Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Хүчирхийлэл ба нийгмийн эмх замбараагүй байдал

Posted by bolod on July 3, 2008

Доорх бичлэгийг би 2 жилийн өмнө бичсэн байна. Тухайн үед politics.mn сайтад тавигдсан бөгөөд энэ агуулга нь уржигдрын үүсэн нөхцөл байдалтай таарч буй тул дахин тавьж байна.  

Хүчирхийлэл, хүчирхийллийг төрүүлдэг гэж нэг үг бий. Энэ үг зарим тохиолдолд нүдийг нь олсон юм шиг илэрхийлэх юм. Монголын ард түмэн аливаа дарангуйлал хүчирхийллийг нэг хэсэгтээ айдас хүйдэст автан хүлцэн өнгөрүүлдэг нь тэвчээртэйнх биз. Гэхдээ энэ хүчирхийлэл чинээндээ тулах үед оньсыг нь мулталсан пүрш шиг харвадаг, зад тавьдаг. Энэ тэвчээр XX зууны эхэнд нэг задарсан, XX зууны сүүлээр нэг задарсан, одоо XXI зууны эхэнд дахин нэг тэсрэлт болох гээд байх шиг.
 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийхний жагсаалын үеэр цагдаа нар жагсагчидтай тулгарч, гэр буулгах, хураах гэж нэлээн тэмцэл болж байсан, оюутнуудын жагсаалын үеэр саарал ордон руу дайрч цонх руу нь чулуу шидэлж байлаа, ахмадууд тэтгэврээ нэмүүлэх шаардлага тавин жагсаж УИХ-ын гишүүд, ЗГ-ын сайдуудыг оруулахгүй гаргахгүй гэж барилцаж авахад бэлэн байсан, МАХН-ын цагаан байрны цонх хаалгыг хагалсан, Шангрила зочид буудлын барилга руу дайрсан жагсагчид майхан савыг нь нурааж мах ханцуйлж байсан, Алтжингийн хохирогчид бухимдахдаа ШТС-үүдийг нь хааж, цаашилбал дэлбэлэх талаар үг хэл гаргаж байлаа, гэх мэтээр аливаа жагсаал тэмцэл өдөр ирэх тусам улам ширүүсч мөргөлдөөн гарахад бэлэн болоод хурцдаад байгаа тал ажиглагдаж байна.
 А.Дюмагийн “Шадар гурван цэрэг”, түүний үргэлжлэл болох “Хорин жилийн хойно” хэмээх зохиолыг уншаагүй хүн ховорхон байх. Энэ зохиолд, зөвлөх Брюселийг баривчлагдсан гэдэг шалтгаар ард түмэн босч, иргэний дайнд хүрч байгаа тухай гардаг. Австрийн Аннагийн хэлдгээр “Ердөө л муу Брюсель” боловч энэ нь ард түмнийг босоход хүргэх хангалттай шалтаг болдог. Шалтгаан нь хаант засгийн бурангуй ёс боловч, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэх үед шалтаг жижигддэггүй ажээ. Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Баасанг баривчилсан үйл явдлыг үүнтэй адилтгаж болохгүй гэж үү? Хэрэв 2000 онд Баасанг баривчилсан бол хэн ч юу ч хэлж чадахгүй байсан. Өнөөдөр Баасанг ч барьсан Балданг ч барьсан ялгаагүй ард түмэн үүнд дургүйцэж эсэргүүцэхэд бэлэн болтлоо чивчирчээ.
 Гэвч энэ эсэргүүцлийг чиглүүлэх хүч одооходоо алга, хөдөлгөөнүүдийн тэмцэл тууштай биш байгаа дутагдал бий. Тиймээс олон түмний бухимдал дээд цэгтээ хүрэх үед, хууль хүчний байгууллагаас нэг л буруу шийдвэр гаргахад, жоохон л хүч хэрэглэхэд хөөрсөн олон түмэн нийгмийн эмх замбараагүй байдалд ороход бэлэн болжээ.
 2000 онд Аргентинд ард түмэн эмх замбараагүй байдлыг бий болгож, баян хорооллууд, дэлгүүрүүдийг тонож, хулгайлж ямар ч шалтгаангүйгээр хэн тааралдсанаа зодож байсан. 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өөрийн орны баг нь хожигдоход оросын хөгжөөн дэмжигчид Улаан талбай дээрээ үймээн дэгдээж, олон машиныг эвдэлж, хэд хэдэн машиныг шатаасан. Сүүлд бичлэг үзэхэд нэг хүн л машин өшиглөхөд хөөрсөн олон түмэн шууд дайран орж шатааж байжээ. Өнгөрсөн жил Францад цагаачид олон машин шатааж, нийгмийн эмх замбараагүй байдал нэлээд хурцдаж байсан.
 Ийм жишээг олныг дурьдаж болох бөгөөд холоос эрэх ч шаардлагагүй. 1980-аад оны дундуур хүсний 20-р дэлгүүрийн урд талбайд болсон зодооныг нэрлэж болно. Комендантынханд зодуулж буй оргодол цэргийг жирийн иргэд өмөөрснөөс үүдэн энэ зодоон болсон бөгөөд цагдаа нар хүч нэмэгдүүлэн ирснээр энэ зодоон өргөжиж нийт олныг хамарсан зодоон болсон гэдэг. 1990 онд талбай дээр ирж жагсаалд оролцсон иргэд тарахдаа зам тосон аль тааралдсан машинаа, автобусаа зогсоон хүч түрэн сууцгаадаг байсан. Улс төрийн товчоо огцор хэмээн шаардсан жагсагчид төрийн ордон руу шахан түрж, тэднийг жагсаалыг удирдагчид нь арайхийн тогтоон барьж байлаа. Энэ түүх мартагдаагүй байна. 1990 онд цус урсалгүй тайван өнгөрсөн нь улс төрийн товчоо сайн дураараа огцорсон, тухайн үеийн эрх баригчид нийгэмд өөрчлөлт хийх шаардлагатайг хүлээн зөвшөөрч дэмжиж байсантай холбоотой гэдэг.
 2000-2004 онд Мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн хэвийн жижүүрийн мэдээлэл хөвөрч, сэтгүүлчид ч, улс төрчид ч, цөөнх ч үг хэлэх, шүүмжлэх эрхгүй, зориггүй манай нийгэм тэр чигтээ битүүхэн айдаст автсан байлаа. Сонгуулийн үр дүн нь хоёр томоохон нам хүчнийг тэнцвэртэй гаргасан алтан боломж хэмээн улс төрчид өөрсдөө дүгнэдэг ч, түүнээсээ илүүтэйгээр хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө сэргэсэн нийгмийн үр өгөөж нь улс төрийн үр дүнгээсээ хэдэн хувь давуу боломж юм.
 Монголын нийгэм баргар, иргэд их бухимдсан байгаа учраас элдэв хөдөлгөөнүүд олноор гарч, тэр хэрээр тэмцэл ширүүсч байгаа тал ажиглагдаж байна. Эдийн засгийн бүлэглэлүүд нам, төр, засгийн эрхэнд гарч улс орноо хуваан идэж байгаа нь нүдтэй бүхний нүдэн дээр нүцгэн юм шиг илхэн байхад тэд мэлзсээр нийгмийн бухимдлыг улам хөөрөгдөж байна.
 Харин өнөөдрийн эрх баригчид Нийгэм ийн бухимдаж байгааг ойлгохгүй мэдрэхгүй байна. Г.Жамъяан гуай саяхан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын хэлсэн үгнээс фашизм ханхалж байна хэмээн дүгнэсэн. Тэд төрийн төмөр нүүр нэрээр цагдаа хүчний байгууллагыг ард түмний эсрэг турхирч байна. Дахин хэлье. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг. Хэрэв 11 сарын 6, 7 нд Сүхбаатарын талбайд болох цуглааны үеэр, Бүх Ард түмний хуралдай хэмээх энэхүү арга хэмжээний үеэр жоохон л эвгүйхэн буруу алхам хийвэл Монголд нийгмийн эмх замбараагүй байдал бий болох бүх нөхцөл бүрдчихээд байна. Цагдаа хүчний байгууллага, эрх баригчид дээд зэргээр сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжтой бай гэдэг нь жагсагчдын өмнөөс хүч хэрэглэх өчүүхэн ч гэсэн үйлдэл гаргаж болохгүй гэсэн үг. Цагдаагийн нэг л буруу үйлдэл нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэх, хөөрсөн олон түмнийг турхирах аюулыг дагуулна. Олон түмэн нэг бужигнаад эхэлбэл тэднийг Уянга ч, Батзандан, Магнай, Ганбаатар ч, Элбэгдорж ч зогсоож дийлэхгүй, тэр ч байтугай цагдаагийн бүх бие бүрэлдэхүүн ч үүнийг зогсоож чадахгүйд хүрэх вий. Тиймээс үүнийг зохион байгуулагчид ч, эрх баригчид ч болгоомжлогтун.  
2006 оны 11 сарын 5

One Response to “Хүчирхийлэл ба нийгмийн эмх замбараагүй байдал”

  1. Neg tiim said

    tiim shuu . . .
    Tor ni ard tumnee oilgohgui baigaatai adil ard tumen ch toroo oilgohiig husehgui baina
    Oilguulahgui baihiig ch heseg buleg humuus husej baina
    Yagaad gewel oorsdoo tedniig oilogdog haragdah gej
    tiim shuu
    bi ard tumenii a-giin tasarhai
    bi tor zasgiin t-giin tasarhai
    bid ooroo ooriigoo oilgohod hetsuu boltol tolgoi ugaadag mash mundag OMO Lideruudtei
    Ted tsagaaniig tsaw tsagaan bolgoj chadna
    ted OMO-goos iluu ni haw har ch bolgoj chadna
    Ura, shildeg ugaalgiin nuntag ULS TORCHIDOO delhiin zah zeeld gargay
    Hushuur zaraad dollar olohgui ch HUTGUURUUDAA zaraad dollar oloy
    olson dollaroo eh ornii hishig genuu, erdeniin huwi genuu huwaagaad idey
    tertei tergui margaash ni ard tumen idsenee martana, awsanaa uguisgene
    margaashiin oohnoos onoodoriin bulchirhai ch gedeg biluu . . .
    za hamaa alga tertei tergui ugaalgasan tarhi zow buruugaa yaj medeh we
    elbegee medne, tiimee ehneeer
    EHNER: Medehgui baina, Elbegeegees asuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: