Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Улс төрийн социологийн судалгааны зарим арга ба хэрэглээ.

Posted by bolod on April 2, 2008

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай оронд улс төрийн социологийн чиглэлээр эмпирик судалгаа голчлон хийгдэж байна. Тиймээс энэхүү өгүүлэлд улс төрийн социологид хэрэглэгддэг зарим нэг эмпирик аргын талаар өгүүлэхийг зорилоо. Уг асуудал нь багагүй чухал бөгөөд юуны өмнө улс төрийн социологийн судалгааны хэмээх тусдаа онцгой арга байхгүй гэдгийг тэмдэглэн хэлэх ёстой. Гэвч нэг талаас социологийн судалгааны бүхий л аргыг улс төрийн социологид ашиглаж болдоггүй, нөгөө талаас тус салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, тавигдах шаардлага гэж бий. Тиймээс сүүлийн 5 жил бид улс төрийн социологийн чиглэлээр явуулсан олон арван судалгаа, зарим нэг туршлага, судалгаа хийх явцад төрсөн зарим нэгэн ажиглалт дээр үндэслэн өөрсдийн санал бодлыг багцлан өгүүлэх болно. Өнгөрсөн хугацаанд манай оронд явагдаж байгаа судалгааг ажиглаж байхад голдуу нэг л аргыг түгээмэл ашиглах, явцуурах хандлага байгаа, социологич доктор Ц.Уртнасан үүнийг олон нийтийн санал бодлыг анкетын аргаар судлах үерт автагдаад байгаа хэмээн тодорхойлсон нь бий . Ингэж нэг л аргаар мэдээлэл цуглуулах нь өрөөсгөл зүйл бөгөөд үргэлж өөрчлөгдөж байдаг судалгааны объектыг судалж танин мэдэхэд хангалттай биш юм.

Улс төрийн социологи нь бие даасан салбар болохынхоо хувьд өөрийн объектыг судлахдаа олон янзын аргыг хэрэглэдэг. Үүнийг хамгийн ерөнхий байдлаар тоон ба чанарын хэмээн хуваан үзэж болно. Чухам судалгааны аргыг ингэж хуваах шалгуурыг судлаачид янз бүрээр тайлбарладаг боловч бид дараах үндэслэлийг баримталсан. Үүнд: нэгдүгээрт тухайн аргаар олж авч байгаа мэдээллийн агуулга, шинж төлөв, хоёрдугаарт мэдээллийг боловсруулах шатанд математик статистик шинжилгээний арга хэрэглэх боломжтой эсэхийг шалгуур болгон үзлээ.

Энэхүү судалгааг 2000 ба 2004 оны УИХ-ын сонгууль болон 2001, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр голчлон хэрэглэсэн бөгөөд судалгаанд МУИС-ийн Социологийн тэнхмийн багш нар , “Социологийн академи” судалгааны төв, социологийн салбарын оюутнууд оролцсон болно.

Нэг. Утсаар явуулсан санал асуулгын хэлбэртэй судалгаа.

Санал асуулгыг утсаар явуулах нь хөгжилтэй орнуудад өргөн дэлгэрсэн, түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг юм. Харин манай орны хувьд үүнийг ашиглаж байсан туршлага тун багахан, телефон утсаар сурвалжлага авах техникийн боломж ч төдийлөн хангалтгүй байсан нь саяхан. Харин сүүлийн жилүүдэд мэдээлэл холбоо технологийн салбарт гарсан хөгжлийн үр дүнд утас (мөн гар утас) хэрэглэгчдийн тоо онцгой хурдан өсч байгаа. Тиймээс энэ аргыг цаашид улам өргөн ашигладаг болох нь эргэлзээгүй юм.

2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө МУИС-ийн Социологийн тэнхмийн дэргэдэх Социологийн академи ба Солбицол зэрэг судалгааны төвүүд хамтран манай орны хувьд шинэ маягийн дараах судалгааг туршиж үзсэн болно. Судалгааны төвүүд үндсэндээ 4 удаа давталттайгаар телефон утсаар санал асуулга явуулж улмаар үүнийгээ нэгтгэн сонгогчдыг хэв шинж болгон ангилж МН-Өнөөдөр сонинд “Дөрвөн хүн тутмын нэг нь сонголтоо хийжээ” хэмээн өгүүлэл болгон нийтлүүлсэн билээ .

Эл аргыг дангаар бус харин бусад аргуудтай хослуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй болох юм. Судалгааг явуулахдаа тухайн орон нутгийн утасны жагсаалтыг олж авч түүнээс санамсаргүй түүврийн аргаар тодорхой алхмын дагуу хэрэглэгчдийн дугаарыг сонгон авна. Түүврийн хувьд 20 орчим хувьтай тэнцэх нөөцийг бэлтгэнэ. Учир нь таны дуудсан дугаар холбогдохгүй байх, хүн байхгүй байх, хариулахаас татгалзах зэрэг олон янзын гэнэтийн шалтгаан гарч болзошгүй гэж тооцсон юм. Дараа нь бэлдсэн асуултын хариултуудыг урьдчилан бэлдсэн хүснэгтэнд кодлож тэмдэглэн авна. Бидний хувьд Улаанбаатар хотын сонгогчдын дунд судалгааг явуулсан бөгөөд Улаанбаатар хотын телефон утас хэрэглэгчдийн жагсаалтаас хувийн хэрэглэгчдийн дугаарыг тодорхой алхмын дагуу механик санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулсан.

Асуултын тоо аль болох цөөн, 2-3 минутанд багтаан хариулт авч болохуйц 4-10-ын хооронд хэлбэлзэж байвал зүгээр санагдсан. Бидний хувьд 3 асуултаар, 5 асуултаар гэх мэтчилэн янз бүрийн байдлаар туршиж үзсэний эцэст боломжтой хугацаа асуултын тоо 3-5 байвал зохимжтой (паспортын хэсгээс гадна) гэсэн шийдэлд хүрсэн билээ. (хавсралт 1) Цаашид энэ аргаар судалгааг өргөн дэлгэр хийгээд заншвал асуултын тоог нэмэгдүүлж болно.

Утсаар санал асуулга авах энэхүү аргыг дан ганц улс төрийн социологийн судалгаанд биш өөр олон төрлийн судалгаанд өргөн ашигладаг бөгөөд судалгааны сэдэв, зорилго, онцлогтой уялдан асуултын тоо болон хугацаа нь өөр өөр байж болохыг танд сануулах хэрэг юун. Гэхдээ утсаар хийгдэх судалгааны гол зорилго нь аль болох бага хугацаанд их хэмжээний мэдээллийг олж авахад тулгуурлахын зэрэгцээ респондентийн цагийг ч гэсэн алдуулахгүй байхад чиглэгддэг тул нэг респонденттой хийх ярилцлагын үргэлжлэх хугацаа төдийлөн урт байх нь зохистой биш юм.

…”Амжилттай холбогдсон нийт холболтын 87%-д нь респондентууд идэвхтэй оролцож, асуусан асуултад илэн далангүй хариулсан байна. Энэ нь анкетийн аргаас нэг их дутахааргүй үзүүлэлт бөгөөд судалгааны эцсийн үр дүн нь ч анкетийн аргаар авсан судалгааны үр дүнтэй дүйж байсан билээ.” …

Асуултын тоо цөөвтөр буюу тохиромжтой тоотой байхын зэрэгцээ, маш сайн бэлтгэгдсэн, логиктой, хүнд ойлгомжтой, нэг утга бүхий тодорхой байх ёстой. Түүнээс гадна респондентод хариулахад ямар ч хүндрэлгүй, хялбар “тийм”, “үгүй”, эсвэл “мэднэ”, мэдэхгүй”, “танилцсан”, “танилцаагүй” гэх мэт хариултыг авч чадахуйцаар энгийн байх нь респондентод өргөн хүрээтэй асуултанд хариулахаас хялбар байдаг. Энд сайн хариулт авахын тулд сайн асуулт тавих хэрэгтэй гэсэн зарчим үйлчилнэ

Давуу талын хувьд. Маш богино хугацаанд явуулах боломжтой. Өөрийн биеэр очиж анкет, сурвалжлагаар авахаас телефон утсаар сурвалжлага авах нь хамаагүй бага цаг зарцуулдаг. Судалгааг явуулахад шаардагдах хүн хүчний болоод материаллаг зардал социологийн судалгааны бусад ямар ч аргаас илүү бага байдаг. Тиймээс судалгааг цөөн тооны судлаачид (2-3 хүн) богино хугацаанд гүйцэтгэж болно. Хайгуулын болон тандах судалгаанд түгээмэл хэрэглэж болно.

Туршлагатай зарим судлаачид паспортын асуултуудыг асуухгүйгээр (эрэгтэй, эмэгтэй, сонгуулийн насанд хүрсэн эсэх) бөглөх боломжтой байдгийн зэрэгцээ асуултуудын хооронд шилжиж, комбинаци хийх, асуултуудыг заавал дэс дарааллаар нь биш уян хатан байдлаар дарааллыг нь өөрчлөн асуух боломжтой байдаг.

Ярилцлага зөвхөн судлаач-респондент хоёрын хооронд утсаар явагдаж байгаа тул бусад хүмүүсийн нөлөө орох нь бага, мөн зарим нэг хэв маягийн респондентын хувьд нүүр царайгаа харуулахгүй учир илүү нээлттэй байх боломжийг олгодог.

Сул талын хувьд. Утсаар судалгаа хийхэд түүврийн бүтэц шууд алдагддаг. Тухайлбал манай судалгаанд оролцогчдын 52.4% нь дээд боловсролтой байлаа. Мөн түүвэрлэн авсан хүмүүс гэртээ байхгүй байх, тийм учраас түүврийнхээ хэмжээг 20 орчим хувиар илүү авах болно, өмнө нь утсаар судалгаа явуулж байсан туршлага байхгүй учир респондентууд асуултанд хариулахгүй байх тохиолдол гарна. Тухайлбал биднийг судалгаа явуулж байх үед хэзээ утсаар судалгаа явуулж байсан юм вэ? Утсаар яагаад тоглоод байгаа юм бэ? Гэх мэтчилэн судалгаанд оролцогчид дургүйцэж байлаа. Мөн утсаар авч байгаа учраас хариулахаас эмзэглэх худлаа хэлэх зэрэг явдал бусад судалгаатай харьцуулбал өндөр гарах магадлалтай. Тухайлбал манай утсыг хаанаас авсан юм бэ? Аль намаас ярьж байна гэх мэтчилэн болгоомжлох нь элбэг.

Судалгаагаа явуулах тохиромжтой цагийг зөв сонгох нь судалгааны дүнд чухал нөлөөтэй. Yүнээс хамааран түүвэрт ямар хүмүүс хамрагдах нь ялгаатай. Бид сонгуулийн судалгаа явуулсан учир сонгуулийн насанд хүрэгчдээс судалгаа авахын тулд орой үдэш, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд гэх мэтээр судалгаагаа явуулахад хүрч байсан.

Утсаар ярих хугацааг богино, хариултыг шууд тэмдэглэж авах, тухайн хүнийг асуултаараа шууд хөтлөх зэрэг ур чадварыг судлаачаас шаарддаг. Өргөн хэмжээний мэдээлэл авах боломж хязгаарлагдмал. Судлаачийн дууны өнгө, харилцааны соёл боловсон байдал их шаарддаг. Судалгааг маш богино хугацаанд, чанартай явуулахын тулд, туршлагатай судлаачаас гадна, асуулгыг сайтар бодож маш сайн бэлдсэн байх шаардлагатай байдаг.

Бусад. Томоохон судалгааны өмнө хайгуулын үе шат болгох, мөн маш богино хугацаанд явуулах богино хэмжээний санал асуулгад ашиглаж болно. Өнөөдөр гар утас барьж байгаа хүмүүсийн тоо нийт насанд хүрсэн хүмүүсийн 20 хувьд хүрээд байгаа. 2000 онд утсаар судалгаа явуулж байсан үеэс хойш харилцаа холбооны салбар маш хурдацтай хөгжсөн. Тиймээс жишээ нь мобикомын нэгж бэлэглэх үйлчилгээг ашиглан хүмүүсээр 2-3 асуудлаар мессежээр асуулга явуулж, урамшуулал болгон нэгж бэлэглэж зардал багатай санал асуулга явуулж болно.

Өндөр хөгжилтэй орнуудад ч гэсэн сонгуулийн судалгаа хийх нэг үндсэн арга болдог ба манай оронд ч гэсэн цаашдаа түгээмэл хэрэглэгдэх байх гэсэн найдварыг төрүүлж байна.

Гэхдээ утсаар явуулах судалгааг хоёр ангилж болох мэт. Эхнийх нь дээр бидний дурдсан телефон утасны санал асуулга. Yүнийг тоон судалгааны аргад хамааруулан ойлгож болмоор. Дараагийнх нь утасны сурвалжлага. Yүнийг чанарын судалгааны нэг төрөл гэж ойлгож болно. Гүнзгийрүүлсэн сурвалжлагатай илүү төстэй. Гүнзгийрүүлсэн сурвалжлагаас ялгаатай нь тухайн хүнийг ажиглах бололцоогүй, сэтгэлийн хөдөлгөөн, мимик, хариу үйлдэл зэргийг мэдрэх боломжгүй, дан ганц дууны өнгийг л сайтар чагнаж болох юм. Дээр дурдсанчлан хүний нүүр лүү харахгүй ярьж байгаа учраас бусдын нөлөөнд авталгүй, илүү нээлттэй ярих боломжтой байдаг. Энэ давуу талыг нь ашиглаж телефон утсаар ярилцлага өрнүүлж, мэдээлэл авах нь чанарын судалгааны нэн үр дүнтэй арга болдог байна. Yлгэрлэвэл Сүмд нүглээ наминчлах мэт. Иймээс итгэлтэй утас, дотнын анд гэх мэт шиг энэ аргаар судалгаа авахын зэрэгцээ, сэтгэл зүйн зөвөлгөө өгөх, зэрэгт ашиглах боломжтой.

Хоёр. Сорилын судалгаа.

Нийгмийн амьдралд сорилын судалгааг явуулахад нэн хэцүү юм. Энэ нь судалгааны обьектын онцлог шинжтэй холбоотой тэгээд ч энэхүү аргыг социологийн судалгааны практикт цөөвтөр хэрэглэж байна. Гэвч нийгмийн улс төрийн амьдрал түүний дотроос сонгуульд иргэд хэрхэн оролцох байдлыг онцлон сорилын судалгаа явуулдаг бусад орны туршлагыг бид давтсан. Ер нь социологийн шинжлэх ухаан үүссэн үеэс сорилын судалгаа бол социологийн шинжлэх ухааны үндсэн аргын нэг юм гэсэн үзлийг судлаачид дэвшүүлж байсныг дурдах нь зүйтэй.

Юуны өмнө судалгааны зорилгыг хэрхэн томъёолж байгаагаас эхэлнэ. Бидний хувьд тодорхой нэг тойргийн хэмжээнд прогноз гаргах гэж тодорхойлсон. Тиймээс ч бид 2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр явуулсан сорилын судалгааны дүнг тэр өдрийнхөө орой нь гаргаж “EAGLE” телевизээр мэдээлж байсны зэрэгцээ тухайн тойргуудад нэр дэвшин өрсөлдөж байсан нэр дэвшигчдийн сонгуулийн штабт хүргүүлсэн билээ. Сорилын судалгаанд тавигддаг шаардлагын дагуу, сорилын судалгааны дүн объектод ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байхын тулд (өөрөөр хэлбэл судалгааны дүн сонгогчдын сонголтод нөлөөлж, сонгуулийн дүнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын тулд) телевизээр судалгааны бодитой дүнг зарлахаас түдгэлзсэн болно.

Сонгуулийн өмнө ийнхүү сорилын судалгаа явуулахдаа ОХУ-ын социологичид болон өрнөдийн орнууд арвин баялаг туршлагатай боловч манай орны хувьд бидний мэдэж байгаагаар урьд өмнө нь явуулж байсан туршлага хараахан байхгүй бололтой. Тиймээс уг судалгааг явуулахаас өмнө бид тухайн үед СЕХ-ны даргаас тусламж дэмжлэг хүссэн боловч биднийг ийм судалгаа явуулахыг хориглож, хууль зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж байсан тал бий. Гэвч бид энэхүү судалгаагаа зөвхөн сорилын судалгаа төдийгүй сонгогчдыг сонгуульд оролцохыг уриалсан, сонгуулийн үйл ажиллагааг сурталчилсан арга хэмжээ гэж үзсэн учраас эрх мэдэлтнүүдээс эмээлгүй судалгаагаа явуулсан билээ.

Сорилын буюу туршилтын байдлаар судалгаа явуулахын өмнө тойргоо сонгохоос эхэлнэ. Нэг тойрогт хэдэн хороо багтаж байна түүнээс хамаарч судалгаа явуулах хүмүүсээ бэлдэх хэрэгтэй. Судалгаанд залуучуудыг бөөнөөр нь оролцуулбал тохиромжтой. Бидний хувьд МУИС-ийн оюутнуудын дадлага, багш нар, магистрантуудын хүчээр хоёр тойрогт сорилын судалгааг хийсэн. Энэ нь 2000 оны УИХ-ын сонгуулийн нийслэлийн 65 дугаар тойрог мөн 75 дугаар тойрог байв.

Бид саналын хайрцаг, нэр дэвшигчийн нэрийг бичсэн хуудсыг бэлдэж, сонгон авсан тойргийн хүн ихтэй газраар явуулсан. Яг л сонгуулийн үеэр санал авч байгаа мэтээр хуудас авч бөглөн “саналын хайрцагт” хийх байдлаар энэ судалгааг зохион байгуулсан. Судалгаа үдийн 12 цагаас оройн 20 цаг хүртэл 8 цагийн турш үргэлжилсэн бөгөөд үйлчилгээний төв, автобусны буудал зэрэг газарт судалгааг хийсэн. Саналын хайрцгууд бүрэн цугларч дуусаад оройн 10 цаг 30 минутад санал тоолох ажиллагаа явагдсан юм. Хэдийгээр энэхүү сорилын судалгааг сонгууль болохоос 14 хоногийн өмнө явуулсан хэдий ч /14 хоног гэдэг нь улс төрийн нөхцөл байдалд тодорхой өөрчлөлт орж болохуйц хугацаа/ Судалгааны дүн нь сонгуулийн дүнгээс төдийлөн зөрөөгүй байлаа.

Давуу талын хувьд. Хамгийн бодитой үр дүн гарах магадлалтай, учир нь судлах гэж буй үйл явцын талаар субъектив санал бодол биш бодит үйл явц, нөхцлийг бий болгодгоороо давуу. Иргэд их сонирхолтой, идэвхтэй оролцдог. Судалгааны зорилгоос хамаарч янз бүрийн байдалтай хийж болох боловч ерөнхийдөө цаг хугацаа хэмнэдэг. Бэлтгэл ажилтайгаа нийлээд 3 өдөрт дуусгаж болно. Мөн хээрийн судалгааг явуулах хүмүүс заавал мэргэжлийн судлаачид байх албагүй. Сүүлийн үед сонгуулийн судалгаанд анкетийн судалгааг хэт их хэрэглэж байгаатай холбоотойгоор судалгааны талбар ерөнхийдөө ханаж, сонгогчид сонгуулийн үеийн анкетийн судалгаанаас залхах байдал ажиглагдах болсон. 2004 оны УИХ-ын сонгуулийн үед цөөнгүй сонгогч судалгаанд оролцохоос татгалзаж, оролцсон ч хэний төлөө саналаа өгөхөө заавал хэлэх албагүй, энэ бол нууц, сонгуулиар л нэг мөсөн болъё гэх мэтээр саналаа өгөхөөс татгалзах байдал нэлээд ажиглагдаж байв. Харин саналын хайрцаг ашиглан явуулах энэхүү сорилын судалгааны үед иймэрхүү эмзэглэх байдал бага гардаг тул цаашид үр дүнтэй ашиглах боломжтой. Мөн санал асуулгын хуудас нь олон асуулт бүхий нүсэр анкетаас хялбар тул түүврийн хэмжээг хангалттай тоотойгоор (судалгаанд оролцохыг хүссэн болгоныг оруулан) авах боломжтой. Ингээд сонгон авсан тойрог тус бүрт 1500 ширхэг саналын хуудас бэлдсэн боловч энэхүү хуудас маань нэг өдөрт бөглөгдсөн билээ.

Сул талын хувьд. Бид одоогоор энэ аргыг зөвхөн сонгуулийн үед л ашиглаад байгаа. Бусад асуудлыг энэхүү аргаар судлах боломж хязгаарлагдмал. Түүврийн хэмжээ бас алдагдаж болох талтай. Нэрсийн жагсаалт гаргаж чадаагүй учир өөр тойргийн хүмүүс болон нэг хүн хоёр дахин санал өгөх явдал тохиолдож байсан (Зарим нэр дэвшигч өөрөө саналын 3 хайрцагт очиж санал өгч байсан). Өргөн хэмжээний мэдээлэл авах боломж бага. Тухайлбал иргэд аль нэг улс төрийн нам хүчнийг дэмжиж байлаа гэхэд яагаад гэдэг асуултанд хариулт авч чадахгүй. Сонгогчдын зан үйлийг судлахад бус гагцхүү нэр дэвшигчдийн рейтингийг гаргахад л ашиглах боломжтой. Тийм ч учраас судалгааны бусад аргуудтай хослуулан явуулвал зохистой. Мөн судалгааг явуулж байгаа хүмүүс нэг өнгийн хувцсаар жигдрэх, зэрэг зохион байгуулалтын асуудал тулгардаг. Судалгаа гадаа явагдах учир цаг агаарын байдлыг харгалзах шаардлага гарна. Мөн нэг тойрог дээр байн байн давталттай хийх боломж бусад судалгааг бодвол хязгаарлагдмал. Судалгааг маш богино хугацаанд явуулж болдог боловч үүний тулд олон хүн ажиллах хэрэгтэй болно.

Гурав. Ажиглалтын судалгаа.

2000 оны сонгуулийн үеэр оюутнуудтай хамтран нэр дэвшигчдийн уулзалт ярилцлага, шоуг ажиглахдаа стандартчилагдсан ажиглалт буюу урьдчилан бэлдсэн хүснэгт, бланк ашигласан бол 2004 онд стандартчилагдаагүй ажиглалтын аргаар судалгааг хийсэн болно. Энэ арга ихээхэн үр дүнтэй боловч хүн хүч цаг их шаарддаг. Ажиглалтын судалгааг маш олон янзаар хийж болно. Жишээ нь уулзалт, цуглааныг ажиглах, телевизийн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгуулийн ерөнхий нөхцөл байдлыг ажиглах гэх мэтчилэн.

2000 оны сонгуулийн үеэр Улаанбаатар хотын 20 тойргоос харьцангуй өрсөлдөөн ихтэй гэж үзсэн 13 тойргийг /ойролцоогоор нэг дүүргээс 2 тойрог/ сонгон авч тухайн тойрогт нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын үеэрээ явуулсан уулзалт цуглаан, шоу зэргийг стандартчилагдсан ажиглалтын аргаар судалсан болно. Yүнд нэгдүгээрт: Уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл, байрны засалт, зар түгээж, мэдээлэл хүргэсэн байдал, хоёрдугаарт: нэр дэвшигчийн хувцаслалт, биеэ авч яваа байдал, асуултанд хариулж байгаа байдал, танхимыг эзэмдэх, дагуулах чадвар, сэтгэлийн хөдөлгөөн, мимик, гуравдугаарт: уулзалтад оролцогчид, хүрэлцэн ирсэн сонгогчдын тоо, хүн ам зүйн бүтэц бүрэлдэхүүн, сэтгэл зүйн байдал, хүлээн авалт, анхаарлын тогтворжилт, танхимын уур амьсгал зэргийг уулзалтын эхлэлээс авахуулаад дуусах хүртэл хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг үе шаттайгаар тогтоох, дөрөвдүгээрт уулзалтад хөндөгдөж буй сэдэв, асуулт хариултын чиглэл зэргийг судлахыг зорьсон. Ийнхүү тухайн тойрогт нэр дэвшсэн гол гол өрсөлдөгчдийн уулзалт цуглааныг ажигласнаар сонгуулийн компанит ажлыг цаашид улам боловсронгүй болгох боломжтой юм.

Давуу тал. Нэг доор их хэмжээний мэдээлэл цуглуулах боломжтой байдаг. Хөрөнгө мөнгө ч бага зарцуулдаг. Бодит үйл явцыг шууд ажиглаж мэдрэх боломжтой, үндэслэл сайтай мэдээлэл авах боломжтой. (Мянга сонсохоор нэг үз) Судалгааны энэхүү арга нь чанарын судалгааны аргад хамаарах бөгөөд иймээс хэн нь хэдэн хувьтай ялахыг тодруулахад биш чухамхүү сонгогчид яагаад тухайн нэр дэвшигчийг дэмжих буюу дэмжихгүй байгаа, нэр дэвшигчийн ямар тал нь хүмүүст илүү таалагдаж байгаа болон таалагдахгүй байгаа, нэр дэвшигч ямар алдаа гаргасан нь хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа зэргийг мэдрэх боломжийг олгодог. Түүнээс гадна сонгогчид юуг хүсэн хүлээж байгаа, нэр дэвшигчээс юуг шаардаж байгаа ямар насны хүмүүс хэнийг нь яагаад дэмжиж байгаа зэргийг тодруулж болно.

Сул тал. Судлаачаас ур чадвар их шаарддаг. Тодорхой утгаараа судлаачийн субъектив байдал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл судлаачийн чадвараас судалгааны үр дүн хамаарч болох талтай. Цаг хугацааны хувьд удаан. Үйл явцыг дагаж судалдаг. Судалгааны түүврийн бүтэц тухайн тойргийг төлөөлж чадах нь эргэлзээтэй. Голцуу ахмад насны хүмүүс уулзалтад цуглардаг. Сүүлийн жилүүдэд уулзалтад оролцогчдын тоо байнга буурч байгаа. Зөвхөн тойм төдий хандлагыг л гаргаж болно. Тиймээс бусад судалгаануудтай хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

 

Ц.Болд

Ч.Тамир

2005 оны 1 сарын 25

2 Responses to “Улс төрийн социологийн судалгааны зарим арга ба хэрэглээ.”

  1. Tsogtoo said

    Судлаачдад тун хэрэгтэй мэдээлэл байна. Өмнө нь СОЦИОЛОГИ сэтгүүлээс уншиж байсан!

    Сорил, туршилт зэрэг ойлголтуудыг ялгах хэрэгтэй юу?

    Тухайлбал, миний уншиж байснаар сорил нь социологийн судалгааны хөтөлбөр боловсруулхад туслах чанарын судалгаа. Өөрөөр хэлбэл судалгааны арга зүй, аргачиллыг сайжруулах зорилгоор богино хугацаанд, бага хүрээнд судалгааг зохион байгуулахад хэрэглэгддэг арга. Харин туршилт нь уламжлалт ангиллаар асуулга /анкет, сурвалжлага/, ажиглалт, бичиг баримт судлах аргуудын ижил үндсэн арга болдог.

    Танд амжилт хүсье

  2. bymbaa said

    хээрийн судалгаа гэж юу вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: