Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ГЭМТ ХЭРГИЙН НИЙГЭМ

Posted by bolod on May 4, 2008

Сүүлийн үед цагдаагийн байгууллагын болоод төрийн удирдах албаны хүмүүсээс нийгэм дэх гэмт хэргийн хэмжээ тогтвортой буурч байгаа талаар ам уралдан мэдэгдэл хийх болжээ. Энэ бүхнээс үзэхэд эрүүгийн нөхцөл хөнгөрч бид аюулгүй амар, тайван орчинд ажиллаж амьдрах сайхан цаг ирж байгаа бололтой. Гэтэл дээрх мэдэгдлүүдийн араас ёр шиг ямар нэгэн онц ноцтой хэргүүд үйлдэгдэж, энэ тухай хэвлэлээр цацагдаж хэрдхийлгэх нь хачирхалтай. Түүнчлэн гэр бүл, танил танил, найз нөхөд гээд ойр хүрээлэлд маань дээрэмдүүлсэн, зодуулсан, хулгайд юмаа алдсан, завшуулсан хүний тоо олшроод байна. “Социологийн Академи” төвөөс мэргэжилт нэгт нөхдийн хамт явуулсан судалгаанууд дээр үндэслэн эрүүгийн нөхцөл, хандлагын талаар зарим зүйлийг тэмдэглэх хэрэгтэй гэж бодлоо.

Гэмт хэргийн тоо бүртгэл Сүүлийн 5 жилийн статистик мэдээнээс харвал 2001 оноос хойш гэмт хэргийн тоо бага ч болов зогсолтгүй буурсан дүнтэй харагдаж байна. Гэвч энэ статистикт итгэж болох уу гэдэг нь өөрөө нарийвчлан судалж тодруулах шаардлагатай асуудал мөн. 2005 оны 11 сард, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын захиалгын дагуу, НҮБХХ-ийн санхүүжилтээр, “Социологийн Академи” төвөөс эрхлэн явуулсан “Хот суурин газар дахь гэмт хэргийн тархалт, шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгаанд оролцогчдын 51.4% нь сүүлийн жилүүдэд гэмт хэрэг өссөн гэж үзэж байгаа бол дөнгөж 10.9% нь гэмт хэрэг буурсан гэжээ. Түүнчлэн эрүүгийн нөхцөл байдал нь улам хүндэрч байна гэж 62.3% нь үзэж байхад дөнгөж 10.3% нь хүндрээгүй, гайгүй гэж үзэж байна. Ийнхүү албаны хүмүүсийн мэдэгдлээс олон нийтийн санал бодол эрс зөрж байгаа нь нэгийг өгүүлж байгаа юм. Барууны нэртэй судлаачид тухайлбал Английн социологич Э.Гидденс албан ёсны статистик бол зөвхөн цагдаад бүртгэгдсэн хэрэг хэмээгээд нийгэмд бодитой байгаа гэмт хэрэг, цагдаад бүртгэгдсэн гэмт хэрэг хоёрын хэмжээ үлэмж ялгаатай байдгийг Их Британи, Америкийн жишээн дээр судалсан билээ. Тэрээр нэгдүгээрт нөлөө бүхий /эрх мэдэлтэй, баян чинээлэг/ хүмүүсийн гэмт хэрэгт хууль сахиулах байгууллагууд хүлцэнгүй ханддаг. Тиймээс бүрэн бүртгэгддэггүй, хоёрдугаарт гудамжны буюу борчуудын гэмт хэрэг нь олон шалтгаанаар статистикт багтдаггүй болохыг нотолсон. Манай улсын хувьд эрх дархтай, баян чинээлэг хүмүүсийн гэмт хэрэг бүрэн байтугай бүхлээрээ статистикын гадна байж ирсэн байна. /манай төв судалж байгаа/ Харин энэ удаад сайх эрдэмтний хэлсэнчлэн борчуудын гэмт хэргийн тухайд /гудамжны/ авч үзье. Гэхдээ бид цагдаагийн бүртгэсэн статистикаар биш хохирогч судлалаар, дамжуулан гэмт хэргийн хэр хэмжээ, тархалтыг судлах аргазүйг баримталсан юм. Ингэж үзэхэд хот, суурин газарт үйлдэгдэж байгаа гэмт халдлагын одоогийн хэмжээ олон талаар тооцоолвол бүртгэгдсэн гэмт хэргээс даруй 6 дахин их байгаа нь харагдаж байна. Судалгаанд хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь юмуу тэдний ойр дотны хүмүүс сүүлийн нэг жилд гэмт халдлагад өртжээ. Харин гэмт халдлагад өртсөн үедээ цагдаад бүртгүүлсэн гэж дөнгөж 17.5% нь хариулсан билээ. Yлдсэн хувь нь тэр болгон бүртгүүлдэггүй байна. Ийнхүү гэмт халдлага бүртгүүлэхгүй байх шалтгаан нь цагдаад хандаад хэрэг шийдэгдэнэ гэж итгэдэггүй (37.8%), түүнчлэн хэрэг төвөг хэт сунжирахаас төвөгшөөдөг (28.6%) зэргээс үүдэлтэй байна. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд юм уу дотно хүмүүсийн хүрээнд гарсан хэрэг явдал дарагддаг гэж судалгаанд оролцогчдын 20 орчим хувь нь хариулжээ. Судалгааны үр дүнгээс үзэхэд хулгай, дээрэм, танхай, бие мах бодид халдах, булаах зэрэг гэмт хэргийн өнгө төрлүүд өдөр тутмын гэрэл зураг шиг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ.

Гэмт хэргийн потенциал Манай өнөөгийн нийгэмд гэмт хэрэг үйлдэж болзошгүй, түүнд хамгийн ойрхон хүмүүсийн хэмжээ нэмэгдсээр байна. Германы хэсэг эрдэмтэд ийм хүмүүсийг эрсдлийн бүлэг гэж нэрлээд энэ бүлгийн жин ямар байгаа нь тухайн нийгмийн гэмт хэргийн потенциалыг илэрхийлнэ гэжээ. Бид судалгааны явцад эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, сургууль завсардсан юм уу суугаагүй, архи согтууруулах ундаа нэлээд хэрэглэдэг, зан суртахууны эвдрэлтэй, байнга хэл ам таталдаг, танхай, эсвэл ял эдэлж байсан, биеэ үнэлэх, мансуурах зэрэг гаж зан үйл бүхий хүмүүсийг гэмт үйлдэл хийх магадлал өндөртэй гэж үзсэн юм. Судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь өөрсдийн гэр бүл, ойр хүрээлэлд дээрх хэв маягийн хүмүүс байдаг гэж хариулсан байна. Нөхцөл байдлыг үнэлж үзсэнээр тэдгээр хүмүүс амьдралын харанхуй битүү тойрогт орсон бөгөөд энэ нийгэмд хууль ёсоор ажиллаж амьдарч, баялаг хүртэх боломжгүй, харин нөгөө талаас нийгэм орчноос тийм боломж хаагдмал болжээ. Хэдийгээр онолын үүднээс үзвэл хүн бүр гэмт хэрэгтэн байх бүрэн бололцоотой ч дээрх бүлэг хүмүүс гэмт хэрэгтэн байх, гэмт явдалд орооцолдох эрсдэл хамгийн өндөр байна. Гэмт хэргийн нуугдмал боломжит эл хүмүүс нийт гэр бүлийн 50 шахам хувьд байдаг бол, найз нөхдийн хүрээнд 66%, хамаатан садны хүрээнд бүр 70 гаруй хувьд хүрч байна. Энэ нь манай нийгэм гэмт хэргийн потенциальт нийгэм болсон бөгөөд гэмт хэрэгтнүүдийн нийгэм болоход маш ойрхон байгааг харуулах юм.

 Гэмт хэргийн хохирол 1939 оны Халх голын болон 1945 оны чөлөөлөх дайнд нийтдээ Монголоос 280 орчим хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил монголд гарсан гэмт хэрэг нь хэд хэдэн халх голын юмуу чөлөөлөх дайнтай тэмцэх хэмжээний хохирлыг /зөвхөн хүний амиар хэмжихэд/ авч иржээ. Хүмүүний биеийг олж төрөх нь бурхны хишиг байлтай авч өнөөдөр Монгол хүний хувьд гэмт хэргийн нийгэмд халдашгүй дархан байх, аюулгүй байх, хамгаалуулах, цаашилбал амьд явах эрх нь нэгэнт хүчин төгөлдөр бус болжээ. Монголчууд хэнийг нь мэдэхгүй дайснуудын дунд амьдарч байна. Хохирогчид нь ч бид дайснууд нь ч мөн л бид байгаа хамгийн гажиг нийгэмд аж төрж байна. Сүүлийн 15 жилийн байдлаар зөвхөн санаатай гэмт хэргийн золиос болж 4 мянга орчим хүн бусдын гарт амь үрэгдсэн юм. Харин 2000 оноос хойш гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндээ алдсан хүний тоо 30 мянга хэдийнэ давжээ. Гэхдээ энэ зөвхөн статистик гэдгийг бас л тэмдэглэхэд илүүдэхгүй бизээ. Энэ нийгэмд гарч буй гэмт хэргийн нийт хохирлыг бүрэн гаргахын тулд гурван зүйлийг судлах ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт эрх мэдэлтэй, нөлөөтэй, чинээлэг хүмүүсийн гэмт хэргийн улмаас энэ нийгмийн баялаг, шударга ёс, үнэт зүйлс бүрэн цөлмөгдсөн ба үүнийг тооцоолох хэрэгтэй. Далд эдийн засаг, газрын болон үнэт цаасны хуйвалдаан, акц, хууль бус үйлдвэрлэл, авилгал, хүрээлэн буй орчны бохирдол, сүйрэл гээд тооны машинд багтахгүй мөнгөн дүнгийн болон хүний санаанд багтамгүй нийгэм сэтгэлзүйн хохирлыг өнгөрсөн 15 жилд тэд нийгэмд учруулсан юм. Хоёрдугаарт Хүний амьдралын ойр хүрээлэлд тухайлбал гэр бүл, ах дүүс, хамаатан садан, найз нөхөд зэрэг дотно бүст гэмт хэрэг их хэмжээгээр нуугдаж байна. Сэтгэл түгшээх нэг зүйл бол гэмт хэрэг гудамжнаас гэр оронд шилжиж байгаа явдал юм. Нийгмийн хөгжлийн эх орчин, ариун дагшин энэ бүст гэмт хэрэг нүүрлэх нь бодит аюул, нийгэм сууриараараа криминалжиж байгаагийн үзүүлэлт мөн. Хор хохирол, үр дагавар нь энэ нийгэмд ердийнхөөс хэд дахин илүү тусч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт далд хэлбэрүүдийг орхин зөвхөн статистикаас үзэхэд нийслэл болон томоохон хотуудад сүүлийн таван жилд гарсан гэмт хэргийн 30 орчим хувь нь гэр ахуйн хүрээнд үйлдэгджээ. Гуравдугаарт Биед явсан эд зүйлээ булаалгах, дээрэмдүүлэх, зодуулж, занчуулах, харьцангуй хөнгөн хэлбэрийн гэмтэл, бэртэл авах, залилуулах, танхайралд өртөх зэрэг нь энэ нийгмийн гишүүдэд байдаг л үзэгдэл болсон тул түүнийг тэр бүр бүртгүүлэхгүй, хохирол нь статистикын гадна үлдэж байна. Дөрөвдүгээрт зарим нэг гэмт хэргийн онцлогоос хамаарч хохирогчид өөрсдөө далдлах нь нэг бус нэлээд байна. Тухайлбал эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэргийн золиос болох нь нэмэгдэж шилээ даран дуулдах болжээ. Хүчингийн хэрэг бүлэглэсэн, даажигнасан, балмад авирласан, хэрцгийлсэн шинжтэй болов. Нэг хүчингийн гэмт хэрэг илрэхэд дор хаяж 5 хохирогч түүний цаана байгаа юм. Ерөнхийд нь авч үзвэл манай судалгаанд оролцогчдын 6.2% нь өөрийгөө сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа гэмт халдлагад өртсөн хэмээн хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын гэр бүлийн аль нэг гишүүн нь, хамт ажиллагч нь, хамаатан саднууд нь ямар нэг хохирол амссан гэх мэтээр хариултыг хөөн үзвэл энэ тоо улам өсөж 50 %-д хүрч байна. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогч хоёр хүн тутмын нэг нь өөрсдийн ойр орчмын хүмүүсээс сүүлийн нэг жил гэмт халдлагын улмаас хохирол амссан гэж хариулжээ. Хохирогчид борооны дараах мөөг лугаа олширсон тул тэр хэмжээгээр хохирол геометр прогрессоор өсөх нь дамжиггүй. Yнэндээ цахилгааны тоолуураа алдаагүй айл өрх, толио хулгайд алдаагүй жолооч, гар утсаа алдаж байгаагүй хэрэглэгч, халааснаасаа, мөнгөө, хэтэвчээ, бичиг баримтаа суйлуулаагүй иргэн, цүнхээ зүсүүлж, ухуулж, булаалгаж байгаагүй эмэгтэй, хамар нь муруйгаагүй эр хүн үзээд өгье гэсэн ч байхгүй болжээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл Гэмт хэргийн тоо огтхон ч буураагүйгээр барахгүй, ойрын жилүүдэд харин ч нэмэгдэх хандлагатай байгааг дараах хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно.. А/ Хамгийн ерөнхий шалтгаан нь хууль ёсны баталгаа болсон ёс сурахууны өвөг үнэт зүйл, хэм хэмжээ уналтад орж, энэ нийгэм Францын социологич Э.Дюрхэймийн тодорхойлсончлон аноми нийгэм /хэвийн бус/ болж, бидний амьдрал зохицуулалтгүй хоосон орон зайд жингүүдэх болжээ. Нийгэмд хуулийн нэр хүнд унаж, хууль дээдлэх ёс гэдэг нь хуульгүй амьдрах ёс болон хөрвөсөн юм. Хуулийг хэрэгжүүлдэггүй, дагаж мөрддөггүй, гуйвуулдаг, зувчуулдаг, өөртөө үйлчлүүлдэг, хууль тэгш үйлчилдэггүй болсон юм. Гэмт хэргийн нийгмийг илтгэх үндсэн үзүүлэлт бол зонхи Монголчуудын ёс суртахуунгүй, хууль бус амьдрах сэтгэлгээ, урвуу ухамсрын төлөвшил билээ. Б/ Ядуурал сүүлийн жилүүдэд огтхон ч буураагүй, харин ч нэмэгдэж улам гүнзгийрсэн байна. Ажилгүйдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор өрх гэрийн орлого санхүүгийн чадавхи уналтад орсон. Сүүлийн 15 жил нүүрлэсэн энэ хоёр гамшиг нь К.Марксын хүрсэн “хүн амын олонхи нь ядуурч цөөнх нь баялгийг гартаа авсан нийгэмд гэмт хэрэг хүн амын тооноосоо үлэмж ихээр өсөх болно” хэмээх дүгнэлтийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрөхөд хүргэж байна. Судлаачдаас Монголд социализм задрахад байсан нийгмийн баялгийг 1000 орчим гэр бүл хуваан авч эзэмшиж буй гэж үздэг хэсэг байхад өнөөдөр хүн амын 3 хувь нь юунд ч санаа зовохгүй, харин 40 хувь нь ирээдүйдээ ямар ч итгэлгүй, одоодоо ямар ч баталгаагүй амьдарч байна гэсэн тооцоог ч хийх нь бий. Шилжилтийн үеэс дээрх хоёр шалтгаан гэмт хэрэгт үнэмлэхүй жин дарах болсныг 1980-аас 1990 он хүртэлх арван жилийн дотор бүртгэгдсэн гэмт хэргийн тооноос /30552/ шилжилтийн 10 жил бүртгэгдсэн гэмт хэргийн тоо /85101/ даруй 2.8 дахин өссөн байгаагаас харж болно. В/ Архидалт нийгмийн бүх хүрээнд хавтгайрсан ч түүнтэй тэмцэхийн оронд далдуур өөгшүүлэх, дэмжих хандлага ажиглагдах болсон. Архидалттай гоё хууль гаргах, архины дэлгүүр, баар, савны хаалгыг барих замаар биш түүний үндэстэй нь тэмцэх урт хугцааны ухаалаг технологи байдгийг гадаадын орнууд тухайлбал Швед харуулсан байдаг. Цагдаагийн статистикаас харвал согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өсч нийт гэмт хэргийн бараг гуравны нэг нь согтуугаар үйлдэгдэж байна. Зарим судлаачид сүүлийн хоёр гурван жил багасаж байна гэдэг. Гэвч архидалт бас далд байдалд орж, гэр бүлийн хүрээнд шилжсэнээр ахуйн хүрээнд гарах гэмт хэргийг өсөхөд нөлөөлж буй нэг хандлага байгааг анхаарах хэрэгтэй боловуу. Г/ Өнөөгийн гэмт хэрэгтэй тэмцэх эрхзүйн орчин, үйл ажиллагаа, механизм нь түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гэхээсээ илүүтэйгээр гэмт хэрэгт түлхэх, гэмт хэргийг урамшуулах, эс бөгөөс гэмт хэрэгтнийг нийгэмд өширхөх сэтгэлийг даамжруулах хандлагатай болжээ. Энд өнөөгийн эрүүгийн салбарт үйлчилж байгаа хуулиудаас эхлээд захын сэжигтэнтэй харьцах хуулийн системийн албан хаагчдын ажлын арга барил, ёсзүй, соёл, итгэл үнэмшил, тогтсон хандлагыг багтаан дүгнэж байна. Манай улсын эрүүгийн практикт эрүүдэн шүүх, шоронд хорих, шороонд булах практик давамгайлах хандлагатай ба цэргийн алба хашигчидаасаа хоригдогчид нь хол илүү байна. Гэвч энэ нь нөгөөл борчуудад хатуурхагч, ихэс дээдэст ээлтэй хууль шүүхийн тогтоцыг бүтээж байна. Оросын нэгэн судлаач шоронгийн тоо нэмэгдэх тусам шорон эрэлттэй болдог, шоронд орсон хүн ямагт шоронждог, шоронгоор хөөцөлдсөн нийгэм улам улам криминалждаг гэсэн дүгнэлтийг “Шоронгийн парадокс” гэсэн өгүүлэлдээ бичжээ. Тавин мянган төгрөг суйлсан жаалхүүд эрүү шүүлт шорон гяндан оногддог, таван тэрбумаар нь цөлсөн эвэртэн өмгөөлөл, хамгаалал цол хэргэм хүртдэг. Ерөнхийдөө энэ нийгэмд гэмт хэрэгтнүүдийн эгнээ өргөжих нэг үндэс бол харгис хатуу, хүнлэг бус, шударга бус эрхзүйн тодруулбал эрүүгийн практикт өөрт нь байна. Д/ Өнөөгийн нийгмийн зонхи нь ийнхүү гэмт үйлдлээр дадаж, амьдралын хэв маягийг бүтээхийн хирээр эргээд манай нийгмийн сэтгэлзүй түүнд дасан зохицох үйл явц эрчимтэй явагдаж байна. Нийгмийн сэтгэлзүй дэх олон нийтийн хүлээн авалт, төсөөлөл ерөнхийдөө ямар ч гэмт хэргийг байдаг л зүйл гэж тусган авах болжээ. Хэдхэн жилийн өмнө хүний амины хэрэгт цочирдон хүлээн авдаг байсан Монголчуудын хамтын мэдрэмж өдгөө бүл, хотлоор нь хүйс тэмтэрсэн, хэрцгийлсэн, санаанд багтамгүй гаж үйлдлүүдэд ч эмзэглэх байдал нь буурсаар байна. Дээр дурдсанчлан социологич Э.Дюрхэйм авгай бас гэмт хэрэг нь нийгэмд эерэг үүрэг гүйцэтгэдэг, учир нь хүмүүсийн хамтын ёс суртахуун аль нэг гэмт хэргийн тухайд түүнийг үзэн ядах, эрс буруушаах мэдрэмжээрээ нэгдэж, харин ч гэмт хэргийн эсрэг нийгмийн сэтгэлзүйн дархлааг хөгжүүлдэг хэмээжээ. Тэгвэл бидний хамтын амьдралд энэ мэдрэмж үзтэл унасаар байна. Иргэд эрх зүйт төрд итгэх итгэл алдарч, хууль хүчний байгууллага тэдэнд үйлчилнэ гэдэгт итгэхгүй эрх ашгийг нь хэзээ ч хамгаалахгүй гэж бодох тусам, нийгэмд ийм сэтгэл зүй давамгайлах тусам хуулийг үзэн ядах, хууль хүчний байгууллага, цагдаагийн ажилтнуудыг үзэн ядах, эрх мэдэлтэн чинээлэг иргэдийг үзэн ядахад хүрдэг. Хууль хэрэгждэггүй юм бол би ч гэсэн бодол тэдний зан үйлд илэрдэг. Иргэд болон цагдаагийн байгууллагын хооронд маш том орон зай үүссэн. Иргэд цагдаад итгэхээсээ илүүтэйгээр болгоомжилдог, цэрвэдэг. Согтуу хүнээс биш цагдаагаас айж зугтаадаг болсон. Е/ Эцэст нь нийслэл хийгээд төвлөрсөн газарлуу чиглэсэн нүүдэл нь хот суурин газарт хүн амын бөөгнөрлийг эрс хөөрөгдөж гэмт хэрэг өсөхөд тодорхой байдлаар нөлөөлж байна. Оросын академич В.Кудрявцев хүн амын төвлөрөл нь хүмүүсийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, гэмт хэрэгтний биеэ авч явах байдалд шууд нөлөөлөхгүй ч, юуны өмнө гэмт зан үйлийн халдварлал, солилцоо явагдах, гэмт хэргийн орчин бүрэлдэх, соёл төлөвших, гэмт үйл ажиллагаа байгууллагажих нөхцөл болж, механик нөлөө үзүүлдэг гэсэн юм. Судлаачдын хэлснээр Лондон олон улсын гэмт хэргийн төв болдог бол манай нийслэл Улаанбаатар Монгол хэмээгдэх гэмт хэргийн нийгмийн үнэмлэхүй төв болж, гуйлгачингаас эхлээд төрийн сайд хүртлээ хууль бус амьдрах бүхий л боломжийг агуулсан “аавын хүү” хүчээ сорих, байгалийн шалгарлаар амь зуух талбар болжээ. Гэмт хэрэг өргөжин дэлгэрэх, гэмт хэрэгтнүүд өөр хоорондоо нарийн, ойр дөт харилцаанд орох, гэмт үйлдэл, сэдэл, арга ажиллагааны туршлагаа хоорондоо хуваалцах, сүлжээнд орох боломж энэ талбарт л хадгалагдаж байна. Гэмт хэргийн нийгмийн талаар зарим нэг хүрээнд тайлбарлах аваас ийм дүр зураг харагдана. Бид далд хийгээд ил, үзэгдэх хийгээд үл үзэгдэгч эрүүгийн нөхцөл байдалд амьдарч байна. Судалсан, шинжилсэн, дүгнэсэн зүйлс дээр тулгуурлан тантай саналаа хуваалцлаа, цаашид хэрхэн тунгаах нь зөвхөн Таны эрх болой.

Ц.Болд, Г.Түмэннаст

2005 оны 12 сарын 25

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: