Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for May, 2008

ДАЛД ЭВСЭЛ

Posted by bolod on May 29, 2008

Сонгуульд МАХН ба бусад намууд гэсэн хүчний харьцаатайгаар өнгөрсөн сонгуулиуд болж өнгөрч байсан билээ. Тэгвэл 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд ямар ямар өрсөлдөгч хүчнүүд сонгуульд оролцож сонгуулийн дүн хэрхэн гарах бол?

Сонгуульд өрсөлдөгч талуудын харьцаа өөрчлөгджээ. Өнгөрсөн сонгуулиудад хоёр туйлд санал хуваагддаг байсан бол энэ удаагийн сонгуульд шинэ туйл бий болж байна. МАХН ба АН гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч, дээр нь бусад хуучин хийгээд шинэ намууд, иргэний хөдөлгөөнүүд оролцоно. Улс төр судлаачдын хүрээнд энэ хоёр намтай өрсөлдөх шинэ хүчтэй өрсөлдөгч, шинэ эвсэл байгуулагдаж чадах болов уу гэсэн асуулт, эргэлзээ байнга яригдаж байна. Албан ёсоор Ногоон Нам болон Иргэний Хөдөлгөөний Намуудын хооронд эвсэл байгуулагдаж байгаа боловч энэ эвсэл сонгуульд хэр зэрэг амжилттай оролцох нь өөрөө асуудал юм. Өнгөцхөн дүгнэвэл МАХН, АН, Иргэний эвсэл, бусад намууд хийгээд бие даагчид гэсэн талуудын хооронд сонгуулийн өрсөлдөөн явагдах аж. Дээр нь гуравдагч хүчний холбоо гэж байгуулагдан шинэ хүндийн төв үүсгэхээр санаархаж байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Сонгууль-2008 | Leave a Comment »

“НАМ” ХИЙГЭЭД НАМ

Posted by bolod on May 29, 2008

Социализмын үед л нам засагтаа үнэнч хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ боддог үйлддэг байлаа. Намын даалгавраар юуг ч хийж, намын илгээлтээр хаана ч очиж мэднэ.

Өдгөө өөрчлөгдсөн зүйл байна уу? Социалист нийгэмд ганцхан л намтай байдаг тул нийгмийн гишүүдийг намын гишүүн хийгээд нам бус хэмээн ялгаж болдог. Харин намын гишүүдийг дотор нь намын жирийн гишүүд хийгээд намын удирдлага гэж зэрэглэдэг байна. Орвэлийн 1984 зохиолд намын гишүүдийг намын гишүүд хийгээд ДОТООД намын гишүүн хэмээн ялгадаг шиг.  

Намын гишүүн гэсэн шошго нь тухайн хүний зэрэглэл, кастыг тодорхойлохоос гадна намын гал улаан батлах нь нийгэмд арай илүү тэгш эрх эдлэх батламж бичиг, бусдаас давуу хангамж боломж хүртэх путёвк, намын гишүүн гэдгийг нь байнга сануулах чойго зэрэг үүргийг давхар гүйцэтгэнэ. Нийгмийг нэг хэв загварт оруулж, нийгмийн гишүүдийг нэгэн төрлийн бүлэг болгон, адилхан үзэл бодолтой, ижилхэн материаллаг хангамжтай байлгахын тулд намын хатуу чанд үзэл суртал байхаас аргагүй. Монгол улс 1990-ээд оноос хойш нэр төдий олон намын тогтолцоонд шилжсэн боловч өнөөгийн манай намууд хаалттай нийгмийн, эсвэл Орвэлийн 1984 –т гардаг шиг намын бүтэц зохион байгуулалтаас өөрчлөгдсөнгүй юу дээ.

Нам намайг тэжээнэ

Нам нь улс төр бизнесийн бүлэглэл болсон учраас мөнгөний ихэнх нь намын сүлжээгээр урсдаг болов. Хоёр нам эдийн засгийн гол салбаруудыг хуваан авч, колончлон атгасан тул ДОТУУР намуудаас гадуурх бизнес хийх боломж бараг үгүй. Намаар л дамжиж хоолонд хүрдэг амьдралын үндсэн хэв маяг тогтох шинжтэй. Хоолонд хүрээд зогсохгүй намын харьяаллаар дамжуулан нийгмийн баялгаас зувчуулдаг, шамшигдуулдаг, шимдэг сордог болжээ. Намуудын хүчний тэнцвэр нь улс төрийн гэхээсээ илүүтэй бизнесийн бүлэглэлүүдийн хүчний харьцаагаар тодорхойлогдоно. Хоёр намын хооронд үзэл суртлын гэхээсээ илүүтэй зах зээлээ булаацалдсан колончлон хуваах тэмцэл явагдаж байна.

Нам намайг хамгаална

Идэж ууснаа шингээхгүй бол идэхийн хэрэг юу билээ. Шударгаар нэгэнт их хэмжээний мөнгө олох боломжгүй тул илүү тэгш эрх эдлэхээс өөр аргагүй болно. Илүү тэгш эрхээрээ илүү жоохон идсэнийг нь иргэний нийгмийнхэн авлига, албан тушаалын хэрэг, төсвийн мөнгийг зувчууллаа, төрийн албыг зарлаа, татвараас бултлаа, хууль зөрчлөө гэмт хэрэгтэн боллоо гээд баалаад байхаар яах гэхэв намаа л бараадаж, намынхаа хормой доогуур шургахаас аргагүй. Эцэст нь нам нэртэй гэмт хэргийн бүлэглэл болох тал руугаа хазайлаа. Одоо манай намууд нам биш мафи, синдикат бүлэглэлүүд боллоо хэмээн амтай бүхэн шуугиж, сонин бүхэнд бичиж байна.

Нам миний амьдрал

Намгүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй хүмүүс нийгэмд бий болов. Нам дамжихгүйгээр, нам нийлэхгүйгээр, сэм хуйвалдахгүйгээр улс төрөөр бөөлжихгүйгээр амьдарч чадахаа байсан хүмүүс, намаар далайлгаж, намаар айлгаж хоол олж иддэг хэсэг, намаа зарж, намдаа зарагдаж ашиг олдог бизнесүүд, намаа дэмжин сонгуульд өрсөлдөж, сонгуулийг Соёолонгийн уралдаан шиг үзэж ханамж авдаг, сонгуулиар баримжаалан амьдардаг намын фанатикууд төрөв, ялгарав. Намаар далайлган бусдыг дээрэнгүйлэх, бусдыгаа бороохойдох мэргэжил бий болов. Намаас нь салгачихвал сахил санваараа алдсан лам шиг, хөнгөлүүлсэн хурга шиг, эрэг дээр хаягдсан жараахай шиг ангалзах хүн олон. Амьдралын зорилгоо намаар дамжуулан харж буй тул нам бол тэдний хувьд амьдрал нь.

Нам гишүүнээ мэднэ

Намын бодлого гэх нэрийн дор намууд гишүүдээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боогдуулж байна. УИХ-ын гишүүн хичнээн өөр үзэл бодолтой байсан ч хамаагүй намын бүлгийн шийдвэрийг сөрөх эрхгүй болох нь олон зүйл дээр батлагддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л АН сонгуулийн пропорциональ системд шилжих асуудал дээр Э.Бат-Үүл гишүүнийг нухчин дарж авлаа. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч, эсвэл ядахдаа тухайн тойргийн сонгогчдын элч биш, намын эрэг шураг, кнопчин төдий болж байна. УИХ-д нууцаар санал хураалт явуулдаг байсан практикийг халж, илээр санал хураалт явуулдаг болсон нь цорын ганцхан зорилготой. Энд ардчилал, шударга ёс, үндэсний эрх ашиг энэ тэр огтхон ч хамаагүй. Намууд зөвхөн гишүүдээ, тэдний саналыг л хянаж байхыг хүссэн хэрэг. УИХ-ын гишүүд нь хууль тогтоогч, санаачлагч эрх бүхий субъект парламентач биш, ердөө л намын хувьд УИХ гэж нэрлэгдсэн талцааны нэг санал төдий ажээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг НАМ мэднэ.

Нам бүлгээ мэднэ

Үндсэн хуулинд ч байхгүй намын бүлэг зөвлөл гэх бүтэц, УИХ-ын гишүүдийн саналыг багцална. Удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо зэрэг нь намыг төлөөлнө. Тэд намын гишүүдийг төлөөлөх хэрээр намын гишүүдээ мэднэ. Удирдах зөвлөл, зөвлөлдөх хороогоо намын дарга нь атгана. Намын даргын үгнээс зөрвөл сонгуульд нэр дэвших эрх нь төдийгүй, улс төрийн карьер нь төгсгөл болно. Тэгэхээр намыг намын дарга мэднэ.

Нам, Засгийг мэднэ

М.Энхсайханы засгийн газрыг огцруулах цаад шалтгаан нь Ц.Элбэгдоржийн засгийн эрх мэдлийг өөртөө авах гэсэн хүсэлд байлаа. Тиймээс л сонгуульд ялсан намын дарга нь ерөнхий сайд болох ёстой гэсэн үндэслэлээр өөрийн намын засгийн газрыг огцруулж тэрээр ерөнхий сайд болж байсан билээ. 2007 онд түүх давтагдав. МАХН-ын Засгийн Газрын ерөнхий сайдыг МАХН хурлаараа авч хаяв. МАХН-ын шинэ дарга С.Баяр “Би намын дарга болсон учраас намаа сонгуульд ялуулахын тулд бүхнийг хийнэ. Бүх хариуцлагыг би хүлээнэ. Гэхдээ энэ хариуцлагыг хүлээлгэхийн тулд үүнтэй тэнцэх хэмжээний эрх мэдлийг минь надад өгөөч” хэмээн МАХН-ын 25-р Их Хурлын төлөөлөгчдөөс хүсэв. Хүсэл нь ч илбэт цурхайн тушаалаар ёсоор боллоо. Засгийн газрыг томилохыг ч нам мэднэ, засгийн газрыг огцруулахыг ч нам мэднэ. Засгийн газрын насыг нам тодорхойлно. М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, М.Энхболдын гээд огцорсон Засгийн Газруудын төөргийг нам л шийдэж байв. Засгийг НАМ мэддэг юм.

Нам Монголыг мэднэ

Гэтэл байтлаа намын дарга нар Монголыг мэдэх гэнэ. Стратегийн орд газруудын 51%-ийг Монголчууд мэднэ, монголын тал мэднэ, төр мэднэ гэхчлэн ялгаатайгаар янз бүрээр тайлбарлаж байгаа ч 51 –ээс дээш хувь гэдэг дээр хоёр намын дарга нар анх удаа зөвшилцлөө. Бид үндсэн эрх ашиг дээрээ санал нэгдэж зөвшилцлөө. Одоо бүх юм ОК, Монголын тал хожно. Бид нэгдсэн шийдэлд хүрлээ хэмээн хоёр намын дарга бөөрөө нийлүүлж байгаад мэдэгдэл хийв. Гэхдээ байз. Энэ хоёр л зөвшилцөөд 51-ээс дээш хувийг эзэмших шийдэлд хүрсэн юм бол, ингэж шийдэгдэхгүй байсны шалтгаан нь ч мань хоёрт байжээ дээ. Энэ хоёр л хоорондоо хувааж авах асуудал дээрээ тохиролцохгүй байснаас энэ асуудал гацаж байсан гэж ойлгогдож байна. Монголын баялагийг хоёр намын дарга мэддэг юм байна. Монголын төр гэдэг чинь намын дарга нар юм биш биз.

Нам чамайг мэднэ

Жирийн иргэн, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа ажилчинд цалингаас өөр илүү харах зүйлгүй хонгийн хоолны төлөө ажилласаар. Монголыг тэжээж хувцаслаж байгаа жирийн ганзагын худалдаачин хэдэн төгрөг олох гэж өдөр шөнөгүй зүтгэж, хоногийн 18 цаг ажиллаж, нялх хүүхдээ гэрт нь хоолтой хоолгүй цоожлон орхиж зүтгэцгээнэ. Хэнээс ч гуйхгүй, амьдралаа аваад явж байгаа жирийн малчин, тариаланч, ажилчин, багш, эмч, ганзагачин худалдаачин, мянга мянган жирийн иргэд өөрийн амьдралыг болгоод зогсохгүй, төрийг нуруундаа үүрч явна. Энэ дундчуул дээр л монголын нийгэм тогтож байгаа. Тэгэх тусам тэдэн дээр хамаг ачааг овоолно. Нам гэдэг чинь би байгаа юм хэмээн цээжээ дэлдэх хэдхэн хүнийг чухамдаа тэд л тэжээдэг. Гэтэл тэд нь эсрэгээрээ тэжээгчдээ мэдэх гэнэ. Нам солигдвол засаг солигдоно, Засаг солигдвол дарга солигдоно. Дарга солигдвол ажлын багаа бүрдүүлэх нэрээр ажилчид нь солигдоно. Энэ гинжин урвал хаа хүрч зогсдог бол. Чухам цөмийн гинжин урвал шиг эцэс төгсгөлгүй үгрэлжилж нийгмийн эд эс болгонд хүрч үйлчилж манаач жижүүрээс эхлээд бүх ажилчин албан хаагчдад, цэцэрлэгийн хүүхдээс авахуулаад тэтгэврийн хөгшдийг хүртэл хамрана. Нам чамайг ч мэднэ. Би нам бус хэмээн хичнээн хашгичивч тэртээ тэргүй намын буулганд орно. НАМ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА.

Дотоод нам 

Манай өнөөгийн намууд маань социалист нийгмийн үеийн намын бүтэц зохион байгуулалттай, гишүүнчлэлтэй, үзэл сурталтай, нам гэсэн нэртэй бүлэглэлүүд болжээ. Намуудын удирдах байгууллагыг улс төрийн товчоо, удирдах зөвлөл, зөвлөлдөх хороо гэж ямар ч гоё нэр өгч өөр өөрөөр нэрлэсэн ялгаагүй. Нам нэрээр хоол олж идэж ахиуц ашиг хүртдэг хэсэг нь энэхүү ДОТООД намууд ажээ. Сонгуулийн үр дүнд ашиг хүртдэг 2000 орчим хүн л байдаг хэмээн хоёр намын дарга зэрэгцэж суугаад зөвшилцөж, толгой дохилцож байсан сан. МАХН, АН –ын жирийн гишүүдийг би огтхон ч буруутгасангүй. Тэд гэмт хэрэгтнүүд огтхон ч биш, авлигачид, бузар булай, садар самуун, ёс бусын үүр уурхай ч биш. Гагцхүү энэ ДОТООД намын хоёр мянга нь л улс төрөөр бөөлжиж, улс төрөөр амьдарч, улстөрждөг ажгуу.

Нам гэж юу юм бэ?

1. Бид намын тухай олон тодорхойлолтыг мэдэх боловч үзэл бодлоороо нэгдсэн гэсэн үгийг огтхон ч анхаарч байсангүй, зөвхөн зохион багуулалттай засгийн эрхийн төлөөх бүлэг, бөөгнөрлийг л ойлгож иржээ. (Бидэнд үзэл бодол мөрийн хөтөлбөр бий юу? Ч.Тамир)

Манай намууд өөрсдийгөө ямар нэгэн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөртэй гэж тунхаглах боловч өөр хоорондоо ерөөсөө ч ялгарахаа байсан байна. Баабар нэгэнтээ монголын намуудыг зүүний намуудын овоолго хэмээн дүгнэсэн санагдана. Үйл ажиллагаагаар нь дүгнэлт хийвэл үнэхээр бүгд л зүүний бодлоготой намууд байгаа учир өөр хоорондын үзэл бодлын, зарчмын ялгаа, өрсөлдөөн үгүй зөвхөн засгийн эрхийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл, сэм хуйвалдаан, нам нийлэлдээн болжээ.

Доктор Батчулуун, либертари үзлээс бүгд хулгайлж байна гэжээ. Хэлж ярьж байгаагаас нь онолдож байгаагий нь сонсоход үнэхээр л бараг бүгдээрээ либертари үзэлтэй ч юм шиг. Гэхдээ яг сонгууль дөхөөд ирэнгүүт социалист амлалт нь онолын дүгнэлттэй нь зөрөлдөж ердөө л популизм үлдэнэ. Либертари үзэлтэй социалистууд гэх гаж улс төрчид өнөөдөртөө намуудыг бүрдүүлж байна. Тодорхой хэвшмэл үзэл баримтлалгүй, аль таалагдсанаа ярьдаг ёлкны тоглоом шиг үзэл бодолтой, мөнгө өгнө тараана гэсэн амлалт голдуу мөрийн хөтөлбөртэй дандаа зүүнтнүүд үлджээ. Өөрөөр хэлбэл Монголын нийгэмд үзэл бодлын өрсөлдөөн үгүй болж, оюун санааны орон зай хоосорч эзгүйрсэн байна. Энэ бол гарцаагүй улс төрийн тэргүүлэх хүчний орон зай үгүйлэгдэж байгааг харуулах юм.

2. Итгэл үнэмшлээрээ нэгдэж нам байгуулж чадахгүй буй тул эрх ашгаараа нэгдэж бүлэглэл бөөгнөрлийг үүсгэв. Эрх ашиг гэдэг нь нийгмийн аль нэг бүлэг давхаргын эрх ашиг юм уу дийлэнх олонхын эрх ашиг гэхээсээ илүүтэй нийгмийн өчүүхэн хэсгийнхний хувийн явцуу эрх ашиг, бүлэглэлийн ашиг сонирхлыг илэрхийлэх болсон тул нийгмийн бааз суурьгүй болж, намаас дайжих үзэгдэл гаарлаа. МАХН амлалтын бодлогоороо нийгмийн доод давхаргынхан, ядуучуудын саналыг булаагаад байгаа байдал нь бусад намуудын атааг хөдөлгөж, уралдан амалж, өрсөлдөн мөнгө тарааж, булаацалдан халамжлахаар тачаадаж байна. Ядуучуудын төлөө, иргэдийнхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө гэх арга хэмжээнүүдийн эцсийн үр ашиг нь нийгмийн цөөнх хэсэгт оногдож, нийгмийн баялгийг ДАРГА ангийнханд л хүртээж, баялгийн хуваарилалтыг улам шударга бус болгосоор байна. Энэ дүйвээнд нийгмийн дунд ангийнхан, дунд давхаргынхны эрх ашиг ор хоосон орхигдож, завсарт нь гоожлоо. Хамаг хүнд ачааг нуруундаа үүрч байгаа нийгмийн дунд давхаргынхан, жирийн багш эмч, инженерүүд, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид тариаланчдын эрх ашиг хохирч байгаа нь тэдний эрх ашгийг илэрхийлэх нийгмийн институц байгуулагдах зайлшгүй хэрэгцээг тодорхойлно.

3. Нам гэсэн ойлголтыг МАХН ба АН -аар төлөөлүүлэн ойлгох болсон тул нам гэхээр ийм л заваан юм байдаг гэсэн сэтгэлзүй нийгэмд бүрджээ. Намуудыг шинэчлэх, дотоод ардчиллыг сайжруулах, үзэл бодлын индэр болгох, шударга өрсөлдөөний талбар байлгах механизм, зарчим, хүсэл эрмэлзэл аль аль намын эрх баригчдад байхгүй болжээ.

Улс төрийн НАМ гэсэн ойлголт XXI зуунд шал өөр утга агуулгатай болж байна. Тиймээс шинэ зууны нам гэсэн ойлголттой яв цав таардаггүй юмаа гэхэд дөхөж очих, шинэ зууны цоо шинэ, ёс суртахуунтай, зарчимтай, бүтэц зохион байгуулалттай, үзэл баримтлалтай, дунд давхаргынхны эрх ашгийг илэрхийлсэн ШИНЭ нам үүсэн байгуулагдах эрэлт хэрэгцээ, орон зай, цаг хугацаа, хүлээлт Монголын нийгэмд бүрдсэн байна.

2008 ОНЫ 4 САРЫН 1

Posted in Намын социологи, УЛС ТӨР | Leave a Comment »

АФРИК МАЯГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ

Posted by bolod on May 29, 2008

2008 оны Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” багтжээ. Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай талаар бид олон жилийн өмнөөс ярьж бичиж байсан бөгөөд өдгөө энэ нь буруу чиг хандлагатай явах гээд байгаа тул энэхүү хэлэлцүүлгийг дахин сэргээж байна. Бид, 2006 оны 12 сарын 21 –нд “Зууны мэдээ” сонинд “Нийгмийн даатгал уу, нийгмийн дайчилгаа юу?” нэртэй өгүүллийг нийтлүүлсэн билээ. Үүний хариуд эдийн засагч доктор Ч.Дагвадорж зууны мэдээ сонины 2007 оны 1 сарын 9 –ний дугаарт шүүмж, нийтлэл бичин хэвлүүлсэн юм. Түүний хариуд бичсэн дараах захидлыг тухайн үед хэвлэх сонин хэвлэл олдоогүй билээ.

Эдийн засгийн ухааны доктор Ч.Дагвадорж танаа.

Бид өөрсдийгөө эрдэмтэн ч гэж зарлаагүй, судлаач ч гэж нэрлээгүй. Харин та биднийг их л тоож ийнхүү өргөмжлөн, бас бидний хийсэн бяцхан тооцоонд их л эмзэглэсэн бололтой юм. Насаараа нийгмийн хамгааллын салбарт зүтгэсэн, тэр тусмаа эдийн засгийн ухааны доктор хүнтэй бид яаж зиндаархах вэ дээ.

Нэгдүгээрт бид багш нар, асуудалд тал бүрээс нь хандах арга туршлагад л сургахыг эрхэмлэдэг болохоос, аль нь зөв аль нь худлаа болохыг тулган хүлээлгэдэггүй юм. Оюутнуудад задлан шинжлэх дүгнэх эрхийг нээлттэй үлдээе. Түрүүлж гарсан чихнээс сүүлд гарсан эвэр урт гэж… Бид оюутанд буруу үлгэр дуурайл үзүүлдэг “эсэргүү” багш нар бололтой. Гэтэл бид ганцаараа биш, бидний эргэн тойронд ийм эсэргүү багш нар олон байдаг юм байна. Түүн дотроо эдийн засгийн багш нар ч гэсэн ийм эсэргүү бодолтой байгаад зогсохгүй, бизнесийн байгууллагын, олон улсын байгууллагын, төсвийн байгууллагын олон арван ийм эсэргүү үзэл бодолтой хүмүүс байгаа нь нэгэнт зохион байгуулалттай эсэргүү бүлгийн түвшинд хүрсэн байна.

Хоёрдугаарт, Социологи хэмээх шинжлэх ухаан нь асуудалд социал аспектаар ханддагаараа ялгагддаг тул бид тэр өнцгөөр л харж энэхүү тооцоог хийлээ. Эдийн засагч, доктор хүний хувьд бол эдийн засгийн утга нь, мөнгөн дүн нь чухал биз ээ. Бид ямар эдийн засагч биш. Гэхдээ энэ зэргийн тооцоог танаас илүү юу гэхээс дутуугүй хийчих чадалтай гэдгээ хэлье.

Гуравдугаарт. Бид өндөр настан, олон сайхан буянтай буурлуудыг харж байгаа. Гэхдээ төр тэдэнд зүгээр мөнгөө өгөөгүй, тэдний НДШ нэрээр төлсөн мөнгөний хүүтэй тэнцэх, түүнээс ч бага мөнгийг л өгч байгаа гэдгийг хэлж байна. 36 жил төсвийн байгууллагад ажиллаж НДШ төлсөн хүн, төлсөн мөнгө нь нэг тэрбум долоон зуун сая төгрөг болж өсөх боломжтой байхад яахаараа амь зогоох төдийхөн хэмжээний мөнгийг гуйж жагсаж байж авах ёстой болж байна.

Дөрөвдүгээрт. Улсад насаараа ажиллачихаад, НДШ төлчихөөд ганц ч төгрөгний тэтгэвэр авч чадаагүй бурхан болсон олон зуун иргэд, тэдний ар гэр оршуулгын зардал гэх хэдхэн төгрөгөнд хууртагдан суугааг та бас харахгүй байна уу. Оршуулгын зардлаа авахад хүртэл, дор хаяж арван жил НДШ төлсөн байх учиртай, гэхдээ тэр нь 1995 оноос хойш төлсөн байх ёстой гэсэн нугалааг та мэдэх үү. Насаараа нэгдлийн мал малласан, мөн л НДШ төлсөн олон мянган малчид нэг ч төгрөгний тэтгэвэр авч чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлээд дуусч байгааг та нүдээ аниад өнгөрөөж байна уу. 90-ээд оноос өмнө улсад ажиллаж байсан олон мянган ажилчид, таны хэлээд байгаа орон тооны цомхтголд орсон, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан, эрт тэтгэвэр тогтоолгосон иргэд тэтгэврийн зөрүүгээс болоод арав гаран жил хохирч байгааг та мэдэхгүй гэх үү. Тэтгэврийн хэмжээг сүүлийн таван жилийн цалингийн дунджийн 45%-иар тогтоож байгаа. Түүнийг сүүлийн 8 жилийн цалингийн дунжаар тогтоодог болгох гэж өөрчлөх гэж байгаагийнхаа үндэслэлийг хэлж өгч чадах уу? 8 жил гэдэг тэтгэвэр тогтоолгох минимум хугацааны бараг тал нь, бараг арван жилийн хугацаанд Монгол улсад мөнгөний ханш хоёр дахин унаж байгаа. Ингээд бодвол тэтгэврийн хэмжээг цалингийн дунджийн 20 хувиар тогтоосноос юуны ялгаатай юм бэ? Их хурлын гишүүдийн тойрогтоо хуваарилуулан авч байгаа мөнгөний хэмжээ 2000 оноос хойш 25 дахин нэмэгдсэн. Энэ жишгээр бодвол мөнгөний ханш 7 жилд 25 дахин унаж, миний тогтоолгох тэтгэврийн ханш мөн төчнөөн дахин унаж байна.

Тавдугаарт. Тэтгэврийн насыг тэд эд байлгах нь зохимжтой, нэмэх шаардлагатай гэх мэт дүгнэлтийг бид хийгээгүй, харин та тийм дүгнэлт хийх байтугай, эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 60, эрэгтэйчүүдийнхийг 65 болгох талаар хуулийн төсөл боловсруулаад лобидож байгаа бололтой. Энд таны ашигласан “Эрт тэтгэвэрт гарах нь үхэл” гэсэн дүгнэлт бас л өрөөсгөл юм. Гадаадын судлаач гэхээр л үнэн гэж хүлээж авах нь зөв үү. Энэ нь аль орны иргэдийн хувьд хийсэн судалгааны дүгнэлт юм бол, Монголд хэр тохирох юм бол доо? Би хувьдаа эргэлзэж байна. 59-тэй эмээ хүүхдэд үсэг заагаад, өдөржин зогсоогоороо шал угааж, хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж, шөнөөр жижүүрлэн хонох гэж хүсэх үү? 64 –тэй өвөө галч, жижүүр, манаач хийж, ачаа зөөж, машин барьж, онгоц жолоодож болох уу, бие нь дийлэх болов уу. Тэтгэврийн насыг заавал 5 жилээр уртасгах гээд байгаа юм бол балетчид, уран нугараачид 45 хүртлээ бүжиглэж, нугараг, бөхчүүд, хөлбөмбөгчид, шигшээгийнхэн зодог тайлна майлна гэж битгий донгосцгоо. Кёкшюзан Батбаярыг ч гэсэн Япон руу нь хөөгөөд явуул, дахиад 5 жил барилдаг. Шаравжамц ч гэсэн дахиад 5 жил сагс тоглох ёстой. Бат–Эрдэнэ аварга бас дахиад 5 жил түрүүлэг. Тэр цагаан сарын барилдаанд түрүүлдэг л юм чинь.

Зургадугаарт. Тэтгэврийн нас хэд байх нь хамаагүй. Хэрэв тухайн иргэн хүсвэл, ажиллуулах байгууллага олдвол 70 хүртлээ ч хамаагүй ажиллаг. Тухайн хүн НДШ төлсөн л бол түүнийхээ мөнгөн дүнг, нэрийн дансыг өөрөө хянах эрхтэй, түүнийхээ тодорхой хувийг эргүүлэн авах ч эрхтэй. Түүнээс биш сарын хүүтэй нь тэнцэх хэмжээний мөнгийг авах ёсгүй.

 Долдугаарт. Нэрийн дансан дахь мөнгө сарын 0,5% -ийн хүүтэйгээр өсөж байх ёстой хуулийн заалтыг та зориуд хэрэгжүүлэхгүй байна уу. Аль эсвэл мэдэн будлиад байна уу. Энэхүү өсөлт дор хаяж мөнгөний ханшны уналтаас сэргийлж байх ёстой юм. Энэ талаар та яагаад дугарсангүй вэ? Зориуд чимээгүй өнгөрөөв үү?

Наймдугаарт. Даатгал гэдэг бол сайн дурын, зөвхөн сайн дурын л байх ёстой. Шинээр боловсруулж байгаа хуулиар бол иргэн бүр албан даатгал гэгчийг төлдөг болох юм байх. Заавал төлөх ёстой л юм бол энэ нь даатгал биш татвар болчихно. Яагаад заавал миний өмнөөс, миний хувь заяаны төлөө санаа зовоод, миний төлөө шийдвэр гаргах гээд байгаа юм бэ. Хэн нэг Дагвадорж гэдэг хүнийг би өөрөөсөө ухаантай гэж бодохгүй байна. Би, тэр хүн миний төлөө санаа тавьж чадахаас илүүгээр, өөрийнхөө төлөө санаа тавьж чадна. Чадахгүй бол түүнийхээ төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ. Миний даатгал бол миний үр хүүхэд, сайн хүмүүжилтэй, сайн боловсролтой, чадвартай хүүхэд. Түүний төлөө би одоо зээл өгч байгаа бөгөөд хөгшрөх үедээ зээлээ эргүүлэн авах болно.

Есдүгээрт. Хар ажилчид хамгийн хүнд ажлыг хийж, богино насалдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Цагаан захтнууд хөнгөн ажил хийж, өндөр цалин авч, өндөр насалж, тэр хэрээр өндөр тэтгэврийг олон жилээр хүртдэг. Түүн дотор докторууд (эдийн засгийнх нь ч орно) багтах бөгөөд таны хэлээд байгаа 13-18 жил тэтгэвэр хүртэгчдийн дийлэнх нь сэхээтнүүд болохыг та мэдэж л байгаа шүү дээ.

Та олон судлаачдын нэр зээлдсэн учир бид ч гэсэн яаж зүгээр байх вэ? МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Мөнхжаргал нар Монголын хүн амын сэтгүүлийн 2006 оны 14-р дугаарт, “Монгол улсын тэтгэврийн даатгалын сангийн алдагдал ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэмээх бүтээлийг хэвлүүлж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр нэмэгдэж байгааг дурджээ. Энэ талаар л эрхэм доктор таны шийдэл хэрэгтэй болохоос бус, бид мэтийг шүүмжлэх хүн захаас аваад олдоно.

Бастиа ингэж хэлж байна: “Төр гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрахыг хичээж байдаг хүмүүсийн амьдрах арга зам болсон асар том, зохиомол, хоосон зүйл юм… Төрийн албанд буй хүн энэ арчаагүй хүслээ бусдаас, тэрч бүү хэл өөрөөсөө ч нууж байдаг. (доктор Ц.Батчулуунаас дам ишлэв) НДЕГ –тай холбоотой хэл ам байнга гардаг нь дээрх үгийг л батлаад байх шиг.

2003 оны хавар Манчестр хотноо хуралдсан дэлхийн ядуурлыг бууруулах хорооны чуулга уулзалтад оролцох завшаан надад таарч билээ. Тэр чуулганы үеэр нэгэн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй жишээг ярьсан нь санагдаж байна. Африкийн нэгэн оронд нийгмийн хамгааллын асуудлыг бүрэн шийджээ. (Аль орон гэдгийг нэрлээд яахав) Хэрэв хүн хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн насанд хүрэх юм бол түүнд ерөнхий сайдын цалингаас ч өндөр тэтгэвэр олгож, байр хоол, унааны зардлыг улсаас дааж, байр олгож, торгонд ороож тосонд өнхрүүлэх юм гэнэ. Гэхдээ тэтгэврийн нас нь 70 бөгөөд тухайн орны иргэдийн дундаж наслалт тавь гаруйхан байж билээ. Иргэд өдрийн 10-12 цаг ажиллаж, өчүүхэн бага хөлсөөр амиа зогоосоор азаар 70 насалж чадвал түүнийг хойд насанд нь биш энэ насанд нь диваажингийн амьдрал хүлээж байх юм. Ийм тунхаглалын шинжтэй нийгмийн хамгааллын бодлого Африкийн орнуудын хувьд нийтлэг бөгөөд манай халамжлагч төр иймэрхүү жишиг рүү явах гээд байна уу даа.

Хэрвээ иргэн бүр НДШ заавал төлдөг болоод, тэтгэврийн насыг нэмэгдүүлээд, тэтгэврийн хэмжээг сүүлийн найман жилийн дунджаар тогтоодог болох юм бол Африк маягийн нийгмийн хамгааллын бодлогоос юугаараа ялгагдах юм бол доо. Үүний хариултыг л эрхэм эдийн засгийн доктор Дагвадорж танаас хичээнгүйлэн асуух байна.

2007 оны 1 сарын 15

Posted in Нийгмийн даатгал, Цанхаархал | 2 Comments »

ЭКСТРЕМУМ ЦЭГ

Posted by bolod on May 26, 2008

1932 оны сонгууль АНУ-д шинэ эргэлтийн жил болсон гэдэг. 1860-1932 оны хооронд бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийн эрх мэдлийг 56 жил атгасан бол, ардчилсан намынхан 16 жил атгажээ. Харин 1932-1980 онд ардчилсан намынхан энэ эрх мэдлийг 32 жил, бүгд найрамдахчууд 16 жил барьсан байна. (М.Фридман, Р.Фридман, “Хувь заяагаа сонгох нь”, УБ., 2001.  х74) Энэ өөрчлөлт нь зөвхөн улс төрийн хүрээнд явагдаагүй, намуудын хүчний харьцаанд гарсан өөрчлөлтөөр ч хязгаарлагдаагүй ажээ. Сонгогчдын улс төрийг үзэх үзэл бодол хийгээд иргэдийн нийгэм эдийн засгийн үнэлэмжийн хувьд чухамдаа зарчмын өөрчлөлт гарсан гэдэг. Монголд дээрхтэй адил эргэлт болж өнгөрсөн гэдгийг судлаачид янз бүрээр хэлж дүгнэж байна. Энэ өөрчлөлт нь “Их эвслийн” засгийн газрыг огцруулж, “Yндэсний эв нэгдлийн” гэх засгийн газрыг байгуулсантай ойролцоогоор давхцан эхэлсэн юм.

Шинэ хандлага. Эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд цоо шинэ хандлага бий болж байна. МАХН түүхэндээ бараг анх удаа ээлжит бус Их Хурлаа хийж намын даргаа авч хаяв. МАХН –ын Засгийн Газар анх удаа огцорлоо. М.Энхболдын нэр түүхэнд хамгийн азгүй ерөнхий сайдын нэр болж үлдэнэ. Түүнийг намын шийдвэрээр, өөрийнх нь намынхан огцруулсан билээ. Анх удаа МАХН-аас сонгогдсон УИХ-ын даргыг огцруулав. Үндсэн Хуулийн Цэц анх удаа эрх баригчдын эсрэг шийдвэр гаргалаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд л анх удаа МАХН-ын гишүүд авлига албан тушаалын хэргээр шийтгэгдэж шоронд орлоо. МАХН-ын хариуцлагатай албан тушаалтан нь МАХН авлига авсаныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Дараагийн гишүүдийн нэр бузар булайтай хутгалдан сонин хэвлэлээр бичигдэж байна, авлигатай тэмцэх газарт шалгагдаж, шүүхэд дуудагдаж байгаа гэнэ. МАХН -ынхан анх удаа хариуцлага алдсан хэргээр огцордог, албан тушаалаасаа буудаг болов. МАХН анх удаа ард түмнээсээ уучлал гуйлаа. Хэлмэгдүүлэлтийн төлөө ч тэр, Хонгорынхныг хордуулсныхаа төлөө ч тэр. Тэд дуртайдаа тэгсэн гэж үү? Үгүй. Энэ шинэ хандлага биш гэж үү? Цаашид ч ажлаа хийж чадаагүй бол хэнбугай ч огцрох ёстой, огцруулж болдог юм байна гэсэн ойлголт нийгэмд нэгэнт бүрдлээ. 

АН анх удаа иргэдээ сонсдог болов. Сонгогчдоосоо тасарснаа тэд хүлээн зөвшөөрлөө. АН иргэний баримжаатай улс төрийн хүчин байх болно хэмээн мэдэгдэв. Төр нь иргэддээ үйлчилдэг байх ёстой хэмээн сургав. Төрд иргэний хяналтыг нэмэгдүүлнэ хэмээн амлав. “Монголд одоо зүүний бодлого ч хэрэггүй, барууны бодлого ч хэрэггүй. Монголд одоо ЗӨВ бодлого л хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Буруу бодож байжээ. Алдаагаа хүлээн зөвшөөрөв. Сайн дураараа юу? Үгүй. Хоёр нам хоёулаа иргэний хөдөлгөөнүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний тэмцлийг анзаарч, хэлсэн ярьсныг нь давтаж, мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлж эхэллээ. Энэ шинэ хандлага биш гэж үү? Төр засагт нөлөөлж болдог юм байна гэдгийг Иргэний хөдөлгөөнүүд батлан харууллаа. Иргэний нийгмийнхэнтэйгээ хамтран ажиллана, хандралцана, иргэний нийгмийнхэн минь бидэнд туслаач хэмээн тэд ч зуйрах болов. Иргэн гэдэг вангаас сайхан нэр ч юм уу.

Татварыг буурууллаа, НДШ-ийг багасгав, хүүхдийн мөнгийг өгсөн, шинэ гэр бүл мөнгөө авч байгаа, цалин өссөн, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, удахгүй Эрдэнийн хувь хүртээнэ хэмээн улс төрчид ам уралдуулан амлаж байна. Гэвч иргэд үүнд итгэлгүй хандаж байгаа. 4 жилийн өмнө 10000 төгрөг өгнө гэхээр авна гээд уралддаг байсан бол одоо 50000 төгрөг өгнө гээд байхад тэрүүгээр чинь яах юм бэ гэх хүмүүс олширчээ. Өгсөн мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй дуусч засаг өгсөн нэртэй, иргэд авсан нэртэй л үлдэнэ. Инфляци угаасаа өгсөн мөнгийг нь эргүүлээд идчихээд байгааг хүн бүхэн ойлгож ярих болжээ. Өөрөөр хэлбэл халамжийн бодлогод хүн бүхэн эргэлзэнгүй хандаж байна.

Оюу толгой, Таван толгой гээд дэлхийд өрсөлдөх ашигт малтмалын том хэмжээний ордууд олноор нээгдэв, цаашид ч үргэлжлэн нээгдэнэ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, Монгол улс геополитикийн хувьд сонирхлын бүс болж байгаа нь Монголын нийгэм улс төрийн амьдралд ч нөлөөлөх боллоо. Оюу толгой, Таван толгойн асуудал, тогтвортой байдлын гэрээ нь улс төрийн шийдлээ хүлээж байна. Гадаадын томоохон компаниуд төдийгүй дэлхийн хүчирхэг гүрнүүдийн ашиг сонирхол Монголд орж ирэхтэй зэрэгцэн Монголчуудын ашиг сонирхол, үндэсний ухамсар сэргэж надад ямар хүртээлтэй вэ гэхээсээ илүүтэй Монголд ямар ашигтай вэ хэмээн харж хүлээж байна.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхтэй зэрэгцэн байгаль экологийн асуудал хурцаар тавигдах болов. Цианит натри, мөнгөн усны хордлогыг дурдахаа больё. Олон зуун гол горхи, хэдэн мянган булаг шанд хатаж ширгэж, хатааж ширгээжээ. Уулыг нурааж усыг эргүүлчихээд нөхөн сэргээлт хийсэнгүй, хөсөр хаяв. Дэлхийн цаг уурын дулааралттай энэ нь хавсран нөлөөлж, эргэж нөхөгдөшгүй хохирол учрууллаа. АЛТ, УС хоёрын нэгийг сонгох дээрээ тулж иржээ. Ер нь энэ байдлаараа бүтэхгүй нь гэсэн мэдрэмж хүн бүрт төрж байна.

Намуудын рейтинг хийгээд улс төрийн шинэ хүчний орон зай. “Их эвслийн” засгийн газрыг огцруулсан үеэс эхлэн АН-ын рейтинг түүхэндээ анх удаа МАХН-ынхаас өндөр гарч, энэ хоёр намын хувьд хүчний харьцаа ойролцоогоор тэнцсэн билээ. Хэдийгээр 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл сонгуульд ялж байсан боловч АН-ын рейтинг дангаараа МАХН -ынхаас дээр гарч байсан удаагүй юм. Хоёр намын рейтинг шалдаа буусан байдал 2 жил орчим үргэлжилж, хоёр нам хоорондоо нэлээд толхилцсоны эцэст учраа олж эвийн гэрээ байгуулах шиг боллоо. М.Энхболдын Засгийн Газрыг огцруулж С.Баяр МАХН-ын дарга, ЗГ-ын ерөнхий болсноос хойш хоёр намын хооронд элдэв толхилцоон болсонгүй, ямар ч гэсэн илэрхий зөрчил гарч нийгмийн сэтгэлзүйг савлуулсангүй. Үр дүнд нь намуудын рейтинг бага багаар өсөж байна. Энэ нь сонгууль дөхөж байгаатай ч холбоотой. Гэхдээ голлон С.Баярын хувийн нэр хүндээр ЗГ-ынх нь нэр хүнд тодорхойлогдож, дагаад намынх нь нэр хүнд дахиж унасангүй. Иргэд, сонгогчид С.Баярт үхтлээ итгэж, түүнийг л эцсийн горьдлого хэмээн харж эхлэв. МАХН-ын нэр хүнд ийнхүү ганцхан хүний нэр хүндээс ихээхэн хамааралтай болсон нь энэ нам институциональ шинжээ алдаж буйг харуулна. МАХН-ын рейтинг өсч буй нь ч түр зуурынх байх магадлалтай. Үүлэн чөлөөний нар хурц… энээ тэрээ гэдэг дээ.

Одоогоор хоёр намын рейтинг тогтвожиж бага багаар өсөж магадгүй байдалтай байна. Гэхдээ АН-ын рейтинг МАХН –ынхаас үл ялиг өндөр байдлаа хадгалсан хэвээр. Энд тэндхийн судалгааны дүнгүүд харилцан адилгүй гарч байгаа боловч үндсэн дүгнэлт нь ерөнхийдөө ижил. Хоёр намын рейтинг их л ойролцоо байгаа, мөн бага багаар (одоохондоо тун ялихгүй) өсөх хандлагатай байгаа явдал юм. Хэрэв ийм байдалтай байвал АН –ын зүгээс МАХН руу дайралгүй энэ байдлаараа үргэлжлүүлээд байвал хүчний харьцаа хэвээр хадгалагдаад байх боломжтой. Тэртээ тэргүй АН-ын оролцоогүйгээр МАХН-ын нам доторх үл ойлголцол, сөргөлдөөн нь тэдний хамаг хүчийг барж байна. Гадагшаа тэмцэх нь битгий хэл дотоод тэмцлээ зохицуулж чадахгүй байгаа учир С.Баярын хувьд гадаад талдаа эв найрамдлыг л хичээх болно.

Намуудын нэр хүнд сүүлийн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр унасан нь улс төрөөс хүнийсэх хандлагыг бий болгосон. Хоёр намд тууштай үнэнч хатуу электоратуудын тоо эрс буурчээ. Хоёулаа адилхан луйварчид, один чёрт гэх хандлага хүчтэй болж байна. МАХН ба АН-ынхныг нэг шуудайд хийж балбах явдал нэмэгдэх болов. Тэд өөрсдөө ч өөрөөр байж чадахгүй байна. Энэ хоёр намын алийг нь ч сонгохгүй гэсэн байр суурь хүчтэй сонсогдох боллоо. Намын харьяаллаар дамжуулан “бор халзан хонь” ч байсан сонгодог байсан үе өнгөрчээ.

Хоёр нам нийлээд нийлээд улс төрийн огторгуйг бүрэн хянаж чадахгүй байна. Шинэ хүчний орон зай онгойсон хэвээр 40 гаруй хувийг эзэлсээр байна. Сонгогчдын дор хаяж гуравны нэг нь хоёр намыг сонгохоос зайлсхийх болжээ. Сонгуулийн өрсөлдөөн хоёр намын хооронд голлон өрнөдөг байсан бол өрсөлдөгч гуравдагч тал гарч ирэхээр айлгаж, хүчний тэнцвэрийг алдагдуулж эхэллээ. Тэнцвэрийн байдал алдагдвал шинэ нөхцөлд тэнцвэр тогтох болно.
 Хуучин улс төрчид ба шинэ үеийнхэн. Энэ жилийн сонгууль нь хүчний харьцааг өөрчлөх эгзэгтэй үед болоод зогсохгүй үе солигдох процессийн эрчимжилттэй давхцаж буй тул ихээхэн эгзэгтэй болж байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж яригдаж байгаагаас ажиглахад МАХН ба АН -уудын “үеэ өнгөрөөсөн хууччуул” бүгд УИХ-д дахин нэр дэвших сонирхолтой төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэд үүнийгээ парламентийн тогоонд чанагдсан, туршлагажсан гэдгээрээ зөвтгөж байгаа боловч улс төрийн нас нь нэгэнт гүйцэж буй тул ирж яваа цагийн аясыг яаж ч болох билээ. Арга нь барагдаж бачимдахдаа алдагдсан үеийнхэн, завсардсан үеийнхэн гэхчлэн олон онол, таамаглал дэвшүүлцгээж байна. Арван хоёр жилийн өмнө “Намайг сонго, бид чадна” хэмээн гуйж байсан нөхдүүд “Бид дахиад арван жил төр баримаар байна” хэмээн тулган шаардах болов. Яг үнэндээ “алдагдсан” гэх үеийнхэн байраа тавьж өгөхгүй хэтэрхий удаан зууралдсанаас болж, тэр хэрээр шинэчлэл, улс орны хөгжил удааширч, хойч үедээ саад болж байгаагаа тэд ухаарахгүй байна. Түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг.

Улс төрчдөд “улс төрийн нас” гэсэн нэг ойлголт байдаг хэмээн улс төр судлаачид ярьж бичдэг. Энэ нь ойролцоогоор 10-12 жил. Зөвхөн улс төрчид ч гэлтгүй ямар ч мэргэжлийн хувьд ер нь хэн ч байлаа гэсэн хувь хүний хувьд ч гэсэн мэргэжлийн хувьд ч гэсэн өсөлт, оргил үе, гудайлтын үеүүд байдаг байна. Төрсөн бие түлбэрэх, түмэн амьтны хуультай. 

Өнөөгийн улс төрчид “лидерүүд” бүгд л 1990 –ээд оноос эхлэн өөрсдийн карьерийг эхэлсэн бөгөөд тэдний чадавх одоо шавхагдаж байна гэж ойлгож болно. Аль ч намын лидерүүдийн хувьд 10-аас дээш жил болсон “хугацаа нь дууссан” улс төрчид олон. Тэд улс төрийн энэхүү тогоондоо дассан, эрх мэдэл хэмээх амттай зүйлээс салж чадахаа больсон байдаг. Тиймээс дахин дахин сонгогдох, улс төрд үлдэхийн тулд бие биенийг хамгаалах дархлаа ч юм уу даатгалын систем ч юм уу маягийн юмыг бий болгодог. Энэ байдал нь газар авсаар өнөөгийн төрийн ядуу, чадваргүй байдалд хүргэж байна.
 УИХ-д сонгогдож чадаагүй байсан ч тэд Яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, эсвэл Yндсэн хуулийн цэц, Yйлдвэрчний эвлэл, Олон нийтийн радио телевиз, Хөрөнгийн бирж, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газарт, ямар нэг эрх мэдэл бүхий албан тушаалд очдог, үгүй ядаж л зөвлөх болох жишээтэй. Хувийн хувьсгалын бизнесийг нь тооцохоо больё. Тэд мөнөөх даатгалын системийн буянд эрх мэдлийн хүрээнээс холдсонгүй, сэтэртэй мал шиг.

Албан тушаалын томилгоо нь аль чадвартай гэхээсээ илүү аль найдвартай манай талын, манай бүлгийн гэх шалгуураар хийгддэг. Тэр нь бүр хэтрээд өв залгамжлуулдаг, гэрээслэдэг, бэлэглэдэг болсон. Учир нь дараа нь өөрийн нь ээлж ирэхэд бас даатгалын баталгаа болох учраас тэр. Намуудын дэргэдэх залуучуудын байгууллагуудын нэр хүнд буурч байгаа байж магадгүй. Нам дотроос нь дараагийн үеийнхэн нь тодрохгүй төрөхгүй байж болно. Энэ нь залуучуудын буруу биш, ахмадуудынх нь алдаа. Залуучуудад нь карьер хийх боломж нь хаалттай, шалгуур нь шударга бус учраас луйварчин төрөх шалгуураар өөр хэнийг шалгаруулах билээ.

Хойчийг залгамжлагчид нь өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож шиншихгүй болсон бол бурууг нийгмээс биш нам дотроосоо л хайвал үр дүнтэй. Тэрнээс шинэ үеийнхэн гарч ирэхгүй байна хэмээн залуучууд руу бурууг чихэж боломгүй.

Багцын онол гэж байдаг, нийгэмд лидерүүдийг багц багцаар нь төрүүлдэг гэх үзэл бий ч арай ч өнөөгийн парламент шиг хунз хунзаар нь төрүүлдэггүй юм. Нийгмийн бүхэл бүтэн нэг үеийнхнийг бусдаас нь илүү хэмээн танил тал харж тал тохой татаж, алтан үеийнхэн хэмээн магтаж, алдагдсан үеийнхэн гэхчлэн тодорхойлж, дараа үеийнхнийг нь гутаан доромжилж, завсардсан үеийнхэн хэмээн хочилж үе хооронд нь зөрчилдүүлэх нь угаасаа утгагүй төдийгүй боломжгүй билээ. Цаг нь ирэхээр цасан дороос ч яргуй цухуйдаг. Борог өвс хэдий өтгөн ч шинэ ургаж буй ногоонд халхлагдан бүдгэрнэ.

Шинэ эргэлтийн үе. Дээрхээс дүгнэвэл 2008 оны сонгууль бол шинэ эргэлтийн үе байх тун ч болзошгүй экстремумын цэг ажээ. Сонгогчдын улс төрийн үзэл бодол хийгээд нийгэм эдийн засгийн үнэлэмжид зарчмын өөрчлөлт гарч байна. Энэ өөрчлөлтийн хүлээлт, хэрэгцээг намуудын үзэл баримтлал, бодлого, зарчим хангаж чадахгүй байна. Нам доторх өөрчлөлт, шинэчлэлтийн хурд нийгмийн өөрчлөлтийг гүйцэхгүй хоцрогдож, гологдох болжээ. Үүнтэй давхцан үе солигдох процесс эрчимжиж, зэрэгцэн хүчний харьцаанд өөрчлөлт гарч байгаа нь сонгуулийг тун ч эгзэгтэй болгож байна.

Гэхдээ энэ нь улс төрийн шинэ хүч байгуулагдаж чадах эсэхээс ерөнхийдөө хамаарна. Хоёр намтай эн тэнцүү өрсөлдөх хүчтэй, зохион байгуулалт сайтай улс төрийн цоо шинэ хүчин үүсэн бүрэлдэж, үзэл баримтлалаараа ч тэр, үйл хэрэг эрч хүчээрээ ч тэр, зарчим, ёс суртахуунаараа ч тэр ялгарч итгэл төрүүлж чадвал сонгогчдын санал эргэхэд бэлтгэгдсэн гэж дүгнэж болно. Гэхдээ энэ нь ийм эргэлт гарцаагүй гарна гэсэн хатуу дүгнэлт биш. Ийм өөрчлөлт гарч болох тохироо бүрдсэн байна гэдгийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2008 оны сонгууль бол эргэлтийн цэг байж болох экстремум цэгүүдийн ердөө л нэг нь билээ.

2008 оны 2 сарын 29

Posted in Намын социологи, УЛС ТӨР | Leave a Comment »

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МУХАРДАЛ

Posted by bolod on May 26, 2008

БСШУЯ-ны сайд асан П.Цагаан 2005 оны хавар МУИС-ийн төгсөлтийн баярт оролцож үг хэлэхдээ: “Өнөөдөр та бүхэн мэргэжил эзэмшин, диплом өвөртлөн гарч байгаад баяр хүргэе, гэхдээ та бүхэн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байна” хэмээн үг алдсан.

Яамны сайд нь МУИС-ийг Монгол улсын урдаа барих Их Сургууль гэж бодож төгсөлтийн баярт оролцсон байх л даа. Гэхдээ тэрээр ийнхүү санамсаргүй үг алдахдаа Монголын дээд боловсрол болохгүй байна, өөрийнх нь толгойлж буй яамны бодлого алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. МУИС-ийг төгсөгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг юм бол бусад сургуулиуд ямар бол, ер нь их дээд сургуулиуд яагаад байна гэсэн асуулт хүн бүрт төрөх болжээ. Түүнээс хойш боловсролын яамны сайд хэдэнтээ солигдлоо, байдал бахь байдгаараа. Их дээд сургуулиудын захирлууд жил бүр л сургалтын төлбөрөө бага багаар нэмж (нэмэх ч гэж дээ, инфляцийн хойноос хөөж), тэгэх бүртээ оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Аргаа барахдаа яамны сайд, төр засгийн удирдлагадаа учирлах боловч цаадуул нь харин ч элэг барих яанзтай. УИХ-ын дарга байгаад ноцтой алдаа гаргаж буусан Ц.Нямдоржтон, төлбөрөө нэмэх гэсэн захирлуудын үндэслэлийг ч сонсолгүй “Төлбөрөө нэмэхгүй байж чадахгүй байгаа бол улсын байрыг суллаад зайлаарай, өөр бага төлбөртэй хувийн сургуулиудыг оронд нь оруулна” хэмээн мундагдсан гэдэг. Боловсрол тэргүүлэх салбар энэ тэр гэж нүүрэн дээрээ ярьж нэг гараараа ганц нэг компьютер мэтхэнийг бэлэглэх мөртлөө нөгөө гараараа боловсролын салбарыг боомилж байгаа ийм төрийн түшээдтэй хойно боловсролын салбар яаж өөдлөх вэ дээ.

Өнөөдөр Монголд, улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсөж байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсөж байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй түвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, эсвэл ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж чадахгүй байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна. Харамсалтай нь боловсролын салбарын энэ хямрал, дампуурлыг одоо заслаа гэхэд хор урхаг нь дор хаяж арван жил үргэлжилдэг муу үр дагавартай бөгөөд эртхэн засаж өөрчлөхгүй бол цаг алдах тусам уламч дордох билээ.

Дээд сургуулиуд төлбөртэй юу? Төлбөртэйгөөр барах уу? Өндөр төлбөртэй хэмээн хэн ч гэсэн уулга алдана. Гэхдээ эргэцүүлээд үзье.

1. Бакалаврын түвшинд нийт суралцагчдын 50 орчим хувь нь л төлбөртэй суралцдаг. Төрийн албан хаагчийн юм уу малчин өрхийн хүүхэд, нэн ядуу болон 3 хүүхэд нь зэрэг суралцдаг шалтгаанаар төрөөс төлбөрөө гаргуулна. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг нь ч багагүй жин дардаг. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх л сургуулиуд дээр харж болно. Дүгнэвэл нийт суралцагчдын 50 хүрэхгүй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрүү хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.

2. 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол хөнгөлөлттэй зээл нь цаашид ч хүчингүй болох магадлалтай. Иймэрхүү улс төрийн шийдвэрүүд нь сургалтын төлбөр гэдэг зүйлийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.

3. Харин төлбөрийн хэмжээ хэр өндөр вэ гэдгийг дараах тоогоор жишээлэн харъя. Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 600 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-500 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амжиргааны баталгаажих доод түвшинг 60100 хэмээн Статистикийн төв газраас шинээр тогтоон баталжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 601000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод түвшингийн орчимд л эргэлдэж, түүнээс ч доогуур орсон байна. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж сая гаран төгрөгөөр тогтоожээ. Улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нь төрийн өндөр албан тушаалтны хагас сарын цалинтай л тэнцэх аж.

4. Оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 45000 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 210000, ном сурах бичгийн зардал 61500, зэрэг байна. Дүгнэлт нь: Эдгээр зардлуудыг тооцон үзвээс оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин дөрөвний нэгд ч хүрдэггүй ажээ. Гурван жилийн өмнө судалж үзэхэд сургалтын зардал нийт зардалын гуравны нэгтэй тэнцэж байсан бол өнөөдөр дөрөвний нэгд хүрэхээ байж.

5. Төлбөртэй хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр жилд доод тал нь 500 ам доллар байна. Мянга гаран ам доллар, бүр 3000 ам долларын төлбөртэй сургуулиуд ч байгааг та бид мэднэ. Хувийн цэцэрлэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг. Yүнийг 10 сараар үржүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулж үзнэ үү. Дүгнэвэл сургалтын төлбөрийн хэмжээ цэцэрлэгээс эхлэн дээд сургууль хүртэл буурдаг урвуу хамааралтай ажээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголд, сургуулийн өмнөх боловсролыг дээд боловсролоос 6 дахин, дунд боловсролоос 3-4 дахин илүү үнэлж байна. Хамгийн үнэгүй боловсрол бол дээд боловсрол юм байна.

6. Сүүлийн хоёр жилд тэтгэвэр тэтгэмж, түүнтэй зэрэгцэн төрийн байгууллагуудын цалин харьцангуй нэмэгдсэн. Гурван жилийн өмнө дээд сургуулиудын сургалтын төлбөр төсвийн байгууллагын ажилтны 6 сарын цалинтай тэнцэж байлаа. Өнөөдөр 2-3 сарын цалинтай л дүйцэх болж. Цалингийн доод түвшин гурван жилийн өмнө 60000 байсан бол өнөөдөр 90000 төгрөг болжээ. Цалингийн доод хэмжээгээр харьцуулахад л сургалтын төлбөр хоёр дахин хямдарчээ. Дүгнэвэл сургалтын төлбөр нэмэгдээгүй төдийгүй, харин ч эсрэгээр харьцангуйгаар хямдарч, 2-3 дахин буурсан гэж дүгнэж болохоор байна. Сургалтын төлбөрийг бизнесийн салбарынхны орлого зарлагатай харьцуулах ч аргагүй учир дандаа төрийн байгууллага, төсвийн ажилчдын цалин тэтгэвэртэй харьцуулахад ийм байна. Үнэндээ сургалтын төлбөр нь дунд зэргийн ганзгын наймаачны лангууны түрээстэй илүү ч үгүй дутуу ч үгүй яг тэнцэнэ.

Төрийн өмчийн их сургуулиуд ба төрийн оролцоо. Өнөөдөр Улсын гэгдэх сургуулиуд нь улсаас нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа бусад бүх хувийн дээд сургуулиудтай адил. Олон улсын жишгээс үзвэл их дээд сургуулиудын санхүүжилтийн 40 хүрэхгүй хувийг сургалтын төлбөр эзэлдэг бол манай орны хувьд 99 хувийг дан сургалтын төлбөр эзэлж байгаа юм. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл түвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя

1.Хувийн сургуулиуд төлбөрөөр цугларсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.

2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд цуглуулж төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Дээр нь төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр, сургалтын жил дуусахын өмнөхөн л хэл амтайгаар хагас дутуу шилжиж орж ирдэг. Багш нар хичээлээ зааж дуусчихаад, одоо та нар төлбөрөө төлөөчээ гэж оюутнуудаасаа гуйх нь халаг болно.

3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн хэлний курсийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар. 15-20 дахин бага үнэ. Та дунд зэргийн чанартай, англид үйлдвэрлэсэн гутал 100 ам доллараар авдаг бол монголын, дээд зэргийн чанартай гутлыг 5 доллараас илүүгүй үнээр зар гээд шахаад байвал хэн гутал хийж зовлогоо зовоохыг бодох юм бэ. Иймэрхүү байдлаар УИС-иуд дөнгөж л амь зогоож нэр хүнд нь жилээс жилд унаж байгаа. Зориуд бодлогоор ингэж унагаж байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс шиг. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь асуулт байхгүй тодорхой биз.

4. Төлбөрөө нэмж чадахаа байсан захирлууд ямар замаар орлогоо нэмэгдүүлэх вэ гэхээр элсэлтийн хэмжээг нэмж, оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ноогддог байсан бол ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ноогдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Одоогийн байдлаар ийм байдлаар оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хийчээллэж байна. Өглөө 8 цагт хичээл заасан багш, орой 16 цагт хичээлээ хэр зааж байгаа бол. 20 хүнд заадаг байсан хичээлийг 35 хүнд заахад үр дүн нь сайжрахгүй нь ойлгомжтой.

5. Оюутны тоог яамнаас хязгаарлана. Элсэлт нэмж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлдэг замыг нь хаачихаж байгаа юм. Зөв л дөө гэхдээ өөр гарах гарцыг нь зааж өгөхгүйгээр зүгээр л боомилж болохгүй. Yнийг дээрээс тогтоосноор, үнэ мэдээлэл зөөдөг гэсэн чанарыг үгүй болгож байгаа бол оюутны тоонд хязгаарлалт хийснээр эдийн засгийн хөшүүргийг нь хураагаад авчихаж байгаа юм. Төрөөс баримталж байгаа бодлого нь төрийн сургуулидад хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн төлбөртэй холбогдуулан эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм бөгөөд бусад олон хүчин зүйлийн талаар мөн судалж, ярьж болох билээ.

 Yнэгүй юм үнэгүй байдаг.

1. Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалтыг сургуулиуд өөрсдөө авахаа больж аль сургуульд хэн суралцаж болохыг Боловсролын Үнэлгээний Төв гэх тестийн алба шийддэг болсон. Энд хүний мөнгөөр хүнд бэлэг худалдаж авах хүнийссэн сэтгэл зүй үйлчилнэ. Шалгуур сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Үүнийг өнгөрсөн хаврын математикийн шалгалтын дүн, шалгалтын явц, хэл ам бэлээхнээ гэрчилнэ. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ.

2. Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн түвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.

3. Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болно. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандаж, өөр давхар ажил хийж нэмэгдэл орлого олоход хүргэдэг. Нийтийн тээврийнхэн, цахилгаан станцийнхан, нүүрсний уурхайнхан хэн ч байсан бүтээгдэхүүнийхээ үнэд санаа зовж, хийсэнтэйгээ дүйцэхүйц цалин авахын тулд тэмцэж үгээ хэлж үр дүнд хүрч чаддаг бол багш нарт ийм чадвар байхгүй, ёстой л сонгодог Е бүлгийн идэвхгүйчүүд болно.

4. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг. Бараг төлбөргүй /бага/ учир тэгсгээд явж байгаад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй ажээ. Эцэг эх нь ч гэсэн үнэтэйхэн дамжааны мөнгө төлчихсөн учир түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гэхээсээ хасагдсан, төгссөн эсэхийг л сонирхоно. Харин ч хэл амгүй сургуульд сурсан нэртэй “өдөр өнжүүлэхэд” явж байх нь ажилгүй, архи дарс ууж, хэл аманд өртчих вий гэж санаа зовох юмгүй амар байдаг гэнэ.

5. Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Багшлах боловсон хүчнээ бэлтгэх, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх боловсронгуй болгох зэрэг нь дараагийн шатны асуудал бөгөөд өнөөдрийг аргацааж хүлцэх л үлдэнэ. Ийм байдлаар бол төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө. Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээсээ гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.

2006 оны 8 сарын 23

2008 оны 1 сарын 31

Posted in БОЛОВСРОЛ | Leave a Comment »

МАХН, АН ХОЁРЫН АЛЬ АЛЬ НЬ ЯЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭХГҮЙ БАЙНА

Posted by bolod on May 26, 2008

Нийгэм улс төрийн ерөнхий нөхцөл байдал. 2004 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр аль ч нам олонх болж чадаагүй нь гарцаагүй эвслийн засгийн газрыг байгуулахад хүргэсэн.

Энэ нь Засгийн Газруудын тогтвортой, идэвхтэй ажиллахад нь садаа болж, улс төрийн хонжоо хайх шалтаг, далим болох нь илүүтэй байна. Сонгуульд оролцсон намууд бараг бүгдээрээ нийгмийн халамжийн чигтэй амлалтуудыг өгч сонгуульд оролцсон нь эргээд түүндээ барьцаалагдахад хүргэж, сонгуулийн амлалтыг ажлын үзүүлэлтийн гол шалгуур болгосон нь улс төрийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдлыг бий болгоод байна. Аливаа шийдвэр, өөрчлөлт шинэчлэлтийг сонгуультай барьцаалж, сонгуулиар баримжаалан амьдрах болсон нь нийгмийн амьдралд гацаа болсоор. Намуудын нэр хүнд сүүлийн хоёр жилд урьд өмнө байгаагүйгээр унасан нь улс төрөөс хүнийсэх хандлагыг бий болгож байна. Төр засгийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд түүнчлэн намуудын удирдлага элдэв шударга бус зүйлтэй нэр холбогдох болсон нь тэдэнд итгэх итгэлийг бууруулж, улс төрчдөд, намуудад, цаашилбал төр засагт итгэх итгэлийг сулрууллаа. Төр засгийн институцуудэд итгэх итгэл урьд нь хэзээ ч ингэж дор орж байгаагүй юм.

Иргэний Холбоо, хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж шударга ёс, хууль шүүх, хүний эрхийн төлөө, авлигын эсрэг тэмцэж дуу хоолойгоо гаргах болсон нь манай нийгэм улс төрийн байдлын толь болжээ. Иргэний хөдөлгөөнүүд урт хугацаанд цөхрөлтгүй тэмцэж, тодорхой амжилтад хүрсэн боловч тэдний нэр хүндийг унагах, хагаралдуулах, хүчийг нь тарамдуулах үйлдлийг хийснээр мөн түүнчлэн тэдний өөрсдийн алдаа, тэмцлийн буруу аргыг сонгосон, тууштай биш байдал нь, лидерүүд нь намд элсэж нам байгуулан гарах болсон нь иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн.

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, Монгол улс геополитикийн хувьд сонирхлын бүс болж байгаа нь Монголын нийгэм улс төрийн амьдралд ч нөлөөлөх боллоо. Оюу толгой, Таван толгойн асуудал, тогтвортой байдлын гэрээ нь улс төрийн шийдлээ хүлээж, улс төрийн ашиг гаргах хөзөр болох шинжтэй.

Татвар буурсан, цалин тэтгэвэр хэд хэдэн удаа өчнөөн төчнөөн хувиар нэмэгдсэн, эдийн засаг өссөн, ядуурал буурсан, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 1500 ам.доллар болж өссөн гэх боловч сайхан хоолны нэрийг хичнээн савхдаад ч ард түмэн цадсангүй. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляци 14% -д хүрсэн нь иргэдийг дээд зэргээр туйлдуулав бухимдуулав. Сонгуулийн дараагийн жил л юу юм гэхээс сонгуулийн өмнөх жилд иргэдийн амьжиргаа урьд нь ингэж дордож байгаагүй.

Ийм ороо бусгаа байдал нь улс төрийн нөхцөл байдлыг тааварлахын аргагүй болгож, нийгмийн эмх замбараагүй байдалд ч хүргэж болохуйц, нэг намын дарангуйлал руу ч халтирч мэдэхүйц эгзэгтэй нөхцөл байдал руу өдрөөс өдөрт дөтөлж байна. Иймээс ирэх 2008 оны УИХ-ын сонгууль нь Монгол орны ойрын ирээдүйг тодорхойлох тун эгзэгтэй сонгууль болох шинжтэй боллоо.

Сонгуулийн хуулийг өөрчлөх нь хэнд ашигтай вэ? Хоёрхон жилийн өмнө Сонгуулийн шинэ хууль батлагдаж, сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болсон. Энэ нь улс төрийн цоо шинэ нөхцөл байдлыг бий болгож мэднэ. Томсгосон тойргоор сонгууль явуулах нь эрх баригч хоёр намд ашигтай гэж зарим улс төр судлаачид үзэж байгаа ч ирэх сонгуульд нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг хавсран тооцож үзвэл тэс өөр үр дүнг гаргаж ч болзошгүй юм. Тиймээс л улс төрийн намууд, тэр дотроо эрх баригч хийгээд парламентад суудалтай суудалгүй намууд сонгуулийн шинэ хуулийг сонирхож, сонгуулийн хуулийг дахин өөрчлөх сонирхол бий болж байх шиг.

Яавал саналын хуваарилалт манай намд ашигтайгаар эргэх вэ гэдэг талаас нь л хараад байгаа учраас намуудын байр суурь энээ тэрээ нь зарчмын гэхээсээ илүүтэй ашиг сонирхлоор нь л илүүтэй тайлбарлагдана. Сонгуулийн хууль нь иргэдийн сонгох сонгогдох эрхийг хязгаарласан, зөрчсөн, иргэн Д.Ламжавын хэлж байгаачлан ерөөсөө энэ сонгуулийн хууль нь хүчин төгөлдөр юм уу үгүй юм уу гэх мэтчилэн олон зүйлийн талаар ярьж болох ч тэр талаар нуршилгүй орхиё. Сонгуулийн хувь тэнцүүлсэн хийгээд можаритар системийн давуу болон сул талыг ч ярихаа больё.

Яагаад нэг ч удаа сонгууль явуулж үзээгүй байж шинэ баталсан хуулиа өөрчлөх тухай ярьж, хуулийн төсөл санаачилж, сонгуулийн системээ солих гээд байна вэ? Асуудлын гол нь хүчний мөрийг өөрийн намд ашигтайгаар эргүүлж түлхэхэд л байгаа болохоос шударга сонгууль гэдэг нь өнгөн талын чимэг. Яагаад сонгуулийн хуулиа дахин дахин солих гээд байдаг вэ? АН-ын гишүүд оролцон хуулийн төсөл санаачлангуутаа яагаад АН эхлээд бойкотлов. Намуудын, улс төрчдийн байр суурь яагаад ийм тогтворгүй байнаа. Хариулт нь энгийн, тэд одоо чичирч байна. Ирэх сонгуульд ялагдах вий гэхээс үхтлээ айж байна. АН ч тэр, МАХН ч тэр өөрийн ялалтад итгэхгүй байна. Өнөөгийн нийгэм улс төрийн нөхцөл байдал нь аль аль намд нь ялах баталгааг харуулахгүй байгаа учраас сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр өөрсдийн давуу байдлыг түр ч атугай тогтоох сонирхол бий аж.

МАХН ба АН –ын хослол. Сүүлийн хоёр жилийн туршид хоёр намын рейтинг тэнцэж, гагнагдчихлаа. Энэ хугацаанд олон үйл явдал болж өнгөрсөн боловч хүчний харьцаа өөрчлөгдсөнгүй. Хоёр намын рейтинг нийлээд 55% орчимд л эргэлдэж байгаа. Энэ нь нийт сонгогчдын талаас үл ялиг илүү нь юм. Тиймээс энэ хоёр нам дүүжингийн нэг талд гарч байж л саналын талаас илүү хувийг зулгааж байгаа юм. Нөгөө талд нь бусад улс төрийн намууд, нийгмийн хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бие даагчид зогсож, хяналтын багцийг авахаар зүтгэж байна.

Хүчний харьцаагаар энэ хоёр нам сонгогчдын тал хувийг л төлөөлөх болж. Тиймээс энэ хоёр нам бол тал зоосны ердөө л нэг тал нь. Нөгөө тал нь одоо энэ хоёр намд харьяалагдахгүй болжээ. Зөвхөн дэмжлэгийн хувьд төдийгүй үзэл баримтлал үйл ажиллагаа, амлалт мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт дотоод ардчилал, бизнес эдийн засгийн бүлэглэл, шударга бус зүйлтэй нэр холбогдсон лидерүүд зэрэг нь энэ хоёр намыг ялгахын аргагүй адилхан болгожээ. Иргэд, сонгогчдоосоо тасарсан, тусгаарлагдсан байдал нь ч энэ хоёр намын хувьд адил.

МУИС-ын Социологийн тэнхмээс эрхлэн улс орны нийгэм эдийн засаг улс төрийн нөхцөл байдлыг тандах судалгааг тасралтгүй явуулдаг юм. 2007 оны намар явуулсан судалгаанд оролцогчдын 46,3% нь МАХН ба АН хоёрыг бие биенээсээ ялгарахаа больсон гэдэг дүгнэлттэй санал нэгдэж байна. Намуудыг нэг шуудайнд чихэж буруутгах үзэл иргэдийн бараг тул хувийг хамарчээ. Сонгогчдын 45-50% нь ер нь энэ хоёр намаас нүүрээ буруулсан байгаа нь бидний сүүлийн хоёр жилд хийсэн судалгаануудаас болон бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад батлагддаг. Янз бүрийн үзүүлэлтээр, янз бүрийн асуултаар, цаг хугацааны хувьд ялгаатайгаар олон талаас нь өөр өөр аргаар судалж үзэхэд 45-50 орчим хувь нь эрх баригч хоёр намыг байнга буруутгасан, тэднээс нүүр буруулсан, итгэл үзүүлэхгүй, муу дүн тавьсан байдал харуулж байна. Нийгмийн сэтгэл зүйд намуудыг үл тоох үзэл хатуу бүрэлдэн тогтжээ.

Шинжилгээний гүнзгийрүүлсэн түвшинд ч энэ хоёр намыг тодорхойлж буй хүчин зүйлүүд давхцаж байна. Одоогоор энэ хоёр нам нэг бүлэгт багтаж бусад нам хүчнүүд эднээс ялгаатай байрлалд байгаа юм. Хэдийгээр ирэх сонгуульд АН ялна гэж ардчилсан намын гол үзэл сурталчид тунхаглаж байгаа боловч энэ мөрөөдөл нь элсэн дээр барьсан байшин шиг нуран унаж байна. МАХН –ын рейтинг ингэж дор орчихоод байхад АН сэргэж чадсангүй. Цаг хугацааны хүчин зүйл одоо МАХН –д ашигтайгаар эргэж байх шиг. АН-ын хувьд өсөлтийн боломж харагдахгүй байгаа бол МАХН уруудаад уруудаад үүнээс доош орохгүй биз.

Нөхөн сонгуулийн туршлага. НИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ ялалт байгуулсан. Хэрвээ би андуураагүй бол МАХН-аас нэр дэвшигч Гантөгс 41% -ийн санал авсан бол Эрдэнэ 43%-ийн санал авч ялалт байгуулсан билээ. Энэ сонгуулийн дүнг, ирэх сонгуулийн өнгийг тодорхойлсон сонгууль боллоо хэмээн намууд мэдэгдэж, АН-ын рейтинг 43% болсон шахуу ойлгож байна. Гэхдээ энэ бол эндүүрэл гэдгийг тэд өөрсдөө ч ойлгож байгаа. Энэ зэргийн PR хийхгүй бол улс төрийн нам байх нь өөрөө утгагүй юм.

Сонгуулийн оролцоог аваад үзвэл 51 гаруйхан хувьтай байх ажээ. Өөрөөр хэлбэл сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 49 хувь нь саналаа худалдсангүй. Хэрэв намууд цаашид энэ байдлаараа мөнгөөр сонгууль хийх гэвэл энэ хувь бүр ч буурна. 51 хувиас жоохон л уруудвал сонгууль хүчингүй болох эрсдэлийг дагуулах юм. Дүгнэлт нь мөнгөөр сонгууль хийдэг практикийг халахгүй бол Монгол улс цаашдаа тэртээ тэргүй булхайтай явагддаг сонгуулиа явуулж чадахаа байж, төлөөллийн ардчилал ч үгүй үлдэж мэдэх аюултай ажээ.

43% -ийг намын рейтинг гэж үзэх нь эндүүрэл хийгээд ташаа дүгнэлт болохыг ойлгоход маш хялбар. Үнэндээ намуудын рейтинг 25-26-ийн хооронд л хэлбэлзэж байгаа. 33-р тойргийн нөхөн сонгуульд, нийт сонгогчдын АН-ыг дэмжигч 26%, МАХН-ыг дэмжигч 24 % болох (тухайн үеийн дүнгээр) тэр л хэсэг оролцсон бөгөөд эдгээр нь нийлээд сонгуульд оролцсон 51%-ийг бардаагаар бүрдүүлж байна. Сонгуульд оролцсон сонгогчдын саналын дүнгээс хувь бодоход ерөнхийдөө дээрх 43% ба 41% гэсэн дүн, түүнээс ч бага хувьтай дүн гарч байгаа нь намуудын рейтингийг харуулах боломжгүй гэдэг нь хэнд ч гэсэн ойлгомжтой бизээ. Харин ч намууд өөрийн намыг дэмжигчдийн бага ч гэсэн хэсгийг алдсан байгааг тооцоолж үзэж болно. Одоохондоо багахан хувийг цаашид дорвитой хувийг ч алдаж болзошгүй юм.

 Дүгнэвэл ирэх сонгууль ямар ч системээр, ямар ч хуулиар явагдлаа гэсэн хүчний харьцаа дээрх хоёр намд л ашигтай байхуйцаар сонгуулийн хууль хийгдсэн бөгөөд хийгдэх гэж байгаа аж. Эрх баригчид ч үүнийг хүсэж байгаа. НИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгууль нь ирэх сонгуульд аль нам ялах вэ гэдгийг тодорхойлохоосоо илүүтэйгээр сонгууль яаж явагдах вэ гэдгийг тодорхойлсноороо ирэх сонгуулийн өнгийг тодорхойлж байна. 2008 оны УИХ –ын сонгуульд энэ байдал давтагдах өндөр магадлалтай.

2008 оны 1 сарын 9

Posted in Сонгууль-2009, УЛС ТӨР | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ

Posted by bolod on May 26, 2008

Иргэд улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна. Сүүлийн хоёр жилийн турш хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад иргэдийн талаас илүү хувь нь улс төрийн нөхцөл байдлыг хямралтай байна хэмээн дүгнэсээр байна.

Тухайлбал, 2007 оны намар МУИС-ын Социологийн тэнхмээс эрхлэн явуулсан судалгаанд хамрагдагсдын 63,3% нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хямралтай хэмээн дүгнэжээ. 46,3% нь МАХН ба АН хоёрыг бие биенээсээ ялгарахаа больсон гэдэг дүгнэлттэй санал нэгдэж байна. Намуудыг нэг шуудайнд чихэж буруутгах үзэл иргэдийн бараг тул хувийг хамарчээ. Сонгогчдын 45-50% нь ер нь энэ хоёр намаас нүүрээ буруулсан байгаа нь бидний сүүлийн хоёр жилд хийсэн судалгаануудаас болон бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад батлагддаг. Янз бүрийн үзүүлэлтээр, янз бүрийн асуултаар, цаг хугацааны хувьд ялгаатайгаар олон талаас нь өөр өөр аргаар судалж үзэхэд 45-50 орчим хувь нь эрх баригч хоёр намыг байнга буруутгасан, тэднээс нүүр буруулсан, итгэл үзүүлэхгүй, муу дүн тавьсан байдал харуулж байна. Нийгмийн сэтгэл зүйд намуудыг үл тоох үзэл хатуу бүрэлдэн тогтжээ.

Өнөөдрийн байдлаар төр засагт өгөх иргэдийн үнэлгээ урьд урьд үеэсээ хамгийн доогуур түвшинд байна. 40-өөс дээш хувь нь ЗГ (42,8%), УИХ (47,2%) –д муу гэсэн дүн тавьж байна. Ийм байдал урьд нь хэзээ ч гарч байгаагүй юм. Энд дахиад л 45-50 орчим хувь нь үл итгэх, үгүйсгэх хувьтай байгааг харж болж байна. Хамгийн гол нь УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг сайн гэж үнэлсэн хувь тун ч бага, арван хувьд ч хүрэхгүй байгаа нь маш хангалтгүй үнэлгээ болох юм.

Монголын нийгэмд зарчмын шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж судалгаанд оролцогчдын 63,9% үзэж байна. Дөнгөж 11,4% нь тэгэх шаардлагагүй гэж хариулсан байгаа юм. Иргэд сонгогчид санал нэгтэйгээр энэ төр засгийг шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Нийгмийн харилцаанд, тэр дундаа төр засгийн удирдлагын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай, улс төрийн ялзарсан харилцааг эрүүлжүүлэх зарчмын шинжтэй өөрчлөлтийг хүсэж байгаа нь хүсэхгүй байгаагаасаа 5,5 дахин давуу байгаа нь нийгмийн өөрчлөлтийг Монголын нийгэм тэр чигтээ хүлээж байгааг харуулах үзүүлэлт мөн.

Өнөөдөр засгийн эрх барьж буй нам хүчин Өнөөгийн Засаглалын хямралыг шийдвэрлэж чадна гэж иргэд итгэхгүй байна. Судалгаанд хамрагдагчдын 50,5% нь тэдэнд үл итгэж, дөнгөж 15% шийдвэрлэж чадна хэмээн итгэл үзүүлжээ.

МАХН болон АН, улс төрийн шинэ хүчин хийгээд өөр ямар нэг эвсэл ч юм уу хамтарсан хүчин энэхүү хямралыг шийдвэрлэж чадна гэж үзэгсэд бараг тэнцвэртэйгээр тал талд хуваагджээ. Түүнчлэн иргэний хөдөлгөөнүүдэд итгэх итгэл ч гололтгүй өндөр байгаа аж. Харин парламентад суудалтай бусад жижиг намуудад энэ тал дээр төдийлөн итгэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь өнөөдөр Монголын улс төрд улс төрийн тэргүүлэх хүчин үгүйлэгдэж, итгэл даах улс төрийн цоо шинэ хүчний орон зай бий болсоныг дахин баталж байна.

2005 оны намар Эрүүл Нийгэм Иргэний Хөдөлгөөн байгуулагдсаны дараахан судалгаа хийж үзэхэд тэднийг судалгаанд оролцогчдын 51% нь дэмжиж, ийм хөдөлгөөн байгуулагдсаныг зөв гэж үзэж байв. Иргэний Холбоог байгуулсны дараагаар хүн болгон Иргэний Холбоог дэмжиж байгаа юм шиг санагдаж, Иргэний Холбоог дэмжигчдийн хувь СантМарал төвийн судалгаагаар 63% -тай (хэрвээ би андуураагүй бол) гарч байлаа. Гэвч энэ хөөс дарагдаад, эхний сэтгэл хөдлөл дарагдаад ирэх үед аль алиных нь хувь бодит байдал руугаа дөхөж буурсан байдаг. Энэ зүй тогтлыг бусад бүх хөдөлгөөн хийгээд шинээр байгуулагдаж буй намуудын хувьд харж болох юм. Үүнийг, эрх барьж буй болон эрх барьж байсан хоёр намын рейтинг унаж, намаас дайжих явц эрчимжихтэй зэрэгцэн итгэл хүлээлгэх шинэ улс төрийн хүчнийг эрж хайж байгаа үйл явц хэмээн таамаглаж болох юм.

Хэнд итгэх вэ? Улс орны хувь заяатай холбоотой асуудлаар намуудад илүү итгэж байна гэж 19% нь хариулсан бол хөдөлгөөнүүдэд илүү итгэж байна гэж 14,1% нь хариулжээ. Нийгэмд хөдөлгөөнүүдийн нэр хүнд нөлөө намуудтай өрсөлдөх түвшинд хүрснийг энэ дүнгээс харж болно. Гэхдээ харамсалтай нь алинд нь ч итгэхгүй байна гэж 29,6% нь хариулсан байгаа нь улс төрөөс залхсан хүнийссэн байдлыг дахин баталж байна.

Нам ба хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг гурван баллаар үнэлүүлж, үнэлгээний дунджаар байр эзлүүлэхэд намууд, хөдөлгөөнүүдийн ард жагсаж байлаа. 

 Нам, хөдөлгөөн Үнэлгээ 
Дундаж  Байр 
Ард Түмний Нам   1.91   IV 
Ардчилсан Нам   2.05   I  
Бүгд Найрамдах Нам   1.67   Y  
ИЗ-БНН   1.91   III 
МАХН  1.98   II 
Үндэсний Шинэ Нам   1.60   YI 
Эх Орон Нам   1.56   YII 
ЭНИХөдөлгөөн  2.26   I  
Үндэсний Соёмбо   1.89   YI  
Иргэний Холбоо  2.04   IY 
Ахмадын Чөлөөт Холбоо   2.00  
ММГШороо  2.25   II 
ИШШүүх  1.85   YII  
Экологийн хөдөлгөөнүүд   2.05    III 

Иргэдэд үнэлэгдсэн байдлаараа хөдөлгөөнүүд намуудыг хол орхиж, бараг бүх хөдөлгөөн намуудтай харьцуулахад харьцангуй өндөр үнэлгээ авсан байна. Хөдөлгөөнүүдийн нэр хүнд унасан гэсэн дүгнэлт алдаатай бололтой. Иргэд хөдөлгөөнүүдийг үнэлсэн хэвээр тэр дундаа намуудаас илүү үнэлсэн хэвээр байна. Харин Иргэний Хөдөлгөөнүүд өөрсдөө үйл ажиллагаагаа саармагжуулж, хүчээ тарамдуулсан нь тэдний эрчийг буурсан гэж ойлгогдоход хүргэжээ.

Хөдөлгөөнүүдийг нэгдэх хэрэгтэй (27.7%), зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй (41,7%), нам болох нь зөв (6,5%) хэмээн нааштайгаар хүлээн авч байгаа нь судалгаанд оролцогчдын дийлэнх хувийг эзэлж байна. Энэхүү нааштай байгаа иргэд нийт судалгаанд хамрагдагчдын 76%-ийг эзэлж байгаа нь тун өндөр үзүүлэлт болно. Хөдөлгөөнүүдийн бүтэц зохион байгуулалт цаашдын амжилтад ер нь л судалгаанд оролцогчид санал нэгтэйгээр санаа зовж, тэднийг дэмжиж байгаа нь энэ байдлаас харагдаж байна. Нэгдүгээрт. Хэрэв эдгээр хөдөлгөөнүүд нийлж нэгдсэн хүчийг бий болгож чадвал, Хоёрдугаарт, зохион байгуулалтаа сайн хийж зохион байгуулалттай хүчин болж чадвал, Гуравдугаарт, тууштай шударга байж, байр сууринаасаа буцахгүй бол иргэд хөдөлгөөнүүдийг дэмжихэд бэлэн ажээ. Энэ зорилт Иргэний Хөдөлгөөнүүдийн өмнө тулгарч байгаа бөгөөд энэ нь хэнээс ч биш зөвхөн өөрсдөөс нь л хамаарах юм.

Иргэний Хөдөлгөөнүүд нам байгуулбал та дэмжих үү гэсэн асуултад 29,2% дэмжинэ хэмээн хариулж байна. Ямар ч гэсэн ерөнхийдөө зөв шинэ нам байгуулагдвал сонгогчдоос дээд тал нь 29%-ийн дэмжлэг авах орон зай байгаа гэсэн үг. Гэхдээ маш шаргуу ажиллаж байж, асар их хүч хөдөлмөр зарцуулж байж ийм амжилтад хүрэх нь одоохондоо онолын хувьд л боломжтой юм.

Хөдөлгөөнүүдийг сонгуульд оролцох хэрэгтэй хэмээн судалгаанд хамрагдагсдын 35,7% нь зөвлөсөн байна. Ямар ч гэсэн сонгогчдын гуравны нэг нь тэднийг оролцоосой хэмээн дэмжиж, хүлээж байгаа юм байна гэж ойлгож болохнээ.

Иргэний хөдөлгөөнүүд эвсэл байгуулж сонгуульд оролцвол маш их дэмжигдэнэ гэж 9,8% хариулжээ. Энэ 10 орчим хувь хөдөлгөөнүүдийн хармааны оноо болох юм. Цаашилбал нэлээд дэмжигдэх байх гэж 31% нь хариулсан байгаа нь боломжит зах зээлийг тодорхойлно. Тиймээс хөдөлгөөнүүд хэрэв нэгдэж, нэгдсэн нэг блок болж чадвал дор хаяж 10% цаашилбал 40 хүртэлх хувийг ч авах боломж байгаа хэмээн сонгогчид үнэлж дүгнэж байна. Гагцхүү энэ бололцоог ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй юм даа.

Дүгнэвэл, сонгогчдын 45-65 хувь нь өнөөгийн УИХ, Засгийн газар, “том” гэгдэх улс төрийн намуудад итгэл алдарч залхсан, нэг үгээр хэлбэл улс төрийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа аж. Нөгөө талаас 25-40 % нь шинэ улс төрийн хүчнийг эрж хайж, тэдний эрх ашгийг төлөөлөх субъектийг хүсэн хүлээж байна. Өөрөөр хэлбэл Монголын улс төрд шинэ хүчний орон зай бий болсныг харуулна. Гэхдээ энэ дэмжлэг нь хүлээлтийн хэмжээнд л байгааг хэлэх хэрэгтэй. Энэ хүлээлтийг хангах улс төрийн шинэ хүчин өнөөг болтол бүрэлдээгүй байсаар л.

2007 оны 11 сарын 20

Posted in Намын социологи, Социал хөдөлгөөн, УЛС ТӨР | Leave a Comment »

НАМААС ДАЙЖИХУЙ

Posted by bolod on May 19, 2008

Улс төрийн нам гэж, Засгийн Газарт тавих хууль ёсны хяналтыг сонгуулиар дамжуулан олж авахаар эрмэлзэж буй институцийг хэлдэг. Харин манай намууд, намын эрх баригчид нь үүнийг арай өөрөөр тайлбарладаг. Тэд сонгуулиар дамжуулан засгийн эрхийн төлөө тэмцдэг байгууллага, зохион байгуулалттай бүлгийг НАМ хэмээн ойлгож засварлан тодорхойлж эрх мэдлийн төлөө илэрхий тэмцэлдэх болжээ. Үүнийг МАХН-ын шинэхэн дарга С.Баярын, “Манай намын гол зорилго бол ирэх 2008 оны сонгуульд ялалт байгуулах явдал” хэмээн хэлсэн үгнээс ч мэдэрч болно.

Олон намт төр гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд намын системийн олон янзын хэлбэр хувилбар байдаг билээ. Хоёр намын юм уу олон намын системтэй болох эсэх нь тухайн оронд үйлчилж буй сонгуулийн дэг журам, сонгуулийн хууль, түүний хэрэгжилтээс ихээхэн хэмжээгээр хамаардаг. Харин “Ялагч бүхнийг авна” гэсэн зарчимд тулгуурлан сонгуулиа явуулдаг оронд л, зөвхөн улс төрийн ийм систем ноёрхсон газарт л хоёр нам зонхилох хандлагатай байдаг ажээ.

Өнөөгийн Монгол орны улс төрийн нөхцөл байдлыг ажиглахад яг ийм байдал харагдана. Засгийн эрхийг барьж үзсэн, барьж байгаа хоёр нам болох МАХН, АН хоёр урьд нь хоорондоо өрсөлддөг, тэмцэлддэг байснаа больж өөрсдөө нэг юмны хоёр тал гэдгээ ойлгох болжээ. Тэд Монголд хоёр л гол нам байх ёстой, жижиг намуудын болон улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байхгүй хэмээн мэдэгдэцгээж үүнийгээ ч хуульчлахыг бүх талаар оролдож байгаа билээ. Хоёр нам хоорондоо өрсөлдөхийн хажуугаар хамтран бусад нам хүчнийг улс төрөөс шахан зайлуулахыг илэрхий хүсэж байгаа. Энэ санаархал нь “Сонгуулийн хууль”, “Намуудын тухай хууль”, “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “УИХ-ын тухай хууль” болон ер нь л УИХ-аас батлан гаргаж байгаа хуулиуд болон ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогуудаас нь илт мэдрэгддэг. Монголд тогтоохыг хүсэж байгаа энэхүү хоёр намын систем нь жам ёсны гэхээсээ илүү зохиомол албадлагын шинжтэй учраас тэдний хүссэн үр дүнд төдийлөн хүрэхгүй байна.

90-ээд оноос хойш Монголд олон нам үүсч байгуулагдсан, тарсан татан буугдсан, эвссэн нэгдсэн, өдгөө ч энэ процесс дуусаагүй цаашид ч үргэлжлэх болно. Ялангуяа сонгуулийн өмнөхөн энэ процесс илт сэргэж намуудын ялгарал идэвхжиж байгаа. Гэхдээ 2004 оны сонгуулийг болтол Монгол дахь улс төрийн намуудыг хоёрхон туйлд л хувааж болохоор байлаа. Энэ нь МАХН ба Ардчилсан хүчин гэсэн хоёр тал бөгөөд сонгогчид энэ хоёр талд хуваагдан санал өгдөг, үзэл бодлоо илэрхийлдэг байсан гэж болно. 2004 оноос хойш сонгогчид илэрхий будилах болж өөрийгөө чухам аль намыг дэмжээд байгаа ямар үзэл бодолтой хүн бэ гэдгээ ойлгохоо больжээ. Намуудын үзэл баримтлал гэх зүйл сонгогчдын хувьд хэзээ ч сонирхолтой зүйл байгаагүй бөгөөд энэ нь зөвхөн улс төр судлаачдын л сонирхдог зүйл байсан. Одоо бол үүнийг улс төрчид ч өөрсдөө төдийлөн сайн ялгаж ойлгохоо больж.

Сонгогчид өөрийгөө аль нэг намд харьяалуулан, аль нэг намтай өөрийгөө адилтган саналаа өгдөг байсан бол энэ байдал 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш эрс суларчээ. Одоо сонгогчдын дунд ялгарал явагдаж байна. Намуудын төлөвшил явагдахгүй байгаа тул сонгогчдын төлөвшлийн тухай ярих нь эрт байж ч болно. Тэгээд ч сонгогчид намуудаас дайжиж зугтаж байна.

1. Сонгогчдын идэвх буурсан. Сонгогчдын идэвх сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа. Энэ нь шинжилгээний бүхий л түвшинд батлагдаж байгаа бөгөөд улс төрөөс залхах хүнийсэх явдал сүүлийн 3 жилд бүр ч нэмэгдэж байна. Хамгийн илэрхий баримт гэхэд сонгуулийн оролцоо сонгуулиас сонгуульд улам буурч байгаа билээ. Саяхан болж өнгөрсөн НИТХ-ын нөхөн сонгуулийн оролцоо гэхэд л дөнгөж 51 гаруйхан хувьтай болж өнгөрлөө. Ирэх УИХ-ын сонгуульд оролцоно гэсэн байр суурьтай хүмүүсийн тоо ч 66-68 орчим хувьтай байна.

2. Намууд сонгогчдын дэмжлэгийг алдсан. 2004 оны УИХ-ын сонгууль бол өрсөлдсөн гол хоёр хүчний аль нь ч олонх болж чадаагүй анхны сонгууль болсон. Энэ нь л гэхэд намууд сонгогчдынхоо дэмжлэгийг алдсаны баталгаа болно. Цаашилбал Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг огцруулж М.Энхболдын ЗГ байгуулагдсантай давхцан МАХН-ын рейтинг унасан явдлыг нэрлэж болно. Энэ үеэр МАХН-ын рейтинг 42-оос 26 болтлоо унасан билээ. МАХН-ын рейтинг унасан боловч АН-ынх сэргэж сүйд болоогүйг намуудын нэр хүнд бүхэлдээ унаснаар л тайлбарлаж болно. Сонгуулиас сонгуульд энэ хоёр намын авсан саналын хувь нийлбэрээрээ буурсаар байгаа юм.

3. МАХН 160000 гишүүнтэй, АН бас 140000 гишүүнтэй хэмээн гишүүнчлэлээрээ өрсөлддөг боловч гишүүдийнх нь яс тоо илэрхий цөөрсөн. Үүнийгээ С.Баяр, Ц.Элбэгдорж дарга нар хүлээн зөвшөөрдөг.

4. Гишүүдийн тоо цөөрөхийн ялдамд дэмжлэг багасч, улмаар намуудын санхүүгийн эх үүсвэр буурдаг байна. Хэдийгээр гишүүнчлэлийн татвар нь намын орлогын гол эх үүсвэр биш ч гишүүдийн тоо буурахтай пропорционалиар хандивлагчдынх нь тоо ч буурдаг аж. Тиймээс аль аль намууд нэр дэвшигчдээсээ 20 сая, 30 саяыг нэхэж байгаа нь үүнтэй холбоотой биз.

5. Сонгуулиас сонгуульд намын фон сонгуульд нөлөөлөх гол хүчин зүйл биш болж байна. Хувь хүний хүчин зүйл нэмэгдсээр байгаа юм. 2000 оны сонгуульд ганцхан бие даагч ялалт байгуулж байсан бол 2004 онд гурван бие даагч ялалт байгууллаа. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай гэж таамаглаж байна. Намын фон гол биш болоод хувь хүний хүчин зүйл сулавтар нөлөөтэй байгаа нөхцөлд мөнгө л санал авах гол хэрэгсэл болж байна.

6. Төр засгийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд түүнчлэн намуудын удирдлага элдэв шударга бус зүйлтэй нэр холбогдох болсон нь тэдэнд итгэх итгэлийг бууруулж, улс төрчдөд, намуудад, цаашилбал төр засагт итгэх итгэлийг сулрууллаа. Төр засгийн институцуудэд итгэх итгэл урьд нь хэзээ ч ингэж дор орж байгаагүй юм. Энэ нь эргээд намуудад л тусаж тэднээс дайжихад хүргэнэ.

МУИС-ийн Социологийн тэнхмээс эрхлэн улс төрийн нөхцөл байдлыг тандах судалгааг нийслэл Улаанбаатар болон таван аймгийн респондентуудын дунд явуулсан юм. Одоогоор АН –ын рейтинг хамгийн өндөр байгаа байдлаа хадгалж, МАХН-ын рейтинг унасан чигтээ өсөлтгүй хэвээр байна. Энэ байдал сүүлийн 2 жил орчмын хугацаанд бараг тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд цаашид ч төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу гэж таамаглаж байна. АН-ынх өндөр гэх боловч энэ нь харьцангуй давуу тал болохоос үнэмлэхүй давуу тал болж МАХН-аас илэрхий илүү гараад тасраад явчихсан байдал харагдахгүй байна. Намуудын рейтинг өсөж буурах нь эдгээр намуудын өөр хооронд биш харин өөр гуравдагч хүчин зүйлээс л голлон хамаарч байна. Хоёр намын рейтинг нийлээд 55 орчим хувь дээр л эргэлдэж байлаа. Энэ хоёр нам яах аргагүй нэг зоосны хоёр тал болжээ.

Хоёр гол намын нэр хүнд унасантай холбоотойгоор улс төрийн шинэ хүчний орон зай бий болсон. Гэвч өнөөг болтол энэ орон зайг эзлэх бодитой хүчин алга байна. Парламентад суудалтай болон суудалгүй, хуучин хийгээд шинээр байгуулагдаж байгаа аль ч намын хувьд энэ орон зайг эзлэх бодит боломж одоогоор алга байна. Намаас дайжих процесс зөвхөн энэ хоёр намд төдийгүй бусад намд ч, түүний дотор шинээр байгуулагдах алив намд ч адил үйлчилж байна.

Сонгогчдын 40-45% нь итгэл даах улс төрийн хүчнийг эрж хайж саналаа өгөхөөр хүлээж байна. Энэ хүлээлт удаан үргэлжилж байгаа бөгөөд энэ хүлээлтийг хангах улс төрийн шинэ хүчин өнөөг болтол гарч ирээгүй байсаар. Сонгогчид удаан хүлээлтийн эцэст залхах магадлалтай. Улс төрийн хийрхэл эхэлж байгаа энэ үед шинээр үүсэх аливаа нам, эвсэл, нэгдэл аль нь ч бай сонгогчдын итгэлийг төдийлөн хүлээхгүй л болов уу. Тэгээд ч үлдэж байгаа хугацаанд жам ёсны нэгдэл гэхээсээ илүүтэйгээр цаг зуурын механик нэгдлүүд л бий болох болно. Энэ нь сонгуулийн дараагаас шинэ задрал, ялгарлыг л дагуулах билээ.

2007 оны 11 сарын 1

Posted in Намын социологи, УЛС ТӨР | Leave a Comment »

ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН САН УУ, ИРГЭДИЙГ ХОХИРООДОГ САН УУ?

Posted by bolod on May 19, 2008

Монголд социализмын үе шиг үнэгүй байр хуваарилдаг гааль, нийгмийн даатгал гэсэн хоёр л байгууллага байдаг. Гаальтай уралддаг энэ байгууллага нийгмийн даатгал таны ирээдүй мөн гэсэн үлгэрт итгүүлж асар их мөнгийг цуглуулдаг мөртлөө ямар ч хяналтгүй. Өдгөө ажил хийж буй хүмүүс 20 жилийн дараа гудамжинд гарахгүй гэх баталгаа байна уу? Тэгвэл та юунд найдаад хэнд ямар мөнгө яах гэж төлж байдаг юм вэ? Ер нь таны мөнгийг хэрхэн хадгалдаг, хэр өсгөдөг бол, та төлсөн мөнгөө эргүүлээд шударгаар буцааж авна гэдэг баталгаа бий юу? Мөн өөр зүйлд зарцуулаагүй гэдгийг хянах бололцоо танд байна уу?

Цаашилбал та заавал төрд тэтгэврээ даатгах ёстой юу? Ядаж нэрийн дансаа хадгалах газраа иргэн өөрөө сонгож болдоггүй юм уу гэсэн асуултууд урган гарч ирнэ. Бид татвартай яг ижилхэн мөнгө төлдөг мөртлөө хариуцлага тооцдоггүй ганц зүйл бол нийгмийн даатгал юм. Хүмүүсийг тэтгэвэрийн санд мөнгө төлөөд түүнийгээ эргүүлж авч чадахгүй хохирч байгаагаар нь ангилвал дараах гурван бүлэг үүснэ. Та хаана нь багтаж байна вэ?

Азгүйчүүд: Амьдралынхаа туршид хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлөөд эргүүлж нэг ч төгрөг авч чаддаггүй азгүйчүүдийг ийм бүлэгт оруулж болно. Мөнгөн дүн нь ХЗХ-ны хохирогчдоос хэдэн зуу дахин их. 2004 оны статистикийн мэдээнээс үзвэл монголчуудын дундаж нас 63.6 байдаг. Үүнээс эмэгтэйчүүд 66.5, эрэгтэйчүүд 60.9 насалдаг. Эрэгтэйчүүдийн 33 хувь нь 60-аас дээш насалж, 33 хувь нь яг 60 насалж, 33 хувь нь 60 нас хүрэлгүй нөгөө ертөнцөд очдог. Товчоор хэлбэл хохирогсодын ихэнхийг эрэгтэйчүүд эзэлдэг. Зөвхөн 2003 оны байдлаар 55-59 насны 8005 хүн нас барсан нь нийт нас бардаг хүмүүсийн тал хувийг эзэлнэ. Тэр дотроо 8 хувь нь яг тэтгэвэрт гарахын өмнөхөн талийдаг. Ийм азгүй учрал тохиовол банкнаас ялгаатай нь ТӨР таны үр хүүхдэд мөнгийг чинь эргүүлж өгөхгүй. Оршуулгын гэх 100 гаран мянган төгрөг, хэрвээ хүүхэд чинь насанд хүрээгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгоно гэж мэргэжилтнүүд тайлбарлана. Гэтэл үнэндээ 55-иас дээш настай хүний хүүхэд насанд хүрээгүй байна гэж байх уу? Шуудхан хэлэхэд таны мөнгө өөр хүмүүсийн сайн сайхны тусын тулд гэдэг нэртэй алга болно, үүнийг өвлөгдөхгүй зарчим үзнэ.

Тэгшитгэсэн тэтгэврээс хохирогсод: 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах ёстой. Социализмын үед ажлын 6 өдөр ажиллаж 13 төрлийн шимтгэл даатгал төлж байсан хүмүүсийг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан эдгээр хүмүүсийн нэрийн дансанд мөнгө байхгүй тийм учраас бид сайн хүн учраас тэдэнд тэтгэвэр өгдөг гэж хэлнэ. Уг нь эдгээр хүмүүсийн тэтгэврийг төр хариуцах учиртай. Гэтэл эл үүргээ төр биелүүлдэггүйгээр барахгүй одоо даатгал төлж байгаа хүмүүсийн мөнгөөр аргацааж байгаа.

Тийм ч учраас 1995 оноос өмнөх хүмүүс удаан хугацаагаар тэгшитгэсэн тэтгэвэр авч хохирчээ. Олон хүмүүс ажилласан жил, авч байсан цалин зэргээрээ ялгаатай мөртлөө яг ижил тэтгэвэр авч байсан нь дэндүү шудрага бус байлаа. Чухамдаа Баасан хадагтайн удирдлага доор мянга мянган ахмадууд хөхөө өвлийн хүйтэнд тэмцсэний ачаар л зарим нэг ажлыг урагшлууллаа. Хэрвээ тэд тэмцээгүй бол, хэрвээ тэд дуугай л суугаад байсан бол яах байсныг та сайн мэдэх байх. Энэ бол бид одооноос хариуцлагатай байхыг сануулж байна, хөгширсөн хойноо ингэж зогсох хэрэг гарах юм биш биз?

Хоосон данснаас хохирогчид: Судлаачдын тооцооноос үзвэл 2015 гэхэд тэтгэврийн сангийн мөнгө гачигдаж эхэлнэ, 2030 он гэхэд юу ч үгүй болно. Учир нь одоо ид ажиллаж байгаа хүмүүсийн мөнгийг төр өсгөлгүйгээр өмнөх үеийнхэнд төлж байгаа нь ирээдүйд бүр ч илүү аюулыг бий болгож байна. Урд хормойгоороо хойд хормойг хаах гэж үүнийг хэлдэг. Хүн ам зүйн хувьд одоо ид ажиллах насандаа буюу тэтгэврийн хүний тоо хамгийн минимум байгаа билээ. Магадгүй 25-30 жилийн дараа эдгээр хүмүүс нэгэн зэрэг тэтгэвэрт гарч эхэлнэ, тэгэхэд тэдэнд өгөх мөнгө байхгүй болно, тэр үед даатгал төлөх хүмүүсийн хүрэхгүй. Яагаад гэвэл тэр үед ажиллаж байх хүмүүс ба тэтгэвэр авагчдын харьцаа хэтэрхий муу байх болно. Тиймээс одоо нийгмийн даатгал төлж байгаа 410 мянган хүн ирээдүйн хохирогчид мөн. Оройтоогүй дээрээ үүн дээрээ иргэд анхаарч өөрсдийн нэрийн дансыг өөрсдөө сонгодог, өөрсдөө хянадаг болох нь чухал. Саяхан ХЗХ-ны луйварчдыг шүүхээр шийтгэх ажил үргэлжилж, лавтайяа 5-10 жил авч байна. Тэд хүмүүст мөнгийг нь өсгөж өгнө гэж луйвар хийсэн. Харин бид арай өөр хэлбэрийн луйврыг анзаарахгүй яваад байгаа юм биш үү. Эсвэл хэсэг хүнийг хохироовол ял авдаг, бүгдийг нь хохироовол хэн ч буруугүй өнгөрдөг байх уу?

Бодлогын сонголт. Нийгмийн даатгалд хийх шинэчлэлийн олон арга хэмжээ бий. Үүнээс зарим нэгийг нь дурдаж байна.

1. Өвлүүлэх зарчмыг бий болгох: Халамжийн сайн тогтолцоотой гэх Германд даатгуулагч нас барсан тохиолдолд нийт төлсөн мөнгөний 60 хүртэл хувийг төрөл төрөгсдөд буцааж өгдөг гэнэ. Мэдээж үлдсэн 30 хувийг өөр хэн нэгэн хүний сайн сайхны төлөө зарцуулна биз. Үүнийг хамгаалж төрийнхөн нийгмийн сайн сайхны төлөө, бусдын төлөө, ядуу хүмүүст тарааж өгдөг, тэтгэврийн зөрүү, халамжийн мөнгө хаанаа ч хүрдэггүй, хүүхдийн мөнгө гэх мэтчилэн олон сайхан үгээр таны толгойг хангалттай эргүүлж чадна.

2. Тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй байх: Сүүлийн үед тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх тухай ярих боллоо. Ингэхдээ дундаж наслалт өндөр орнуудыг жишээ болгож ярьдаг. Бид хүмүүсийнхээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх тухай ярихгүй мөртлөө тэтгэвэрт гарах насыг уртасгана гэдэг нь зүгээр л луйвар юм. Хэрвээ тэтгэвэрт гарах насыг ингэж нэмэгдүүлвэл хохирох хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдэнэ. Тиймээс иргэдийн ажиллах жилийг нэмэх биш харин цуглуулсан мөнгөний менежментийг сайжруулах асуудлыг ярих ёстой болов уу.

3. Хариуцлагын тогтолцоог сайжруулах: Мөн яаралтай хийх ажил бол хариуцлагын тогтолцоог сайжруулах юм. Хуулийн өмнө төр, иргэн тэгш эрхтэй гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл нийгмийн даатгалын санд одоогийн тэтгэвэр авагч нарт зориулсан тэтгэврийн мөнгийг төсвөөс оруулах ёстой ч сангийн яам оруулдаггүй. Оруулаагүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? Хэрвээ аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алдангийг тооцдог. Тэгвэл төр өөрөө үүргээ хүлээгээгүй бол адилхан алданги төлөх нь шудрага юм биш үү?

4. Бие даасан байдлыг хангах: Сангийн бие даасан байдлыг хангахгүйгээр улсын төсвийн цоорхойг даатгалын мөнгөөр нөхдөг явдал үргэлжилсээр л байх болно. Тухайлбал НД-ын газрын дарга нарыг хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас НД-ын 60-70 тэрбум төгрөг төрийн сангаар дамжаад төсвийн цоорхойг нөхчихсөн, эргүүлж олж авч чадаагүй жишээ ч гарчээ. Гэхдээ бие даасан байна гээд дарга болсон хүн нь идэж уугаад алга болдог тийм хяналтгүй тогтолцоог иргэд хүсэхгүй. Яагаад нийгмийн даатгалын дарга гэсэн албан тушаал хамгийн их эрх мэдэлтний анхаарлыг татдаг, яагаад нийгмийн даатгалын дарга нар дандаа идсэн уусан асуудалд холбогдоод байдгийн учир ч үүнд л байгаа болов уу.

5. Хувийн тэтгэврийн сан бодлогын сонголт: Иргэдэд сонголт олгоё. Барууны орнуудад байдаг хувийн тэтгэврийн санг хөгжүүлэх нь өнөөдрийн төрийн тэтгэврийн сангийн үрэлгэн, найдваргүй байдлыг арилгахад чухал ач холбогдолтой. Яагаад хувийн тэтгэврийн сангууд байж болдоггүй юм вэ? Бид малчид, хувиараа бизнес эрхлэгчдийг хүчээр төрийн тэтгэврийн санд хамруулах биш харин тэдний өөрсдийн санаачлага дээр тулгуурласан хувийн тэтгэврийн санг бий болгох ажлыг эхлэх ёстой. Энэ талаар судалгааны ажлыг хийх шаардлагатай байна.

2007 оны 1 сарын 1

Posted in Нийгмийн даатгал | Leave a Comment »

НИЙГМИЙН ДАЙЧИЛГААНЫ ШИМТГЭЛ

Posted by bolod on May 19, 2008

Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн даатгалын сан нь шимтгэл төлөгчдийн цуглуулсан мөнгийг бүгдийг нь эргүүлээд өндөр настнууддаа төлчихдөг, энэ нь ч бүрэн хүрэлцдэггүй тэтгэврийн сан байнга алдагдалтай явж ирсэн байна. Нийгмийн даатгалын систем социализмын үеийн халамжлагч төрийн тогтолцооноос гараагүй байгаа өнөөгийн нөхцөлд, урьд шимтгэлээ төлчихсөн иргэдийн мөнгийг идээд хуваагаад дуусгачихсан. Тиймээс өнөөгийн тогтолцоог эрс өөрчлөх боломж ихээхэн хүндрэлтэй нь харагдаж байна. Гэхдээ хүн амзүйн ачаалал хамгийн тааламжтай байгаа өнөө үед ч орлогоосоо зарлага нь давсан байдалтай байгаа нь цаашдаа Нийгмийн даатгалын тогтолцоо улам хүндрэх, улмаар нуран унахаас хэрхэвч зайлахгүй.

Монголд төрөлт 1989 онд хамгийн өндөр цэгтээ хүрсэн бөгөөд энэ үеийнхэн одоо ажлын гараагаа эхэлсэн нь шимтгэл төлөгчдийн эзлэх хувийг өндөр байлгаж байна. 1995 онд 100 тэтгэвэр авагчид 144 даатгуулагч ногдож байсан бол 2005 онд 251 болж өсчээ. Цаашдаа энэ тоо буурах бөгөөд хуучнаараа шимтгэл төлөгчдийн мөнгөөр тэтгэвэр тавиад байвал тэтгэврийн сангийн алдагдал улам нэмэгдэх болно. Нийгмийн даатгалын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг, тэндээс тараан хуваарилдаг тогтолцоо нь хэт үрэлгэн тогтолцоо болох нь харагдаж байна. НДЕГ, аймаг дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд ажиллаж буй мэргэжилтнүүдийн цалин, ахуй хангамжид нэлээд их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Дээр нь үе үеийн НДЕГ-ийн дарга нар байгууллагынхаа ажилчин албан хаагчдын ахуйн хангамжийг сайжруулах нэрийн доор байр орон сууц авч их хэмжээний мөнгө төгрөг зарцуулсан нь та бидний мөнгөнөөс хулгай хийснээс өөрцгүй харагдаж байгаа биз. Улаанбаатар хотод нэг байрны үнэ дунджаар 30 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Хэрэв энэ мөнгийг банкинд хүүтэй байршуулбал хэд болж өсөх боломжтойг доорх хүснэгтэд тооцоолон үзүүллээ.

 

Жил  Сарын 0.5% хүүтэй  Сарын 1% хүүтэй  Сарын 1.5% хүүтэй 
20  99306134.27  326776609.6  1068984467 
25  133949094.4  593653987.9  2611763989 
31  191821034.2  1215268670  7629375167 
36  258737831.2  2207774581  18640240285 

Ганцхан байрыг 30 сая төгрөгний өртөгтэй гэж үзвэл энэ нь 36 жилийн дараа 18 тэрбум 640 сая 240285 төгрөг болж өсөх бололцоотой мөнгө. Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр хүртдэг гэвэл дор хаяж 1500 хүний ирээдүйн баталгаагаар нэг хүний амьжиргааг өөд татаж байгааг харьцуулан харах боломжтой. Нийгмийн даатгалын сан ямар ч хяналтгүй байгаа учраас үргүй зардал их гардгийн нэгээхэн жишээ нь энэ буюу.

Хүн хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? Монголчуудын дундаж наслалт ердөө л 65, үүнээс эрэгтэй хүн 62, эмэгтэй хүн 68 насалдаг гэдэг. Эмэгтэй хүн дунджаар 12 жил тэтгэвэр авдаг, эрэгтэй хүн ердөө л 2 жил тэтгэвэр авдаг гэсэн үг. Тэтгэвэр авагчид маань төр засагт нэг их дарамт учруулдаггүй. Авах ёстой мөнгөнөөсөө хэд дахин бага мөнгийг ердөө л 2-12 жил авдаг ажээ. Yнэндээ бол авах ёстой мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чаддаггүй, төлсөн мөнгөнийхөө хүүтэй тэнцэх, түүнээс хэд дахин бага мөнгийг л авдаг болохыг бид харсан. Энэ мөнгөнөөсөө огтхон ч хүртэж чаддаггүй хүмүүс ч нэлээд бий. Нас барангуут түүний НДШ-д төлсөн мөнгө, нэрийн дансан дахь хуримтлал нь өөр хэн нэгний хармаа руу зүгээр л орчихдог гэж ойлгож болно. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тэтгэвэр авагч ахмадуудын маань тэтгэвэр нэлээд нэмэгджээ. Дунджаар тэд сард 100000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэе л дээ. Тэгвэл жилд нэг сая 200 мянган төгрөг, эрэгтэйчүүд 2 жилийнхээ хугацаанд хоёр сая 400 мянган төгрөг, эмэгтэйчүүд 12 жил тэтгэвэр хүртдэг гэж ойлговол нийт 14 сая 400 мянган төгрөгийн тэтгэвэр л хүртэх ажээ.

Өнөөгийн хэмжээтэй тэтгэврийг авахын тулд иргэд хэдэн жил ажиллах шаардлагатай вэ? Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр авдаг гэе. Хэрэв НДШ маань ядахад хууль ёсоороо сарын 0.5 хувиар өсдөгсөн бол ийм хэмжээний мөнгийг хүртэхийн тулд тэд хэдэн жил ажиллаж шимтгэл төлөөд нэрийн дансны хуримтлал үүсгэхэд хангалттай вэ?

Хүснэгт.2. Иргэд хэдэн жил ажиллавал бүрэн тэтгэвэр авах эрхтэй вэ? 

 Хэдэн жил тэтгэвэр авдаг вэ? Тэтгэврийн нэрийн данс дараах хүүтэйгээр өсдөг бол 
0.5%  1 %  1.5% 
1   Эрэгтэйчүүд дунджаар 2 жил   6.1  5.1  4.4 
Нийт иргэд дунджаар 7 Жил   14.1  9.8  7.5 
Эмэгтэйчүүд 12 жил   21.2  11.5  8.3 

 Дээрх тооцоогоор дээд тал нь 14 жил ажилласан бүх иргэд бүрэн тэтгэвэр авах хэмжээний НДШ-ийг хэдийн төлсөн байдаг ажээ. Хамгийн бага хүүтэйгээр өсөх хувилбараар бодоход ийм байгаа бөгөөд хэрэв 1% -аар нэрийн дансны хуримтлал тань өсдөг бол 10 жил хөдөлмөрлөсөн шимтгэл төлсөн иргэн хэн ч атугай бүрэн тэтгэвэр авах эрхтэй байх юм. Тэгвэл яагаад заавал 20 ба 25 жил ажиллаж байж тэтгэвэр тогтоолгох жишиг гарч ирсэн байна вэ? Туйлын тохиолдол буюу бүгд 12 жил тэтгэвэр авдаг, нэрийн дансны тань хуримтлал хамгийн бага 0.5% -аар өсдөг тохиолдолд л та 20 жил ажиллаж шимтгэл төлөх албатай болох нь хүснэгтээс харагдаж байна. Тиймээс өнөөгийн нөхцөлд 14 жил ажилласан иргэд ч гэсэн бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Тэр мөнгө нь улсаас тэднийг харж үзэж байгаа зүйл огтхон ч биш, харин тэдний өөрсдийн мөнгө байх болно.

Иргэд сард хэдэн төгрөгийн шимтгэл хураалгахад хангалттай вэ? Хэдэн хувийн шимтгэл хураалгахад бодитой байх вэ? Хэрэв хууль ёсоор иргэд доод тал нь 20 жил хөдөлмөрлөж, 20 жил НДШ төлөх албатай юм бол хэдэн төгрөгийн шимтгэлийг хураалгах шаардлагатай вэ? Иргэд дунджаар 7 жил тэтгэвэр хүртдэг гэвэл энэ хугацаанд хүртэх тэтгэвэрт нь хүрэлцэх хэмжээний мөнгийг хуримтлуулахын тулд иргэд сард ердөө л 16.5% -ийн шимтгэл төлөхөд энэ нь сарын 0.5% аар өсгөөд тооцоход 20 жилийн дараа ойролцоогоор 7 сая орчим төгрөг болох юм. Дээр нь энэхүү мөнгө маань 10-15 жил (55-60 нас хүртэл нь) хүүтэй хадгалагдана гэвэл энэхүү шимтгэлийн хувийг бүр бага байлгаж ч болно. Харин 36 жил шимтгэл төлдөг хүн бол сард 5.1% -ийн шимтгэл төлөөд байхад л 7 сая төгрөгийг хуримтлуулах ажээ. Энэхүү тооцоог гаргахдаа цалингийн доод жишгийг баримтлан гаргасан бөгөөд хэрэв бусад нэмэгдэл орлогуудыг тооцох юм бол, энэ хувийг дахин багасгах ч боломжтой юм. Түүнчлэн хадгаламжийн хүүг 0.5% биш ХАС Банкны 1.5% хүүтэйгээр тооцвол 36 жил ажилласан иргэн сард 0.2% -ийн шимтгэл төлж, сар бүр 200 хүрэхгүй төгрөг хадгалуулаад байвал та тэтгэвэрт гарсныхаа дараа сар бүр 100000 төгрөгийн тэтгэврийг 7 жилийн турш авах боломжтой болох юм. Тэгвэл бид яагаад түүнээс дор хаяж зургаа дахин цаашилбал 58 дахин өндөр хувьтай шимтгэлийг юуны тулд төлөөд, юуг хүлээгээд хэнд юуг даатгаад байгаа юм бол? Бодох л ёстой асуудал байгаа биз.

2006 оны 12 сарын 12

Posted in Нийгмийн даатгал | 1 Comment »