Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДАЛД ЭВСЭЛ

Posted by bolod on May 29, 2008

Сонгуульд МАХН ба бусад намууд гэсэн хүчний харьцаатайгаар өнгөрсөн сонгуулиуд болж өнгөрч байсан билээ. Тэгвэл 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд ямар ямар өрсөлдөгч хүчнүүд сонгуульд оролцож сонгуулийн дүн хэрхэн гарах бол?

Сонгуульд өрсөлдөгч талуудын харьцаа өөрчлөгджээ. Өнгөрсөн сонгуулиудад хоёр туйлд санал хуваагддаг байсан бол энэ удаагийн сонгуульд шинэ туйл бий болж байна. МАХН ба АН гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч, дээр нь бусад хуучин хийгээд шинэ намууд, иргэний хөдөлгөөнүүд оролцоно. Улс төр судлаачдын хүрээнд энэ хоёр намтай өрсөлдөх шинэ хүчтэй өрсөлдөгч, шинэ эвсэл байгуулагдаж чадах болов уу гэсэн асуулт, эргэлзээ байнга яригдаж байна. Албан ёсоор Ногоон Нам болон Иргэний Хөдөлгөөний Намуудын хооронд эвсэл байгуулагдаж байгаа боловч энэ эвсэл сонгуульд хэр зэрэг амжилттай оролцох нь өөрөө асуудал юм. Өнгөцхөн дүгнэвэл МАХН, АН, Иргэний эвсэл, бусад намууд хийгээд бие даагчид гэсэн талуудын хооронд сонгуулийн өрсөлдөөн явагдах аж. Дээр нь гуравдагч хүчний холбоо гэж байгуулагдан шинэ хүндийн төв үүсгэхээр санаархаж байна.

Гэхдээ сайтар ажиглавал энэ сонгуульд албан бус далд эвсэл байгуулагдан оролцох болно. Энэ эвсэл нь гаднаа хүчтэй өрсөлдөгчид гэж харагдах МАХН ба АН-уудын хооронд явагдаж байна. Тайлбарлая.

1. МАХН, АН хоёр хоорондоо хичнээн өрсөлдөж толхилцовч байдал өөрчлөгдөхгүй болжээ. Хоёр талаас хүч үзэн тэмцэлдэх тусам хоёр намын нэр хүнд хамтдаа унаж байна. Тэд муудалцах тусам завсраас нь өөр улс төрийн хүчин ашиг хүртэх гээд байдаг муу талтай. Тиймээс эвлэрсэн нь дээр аж.

2. Сонгуульд аль аль нам нь илэрхий давуугаар ялах магадлал маш муутай. Хүчний харьцаа тун ч тэнцвэртэй байгаа. Тиймээс аль аль нь нөгөөгөө ялуулснаас хоёулаа ялахгүй байхыг илүүд үзнэ. Би ялахгүй бол чи ч ялахгүй гэсэн үндсэн дүрэмтэй. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй.

3. Хоёр намын эрх ашиг олон талаар хэлхэлдэн сүлжилдсэн. Улс төр эдийн засгийн хүрээнд сүлжилдсэн энэ хамтын эрх ашгаа хамгаалах сонирхол аль аль намынх нь эрх баригчдад тэнцүү бий. Ялагч бүхнийг авдаг байдлаасаа татгалзаж, хоёр талаас буулт хийснээр эн тэнцүү хуваах нь аль алинд нь ашигтай. Хонь бүрэн чоно цатгалан.

4. Аль аль намд нь гэмт хэрэг, шударга бус зүйлтэй нэр холбогдсон улс төрчид олон учраас аль нэг нам нь УИХ-д олонх болж ЗГ-аа байгуулан, эрх мэдлийг дангаар авбал нөгөө намд нь тун ч эрсдэлтэй. Тиймээс хэн нь ч ялаагүй нь тэдний хувьд ЗӨВ сонголт.

5. Улс төрийн шинэ хүчний орон зай нэгэнт бий болсон тул аль аль нам нь тэднээс үхтлээ айж байгаа. Шинэ өрсөлдөгчид хэн ч дургүй байдаг. Хоёр нам хоёулаа л гол өрсөлдөгч нь улс төрийн шинэ хүчинтэй нийлж өөрсдийг нь буланд шахах бий гэсэн болгоомжлолтой байгаа. Тиймээс хоёр нам энэ үндсэн эрх ашиг дээрээ нэгдэж, тохиролцохоос өөр аргагүй юм.

Өөрөөр хэлбэл 2008 оны сонгууль жинхэнэ утгаараа сонгууль гэхээсээ илүүтэйгээр энэ хоёр намын хоорондох наймаа тохиролцоон дээр л явагдаж магадгүй. Үүний тулд л хоёр нам бусад улс төрийн нам хүчний эсрэг албан бус эвсэл байгуулж, далдуур тохиролцон наймаалцаж байна. Хоёр намууд тойргуудаа хуваагаад тохиролцчихжээ хэмээн хэвлэлүүдээр бичээд байгаа нь бас ч гэж үнэний ортой юм. Хэдийгээр ингээд дүгнэчихэд амархан боловч энэ нь маш хүнд хэцүү процесс болно. Хоёр намуудын нэр дэвшигчид тодорч өгөхгүй дуншиж, удаж байгаа нь ч үүнтэй холбоотой биз.

Ер нь ч энэ албан бус эвсэл аль 2004 оноос байгуулагдсан. Тэр үед л тэд үндсэн хуулиа зөрчин, Засгийн Газрын бүрэн эрхийн хугацааг 2 жил болгож, ээлжлэн төр барихаар зөвшилцсөн. Тэр үед л УИХ ба Засгийн Газрыг хувааж авах тохиролцоог хийж эхэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийг өрсөлдөгчгүй явуулж, нөхөн сонгуулийг ч өрсөлдөгчгүй болгон нэрээ татаж байсан нь 2004 оны УИХ сөрөг хүчингүй болсныг баталсан юм. 62-ын бүлэг гэгч хүнд ч хэлэхээс ичмээр гутамшиг нь АН-ын хар дарсан зүүд юм. Сөрөг хүчингүй болсон учраас сөрөг хүчний үүргийг ИЗН гүйцэтгэхээр санаархаж сүүдрийн Засгийн Газар байгуулж үзсэн боловч энэ нь яваагүй билээ. Тиймээс л тэр үеэс сөрөг хүчний үүргийг нийгмийн хөдөлгөөнүүд гүйцэтгэж, намуудын эвслийн эсрэг НАМ ба ИРГЭД гэсэн хүчний хуваарилалтыг бий болгож эхэлсэн.

Албан бус эвсэл байгуулагдаж байгааг дам байдлаар батлах бусад олон жишээг харж болно. Хоёр намын даргын хамтарсан мэдэгдлийг юун түрүүнд дурдаж болох юм. Хоёр нам улс орныхоо эрх ашиг дээр нэгдэж, зөвшилцөлд хүрлээ хэмээн мэдэгдэж байгаа нь зөвшилцлийн эхнийх нь ч биш сүүлчийнх нь ч биш байх. Энэ зөвшилцөл цаашид олон зүйл дээр байгуулагдах болно. Гэхдээ Монголын улс төрийг голлон тодорхойлж байгаа энэ хоёр намын эвсэл нь Монголын улс төрийн амьдралд сөрөг нөлөөтэй бөгөөд бүхэлдээ ардчилалд ухралт авчирч байна. Энэ албан бус далд эвсэл нь илүүтэй хуучин гэсэн тодотголтой намуудын эвсэл бөгөөд бусад байгуулагдах эвслүүд нь шинэчлэгч гэсэн имижтэй байна.

Хэдийгээр намуудын рейтинг унасан ч намуудын лидерүүдийн танигдсан байдал нь гол давуу тал нь болж байна. Бүх л улс төрчдийг авлигачин түйлэгчин, гэмт хэрэгтэн, луйварчин гэж цоллох боловч тэр хэрээр тэдний олонд танигдах байдал нь нэмэгдэж байна. Улс төрчдийн танигдсан байдлын индекс хийгээд хэн нь луйварчин болохыг тогтоосон индекс хоёр бараг зөрөөгүй давхцах болжээ. Шилдэг улс төрчид гэхээр хэдэн хүний нэр гардаг, хэн нь авлигачин бэ гэхээр нөгөө л хэдэн хүний нэр давтагдан гардаг.

2008 оны сонгуульд томсгосон тойргоор явагдах тул хувь хүний хүчин зүйл түлхүү нөлөөлөх бөгөөд танигдсан байдал гэдэг нь сонгогдох гол нөхцөл болж байна. Ийм танигдсан байдал гэх хүчин зүйл 2008 оны сонгуульд голлон нөлөөлөх шинжтэй байгаа нь саналын хуваарилалт эргээд энэ хоёр нам руугаа л татагдах хандлагатайг харуулна. Хуучнаараа л анод катод руугаа, ардчилсан хийгээд коммунист намууд руугаа л татагдана. Энэ хоёр нам сонгуульд давуу суудал авбал давуу талаа баталгаажуулж, дахин 10 жил хадгалах магадлалтай. 

Намын фон голлох үүрэгтэй биш болсон боловч, намын харьяаллаар танигдсан улс төрчдөд давуу байдал нь хэвээр үлдэж байгаа ажээ. Энэ хоёр намын давамгайлал үргэлжилж байна. Сонгогчдын үзэл бодол үнэлэмжид зарчмын өөрчлөлт гарсан боловч энэ өөрчлөлтийг дагуулан авч явах, итгэл төрүүлэхүйц улс төрийн тэргүүлэх цоо шинэ хүчин нь алга. Сонгогчдыг татах шинэ туйл, шинэ хүндийн төв үүсч чадсангүй. Үүсч эхэлж байгаа боловч хүчтэй нөлөөлөхөөргүй байна. Энэ удаагийн сонгуулийн хууль, сонгуулийн систем сонгогчдын саналыг тусгаж чадахааргүй байна. Иргэний хөдөлгөөн, холбоодын зүтгэлтнүүд, шинэ улс төрчид гарч ирж байгаа боловч нийлж нэгдэж чадахгүй байгаа нь АН-ын 18 жилийн алдааг л давтаж буй хэрэг.

Сонгууль дөхөх тусам Хоёр намын рейтинг өсөх болно. Иргэний эвсэл гэсэн брэнд үүсч эхлэхтэй зэрэгцэн түүнийг саармагжуулах олон эвсэл, холбоо, бие даагчид эх орончид гарч ирэн цогтой, халуун үгсийг чулуудалцан сонгогчдыг эргэлзүүлж эхэллээ. Сонгуулийн хийрхэл эхэлж байна. Тиймээс одоо шинэ гарч ирэх ямар ч мундаг нам, эвсэл, холбоо сонгогчдын итгэлийг татаж чадахгүй бие биеийнхээ саналыг хувааж, хэрчиж, татаж унагах болно. Сүүлийн үед хийгдэж байгаа судалгааны дүнгүүдээс харахад энэ хоёр намаас өөр ямар нэг нам хүчнийг сонгоно гэсэн хариулт илэрхий тогтворгүй боллоо.

Гэхдээ ийм эвсэл, шинэ хүндийн төв үүсч чадах уу? Хэрэв энэ хоёр намаас бусад бүх улс төрийн хүчнүүд нэгдэн нэг блок болж чадвал энэ хоёр намтай эн тэнцүү өрсөлдөөд зогсохгүй тэднээс давуу ч амжилт гаргах боломжтой юм. Намын фон суларсны эсрэг шинэ хүчин, шинэ эвсэл гэсэн брэнд хүчтэй үйлчлэх магадлалтай. Гэвч бие даасан улс төрчдийн хувийн амбиц нь нийлбэр эрх ашгаас нь давж буй тул нэгдсэн зохион байгуулалттай цоо шинэ хүчнийг чөдөрлөж байна. Одоо гагцхүү цагийг нь олсон оновчтой акци, пиар, богино зайн гүйлт л сонгогчдын сэтгэлийг хөөргөж, түр зуурын хөөрлийн давалгаа хөөс нь сонгуультай давхацдаг нь хаашаа юм гэхээс улс төрийн шинэ хүчин сонгуулийн өмнө бүрэлдэн бий болж амжилт олох нь бараг боломжгүй боллоо. Бие даагчид, иргэний хөдөлгөөнийхөн, шинэ улс төрчид болон иргэний эвслээс нэр бүхий хэдэн хүн сонгогдож болох ч үүсээд байгаа нөөц боломжийнхоо өчүүхэн хувийг л хүртэх шинжтэй. Харин улс төрийн цоо шинэ хүчин сонгуулийн дараагаас бүрэлдэх биз ээ.

2008 оны 5 сарын 9

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: