Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХАР ТОЛБОГҮЙ УИХ-ЫН ДАРГА

Posted by bolod on May 15, 2008

Виктор Гюго нэгэнтээ “Гэмт хэрэгтэн эзэн хааны титэмтэй ч бай, хоригдлын эрээн хувцастай ч бай гэмт хэрэгтэн хэвээрээ үлдэнэ” гэж хэлжээ. “Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” манай орны хувьд бол байдал арай өөр. Эрхэм Гюго авгай энд алд дэлэм алдсанаа хүлээхээс аргагүй. Эзэн хааны титэмгүй ч гэлээ эрх мэдэлтэй хүмүүн бол илүү тэгш эрхтэй байдгийм. Илүү тэгш эрхтэнгүүд хууль цаазын дээгүүр байдгийм. Эрх мэдлийн өмнө хууль цааз толгой гудайдгийм. Энэ бол цөвүүн цагийн өнгө аяс.

Бараг ядуу хүн. “Тул” эдийн засагч Дашзэвэг, УИХ-ын даргыг өмөөрч ядахдаа, “Ц.Нямдорж дарга бол бараг ядуу хүн” хэмээжээ. Тиймээ Нямдорж дарга “бараг” ядуу хүн. ТЭР улсаас ердөө л гуравхан байр авсан юм. ТҮҮНД өөрийн гэсэн газар байхгүй, ТЭРЭЭР лицензийн наймаа хийгээгүй, ӨӨРИЙН гэсэн аж ахуйн нэгж компани үгүй, түүнд зөвхөн өөрийнх нь баталсан, засварласан хуулиуд л бий. Ц.Элбэгдорж ядууралтай дайн зарлана гэж хэлэхдээ ТҮҮНД дайн зарласан юм биш байгаа. Монголд ядуурлын түвшин сүүлийн 3-4 жилд 36% дээр л хадагдчихлаа. Энэ яасан сонин хөдөлдөггүй тоо вэ? Ирэх жил судлаад байх хэрэг ч байхгүй бас л 36% гарна. Гэхдээ энэ ядуучуудын тоонд Ц.Нямдорж дарга орж байгаа болохоор монголчуудын 36% ядуу гэдэгт хэн итгэх юм бэ? Намбар вантай харьцуулахад Ц.Нямдорж бараг ядуу хүн мөн. Надтай харьцуулахад харин бараг тэрбумтан мөн. Юм бүхэн харьцангуй гэж юутай үнэн бэ? Нямдорж ядуу юм бол монголд ядуурлын түвшин 99,36% -тай байгаа биз. Эсвэл Нямдоржийн чинээний хүн ядуучуудын тоонд ордог юм бол монгол шиг баячуудын орныг хаанаас ч хайгаад олохгүй. Ядууралтай зарласан дайнд яллаа. Элбэгдорж мандтугай. Түмнээ ядуурлаас аварлаа. Энхбаяр мандтугай. Америк энэ тэр хойшоо бай. Азийн бар мар дуугүй бай. Наана чинь Монгол эдийн засагч үгээ хэлж байна. Тул эдийн засгийн томъёолол энэ.

Бараг авлигач биш. Муу Баабар бол бараг авлигач, УИХ-ын гишүүн байхдаа энд тэндээс баахан бэлэг авсан байснаа цагийг нь олж улсад тушаасан. Хэрэв тушаагаагүй бол цалингаасаа илүү өндөр үнэтэй бэлэг авсан хэргээр авлигач болох нь бараг тодорхой байлаа. Тэр үнэтэй бэлэг дотор нь “асар үнэтэй” үзэг мэтийн зүйлүүд байлаа. Төрийн төмөр нүүр түүнийг тойрохгүй дайрах байлаа. Тиймээс Баабар үүнийг авлига гэж үзэн улсын хөрөнгө болгожээ. Харин Ц.Нямдорж бол бараг авлигач биш. Жишээлбэл төрийн албан хаагчийн амьдарлын баталгааг төр хариуцаж, улсаас орон сууцаар хангах ёстой гэнэ. Тэрээр ийм байдлаар улсаас гурван ч байр авсан бололтой юм. Yүний дотор гаалийн гэх байр ордог бололтой. “Yүнийг авлигал гэж үзэхийм үү үгүй юу, Би бол авлигал гаж үзэхгүй байгаа” гэнээ. Нямдоржтоны хувьд байр майр мэтхэнийг авлига гэж үзэхгүй. Энэ нь түүний орлоготой харьцуулахад хамаагүй бага зүйл учраас авлига биш. Авлига гэдэг чинь тэрбумаас доошгүй тоотой юм байх ёстой. Тиймээс ТЭРЭЭР бараг авлигач биш. Насаараа улсад ажиллаад хэдхэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод түүнийгээ нэмүүлэх гэж зовж байгаа улсын дэргэд… ТЭРЭЭР авлигач мөн үү, биш үү. Набор, цэцэгхэн авдаг эмч багш нарын дэргэд тэрээр махан тэжээлт авлигачин мөн.

Бараг шударга хүн. MN-25 телевизийн захирал З.Алтай “Найз нараа больё л доо. Ц.Нямдоржоос өөр шударга хүн хаана байнаа” хэмээн дуу алдаж байх юм. Буруу сонсоогүй байгаа даа. Тиймээ тэр шударга хүн. Бусадтай харьцуулахад тэрээр харьцангуй “бараг” шударга хүн, үгүйдээ л шударга хүний дүр эсгэдэг хүн. ТҮҮНИЙ эргэн тойрондхи хүмүүстэй харьцуулахад тэр шударга хүний дүрээр товойж байвч, жинхэнэ шударга ёсны шалгуураар авч үзвэл хэр шударга вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Ц.Нямдорж сайдтан телевизээр ярихдаа өөрийнхөө шударга үнэнчийг хором бүрт л гайхаж, гайхуулж байх юм. Тэрээр бусдаасаа харьцангуй шударга байж болохтой. Гэхдээ шударга үнэний шалгуур, идеал загвар гэхэд арай л биш шиг. Хэрэв тийм шударга юм бол энэ олон жил хажуу хавирганыхан чинь авлига аваад, хууль бус зүйл хийгээд байхад юугаа хийж байсан юм бэ? Дуугүй байх эрх байгаа юм уу. “…Гүндалай чиний спиртийн хэргийг сөхнө шүү, …энэ төрд 36 муу муухай, бузар булайтай холбогдсон хүн орж ирлээ, …сэтгэлээ онгойтол ярьчихмаар л байгаа байхгүй юу, …тэгвэл би хэний ч санаанд ороогүй шийдвэрийг гаргаж чадна, …улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг” гэж ярихын оронд түүний хажуугаар яагаад дуугүй яваад байсан болж байна. Хүний мөс муудлаа, хөөрхий Баатар гэхдээ түүний авлигын хэргийг мартчихсан юм болов уу.

Бараг хамгийн сайн хуульч. УИХ –ын чуулган дээр манай луг хийгээд буг парламентач Лүндээжанцан: “Ц.Нямдорж бол манай урдаа барих шилдэг хуульчдын нэг” хэмээн мэдэгдэж байх юм. Тиймээ ТЭР “бараг” шилдэг хуульч. Батлалцсан, засалцсан хуулийнхаа тоогоор ТЭР хэнийг ч дагуулахгүй Монголын “шилдэг” хуульч ажээ. Монголдоо ганц олдох хуульч учраас бүх хуулийг орондоо ч тэр онгоцонд ч тэр засч, зассан хуулийнхаа цэг таслал бүрийн төлөө ТЭРЭЭР хариуцлага хүлээхэд бэлэн хэмээн мэдэгдэж, хувьчилж, ёсчилсон хуулийнхаа ориг эхийг хувийн өмч хэмээн гэртээ хадгалдаг гэнэ. Ардчилсан төрийн хамаг хуулийг батлалцсан засалцсан хүний хувьд ТЭР бол өнөөгийн “эрх зүйт төрийн” загалмайлсан эцэг мөн. Тэгэхээр Ардчилсан засаг, МАХНам, ДОЯАМ, эрх зүйт төр энэ тэр гэдэг чинь ТЭР л байгаа юм. Монголын бараг цорын ганц “хуульч”-ийн хувьд, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг эх барилцсаны хувьд өнөөгийн эрх зүйн хямралын хариуцлагыг хүлээх ёстой хүний нэг нь ч ТЭР яах аргагүй мөн. Гэхдээ хууль зүйн ухааны доктор, академич С.Нарангэрэл бугайн үнэлснээр, “ТЭРЭЭР бакалаврын боловсролтой гэж хэлэхэд ахдахаар муу боловсролтой хуульч” ажээ.

…Элдэв хуулийг өөрөө баталж

Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж

Эрүүгийн хэрэгтний сандалд сууж

Элгэн саднаараа зовлон болдог… (Р.Чойном)

Бараг хууль зөрчөөгүй. Үндсэн хуулийн цэц, Ц.Нямдоржийг үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн, хууль засварласан хэмээн буруутгаж дүгнэлтээ нэгэнт гаргасан билээ. Гэхдээ ҮХЦ энэ тэрийн шийдвэр, УИХ-ын гишүүдэд, журмын нөхдөд нь хамаагүй ажээ. Үндсэн хуулийн шийдвэр “эцсийнх” биш ажээ. Тиймээс цэцийн шийдвэрийг хэлэлцэж болно. Хэлэлцээд, нууцаар санал хураагаад Ц.Нямдоржийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл олонхоороо түүнийг “бараг” хууль зөрчөөгүй гэж үзэж ивээлдээ авч байгаа ажгуу. Гэхдээ ТЭРЭЭР “бараг” шударга хүн учраас өөрөө саналаараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа юм. Хэрэв тэр хууль зөрчсөн бол огцруулах асуудал яригдах байсан бол “бараг хууль зөрчөөгүй” учраас түүний чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэж түүнийг нь хүлээн авч ёсчилж байгаа юм. Үхэхдээ үхэр буугаа тавина гэж, ТЭРЭЭР “тэрэндээ хүрвэл би хэний ч санаанд ороогүй улс төрийн шийдвэр гаргах болно” хэмээн сүрдүүлж ч үзэв.

…Хэтэрхий бөх шорон барьчихаад

Хэрэг тарьж өөрөө орчихоод

Хэл мэдэхгүй адгуус гэмээр

Хэв хэрэггүй орилж цамнадаг… (Р.Чойном)

Бараг хэлмэгдсэн хүн. ҮХЦ-ийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан, улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж, тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан шийдвэр хэмээн УИХ-ын дарга тодорхой хэлсэн. Тэгэхээр, ТЭР бараг “хэлмэгдсэн” хүн. Монголчууд зодуулсан хүнийг өмөөрдөг. Тэгэхээр тэр бол “бараг хууль зөрчөөгүй”, “бараг хэлмэгдсэн”, “улс төр, бизнесийн бүлэглэлийн бодлогын золиос болсон” хүн ажээ. Энэ үйл ажиллагааг өнөөгийн ерөнхийлөгч Н.Энхбаяр түүн рүү чиглүүлж байгаа, улс төр эдийн засгийн бүлэглэл гэдэг нь ерөнхийлөгч Н.Энхбаярын бүлэглэл гэдгийг тэрээр нэгэн утгатайгаар тов тодорхой хэлсэн. УИХ дарга, ерөнхийлөгчийн явуулгын золиос ажээ.

…Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй

Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд

Хариуд нь тэрүүндээ үе удмаараа харгислуулж

Гашуун зовлон эдэлдэг хүмүүс минь дээ, хүмүүс минь.

Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу … (Р.Чойном)

Бараг гэмт хэрэгтэн мөн. Үндсэн байтугай бусад хуулийг зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээдэг. Үүнийг эрх зүйт нийгэм гэнэ. ҮХЦ шийдвэрээ гаргалаа. УИХ-ын дарга үндсэн хууль зөрчиж хууль засварласан учраас УИХ-ын даргаас огцрох ёстой. Огцроод зогсохгүй түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх учиртай. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж түүний хууль зөрчсөн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай. ТЭРЭЭР ийм хариуцлага хүлээх ёстой “гэмт хэрэгтэн” мөн. Гэмт хэрэгтэндээ тэр үндсэн хуулийг удаа дараа зөрчиж, хууль ёсыг уландаа гишгэсэн “давтан гэмт хэрэгтэн” мөн. Түүний боловсруулж, батлуулсан эрүүгийн хуулиар бол давтан гэмт хэрэгтнүүд хуулийн нэлээд хатуухан хариуцлага хүлээх учиртай. Хуулийг хууль бусаар засварласан нь бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн гэмт хэрэг мөн. Бичиг баримтыг хууль бусаар үйлдэх нь яах аргагүй эрүүгийн гэмт хэрэг мөн билээ. Хуулийн аливаа субъектийн гэмт буруутай үйлдлийг мэдсээр байж энэ талаар мэдэгдэлгүй, нуун дарагдуулсан бол энэхүү эс үйлдэл нь түүнийг гэмт хэрэгтний хамсаатан болохыг нотлох юм. Тиймээс удаа дараа, тэр дундаа Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны сайд байхдаа бусдын гэмт үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан түүний энэхүү эс үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж хэрэг үүсгэн шалгавал зохино. Улсын өмч хөрөнгийг удаа дараа бэлэг нэрийн дор түүнчлэн төрийн албан хаагчийн ахуйн нөхцөлийг сайжруулж байгаа явдал гэж үзэж бусдаас авч байсан нь түүнийг авлигач байж “магадгүйг” харуулах ба түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгавал таарна. Авсан байрандаа өөрөө суулгүй бусдад дамлан худалдсан орлогоосоо улсад төлөх ёстой татвараа төлж үү, үгүй юу, татварын алба шалгавал таарна. Татвараа төлөөгүй байвал татвараас зайлсхийсэн хэрэг үүсгэн эдийн засгийн цагдаагийн албанд шилжүүлэх нь зүйтэй. Нэр бүхий хүмүүсийг, тэр дундаа УИХ, ЗГ-ын гишүүдийг хийсэн үйлдэлтэй нь холбогдуулан удаа дараа дайрч давшилж шахаж сүрдүүлж, рекетэлж байсантай нь холбогдуулан түүнд бусдыг дарамталсан хэрэг үүсгэн шалгавал зохиолтой. ХЗХоршоодын зөвшөөрлийн ихэнхэд тэрээр гарын үсэг зурсан гэдэг. Ямартай ч одоо асуудал болоод байгаа ХЗХ-ын ихэнх нь түүнийг ХЗДХЯ-ны сайд байхад байгуулагдсан байдаг. Тэр дундаа эрүүгийн гэмт хэрэгтнүүд зөвшөөрөл аваад, дахин дахин ХЗХ байгуулаад байхад тэрээр анзаараагүй өнгөрснийг ажлын хариуцлага алдсан гэж үзэх үү, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үү гэдэг нь ч маргаантай байна. Товчоор хэлбэл Ц.Нямдорж бол Монголын нийгэмд учирсан гай гамшиг шулмын хорлол мөнөөсөө мөн, хариуцлага тооцвол зохих рецидив гэмт хэрэгтэн юм биш үү?.

 2007 оны 6 сарын 8

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: