Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НАМ МАНАЙ ЭРИН ҮЕИЙН ОЮУН УХААН, НЭР ТӨР, НАНДИН ЧАНАР МӨН ҮҮ?

Posted by bolod on May 15, 2008

Монголын төр бол намжсан төр юм. Намаас гадуурх хүн бол үнэндээ хүн биш, хагас эрхтэй хагас хүн болжээ. Хэрэв та аль нэг намын гишүүн биш л бол ерөнхийлөгчөө больё, сум багийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдох нь битгий хэл нэр дэвших ч эрхгүй шахуу юм. Хэрэв та аль нэг намын гишүүн биш бол албан тушаал дэвших нь байтугай ажил эрхлэх эрхгүй ч болж мэднэ. Хэрэв та намын гишүүн биш бол томоохон бизнес эрхлэхээ больё, малаа нутаг бэлчээртээ адуулах ч боломжгүй болж байна.

Таны мал нам бус эсэргүү мал болж, намын гишүүний бухыг мөргөсөн эсэргүү бух гэж таны бухыг буудаж ч мэднэ. Хэрэв та намын гишүүн биш бол олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, нийгмийн харилцаанаас гадуурх, бараг нийгмээс тусгаарлагдсан ганц бие зожиг хүн болно. Арга ядахад л аль нэг намыг дэмжигч байх ёстой. Үндсэн хуульд тунхагласанчлан та сонгох сонгогдох эрхтэй боловч, намаар л дамжихгүй бол сонгогдох эрхээ эдэлж чадахгүй, сонгоё гэсэн хүнээ ч сонгож чадахгүй. Өнөөдрийн манай нийгмийн харилцааны онцлог бол намаар дамжсан ийм л харилцааг төлөвшүүлжээ. Судлаач Д.Ганхуяг 1990-ээд оны дундуур “Монголын нийгмийн харилцааны онцлог” бүтээлдээ, “Монгол бол анги хамт олны, их дээд сургуулийнхны, цэргийн найз, хамаатан садны, гэх мэт танил талын нийгэм” хэмээн дүгнэсэн билээ. Харин өнөөдөр эдгээр сувгууд нь үйлчлэхээ больж намын харьяалал, болон эдийн засгийн бүлэглэл гэх сувгууд нь дэндүү хүчтэй болжээ. Энэ хоёр том тээрэм хоорондоо яаж ч юм мэдэхгүй зохицоод, учраа олоод харилцан үйлчлээд хамтран эргээд байна. Тэд үүнийгээ бүр хуульчлан баталгаажуулжээ. Үүнийг л судлаачид олгархи гээд байгаа бололтой.

Намуудын рейтинг Өнгөрсөн 2006 оны намар МАХН-ын бага хурал, АН-ын үндэсний зөвлөлдөх хорооны хурлууд зэрэг болж өнгөрсөн. Эдгээр хурлуудаас ихийг хүлээж байсан хүмүүс байсан л байх. Гэвч тэр санасан үр дүнг нь өгсөнгүй. Яагаад гэвэл манай намууд улс төрийн нам гэсэн бүтэц зохион байгуулалтаа хэдийн алдаж, хорвоо дээр байдаг улс төрийн намуудаас шал өөр бүтэц, зорилготой, цөөнхөд үйлчилдэг бүлэглэлүүд болж өөрчлөгдсөн. Намууд ямар үзэл баримтлалтай хийгээд ямар бодлого чиглэлтэй, юуны төлөө зориод, юуг хүсээд хийгээд байгааг жирийн иргэд битгий хэл туршлагатай улс төр судлаачид, гадны ажиглагчид зөвлөхүүд ч ойлгох аргагүй, тэрчлэн өөрсдөө ч гэсэн баримжаагаа алдчихсан бололтой. Хэдийгээр хоёр намын генсекүүд, дарга нар, лидерүүд өөрсдийгөө монголын нийгмийн амьдралыг тодорхойлогч “гол хүчнүүд” гэж үздэг боловч нийгэм тэгж хүлээж авахгүй болжээ. “Голлох” намуудын нэр хүнд нийлээд нийт сонгогчдын 50 орчим хувьтай л дөнгөж тэнцэж байгааг ноён С.Баяр аргагүй л хүлээн зөвшөөрсөн. Yнэнд гүйцэгдэнэ гэдэг тэр буюу. Гэхдээ бас зүгээр байхгүй манай намын рейтинг өсч байгаа, нөгөө намынхаас арай дээр гэж хэлэхээ мартахгүй байгаа юм. Гол хүчнүүд маань нийлээд нийлээд хяналтын багцыг атгаж чадахгүй байж улс орны хувь заяаг шийднэ гэж, олонх цөөнх гэлцэн ихийг ярьж дээгүүр дүр эсгэцгээх аж. Хоёр нам хоёулаа шинэчлэгдэж байгаа, залуужиж байгаа, шинэ лидерүүдээр цус сэлбэж байгаа гэх боловч гишүүд нь түүнд нь итгэл алдарчээ. Шинэ лидерүүдээр цус сэлбэх тусам УИХ-ын танхим дахь цагаан толгойтнуудын тоо нэмэгдээд байх нь гачлантай. Ц.Элбэгдорж “Манай нам иргэншиж байгаа, Иргэний нам болно” гэх мэт үгсийг хэлэх боловч иргэдээс тээр хол байгаа нь хяслан. Сонгуулийн үр дүнд бялуу хүртэх магадлалтай 2000 гаруйхан хүн л бий гэж хэлснийхээ дараа тэрээр манай нам иргэншиж байгаа гэж яаж хэлж чадаж байнаа. Үнэхээр Иргэний эрх ашгийг дээдэлсэн, иргэний байгууллага мөн юм бол сонгуулийн үр дүнд Монголын 2 сая 700 мянган иргэний эрх ашиг баталгааждаг байх ёстой. Нэг улс төрчийн, нэг намын эрх ашгийг, нийт олны нийлбэр эрх ашгаас дээгүүр тавьж байгаа тохиолдолд ямар ч иргэний нийгэм, иргэний намын тухай уран жиргээ байх ёсгүй.

Нам ба оюун ухаан Социалист нийгэмд, нийгмийн аль л өнгөтэй өөдтэй шилдэг тэргүүний сэхээтнүүдийг намдаа элсүүлэхийг хичээдэг байсан. Элсүүлэхдээ зүгээр ч элсүүлэхгүй, хатуу шалгуураар элсүүлнэ. Элсүүлсэн хойноо ч зүгээр байлгахгүй зовоодог. Төлбөрт нь тухайн нийгэмд хүний дор орохгүй амьдрах боломжийг олж авдаг байж. Гэвч, баруун зүүний нугалаа, сэхээтний төөрөгдөл, гэх мэт хэргүүд байнга гардаг байсныг бодоход нам гэдэг мангаа сэхээтнүүдээс цэрвэдэг байсан бололтой юм. Сүүлийн жишээ гэхэд 90-ээд оны дундуур МАХН-ын дэргэд намыг шинэчлэх сэхээтний бүлэг байгуулагдсан боловч, улс төрийн товчоо, удирдах зөвлөлөөс шат дараатайгаар толгой дараалан зайлуулагджээ. Өөрсдийгөө голлох хэмээн нэрлэсэн хоёр нам маань сэхээтнүүдээс үнхэлцгээ хагартал айдаг, тэднийг бараг үзэн яддаг гэж болно. Аль аль намд Харвардын гэх сэхээтнүүд бий боловч энэ нь хандлага бус кейс төдий. Уртаашаа ганцхан хэл мэддэгүүд УИХ-д үнэмлэхүй олонх боловч хэлний мэдлэгээ өндөр боловсролын шалгуур гээд ойлгочихсон учраас олон хэл мэддэгээ өөр хоорондоо сайрхацгааж, нэгдүгээр маягтдаа бөглөцгөөнө. Намууд оюун ухааны потенциал өндөртэй сэхээтний хэсгийг намаасаа шахах хандлагатайн зэрэгцээ сэхээтнүүд намаас дайжих болсон. Сонгуульд оролцдоггүй идэвхгүй сонгогчдыг үндсэндээ сэхээтнүүд хийгээд залуучуудын бүлэг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл нам бол манай эрин үеийн оюун ухаан биш буюу. Манай эрин үеийн оюун ухаан намаас гадуур бий.

Нам болон нэр төр МАХН-ын Бага хурлын гишүүд хийгээд АН-ын YЗХ-ийн гишүүдийг сонсоод байхнээ элдэв будлиан, хор найруулга, авилга, албан тушаалын хэрэг, лиценз зөвшөөрлийн наймаа, гаалийн, татварын, даатгалын голлох “луйварчид” цөм багтаж байхын зэрэгцээ, бусад харьцангуй “жижиг” луйварт холбогдоогүй хүн нүдний гэм. Хаана л авлига байна тэнд намын гишүүд үүрлэсэн байх юм. Намын бага хурлын үеэр МАХН-ын цагаан байрны гадаа үнэтэй автомашины үзэсгэлэн гарч, өлгүүр нь үнэтэй үслэг эдлэлийн үзмэр шиг байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байлаа. МАХН-ын цагаан байр нэг хэсэг наймаачдын төв байр байсан бол, саарал ордон өнөөдөр наймаачид, луйварчид, авлигачдын төв байр болжээ. Хэрэв тэднийг авлигачин гэхгүй юм бол өөр хэнийг авлигачин гэхийн бэ? Тэд авлигачин биш бол манай нийгэмд үзээд өгье ч гэсэн өөр авлигачин олдохгүй. Өнөөдөр намууд гишүүнчлэлээр хөөцөлдөж, тоо хэмээн, наашаа гэсэн болгоныг кампанчилж, аль болох олон хүнийг хамруулахын тулд 18 хүрсэн л бол хамаагүй булаацалдан элсүүлэх болжээ. Үүнтэй нь зэрэгцэн Баян-Өлгийд 81 гишүүн ардчилсан намаасаа гарлаа, МАХН-ын гишүүд намын батлахаа урлаа, намаасаа гарлаа гэх мэдээллүүд дуулдах юм. Бацаанууд намд элсэх болсноор намын нэр хүндийг унагагчид ч элбэг арвинаар олдох болж, аль эрт мартагдсан ”улаан хамгаалагчид” гэх үг эргэлтэнд орж эхэллээ. Яг үнэндээ Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, Ардчилсан Залуучуудын Холбоо хоёрыг тэр бүр ялгадаг хүн ховор юм билээ. Намуудын дэргэдэх залуучуудын байгууллага байдаг л гэж мэдэхээс биш, ямар зорилготой, ямар санхүүжилттэй ямар улсууд байдгийг тэр бүр ялгадаггүй. “Ардчилсан” л гэнэ, “хувьсгалт” л гэнэ хоёулаа адилхан нусгайнууд байж хэмээн Балттай адил будилах хүн олон. Эрх барьж байгаа хүчнийхэн нь бүгд бузар булайтай нэр холбогдсон учраас төрийн институцуудэд итгэх итгэл сүүлийн хоёр жилд эрс уналаа. Монголын ард түмэн сүүлийн 15 жилийн хугацаанд хэзээ ч төр засагтаа итгэх итгэлээр ийм дор орж байгаагүй. 30 –аад оны хэлмэгдүүлэлт, 60 –аад оны нийгэмчлэлийн үед л ийм байсан байх. Энэ итгэл алдарсан явдал нь голлон намуудын нэр хүндтэй холбоотой. Дагаад нийт сонгогчид ер нь намд итгэх итгэлээ алдаж, шинээр ямарч сайхан нам гарч ирлээ гээд хүлээн авах орон зай үгүй болсон бололтой. Учир нь нам гэдэг ойлголтын дор энэ хоёр намыг л төсөөлдөг учраас нам бол баабаа гэх сэтгэл зүй нийгэмд нэгэнт бодитой бүрэлджээ. Нэг үгээр хэлбэл нам бол манай эрин үеийн нэр төр байхаа нэгэнт больжээ.

Нам хийгээд нандин чанар Намуудын эрх баригчид жирийн гишүүдээ үл тоомсорлох болсон. Намын жирийн гишүүд өнөөдөр зөвхөн татвар төлөх үүрэгтэй, нам дотроо аль нэг бүлэглэлийг дэмжиж, сонгуульд саналаа өөрийн намд өгч байх ёстой хар масс болжээ. Намууд ч гишүүдээ ийм л түвшинд “ашигладаг” учраас гишүүд, дэмжигчид нь итгэл алдарч, намаасаа зугтах дайжих болов. МАХН, миний аавын нам биш. Аав минь насаараа намын гишүүн явсан боловч өнөөдөр намын үүрийн хуралд суудаггүй, татвараа төлөхөөс зайлсхийдэг болсон. Намдаа үнэнч боловч, энэ нь М.Энхболд, Ч.Улаан, Ц.Нямдорж, гаалийн Баатар, Идэвхтэн нарын намд үнэнч гэсэн үг биш. Манай аав Бадамжунай, Хүрэлсүх нартай нэг намд байхыг хүсэхгүй. Ийм үзэл бодолтой олон зуун жирийн гишүүд бий. Саяхан л МАХН-ын үнэнч сонгогчид буюу хатуу электоратууд 70, 80-аас дээш хувьтай байдаг байсан бол өдгөө намын гишүүдийн тал хувьд ч хүрэхгүй болжээ. АН ахын минь нам биш. 90-ээд онд хоолойгоо сөөтөл хашгирч, цуглаан жагсаал таслалгүй очдог, сонгууль алгасалгүй саналаа өгдөг байсан ах минь өнөөдөр Ц.Элбэгдоржийг ярихаар уурладаг, Р.Гончигдоржийг үзэн яддаг, М.Энхсайханыг багалзуурдахад ч бэлэн болжээ. Өнөөдөр намынхаа шинэчилсэн бүртгэлд ч бүртгүүлээгүй явж буй ийм гишүүд хэдэн зуугаараа бий. Аль ч намын гишүүн өөрийн намаараа бахархаж, сайрхахаа хэдийн больжээ. Намаас дайжигчид намдаа шинэчлэн бүртгүүлж, хуралдаа суудаг, татвараа төлдөг болох ч үгүй биз. Үүнийг одоо нэгэнт эргүүлэх боломжгүй болсон. Сонгууль дөхөж, намууд гишүүдээ татах гэж царайчилж байгаа боловч үр дүн нь харагдахгүй л байна. Намууд боловсрол, туршлагатай, үнэнч гишүүд, дэмжигчдээ гаргуунд нь хаяж, боловсон хүчний чадавхиа ашиглалгүй зөвхөн дуулгавар, авилга гэсэн хоёрхон шалгуураар үнэлэх болсон нь намаа, улмаар төрөө дампууралд хүргээд байна. Намуудын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулж буй хэлбэр, шийдвэр гаргах аргачлал, сонгох сонгогдох зарчим нь ардчилсан зарчмаас хэдийн хазайсан тул намуудын зохион байгуулалт нь луйварчдыг төрүүлэх бүтэц болсон. Намаар дамжин төрд шургалдаг өнөөгийн нийгэмд, намаар дамжин өгсөх шалгуур нь шударга бус учраас, шударга бус шалгуураар дээшээ гарсан, эргээд татаж болдоггүй, бие биетэйгээ барьцан барьцалдан албан тушаалаас зууралдсан шударга бус улс төрчид Монголын нийгмийг мөхөлд хөтөлж байна. Тиймээс намуудын энэхүү байдал нь нийт Монголын нийгмийн харилцаанд гай гамшиг авчрагч шулмын хорлол яах аргагүй мөн. Нэгэнт тогтсон энэ хандлага засарч, цэвэрштлээ хол бөгөөд хорт могойн зулзага илүү хортой могойнууд болон өсөж өндийж байна. Хүний муу чанар удамшихдаа, үе дамжихдаа тун ч гаргуун ажгуу. Энэхүү шулмын хорлолыг зайлуулах, гай гамшгаас аврах ганцхан л арга байгаа. Өнгөрсөн үеийн, улс төрийн нас нь гүйцсэн, социализмын сэтгэлгээний инерцээс салаагүй, хорны өндөр тунгаар хордсон тэр хэсгийнхнийг зайлуулах л арга бий. Цөлд явж байгаад хорт могойд хатгуулсан хүнд авралын ганцхан гарц байдаг. Тэр нь могойд хатгуулсан өөрийн биеийн хэсгийг зоригтойгоор огтлон хаях явдал болой.

Нам төвтэй нийгмээс иргэн төвтэй нийгэм рүү

Ард түмний нэг хэсгийг цаг үргэлж хуурч болно. Бүх ард түмнийг нэг хэсэгтээ маллаж болно. Гэвч нийт ард түмнийг дандаа мэхлээд байж чадахгүй. А.Линкольн

Өнгөрсөн он жилүүдэд хоёр нам улс оронд юуг хийсэн юм бэ? Ийм ч хууль баталсан, эмнэлэг сургууль зассан, шав тавьсан гэсгээд дуусах биз. Дорвитойхон нь Мянганы зам, ногоон хэрэм. Энэ нь ч бас таг чиг болоод удаж байна. Тэгвэл тэр олон баталсан хууль нь амьдралд хэрэгжиж байна уу? Хэний эрх ашигт нийцсэн хууль гарч байна, иргэдэд тэгш үйлчилж байна уу? Ядуурал буурсан уу, авлигал багассан уу, ажилгүйдлийг арилгасан уу, архидалт зогссон уу, амьдрал дээшилсэн үү, гэмт хэрэг цөөрсөн үү? Эдийн засаг өссөн үү? гэвэл хэнд нь ч хэлэх үг байхгүй юм. Хот хогондоо дарагдсаар, хотын утаа хоолой хорсгосоор. Гэмт хэргийн тоо нэмэгдэж, улам хэрцгий болсоор, ядуурал улам гүнзгийрч ядуучуудын тоо нэмэгдсээр, хотын ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайнууд зарагдаж дууссан. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувааж авсаар дууслаа. Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг өмчилж авлаа, нийт газар нутгийн тал хувийг лиценз нэрээр хувааж авчээ. Хаана байна тэр 145 000 ажлын байр, хаана байна тэр 40 000 айлын орон сууц. Гол буруутанг эрх баригчидтай л холбон үзэхээс аргагүй. Хяналтгүй төрийн үр дүн нь энэ. Төрийг нам хянадаг юм биш, иргэд хянадаг. Иргэд төрдөө үйлчилдэг биш, төр нь иргэндээ үйлчилдэг байх ёстой. Төр нь иргэндээ үйлчилдэг болсон цагт, муу үйлчилсэн төрийг иргэд өөрчлөхийг хүснэ. Өөрчилсөн төрөө улам сайн үйлчлэхийг шахаж шаардаж, сайн ажиллуулж чадна. Үүнийг иргэний хяналт буюу иргэн төвтэй нийгэм гэж ойлгож болно.

2007 оны 4 сарын 1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: