Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЭРХ ЗҮЙГҮЙ НИЙГЭМ

Posted by bolod on May 4, 2008

Монгол улс төрт ёсны нэн эртний түүхтэй, арвин уламжлалтай. Энэ 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохионо. Харин өнөөдрийн Монгол улс ямар байдалтай байгаа билээ. Эртний төрт ёсны уламжлалтай эрх зүйт төр гэж хэлэхэд хүндхэн байдалтай болжээ. Чуулган бүрийн хаалт дээр “энэ удаагийн чуулганаар төчнөөн хуулийг хэлэлцэн баталж, өчнөөн тогтоолын төсөл, өөр юу юу ч юм баталлаа” л гэдэг. Баталсан хууль тогтоолынхоо тоогоор бол манайх яах аргагүй эрх зүйт төртэй улс. Гэтэл гаргасан тогтоол, шийдвэр, хууль, дүрэм нь амьдралд хэр нийцдэг, хэрхэн хэрэгждэг нь та бидний нүдэн дээр ил байна. Эрх зүйн хэм хэмжээ, хууль ёс алдагдаж байгаа нь хууль хэрэгждэггүй, түүнийг хэрэгжүүлдэггүй, хуулийг зөрчих явдал хавтгайрсан, хуулийг гуйвуулдаг, зувчуулдаг, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг, өөртөө тааруулан өөрчилдөг, хууль тэгш үйлчилдэггүй, хууль ёсны хариуцлага хүлээлгэдэггүй зэрэгтэй шууд холбоотой юм.

Монголын хууль гурав хоног. “Социологийн Академи” төвөөс 2005 оны 11 сард явуулсан “Хот суурин газар дахь гэмт хэргийн тархалт, шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааны дүнгээс үзвэл, Монголын хууль гурав хоног гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? гэхэд 68.2% нь хүлээн зөвшөөрнө, 18.8% нь арай л хэтрүүлсэн болно, дөнгөж 12.7% нь тэгж хэлж болохгүй хэмээн хариулсан байна. Хууль хэрэгждэггүй байдал бүх салбарт, нийгмийн амьдралын бүх хүрээнд нийтлэг болжээ. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод хуулийн дагуу бол өөрийн байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах учиргүй гэнэ. Телевиз үз хоёр рекламны нэг нь хамгийн өндөр хүүтэй хадгаламж бүхий хадгаламж зээлийн хоршоо, хамгийн бага хүүтэй зээл, гишүүддээ хонжворт сугалаатай, хоёр өрөө байртай, азын сугалаатай, алтан зоостой, хүүгийн урамшуулалтай, хөнгөлөлтийн карттай гэх мэт. Yр дүн нь ХЗХ- оодын дампуурал. Архи согтууруулах ундааг сурталчлахыг хориглоно гэнэ. Гудамжинд гараад хар. Энд тэндгүй эх орны нэрийн брэндүүд, АПУ, САПУ, ТЭРГYYН, Монгол стандарт, захиалсан сониноо авахад Сонины завсар Хараа, Ерөө, Хар Чингисийн танилцуулга, Нойлын өрөөнд Ерөөл, Апу, Болорын реклам наалттай, ТВ-ээр “Яахуу хайрт минь яахуу яасан ч яах вэ”, ФМ-ээр “Алсын хараатай амьдарцгаая” гэх мэтээр хууль хэрэгжиж байна. Дээр нь нэмээд УИХ-ын эрхэм гишүүн, хууль тогтоогч маань “…Нэг л мэдэхэд 25 жил өнгөрчээ” гэх мэтчилэн “Болор мэт…” зүйлийг рекламдах нь хачирхалтай. Тэр хүн УИХ-ын гишүүн ч бай, сансарт ниссэн ч бай, монголд байтугай дэлхийд ганцхан хүн, хэн ч байсан Монгол Улсад амьдарч байгаа бол Монгол улсын хуулинд захирагдах учиртай. Төр буй дор татвар буй гэдэг ч… Татвараас зайлсхийх явдал газар авсан. Энэ нь аж ахуйн нэгж, иргэдийн дунд түгээмэл зүйл гэж ойлгож болно. Наад зах нь Нийслэлд ажиллаж байгаа олон худалдааны төвүүд, дэлгүүрүүд лангуу түрээслүүлсэн мөнгөний дүнг бүрэн мэдээлдэггүй байна. Сард 500 мянган төгрөгийн түрээсийн төлбөр авдаг дэлгүүрүүд дөнгөж 250 мянгад нь л баримт бичиж өгдөг. Yүнээс үзэхэд үлдсэн 250000 төгрөг нь ямар ч татваргүй зүгээр л түрээслүүлэгчийн халаасанд ордог гэсэн үг юм. Хамгийн тодорхой жишээ гэвэл САПУ худалдааны төвийн 700 гаруй түрээслэгчийн 500 гаран нь л татварын албанд бүртгэлтэй, бусад нь бүртгэлгүй буюу татвар төлдөггүй байсан байна. Энэ нь бараг гуравны нэг нь огт татваргүйгээр түрээслүүлэгчид түрээсээ төлдөг байсан хэрэг. Хотын хөдөлгөөнд оролцоход “Замын хөдөлгөөний дүрэм” гэж маш хатуу дүрэм мөрдөгддөг. Гэвч явган зорчигч ч, жолооч ч замын хөдөлгөөнд эр зоригоороо оролцдог. Албан газрууд, байгууллагуудын хаяг, зарлал, сурталчилгааны самбарууд монгол хэлээр бичигдсэн байх ёстой гэж хуульчлан заасан байдаг ч есөн хэлийн түмэн зүйлийн хаяг самбарыг хаа сайгүй харж болно. Шөнөжин, өдөржин ажилладаг баар цэнгээний газрууд, янхны газар болсон буудал, саун, массажны газрууд, автомат тоглоом нэртэй казино, өөрсдөө хуулбарладаг мөртлөө зохиогчийн эрх гэж сүржигнэх дуучид, ямар ч үнэгүй хэрэглэх програм хангамж, мөрдөгддөггүй норм стандарт дүрэм, хэрэгждэггүй төлөвлөгөө, хөтөлбөр энэ мэтийг тоочивч баршгүй.

Гууль болсон хууль. Хуулийг эрх мэдэлтнүүд завхруулж байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү? гэсэн асуултад 77.5% нь хүлээн зөвшөөрнө, 12.2% нь арай л хэтрүүлсэн болно, 10.4% нь тэгж хэлж болохгүй хэмээн хариулжээ. Хуулийг гуйвуулдаг, зувчуулдаг, өөрийнхөөрөө тайлбарладаг явдал хэрээс хэтэрлээ. Сү.Батболд Бороогийн алтны үйлдвэрийг өөртэйгөө холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөөд, “Тэнд хууль зөрчсөн зүйл ерөөсөө байхгүй, яахав зүгээр “хуулийн дагуу” улсад татвар төлөхгүй л байгаа” гэж хэнэг ч үгүй ярьж байх юм. Олон мянган га байгалийн баялаг бүхий газрын лицензийг гадаад дотоодын компанид зараад улсад ганц ч төгрөгний татвар төлөөгүй байхад, ганц өрөө байраа зараад түнээсээ яахаараа заавал татвар төлөх ёстой болж байна. Ганцхан жилийн хугацаанд 6000 орчим лицензийг бие биедээ дамжуулан “бэлэглэж” заримыг нь бүр гадны хүнд бэлэглэчих юм. Хэний юмыг ХЭН? гэдэг хүн, Хэнд? бэлэглээд байнаа. Нөөцийг нь нэгэнт тогтоочихсон байсан ордуудад хайгуулын лиценз олгох нэрээр улсын юмыг “хувь” хүмүүст “хуулийн дагуу” бэлэглээд байгаа гэж ойлгож байна, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэгж ярьж бичиж байгаа. Сонгуулийн хуулийг зөрчлөө, тэр энэ тойрог дээр тэгсэн ингэсэн гэх боловч хэн ч хариуцлага хүлээхгүй. УИХ сүүлийн хуралдаанаа хийж хэд хэдэн томилгоо хийсэн. Ердөө л маргааш нь энэ хуралдааныг хүчингүйд тооцож, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу 2004 оны сонгуулийн үр дүнгийн дагуу УИХ-ыг байгуулж нээлтийн чуулганыг хуралдууллаа гэх. хэсэг хугацаанд хоёр ч их хуралтай болчих юм. Огцорсон хэн нэг дарга ажлаа хүлээлгэж өгөхгүй бол мөн л “хуулийн дагуу” дайрч орж, тамгаа өгөхгүй бол шинээр тамга хийлгээд л болно. Чухам аль тамга нь жинхэнэ “Ардын засгийнх”, аль дарга нь мундаг болохыг цаг хугацаа л мэднэ, хууль зөрчсөн эсэх асуудал энэ үед хамаагүй. Сайд нь Их Хурлын гишүүнийг “Тэгээд байвал чиний спиртийн хэргийг сөхнө шүү” гэж рекетлэдэг. УИХ-ын гишүүн ч бай хамаагүй, спиртийн хэрэгтэй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан бол сайд гуай энэхүү эс үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой баймаар. Хэрэв энэ нь худал бол, эсвэл сайд хүн биш саар хүн бол өдийд хүн гүтгэсэн хэргээр ядаж л нэр төр сэргээх төлбөрт 10 саяын өрөнд орсон байлгүй. Yнэн юм уу худал юм уу хэлээд өгөөч. Хамгийн амттай нь тайлбар нь гоё л доо. “Би зүгээр л бухимдаад тэгээд хэлчихсэн юм”. Хүн бухимдаад ямар нэг үг алдвал хариуцлага хүлээх албагүй юм байна. Уучлаарай үүнийг сараачигч би ч гэсэн бухимдаад л бичиж байгаа юм шүү. Эр бие эндэж, тэнгэр нурмаар хэрэг дэгдээвч гэж… Түүнтэй адил цочирдмоор хэрэг явдлууд, улсын нууц задруулсан, хятадын тагнуул байсан, 10000 ам долларыг хандив юм уу зээл гэж ойлгоод авсан, хар тугалга нэрээр төмөр гаргасан, нийслэлийн газрыг зарж хувьдаа завшсан, хэдэн зуун саяар нь авлига авсан өгсөн, тендэрийн элдэв будлиан, өмч хувьчлалын маапаан гэх мэт хэрэг олон болдог ч хэн ч буруудалгүй өнгөрдөг, тэгсхийгээд мартагнуулдаг явдлыг жирийн иргэд ойлгох аргагүй.

Хууль тэгш үйлчилдэггүй. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байж чадахгүй байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү? гэсэн асуултад 74.5% нь хүлээн зөвшөөрнө, 13.8% нь арай л хэтрүүлсэн болно, 11.7% нь тэгж хэлж болохгүй хэмээн хариулсан байна. Мобиком компаний эргэн тойронд баригдсан гар утас борлуулдаг, засварладаг, жижиг дэлгүүр, ТYЦ -үүдийг дүүргийн газрын албаны шийдвэрээр хөөж, шийдвэрийг дагаагүй зарим мухлагуудыг хүчээр эвдэн нурааж зайлуулсныг бид бүгд санаж байгаа. Энэ мэтээр хөөгдсөн нураалгасан гараж, түц, хашаа, мухлаг олон. Зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй учраас тэдэнд зүй ёсны шаардлага тавьж, болохгүй бол хүч хэрэглэн төрийн төмөр нүүр гарган цэвэрлэх нь ч зөв, Гэхдээ… Зөвшөөрөл аваагүй, үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглосон газрууд, тухайлбал Алтжин компанийн САПУ худалдааны төвийг хэн хааж хөөсөн юм бэ, Нарантуулын барилгыг хэн нурааж цэвэрлэх юм бэ? Энэ олон зөвшөөрөлгүй баригдсан ШТС -үүдийг буулгаж зөөх болоогүй юу? Дархан цаазат Богдхан ууланд баригдаж байгаа орон сууцны барилгыг яагаад нурааж, зайлуулж болохгүй гэж, Тэднийг хөөгөөгүй байж ганц бие муу чавганцыг сүр болон хөөх юм. Муу нь муудаа дээрэлхүү гэж. Энэ мэт газрын зөвшөөрөлгүй, зураг төсөл нь батлагдаагүй, баталгаагүй, чанаргүй материалаар барьж байгаа барилгуудыг яагаад нураадаггүй юм бэ? Том бага л болохоос эдгээр нь зөвшөөрөлгүй ТYЦ-нүүдтэй агаар нэг болой. Хүн алсан, бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан хэн боловч зохих ёсны хариуцлага хүлээх ёстой нь эрх зүйт нийгмийн жишиг. Бусдын амь насыг санамсаргүй хөнөөсөн залууд алах ял оноодог хэр нь Бусдын амь насыг санаатай хөнөөсөн Америк эр зүв зүгээр нутаг руугаа буцах нь шударга зүйл үү? Монгол залууг үхтэл нь зодсон солонгос, насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татдаг хятадууд, монгол бүсгүйчүүдийг хил дамнуулан наймаалдаг, тайван сингапур монгол иргэд, хэдэн зуун мянган ам доллар луйвардсан гадны иргэд хэзээ хуулийн хариуцлага хүлээх вэ? Казиногийн хуулийг хэрэгтэй гэж үзэн баталсан хүмүүс нь гэнэтхэн өөрсдөө хэрэггүй хэмээн үзэж эргэн хүчингүй болгож байсан. Гэтэл өнөөдөр “Автомат тоглоомын газар” нэртэй зуу гаруй тоглоомын газар казиногийн үйл ажиллагаа явуулж халаас нимгэн монголчуудынхаа халаасыг хоосолсоор л байгааг эрхэм хууль тогтоогчид мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн суусаар. “Yндэсний үйлдвэрлэлээ дэмжие”, Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг илүү дэмжие. Энэ нь үндэсний биш харин гадаадын үйлдвэрлэгчдэд давуу эрх, боломж олгоод, түүнтэй дотоодын хөрөнгө оруулагчид “шударгаар өрсөлдөж”, өөрийн эрхгүй ялагдахаас өөр аргагүй. “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье”, Өнөөдөр татварын орчин ийм тааламжгүй байхад жижиг дунд ер нь ямар ч үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Харин ногоон гэрлийн компаниуд бол өөр. Тэдэнд хил гааль, татвар хамаарахгүй. Yйлдвэрлэл байтугай ер юуг ч хөгжүүлж болно. Замын хөдөлгөөний дүрэм дотор эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг шигтгэж өгч жолооны курсуудэд түүнийг яс цээжлүүдэг. Түүнд зааснаар бол замын эвдрэл гэмтэл, бүрэн бус байдал, тэмдэг тэмдэглэгээгүй, гэрлэн дохио ажиллаагүйгээс зам тээврийн осол хэрэг гарвал холбогдох албан тушаалтан хариуцлага хүлээх талаар заалт байдаг. Өнөөдөр манайд гарч байгаа хэргүүдийн нэлээдийг түүнтэй холбож болох боловч хариуцлага хүлээсэн торгуулсан нэг ч албан тушаалтан байхгүй. Харин жолооч нарт торгуулалгүй өнгөрөх нэг өдөр ч байхгүй шахуу. “Бичил бизнесийг дэмжих жил”, “Боловсрол тэргүүлэх салбар” гэх мэт олон тунхаглал нь хүмүүст ихээхэн таалагдахаар эерэг сонсогдож буй боловч бодит байдал дээр тэгш биш байдлыг улам даамжруулдаг. Дээрх дүгнэлтээс хийж болох бас нэг мөрдлөгөө нь “хуулийг гажуудуулагчдын дийлэнх нь хууль боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчид өөрөөр хэлбэл эрх мэдэлтэнгүүд юм”. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй ч, Б.Цэнддоо бугайн хэлснээр Их хурал, Засгийн Газрын гишүүд нь жирийн иргэдээсээ, гадаадын иргэд нь монголчуудаасаа арай илүү тэгш эрхтэй ажээ. Гахай илүү тэгш эрхтэй гэсэн Орвелийн үг юутай үнэн бэ? Хууль зөрчигчдийн боловсрол эрх мэдэл албан тушаал нэмэгдэх тусам түүний улсад учруулах хор хохирол тэр хэмжээгээр нэмэгддэг. Харин эрх мэдэл, боловсрол багатай байх тусмаа улсад учруулах хор хохирол нь төдий хэмжээгээр бага байна. Эрх мэдэл ба улсад учруулах хор хохирол хоёр нь шууд хамааралтай болох нь баталгаа шаардлагагүй тодорхой зүйл. Боловсролгүй хулгайч уулнаас “зөвшөөрөлгүй” мод огтолдог бол боловсролтой хулгайч нар уулыг устай нь, модтой нь газрын доорх болон дээрх баялагтай нь…, үгүй ээ, улс Монголыг минь “хуулийн дагуу” хулгайлж байна. Нөгөө талаас хууль зөрчигчдийн албан тушаал нэмэгдэх тусам хуулийн хариуцлага хүлээх нь багасдаг. Боловсролтой, дээр нь эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай хэн нэг хүн хуулийг яаж ч ноцтой зөрчөөд хариуцлага хүлээх нь огт үгүй гэж хэлж болно. Харин огт боловсролгүй, хэлэх ярих хүнгүй, ядуу хүн гэмт хэрэгт холбогдож хууль зөрчих юм бол хүлээх ёстой хариуцлагаа зохих ёсоор нь, дээр нь хүндрүүлэх нөрцөлтэйгөөр хэд дахин хүнд ял авдаг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуулийн хариуцлага хоёр урвуу корреляци хамааралтай гэж үзэж болно.

Хууль батлагддаггүй. Өнөөдөр зохицуулалтгүй, будлиантай олон асуудал хуулиа хүлээгээд байж байдаг. Гэтэл түүнийг боловсруулж батлах сонирхол дээд хүрээнийхэнд огтхон ч байхгүй. Тухайлбал ашигт малтмалын тухай хуулийг өнөөдөр л хүн болгон ярьж байгаа болохоос биш, энэ хууль болохгүй байнаа гэдэг нь аль 1999, 2000 оноос нэгэнт илэрхий болсон асуудал. Энэ хуулийг өөрчлөх саналыг олон хүн, олон субъект гаргаж тавьдаг боловч, холбогдох Яамд энэ тал дээр байнга гацаанд оруулдаг. Учир нь яамны ихэнх түшмэд энэ хуулийн цоорхойгоор мөнгө хийдэг учраас. Өнөөдөр энэ хуулийг улс төржүүлэхээ больё, мэргэжлийн хүмүүс нь оролцож батлах хэрэгтэй гэдэг нь “дээрэмчдээр” өөрсдөөр нь хууль боловсруулуулах гэдэгтэй л адил юм. Түүнтэй адил “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”, “Намуудын тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль”, “Авилгалын эсрэг хууль” –ууд боловсруулагдалгүй, батлагдалгүй их цаг алдсан, цаг алдаж буй өөр ч олон хууль байгаа. Өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн ихэнх заалтууд амьдралын шаардлагыг хангахгүй болж хоцрогдсон байдаг. Тиймээс зохицуулалтгүй харилцаанууд захаас аван олон болсон. Yүнтэй холбоотойгоор шийдвэрлэгдэх олон асуудал хуримтлагдсан ч энэ процесс нь санаатай болон санамсаргүй олон шалтгаанаар удааширч байна. Хуулийн дагуу ажиллаж байснаас хууль зөрчөөд хааяа нэг торгуулчихаад яваад байх нь бизнес эрхлэгчдэд илүү ашигтай болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай байх нь хариуцлагагүй байхаас илүү үнэтэй өртөгтэй учраас хариуцлагагүй байдлыг урамшуулж, цэцэглүүлж байна гэж үзэж болно.

Хууль батлахдаа дордуулдаг. Өнөөдөр байгаа хуулиа шинэчлэн найруулж, сайжруулах шаардлага бий. Гэвч энэ хэрэгцээн дээр хууль санаачлагчид тоглож, өөртөө ашигтай хуулийн төслийг батлуулахаар лобиддог. Энэ нь тэдний бизнесийн амин сүнс. Тиймээс хуучин байсан хуулиа сайжруулах гээд нуухыг авах гээд нүдийг сохлов гэгч олон удаа давтагдсан. 2000 онд хийсэн үндсэн хуулийн өөрчлөлт. Энэ нь тухайн үедээ төрийн эргэлт болсон гэж өнөөдөр олон судлаачид үздэг. Энэ өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах боломж нээгдсэн. Ингэснээр хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр нь хэн нь хаанаа байгаа нь ялгагдахгүй, хольцолдсон Шинээр батлагдсан “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Намуудын тухай хууль”, “Сонгуулийн хууль”, шинэ батлагдсан ашигт малтмалын хууль, “Онцгой албан татварын тухай хууль гэх мэт олон хууль аль нэг талын эрх ашгийг түлхүү илэрхийлсэн байна, үүнийг цаашид гүзгийрүүлэн судлах, засах зайлшгүй шаардлагатай юм. Өнөөдөр манай хууль эрх зүйн систем бүрэн төгс систем болж хараахан чадаагүй байгаа бөгөөд олон арван хуулийн цоорхой бий. Энэ цоорхойг ашиглаж, Монголын бизнес өргөжиж цэцэглэж байна гэхэд хилсдэхгүй. Yнэндээ хуулийн дагуу, хууль ёсоор бизнес эрхлэх боломж манай ядуу эдийн засагт, манай жижигхэн зах зээлд тун хомс бололтой. Тиймээс ч дээд шатандаа улс төрчид нь, дунд шатандаа бизнесменүүд, дунд доод шатны албан хаагчид, хурган дарга нар нь, доод шатандаа хулгайч луйварчид нь энэхүү хуулийн цоорхойнуудыг ашиглаж өөр өөрийн түвшинд хэрэндээ л “бизнес” хийцгээж байна.

Хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах явдал орхигдсон. Хуулийн хэрэгжилтийг хангах, хянах, …. зорилготой хууль, хүчний болон хяналтын байгууллагууд нь үүргээ гүйцэтгэж чадахаа больсон. Шүүх, цагдаа, прокурор, УМХГ, гэх мэт Эрнандо де Сото бугайн судалж тогтоосноор хаана олон хууль дүрэм, заавар журам байна, тэнд далд эдийн засаг цэцэглэж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хуулиас гадуурх бизнес өргөждөг байна. Тэр хэрээр хүний эрх эрх чөлөө зөрчигдөж, ялгаварлан гадуурхагддаг. Yүний эсрэг хуулин дахь цоорхойг олж эмчлэх, хууль дүрмийн нийгэмд, нийгмийн бүлэг нийтлэгт учруулах хор нөлөөллийг олж илрүүлэн засуулахаар ажиллах, бодлогод нөлөөлөх нь нийгмийн судлаачид бодлогын шинжээчдэд тулгамдсан зорилтуудын нэг болжээ. Хуулийн цоорхой, гажуудлын талаар санаанд орсноо хэлхэхэд ийм бөгөөд уншигч таныг энэ мэт олон жишээтэй тулгардаг гэдэгт эргэлзэхгүй байна, санал бодлоо харамгүй хуваалцана гэж найдна.

2006 оны 1 сарын 17

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: