Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Нийгмийн даатгал’ Category

“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАН”

Posted by bolod on November 26, 2009

Биднийг багад Ардын Хувьсгалын партизанууд гээд хэдэн өвгөд байдаг байсан. Хөөрхий тэр хэдэн өвгөд бидний төлөө цусаа урсгаж, ийм энхжингийн цагийг авчирсан юм гээд л, партизаанууд байр авна, тусгай хангамж эдэлнэ, оочир дугааргүй үйлчлүүлнэ, автобусанд үнэгүй явна. 90-ээд оноос хойш ахмад дайчид нэмэгдсэн. 1939 оны болон 1945 оны дайны үеийн ахмад дайчдад байр олгох тухай яриа хэдэн сонгууль, хэдэн засгийн газар дамжин яригдаж ирлээ. Эхнээс нь олгосоор байгаа одоо ч олгож байгаа бололтой. Тэдэнд зөвхөн байр өгөөд болоо гэж үү? Ганцхан байр өгөхөд хангалттай гэж үү? Ямар сайндаа л тэд төрөөсөө байр гуйж, царай алдаж, хэдэн хүүхдээ орох оронтой болгох гэж гол нь тасрахгүй гүрийж байгаа билээ. Ардын хувьсгалын партизан байлаа ч, халх голын дайны ахмад дайчин байлаа ч, ер нь хэн ч байлаа гэсэн хөгшчүүдийн амьдрал, байр царайчилсан энэ байдал нь  монголчуудад нийгмийн баталгаа үгүй байгааг бидэнд улам тод харуулах аж. Насаараа зүтгээд энгэрээрээ дүүрэн одон медаль цуглуулсан, хэдэн таван жилийн гавшгайч болж хийж бүтээх насаа өнгөрүүлсэн өвгөд хөгшид одоо болохоор ядарч зутарч явна. Уг нь бол тэд хийдгээ хийчихсэн. Хий гэснийг нь л хийсэн. Харин төр, нам засаг хулхидчихсан юм уу даа. Read the rest of this entry »

Posted in Нийгмийн даатгал | 2 Comments »

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ХААЧИВ

Posted by bolod on October 27, 2009

Гадуур гахай тахианы ханиад газар авч байгаа бололтой. Гадуур мэргэжлийн биш гэж адлуулж байсан Ламбаа сайд бүтэн нойртой хонолгүй асуудлыг шийдэх гэж хэрдээ л шүүмжлүүлж байгаа бололтой. Түүнтэй харьцуулбал эмч мэргэжилтэй гэх дэд сайдыгаа бодвол харин ч голтой байгаа гэж урам нэмье. Хийсэн, хийж байгаа ажлыг нь шүүмжлэхээ больё. Хийх гээд байгаа ажлыг нь шүүмжилье.

Тэрээр хэлэхдээ, гаднаас зарим нэг эм вакцин ирж байгаа, нийлүүлэгдэж байгаа, эхний ээлжинд эмзэг бүлгийн болон эрсдэлт бүлгийнхэнд зориулна гэлээ. Харин төлбөрийн чадвартай, тухайн вакциныг худалдаад авчих чадвартай хүмүүс нь өөрсдийн мөнгөөрөө худалдаад авах хэрэгтэй гэнэ. Огт ойлгосонгүй. Ийм тохиолдолд зориулж би татвар төлдөг. Түүний төлөө ЭМЯ ажиллаж байгаа бус уу? Дараа нь үр шимийг нь хүртэх гэж, хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж би Эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл, тэр хамаагүй та төлбөрийн чадвартай бол өөрөө мөнгөө төлөөд вакцинаа худалдаж ав, гэж хэлж байна. Read the rest of this entry »

Posted in Нийгмийн даатгал | Tagged: | 5 Comments »

АФРИК МАЯГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ

Posted by bolod on May 29, 2008

2008 оны Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” багтжээ. Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай талаар бид олон жилийн өмнөөс ярьж бичиж байсан бөгөөд өдгөө энэ нь буруу чиг хандлагатай явах гээд байгаа тул энэхүү хэлэлцүүлгийг дахин сэргээж байна. Бид, 2006 оны 12 сарын 21 –нд “Зууны мэдээ” сонинд “Нийгмийн даатгал уу, нийгмийн дайчилгаа юу?” нэртэй өгүүллийг нийтлүүлсэн билээ. Үүний хариуд эдийн засагч доктор Ч.Дагвадорж зууны мэдээ сонины 2007 оны 1 сарын 9 –ний дугаарт шүүмж, нийтлэл бичин хэвлүүлсэн юм. Түүний хариуд бичсэн дараах захидлыг тухайн үед хэвлэх сонин хэвлэл олдоогүй билээ.

Эдийн засгийн ухааны доктор Ч.Дагвадорж танаа.

Бид өөрсдийгөө эрдэмтэн ч гэж зарлаагүй, судлаач ч гэж нэрлээгүй. Харин та биднийг их л тоож ийнхүү өргөмжлөн, бас бидний хийсэн бяцхан тооцоонд их л эмзэглэсэн бололтой юм. Насаараа нийгмийн хамгааллын салбарт зүтгэсэн, тэр тусмаа эдийн засгийн ухааны доктор хүнтэй бид яаж зиндаархах вэ дээ.

Нэгдүгээрт бид багш нар, асуудалд тал бүрээс нь хандах арга туршлагад л сургахыг эрхэмлэдэг болохоос, аль нь зөв аль нь худлаа болохыг тулган хүлээлгэдэггүй юм. Оюутнуудад задлан шинжлэх дүгнэх эрхийг нээлттэй үлдээе. Түрүүлж гарсан чихнээс сүүлд гарсан эвэр урт гэж… Бид оюутанд буруу үлгэр дуурайл үзүүлдэг “эсэргүү” багш нар бололтой. Гэтэл бид ганцаараа биш, бидний эргэн тойронд ийм эсэргүү багш нар олон байдаг юм байна. Түүн дотроо эдийн засгийн багш нар ч гэсэн ийм эсэргүү бодолтой байгаад зогсохгүй, бизнесийн байгууллагын, олон улсын байгууллагын, төсвийн байгууллагын олон арван ийм эсэргүү үзэл бодолтой хүмүүс байгаа нь нэгэнт зохион байгуулалттай эсэргүү бүлгийн түвшинд хүрсэн байна.

Хоёрдугаарт, Социологи хэмээх шинжлэх ухаан нь асуудалд социал аспектаар ханддагаараа ялгагддаг тул бид тэр өнцгөөр л харж энэхүү тооцоог хийлээ. Эдийн засагч, доктор хүний хувьд бол эдийн засгийн утга нь, мөнгөн дүн нь чухал биз ээ. Бид ямар эдийн засагч биш. Гэхдээ энэ зэргийн тооцоог танаас илүү юу гэхээс дутуугүй хийчих чадалтай гэдгээ хэлье.

Гуравдугаарт. Бид өндөр настан, олон сайхан буянтай буурлуудыг харж байгаа. Гэхдээ төр тэдэнд зүгээр мөнгөө өгөөгүй, тэдний НДШ нэрээр төлсөн мөнгөний хүүтэй тэнцэх, түүнээс ч бага мөнгийг л өгч байгаа гэдгийг хэлж байна. 36 жил төсвийн байгууллагад ажиллаж НДШ төлсөн хүн, төлсөн мөнгө нь нэг тэрбум долоон зуун сая төгрөг болж өсөх боломжтой байхад яахаараа амь зогоох төдийхөн хэмжээний мөнгийг гуйж жагсаж байж авах ёстой болж байна.

Дөрөвдүгээрт. Улсад насаараа ажиллачихаад, НДШ төлчихөөд ганц ч төгрөгний тэтгэвэр авч чадаагүй бурхан болсон олон зуун иргэд, тэдний ар гэр оршуулгын зардал гэх хэдхэн төгрөгөнд хууртагдан суугааг та бас харахгүй байна уу. Оршуулгын зардлаа авахад хүртэл, дор хаяж арван жил НДШ төлсөн байх учиртай, гэхдээ тэр нь 1995 оноос хойш төлсөн байх ёстой гэсэн нугалааг та мэдэх үү. Насаараа нэгдлийн мал малласан, мөн л НДШ төлсөн олон мянган малчид нэг ч төгрөгний тэтгэвэр авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд дуусч байгааг та нүдээ аниад өнгөрөөж байна уу. 90-ээд оноос өмнө улсад ажиллаж байсан олон мянган ажилчид, таны хэлээд байгаа орон тооны цомхтголд орсон, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан, эрт тэтгэвэр тогтоолгосон иргэд тэтгэврийн зөрүүгээс болоод арав гаран жил хохирч байгааг та мэдэхгүй гэх үү. Тэтгэврийн хэмжээг сүүлийн таван жилийн цалингийн дунджийн 45%-иар тогтоож байгаа. Түүнийг сүүлийн 8 жилийн цалингийн дунжаар тогтоодог болгох гэж өөрчлөх гэж байгаагийнхаа үндэслэлийг хэлж өгч чадах уу? 8 жил гэдэг тэтгэвэр тогтоолгох минимум хугацааны бараг тал нь, бараг арван жилийн хугацаанд Монгол улсад мөнгөний ханш хоёр дахин унаж байгаа. Ингээд бодвол тэтгэврийн хэмжээг цалингийн дунджийн 20 хувиар тогтоосноос юуны ялгаатай юм бэ? Их хурлын гишүүдийн тойрогтоо хуваарилуулан авч байгаа мөнгөний хэмжээ 2000 оноос хойш 25 дахин нэмэгдсэн. Энэ жишгээр бодвол мөнгөний ханш 7 жилд 25 дахин унаж, миний тогтоолгох тэтгэврийн ханш мөн төчнөөн дахин унаж байна.

Тавдугаарт. Тэтгэврийн насыг тэд эд байлгах нь зохимжтой, нэмэх шаардлагатай гэх мэт дүгнэлтийг бид хийгээгүй, харин та тийм дүгнэлт хийх байтугай, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60, эрэгтэйчүүдийнхийг 65 болгох талаар хуулийн төсөл боловсруулаад лобидож байгаа бололтой. Энд таны ашигласан “Эрт тэтгэвэрт гарах нь үхэл” гэсэн дүгнэлт бас л өрөөсгөл юм. Гадаадын судлаач гэхээр л үнэн гэж хүлээж авах нь зөв үү. Энэ нь аль орны иргэдийн хувьд хийсэн судалгааны дүгнэлт юм бол, Монголд хэр тохирох юм бол доо? Би хувьдаа эргэлзэж байна. 59-тэй эмээ хүүхдэд үсэг заагаад, өдөржин зогсоогоороо шал угааж, хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж, шөнөөр жижүүрлэн хонох гэж хүсэх үү? 64 –тэй өвөө галч, жижүүр, манаач хийж, ачаа зөөж, машин барьж, онгоц жолоодож болох уу, бие нь дийлэх болов уу. Тэтгэврийн насыг заавал 5 жилээр уртасгах гээд байгаа юм бол балетчид, уран нугараачид 45 хүртлээ бүжиглэж, нугараг, бөхчүүд, хөлбөмбөгчид, шигшээгийнхэн зодог тайлна майлна гэж битгий донгосцгоо. Кёкшюзан Батбаярыг ч гэсэн Япон руу нь хөөгөөд явуул, дахиад 5 жил барилдаг. Шаравжамц ч гэсэн дахиад 5 жил сагс тоглох ёстой. Бат–Эрдэнэ аварга бас дахиад 5 жил түрүүлэг. Тэр цагаан сарын барилдаанд түрүүлдэг л юм чинь.

Зургадугаарт. Тэтгэврийн нас хэд байх нь хамаагүй. Хэрэв тухайн иргэн хүсвэл, ажиллуулах байгууллага олдвол 70 хүртлээ ч хамаагүй ажиллаг. Тухайн хүн НДШ төлсөн л бол түүнийхээ мөнгөн дүнг, нэрийн дансыг өөрөө хянах эрхтэй, түүнийхээ тодорхой хувийг эргүүлэн авах ч эрхтэй. Түүнээс биш сарын хүүтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг авах ёсгүй.

 Долдугаарт. Нэрийн дансан дахь мөнгө сарын 0,5% -ийн хүүтэйгээр өсөж байх ёстой хуулийн заалтыг та зориуд хэрэгжүүлэхгүй байна уу. Аль эсвэл мэдэн будлиад байна уу. Энэхүү өсөлт дор хаяж мөнгөний ханшны уналтаас сэргийлж байх ёстой юм. Энэ талаар та яагаад дугарсангүй вэ? Зориуд чимээгүй өнгөрөөв үү?

Наймдугаарт. Даатгал гэдэг бол сайн дурын, зөвхөн сайн дурын л байх ёстой. Шинээр боловсруулж байгаа хуулиар бол иргэн бүр албан даатгал гэгчийг төлдөг болох юм байх. Заавал төлөх ёстой л юм бол энэ нь даатгал биш татвар болчихно. Яагаад заавал миний өмнөөс, миний хувь заяаны төлөө санаа зовоод, миний төлөө шийдвэр гаргах гээд байгаа юм бэ. Хэн нэг Дагвадорж гэдэг хүнийг би өөрөөсөө ухаантай гэж бодохгүй байна. Би, тэр хүн миний төлөө санаа тавьж чадахаас илүүгээр, өөрийнхөө төлөө санаа тавьж чадна. Чадахгүй бол түүнийхээ төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ. Миний даатгал бол миний үр хүүхэд, сайн хүмүүжилтэй, сайн боловсролтой, чадвартай хүүхэд. Түүний төлөө би одоо зээл өгч байгаа бөгөөд хөгшрөх үедээ зээлээ эргүүлэн авах болно.

Есдүгээрт. Хар ажилчид хамгийн хүнд ажлыг хийж, богино насалдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Цагаан захтнууд хөнгөн ажил хийж, өндөр цалин авч, өндөр насалж, тэр хэрээр өндөр тэтгэврийг олон жилээр хүртдэг. Түүн дотор докторууд (эдийн засгийнх нь ч орно) багтах бөгөөд таны хэлээд байгаа 13-18 жил тэтгэвэр хүртэгчдийн дийлэнх нь сэхээтнүүд болохыг та мэдэж л байгаа шүү дээ.

Та олон судлаачдын нэр зээлдсэн учир бид ч гэсэн яаж зүгээр байх вэ? МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Мөнхжаргал нар Монголын хүн амын сэтгүүлийн 2006 оны 14-р дугаарт, “Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэмээх бүтээлийг хэвлүүлж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр нэмэгдэж байгааг дурджээ. Энэ талаар л эрхэм доктор таны шийдэл хэрэгтэй болохоос бус, бид мэтийг шүүмжлэх хүн захаас аваад олдоно.

Бастиа ингэж хэлж байна: “Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрахыг хичээж байдаг хүмүүсийн амьдрах арга зам болсон асар том, зохиомол, хоосон зүйл юм… Төрийн албанд буй хүн энэ арчаагүй хүслээ бусдаас, тэрч бүү хэл өөрөөсөө ч нууж байдаг. (доктор Ц.Батчулуунаас дам ишлэв) НДЕГ –тай холбоотой хэл ам байнга гардаг нь дээрх үгийг л батлаад байх шиг.

2003 оны хавар Манчестр хотноо хуралдсан дэлхийн ядуурлыг бууруулах хорооны чуулга уулзалтад оролцох завшаан надад таарч билээ. Тэр чуулганы үеэр нэгэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй жишээг ярьсан нь санагдаж байна. Африкийн нэгэн оронд нийгмийн хамгааллын асуудлыг бүрэн шийджээ. (Аль орон гэдгийг нэрлээд яахав) Хэрэв хүн хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн насанд хүрэх юм бол түүнд ерөнхий сайдын цалингаас ч өндөр тэтгэвэр олгож, байр хоол, унааны зардлыг улсаас дааж, байр олгож, торгонд ороож тосонд өнхрүүлэх юм гэнэ. Гэхдээ тэтгэврийн нас нь 70 бөгөөд тухайн орны иргэдийн дундаж наслалт тавь гаруйхан байж билээ. Иргэд өдрийн 10-12 цаг ажиллаж, өчүүхэн бага хөлсөөр амиа зогоосоор азаар 70 насалж чадвал түүнийг хойд насанд нь биш энэ насанд нь диваажингийн амьдрал хүлээж байх юм. Ийм тунхаглалын шинжтэй нийгмийн хамгааллын бодлого Африкийн орнуудын хувьд нийтлэг бөгөөд манай халамжлагч төр иймэрхүү жишиг рүү явах гээд байна уу даа.

Хэрвээ иргэн бүр НДШ заавал төлдөг болоод, тэтгэврийн насыг нэмэгдүүлээд, тэтгэврийн хэмжээг сүүлийн найман жилийн дунджаар тогтоодог болох юм бол Африк маягийн нийгмийн хамгааллын бодлогоос юугаараа ялгагдах юм бол доо. Үүний хариултыг л эрхэм эдийн засгийн доктор Дагвадорж танаас хичээнгүйлэн асуух байна.

2007 оны 1 сарын 15

Posted in Нийгмийн даатгал, Цанхаархал | 2 Comments »

ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН САН УУ, ИРГЭДИЙГ ХОХИРООДОГ САН УУ?

Posted by bolod on May 19, 2008

Монголд социализмын үе шиг үнэгүй байр хуваарилдаг гааль, нийгмийн даатгал гэсэн хоёр л байгууллага байдаг. Гаальтай уралддаг энэ байгууллага нийгмийн даатгал таны ирээдүй мөн гэсэн үлгэрт итгүүлж асар их мөнгийг цуглуулдаг мөртлөө ямар ч хяналтгүй. Өдгөө ажил хийж буй хүмүүс 20 жилийн дараа гудамжинд гарахгүй гэх баталгаа байна уу? Тэгвэл та юунд найдаад хэнд ямар мөнгө яах гэж төлж байдаг юм вэ? Ер нь таны мөнгийг хэрхэн хадгалдаг, хэр өсгөдөг бол, та төлсөн мөнгөө эргүүлээд шударгаар буцааж авна гэдэг баталгаа бий юу? Мөн өөр зүйлд зарцуулаагүй гэдгийг хянах бололцоо танд байна уу?

Цаашилбал та заавал төрд тэтгэврээ даатгах ёстой юу? Ядаж нэрийн дансаа хадгалах газраа иргэн өөрөө сонгож болдоггүй юм уу гэсэн асуултууд урган гарч ирнэ. Бид татвартай яг ижилхэн мөнгө төлдөг мөртлөө хариуцлага тооцдоггүй ганц зүйл бол нийгмийн даатгал юм. Хүмүүсийг тэтгэвэрийн санд мөнгө төлөөд түүнийгээ эргүүлж авч чадахгүй хохирч байгаагаар нь ангилвал дараах гурван бүлэг үүснэ. Та хаана нь багтаж байна вэ?

Азгүйчүүд: Амьдралынхаа туршид хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлөөд эргүүлж нэг ч төгрөг авч чаддаггүй азгүйчүүдийг ийм бүлэгт оруулж болно. Мөнгөн дүн нь ХЗХ-ны хохирогчдоос хэдэн зуу дахин их. 2004 оны статистикийн мэдээнээс үзвэл монголчуудын дундаж нас 63.6 байдаг. Үүнээс эмэгтэйчүүд 66.5, эрэгтэйчүүд 60.9 насалдаг. Эрэгтэйчүүдийн 33 хувь нь 60-аас дээш насалж, 33 хувь нь яг 60 насалж, 33 хувь нь 60 нас хүрэлгүй нөгөө ертөнцөд очдог. Товчоор хэлбэл хохирогсодын ихэнхийг эрэгтэйчүүд эзэлдэг. Зөвхөн 2003 оны байдлаар 55-59 насны 8005 хүн нас барсан нь нийт нас бардаг хүмүүсийн тал хувийг эзэлнэ. Тэр дотроо 8 хувь нь яг тэтгэвэрт гарахын өмнөхөн талийдаг. Ийм азгүй учрал тохиовол банкнаас ялгаатай нь ТӨР таны үр хүүхдэд мөнгийг чинь эргүүлж өгөхгүй. Оршуулгын гэх 100 гаран мянган төгрөг, хэрвээ хүүхэд чинь насанд хүрээгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно гэж мэргэжилтнүүд тайлбарлана. Гэтэл үнэндээ 55-иас дээш настай хүний хүүхэд насанд хүрээгүй байна гэж байх уу? Шуудхан хэлэхэд таны мөнгө өөр хүмүүсийн сайн сайхны тусын тулд гэдэг нэртэй алга болно, үүнийг өвлөгдөхгүй зарчим үзнэ.

Тэгшитгэсэн тэтгэврээс хохирогсод: 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах ёстой. Социализмын үед ажлын 6 өдөр ажиллаж 13 төрлийн шимтгэл даатгал төлж байсан хүмүүсийг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан эдгээр хүмүүсийн нэрийн дансанд мөнгө байхгүй тийм учраас бид сайн хүн учраас тэдэнд тэтгэвэр өгдөг гэж хэлнэ. Уг нь эдгээр хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах учиртай. Гэтэл эл үүргээ төр биелүүлдэггүйгээр барахгүй одоо даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгөөр аргацааж байгаа.

Тийм ч учраас 1995 оноос өмнөх хүмүүс удаан хугацаагаар тэгшитгэсэн тэтгэвэр авч хохирчээ. Олон хүмүүс ажилласан жил, авч байсан цалин зэргээрээ ялгаатай мөртлөө яг ижил тэтгэвэр авч байсан нь дэндүү шудрага бус байлаа. Чухамдаа Баасан хадагтайн удирдлага доор мянга мянган ахмадууд хөхөө өвлийн хүйтэнд тэмцсэний ачаар л зарим нэг ажлыг урагшлууллаа. Хэрвээ тэд тэмцээгүй бол, хэрвээ тэд дуугай л суугаад байсан бол яах байсныг та сайн мэдэх байх. Энэ бол бид одооноос хариуцлагатай байхыг сануулж байна, хөгширсөн хойноо ингэж зогсох хэрэг гарах юм биш биз?

Хоосон данснаас хохирогчид: Судлаачдын тооцооноос үзвэл 2015 гэхэд тэтгэврийн сангийн мөнгө гачигдаж эхэлнэ, 2030 он гэхэд юу ч үгүй болно. Учир нь одоо ид ажиллаж байгаа хүмүүсийн мөнгийг төр өсгөлгүйгээр өмнөх үеийнхэнд төлж байгаа нь ирээдүйд бүр ч илүү аюулыг бий болгож байна. Урд хормойгоороо хойд хормойг хаах гэж үүнийг хэлдэг. Хүн ам зүйн хувьд одоо ид ажиллах насандаа буюу тэтгэврийн хүний тоо хамгийн минимум байгаа билээ. Магадгүй 25-30 жилийн дараа эдгээр хүмүүс нэгэн зэрэг тэтгэвэрт гарч эхэлнэ, тэгэхэд тэдэнд өгөх мөнгө байхгүй болно, тэр үед даатгал төлөх хүмүүсийн хүрэхгүй. Яагаад гэвэл тэр үед ажиллаж байх хүмүүс ба тэтгэвэр авагчдын харьцаа хэтэрхий муу байх болно. Тиймээс одоо нийгмийн даатгал төлж байгаа 410 мянган хүн ирээдүйн хохирогчид мөн. Оройтоогүй дээрээ үүн дээрээ иргэд анхаарч өөрсдийн нэрийн дансыг өөрсдөө сонгодог, өөрсдөө хянадаг болох нь чухал. Саяхан ХЗХ-ны луйварчдыг шүүхээр шийтгэх ажил үргэлжилж, лавтайяа 5-10 жил авч байна. Тэд хүмүүст мөнгийг нь өсгөж өгнө гэж луйвар хийсэн. Харин бид арай өөр хэлбэрийн луйврыг анзаарахгүй яваад байгаа юм биш үү. Эсвэл хэсэг хүнийг хохироовол ял авдаг, бүгдийг нь хохироовол хэн ч буруугүй өнгөрдөг байх уу?

Бодлогын сонголт. Нийгмийн даатгалд хийх шинэчлэлийн олон арга хэмжээ бий. Үүнээс зарим нэгийг нь дурдаж байна.

1. Өвлүүлэх зарчмыг бий болгох: Халамжийн сайн тогтолцоотой гэх Германд даатгуулагч нас барсан тохиолдолд нийт төлсөн мөнгөний 60 хүртэл хувийг төрөл төрөгсдөд буцааж өгдөг гэнэ. Мэдээж үлдсэн 30 хувийг өөр хэн нэгэн хүний сайн сайхны төлөө зарцуулна биз. Үүнийг хамгаалж төрийнхөн нийгмийн сайн сайхны төлөө, бусдын төлөө, ядуу хүмүүст тарааж өгдөг, тэтгэврийн зөрүү, халамжийн мөнгө хаанаа ч хүрдэггүй, хүүхдийн мөнгө гэх мэтчилэн олон сайхан үгээр таны толгойг хангалттай эргүүлж чадна.

2. Тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй байх: Сүүлийн үед тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх тухай ярих боллоо. Ингэхдээ дундаж наслалт өндөр орнуудыг жишээ болгож ярьдаг. Бид хүмүүсийнхээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх тухай ярихгүй мөртлөө тэтгэвэрт гарах насыг уртасгана гэдэг нь зүгээр л луйвар юм. Хэрвээ тэтгэвэрт гарах насыг ингэж нэмэгдүүлвэл хохирох хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэнэ. Тиймээс иргэдийн ажиллах жилийг нэмэх биш харин цуглуулсан мөнгөний менежментийг сайжруулах асуудлыг ярих ёстой болов уу.

3. Хариуцлагын тогтолцоог сайжруулах: Мөн яаралтай хийх ажил бол хариуцлагын тогтолцоог сайжруулах юм. Хуулийн өмнө төр, иргэн тэгш эрхтэй гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл нийгмийн даатгалын санд одоогийн тэтгэвэр авагч нарт зориулсан тэтгэврийн мөнгийг төсвөөс оруулах ёстой ч сангийн яам оруулдаггүй. Оруулаагүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? Хэрвээ аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алдангийг тооцдог. Тэгвэл төр өөрөө үүргээ хүлээгээгүй бол адилхан алданги төлөх нь шудрага юм биш үү?

4. Бие даасан байдлыг хангах: Сангийн бие даасан байдлыг хангахгүйгээр улсын төсвийн цоорхойг даатгалын мөнгөөр нөхдөг явдал үргэлжилсээр л байх болно. Тухайлбал НД-ын газрын дарга нарыг хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас НД-ын 60-70 тэрбум төгрөг төрийн сангаар дамжаад төсвийн цоорхойг нөхчихсөн, эргүүлж олж авч чадаагүй жишээ ч гарчээ. Гэхдээ бие даасан байна гээд дарга болсон хүн нь идэж уугаад алга болдог тийм хяналтгүй тогтолцоог иргэд хүсэхгүй. Яагаад нийгмийн даатгалын дарга гэсэн албан тушаал хамгийн их эрх мэдэлтний анхаарлыг татдаг, яагаад нийгмийн даатгалын дарга нар дандаа идсэн уусан асуудалд холбогдоод байдгийн учир ч үүнд л байгаа болов уу.

5. Хувийн тэтгэврийн сан бодлогын сонголт: Иргэдэд сонголт олгоё. Барууны орнуудад байдаг хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх нь өнөөдрийн төрийн тэтгэврийн сангийн үрэлгэн, найдваргүй байдлыг арилгахад чухал ач холбогдолтой. Яагаад хувийн тэтгэврийн сангууд байж болдоггүй юм вэ? Бид малчид, хувиараа бизнес эрхлэгчдийг хүчээр төрийн тэтгэврийн санд хамруулах биш харин тэдний өөрсдийн санаачлага дээр тулгуурласан хувийн тэтгэврийн санг бий болгох ажлыг эхлэх ёстой. Энэ талаар судалгааны ажлыг хийх шаардлагатай байна.

2007 оны 1 сарын 1

Posted in Нийгмийн даатгал | Leave a Comment »

НИЙГМИЙН ДАЙЧИЛГААНЫ ШИМТГЭЛ

Posted by bolod on May 19, 2008

Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн даатгалын сан нь шимтгэл төлөгчдийн цуглуулсан мөнгийг бүгдийг нь эргүүлээд өндөр настнууддаа төлчихдөг, энэ нь ч бүрэн хүрэлцдэггүй тэтгэврийн сан байнга алдагдалтай явж ирсэн байна. Нийгмийн даатгалын систем социализмын үеийн халамжлагч төрийн тогтолцооноос гараагүй байгаа өнөөгийн нөхцөлд, урьд шимтгэлээ төлчихсөн иргэдийн мөнгийг идээд хуваагаад дуусгачихсан. Тиймээс өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх боломж ихээхэн хүндрэлтэй нь харагдаж байна. Гэхдээ хүн амзүйн ачаалал хамгийн тааламжтай байгаа өнөө үед ч орлогоосоо зарлага нь давсан байдалтай байгаа нь цаашдаа Нийгмийн даатгалын тогтолцоо улам хүндрэх, улмаар нуран унахаас хэрхэвч зайлахгүй.

Монголд төрөлт 1989 онд хамгийн өндөр цэгтээ хүрсэн бөгөөд энэ үеийнхэн одоо ажлын гараагаа эхэлсэн нь шимтгэл төлөгчдийн эзлэх хувийг өндөр байлгаж байна. 1995 онд 100 тэтгэвэр авагчид 144 даатгуулагч ногдож байсан бол 2005 онд 251 болж өсчээ. Цаашдаа энэ тоо буурах бөгөөд хуучнаараа шимтгэл төлөгчдийн мөнгөөр тэтгэвэр тавиад байвал тэтгэврийн сангийн алдагдал улам нэмэгдэх болно. Нийгмийн даатгалын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг, тэндээс тараан хуваарилдаг тогтолцоо нь хэт үрэлгэн тогтолцоо болох нь харагдаж байна. НДЕГ, аймаг дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд ажиллаж буй мэргэжилтнүүдийн цалин, ахуй хангамжид нэлээд их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Дээр нь үе үеийн НДЕГ-ийн дарга нар байгууллагынхаа ажилчин албан хаагчдын ахуйн хангамжийг сайжруулах нэрийн доор байр орон сууц авч их хэмжээний мөнгө төгрөг зарцуулсан нь та бидний мөнгөнөөс хулгай хийснээс өөрцгүй харагдаж байгаа биз. Улаанбаатар хотод нэг байрны үнэ дунджаар 30 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Хэрэв энэ мөнгийг банкинд хүүтэй байршуулбал хэд болж өсөх боломжтойг доорх хүснэгтэд тооцоолон үзүүллээ.

 

Жил  Сарын 0.5% хүүтэй  Сарын 1% хүүтэй  Сарын 1.5% хүүтэй 
20  99306134.27  326776609.6  1068984467 
25  133949094.4  593653987.9  2611763989 
31  191821034.2  1215268670  7629375167 
36  258737831.2  2207774581  18640240285 

Ганцхан байрыг 30 сая төгрөгний өртөгтэй гэж үзвэл энэ нь 36 жилийн дараа 18 тэрбум 640 сая 240285 төгрөг болж өсөх бололцоотой мөнгө. Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр хүртдэг гэвэл дор хаяж 1500 хүний ирээдүйн баталгаагаар нэг хүний амьжиргааг өөд татаж байгааг харьцуулан харах боломжтой. Нийгмийн даатгалын сан ямар ч хяналтгүй байгаа учраас үргүй зардал их гардгийн нэгээхэн жишээ нь энэ буюу.

Хүн хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? Монголчуудын дундаж наслалт ердөө л 65, үүнээс эрэгтэй хүн 62, эмэгтэй хүн 68 насалдаг гэдэг. Эмэгтэй хүн дунджаар 12 жил тэтгэвэр авдаг, эрэгтэй хүн ердөө л 2 жил тэтгэвэр авдаг гэсэн үг. Тэтгэвэр авагчид маань төр засагт нэг их дарамт учруулдаггүй. Авах ёстой мөнгөнөөсөө хэд дахин бага мөнгийг ердөө л 2-12 жил авдаг ажээ. Yнэндээ бол авах ёстой мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чаддаггүй, төлсөн мөнгөнийхөө хүүтэй тэнцэх, түүнээс хэд дахин бага мөнгийг л авдаг болохыг бид харсан. Энэ мөнгөнөөсөө огтхон ч хүртэж чаддаггүй хүмүүс ч нэлээд бий. Нас барангуут түүний НДШ-д төлсөн мөнгө, нэрийн дансан дахь хуримтлал нь өөр хэн нэгний хармаа руу зүгээр л орчихдог гэж ойлгож болно. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тэтгэвэр авагч ахмадуудын маань тэтгэвэр нэлээд нэмэгджээ. Дунджаар тэд сард 100000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэе л дээ. Тэгвэл жилд нэг сая 200 мянган төгрөг, эрэгтэйчүүд 2 жилийнхээ хугацаанд хоёр сая 400 мянган төгрөг, эмэгтэйчүүд 12 жил тэтгэвэр хүртдэг гэж ойлговол нийт 14 сая 400 мянган төгрөгийн тэтгэвэр л хүртэх ажээ.

Өнөөгийн хэмжээтэй тэтгэврийг авахын тулд иргэд хэдэн жил ажиллах шаардлагатай вэ? Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр авдаг гэе. Хэрэв НДШ маань ядахад хууль ёсоороо сарын 0.5 хувиар өсдөгсөн бол ийм хэмжээний мөнгийг хүртэхийн тулд тэд хэдэн жил ажиллаж шимтгэл төлөөд нэрийн дансны хуримтлал үүсгэхэд хангалттай вэ?

Хүснэгт.2. Иргэд хэдэн жил ажиллавал бүрэн тэтгэвэр авах эрхтэй вэ? 

 Хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? Тэтгэврийн нэрийн данс дараах хүүтэйгээр өсдөг бол 
0.5%  1 %  1.5% 
1   Эрэгтэйчүүд дунджаар 2 жил   6.1  5.1  4.4 
Нийт иргэд дунджаар 7 Жил   14.1  9.8  7.5 
Эмэгтэйчүүд 12 жил   21.2  11.5  8.3 

 Дээрх тооцоогоор дээд тал нь 14 жил ажилласан бүх иргэд бүрэн тэтгэвэр авах хэмжээний НДШ-ийг хэдийн төлсөн байдаг ажээ. Хамгийн бага хүүтэйгээр өсөх хувилбараар бодоход ийм байгаа бөгөөд хэрэв 1% -аар нэрийн дансны хуримтлал тань өсдөг бол 10 жил хөдөлмөрлөсөн шимтгэл төлсөн иргэн хэн ч атугай бүрэн тэтгэвэр авах эрхтэй байх юм. Тэгвэл яагаад заавал 20 ба 25 жил ажиллаж байж тэтгэвэр тогтоолгох жишиг гарч ирсэн байна вэ? Туйлын тохиолдол буюу бүгд 12 жил тэтгэвэр авдаг, нэрийн дансны тань хуримтлал хамгийн бага 0.5% -аар өсдөг тохиолдолд л та 20 жил ажиллаж шимтгэл төлөх албатай болох нь хүснэгтээс харагдаж байна. Тиймээс өнөөгийн нөхцөлд 14 жил ажилласан иргэд ч гэсэн бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Тэр мөнгө нь улсаас тэднийг харж үзэж байгаа зүйл огтхон ч биш, харин тэдний өөрсдийн мөнгө байх болно.

Иргэд сард хэдэн төгрөгийн шимтгэл хураалгахад хангалттай вэ? Хэдэн хувийн шимтгэл хураалгахад бодитой байх вэ? Хэрэв хууль ёсоор иргэд доод тал нь 20 жил хөдөлмөрлөж, 20 жил НДШ төлөх албатай юм бол хэдэн төгрөгийн шимтгэлийг хураалгах шаардлагатай вэ? Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр хүртдэг гэвэл энэ хугацаанд хүртэх тэтгэвэрт нь хүрэлцэх хэмжээний мөнгийг хуримтлуулахын тулд иргэд сард ердөө л 16.5% -ийн шимтгэл төлөхөд энэ нь сарын 0.5% аар өсгөөд тооцоход 20 жилийн дараа ойролцоогоор 7 сая орчим төгрөг болох юм. Дээр нь энэхүү мөнгө маань 10-15 жил (55-60 нас хүртэл нь) хүүтэй хадгалагдана гэвэл энэхүү шимтгэлийн хувийг бүр бага байлгаж ч болно. Харин 36 жил шимтгэл төлдөг хүн бол сард 5.1% -ийн шимтгэл төлөөд байхад л 7 сая төгрөгийг хуримтлуулах ажээ. Энэхүү тооцоог гаргахдаа цалингийн доод жишгийг баримтлан гаргасан бөгөөд хэрэв бусад нэмэгдэл орлогуудыг тооцох юм бол, энэ хувийг дахин багасгах ч боломжтой юм. Түүнчлэн хадгаламжийн хүүг 0.5% биш ХАС Банкны 1.5% хүүтэйгээр тооцвол 36 жил ажилласан иргэн сард 0.2% -ийн шимтгэл төлж, сар бүр 200 хүрэхгүй төгрөг хадгалуулаад байвал та тэтгэвэрт гарсныхаа дараа сар бүр 100000 төгрөгийн тэтгэврийг 7 жилийн турш авах боломжтой болох юм. Тэгвэл бид яагаад түүнээс дор хаяж зургаа дахин цаашилбал 58 дахин өндөр хувьтай шимтгэлийг юуны тулд төлөөд, юуг хүлээгээд хэнд юуг даатгаад байгаа юм бол? Бодох л ёстой асуудал байгаа биз.

2006 оны 12 сарын 12

Posted in Нийгмийн даатгал | 1 Comment »

БИД НДШ-Д ХЭР ИХ МӨНГӨ ТӨЛДӨГ ВЭ?

Posted by bolod on May 19, 2008

Төр буй дор татвар буй гэдэг. Түүнчлэн татвар бол луйвар мөн гэж үзэх хүмүүс ч бий. 

Цаашилбал татварын дарамт их байгаа, татварыг нэг шатлалд шилжүүлнэ, татварын хэмжээг бууруулна гэх мэтчилэн яриаг та бид өдөр тутам л сонсож байгаа. Зарим судлаачид болон олон улсын байгууллагынхны тооцоогоор манайд татварын ачаалал 45 түүнээс дээш хувьтай, зарим тооцоогоор бол 70% ч хүрдэг байна. Татварын олон янз хэлбэр, олон давхар үйлчилдэг татварын систем бий бөгөөд энэ нийтлэлд тэдгээрийн талаар биш, татвар гэж нэрлэгддэггүй мөртлөө татвараас илүү их дарамт болж байгаа тэр зүйлийн талаар хөндөхөөр зорилоо.

Одоо мөрдөгдөж буй нийгмийн даатгалын хуулиар бол иргэд цалин болон түүнтэй адилтгах орлогын 10%-ийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Харин байгууллага ажиллагсдыг илүү харж үзэх ёстой бөгөөд тухайн иргэний төлсөн шимтгэл дээр нэмж 19 хувийг төлөх учиртай ажээ. Эдгээр нь нийлээд 29% хувь болж байгаа нь бидний орлогын бараг гуравны нэг болж байгаа юм. НДШ 29% байгаа нь орлогын албан татвараас ч, элдэв бусад татвараас ч өндөр байна. Энэ нь даатгал нэртэй боловч ажил эрхэлж буй иргэдээсээ, хөдөлмөрийн чадвартай хүн амаасаа дайчлан авч буй татвар болсон байна. Бид орлогынхоо гурав хуваасны нэгтэй тэнцэх ийм их хэмжээний мөнгийг НДШ –д төлөөд юуг хүсэн хүлээж байгаа билээ. Олон жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарч гар газар хөл хөсөр амран сууж улсаас тэтгэвэр хэмээх мөнгийг зүгээр аван сууж төр засгаар тэжээлгэхийн тулд уу? Yгүй.

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Ч.Баасан, бүтэн жилийн турш тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн доод хэмжээг болон тэтгэврийн нийт хэмжээг бүхэлд нь нэмүүлэхээр тэмцэж, хүмүүст (тэр дундаа ахмадууддаа) муу хэлүүлэн, эрх баригчдад чичлүүлэн, цагдаад баривчлагдаж хоригдох хүртлээ явахыг бодоход тэтгэвэр нь тэдэнд хангалтгүй, тэтгэвэр авах нь бидний ирээдүй биш ажээ. Уучлаарай бид ирээдүйд тэдний араас ормооргүй байна. НДШ бидний ирээдүйн баталгаа биш юм бол тэр асар их мөнгө хаашаа ордог вэ? НДШ-ийн орлого жилд хичнээн төгрөг болдог, хичнээн хүн төлдөг, хэрхэн зарцуулдаг, ажиллагсад дунджаар хэдэн жил ажилладаг НДШ төлдөг, өндөр настнууд дунджаар хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? гэх мэтчилэн олон асуулт урган гарна.

Доорх хүснэгтэнд өнөөгийн төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн сүлжээний доод жишиг байна.

TY-1  TY-2  TY-3   TY-4  TY-5  TY-6  TY-7 
64956  65605  67229  69178  70477  76323  82007 
TY-8  TY-9   TY-10   TY-11    TY-12    TY-13   TY-14  
87853  93536   100844   107989   118220  129749  141279 

Энэ нь зөвхөн доод жишиг бөгөөд энэ нь ажилласан жил болон ур чадвар, зэрэг цол, дадлага туршлагаас хамааран нэмэгдэнэ. Энэ мөнгө хэрхэн өсөн нэмэгддэг болохыг, бид НДШ-д хэр их мөнгө төлдөг болохыг ойлгохын тулд дараах тооцоог хийж үзье. Нийгмийн даатгалын хуулиар 20 жил хөдөлмөрлөж НДШ төлсөн эмэгтэй эрэгтэй хэн ч атугай өндөр насны тэтгэвэр хүртэх эрхтэй ажээ. Yүнээс цөөн жил ажилласан иргэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг. Иймээс бүрэн тэтгэвэр авагчид маань дор хаяж 20-25 жил ажилладаг гэж ойлгож болохнээ. Хэрэв хүн 24 настайдаа сургууль төгсөж ажил эрхэлж эхэлдэг гэвэл эрэгтэй хүн 60 хүртлээ 36 жил ажилладаг, эмэгтэй хүн 55 хүртлээ 31 жил ажилладаг ажээ. Яахав бүгд ингэж 31-36 жил ажилладаггүй байх л даа. Гэхдээ үүнээс ч эрт хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, 40 жил 50 жил ажилласан иргэд ч бий. Хөдөлмөрийн насны хүн амыг 15-65 насны хүн ам гэж үзвэл дээд тал нь 50 жил ажиллах ч боломжтой юм. Гэхдээ иргэд бодитойгоор дээд тал нь 31-36 жил ажиллаж НДШ төлөх боломжтой гэж үзэж болно.

1 –р бодомж. Нийт төлөх мөнгө. Хүснэгтээс харахад 20 жил төрийн үйлчилгээний сүлжээгээр цалинжсан иргэд дунджаар 6 сая 340 мянга орчим төгрөгийг НДШ-д төлдөг ажээ.

Хүснэгт.1. Хувь хүн ба байгууллага нийтдээ 29%-ийн НДШ төлдөг.

                         

Ажилласан жил  Сүлжээ  Цалингийн доод жишиг Сард хэдийг төлдөг  Нийт хэдийг төлдөг   0.5%  1%  1.5 
20 жил   ТY-1  64956  18837   4520880 8765930.3  18840026  44163668 
  ТY-14  141279   40971 9832800  19065858  40976970.4  96055773 
  Дундаж  91089  26416   6339840 12292616.6  26419696.7  61931479 
25 жил  ТY-1  64956  18837  5651100  28575527.1  35765045  109713965 
  ТY-14  141279  40971  1229100  13138201  77788807.5  238627367 
  Дундаж  91089  26416  7924800  18423928.2  50153944.5  153853801 
31 жил  ТY-1  64956  18837  7007453  44461669.6  75187045  322904443 
  ТY-14  141279  40971  15241179  20442190  163531475  702315673 
  Дундаж  91089  26416  9826752  28666439.1  105436101  452814517 
36 жил  ТY-1  64956  18837  8137688  28887726  138130487  790738940 
  ТY-14  141279  40971  17699433  62830671.5  300433172  1719853542 
  Дундаж  91089  26416  11411712  40509761.1  193702785  1108866968 

36 жил төрийн албанд зүтгэгчдийн хувьд дунджаар 11 сая 412 мянга орчим төгрөгийг хураалгадаг байна. Өнөөдрийн төгрөгийн ханш тогтвортой гэж үзээд, өнөөгийн төгрөгийн нэрлэсэн үнээр бодож үзэхэд энэ хуримтлагдсан мөнгөний 1% орчмоор л тэтгэврийн хэмжээг тогтоодог болох нь харагдаж байна. Хуримтлагдсан мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгийг бодож үзвэл тэтгэврийн доод хэмжээ хамгийн багадаа 45200, дунджаар 63400 байх, дээд хэмжээ нь хамгийн ихдээ 177000, дунджаар 114120 байх юм. Гэхдээ дээрх тооцоонд зөвхөн үндсэн цалинг оруулсан бөгөөд нэмэгдэл орлогуудыг огт тооцоогүй юм. Тэдгээрийг тооцвол дээрх тоо нь 2 дахин ч нэмэгдэх бололцоотой юм. Мөн төрийн үйлчилгээний албан тушаалтны цалингийн сүлжээ нь хамгийн бага үнэлгээтэй бөгөөд энд зөвхөн доод жишгийг л ашиглан тооцоог хийсэн гэдгийг санавал өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэвэр бол төрөөс тэдэнд зүгээр өгч байгаа зүйл огтхон ч бус. Харин ч хуримтлуулсан мөнгөнийх нь сарын хүүтэй тэнцэх буюу түүнээс ч бага хэмжээтэй мөнгийг л сар бүр өгч байгаа ажээ.

2-р бодомж. Хугацаатай хүүтэй хадгаламж. Өнөөдөр ХАС банкны хугацаатай хадгаламжийн хүү 1.5% бөгөөд хэрэв хувь хүн өөрийнхөө НДШ-д төлсөн мөнгөний нэрийн дансыг энэ банкинд байршуулбал хэд болж өсөх боломжтой вэ? ХАС банкны сарын 1.5 хувийн хүүтэй, хүүгээс хүү боддог хадгаламжид энэхүү 29%-ийн НДШ-ийн мөнгийг байршуулбал 36 жил ажилласан хүний мөнгө TY-1 сүлжээгээр 790 сая 739 мянга, TY-14 сүлжээгээр цалинждаг хүний хувьд 1 тэрбум 719 сая 853 мянган төгрөг болж өсөх тооцоо гарч байна. Харин эмэгтэй хүн 31 жил ажилладаг гэвэл 322 сая 904 мянгаас, 702 сая 315 мянга болж өсөх ажээ. Мэдээж хүн анх ажилд орохоосоо авахуулаад тү-14 -өөр цалинжахгүй, насаараа тү-1 зэрэглэлд ажиллахгүй нь ойлгомжтой. Дунджаар 36 жил ажилласан хүний мөнгө 1 тэрбум 108 сая 867 мянга, 31 жил ажилласан хүний мөнгө дунджаар 452 сая 815 мянга болж өсөх ажээ. Хуримтлагдсан мөнгөний нэг хувийн хүүтэй тэнцэх хэмжээний мөнгийг л сар бүр тэдний тэтгэвэрт өгдөг гэвэл доод тал нь 7 сая 908 мянган төгрөг, дээд тал нь 17 сая 200 мянган төгрөгийг сар бүр тэдний тэтгэвэрт төлөх учиртай болно. Энэ бол асар их мөнгө бөгөөд өнөөгийн тэтгэврийн хэмжээ нь түүнээс 100 дахин бага байгаа юм. Иргэд НДШ-д төлсөн мөнгөнөөсөө огтхон ч хүртэж чаддаггүй, харин түүний хүү нь болох багахан хэмжээний мөнгөний бодит боломжийн ердөө л зууны нэг хэсгийг хүртдэг байх юм. Хадгаламжийн хүүг их л даруухнаар сарын 1% гэж үзвэл ТY-1 ээр цалинжиж байгаа хүний хувьд 36 жилийн дараа 47 сая 631 мянган төгрөг, ТY-14 сүлжээгээр цалинждаг хүний хувьд 103 сая 977 мянган төгрөг болж өснө. Нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэвэрт өгөх аргачлалын дагуу доод тал нь 476300 төгрөг, дээд тал нь 1 сая 31 мянган төгрөг авлаа гэхэд үндсэн хуримтлалдаа хэзээ ч хүрэхгүйгээр зөвхөн хүүгээр нь л амьдраад байх ажээ. НД-ын хуулинд иргэд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг тэдний нэрийн дансанд байршуулж, сард 0.5% -ийн хүүтэйгээр өсгөж байх учиртай ажээ. Энэ хуулийн дагуу бодсон нэрийн дансан дахь хуримтлалыг авч үзвэл тү-1 сүлжээгээр цалинжигчийн нэрийн дансны үлдэгдэл 28887726 төгрөг, үүний 1% нь 288900 төгрөг, тү-14 -өөр цалинжигчийн нэрийн дансны үлдэгдэл 62830671.5 төгрөг, үүний 1% нь 628306 төгрөг болох ажээ. Ингээд бодсон ч гэсэн өнөөгийн нөхцөлд тэтгэврийнхэн НДШ-д хураалгасан мөнгөнийхөө сарын хүүгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг л сар бүр хүртдэг байна. Yндсэн хуримтлал маань тэр чигтээ өөр зүйлд зарцуулагддаг болох нь ойлгомжтой байна.

2006 оны 12 сарын 05

Posted in Нийгмийн даатгал | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.