Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СОНГУУЛИЙН ИРЦ

Posted by bolod on July 3, 2008

Сонгуулийн өдөр 12 цагийн байдлаар ирц бараг 30 хувьтай байна хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан ёсоор мэдээллээ. Үүнд сонгуулийг зохион байгуулж буй тойрог хэсгийн хороодын ажилчид ч сэтгэл хангалуун байгаа ажээ. Сонгууль өглөөний 7 цагт эхэлсэн бөгөөд орой 22 цаг хүртэл нийтдээ 15 цаг үргэлжлэх юм. Эхний 5 цагийн байдлаар нийт сонгогчдын 30 орчим хувь оролцсон байгаа аж. Үүнийг энгийн арифметикаар бодож үзвэл сонгуулийн ирц 90 хувь дөхөж магадгүй гэсэн горьдлогыг төрүүлж байна.

Гэхдээ сонгогчдын ирц өндөр хувьтай байгаа нь СЕХ-ноос сонгуулийг сайн зохион байгуулж буйтай төдийлөн холбоогүй юм. Энэ нь бардаагаар дор хаяж дараах шалтгаануудтай холбоотой.

1. Өнгөрсөн 4 жилд иргэд сонгогчид эрх баригчдаас үнэхээр залхсан. Тэднийг бушуухан солих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй болсон. Иргэд ч сонгуульд бид зайлшгүй оролцох ёстой юм байна, иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой болсон. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 4 жилд иргэдийн улс төрийн оролцоо сэргэсэн жилүүд болж өнгөрчээ.

2. Энэ жилийн сонгууль нь өнгөрсөн 4 удаагийн сонгуулийг бодвол өөр системээр явагдаж байгаа. Олон мандаттай болсон нь сонгогчдын сонгох боломжийг нэмэгдүүлж байгаагаараа сонгогчдод таалагдаж байна. Ядаж л цор ганц хүнийг биш, өөрийн үнэлж хүндэлж буй хэд хэдэн хүнийг сонгох боломжийг олгож байгаа нь сонгогчийн сонгох эрх өргөжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.

3. Өнгөрсөн сонгуулиудад зөвхөн МАХН, АН буюу түүнийг тойрсон эвсэл гэсэн хоёр үндсэн блок сонгуульд оролцдог байсан бол энэ удаагийн сонгуульд иргэний хөдөлгөөнүүд идэвхтэй оролцож байгаа. Иргэний эвсэл байгуулан оролцож буй намууд сонгогчдод цоо шинэ сонголтын боломжийг санал болгож байгаагаараа сонгогчдын идэвхийг сэргээж байна. Тэд төдийлөн амжилт гаргаж, УИХ-д олон суудал авахгүй байж болох ч сонгогчдоос дорвитой хувийн санал авах нь ойлгомжтой байна.

4. Хоёр нам сонгуульд ээлжилж ялалт байгуулан засгийн эрх барьж, дараа нь тэнцүү суудал авсан өнгөрсөн сонгуулиудын нөхцөл байдал нь одоогийн сонгуулиар хүчний харьцаанд ямар өөрчлөлт гарах бол гэсэн сонирхлыг хүн бүхэнд төрүүлж байгаа. МАХН ялчихаасай, АН ялаад засгийн эрхийг бариасай гэсэн хүсэл сонирхол нэлээд хэсэг хүмүүст байгаа бол Иргэний Эвсэл хэдэн суудал авчихаасай гэсэн хүсэл ч цөөнгүй хүний сэтгэлд бий. Энэ нь өөрийн эрхгүй сонгуульд оролцох сэдлийг төрүүлж байгаа юм.

5. Энэ удаагийн сонгуулиар шинэ хүмүүс сонгогдоосой гэсэн үг дийлэнх хүмүүсийн амнаас гарах болжээ. Парламентад олон удаа сонгогдсон, улиг болсон хүмүүсээс сонгогчид залхжээ. Тиймээс шинэ эрч хүчтэй, шинэлэг санаатай, залуучуудыг дэмжиж олон хүн саналаа өгөхөөр очиж байна. Өөрөөр хэлбэл үе солигдох процесс энэ удаагийн сонгуулиар болж байна.

6. Энэ удаагийн сонгууль нь үнэхээр эргэлтийн шинжтэй сонгууль болох юм. Эдийн засгийн өсөлт, нийгэм улс төрийн шинэчлэлийн эргэлтийн цэг дээр болж байгаа учраас сонгуулийн дүнгээс зөвхөн ирэх 4 жилийн ирээдүй бус дор хаяж 10-12 жилийн ирээдүй хамаарах болоод байгаа юм. Үүнийг иргэд тодорхой харж буй, гүнзгий ухамсарласан гэж хэлж болохгүй ч хүмүүс үүнийг зөнгөөрөө мэдэрч байгаа болов уу. Зарим улс төрчдийн хэлдэг шиг Монголын сонгогчид тийм ч боловсрол муутай, гэнэн тэнэг хүмүүс биш. Харин ч харьцангуй өндөр боловсролтой, улс төрийн идэвх сайтай мэдрэмжтэй билээ.

7. Сонгуулийн кампанит ажил өнгөрсөн сонгуулиудыг бодвол харьцангуй цэвэр болж өнгөрлөө. Бие бие рүүгээ илэрхий дайрч, гутаан доромжилж, хар ПиАр хийсэнгүй. Энэ нь ч гэсэн сонгогчдод таалагдаж байна. Сонгуулийн кампанит ажил өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй богино хугацаанд болж өнгөрсөн нь сонгогчдыг бага залхаасан. Сонгогчид хэт залхалтад авталгүй, яг залхдагийн даваан дээр харин ч баяртайгаар ашгүй сонгууль нь хурдан болоод өнгөрлөө гэх сэтгэгдэлтэй саналаа өгцгөөж байна.

8. Яая гэхэв, сонгуулийн амлалт нь сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх бас нэг хөшүүрэг болж байгаа юм. АН-ын 1 сая төгрөгний Эрдэнийн хувь, МАХН-ын сая таван зуун мянгын Эх орны хишиг зэрэг нь сонгуулийн дараа ийм их мөнгө авчих юм шигээр сонгогчдын хорхойг хүргэж байгаа. Тиймээс сонгуульд оролцох идэвх нэлээд олон хүний хувьд сэргэсэн байх.

Сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийн хувьд буурч ирсэн бөгөөд энэ удаагийн сонгуульд ч буурах хандлагатай байсан юм. Жилийн өмнө нийт сонгогчдын 70 орчим хувь нь сонгуульд оролцоно хэмээн хариулж байсан бол энэ удаад нэмэгдэж магадгүй байна. Хэдийгээр 90 дөхсөн хувьтайгаар сонгуульд оролцох нь боломжгүй гэдэг нь ойлгомжтой ч өмнөх сонгуулийн ирцийг бодвол нэг их буурахгүй, харин ч 70 хувиас нэлээд өссөн дүн гарч болзошгүй. Ямартай ч энэ нь сайн үзүүлэлт бөгөөд шинэ гарч ирж байгаа улс төрийн хүчин, шинээр орж ирж байгаа улс төрчдөд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

2008 он 6 сарын 29

14 цаг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: