Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МАВР ХИЙДГЭЭ ХИЙСЭН БОЛ МАВР ЯВАХ ЁСТОЙ

Posted by bolod on May 15, 2008

“Бүү март, мартвал сөнөнө” гэж товхимол 80-аад оны сүүлээр гар гар дамжин уншигдсаар тухайн үедээ л шуугиан тарьж байлаа. Хэн нь бүү мэд Баабар гэдэг хүн бичсэн байлаа. Тэндээс л анх “Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй” гэх мэт үгсийг уншиж билээ. Тэнд л ганцхан Оросын булаан эзлэлт газарзүйн томоохон нээлтийн дайтай байсан гэсэн сонин дүгнэлт, Орос ахын том хөнжил гэх мэт гажиг хэллэгийг уншиж байв. “XX зууны Монгол: Нүүдэл суудал, гарз олз ном” гарлаа. Баабар бичжээ. Монголын түүхийг хялбаршуулсан хэллэгээр, харьцуулал, эсрэгцэл бүхий өвөрмөц дүгнэлтүүд хийн бичсэн нь надад л лав таалагдсан.

Тэндээс л би, Ийм агуу их хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс дутахгүй агуу их түүхтэй байж таарна гэх мэт омгорхол бардамнал бүхий мөрүүдийг олж харсан. Алдарт Мильтон Фридманы “Хувь заяагаа сонгох нь” номыг орчуулан гаргажээ. Хэн орчуулсан юм бол, Баабарын нэр байж байнаа. Эхнэр нь ихэнхийг нь орчуулсан, Цэнгүүн ивээн тэтгэсэн энэ тэр гэх нь ямар хамаа байна, Брэнд нь Баабарынх. Энэ ном монголчуудын эдийн засгийн сэтгэлгээнд эргэлт авчирсан, салхийг нь хагалсан. Бусдын хувьд ямрыг нь мэдэхгүй, уртаашаа ганцхан хэлтэйгүүдийн хувьд энэ ном элсэнд асгасан ус шиг л шингэж байсан. Гэх мэтчилэн жагсаавал түүний хийсэн, хэлсэн, бүтээсэн нь нэн их.

90-ээд оноос хойшхи Монголын нийгмийн сэтгэл зүйн төлөвшилд Баабарын үүрэг асар их байлаа. Монголчуудын сэтгэлгээний хувьсгалыг өдөөгч нь ТЭР л байсан. Түүний нөлөөгөөр Монголын сэтгүүлзүйн салбарт бичлэгийн шинэ стиль орж ирсэн гэхэд хилсдэхгүй байхаа. ТҮҮНИЙ ачаар л монголын хэвлэл мэдээлэл МОНЦАМЭ –гийн модон хэллэгээс салж, өдөр тутмын амьдралын явган хэллэг, хараал ерөөлөөр баяжсан. ТҮҮНИЙ хэт задгай бичлэг, оновчтой зүйрлэл, хэтрүүлэг, ёгтлол нь монголчуудын хошин шогийн мэдрэмжид яг таарч байсны зэрэгцээ тухайлан үгүйлэгдэж байсан сэтгэлгээний тэр л орон зайд нь тоглож чадсан юм. Түүний номын төлөө залуучууд гараа тулгартал зодолдож, оюутан залуус олон хавар хийрхэж, гар бичмэл нь дэлэвч гуявч алавчан завсар дэн дун нуугдаж байсан гэх гээгүй ч нийтлэлийг нь унших гэж эрдэг хайдаг, уншсан нь бусдадаа хэлдэг байлаа.

Түүний дэндүү гэмээр хатуу үг, ёжтой мушийлт, ТВ-ийн дэлгэцээр хумсаа цэвэрлэх, чихээ маажих, хамраа ухах гэх мэтийн бүдүүлэгдүү гэмээр хэнэггүй төрх нь байгаа тэр л байдлаараа монголчуудад хүрч заримд нь таалагдаж заримыг нь эгдүүцүүлсээр өдгөө нэгэнт өөрийн гэсэн тогтсон фээнүүдтэй болгожээ. Ийм хүн төрдөг ажгуу. ТҮҮНИЙ хэлснээр ийм хүн зуун мянгад нэг төрдөг бол, ТЭРЭЭР хоёр саяд цор ганцхан төржээ. Бүхэл бүтэн нэг үеийнхэн Баабарын нийтлэлийг уншиж өндийсөн бөгөөд ТҮҮНИЙ нийтлэлийг уншихын тулд л “ӨС” –ыг захиалдаг захиалагчид ч бий. Тиймээс ТЭР яах аргагүй үзэгдэл юм. ТҮҮНИЙ бий болгосон энэ оюуны орон зай нийгмийн баялаг болжээ. Нэгэнт нийгмийн баялаг болсон болохоор одоо бүхэлдээ түүний өмч биш, ориг Баабар өөрийн бий болгосон ертөнцийн хэсэг төдий л болж. БААБАР хийдгээ хийжээ.

ТҮҮНИЙ бардамнал аархал нь янзтай. “Надад дивтаат болж ард түмнээ ганц сайн харж үзэх сонирхол алга”, “Би эрх чөлөөгөө хэнд ч, тэр байтугай Чингисийн хүргэнд ч булаалгахгүй”, “Багабанди бол монголын нийгэмд учирсан гай түйтгэр, шулмын хорлол мөн. Би ядахдаа ингэж бодох эрхтэй.”, “Тэгэх тусам нь би өдөж байна, надаас юу ч гарахгүй гэдгийг мэдэж байгаа учраас ухалдвал ухалдсан шиг ухалдая”, “Чам шиг юманд үзэг байтугай ухнын хөгнө тоож бэлэглэх тэнэг хорвоо дээр үгүй”, “Сүүлд нь уучлалт гуйх гэж би бичдэггүй” гэх мэт. Цус огшооно.

ТҮҮНИЙ “Албан ёсны мангуу”, “Тогос хээр”, Хэнтийн гурван тэнэг”, “XXI зуунд Бокасса цөөрсөн”, “Спортын мастер МАО”, “ВЭЭРС” гэх мэт “сэтгүүлзүйн алив нэг төрөл жанрт хамаарахгүй” нийтлэлүүд үнэхээр жаатай. Цул кайф. “Өвөлжөөний чинь үүдэнд хүртэл мянганы зам тавина, өөрийг чинь өндөр хүчдэлээр орооно”, Эсвэл “газар газрын тэнэгүүд ганц ганцаараа явдаг, хэнтийн тэнэгүүд хэлхээтэйгээ явахийм”, “Равдан гай болоод гавьяат болоо л биз”, “мөнгөө оймсондоо ороож орон доогуураа хадгалдаг”, “Эхнэрийнх нь чихийг сэт татчихмаар сүүжин ээмэг, өвөртөө данх хийчихсэн юм уу гэмээр том хөөрөг”, “Компани, театр хоёр өлгүүр дүүжлүүр шиг ялгаатай” гэх зэрэг уран сайхны хэтрүүлгүүд нь үнэн кайф. Үзэгдэлээ үзэгдэл.

“Албан ёсны мангуу”, “Харвардын коммунист”, “улаан хацарласан хотын хүн”, “хотын мээрмаа”, “уртаашаа ганцхан хэлтэй, тэрүүгээрээ ч олигтой ярьж чадахгүй”, “ургац Өөлдийн өөрийнх толгой дээрхээс илүү өтгөнгүй”, “Ганди: Голомт банк нь мөнгийг угааж, угааж явуулчихдаг, гээд хоёр алгаа хооронд нь үрчин үнэхээр юм угааж байгаа айлын авгайн дүр гаргалаа”, “Баатарлаг улаан хуурга”, “Улаан хүний өмнөөс ягаан хүн”, “Нямдорж тагнуул биш”, “хүүхдэд бүү ойртуул”, “МАХН-ын идэвхтэн гээд, хаалтан дотор энэ бол хүний нэр гэсэн тодруулга”, “Бат-Үүлийг шоронд суулгаж Нобелийн шагналд нэр дэвшүүлж буй нь шударга ёсыг алдуулж байна” гэх мэт “баримтууд нь баттай бус хов живийн шинжтэй” материалууд нь траге-комеди, загатнасан газар маажих мэт, хар тамхинд донтох мэт бусдыг дагуулах шидтэй. Үнэн Шидээвэр.

Сүүлийн үед “балайраад баримттай гүтгэдэг” болчихоод байгаа болохоос. ТЭРЭЭР Гандид ялагдаад ухаан алдаж унаж байсныг нь бодоход тийм ч мундаг мэргэжлийн улс төрч биш дэг. “Миний ард харагдаж байгаа энэ саарал ордонд Монгол улсын бүх хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулахыг шийддэг. Хэрэв би хоёр өрөө байр, унах унаатай болъё гэвэл хоёр жил зүтгээд л олчихно. Харин түүнээс арай илүү ихийг бүтээхийг хүсч байгаа учраас би энэ саарал ордонд орохыг хүсч байна. Надад итгэ” гээд сонгогдсон, дараагийн сонгуулиар ялагдсаныг бодоход итгэсний хэрээр зүтгээгүй бололтой. “УИХ гэдэг чинь өөрөө өөртөө ажил олж зугаацахгүй л бол хийх ажил олддоггүй санаа амар ажил шүү дээ” гээд “гудамжинд” гарав.

Гэтэл саяхнаас “Нүүрс үнс болов, нүүрсний үнэ шалдаа бууж нүүрс үнс хоёрын үнэ яг тэнцэнэ гэж тэртээ 20 жилийн өмнө би хэлж байсан санагдана” хэмээн пиардах болов. Ингэж пиардахтай зэрэгцээд Баабар Шаабар болов. Нэр хүнд нь Шийвэртэв. Баабар нийтлэлчийн хувьд сайн нийтлэлч байж болох ч пиарчийн хувьд тааруухан бололтой. Би гудамжны хүн хэмээн гудамжинд гарч лааз өшиглөөдөхсөн чинь золтой л жинхэнээсээ лааз өшиглөчихөөгүй. Ноолуур, ном хоёрын нэгийг сонго гэж байгаад сонгуульд бүдэрч байлаа. Таван толгойн реклам хийх гээд БИД ЧАДНА гээдэхсэн чинь Иргэний Холбоог дуурайсан болоод амжилт олдоггүй. Алдаагаа засах гээд нүүрсний үнийг үнсний үнэтэй адил болно гээд төлөгчлөөдөхсөн чинь өөрийнхөө нэр хүндийг үнс нурам чандруутай хутгаад хаячихваа. ТЭМБЭРЖҮРЖИГ.

 Харин нүүрсчид нь уралдаад нүүрснийхээ үнийг чөлөөл гээд жагсаж, ажил хаяж эхэллээ. Кааш. Гэхдээ байз. Баабарын хэлсэн болгоныг шууд утгаар нь ойлгож хүлээж авч болохгүй. ЦААДАХ чинь нохойтож байгаа юм биш биз. ТЭРЭЭР, “Би бусдыг өөрийнхөө (мэдээж Баабарын) бичсэнийг ойлгох ухаантай гэж боддог” хэмээн ам алддаг. ТЭР заримдаа асуудлыг эсрэг талаас нь харуулж, нөгөө талд нь хүч хаясан уянгын хэтрүүлгийг өргөнөөр ашигладаг. БИ хэзээ ч худалдагдахгүй хэмээн тангарагладаг. Бусдын цуураад байгаа шиг ТЭР, МАС –аас (Монголын Авлигын Сүлжээ) мөнгө авч МААСЫН сэтгэл зүйгээр тоглоогүй байх. Харин өөрсдийнх нь мөнгөөр өөрсдийнх нь эсрэг пиар хийсэн байж таарна. Хоржоонтой байгаа биз. Яг л тэгсэн болж таарлаа. Том толгой пийдаалуудаас нь мөнгө аваад Таван толгойг пиардаж нүүрсний үнийг биш, харин лицензийнх нь, хувьцааных нь, карьерийнх нь үнийг үнс нурамтай хутгачихлаа. Зарим нь ТҮҮНИЙ хэлснийг ойлголгүй, биднийг рекламдаж байна гэж сэтгээд мөнгө төлж л байдаг, Бусад нь түүний хэлснийг ойлголгүй ТҮҮНД уурлаж шоронд хийж шонд хатаахаар зэхэж л байдаг… ДООЗ-ыг нь хэтрүүлчихжээ.

ЦААДАХ чинь ирэх 2008 онд Ардчилсан Намын гол ПИАРЧИН болохоор тохиролцсон юм гэнэ лээ. Тэгээд ч ҮЗХ –д нь орсон. Зарим нь ТҮҮНИЙГ АН-ыг аврах гэж байна гэж бодож байгаа. Харин “Ардчилсан нам өөд болов” гэж бичсэнчлэнгээр ясыг нь барих гэж байгаа байхнээ. Хувь заяаны шоглоом юм даа. Чоноо чоно. Алдагдсан үеийнхэн нийтлэлд бичсэнчлэн 40-60 насныхан л ачааг үүрдэг. Тэгвэл БААБАР аль хэдийн 50 гарчихжээ. Улс төрчдийн хувьд карьер хийдэг нас нь 10-15 жил. Тэгвэл Баабар улс төр хийгээд аль хэдийн 20 жил болж байна. Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой гэх хэллэг түүний нийтлэлүүдэд байн байн үзэгддэг. ХАРИН БААБАР ХИЙДГЭЭ ХИЙСЭН ҮҮ? БААБАР ЗАЙЛАХ ЁСТОЙ ЮУ?

2007 оны 7 сарын 25

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: