чадаагүй бол, хэрвээ М.Энхсайхан ба Б.Эрдэнэбат, С.Оюун гэсэн гурвал хамтран ажиллаагүй бол, хэрвээ ардчилсан намын зарим улс төрчийн амнаас гараад байгаа манай нам дангаараа олонхи болж чадах байсан гэсэн бардам үгс биелэлээ олсон бол тэртээ 1992 ба 2000 он давтагдах байжээ.

2003 онд “Эх орон-Ардчилал эвсэл” байгуулагдахаас өмнөх болон байгуулагдаж эхлэх үеийн намуудын рейтинг дараах хувьтай байжээ.

Нам эвсэл Дэмжигчдийн хувь

1 МАХН                           47.3%

2 МАН                              30.1%

3 МАШСН                       10.5%

4 ИЗ-БНН                        5.2%

5 Бусад                             3.5%

6 Бие даагч                      3.4%

Нам эвсэл Дэмжигчдийн хувь

1 МАХН                                           47.9

2 Эх орон Ардчилал эвсэл           37.4%

3 ИЗ-БНН                                       6.5%

4 Бусад                                            3.7%

5 Бие даагч                                     4.5%

Дээрх судалгааны дүнгээс харвал 2003 оны 8 сарын үед МАХН 47 орчим хувьтай харин МАН 30 орчим хувьтай, МАШСН 10.5 хувьтай, ИЗН 5.2 хувьтай байв. Чухамдаа 12 сард уг харьцаа МАХН 48 орчим хувьтай, эвсэл барагцаагаар 44 орчим хувьтай болжээ. Дээрх судалгааны дүнгүүд нь, 2004 оны УИХ-ийн сонгуулийн үеэр МАХН 48%-ийн санал авсан, Эх орон-Ардчилал эвсэл сонгуульд нийт 44 хувийн саналыг татсан дүнтэй таарч байгаа бөгөөд үүнийг иш үндэс болгон тооцож үзэхүл сөрөг хүчний намуудын дундаж рейтинг 11.3 орчим хувь болж байв. Чухам үүнээс Бернуллын схемийн дагуу тооцон үзвэл МАХН-ын амжилтын магадлал 88.7 хувь болж сонгуульд 67 орчим суудал авч болзошгүй байжээ. Үлдсэн 9 суудлыг сөрөг хүчний намын лидерүүд хуваан авч ихэнхи тойрогт тэд бие биенээ хэрчин унагаж завсраас нь МАХН-ын нэр дэвшигчид цойлон гарч ирж болзошгүй байжээ.

УИХ-ын сонгууль МАХН-ыг дэмжигчдийн хувь Бусад намуудыг дэмжигчдийн дундаж хувь q Амжилтын магадлал p МАХН-ын авч болох суудлын хамгийн их магадлалтай тоо Сонгуулийн дүн

1 1992 оны сонгууль                                            56.9%        4.6           0.95        72          70

2 2000 оны сонгууль                                           51%           6.6           0.93         71          72

3 2004 оны сонгууль

/хэрвээ сөрөг хүчний намууд эвсээгүй бол /   48%           11.3          88.7         67        36

Энэ бол тун ойрхон байсан зүйл. Бидний тооцоолсноор анх сонгуульд эвсэж оролцох тухай 2004 оны цагаан сараар зарласнаас хойш нэлээд хэдэн удаа эвсэл задрах шахсан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Чухам тийм ч учраас сонгуулийн дараах эвслийн задрал санамсаргүй зүйл биш байв.

Хоёрдугаар хувилбар:

Гэвч сонгууль нэгдүгээр хувилбараар өрнөсөнгүй. Сөрөг хүчин эвсэж байж амжилтанд хүрнэ гэдгээ сайн ойлгосон байна. Тэд 1996 онд эвсэж ороод ямар ялалт байгуулж байснаа санаж байв. Тийм учраас 2004 оны сонгуулийн дүнг 1996 оны сонгуулийн дүнтэй харьцуулан үзэж болох юм.

Ямар боловч сонгуулийн өмнө сөрөг хүчний намууд өөр хоорондын асар их зөрчил, гомдол, шархаа нуун эвсэхийн төлөө зүтгэсэн. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан Ардчилсан хүчний гол намуудыг нэг эвсэлд нэгтгэж хүчийг зангидаж чадсаны үр дүнд сонгуулийн үр дүнг 2-р хувилбараар явагдах боломжийг бүрдүүлж, нийлбэр эрх ашгийг байж болох максимум үр дүнд хүргэж чадсан байна.

УИХ-ын сонгууль МАХН-ыг дэмжигчдийн хувь Эвслийн намуудыг дэмжигчдийн хувь Амжилтын магадлал р МАХН-ын хамгийн их магадлалтай тоо Сонгуулийн дүн

1 1996 оны сонгууль             40,5%        46.48%        0.40         31         26

2 2004 оны сонгууль            48%            44%             0.48         36          36

Хэдий ийм ч эвсэл болон МАХН-ын аль алинд нь одоогийн суудал дээр нэмээд 2-3 суудал авах боломж байсныг үгүйсгэхгүй. Тухайлбал эвслийн удирдлага тойргийн хуваарилалтан дээр алдаа гаргасан. Ер нь Эх орон-Ардчилал эвсэл байгуулагдахдаа тойргийн квот дээрээ багагүй маргаж, зөрчил үүссэн. Гэвч урт удаан хугацааны хэлэлцээний үр дүнд тохиролцож ИЗБНН-д 5 тойрог, МАШСН-д 20 тойрог, АН-д 51 тойрог хуваасан билээ. Гэвч энэхүү оногдсон тойргууд дээр намууд хэр амжилттай өрсөлдсөн нь сонгуулийн дүнгээс харж болно. Тухайлбал ИЗН өөрт оногдсон 5 тойргийнхоо 2-т нь ялалт байгуулж, сонгуульд 40 хувийн амжилт үзүүлсэн бол, МАШСН 20 тойргийнхоо 7-д нь ялалт байгуулж 35 хувийн амжилт үзүүлжээ. Харин АН 51 тойргоос 27-д нь ялалт байгуулснаар 53 хувийн амжилтанд хүрчээ. Эндээс харвал хамгийн амжилтгүй оролцсон нь МАШСН ба ИЗН түүнээс арай дээр байна. Тиймээс эдгээр намуудад хэт олон тойрог хуваарилсан гэсэн шүүмжлэл намын дарга М.Энхсайхан сонсох нь зүй ёсны юм. Нэн ялангуяа бие даан нэр дэвшсиж ялалт авчирсан Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав нарын хувьд. Гэвч түүний хийсэн хамгийн гол алхам бол эдгээр намуудыг эвсэлд нэгтгэж чадсан явдал бөгөөд ингэснээрээ санал хуваах аюулаас зайлсхийж сонгуульд амжилттай оролцжээ. Харин МАХН-ын зүгээс сонгуульд хэт бардсан тал бий. Тэд цалин тэтгэврийг мэдэгдэхүйц нэмсэн, их өрийг тэглэсэн, инфляцийг нэг оронтой тоонд барьж чадсан, төсвийн алдагдлыг бууруулсан, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан, СоцИнтернд элссэн, Мянганы замын бүтээн байгуулалт, Бүх аймгийг Мобикомын сүлжээнд холбосон гэх мэт зүйлээр рекламдаж, хэт бардсанаас нэр дэвшигчдийг сонгоход хүртэл зарим нэг алдааг хийсэн. Мөн сонгуулийн сурталчилгаагаа хэт эрт дэндүү эрч хүчтэй эхэлснээр энэхүү далайц нь сонгууль дөхөх тусам буурсан гэж зарим судлаачид дүгнэдэг . Эдгээр хүчин зүйлс мэдээж нөлөөлсөн, хамгийн гол нь сөрөг хүчин эвссэн тохиолдолд иймэрхүү үр дүн гарч болзошгүй байсныг тооцоолох ёстой байв. Хэрвээ үүнийг анхаарсан бол МАХН-д одоогийнх дээрээ ядаж 3 суудал нэмээд авчих нөөц, боломж байсан. Тухайлбал Завханд Д.Оюунхоролыг, Улаанбаатарт М.Энхболд гэх зэрэг хүмүүсийг өрсөлдүүлсэн бол олонхи болж чадах байв.

Эцэст нь дүгнэхэд хэрвээ сонгуулийн хууль болон хүчний хуваарилалт багцаагаар өнөөгийнхтэй ижил нөхцөлд МАХН болон Ардчилсан хүчин (ардчилсан хүчний намууд эвссэн тохиолдолд) сонгуульд голлох суудал авах бөгөөд сонгуулийн дүн пропорциональ системтэй ойролцоо дүнтэй гарна. Харин Ардчилсан хүчин задарч намууд тус тусдаа сонгуульд өрсөлдвөл МАХН-д ашигтай, өөрөөр хэлбэл 1992, болон 2000 оны сонгуультай адилаар МАХН-ын үнэмлэхүй ялалтаар өндөрлөх боломжтой гэсэн таамаглал бидний судалгаагаар нотлогдож байна.

Ц.Болд

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш

Ч.Тамир

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш

2004 оны 7 сарын 25

Posted in СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, УЛС ТӨР | Leave a Comment »

ЯДУУРЛЫН ХАМ ШИНЖ

Posted by bolod on March 26, 2008

Олон түмний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудлуудыг сүүлийн таван жилд судалсан дүнд бид дүн шинжилгээ хийж үзлээ. Тухайн цаг үетэйгээ холбоотойгоор, “Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг”, “Төрийн тогтворгүй байдал”, ”Байгалийн гамшиг”, “Зуд турхан ” . . . гэх мэт сэтгэл зовоосон асуудлууд цаг зуурын шинжтэйгээр маш өндөр хувьтай гардаг бөгөөд үүнийг статистикийн мэдээлэл болон төрөл бүрийн чиглэлээр хийгдсэн судалгаануудаас бид олонтаа олж үздэг. Эдгээрээс байнга өндөр хувьтай байдаг асуудлууд гэвэл:

  • Ажилгүйдэл
  • Ядуурал
  • Архидалт гурав юм.

Үүнээс үзвэл энэ гурван асуудал нь Монголын Нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй манай нийгмийн хувьд хамгийн тулгамдсан, суурь шинжтэй, нэн тэргүүнд анхаарах ёстой асуудлууд болж байна. Эдгээрийг дан ганцаар нь биш цогцоор нь шийдвэрлэх нь нэн шаардлагатай чухал асуудал болоод байна.

Хүснэгт.1. Таны санааг зовоож байгаа асуудлууд.

  Асуудлууд

2000

 

 

2001

 

 

2002

 

 

2003

 

 

2004

 

 

1

 

 

Тэнүүчлэл

 

 

17,3

 

 

11,5

 

 

 

 

10,7

 

 

 

 

2

 

 

Халдварт өвчин

 

 

26,0

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

Байгалийн гамшиг

 

 

28,1

 

 

31,1

 

 

36,3

 

 

28,7

 

 

 

 

4

 

 

Ажилгүйдэл

 

 

45,2

 

 

45,6

 

 

66,7

 

 

62,3

 

 

29,5

 

 

5

 

 

Ядуурал

51,2

 

 

51,9

 

 

50,4

 

 

50,9

 

 

27,9

 

 

6

 

 

Архидалт

54,7

 

 

45,9

 

 

52,6

 

 

53,7

 

 

10,3

 

 

7

 

 

Авилгал

19,5

 

 

 

 

12,3

 

 

20,6

 

 

7,3

 

 

8

 

 

Гэмт хэргийн өсөлт

 

 

30,6

 

 

36,9

 

 

14,2

 

 

33,7

 

 

 

 

9

 

 

Татварын ачаалал

 

 

 

 

 

 

 

 

18,8

 

 

 

 

10

 

 

Үнийн өсөлт

 

 

 

 

 

 

 

 

17,9

 

 

 

 

11

 

 

Төр засгийн байдал

 

 

38,3

 

 

33,3

 

 

 

 

 

 

 

 

12

 

 

Хүний эрхийн зөрчил

 

 

 

 

 

 

12,7

 

 

 

 

 

 

13

 

 

Хүнд суртал

 

 

 

 

 

 

18,0

 

 

 

 

 

 

14

 

 

Бусад

2,6

 

 

2,7

 

 

1,7

 

 

2,3

 

 

25

 

 

*Нийт хариултын тооноос хувь бодов. (Pct of Responses)

Ядуурлын асуудлаар хийгдсэн судалгаануудыг харьцуулж үзэхэд дийлэнх нь ядуурлыг хэмжих, ядуурлын түвшинг тогтооход чиглэгдэж иржээ. Судалгааны тайлангууд нь ядуурлын мөн чанар шалтгааныг тодруулахаасаа илүүтэйгээр түүний гадаад шинж тэмдэг, илрэх хэлбэрийн талаар илүү анхаарал хандуулсан шинжтэй байна. Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ цаад мөн чанарыг нь таньж, түүнийг нөхцөлдүүлэгч шалтгааныг эхлээд тодруулах учиртай. Шалтгааныг тогтоосны дараа шийдвэрлэх арга замаа сонговол илүү оновчтой, үр дүнтэй байдгийг практик бидэнд хэдийнээ харуулсан. Дээрх гурван асуудлыг гүнзгийрүүлэн судлахад өөр хоорондоо салшгүй холбоотой, бие биедээ харилцан нөлөөлж байдаг. Түүгээр ч зогсохгүй цогцоороо нийгмийн бусад тулгамдсан асуудлуудыг үүсгэдэг, тэдгээрийг тодорхойлдог үндсэн хүчин зүйл болдог ажээ. Эдгээр асуудлуудын хамаарлыг гаргаж нийгмийн бусад хүчин зүйлүүдэд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан шинжлэх шаардлагатай юм. Дээрх санаа зовоож буй асуудлуудын хооронд хамаарал байна уу гэдгийг тогтоохын тулд тэдгээрийн хоорондын корреляцийн коэффициентийг бодож үзэв.

Хүснэгт.2. Корреляцийн матриц

   

A

 

 

B

 

 

C

 

 

D

 

 

E

 

 

F

 

 

G

 

 

H

 

 

I

 

 

À

 

 

Ажилгүйдэл

1

 

 

0,583

 

 

0,578

 

 

0,402

 

 

0,105

 

 

0,119

 

 

0,108

 

 

0,023

 

 

0.165

 

 

B

 

 

Ядуурал

0,583

 

 

1

 

 

0,675

 

 

0,197

 

 

0,149

 

 

0,279

 

 

0,301

 

 

0,228

 

 

0,383

 

 

C

 

 

Архидалт

0,578

 

 

0,675

 

 

1

 

 

0,785

 

 

0,125

 

 

0,096

 

 

0,101

 

 

0,131

 

 

0,087

 

 

D

 

 

Гэмт хэргийн өсөлт

0,402

 

 

0,197

 

 

0,785

 

 

1

 

 

0,302

 

 

0,107

 

 

0,183

 

 

0,203

 

 

0,312

 

 

E

 

 

Авилгал

0,105

 

 

0,101

 

 

0,125

 

 

0,302

 

 

1

 

 

0,383

 

 

0,211

 

 

0,245

 

 

0,017

 

 

F

 

 

Татварын ачаалал

0,119

 

 

0,279

 

 

0,096

 

 

0,107

 

 

0,383

 

 

1

 

 

0,133

 

 

0,421

 

 

0,075

 

 

G

 

 

Байгалийн гамшиг

0,108

 

 

0,301

 

 

0,101

 

 

0,183

 

 

0,211

 

 

0,133

 

 

1

 

 

0,210

 

 

0,165

 

 

H

 

 

Үнийн өсөлт

0,023

 

 

0,228

 

 

0,131

 

 

0,203

 

 

0,245

 

 

0,421

 

 

0,210

 

 

1

 

 

0,078

 

 

I

 

 

Тэнүүчлэл

0,165

 

 

0,383

 

 

0,087

 

 

0,312

 

 

0,017

 

 

0,075

 

 

0,165

 

 

0,078

 

 

1

 

 

 * Шинж тэмдгүүдийн хоорондын хамаарлыг Юлийн коэффициентоор бодож гаргав.

Ийм учир ажилгүйдэл, ядуурал, архидалт гурвыг нийгмийн хөгжилд саад болж байдаг “Хар гурвалжин” гэж бид нэрлэсэн юм.

Архидалттай хийж буй тэмцэл. Архидалттай тэмцэх олон янзын арга хэмжээ авч байгаа ч өнөөгийн түвшнээс харахад энэ нь маш олон сөрөг асуудлуудыг бий болгож байна. Архидалттай тэмцэж байгаа хамгийн сүүлийн үеийн арга хэмжээ бол үйлчилгээний газруудыг 24 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүй бөгөөд үйлчлэхгүй байх талаар гаргасан Засгийн газрын тогтоол юм. Гэсэн хэдий ч энэ нь нууцаар архи зарах *дамлах* үзэгдлийг улам хөөрөгдөж байна. Урьд өмнөхөөс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг ихсэн, цагдаагийн газарт эрүүлжигч, эмнэлэгт согтуугаар хүргэгдэгсдийн тоо нэмэгдсэн байна. Түүнчлэн далд эдийн засаг буй болох, татвараас зайлсхийх зэрэг сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байна. Үүнээс архидалт гэмт хэрэг ахуйн хүрээнд гэр бүлийн хүрээнд шилжсэн зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд учруулж байгаа.

Ядууралтай хийж буй тэмцэл. Ядуурлыг бууруулах олон хөтөлбөр төсөл хэрэгжсэн. Гэтэл үр дүн нь харагддаггүй, харин ч ядуурал буураагүй нэмэгдсэн гүнзгийрсэн гэсэн дүгнэлт гардаг. Одоогийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллага хувь хүмүүсийн үйл ажиллагаа нь хүмүүст бэлэн мөнгө өгөх, хувцас бэлэглэх, гурил олгох, хичээлийн хэрэгсэл, ногооны үр, ном дэвтэр, мал, өвс тэжээл . . . өгөөгүй юм байхгүй. Энэ нэг удаагийн бэлэн тусламж ядуучуудад тухайн үед нь гал унтраахаас өөрөөр бодитой нөлөөлдөггүй байна. Харин ч байнга тусламж авах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг, энэ нь улмаар ядууралд хүргэх ядуурлыг гүнзгийрэхэд нөлөөлдөг гэж хэлж болно. Ядуу өрх, орлого багатай өрх, өрх толгойлсон эхчүүд, эмзэг бүлгийн хүүхдүүд, ядуу хүүхдүүд гэх мэтээр хаягласан тусламж олгох болсноор энэ тусламжаас хүртэх гэсэн хүмүүсийн тоо механикаар өсдөг байна. Үүний зэрэгцээ айл өрхийг ядуу орлого багатай амьдралын боломжгүй хэмээн тэднийг бусдаас улам хөндийрөх, нийгмээс тусгаарлагдах социал зайг үүсгэдэг гэж хэлж болно. Энэхүү социал зай бий болсноос ядуучууд өөрсдийн хамт олонгүй, ажиллах сонирхолгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийн үнэлэмж үнэт зүйлсгүй, гутранги үзэлтэн бий болоход нөлөөлдөг. Мөн тусламжийн ихэнх хэсэг нь очих ёстой эзэддээ биш өөр хүмүүст очих явдал гардаг бөгөөд ядуурлаар бизнес хийж мөнгө олдог төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс байдаг нь нууц биш. Энэ талаар хийсэн судалгаанаас харвал иргэдэд олгож буй тусламж ихэнхдээ очих эзэндээ биш шат шатны дарга нарын хамаатан саданд очдог гэж судалгаанаас харагдаж байна. Архидалттай тэмцэх, ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах ажлыг цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд нэг чиглэл нь ажилгүйдлийг багасгахад чиглэх ёстой гэсэн санааг бид дэвшүүлж байна. Учир нь дээр өгүүлсөнчлэн энэ гурван асуудал салшгүй холбоотой, бие биедээ харилцан нөлөөлж байдгийн зэрэгцээ ажилгүйдэл нь илүү тодорхойлох шинжтэй хүчин зүйл болж байгаа юм. Өнөөдөр ажил эрхлэхийг хүсэж буй ажилгүй хүмүүс албан ёсны бүртгэлтэй ажилгүйчүүдийн тооноос хэд дахин илүү байгаа. 

Цамаан ба үнэ хүндийн ажилгүйчүүд: Энэхүү төрлийн ажилгүйчүүд сүүлийн жилүүдэд жин дарж байгаа нь илт байгаа. 2-3 их, дээд сургууль төгсчихөөд хийх ажилгүй “Бохир” хэмээх ажил хийхгүй байна. Та яагаад ажилд орохгүй байгаа вэ? гэсэн асуултанд 48% нь тухайн ажлын байрны орчин муу гэхэд, 39% нь ажлын нэр хүнд муу гэж хариулсан байна5. Үүнээс харахад өнөөгийн залуучуудын өөрсдийн орон зайг мэдэрч хаана ажиллахаа олж чадаагүй байгаа нь цамаан ажилгүйчүүдийн тоонд орж байна.

Завсрын шинжтэй ажилгүйчүүд Угаасаа эзэмшсэн мэргэжилгүй боловсролгүй иргэдээс гадна шилжилтийн үеийн нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор наснаасаа эрт тэтгэвэрт гарсан, орон тооны цомхтгол, бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон, эрхэлж байсан ажил нь техникийн дэвшил, нийгмийн хөгжлийн шаардлагаар хоцрогдож ач холбогдлоо алдсан хүмүүс энэ бүлгийг бүрдүүлж байна. Тэд хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олж амьдралаа залгуулж буй боловч тогтвортой, баталгаатай орлогын эх үүсвэргүй, төрийн зүгээс авах дэмжлэг туслалцаа ямар нэгэн халамж үйлчилгээ хүртэхгүй байгаагаараа завсрын шинжтэй ажилгүйчүүдийн тоонд орж байгаа юм. Дээрх хэлсэнчилэн ядууралыг бууруулах, архидалтыг багасгах үйл ажиллагааны үндсэн чиглэл нь ажилгүйдлийг бууруулах ажлын байр буй болоход чиглэгдэх ёстой. Ажил олгогч болон ажил хайгчдийн хооронд зуучлах баазыг бий болгох нь нэн чухал Нэг талаас ажил олгогчдод найдвартай чадвартай ажилчид хэрэгтэй байдаг боловч тэднийг сонгож авах тал дээр алддаг боловсон хүчний бодлого дээр гаргадаг алдаа нь ажил олгогчдийн гаргадаг үндсэн алдаа болж байна. Нөгөө талаас ажилд орохыг хүссэн ажилгүйчүүдийн боловсрол, мэргэжлийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж доогуур, хөдөлмөрийн сахилга бат тааруу, ажил тасалдаг, архи уудаг, хулгай хийдэг зэрэг дутагдал их гаргадаг. Энэхүү зөрчлийг багасгаж зуучлах үүрэг, ажил хайгч, олгогч хоёрыг холбогч нь мэргэжлийн хүн байхыг шаардаж байгаа ба энэ нь НИЙГМИЙН АЖИЛТАН байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байна. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн биржийн үйл ажилагаанаас ялгаатай. Гол нь хүндээ чиглэсэн бодлогыг барьж байх ёстой. Түүнчлэн эдийн засгийн хүрээнд хувийн хэвшил давамгайлах болсонтой холбоотойгоор ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарч байна. Өнөөдөр манай оронд хуульч эсвэл хуулийг сайн мэдэх хүмүүс биш л бол хөдөлмөрийн хуулийн талаар ямар ч мэдлэггүй байгаа нь 2003 онд “Парадигм” клубээс авсан судалгаанаас харагдаж байна. Та хөдөлмөрийн тухай хуулийг уншиж үзсэн үү, мэдэх үү гэсэн асуултанд 68 % нь үгүй буюу хараахан амжаагүй байна, харин та өөрийн ажлын дүрэм журамтай танилцсан уу гэхэд танилцаагүй буюу байхгүй гэж 53% нь хариулснаас өнөөгийн ажилчид хуулиа хэрхэн мэддэг нь харагдаж байна. Дээрх ажилтанд тулгарч байгаа асуудлыг хүртэл Нийгмийн ажилтан зохицуулж биелүүлж явах бүрэн боломжтой юм. Ажлын байр бий болгоход төрийн оролцоог маш бага, төрийн бус байгууллагууд болон нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог өндөр байлгах нь чухал. Төрийн оролцоо өндөр байх тусам энэ нь эргээд дээр дурдсан болон маш олон сөрөг үр дагаврыг авчирдаг. Угаасаа одоо байгаа оролцоо баталж гаргасан хууль, журам дүрэм заавар нь энэ тал дээр хангалттай олон сөрөг үр дагаврыг төрүүлж хөгжилд чөдөр тушаа болж байна.

Д.Аюурбунь, Ц.Болд

2004 оны 2 сарын 15

Posted in ЭДИЙН ЗАСАГ, Uncategorized | Leave a Comment »

МОНГОЛ ДАХЬ ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СУДАЛГАА БА ПСЕПОЛОГИ

Posted by bolod on March 24, 2008

Сүүлийн үед олон нийтийн санал бодлын судалгаа манайд эрчимтэй хөгжиж байна. Түгээмэл ойлголтоор бол олон нийтийн санал бодол (Public opinion) хэмээх нь нийгмийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудын талаарх хүмүүсийн үзэл бодлын нийлбэр юм.  Олон нийтийн санал бодлыг судалдаг социологийн салбарыг олон нийтийн санал бодлын социологи хэмээх бөгөөд энэ нь социологийн шинжлэх ухааны нэг томоохон салбар болно. Манайд явагдаж буй социологийн судалгааны дийлэнхи хэсэг нь олон нийтийн санал бодлыг судалж байна.

Олон нийтийн санал бодлыг удирдлага, сэтгэл зүй зэрэг маш олон шинжлэх ухаан судалдаг боловч тэд ихэнхи тохиолдолд социологийн үндсэн онол номлолд тулгуурладаг.
 Олон нийтийн санал бодлыг судлах явдал Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулагдсан цагаас эхэлсэн боловч чөлөөт судалгааг 1990 -ээд оноос өргөн хийх болсон юм. Одоо манайд үндсэн чиг үүргээрээ социологийн судалгаа явуулдаг:

1. Шинжлэх Ухааны Академийн Философи, социологи, эрхийн хүрээлэн
2. МУИС -ийн Социологийн тэнхим
3. МУИС -ийн Улс төр судлалын тэнхим
4. МУИС -ийн Хүн ам зүйн төв
5. Удирдлагын Академийн Социологийн тэнхим
6. Батлан Хамгаалахын Их Сургуулийн Социологийн судалгааны төв зэрэг суурь судалгааны мэргэжлийн байгууллагууд байна.

Мөн МУИС -ийн Социологийн тэнхмийг түшиглэн ажилладаг Социологийн академи, Солбицол төв, Улс төр судлалын тэнхмийг түшиглэн ажилладаг Альтернатив төв, “Шинжээч-XXI” дээд сургуулийн дэргэд байгуулагдсан Шинжээч, мөн түүний дэргэдэх Аслис холбоо; улс төрийн намуудын дэргэдэх Прогноз төв (МАХН), Зөгий төв (Ардчилсан нам); Жинлүүр (ИЗН); төрийн бус байгууллага, тэдгээрийн дэргэд ажилладаг Улс төрийн боловсролын Академи, Залуучуудын холбооны Полиси төв; тодорхой сангийн дэргэд байгуулагдсан Сант Марал төв; хувь хүний байгуулж толгойлж буй Зотол (Х. Гүндсамбуу), Мэдрэмж төв (Р.Вандангомбо), Оператив төв (Ц.Цэцэнбилэг), Интеллект төв (А.Юндэндорж), тухайлсан чиглэлээр ажиллаж буй Пропаганда XXI групп зэрэг судалгааны олон байгууллага ажиллаж байна. Дээрх байгууллагууд нь зөвхөн социологийн судалгаагаар дагнан ажилладаг улсын бүртгэл бүхий байгууллагууд ба бүртгэлгүй, түр зуур ажилладаг газрууд ч олон байдаг.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нэгэнтээ хэвлэлийн бага хурал дээр “Монголд Социологийн судалгааг чанартай явуулдаг, дэлхийн жишигт хүрсэн Социологийн судалгааны төв алга, тийм төв байгуулагдахад наад зах нь 10 жил хэрэгтэй” гэж хэлсэн удаатай. Намуудын дэргэдэх судалгааны төвүүдийн тухайд хэлсэн бол энэ нь үнэний хувьтай бөгөөд ер нь монгол дахь социологийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшинг тодорхойлоход хэн нэг улс төрчийн үзэл бодол, мэргэжлийн бус хүний хэлсэн үг жин дарахгүй юм.

Ерөнхий сайд асан, 2000 оны 5 сард шалдаа бууж, сонгогчдын 5 хүрэхгүй хувийн санал авах болсон өөрийн намын нэр хүндийг унаагүй байгаа, сонгуульд өрсөлдөх бодитой хүчин мөн гэдгийг олон нийтэд итгүүлэхийг оролдохдоо, социологийн судалгааны дүнгүүд худлаа, миний хэлсэн үнэн гэсэн нь нэг талаас ерөнхий сайдын алба хашиж буй эдийн засагч хүний ард түмнийг байнга тайвшруулж, хуурч байдаг үйлдлийг давтсан хэрэг, нөгөө талаас улс төрчдийн хэн нэгнийг муулж өөрийгөө дөвийлгөх хоцрогдсон аргын илрэл мэт.   
Сүүлийн жилүүдэд социологийн судалгаа моодонд орж, ялангуяа сонгуулийн үеэр санал асуулга явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн тоо  хэт олшрон, сонгууль өнгөрөхөөр чимээгүй болдог нь хэвшил болжээ. Социологийн судалгааны байгууллагууд олноор төрөн гарч, үйл ажиллагаа явуулж, зарим талаар өрсөлдөж эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэвч сонгуулийн санал асуулга бүр социологийн судалгаа биш бөгөөд санал асуулга явуулдаг байгууллага бүрийг социологийн судалгааны төв гэж ойлгох нь учир дутагдалтай. Социологийн мэргэжлийн байгууллагууд судалгааны дүнг зөвхөн танилцуулах хэмжээнд биш урьдчилсан прогноз дэвшүүлж, харьцуулсан шинжилгээ хийн үүгээрээ ч сонирхогчдоос, сайн дурынхнаас ялгарах ёстой болов уу. 

Манай судалгааны байгууллагуудын дийлэнхи олонхи нь зөвхөн сонгуулийн үеэр олон нийтийн санал асуулга явуулдаг бөгөөд тэд маань үүнийгээ олон нийтийн санал бодлыг судалж байна хэмээн ойлгодог мэт. Үнэн хэрэг дээрээ олон нийтийн санал бодлыг тун цөөн байгууллага тогтмол судалж байна.

Сонгуулийн судалгаа буюу санал өгөх үеийн электоратын зан үйлийг псепологи (Psephology) хэмээх салбар шинжлэх ухаан судалдаг. Хэрэв мэргэжлийн хүмүүс олон нийтийн санал бодлын социологи, түүнтэй төрөл псепологи хоёрыг хольж хутган ойлгож байвал ихээхэн харамсалтай явдал болно. 

Монголын нөхцөлд олон нийтийн санал бодлыг судлах ажлын онол – арга зүйн үндэс дөнгөж эхлэлийн төдий байна. МУИС -ийн багш Д. Оюунцэцэгийн “Олон нийтийн санал бодлын социологи” 2000, талийгаач профессор В. Отгоннасангийн амьд сэрүүндээ бичин тэрлэж байсан номын нооргийг социологич Ц.Уртнасан хянан тохиолдуулж хэвлэсэн “Олны санаа оломгүй далай” 2000 номоос өөр бүтээл одоогоор алга байна. 

Монголын нийгмийн олон нийтийн санаа бодол хэрхэн төлөвшдөг, нийгэм – сэтгэл зүйн харилцан нөлөөллийн байдал, үймээн, самуун, цуурхал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл, нийгэмших үйл явцын онцлог, санал бодолд нөлөөлөгч үндсэн хүчин зүйлүүдийн хамаарал зэрэг олон чухал асуудлыг одоогоор огт судлаагүй байна. 

Хэрэв ийм төрлийн суурь судалгаа байхгүй байх аваас олон нийтийн санал бодлыг ч, сонгуулийн зан төлөвийг ч урьдчилан прогнозчилох боломжгүй юм. Нэлээд байгууллага тогтмол судалгаа хийсний үр дүнд судалгааны зохих баазтай болж байгаа нь ойлгомжтой боловч энэхүү баазаа нэгтгэн дүгнэх оролдлого төдийлөн хийхгүй байгаа мэт.

Социологи нь нийгмийн нэн тодорхой факт, баримтуудыг үндэслэн өмнөх судалгааны өгөгдөхүүний бааз дээр суурилсан, тодорхой арга зүйд үндэслэсэн программтай, математик болон сэтгэл зүйн шинжлэх ухааны ололтыг хавсран ашигласан үлэмж нарийн нямбай судалгааг хийж баймаажин үйл явдлын статик, динамикийг гаргаж чадах ба үүнээс өчүүхэн төдий халин гарвал мэргэч төлөгчөөс онцын их ялгаагүй болохсон билээ. Судалгааны нэлээд байгууллага ийм байдлаар ажиллаж байгаа гэдэгт хилсдүүлсэн зүйл байхгүй болов уу гэж санана.

Сүүлийн жилүүдэд чанарын судалгааны олон аргууд шинээр бий болж, тэдгээрийг хэд хэдээр нь хослуулан хэрэглэж нэгэн багц судалгаа хийж байна. Гэтэл манай байгууллагуудын олонхи нь өдий болтол дан ганц анкетийн аргатайгаа зууралдан буй нь дэндүү харамсалтай.

Фокус – групп, гүнзгийрүүлсэн болон чанарын сурвалжлага, ажиглалтын хийгээд баримт бичиг судлалын зэрэг аргуудад ихээхэн өөрчлөлт гарч, техник хэрэгсэл ашиглах хэмжээ эрс нэмэгдэж байна. Манай зарим судлаачдын туршлага, онол арга зүйн мэдлэг дутмагаас бараг дангаар нь хэрэглэж буй анкетийн арга нь математик хангамж муу, анкетийн чанар хангалтгүй, мэдээлэл цуглуулах явцад тохиолдлын хүчин зүйлийн нөлөөлөл ихтэй, боловсруулалтын явцад ихээхэн алдаа гарч байгаа нь практикт элбэг ажиглагддаг.
Програмгүй, муу боловсруулсан анкет нь боловсруулахад үлэмж төвөгтэй болж, сайндаа л гэхэд төр засгийн байгууллагуудын үнэлгээ, улс төрчдийн болон намуудын рейтингийн хувь процент төдийхнийг гаргах тохиолдол олширч байна. Хэрэв ийм зүйлийг судалгаа гэж нэрлэх юм бол тусгайлан дээд боловсрол олох шаардлага байхгүй юм. Ердөө л дөрвөн аргын тоо мэдэж, хувь процент жагсааж чаддаг хүн хэрэгтэй. Гэтэл шинжлэх ухааны судалгаа ийм байдаггүй гэдгийг түүний зах зухыг гадарлах олон хүн мэднэ.

Судалгааны байгууллагууд суурь судалгааг тун бага хийж байна. Хөрөнгө мөнгөний гачаал ч байдаг биз. Суурь судалгаагүй, судалгааны олон жилийн өгөгдөхүүнгүйгээр олон нийтийн санал бодлыг судлах ямар ч бололцоо байхгүй юм. 

Ер нь олон нийтийн санал бодлыг яах гэж судалдаг вэ? Мэдээжийн хэрэг төрийн болон нийгмийн удирдлагыг үр ашигтай болгохын тулд явуулдаг. Нээлттэй бөгөөд ардчилсан нийгэмд олон нийтийн санал бодол төр, засгийн бүх шатны байгууллагуудын анхаарлын төвд байдаг. Ганц төр засаг төдийгүй бүх салбарын ямар ч төрлийн байгууллага үүнийг ямагт анхаарч байдаг аж. Учир нь тэдгээрийн явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь олон түмний сэтгэлд нийцэж байгаа эсэхээс тэдний амжилт, улмаар хувь заяа ихээхэн хамаардаг.
Явуулсан бодлого, үйл ажиллагаандаа засвар оруулах, явуулах гэж төлөвлөн буй бодлого, үйл ажиллагааг олон түмэн хэрхэн хүлээн авахыг урьдчилан мэдэж байх нь төр, нийгмийн удирдлага үр ашигтай байхын нэн чухал нөхцөл болдог. Ийм болохоор төр, засгийн байгууллагууд олон нийтийн санал бодлыг байнга судалж түүнд хүндэтгэн ханддаг болох шаардлагатай. Олон түмнийхээ санал бодлыг үл ойшоодог төр бол жинхэнэ утгаар төр биш юм. Олон нийтийн санал бодлын судалгааг санхүүжүүлж дэмждэггүй юмаа гэхэд явуулсан судалгааг анхааралдаа авч байх нөхцөл байдал хүссэн ч хүсээгүй ч бий болоод байна.

Авилгалын асуудлаар 1999 онд олон эрдэмтэд оролцсон судалгааг нэлээд чанар сайтай хийж, түүний янз бүрийн хэлбэр, механизм, жишиг зэргийг тодорхой гаргаж өгсөн билээ. Гэтэл төр, засгийн тодорхой албан тушаалтнууд, тухайлбал авилгал их авдаг байгууллагын удирдагчид “нотлох баримт байхгүй”, “буруу судалгаа явуулсан” гэх зэргээр үл ойшоож, түүний дагуу ямар ч арга хэмжээ аваагүй билээ. Үүнээс болоод цаг хугацаа ихээхэн алдаж, одоо Монгол Улс НҮБ -ын дүгнэлтээр авилгалын хэмжээгээр дэлхийд эхнээсээ 4 дүгээр байранд явж байна. Ард түмний 90 гаруй хувь нь манайд авилгал газар авсан гэж үзэхээс илүү нотолгоо огтхон ч байхгүй юм. 

Харин 1999 онд явуулсан “Тахир дутуу иргэдийн нийгмийн хэрэгцээ” сэдэвт судалгааны дүн олон хүний анхаарлыг татсан бололтой.  Улмаар Засгийн газраас 2001 оныг тахир дутуу иргэдийг дэмжих жил болгон зарласан боловч харамсалтай нь үр дүн нь төдийлөн харагдсангүй.

Өнөөдөр социологийн судалгаа нь аливаа төслийн ажлын үр дүнг харуулах нэг үзүүлэлт болж, аливаа зүйл судалгаагүйгээр хол явахгүй гэдгийг хэн хүнгүй ойлгодог болсон мэт. Гэвч ихэнх тохиолдолд ач холбогдлыг нь ойлгож тодорхой зорилготойгоор судалгааг явуулахаасаа илүү судалгаа хийхийн тулд судалгаа  явуулдаг байдал ажиглагдах боллоо. Өөрөөр хэлбэл судалгаа явуулна гэдэг нь гадны зээл тусламжийг үр ашиггүй зарцуулах, хувааж идэх шалгарсан арга болох элдэв төрлийн семинартай энэ талаараа өрсөлдөхүйц болжээ. Аливаа бодлого боловсруулж, шийдвэр гаргахад судалгаа зайлшгүй шаардлагатай боловч гагцхүү түүнийг төслийн мөнгийг хувааж идэх арга, ажил хийсэн болж харагдахын тулд мэргэжилтэй мэргэжилгүй янз бүрийн хүмүүсээр оромдуулаад байх нь зохисгүй юм. 

Сонгуулийн үеэр ч гэсэн псепологийн судалгааг явуулахдаа тал талаасаа анхаарах олон зүйл ажиглагддаг.
Захиалагчдын зүгээс. Псепологийн судалгааг зөвхөн нам хүчин, манлайлагчид, нэр дэвшигчдийн рейтингийн дарааллыг харах хэрэгсэл мэт ойлгодог нь туйлын буруу ойлголт юм. Псепологийн судалгаа нь дээр дурдсанаас хавьгүй илүү бөгөөд өргөн боломжтой юм.

Тухайлбал, хүн амын тодорхой бүлгүүд нам, бүлгийн бодлого, үйл ажиллагааны чухам юуг нь сайшааж, юуг нь буруушааж буй, ямар бодлого баримталбал хүлээн авах, эсвэл дургүйцэх, энэ нь ямар хэмжээ, хүчтэй байх, нэр бүхий тодорхой хүмүүсийн болон улс төрийн нам хүчний рейтингийн ялгавар, энэ хоёрын аль нь илүү нөлөөтэй, сурталчилгааны кампанийг хэрхэн хүлээн авч байгаа, сурталчилгаанд баримтлах тактикт ямар өөрчлөлт оруулах, тодорхой удирдагчийн имижийг бүрдүүлэх болон засварлах, ямар төрлийн мэдээлэлд илүү автамтгай зэргийг нэн тодорхой гаргаж болдог. Гэтэл манай захиалагчид ийм зүйлийг судлаачдаас шаарддаггүй.

Чухам дээрх зүйлсийг шинжлэх ухааны үндэстэй гаргадаг болохоороо сонгуулийн кампанийн нийт зардлын 30 гаруй хувийг судалгаанд зарцуулдаг гэсэн олон улсын жишиг бий. Манайд судалгааны ажилд хэр мөнгө зарцуулдгыг хэн хүнгүй мэднэ. Харин сүүлийн жилүүдэд судалгаанд зарцуулах хөрөнгө мөнгөний тоо хэмжээ нэмэгдэж, тавих анхаарал нэмэгдэж байх шиг байгаа нь сайн хэрэг.

Улс төрийн нам хүчнүүдийн хувьд сонгуульд оролцох тэдний оролцоо багадаагүй. Зарим намуудын хувьд УИХ -д ганцхан суудал авахын төлөө 76 тойрогт нэр дэвшүүлсэн зэрэг нь үрэлгэний зэрэгцээ, хүч тарамдуулсан, хэтэрхий харалган бодлого байлаа. 76 тойрогт нэр дэвшүүлээд 1 суудал авах 56 тойрогт нэр дэвшүүлээд 1 суудал авахын хооронд чанарын ялгаа байхгүй бөгөөд энэ нь асар их мөнгийг зүгээр л салхинд хийсгэснээс өөрцгүй. Энэ нь нэг талаас үрэлгэн нөгөө талаас өөрсдийн хэр хэмжээг мэдэхгүй, хэдэн суудал авах боломжтой, хэдэн тойрогт нэр дэвшүүлэх вэ?, аль тойрогт хэнийг дэвшүүлэх вэ?, ямар тактик баримтлах вэ, сурталчилгааг яаж явуулах, сурталчилгааны ямар хэлбэр нь илүү үр өгөөжтэй болох зэргийг мэдэхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, тодорхой судалгаа байхгүй, сонгуульд зөнгөөрөө, нэг ёсны хөзөрт харанхуй ордгийн жишээ болой.

Хэрэв псепологийн судалгааг үр дүнтэй явуулж чадвал, өчүүхэн ч гэсэн шинжлэх ухааны үр дүнд тулгуурладагсан бол өнөөгийн манай сонгуульд зарцуулдаг зардлыг 20-50 дахин хэмнэх боломжтойг хойд хөршид болж өнгөрсөн сонгуулиудын үр дүнгээс харж болно. Жишээлбэл хэрэв МАШСН 2000 оны сонгуульд 10 ба түүнээс цөөн тойрогт нэр дэвшүүлэн өрсөлдөж, сонгуульд зарцуулсан бүх хөрөнгөө энэ 10 тойрогтоо л төвлөрүүлсэн бол /гэхдээ судалгаанд тулгуурлан/ хамгийн багаар бодоход 3 суудал авах бололцоотой байв. Үүний эсрэгээр нэгэнтээ ялахгүй нь тодорхой гэж үзэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцоогүй нь бизнесмен хүний хувьд зөв шийдвэр байж болох боловч, улс төрч хүний хувьд ноцтой алдаа гарган, намынхаа рейтингийг унагаж, улс төрийн намын хувьд хохирол амслаа. Ер нь улстөрч хүн таалагдсан зүйлээ биш хэрэгтэй зүйлийг хийх гэсэн зарчимд хатуу захирагддаг хуультай. Гэхдээ юу хэрэгтэйг тааварлах ямар ч боломжгүй билээ.

Судлаачдын зүгээс.  Манайд мэргэжлийн судлаачид тун цөөн. Судлаачийн ажлын дөрийг диплом өвөртөлсөн болгон хамт өвөртөлдөггүй, судалгааны ажлыг  дуртай хүн бүр хийж чаддаггүй. Дор хаяж 5 – 7 жилийн уйгагүй хөдөлмөр шаарддаг ажил. Манай зарим судлаачдад ёс суртахуун гэж маш чухал зүйл ихээхэн дутагддаг. Хүнээс мөнгийг нь авсан бол ажлаа чанартай хийх ёстой. Ер нь судалгааны чанарыг шалгах бараг боломжгүй хэмээн сэтгэж захиалагчийг хуурах аваас энэ бол судалгаа биш, луйвар болон хувирах юм. Ингэвэл судлаачдад захиалга өгөх хүн олдохгүй болно.
Судалгааны чанарыг шалгах хамгийн шалгарсан бөгөөд бараг цорын ганц арга бол прогноз буюу таамаглал хийх явдал байдаг. Өөрөөр хэлбэл псепологийн судалгааны хамгийн гол бөгөөд чухал үүрэг бол сонгуулийн үйл явцыг урьдчилан таамаглах явдал юм. Гэвч мэргэжлийн өндөр түвшинд прогноз хийдэг байгууллага манайд тун ховор. Ер нь прогноз хийдэг байгууллага бараг байхгүй гэж хэлж болно. Ердөө л судалгаа явуулсан тухайн цаг үеийн нам, нэр дэвшигчдийн рейтингийн дарааллыг л гаргаж байгаа.

Сонгууль өнгөрсөн хойно би таасан, би тэгж хэлсэн гэх судлаачид сүүлийн үед их олширч байгаа. Азаар ойролцоо хэлэхийг гудамжинд байгаа мэргэч, төлөгч ч хэлж чадна. Миний бодлоор судалгаагаа яг ном журмаар нь явуулаад прогнозоо гаргаж, олон нийтэд хүргэчихээд сонгуулийн дараа тэр нь сонгуулийн үр дүнтэй яг таарсан бол түүнийг сайн судалгаа гэж тооцож болно. Чухам ингэж байж судалгааны байгууллагуудын чанар чансааг тодруулдаг бусад олон улсын жишиг бий.

2000 оны УИХ -ын сонгуулийн өмнө МУИС -ийн Социологийн тэнхмийн дэргэдэх “Социологийн академи”, “Солбицол” төвүүд хамтран экспертүүдээс судалгаа авч, (үүнд НУФ -ийн зарим багш, эрдэмтэд, мөн улс төрчид, улс төр судлаачид оролцсон) сонгуулийн дүнг урьдчилан тааж, прогноз хийхийг хүссэн байна. Судалгаанд 100 орчим хүнийг хамруулахыг зорьж, үүнээс 41 хүнтэй уулзаж ярилцсан бөгөөд тэдгээрийн ихэнхи нь урьдчилсан прогноз хийх боломжгүй хэмээн татгалзсан байна. Прогноз дэвшүүлсэн 15 хүнээс судлаач Сумати “МАХН 72 суудал авна”, судлаач Л.Эрдэнэтуул “МАХН 65-70 суудал авна”, доктор Н.Хавх “МАХН 50 -аас дээш суудал авна” хэмээн хариулцгаасан нь сонгуулийн дүнд хамгийн ойртсон хариултууд байлаа. Дашрамд дурдахад энэ судалгаа нь сонгууль болохоос 45-50 хоногийн өмнө явагдсан боловч экспертүүд гэдэг экспертүүд л байдгийг эдгээр судлаачдын хариулт баталж байна.

Нэг сонгуулийг яг таагаад нөгөөг нь алдвал яах вэ ? Алдаа гаргадаггүй хүн байдаггүй болохоор энэ талаар үнэлж хэлж мэдэхгүй юм. Алдарт Гэллапын хүрээлэн ч алд дэлэм алдаж байсан түүх бий. Энэ тохиолдолд тэд судалгааныхаа арга зүйг сайтар нягталж алдаагаа заавал олж байж салдаг гэсэн. Энэ талаар манай судлаачид тун бага анхаардаг. Нөгөө талаас хэрэв сонгуулийн дүнг будлиантуулж, хууль зөрчсөн үйлдэл явуулдаг нь үнэн бол судалгааг хичнээн чанартай явуулаад, хичнээн үнэн зөв дүгнэлт, прогноз гаргасан ч энэ нь үр дүнгүй болж болох талтай.

Судлагдагчдын талаар. Монголд социологийн судалгааг шинжлэх ухааны түвшинд явуулж эхэлсэн 70-аад оноос 90-ээд оныг хүртэл олон нийт судалгаанд их идэвхтэй оролцдог байлаа. Хөдөө орон нутагт судлаач очвол айл хотлоороо цуглан, судалгаанд, ярилцлаганд оролцох гэж өрсөлдөн, надад анкет өгсөнгүй хэмээн гомдоллодог байсан үе саяхан мэт. Харин өнөөдөр мэргэжилтэй мэргэжилгүй, дуртай болгон нь, программгүй, дур зоргын түүвэрлэлттэй, болсон болоогүй анкет барьж дан ганц анкетийн аргыг ашиглан судалгаа явуулж байгаагаас болж социологийн шинжлэх ухааны нэр хүнд буурч, респондентууд залхах үзэгдэл шинээр бий боллоо. Респондентууд залхахын зэрэгцээ судлаачдаас судалгааны үр дүнг шаардах болов. Баахан юм асууж шалгааж тэмдэглэж аваад явдаг, ямар дүн гарсан нь мэдэгдэхгүй таг чиг болдгоос социологичдод, социологийн судалгаанд итгэх тэдний итгэл үнэмшил буурдаг ч байж болох юм. Нэн ялангуяа хот суурин газрын, орон сууцанд амьдардаг иргэд судалгаанд оролцохоос татгалзах явдал нэлээд элбэгшжээ. Харин хөдөөд судалгаанд оролцохоос татгалзах явдал төдийлөн тохиолддоггүй.

2000 оны УИХ -ын сонгуулийн үеэр МУИС -ийн Социологийн хоёр ба гуравдугаар курсийн оюутнууд танилцах дадлагын хүрээнд псепологийн судалгааг явуулж, үүний нэг хэсэг болгож телефон утасны санал асуулга авсан юм. Ингэхэд амжилттай холбогдсон нийт холболтын 87% -д нь респондетууд судалгаанд идэвхтэй оролцож, асуусан асуултад илэн далангүй хариулсан байна. Энэ нь анкетийн аргаас нэг их дутахааргүй үзүүлэлт бөгөөд судалгааны эцсийн үр дүн нь ч анкетийн аргаар авсан судалгааны дүнтэй дүйж байсан билээ.  
9 сарын 11-ний үйл явдлын дараагаар америкийн судлаачид олон нийтийн санал бодлын судалгааг хэрхэн богино хугацаанд явуулж, эргэж мэдээлдгийн үлгэр жишээг үзүүлсэн. Манай судлаачид судалгааныхаа дүнг өдөрт нь биш юмаа гэхэд тодорхой хугацааны дараа олон нийтэд эргүүлж мэдээлж байх хэрэгтэйг анхаарах цаг болжээ. Үүнээс гадна респондентуудыг залхаахгүйн тулд шинээр нэвтэрч буй олон арга хэрэгслийг ашиглах, респондентыг урамшуулах бусад хэлбэрүүдийг ч ашиглах шаардлага тулгарч байна. Энэ нь судалгааны чанарыг өндөржүүлэх, мэдээллийн найдвартай байдлыг сайжруулахад ч чухал нөлөөтэй.

Псепологийн судалгаанд анхаарвал зохих Монголын зарим онцлог. Хүн амын давхраажилтын бүлгүүд, тэдгээрийн олон удаагийн сонгуульд оролцсон байдал, нутаг орны онцлог, зан заншил, сүүлийн жилүүдэд болсон үйл явц зэрэг хүчин зүйлүүдийг мэдэхгүйгээр судалгаа явуулах боломж бараг байхгүй гэдгийг залуу судлаачид анхаарч байвал сайнсан.

Сонгуулийн кампани. Ерөнхийдөө 2000 оны УИХ -ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулна гэдэг нь 2 сард нэгэнт тодорхой болсон байсан бөгөөд үүнийг “Социологийн академи” төвийн тухайн үед явуулсан судалгаа ч, 4 сард ОУБНХ -ийн захиалгаар “Альтернатив” төвийн явуулсан судалгаа ч баталж байлаа. Яг энэ үеэр эвслийнхэн “Сонгогчидтой хийсэн гэрээ” гэгчээ 95% хувь биелүүлсэн хэмээн гарын үсэг зурж гэрээгээ цааш нь сунгахыг ард түмнээс хүсэж байсан нь сонгогчдоо басамжилсан хэрэг болжээ. “Гэрээ” -ний нөгөө тал хэдийгээр гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй ч тэд энэ жүжгээ үргэлжлүүлэн тоглосоор, харин сонгогчид цаашид гэрээг үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ сонгуульд тэдний эсрэг санал өгч албан ёсоор “гарын үсгээ зурав”. Өөрөөр хэлбэл 1996 онд итгэсэн итгэлийг зүтгэлээр хариулаагүйд нь гомдсон гомдлоо тайлахын тулд эсрэг санал өгсөн хүн олон байлаа.

МАХН -ыг дэмжигч бүлэг насны хувьд залуучуудын дунд нэлээд өссөн нь 1996 онд сонгуульд ялагдсанаас хойш тэд идэвхтэй ажилласных, мөн Ардчилсан холбоо эвслийн лидерүүд саарал ордонд орж бүгээд олон нийтээс тасарсных юм. Эндээс үзвэл МАХН мундагтаа сонгуульд ялаагүй, Ардчилсан холбоо эвслийн лидерүүдийн урагшгүй байдлаас болж тэд ялагдсан гэдэг дүгнэлтийг хийж болно.

Гомдол тайлах явдал цаашид үргэлжилсээр орон нутгийн сонгуульд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд ч МАХН ялалт байгуулсаар. Нэгэнт гомдлоо тайлсан сонгогчид одоо МАХН -ын засгийн газар, эрх баригчид хэрхэн ажиллах нь вэ?, амласандаа хүрэх нь үү үгүй юу?, миний амьдралд юу өөрчлөгдөх нь вэ? хэмээн ажиглаж эхэллээ. Цөөнхийнхний хувьд сонгуульд ялагдсанаас хойш тэд бараг ил гарсангүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч зарим нь ичээнээсээ цухуйсангүй. МСДН -ынханд, намын дарга Р.Гончигдоржид ургацаа байнга хураалгадагтаа харамссан харамсал ч нөлөөлсөн биз. 
Сүүлийн үеийн туршлагаас үзэхэд аль нэг хүчин засгийн эрхэнд гарангуутаа өмнөх засгийн газраа баахан муулж, үлдээсэн өр, дансан дахь мөнгө, бодлогын алдааг баахан ярьж гомдоллож байгаад бүгдийг шинээр эхэлнэ засаж сайжруулна хэмээн ханцуй шамлан орж, баахан халаа сэлгээ хийдэг. Татварыг нэмж, хүрээг нь өргөтгөн, цахилгаан дулаан гэх мэт суурь үнийг нэмэхийн зэрэгцээ цалин тэтгэвэрийг бага хэмжээгээр нэмж, хөнгөлөлт үзүүлж байгаа дүр үзүүлэх хэрэгтэй болно. Ерөнхийдөө шинэ засгийн үед эхний хоёр жилийн хугацаанд эдийн засгийг сэргээх, татварын эрүүл орчинг бий болгох, төсвийг бүрдүүлэхийн тулд хийх зайлшгүй арга хэмжээнүүдийн үр дүнд ард түмний амьдралын түвшин доошилдог, зарим нь элгээрээ хэвтдэг. Дараагийн хоёр жилийн хугацаанд сонгууль ойртоод ирэхээр цалин тэтгэврийг бага багаар нэмэхийн зэрэгцээ, цахилгаан дулааны үнийг тогтвортой барьж, үүний үр дүнд амьдрал нь харьцангуйгаар арай дээшилж ирэх боловч эцсийн дүндээ амьжиргааны түвшин уруудсан байдаг нь зүй тогтлын шинжтэй болжээ. Эндээс үзвэл засгийн газрын үйл ажиллагааны цикл, эхний хоёр жилд ажиллаж, дараагийн хоёр жилд үр дүнтэй ч бай үр дүнгүй ч бай ирэх сонгуульд бэлдсэн сонгуулийн кампани гэсэн хоёр хэсгээс бүтдэг, төр засаг солигдохоор энэ нь дахин давтагдах шинжтэй.
Хоёр жилийн сонгуулийн кампани эрх баригчдыг эерэгээр сурталчлахаасаа илүү сөргөөр үйлчилдэг. Саналын хувь эрх баригчдын эсрэг эргэх энэ үзэгдлийг сүүлийн үед “савалгаа” хэмээн нэрлэх болсон. Жинхэнэ сонгуулийн кампани өрнөж эхлэхэд ихэнх сонгогчид нэгэнт сонголтоо хийчихсэн байдаг учир тэдэнд сонгуулийн сурталчилгаа огт нөлөөлдөггүй гэж хэлж болно. Сонгуулийн дүнд хөвдөг сонгогчид буюу нийт сонгогчдын 20 хүрэхгүй хувь нь л нөлөөлөх боломжтой боловч бүгд л адилхан өөрсдийгөө магтаж, бусдыг муулаад, зурагтаар мэдээ ч тэр, хүүхэлдэйн кино ч тэр гарахаа болиод ирэхээр хүн болгон сонгуулиас залхаж, хэнд нь ч итгэхээ байгаад нэг бол алинд нь ч хамаагүй саналаа өгнө, эсвэл намыг нь харж саналаа өгнө, үгүй бол огт санал өгөлгүй үр дүнд нь сонгуулийн оролцоо буурна.
2004 оны сонгуулийн кампанит ажил 2002 оны хавраас эхлэх бөгөөд эрх баригчид ч, сөрөг хүчнийхэн ч улс төрийн идэвхтэй амьдралд шилжинэ.

Сонгогчдын хүн ам зүйн бүтцийн хувьд. 2000 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан холбоо эвсэл амжилт олохгүй гэдэг нь аль “СҮГ” -үүдийн засгийн газрын үеэс л тодорхой болсон бөгөөд дараа дараалан засгийн газрууд огцорч найдварыг бүр унтраасан. Үүнд хэд хэдэн УИХ-ын гишүүд зүй бусаар амиа алдсан, зарим гишүүд Казиногийн хэрэгт холбогдож шоронд хоригдсон, Монгол улсын зурагтай бялууг хувааж идэхээс эхэлсэн бялуу хуваах үйл ажиллагаа эрээ цээрээ алдсан, банкууд дараалан дампуурсан зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ хамгийн гол нь эвслийн засгийн газрын муу нэр хүндээс нэр цэвэр мултрахын тулд ардчилсан холбоо эвсэл дотроо бутарч, МСДН эвслээс гарсан, үүнтэй зэрэгцэн МоАН, ИЗН -ууд МҮАН -аас тасран гарсан нь намын нэр хүндийг газар унахад хүчтэй нөлөөлжээ.

Мөн түүнчлэн гудамжнаас тэмцлээ эхэлсэн ардчилагчид Саарал ордонд оронгуутаа хэлсэн ярьснаа умартан, сонгогчдоосоо тасарсан нь тэдний хамгийн гол алдаа болсон. Үүнийг сонгогчдын насны бүтцээс амархан харж болно.

Тухайлбал 2000 оны байдлаар УИХ -ийн сонгуульд ардчилсан хүчнээс нэр дэвшигчдийг дэмжигчдийн хувь 28-40 насанд хамгийн өндөр байлаа. Энэ насны хүмүүс 90 -ээд онд 18-30 насны залуучууд байсан бөгөөд тэд л цагаан морин жилийн үйл явдалд идэвхтэй оролцож, талбай дээр цуглан “огцор” хэмээн хашхиралдаж явсан когорт бүлэг юм. Тиймээс ч өнөөдөр ардчилсан хүчин гэгдэгчдийг тууштай дэмжигчдийн дунд энэ насныхан зонхилдог. Мөн МАХН -ынхныг дэмжигчид 45 -аас дээш насанд 60 орчим хувь, насны ангилал өсөх тутам 70-80%, түүнээс дээш болж өсдөг нь сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог ахмадуудын зүгээс олж авах МАХН -ын давуу тал болох жишээтэй. Үүнтэй зэрэгцэн нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох оюутнууд болон боловсрол харьцангуй өндөртэй сонгогчид сонгуульд оролцох нь багассанаар сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлдөг. Цаашид сонгуулийн оролцоо улам буурах нь дамжиггүй бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөхийг ч урьдчилан тооцох ёстой. Харин хүйсийн хувьд, сонголтонд нөлөөлөх нөлөөлөл бараг байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр эрчүүд улс төрийн идэвхээр илүү, тэд гэр бүлийн бусад гишүүд болон хамт олныхоо үзэл бодолд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч гэсэн эмэгтэйчүүд энэ намыг илүү дэмждэг, эрчүүд энэ намд нь дургүй гэх зүйл бараг ажиглагддаггүй юм.

2000 оны Улсын Их Хурлын Сонгуульд ардчилсан хүчнийхний нэр хүнд шалдаа бууж, МҮАН-ын дэмжигчид нийт сонгогчдын 5 хүрэхгүй хувийг эзлэх болсон. Энэ нь МҮАН-ынхны хувьд бараг төгсгөл /арай өөр үгээр/ байсан бөгөөд азаар ерөнхий сайд асан Ж.Наранцацралт нутгийн олныхоо дэмжлэгтэйгээр сонгуульд ялж, намынхаа цаашилбал эрх барьж байсан хүчнийхний өмнө үнэлж баршгүй гавъяа байгуулав. Хэрэв Ж.Наранцацралт  гишүүн сонгуульд ялаагүй бол МҮАН, МСДН хоёр нэгдэхгүй, Р.Гончигдорж ерөнхийлөгчийн сонгуульд өөр намаас дэвшин өрсөлдөж, МҮАН, МСДН болон АН-ын талаар ярих, дурсах ч зүйлгүй болох байлаа. Гэсэн ч энэ нь уналт бөгөөд “эргэж эргэж нуг” гэдэгчлэн “ардчилсан хүчнийхэн” эргээд л 90-ээд оныхоо байр суурин дээр, эргээд л гудамжинд гарцгаалаа. Тэд бүх юмыг шинээр эхлэх, өөрийн үнэнч дэмжигчдийг 18-25 насныхны дундаас дахин бэлтгэж, хүмүүжүүлж авах шаардлагатай болно. “Ардчилсан хүчнийхэн”-ийг дэмжигчдийн хоёр дахь давалгаа бий болно гэдэг нь тун эргэлзээтэй, бий болдог байлаа ч гэсэн тодорхой амжилтад хүрэхэд дор хаяж 6 цаашилбал 10 жил хэрэгтэй.

Сонгуулийн оролцооны хувьд. Сонгуулийн оролцоог тандаж үзэхэд ардчилсан хүчнийг идэвхтэй дэмжигч бүлэг болох оюутнуудын оролцоо маш доогуур хувьтай, түүнчлэн боловсрол харьцангуй өндөртэй бүлэг, боловсрол багатай бүлгээсээ сонгуулийн идэвхээр харьцангуй доогуур байх жишээтэй. Дээр нь ахмадууд МАХН -ын үнэнч дэмжигчид бөгөөд тэд сонгуульд маш идэвхтэй оролцдог.

Сүүлийн 3 удаагийн УИХ -ын сонгууль, 3 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, мөн орон нутгийн сонгууль, нөхөн сонгуулийн дүнгээс ажиглаж байхад сонгуулийн оролцоо жил ирэх тутам, сонгуулиас сонгуульд байнга буурч ирлээ. Энэ нь монголчуудын төрөө дээдлэх уламжлал алдагдсаных бус харин улс төрчдийн төр түмнээ дээдлэх явдал, олон түмнээс тэдэнд итгэх итгэл алдарсных биз ээ. Сонгуулийн оролцоо гэдгийн дор сонгогчдын сонгуульд оролцох оролцоо, ирцийг ойлгож байгаа. Ялангуяа залуучууд, дундаас доош насныхны хувьд энэ нь маш бага хувьтай байна. Муугаар бодоход 2004 оны сонгуульд, цаашилбал 2008 оны сонгуульд сонгогчдын оролцоо эрс буурч, энэ нь зарим тойрогт сонгууль хүчин төгөлдөр болохгүй байх хэмжээнд ч хүрч болох магадлалтай.

Хэрэв сонгуулийн оролцоог 70% -тай байна гэж бодвол сонгуульд оролцоогүй 30% -д ихэвчлэн хөвдөг сонгогчид багтана. Дээр нь дэмждэг намдаа итгэл алдарсан, мөн аль нь ч ялсан ялгаагүй хэмээн үздэг хүмүүс нэмэгдэнэ. 70% гэдэг нь багцаа тоо юм. Тэгэхээр сонгуульд улс төрийн идэвхтэй хэсэг л оролцож санал өгөх юм. Энэ нь нийт ард түмний санал бодлоос зөрүүтэй байх нь мэдээж бөгөөд үүнийг сонгуулийн прогноз хийхдээ зайлшгүй тооцох хэрэгтэй. Иймээс сонгуулийн дүнг урьдчилан таамаглахын тулд эхлээд сонгуулийн оролцоо хэдэн хувьтай байх вэ? гэдгийг тогтоох нь нэн чухал юм.

Намын фон. Сонгуульд нөлөөлдөг гол хүчин зүйл намын фон боловч өнөөгийн манай сонгуулийн систем саналын маш бага хувийн өөрчлөлтөөр эсрэг үр дүнд хүрэх боломжтой байдаг. Хэдийгээр зарим улс төрчид “Монголд гурав дахь хүчин оршин байх бололцоогүй” хэмээн сурталддаг, зарим намуудыг лидергүй, тодорхой үзэл баримтлалгүй хэмээн шүүмжилцгээдэг боловч олон түмэнд аль нам ямар үзэл баримтлалтай, барууны чиглэлийн нам уу, зүүний нам уу гэдэг нь огт сонирхолтой биш. Энэ ангилал нь зөвхөн улс төр судлаачдад л хамаатай юм. 2004 онд МАХН болон АН -аас нэр дэвшигчдийн хувьд намын фон эерэгээр нөлөөлөх магадлал харьцангуй бага. Учир нь 1996, 2000 онуудад намыг нь харж сонголтоо хийсэн сонгогчид тухайн сонголтондоо ихэд эргэлзэх болсон. Иймээс энэ сиймхий нь бусад шинэ намуудын хувьд ашигтайгаар эргэж тун ч болзошгүй. Гэхдээ тухайн нэр дэвшигч хувь хүний нэр хүнд боловсрол мэдлэг зэрэг хувийн шинжүүд ирэх сонгуульд нэлээд чухал хүчин зүйл болно. Гол нь арав гаруйхан мянган хүнээс 40 -өөд хувийн санал авахад л их хурлын гишүүн болдог өнөөгийн тойргийн бүтэц.

Тойргийн бүтэц. МАХН нь монгол дахь бараг ганцхан гэж хэлж болох үндэсний хэмжээний том нам бөгөөд сонгуулийн аль ч тойрогт хангалттай тооны гишүүд дэмжигчидтэй, насны аль ч бүлэгт тэднийг дэмжигчдийн тоо багаддаггүй, харин ч ахмад настнуудаас олж авах дэмжлэгийн хувьд давуу талтай. Энэ ч чанараараа МАХН ойрын жилүүдэд давуу байдлаа алдахгүй байх магадлалтай бөгөөд сонгуульд ялагдлаа гэхэд 1996 оныхоос доор орохгүй. Энэ нь одоогийн мөрдөгдөж буй тойргийн бүтэц, сонгуулийн системийн нөхцөлд МАХН -ын давуу тал болно.

10 гаран мянган хүн гэдэг нь УБ хот дахь нэг СӨХ-д харъяалагдах оршин суугчдын тооноос их биш бөгөөд энэ талаас нь авч үзвэл СӨХ-ийн даргын сонгууль нь УИХ-ын сонгуулиас төдийлөн дордохгүй том хэмжээний сонгууль юм.

10 гаран мянган хүн гэдэг нь сайн яривал садан төрөл, саараар яривал нэг ангийнхан, нэг сургуулийнхан, нэг голын нэг нугынхан, нэг сумынхан, нэг байрныхан. Тиймээс ч нялх ардчилагчид 90 -ээд онд УБХ -ын гишүүдийг “жалга довны депутат” хэмээн нэрлэж байсан нь одоо ч утгаа алдаагүй мэт.

Сүүлийн үед нам хүчнүүд сонгуулийн тойргуудыг манай тойрог, танай тойрог хэмээн булаацалдах ч янзтай. 1992, 1996 оны сонгуулийн дараачаар “ардчилсан хүчнийхэн” баруун гурван аймгийнхныг МАХН -ыг дэмжлээ гэж, “хуучинсаг”, “хоцрогдсон”, “нийт ард түмнээс ичмээр” гэхчлэн нэрлэж, Хөвсгөл зэрэг зарим аймгийг “ардчилсан” хэмээн цоллож байв. Гэтэл саяхан Булганы тойрог дахь нөхөн сонгуулийн үеэр ерөнхий сайд Н.Энхбаяр “Энэ бол манай тойрог, манай намын тойрог” хэмээн өмчлөв. Дашрамд дурдахад энэ удаагийн сонгууль нь аль ч нам хүчнийхний хувьд маш чухал сонгууль байсан бололтой. МАХН -ын зүгээс намынхаа нэр хүндийг унаагүй байгаа гэдгийг батлах, эсрэг талаас МАХН -ын рейтинг унасан гэдгийг батлах, дашрамд нь УИХ дахь суудлынхаа тоог ахиулах зорилготой байв. Ямар ч гэсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж оролцдог, Улаанбаатарт жилдээ цөөхөн удаа цуглардаг одод нэг ч хүн үлдэлгүй бүгдээрээ очиж тоглосон тийм сонгуулийг Булганчууд байтугай Монголчууд урьд нь үзээгүй юм. Гаргасан зардлыг нь тооцвол нэг тойрогт байтугай нэлээн хэдэн тойрогт ахдахаар тоо гарах нь дамжиггүй. Дэргэд нь Мөсөн хотхонд зарцуулсан 60 сая цайны мөнгөнд тооцогдоно.

Судлаач Д.Ганхуяг
Ц.Болд
 
2002 оны 1 сарын 25

Posted in СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, УЛС ТӨР | Leave a Comment »

Усны бодлого

Posted by bolod on March 21, 2008

Дэлхийн усны өдөрт

“… Дундад Азийн орнуудад Усны Бодлогын Яам гэж бие даасан яам ажилладаг” гэж сонсоод би нэлээд гайхаж билээ. Учрыг тодруулбал дундад азийн тэдгээр орнуудад усны асуудал, тэр тусмаа цэвэр усны асуудал нэн тулгамдсан асуудал байдаг учраас түүнийг бодлогоор зохицуулахад бие даасан яам ажиллахаас өөр аргагүй байдаг ажээ. Гэтэл манайд Ус цаг уурын хүрээлэн гэж байхаас өөр байгууллага байдаггүй гэхэд хилсдэхгүй. Саяхнаас ийм байгууллага байгуулагдсан нь оройтсон талдаа юм. Хийж буй ажил нь ч нэг их гавьтай мэдрэгдэхгүй. Бүртгэл тооллого төдийхөн…

* * *

Аливаа гариг дээр амьдрал үүсэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхэд 60 гаран зүйлийн нөхцөл хангагдах ёстой гэж үздэгээс устай байх нь түүний зөвхөн нэг нь боловч усгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй учир хамгийн суурь хүчин зүйл болдог. Тиймээс амьдралтай юу гэдгээс урьд устай юу гэдгийг сонирхдог болжээ. Дэлхийн томоохон хот суурин газрууд ёс шиг заавал ямар нэг томоохон гол мөрний эрэг дээр байрладаг, эсвэл далай тэнгисийн хөвөөнд үүсэж хөгждөг аж. Хэр зэрэг их усны хажууд байгаагаас тухайн хотын хөгжил цэцэглэлт үндсэндээ хамаардаг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тухайн голын усны урсацын хэмжээ ба хотын хүн ам, хөгжлийн хооронд корреляци хамааралтай гэж үзэхэд нэг их буруудахгүй байх. Нөгөө талаас Монголыг оролцуулаад далайд гарцгүй 17 /андуураагүй бол/ орон байдаг бөгөөд тэдгээр орнуудын хөгжлийн түвшин олон улсын дунджаас доогуур байдаг билээ.

* * *

…В.И.Песковын “Утсан дээрх шувуу” нэртэй номыг уншиж байхад түүний нэг бүлэг, Төрсөн голынхоо эхийг очиж үзсэн талаарх эргэцүүлэл их сургамжтай санагдаж байлаа. Түүнд дурдсанаар төрсөн голынхоо эх өөд аялсан аялалын явцдаа голын бохирдол экологийн тэнцвэр алдагдсанаас үүссэн хохирлыг алхам тутамдаа мэдэрч явжээ. Тэр голын урсгал зарим газартаа тасарч, бараг үхмэл болсон байна. Харин бургас шугуйтай, хvний гар хөл төдийлөн хvрээгvй хөдөөрхүү газарт урсгал нь дахин сэргэж, загас, шувуутай ч болж амьдралтай болсон байжээ. Сэлбэ голын эх ч ойлгомжтой, талхлагдаад, хашигдаад дууссан. Туул голын эх өөд нэг аялж үзэхсэн…

* * *

Монголд Тэрхийн цагаан, Өгий, Хар-Ус, Хяргас, Буйр гээд загас агнуурын арвин их нөөцтэй олон нуурууд байсан. Сүүлийн хэдхэн жилд эдгээр нуурын загасыг хятадууд шүүж дуусгаснаар жараахай л үлджээ. Хэн зөвшөөрөл өгсөн бэ? Монголын загасчдын тэмцээн болж гадаад дотоодын арав гаран баг өдөржин оролдоод арваадхан загас барьсан гээд бодохоор инээх багадаж, уйлах ихдэнэ гэдэг л болжээ. Удахгүй жараахай ч үгүй болох бизээ. Нууруудаас гадна загас ихтэй байсан томоохон голууд бараг загасгүй болсон гэхэд хилсдэхгүй. Хэдхэн жилийн өмнө загас нь бужигнаж, тул тоглож байсан цvнхээл, цээлийн ус ширгэж, жараахай ч тоож сvрэглэхээргvй өвдгөөр татсан ус л vлджээ. Би эндээс тул барьж байлаа гэвэл хvн vнэмших нь битгий хэл шоолох бизээ. Туул голын үлдсэн цөөхөн жараахай нь ч тахал туссан юм шиг хиараад дууслаа. Загасгvй, ус нь амьдралгvй болж, замганд баригдаж, улмаар хатаж ширгэсээр байна. Яруу найрагч Чимэддоржийн, Сэлбэ голын тухайд хэлсэн, улаан нvvрэн дээр чинь хатаж байгаа, ухаан гуйн харж байгаа гэсэн шvлгийн мөрvvд Онон, Хэрлэн, Туулын тунгалаг ариун мөрнvvдийн хувьд ч хэлж болохоор бодитой аюул боллоо. Бөөн цагаан, Таац, Адгийн цагаан нууруудыг хэнээс эргvvлэн нэхэх вэ?

* * *

Энхтvвшин гуай гэж, буянтай буурал манай байранд амьдардаг, манай байрны эргэн тойрныг цэцэрлэгжvvлж, мод тарьж, зvлэгжvvлж, усалж, хаваржин зунжин л ажилладаг байж билээ. Тэрээр, биднийг бага гэж гололгvй ийм нэгэн тvvхийг ярьсан нь одоо хэр нь санаанаас гарахгvй байна.

Хятадын нэгэн тосгонд юм гэнэ лээ. Мөнх цастай уулын бэлд, газар тариалан эрхлэн амь зуух хэдэн өрх амьдарч хоёр идэхгvй ч хоосон хонолгvй амьдралаа залгуулаад болоод л байж. Уулнаас эх аван урсах горхины усаар талбайгаа, ногоогоо, тариалангаа услаад жил бvр ургац алддаггvй байжээ. Гэтэл хаанаас ч юм, хэн нь ч юм мэргэн ухаан гаргаж, энэ уулын цасыг хайлуулаад ногоогоо усалчихвал ургац нэмэгдэж, айл болгоны нуруу тэнийх бишvv гэж. Тэр ч ёсоор vйлдэж тэр жилдээ урьд байгаагvй их ургац авсан байна. Гэтэл дараа жилээс нь, цасыг нь хайлуулсан уулнаас эх авдаг горхи нь хатаж ширгэснээс, ногоогоо услах усгvй болж, хэдэн жил vргэлжилсэн гангаас vvдэн тэр тосгоны амьдрал сvйрсэн юм гэнэ лээ. Монголд алтыг нь ухаад голыг нь ширгээгээд эзгүйрүүлсэн сүйрүүлсэн ийм нутаг бэлчээр хэдэн хүний амьдралыг бусниулж байгаа бол…

* * *

Интернэтээс сонин зураг үзлээ. Дэлхийн бүх усыг цуглуулаад дэлхийтэй харьцуулбал томоо алимны дэргэдэх үзэм шиг өчүүхэн юм харагдаж байна. Зөвхөн цэвэр ус биш далай тэнгисийн бүх усыг оролцуулаад тэр шүү. Гэтэл цэвэр ус нь түүнийхээ хичнээн хувь бэ гээд бодвол ёстой шар будаа шиг юм л байх биз.

* * *

“… Энэ зураг надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Эхний бөмбөрцөг дээрх жижигхэн бөмбөлөг бол гол мөрөн, далай тэнгисийн бүх усыг цуглуулж нийлүүлбэл ямаршуу хэмжээтэй болохыг харуулжээ. Дэлхийн гадаргын гуравны хоёрыг далай тэнгис эзэлдэг гэж дунд сургуульд үздэгсэн. Дараа нь дэлхийн дулаарлаас болж хүн төрөлхтөн усанд живлээ гэж далдуур айдаг болсон. Гэтэл дэлхийг бүрхэн цалгилсан ёроолгүй их далайн ус хүртэл дэлхийн гадаргыг нимгэхэн түрхсэн мэт өчүүхэн ажээ. Санаан дотроо тэр жижиг бөмбөлгийг дэлхийн бөмбөрцөг дээгүүр “түрхээд” үзсэн чинь хуурай газрын ихэнх хэсэгт хүрэхгүй янзтай. Дараачийн бөмбөрцөг дээрх дэлхийн бүх агаарыг бөмбөлөг болгон харуулжээ. Дэлхийг бас л нимгэхэн бүрхсэн өчүүхэн юм байна. Агаарыг бүү бохирдуул, озоныг давхаргыг битгий цоол гэдэг учиртай ажээ…” Эх сурвалж: http://ajiglagch.wordpress.com/

* * *

Хэдэн мянган жил малаа маллаад, амьдраад ирсэн монголчууд, нэг хvний санаачлан соёрхсон “Алт” гээч хөтөлбөрийн vр дvнд одоогоор хэдэн жилдээ цаг нөхцөөж, эдийн засаг өсч байгаа ч юм шиг, улс орон хөгжиж байгаа ч юм шиг боловч, хэдхэн жилийн дараагаас эхлэн урсах усгvй, мал бэлчих бэлчээргvй, овоолсон шороо, ухсан нvхтэй л vлдэх нь. Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх бэлчээртэй, таван зvйлийн тарианы хөрс шороо газартай гэдэг нь vлгэр номонд л vлдэх вий дээ. Үнэндээ, дэлхийн бүх усаар дэлхийн бүх алтыг угаагаад тунгаагаад авчихаж болно гэж бодъё. Дэлхийн бүх алтыг цуглуулаад дэлхийн бүх банкинд хураачихлаа гэж саная. Тэглээ гээд яах юм бэ. Эргээд түүгээрээ ус худалдаж авч чадах уу? Усгүй бол амьдралгүй, амьдралгүй бол алт өөрөө үнэ цэнээ алдана. Тиймээс л одоо УС эсвэл АЛТ гэсэн сонголт хийх цаг нь болжээ.

Монголдоо сайхан амьдармаар байна.

 

Posted in Uncategorized | Leave a Comment »

Уймраагийн хөдөлж цөхөхөд овсгоотойн хөлс цутгадаг

Posted by bolod on March 20, 2008

Анх, Шинэ Бодлогын Хүрээлэн дээр очиж Чимид гуайн лекцийг сонсож байснаас хойш жил хагас өнгөрчээ. Алдартай хүндэтгэж явдаг хүмүүсийнхээ үгийг сонсох, албан бус хүрээнд, тухайн сэдвээр хэлэлцэх мэтгэлцэх нь надад таалагдаж байсан. Энд үзэл бодлын мэтгэлцээн явагдаж, оюуны хуримтлал бий болж, алдагдсан хоосон орон зайг дүүргэх шинэ зүйл эндээс үнэртэж байж билээ. Д.Энхбат, Р.Энхбат, Б.Чимид, Авирмэд гуай, Хурц гуай, хуулийн Тэмүүжин либертари залуучуудтайгаа, өмгөөлөгч Санжаасүрэн гуай, судлаач Ганхуяг, иргэн Ламжав, сонгогчийн боловсролын Бурмаа зэрэг теле одууд, Логийн Цог, Батзандан, Арслан, Бум-Ялагч, Мөнхбаяр зэрэг гудамжны тэмцэгчид энд л нэг дор цугларч, чухамхүү төрийг төвхнүүлэхнүү гэмээр итгэл төрөх бүтэц, эрч хүч эндээс харагдаж байсан.

Дээр нь хөрөнгө оруулалтын газрын дарга байсан Жаргалсайхан, МАХН-ын “Шинэ эргэлт” жигүүрийн Ч.Жаргалсайхан, эмч Болдсайхан, цагдаагийн Ганболд, хүний эрхийн хуульч Ичинноров, германд эдийн засгийн ухааны доктор хамгаалсан Энхзаяа, нийтлэлч Баярхүү, социологич Тамир, сэтгүүлч Цэрэнжав гуай, орчуулагч бодлогын судлаач Батболд, хуульч Монгол, Чиносын Батболд, Чулуунцэцэг, циркийн Батмөнх, зүгээр ч үгүй Боннын Алтангэрэл, тэгээд Саруул, жанжны удам Сүхгэрэл, гээд энд тэнд юм бичдэг, нийтлүүлдэг, форум дээр нийтлэлээ тавьдаг, үгээ хэлдэг, ТВ-ээр гардаг хүмүүс бүгд л цуглачихсан шиг санагдаж байж билээ. Цаашилбал Гомбосүрэн гуай, Нарангэрэл гуай нарын нэр дуулдаж, хэзээ хэзээгүй ирээд нийлээд, хамтраад нураагаад эхэлнэ гэж ойлгогдож байлаа. Уянга, Баатархуяг хоёр ч үүгээр орж гардаг, өдрийн сонины Дашрэнцэн, Мөнхбаясгалан, Янжмаа, Өнөөдөр сонины Оюунжаргал гээд л энэ жагсаалт цааш хөвөрнө.
Чухам л сүүдрийн Засгийн Газар энд байгаа юм шиг, энд л ирээдүйн улс төрийн бодлого боловсрогдож байгаа юм шиг санагдсансан. Би энд оролцохгүй бол хоцорчих гэж байгаа юм шиг, нэг чухал юмнаас ү лдчих гэж байгаа юм шиг санагдаж орж ирсэн, хамт ажилласан. Би итгэж байсан. Бүгдээрээ л итгэж байсан. Тиймээс ч Иргэний Холбоо байгуулах саналыг Д.Ганхуяг гаргаж, Монголдоо сайхан амьдаръя гэсэн уриаг Тамир дэвшүүлж, Та бид чадна гэж Энхбат нэмж, яргуйны логог санаачилж, “Иргэний хяналт”, “М-PACT”, “Сонгуулийн хувьсгал” гэх томъёоллыг гаргаж зав чөлөөгүй ажиллаж Иргэний Холбоог байгуулсан. Иргэний тунхаг гэх ганц нүүр баримтыг 10-аад хүн 2 сар шахуу сууж боловсруулсан санагдана. Хоногийн 24 цагийн улс төр хийж байлаа. . . .
Одоо эргээд харахад нэг жилийн өмнөх тэр л байдал эргээд хэвэндээ шиг. Би орчноо сольсон. Олон хүнтэй танил болсон. Тэднийг юм хийж мэдэх хүмүүс гэж бодсон чинь бас л хэвээрээ ярьсан чигтээ үлджээ. 2 жил мөрөөдлөөрөө амьдарчээ.

Тэд их гоё ярьдаг. Биширмээр. Ямар ч өчүүхэн асуудлыг онолын маргаан болгож, өдөржин маргалдаж болно. Ямар ч асуудлыг олон улсын туршлагатай нь харьцуулан, уншсан дуулсантай холбон, шийдлийг нь гарцаагүй гаргаж ирнэ. Ердөө л энийг хийх хэрэгтэй гэж тохироод сална. Дараагийн долоо хоногт бүх юм дахиад л эхэлнэ. Ц.Элбэгдорж “Хэлэх нь хийхийн тал” гэж хэлээд шүүмжлүүлж байж билээ. Харин биднийг “Та нар талаас илүү яриад байна” гэж шүүмжлэх болсон. Гоё ярьдаг залуус либертари залуусаас эхлээд глобаль удирдагч, лектор төвийн залуус, JCI –ийнхан, тэрчлэн Арго багш, Давааням гээд л байхад биднээр дутна гэж үү.

Тэд хамгийн шударга, цэвэрхэн хүмүүс. Ашиг сонирхлын зөрчилтэй, элдэв шударга бус зүйлстэй нэр холбогдсон хүмүүс байхгүй. Гаднаас нь харахад итгэж болох, эрч хүчтэй, англи хэлтэй, боловсон, интелигентүүд. Үзээгүй хараагүй, мэдэхгүй асуудал үгүй, шийдлийг нь ч гэсэн бүхнээс илүү мэднэ. Бүх зүйлийг бүгдийг нь мэднэ. Бүр мэдэхгүйгээ ч мэддэг дүр эсгэнэ.

Мөнгө ч бас тэдний хувьд юу ч биш. Ямар ч асуудлыг шийдэхийн тулд мөнгө босгож чадна. Энд мөнгө олдоно. Мөнгө босгож болно гэх боловч одоог болтол шаардлагатай мөнгөө босгоогүй л байна. Шаардлага гарахгүй л байгаа бизээ. Тэрнээс биш мөнгө нь хармаанд нь, шийдэл нь толгойд нь, ажил нь урд нь бараг бэлэн байгаа. Мөнгө байвал их хэргийг бүтээж болно, мөнгөгүй бол аргацааж болно гэж нэг үг бий. Бид өнөөдрийг болтол чухам л аргацаасаар л байна. Эцэст нь хошоод хүн л санхүүжилт хийдэг тул тэр хоёр хүнээс бүх зүйл ихээхэн хамааралтай. Бусад нь ажилд орж байгаа ажилтаны юм уу эсвэл хөндлөнгийн хүний, зочны байр суурьтай байна.

Гэвч Бид хэн бэ? Хоёрдугаар эшелоныхон. Хэзээ ч урд гарч уриалж, туг барьж үзээгүй хүмүүс. Сэхээтнүүдийн хамгийн ялзарсан хэв шинж цөм бүрдсэн. Бүх л зүйлийг болохгүйг нь эхэлж ярьж, ямар ч санаачлагыг болохгүй гэсэн дүгнэлтийг нь урьдчилаад гаргачихдаг. Үр дүнд хүрвэл бялуу хүртэхэд бэлэн адгийн шаарууд. Хоосон ярьж хоосон цэцэрхдэг цагаан гартнууд. Гологдогсод, гомдогсод. Хоосон онолчид. Е бүлгийнхэн.

Бидний зорилго хаачсан бэ? Мартагдсан. Бид юуг хүсэж байна. Сонгуульд амжилт гаргахыг. Элбэгдоржтой, Баяртай адилхан зорилготой болжээ. Тэдний копи л эндээс үүснэ. Копи нь оригоо хэзээ ч гүйцдэггүй гэдэгсэн. Улс төрийн тэргүүлэх хүчнийг байгуулах нь бидний зорилго биш болжээ. Иргэний хяналт энэ тэр бол дараагийн асуудал болжээ. Иргэний сүлжээ, зохион байгуулалттай цагаан хүч энэ тэр бол мөрөөдөл. Хөөс хагарч, мөрөөдөл салхинд хийслээ.

Бид юу хийсэн бэ? Нэг удаа форум хийсэн, Улаанбаатарын асуудлаар нэг хуралдсан, 5 сарын 1-нд баярын жагсаал хийсэн. Нийслэлийн ИТХ-ыг ирүүлд дуудсан. Хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн, шаардлага хүргүүлсэн. Тэгээд л гүйцээ. Өөрөөр хэлбэл эхэлсэн зүйлээ хэзээ ч дуусгаж үзээгүй байна. Нэг ч зүйлийг гүйцэд төгс хийж чадаагүй ажээ. Агаар халаагаад л хамаг бензинээ шатаагаад дууслаа. Аа тийм эхэлснээ, бий болгосноо буцааж тарааж нурааж чадсан байна.

Биднийг дэмжигчид хаачсан бэ? Урам нь хугараад итгэл алдраад тараад явцгаажээ. Нам байгуулах гэж жил ярилаа, хагас жил бэлдлээ. Эцэст нь болихоор шийдээд өөр намд дагаар орох гэж байна. Энэ нь нэр бүхий хэдхэн хүнд л ашигтай болохоос бүхэлдээ Иргэний Холбоонд огт ашиггүй юм. Иргэний Холбоог хэдхэн нэр бүхий хувь хүмүүс нэмүү өртөг бүтээгээд өндөр үнэ хүргээд улс төрийн ашиг хонжоо хараад зарчихсан. Ашгийг нь хэдхэн хувь хүн хүртлээ. Хэнд ч юунд ч баталгаа гаргаж өгдөггүй хамгийн ёозгүй салбар бол улс төр гэж үнэн үг юм. Дөнгөж өчигдөрхөн нь л ИЗН-тэй нэгдэх асуудал 95% шийдэгдсэн гэж байсан хүн. Маргааш нь НН-д нэгдэх асуудал 100% шийдэгдлээ. Би л хувьдаа шийдлээ гаргачихлаа гэж хэлж байх юм. Бид Иргэний Холбоог байгуулахдаа итгэлцэл дээр тулгуурласан. Харин энэ итгэл дээр хэдхэн хүн тоглоод улс төр хийгээд дууслаа. Улс төрд үл итгэлцэл давамгайлдаг ажээ. Одоо Иргэний Холбоог сэргээж дахин эрч хүчтэй ажиллуулна гэдэг лөөлөө боловоо хөөрхий. Тамирын хэлдэгээр Дарь. Сүхбаатар шиг, Ардчилсан Холбоог булшлах болоогүй гэж яриад л явах үлджээ. Иргэний Холбооноос хүн бүр дайжаад гараад явлаа. “Ард түмний нэг хэсгийг цаг үргэлж хуурч болно. Бүх ард түмнийг нэг хэсэгтээ маллаж болно. Гэвч нийт ард түмнийг дандаа мэхлээд байж чадахгүй.” гэсэн А.Линкольний үг байдаг. Чухамхүү одоо л алаад өгнө гэхийг хүлээсээр байгаад залхлаа.

Уран үгтэй сэхээтнүүд

Удаан уймраа тэмцэгчдээс залхлаа.

Гишүүдгүй холбоо

Гэнэн материалистуудаас залхлаа

Шийдвэр гаргадаггүй Гүйцэтгэх Хороо

Шинэ үеийн улс төрчдөөс залхлаа

Шинэ Бодлогын Хүрээлэн сонирхлын бүлэглэл маягтай сэхээтнүүдийн клуб байсан бол Иргэний Холбоо Д.Энхбатын фен клуб болж хувирлаа. Иргэний Холбооны бие даасан үзэлтэй, өөрийн гэсэн бодолтой хэсэг нь дайжжээ. Иргэний Холбоонд одоо зөвхөн анхдагчид гэх цөөхөн хүн, цалин авагч багахан хувь, тахин шүтэгч нэг хэсэг л үлджээ. Тэд нь ч одоо Иргэний Холбооны гишүүн гэхээсээ илүү ногоорчихлоо. Зарим хүн үлдсэн хүмүүсээ бүгдийг нь тахин шүтэгч болгохыг мөрөөдөж байна. Иргэний Холбоог фен клуб болгож, иргэний холбооны гишүүдийг мануул, хэвтүүл, хишигтэн болгох гэж байна. Тэд далайсан газар далд орж далласан газар ил гарч байх учиртай. Намд ор гэвэл орж, одоо боль гэвэл больж байх ёстой хагас эрхт хагас хүн. Үнэгүй зарц, үнэнч боол. Эцгээ харвасан ч дагаж харвах сургуультай цэрэг.

Гэвч би эрх чөлөөт хүн. Өөрийн гэсэн бодолтой бие даан шийдвэр гаргах эрхтэй, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус, үзэл бодлын хувьд хэнийг ч үл дагах чөлөөт электрон. Би энэ эрх чөлөөгөө хэнд ч, тэр байтугай Чингисийн хүргэнд ч, элдэв бусын энд тэндхийн ерөнхийлөгч гэх хэнд ч атугай булаалгахгүй. Би гэртээ харилаа. Гэртээ зурагтаа нулимаад суух нь мэдрэл тасрахгүй амар юм байна. 2 жилийн өмнөхөөс ялгаатай нь одоо бол би Элбэгдож гарсан ч нулимна, Энхбаяр гарсан ч нулимна, Энхбат гарсан ч бас л нулимна. Хэнээс ч үл хамааран муулах гэснээ муулж, баалах гэснээ баалах болно.

Ууланд шахан бууя

Адуучинд нөмөр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачинд хоол болтугай

Иргэний Холбооны Ерөнхий зохицуулагч асан Ц.Болд

2007 оны 11 сарын 15

 

 

Posted in Uncategorized | Leave a Comment »

Миний блог

Posted by bolod on March 5, 2008

Би өөрийн гэсэн блогоо нээлээ. Энэ бол миний үзэл бодлын индэр, эрх чөлөө, хязгааргүй орон зай, цаг хугацааны машин. Миний блогт хандсанаар та үзэл бодол, санал сэтгэгдлээ надтай чөлөөтэй солилцож болохын зэрэгцээ дураараа шүүмжилж, шүлсдэж, надаас суралцаж, намайг сургаж болно. Миний энэхүү эрх чөлөөг хэн ч булааж чадахгүй боллоо. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш. Та энэ блогийг нээсэн л бол миний бичсэн зүйлийг ямар ч байсан унших сэдэл байсан гэсэн үг. Зөвхөн энэ л надад хангалттай бөгөөд та хүссэн ч хүсээгүй ч надтай санал бодлоо солилцож социал харилцаанд орсон гэсэн үг. Хамгийн багаар бодоход та миний блогийн уншигчдын тоог нэгээр нэмлээ. Баярлалаа. e-mail: bulat_soc@yahoo.com, ts.bolod@mail.mn

Posted in Uncategorized | Leave a Comment »

Hello world!

Posted by bolod on March 5, 2008

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

Posted in Uncategorized | 3 Comments »