Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Хэн нь үнэн яриад байнаа?

Posted by bolod on July 21, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан төлөв байдлын талаар намууд хэт эртдэн баяр хөөртэйгөөр мэдэгдэл хийснээс хойш, 7 сарын 1 -ний үйл явдлын дараагаар, Ерөнхийлөгч Онц байдал зарласны сүүлчээр, 86 жилийн түүхтэй МАХН-ын Цагаан байшин Цогтын цагаан байшин шиг шатсанаас улбаалан олон хүн, улс төрч, субъектүүд байр сууриа илэрхийлж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр дундаас хариуцлагатай албан тушаалтнуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүд нь ямар ч хий зөрүүгүй үнэнийг өгүүлсэн байх учиртай байлаа. Хий зөрүү гарч байвал, худлаа ярьж байна гэсэн үг.
Онц байдал зарласан нэрээр МҮОНРТ онцгой давуу тал эдэлж, олны дургүйг хүргэж байх үед хийсэн мэдэгдэл, тайлбар, ярилцлага, дүгнэлтүүд үнэн байдлаас зөрүүтэй хэт гажуудсан болох нь нэг их удалгүй аяндаа тодорхой болов. Гэтэл тухайн үед олон нийтийг нэг талыг барьсан мэдээллээр хүчирхийлж байсны хариуцлагыг хүлээх хүн олдохгүй, хэн үүрэг өгсөн нь тодорхойгүй болж байна. Эрхээ биш Монгол ТВ тийм юм гаргаагүй гэж хэлж чадахгүй байх шив.
Эрх мэдэлтнүүдийн, хариуцлагатай албан тушаалтнуудын хэлсэн үгийг бүгдийг нь анхааралтай ажиглах юм бол, нарийвчлан задлах юм бол тэндээс олон олон алдаа, хий зөрүү, логик зөрчил, өөрөө өөрийгөө барьж өгсөн үгсийг олж болж байна. Харин хэн нэг нь л энэ анализыг хийх нь дутаад байна. Яваандаа хийх ч биз. Ажиглагч Д.Цэрэнжав До яамны сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн үгийн хуудуутайг дурджээ. С.Баяр сайдын хэлсэн үгийн зөрүүг ч олон хүн ярьж байна. Цаашилбал цагдаа хүчний байгуулалгын ажилтнууд ч буруу зөрүү “мэдүүлэг” өгч эхэллээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сайнжаргал, ЦЕГ-ын дэд дарга Ч.Амарболд нар хамгийн их ярьж байгаа болохоор мөн л хамгийн их алдааг гаргаж байна. Харин сүүлийн үед Сайнжаргал нь дуугүй болчихлоо. Хэтэрхий олон алдаа гаргаад банга авсан байхаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Амарболд дарга хариуцлагатай мэдэгдэл олныг хийсэн. ТВ-ээр дамжуулснаас нь үзэхэд “…Галт зэвсэг хэрэглэх, тэр дундаа байлдааны сум хэрэглэх үүрэг хэн ч өгөөгүй. Байлдааны сум тавьж олгоогүй. Байлдааны сум хэрэгслийг хүлээж, тоолж авсан акт нь байж байгаа…” гэхчлэн мэдэгдэж байлаа.
Ямар ч гэсэн байлдааны сум тавьж олгоогүй юм байх. Гэхдээ энд олон эргэлзээтэй, зөрчилтэй зүйл байна. Байлдааны сум тавьж олгоогүй юм чинь, одоо байлдааны сумаа хэрэглэ гэсэн үүрэг өгдөг юмаа гэхэд яаж хэрэглэх болж байна. Үнэн бол, тэд бэлэн биш байсан гэсэн үг. Цаашилбал Байлдааны сум хэрэгсэл тавьж олгоогүй мөртлөө ямар сум хэрэгслээ тоолж авсан акт үйлдсэн байдаг билээ. Тэр акт нь байж байгаа гээд байдаг. 7 сарын 1-ний үдэш галт сум хүмүүс дундуур зуралзаад байхыг ТВ-ээр олон мянган хүн харсан. Цэцэрлэгийн хайс хашаан дээр ул мөр нь үлдсэн байдаг. 4 хүн суманд өртөөд нас барчихсан байна. Хориод хүн суманд оногдсон шархтай эмчлүүлж байгаа. Энэнээс илүү ямар баримт хэрэгтэй юм бэ? Яг хүн рүү чиглүүлээд тулгаад буудаж байгаа цагдаагийн хувцастай хүний зургийг олж, нотариатаар батлан баримтжуулах ямар ч боломж байхгүй. Монгол Афганистан биш. Буу сум бэлэн зэхээний айл гэрт байж байдаг зүйл биш. Талбай дээр байгаа сумны хонгио дандаа АКА -ных байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сумны шархыг хараад байлдааны галт зэвсгийнх гэсэн дүгнэлт гарсан нь ч тодорхой биз. Гэтэл ард иргэд дотроосоо буу сум гаргаад бие биенээ буудаад эхэлсэн гэдэг үлгэр хэн итгэх билээ. Ард иргэдэд буу сум бэлэн байж байхад буутай цагдаа нар луу биш, хажуудаа зугтаж байгаа хүмүүс рүү буудаад, мэргэжлийн юм шиг алаад тэгээд хэнд ч баригдалгүй зугтаад гараад явчихсан гэдэгт хэн итгэх билээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр гадуур хулгайд алдагдсан олон мянган буу сум бий гэх мэт мэдэгдэл хийж байх нь зүгээр л хариуцлагагүй явдал юм.
2008 оны 7 сарын 20

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: