Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МАХН ба АН-уудын нэр хүнд бол нэг зоосны хоёр тал

Posted by bolod on May 4, 2008

2000 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн, тухайн үеийн ерөнхий сайд асан С.Амаржаргал, Социологийн судалгаа гэж нэг хэнд ч хэрэггүй юм байдаг болтой юм яриад, Монголд Олон улсын түвшинд нийцсэн социологийн судалгааг явуулдаг байгууллагууд бий болтол 10 жилийн зай бий хэмээж байсан нь саяхан. Адилхан ч юм уу даа цаг үе гэж. Адилхан ч юм уу даа улс төрчид гэж. Өнөөдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр мөн түүнтэй адилхан мэдэгдэл хийгээд сууж байнаа.

Түүнийг бид боловсролтой, чадалтай, тулхтай улс төрч гэж үнэлдэг боловч түүний хэлсэн “социологийн гол судалгаа чинь сонгууль шүү дээ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй нээ. Тэрээр бас “социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна. Социологийн “сайн” судалгааны алдааны магадлал гэхэд л 3-5 хувь байдаг.” хэмээн мэдэмхийрчээ. Социологийн шинжлэх ухааны анхны мэдэгдэхүүнгүй хүнд хандаж хэлэхэд “Социологи бол зөвхөн хувь процентоор хөөцөлддөг шинжлэх ухаан биш” гэдгийг мэдтүгэй. Социологи бол түүнээс хамаагүй өргөн хүрээтэй, тэр хэрээр суурь шинжтэй, нарийн шинжлэх ухаан гэдгийг хэлэх байна. Улс төрийн албан тушаалтных нь хувьд түүний арьсаа өмгөөлсөн мэдэгдлийг ойлгож болно л доо. Өөрөөр ойлгох боломжгүй юм. Хэдийгээр тэрээр энэхүү судалгаануудын дүнд эргэлзэж итгэхгүй байгаа дүр үзүүлж байгаа боловч, үүнээс ямар нэгэн цочрол авсан болох нь, үүний мөрөөр арга хэмжээ авч эхэлж байгаа нь мэдрэгдэж байна. Ингэхгүй бол тэрээр улс төрч биш билээ.

Судалгааны дүн сурталчилгаа мөн үү? “Социологийн судалгааны дүн цэвэр сурталчилгаа болоод байна” гэсэн түүний шүүмжлэлд хариу барья. МУИС -ийн Социологийн тэнхим, “Социологийн академи” төвөөс эрхлэн өргөн хүрээтэй, олон чиглэлийн судалгаа шинжилгээний ажил явуулдгийн дотор улс төрийн судалгаа, сонгуулийн судалгаанууд зохих хувийг эзэлдэг. Энэхүү судалгааныхаа дүнд бид огтхон ч эргэлздэггүй боловч үр дүнг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашигладаг байсан учраас олон нийтэд тэр бүр зарлаж, сурталчилж байгаагүй юм. Бидний хийсэн зарим судалгааны дүнгүүд С.Баяр танд хүрч байсан учраас үнэн гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Бусад судалгааны төвүүдээс ялгагдах бидний давуу тал бол онолын болон хавсарга судалгааг албан ёсоор эрхэлдэг, мэдээллийн олон жилийн бааз суурьтай, мэргэжлийн бөгөөд улс төрд огт хамаагүй байдаг, орчин үеийн шинжлэх ухааны арга зүйг харьцуулах боломжтой, нийгмийн үзэгдлийн учир шалтгааныг олж таних гэсэн шинжлэх ухааны чин хүсэлд байдаг юм. Иймээс таны шүүмжлэл, “таны мэдэх” зөвхөн тэр л судалгааны байгууллагуудад хамаатай болов уу. Ер нь бол судалгааг хэн дуртай нь биш, аль нэг намын төлөөлөл биш, жинхэнэ мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг нь дэлхийн практикаар нотлогдсон зүйл. Улс төрчид, “Сант Марал Төв”-ийн судалгаа хэмээн ам амандаа ярьдаг мөртөө өөртөө таалагдахгүй дүн гарангуут мөнөөх Сант Марал руугаа дайрдгийг ойлгох аргагүй. Сант Марал төв тогтвортой, давталттай судалгаануудыг тасралтгүй явуулж ирсэн нь тэдний гол давуу тал. Бид зарим үед судалгаа явуулж амждаггүй нь голдуу хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг бөгөөд энэ байдал нь МУИС – ийн мэргэжлийн тэнхим судалгаа явуулж чадахгүй гэсэн үг огтхон ч биш юм. Бид бусад судалгааны байгууллагуудын судалгааны дүн мэдээллийг хүндэтгэн үзэж, харьцуулан шинжилдэг бөгөөд Харин “Прогноз”, “3өгий” зэрэг судалгаануудын дүнд бол илүү болгоомжтой хандахаас аргагүй. Сонгууль дөхсөн үед ямар нэг судалгааны дүн байтугай, бодлогогүй хэлсэн үг, хийсэн нэг алхам ч сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй байдаг. Харин сонгуулийн сураг дуулдаагүй байхад хийгдсэн судалгааны дүнд эргэлзэх бодит шалтгаан бараг байхгүй. Байвал улс төрийн шалтгаан л байж болох юм биз. “Социологийн Академи” төвөөс эрхлэн 2006 оны 3-4 сард улс төрийн нөхцөл байдлыг давталттайгаар судалж үзсэн. Энэхүү судалгааг 3 сард иргэний хөдөлгөөнүүд идэвхжихээс өмнө болон иргэний хөдөлгөөнүүдийн эрчим саармагжиж эхэлсэн 4 сарын сүүл үеэр тус бүр 300 хүний түүвэртэйгээр хоёр удаа давтан явууллаа. Судалгааг зөвхөн Улаанбаатар хотод явуулсан учир нийт улс орны төлөөллийг бүрэн хангаж чадахгүй. Бидний зорилго нийт улс орны төлөөллийг хангасан судалгаа хийхэд биш, нийгэмд ямар нэг өөрчлөлт болох гээд байна гэдгийг таамаглаж, тэр нь хэзээ вэ, юу болох гэж байна, яагаад ийм юм болов гэдэгт хариу олоход чиглэсэн юм. Ингэхэд 3-5 сард МАХН-ын ба АН-ын рейтинг нэлээд ойрхон болсон байлаа. Гэхдээ АН-ынх үл ялиг илүү, тогтвортой байхад МАХН-ынх буурах маягтай байсан юм. Яагаад ийм юм болов гэдгийг өнөөгийн нөхцөл байдлаас хайхаасаа илүүтэйгүүр өнгөрсөн он жилүүдийн нөхцөл байдал, болж өнгөрсөн үйл явцуудаас хайх нь дээр болов уу? Yүнд хариулт өгөхөд бид бэлэн.

МАХН-ын рейтинг унасан шалтгаан. МАХН-ын рейтинг унасны бурууг эрхэм С.Баяр, судлаачдаас биш өөрсдөөсөө хайвал зүйтэй болов уу? Зүгээр чиглүүлэх үүднээс хэдэн харьцуулалт хийе.

1. Намуудын рейтинг одоогоор лидерүүдийнхээ хэврэгхэн нэр хүндээс ихээхэн хамааралтай байгаа. МАХН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга Ц.Элбэгдорж хоёрыг харьцуулаад үз. Ц.Элбэгдоржийг баастай бурхан гэх гээгүй ч, Аль ч талаас нь аваад үзсэн тэрээр М.Энхболдоос толгой илүү, сонгогчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч. Ядахад л Ц.Элбэгдорж хэлээ амандаа хийхгүй ярьж чаддаг бол М.Энхболд нүдээ эргэлдүүлэхээс цаашгүй юм. Ийм учраас МАХН-ын нэр хүнд унахад намын даргаар М.Энхболд сонгогдсон, улмаар ерөнхий сайд болсон, Ц.Элбэгдорж огцорсон ч АН-ын даргаар сонгогдсон нь, энэхүү хүчний харьцаа өөрчлөгдөхөд хүчтэй нөлөөлсөн байна. Судалгаанд оролцогчдын 60% нь Ц.Элбэгдоржийн ЗГ огцорсныг буруу зүйл болсон гэж үзсэн бол М.Энхболд Ерөнхий сайд болсныг буруу гэж 53% үзэж байна. Ц.Элбэгдорж намынхаа рейтингийг дээрээс нь татдаг /намынхаа рейтингээс ямагт өндөр хувь авдаг/ улс төрч лидер бол М.Энхболд намынхаа рейтингийг доош нь зулгаадаг тааруухан улс төрч.

2. Аль аль намд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд байдаг ч мөн л хэл аманд орооцолдсон, нэр хүндээр тааруухан улс олон. Тэр тусмаа МАХН-ын гишүүд энэ тал дээр АН-ыг хол хаясан байгаа. Ямар ч гэж олон нийтийн сэтгэлзүйд ийм ойлголт баттай төлөвшсөн байна. Yүнийг бүхий л судалгааны дүнгүүдээс, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж үзэж болно. МАХН зөрчилдөгч хэд хэдэн бүлгээс тогтох болж, удирдлагын нэгдмэл байдлаа нэгэнт алдаад байна. Эрх баригчид энэхүү зөрчлөө ихээхэн нуудаг боловч энэ нь олон түмэнд дэндүү тодорхой байна. Дашрамд дурдахад МАХН – ын хямралын үндсэн бөгөөд голлох шалтгаан нь 1996 – 2004 онуудад нам болон төрийн эрх мэдлийг барьж байсан Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч. Улаан тэргүүтэй удирдагчид юм. Харин АН-ын хямрал нь АН, МСДН-тай нэгдсэнээр хурц хэлбэртээ шилжсэн, тодруулбал Р.Гончигдорж, М.Энхсайхан тэргүүтэй лидерүүдтэй нь мөн л холбоотой юм.

3. Намуудын үзэл баримтлал гэх юм барагтайхан. Хоёулаа аман дээрээ халамжлагч төрийн бодлого баримталж ихийг амлах мөртөө ачир дээрээ үр дүн нь тэг, бас талцаж маргалддаг. Энэ тал дээр энэ хоёр нам нэг зоосны хоёр тал. Голлох намуудын удирдах дээд бүлэглэлүүд улс төр – эдийн засгийн хувьд нэг анги, давхарга болсон учраас үндсэн ашиг сонирхол адилхан. Үзэл баримтлал, үйлдэл хоёр нь огтхон ч авцалдахгүй болсон нь гишүүд дэмжигчдийг нь үргээж, тогтворгүй байдлын уг сурвалж болдог. Улмаар сонгогчид улс төрөөс залхаж, намуудад итгэх итгэл, цаашилбал төр засагт итгэх итгэлийг үгүй болгож байна. Ард түмний эрх ашгийг хамгаалсан, нийгмийн захиалгаар бий болсон мөрийн хөтөлбөртэй гэх, гэтэл сонгогчид намыг нь дэмжихгүй байгааг яагаад анхаарахгүй байна.

4. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь аваад үзсэн ч гэсэн өрсөлдөж буй гол амлалт нь хүүхдийн мөнгө, 40000 орон сууц эсвэл шинэ гэр бүлд олгох 500 000 төгрөг, шинэ мэндэлсэн хүүхдэд өгөх 100 000 төгрөг болон 145 000 ажлын байр. 2004 оны сонгуулийн дараахан, ЗГ байгуулагдаж хараахан амжаагүй байх үед Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай аймгуудын нийт 500 орчим респондентыг хамруулсан судалгааг явуулсан бөгөөд энэ судалгааны дүнгээс үзэхэд сонгогчид хоёр талын амлалтаас нэг нэг заалтыг нийтлэг сонирхон хүлээж байсан юм.

МАХН-ын мөрийн хөтөлбөр       Эвслийн мөрийн хөтөлбөр  
Гол амлалтууд   Хувь  Хувь  Гол амлалтууд  
145000 ажлын байр шинээр бий болгох   52%  49.7%  Итгэлийн 10000  
Шинэ гэр бүлд  500000 төгрөг олгох 19.4%  19.2%  40000 орон сууц барих  

     

5. Намуудад шинэчлэл хөдөлгөөн өрнөж байна. АН-ын хувьд шинэчлэл нь нүдэнд тусахуйц хурдтайгаар явагдаж байгаа нь итгэл төрүүлэхүйц эрч хүчтэй байна. Харин МАХН шинэчлэлийг саатуулах, саармагжуулах бодлого, үйлдэл хийсээр байгаа нь түүнийг улам бүр мухардмал байдалд оруулж байна. МАХН болон АН дахь шинэчлэл нь монголын нийгмийн шинэчлэлийг эхлүүлэх гол гараа юм. Гэтэл одоогийн байдлаар МАХН нүүрлэн буй хямралд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөхөөс ч татгалзаж, цааргалж байгаа нь түүний шинэчлэлийг хурц хэлбэрт оруулж, нийгмийн бухимдлын гол бай болгож болзошгүй нөхцөл нэгэнт бүрдээд байна.

6. МАХН жирийн гишүүдээсээ хол тасарсан. МАХН 160 мянган гишүүнтэй гэж зарладаг боловч энэхүү гишүүдээс нь намынхаа үүрийн хуралд суудаг, гишүүний татвараа төлдөг, бүртгүүлдэг хүн миний мэдэхээс нэг ч байхгүй. Эргээд хуралдаа суудаг, татвараа төлдөг болох ч үгүй биз. АН-ыг дэмжигчдийн үндсэн бүлэг дөнгөж 50 хүрч байгаа бол МАХН -ынх ихэнх нь тэтгэвэрт гарсан, ойрын жилүүдэд тэтгэвэрт гараад дуусах гэж байна. Одоо МАХН – ын нийгмийн гол тулгуур нь төрийн албаныхан буюу хүнд суртлын түшмэдийн аппарат болж байна. Гол нь МАХН эдгээр боловсрол, туршлагатай, үнэнч гишүүд, дэмжигчдээ гаргуунд нь хаяж, боловсон хүчний чадавхиа ашиглалгүй зөвхөн дуулгавар, авилга гэсэн хоёрхон шалгуураар үнэлэх болсон нь намаа, улмаар төрөө дампууралд хүргээд байна. Одоо эргээд тэднийгээ цуглуулах гэж царайчилж байгаа ч хэдэн хувь нь эргэж цуглах бол?

7. Өнгөрсөн он жилүүдэд хоёр нам улс оронд юуг хийсэн юм бэ? Ийм ч хууль баталсан, эмнэлэг сургууль зассан, шав тавьсан гэсгээд дуусах биз. Дорвитойхон нь Мянганы зам, ногоон хэрэм. Энэ нь ч бас таг чиг болоод удаж байна. Тэгвэл тэр олон баталсан хууль нь амьдралд хэрэгжиж байна уу? Хэний эрх ашигт нийцсэн хууль гарч байна, иргэдэд тэгш үйлчилж байна уу? Ядуурал буурсан уу, авилгал багассан уу, ажилгүйдлийг арилгасан уу, архидалт зоссон уу, амьдрал дээшилсэн үү, гэмт хэрэг цөөрсөн үү? Эдийн засаг өссөн үү? гэвэл хэнд нь ч хэлэх үг байхгүй юм. Хаана байна тэр 145 000 ажлын байр, хаана байна тэр 40 000 орон сууц. Гол буруутанг эрх барьж буй намтай холбон үзэхээс аргагүй. Тэгвэл МАХН-ын ноёрхол 85 дахь жилдээ үргэлжилж байна.

Шинэ эргэлтийн үе 1932 оны сонгууль АНУ-д шинэ эргэлтийн жил болсон ажээ. 1860-1932 оны хооронд бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийн эрх мэдлийг 56 жил атгасан бол, ардчилсан намынхан 16 жил. Харин 1932-1980 онд ардчилсан намынхан энэ эрх мэдлийг 32 жил, бүгд найрамдахчууд 16 жил барьжээ. (М.Фридман, Р.Фридман, Хувь заяагаа сонгох нь, “Өлгий авсны хооронд”, УБ., 2001. х74) Энэ өөрчлөлт нь зөвхөн улс төрийн хувьд ч биш гол нь иргэдийн улс төрийг үзэх үзэл бодол үнэлэмжийн хувьд эргэлт гарсан гэдэг. Монголд дээрхтэй адил эргэлт болж өнгөрсөн гэдгийг судлаачид янз бүрээр хэлж дүгнэж байна. Энэ өөрчлөлт нь “Их эвслийн” засгийн газрыг огцруулж, “Yндэсний эв нэгдлийн” гэх засгийн газрыг байгуулсантай ойролцоогоор давхцаж байна. Улс төрчид энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж болох ч тэр хэрээр ихийг алдах болно.

Намууд  2005.8 СА   2005.11 СМ   2006.3 СА   2006.4 СА   2006.5 СМ    
МАХН  42  35  28.8  26  26.4   
АН  28  20   30.8  29.7  29.3    

 

 СА – Социологийн академи төв, СМ – Сант Марал Төв

Өнөөгийн байдлаар МАХН –ын давуу тал нь тэдний энэхүү ялагдал нь болох юм. Зарим судлаачид МАХН ялагдахаараа эргээд илүү их нягтарч, хурдан бэхэждэг хэмээн үздэг. Гэхдээ үүнийг цаг хугацаа харуулах бөгөөд ямар ч гэсэн МАХН давуу талаа алдсан, нийгэмд, иргэдийн сэтгэл санаа, үзэл бодолд зарчмын өөрчлөлт гарсан нь гарцаагүй байна. Хэрвээ СЕХ-ны дүн мэдээнд итгэх юм бол 2004 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 82 орчим хувь нь оролцсон байна. Ийм өндөр хувь гарах гол нөхцөл бол сонгогчдын итгэл үнэмшил тэр хэрээр өндөр байгааг харуулах үзүүлэлт болдог. Тухайн үед сонгогчдын 48 орчим хувийн саналыг авч байсан МАХН, өнөөдөр дөнгөж 26%-ийн дэмжлэг авч байгаа нь, АН жаахан илүү санал авч байгаа нь, сонгогчид ерөнхийдөө намд итгэхээ больсон, улс төрөөс залхаж хүнийссэнтэй холбоотой. Гэхдээ МАХН-ын рейтинг буурах хэрээр АН-ын рейтинг өсч байгаа нь АН бүрэн ялагч болчихсон гэсэн үг хараахан биш. Учир нь өнөөгийн намуудын рейтингээр ирэх сонгуулийн дүнг таамаглах нь хүрэлцээтэй биш билээ. МАХН ба АН-ын рейтингийн нийлбэр харьцангуй тогтвортой нэг тооны орчимд эргэлдэж, инвариант шинжтэй байгаа нь /лав л сүүлийн хагас жилд/ улс төрийн гурав дахь хүчинд боломж гарч ирж байгааг гарцаагүй баталж байна. Энэ орон зайг ямар хүчин эзлэхийг өнөөдөр хэлэхэд эрт байгаа ч, ямар ч гэсэн сонгуулийн шинэ хуулиар энэ хоёр намд давуу тал илүүтэй байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Энэхүү байдлыг бид тандаж үзсэн бөгөөд цаашид ч гүнзгийрүүлэн судлах болно.

2006 оны 5 сарын 25

One Response to “МАХН ба АН-уудын нэр хүнд бол нэг зоосны хоёр тал”

  1. zaraa said

    лидер:
    хувь хүн гэхээсээ монгол хүний төрийн хүний тухай төсөөллийг авч үзсэн бол бүр ч гоё болох байлаа. Монгол хүний сэтгэл зүй их сонин шүү дээ. Тэр дундаа өөрсдийгөө удирдуулах хүний тухай ойлголт нь. Үүнийг ардын хувьсгал эхэлсэн, ардчилсан хувьсгал ялсан зэрэ ойрхноос хайгаад хэрэггүй. Харин бүр эртний улбаатай. Их сонин. Сонирхож үзээрэй.
    Нүүдэлчид!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: