Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for August, 2008

СЭТГҮҮЛЧИД ХЭЗЭЭ АЖИЛДАА ОРОХ ВЭ?

Posted by bolod on August 30, 2008

7 сарын 1-ний үймээний дараагаар Монгол улсын ерөнхийлөгч нийслэл Улаанбаатар хотод онц байдал зарлаж, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүний дотор бүх ТВ-үүд, радио FM-үүдийн дуу хоолойг хаав. МҮОНТВ -ээр зөвхөн хурандаа Сайнжаргал ярьж, түүнийг ядраад амрах цагт бусад нь ярих хуваарьтай юм шиг байлаа. Энэ өдрүүдийг ҮЗЭН ЯДАХ ДӨРӨВ ХОНОГ хэмээн албан ёсоор нэрлэж болно. МҮОНТВ-ийн хоёрхон хөтлөгч сэтгүүлч л өдөр шөнөгүй ажиллаж байсны нэг нь болох сэтгүүлч Мөнхтөр үзэл суртлын ноцтой “алдаа” гаргаж, нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эмч сувилагч нарын үзэл бодол дуу хоолойг үзэн ядах өдрүүдийн хүрээнд гаргасны хувьд буруутаж, улмаар ажлаас нь чөлөөлсөн гэх яриа дараагаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, нэр бүхий улс төрчид ярьцгаав. Сэтгүүлч Мөнхтөр хэзээ ажилдаа орох вэ? Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, УЛС ТӨР, Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 4 Comments »

ДАХИАД Л ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЖАГСААЛ

Posted by bolod on August 23, 2008

Зөвшөөрөл авсан уу? Энэ удаад цагдаа жагсав. Дүрэмт хувцастайгаа, мөрдэсээ гялалзуулан жагсав. Цэрэгжсэн улс болохоор зохион байгуулалт сайтай, юунаас ч үл шантарч, ухарч няцашгүйгээр, мөр зэрэгцэн, эгээ л хөл тавьж парад хийлгүйгээр жагсав. Тэд ч бас хүн юм болохоор жагсах цуглах, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй л байлгүй яахав.

Гэхдээ тэд зөвшөөрөл авсан болов уу? Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийлээ хэмээн бусдыг чирч гулдран баривчилж, бороохойдож, буудан тараадаг улсууд өөрсдөө зөвшөөрөл мөвшөөрөл гэлгүй цуглаан хийж, их жанжныхаа талбайд жагсаж байлаа. Хэрэв тэд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн бол өмнөх жишгээр тэднийг хөөж тараах ёстой, зохион байгуулагч, турхирагчдыг нь баривчлах ч ёстой бизээ. Гэтэл тарааж хөөх, баривчлах ёстой улсууд нь өөрсдөө жагсаж байгаа учир энэ удаад тэднийг тараах, хөөх субъект үгүй байлаа. Ямар ёс журам дуудалтай биш, тэд нь ч дунд нь байсан юм билүү хэн мэдлээ.

Дүрэмт хувцастайгаа жагсаж байна гэдэг нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа жагсаж байсан болж таарлаа. Үүнийг нөгөө талаас нь харвал тэд зүгээр л ажил хаясан байна гэж ойлгож болно. “Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид дараа дараагийн эрс шийдэмгий арга хэмжээг авч цагдаагийн ажил хаялтыг ч зохион байгуулна. Цагдаа нар хэдий ажил хаях эрхгүй ч гэсэн…” Яг ингэж хэлж байх мөчдөө тэд үнэндээ ажил хаялт хийж байгаагаа ухаарч байгаа болов уу? Хэрэв аль нэг эмнэлгийн эмч нар цагаан халаадтайгаа талбай дээр цуглаад, 7 сарын 1 –ний үймээний үеэр ТВ -д ярилцлага өгснийхөө төлөө ажлаасаа халагдсан нэгдүгээр эмнэлгийн эмч нарыг эргүүлэн ажилд нь авахгүй бол бид ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байвал та үүнийг цуглаан гэж үзэх үү ажилт хаялт гэж нэрлэх үү?

Харамсалтай нь энэ үеэр Баяр сайдын үүрэг даалгаврыг хэн ч биелүүлсэнгүй, ойшоосонгүй. Жагсаал болгон дээр байдаг сайн дурын операторууд, цагдаагийн мөрдэстэй зураглаачид алга байлаа. Уг нь тэд бүх зүйлийг дүрсжүүлж баримтжуулах “үүрэгтэй” сэн. Бүгдийг сайн бичсэн биз, бүгдийг нь сайн баримтжуулсан биз гэж Баяр сайд асуувал тэд одоо юугаа хэлнээ. Өөрсдийгөө болохоор тэд дүрсжүүлж баримтжуулсангүй, азаар Ийгл зэрэг хэдэн ТВ очиж тэднийг хагас хугас баримтжуулжээ.

Хэрэв тэд зөвшөөрөлтэй жагсаал цуглаан хийсэн бол хэн зөвшөөрөл өгсөн бэ? Цагдаагийн ажилтнуудыг жагсахыг хэн зөвшөөрөв? Тэгээд бүр дүрэмт хувцастайгаа шүү. Жагсаалд хичнээн хүн оролцох хийгээд хэдий болтол үргэлжлэх, жагсаалын зорилго энэ тэрийн талаар бодвол дурдсан л байгаа даа. Тэд төрийн тусгай хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн юм биш биз. Хэрэв тэд зөвшөөрөлтэй цугласан бол зөвшөөрөл олгосон этгээд энэхүү хууль бус шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх учиртай. Гэвч ямар ч тохиолдолд хууль зөрчсөн болж таарах ийм нөхцөл байдалд манайд гэм буруутан олддоггүй, хууль хэрэгждэггүй муу жишиг тогтсон юм. Ялангуяа үүнд төрийн байгууллагын томоохон эрх мэдэлтнүүд хутгалдсан бол.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэг өгөв. Жагсагчид цуглаан хийх далимдаа, ярилцлага өгч, сайн дураар “мэдүүлэг” өгцгөөв. “Төрийг хамгаалж байсан төрийн цагдаа хэлмэгдэх ёсгүй”. Нийгмийн хэв журам, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулах учиртай цагдаагийн институц өөрсдийгөө төрийг хамгаалах үүрэгтэй гэж боддог ажээ. Тэд төрийн институц мөн боловч, төрийг хамгаалах биш, иргэдээ хамгаалах үүрэгтэй юм сан. Төр гэх нэрээр үүрэг өгөгч хэнийг ч болов, аягүй бол дарангуйлагчдыг ч хамгаалж болохнээ. Тэд үүнийгээ төрийг хамгаалж байгаа, үүргээ гүйцэтгэж байгаа гэж хэлэх нь байна. Энд л нөгөө эрх мэдлийн хуваарилалт чинь, цагдаагийн бие даасан байдлын асуудал хөндөгдөнө. Тэрчлэн МАХН-ын цагаан байрыг хамгаалж байсныгаа тэд төрийг хамгаалж байна хэмээн мэдэгдэв. Төр гэдэг чинь МАХН байгаа юм хэмээн шууд хэлсэнтэй адил. Уг нь Олон цагдаагийн ажилтнууд аль нэг намын харьяалалгүй, нам бусчууд, сонгуульд намыг нь бус хүнийг нь харж саналаа өгсөн хэмээн цагдаагийн зарим нэг удирдлагууд ч ярилцлага өгсөн байгаа.

Жагсаж буй цагдаа нар мэдүүлэгтээ үргэлжлүүлэн, бид тушаал л биелүүлсэн, тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчдыг хэлмэгдүүлэхээ зогсоо хэмээн шаардав. Амарболд дарга УИХ-ын танхимд, УИХ-н эрхэм гишүүдийн өмнө хариуцлагатайгаар, байлдааны сум галт хэрэгсэл тавьж олгоогүй, байлдааны хэрэгсэл ашиглах тушаал хэн ч өгөөгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ бас араас нь бүх сум хэрэгслийг тоолж хүлээж авсан акт нь байгаа хэмээн үүнийгээ “баталгаажуулан” хүч нэмэгдүүлсэн. Хариуд нь цагдаагийн бие бүрэлдэхүүн төв талбайдаа жагсаж байгаад, бид дээрээс өгсөн тушаалыг л биелүүлсэн хэмээн мэдэгдлээ. Логик дүгнэлт хийе. Цагдаагийн албан хаагч 10 ажилтанг, Онц байдал зарлах үеэр зөвшөөрөлгүйгээр гал нээж, байлдааны сум хэрэгслээ ашигласан, улмаар хүний амь нас бүрэлгэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр сэжигтнээр татаж саатуулсан байгаа. Цагдаа нар, үгүй бид тушаал биелүүлсэн хэмээн мэдэгдэв. Бүр биш түр, баривчилсан биш саатуулсан байхад цагдаа нар яагаад бухимдав. Тэгэхээр цагдаа нарын хэлж байгаагаар тушаал өгсөн байж таарах нь, буудсан байж таарах нь. Харин тушаал өгсөн бол хэн тушаал өгсөн бэ гэдэг асуудал нээлттэй үлдэв? Амарболд, тушаал өгөөгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ УИХ-ын гишүүн УИХ-ын танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт байдаг боловч УИХ-ын танхимд үг хэлсэн хэн боловч хариуцлага хүлээхгүй хэмээн хавтгайруулан нялзаах боломжгүй. Тушаал өгөөгүй бол буудсан нь буруутай, тушаал өгсөн бол тушаал өгсөн нь буруутай. Өөрөөр байх боломжгүй.

Төрийн эргэлт. Зөвшөөрөл авсан эсэх болон хэн буруутай зэрэг нь хууль шүүхийнхний шийдэх харьцангуй “жижиг” асуудал. Энэ асуудлууд нь хувь хүмүүсийн хоорондын асуудал байлаа. Харин энэ удаад төрийн нэг институц нөгөө институцтэйгээ цанхаалж байгаа ажээ. Цагдаа нар гэмт хэрэгт сэжиглэгдэн, түр саатуулагдсан цагдаагийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж, тэднийгээ өмөөрөх далимд дараа дараагийн удаад хэн нь ч баригдаж мэдэх учраас далимд нь өөрсдийнхөө эрх ашгийг урьдчилан хамгаалж прокурорын байгууллагад шахалт үзүүлж байгаа нь энэ аж.

Эргүүл тусгай хамгаалалтын дугаар ангийн захирагч хурандааг барьж саатуулжээ. Инхүү хууль, хүчний байгууллагынхан гэж бидний нэгтгэн багцалж, нэг талд оруулан ойлгодог байсан төрийн хоёр тусдаа институц хоорондоо сөргөлдөж эхэллээ. Гаднаас нь харахад хэдэн цагдаа л жагсаж байгаа юм. Нарийвчилж сайтар шинжилбэл төрийн институцүүдийн хоорондын үл ойлголцол, мөргөлдөөний эх нь тавигдаж байна. Энэ нь төр чадваргүй байгааг харуулаад зогсохгүй, төрийн замбараагүйдал, мухардал задралын илрэл юм. Төрийн механизм гацаж, жам ёсоороо ажиллаж чадахаа байж, одоо хэн олон хүнтэй жагсаж чадсан нь, эсвэл хэн чанга дуугарсан нь дийлэх болох нь.

Цагдаа, шүүх, поркурорын байгууллагыг бид бөөнд нь хууль хүчний байгууллага хэмээн нэрлэж ойлгож заншсан боловч төрийн энэ гурван институцийн хувьд тодорхой эрх мэдлийн хуваарилалт бий. Гэтэл жагсаж буй мөрдэстэй цагдаа нар прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдалд дарамт үзүүлэх замаар халдав. Улсын прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах хэлтэс ажлаа хэвийн явуулах боломжгүй болов. Нэг талаас нь харахад түр саатуулагдсан, дээр нь бие муутай цагдаагийн хурандааг батлан даалтад гаргаж байгаа л хэрэг. Нөгөө талаас нь харвал цагдаагийн ажилтнууд төрийн механизмыг гацааж, төрийн эргэлт хийж байгаа хэрэг. О.Магнай л гэхэд ар гэрээс нь хүсэлт гаргасан, эрүүл мэндийн хувьд тааруухан гээд батлан даалтад гаргаж болох ав адилхан үндэслэл байхад батлан даалтад гаргаагүй мөртлөө цагдаагийн хурандааг болохоор яг энэ үндэслэлийг нь харгалзан батлан даалтад гаргав. Цагдаагийн хурандаа болохоор тэрүү, цагдаа нар жагссан болохоор тэр үү. Би хууль шүүхийн талаар мэдэхгүй. Гэхдээ зандалчин гэж хүн алдаг, цаазалдаг хүнийг хэлдэг биз дээ. Гэтэл хүн алаагүй хүнд зандалчлах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгээд, хүн алахад хүргэсэн тушаалыг биелүүлсэн байж болзошгүй хүнд болохоор өөр зүйл ангиар эрүү үүсгээд байгаа нь надад л лав огт ойлгомжгүй юм даа.

Хэдэн цагдаа жагсахад л хэн ч юу ч хийж чадахгүй бууж өгч байна. Цагдаа цаашлаад энэнээс илүү шаардлага тавихгүй гэх баталгаа бий юу, тэр үед хэн тэднийг зогсоох юм бэ? Латин Америкт, Африкт цэргийн түрүүч нар л цэргийн эргэлт хийдэг бол манайд цагдаагийн хурандаа л төрийн эргэлт хийж чадах юм байна.

Ц.Болд

 

Posted in 7 САРЫН 1, Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: | 1 Comment »

Үндэсний их баяр – Үндэсний их эвлэрэл

Posted by bolod on August 14, 2008

Монгол Улсаас Олимпийн анхны аварга төрөв. Яах аргагүй Үндэсний их баяр боллоо. Монголчууд, олимпийн аваргын алтан медалийг дээр дооргүй хүсэн хүлээсээр хэдэн үеийг өнгөрөөж байгаа болохоор өнөөдрийн алтан медаль Монгол хүн бүрийн магнайг тэнийлгэж чин сэтгэлийн талархлыг хүлээж байна. Найдангийн ТҮВШИНБАЯР – энэ нэр Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэнэ гэхчлэн магтаалын үгс ар араасаа хөвөрсөөр. Яадгийм, магтацгаая, тэр ийм магтаал хүртэх эрхтэй. Онгирцгооё, бид түүгээр бахархаж байна. Магтаалын хуртай зэрэгцэн, шагналын үер, гавъяа шагналын давалгаа нөмөрлөө. Тиймээ тэр өнөөдөр Үндэсний баатар боллоо.
Юу хийж бүтээснээ тэр одоогоор бүрэн ухаараагүй байгаа. Тэр, үе үеийн тамирчдын мөрөөдөл болсон Олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан эзнээр тодорлоо. Ганцхан энэ нь л гэхэд түүнийг БААТАР болгон өргөмжлөхөд хангалттай шалтгаан. Дээр нь тэр хичнээн сайн биеэ барьж, хичнээн даруухан байнаа. Энэ нүдэнд дулаахан залуугийн төрх нь Монголчуудын сэтгэлд нийцэж байна. Өнөөдрөөс эхлэн түүний нэрийг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Хойлогдорж, Нацагдорж, Даваажав, Сэрээтэр, Дамдин, Сүхбат, Энхбат, Баярсайхан, Болдбаатар, Пүрэвбаатар, Наранбаатар, Цагаанбаатар, Мөнхбаяр, Гүндэгмаа нарын нэртэй зэрэгцүүлэн дуудах болно. Өчигдөрхөн түүний нэрийг ихэнх нь мэдэхгүй байсан бол өнөөдөр түүний нэрийг 2 сая 600 мянган Монголчуудаас гадна дэлхий мэддэг боллоо.
Өнөөдөр, Монголчуудын туг нь Найдангийн Түвшинбаяр гэх залуу болж, тэр Монголчуудыг нэгтгэж чадлаа. 7 сарын 1-ний үймээнээс хойш Монглчууд сэтгэлдээ битүүхэн хөндүүртэй, нууцхан айдастай байсан. Гэтэл тэр айдсыг үргээж, бүх Монголчуудыг Түвшинбаяр гэх энэ эгэлийн эгэл залуу нэгтгэж чадлаа. Сонгуулиас хойш, үймээнээс болоод бид нэг л түгшүүртэй байх болсон. Наадам болж, хичнээн сайхан наадсан ч гэсэн энэ түгшүүр дарагдахгүй л байв. Гэтэл өнөөдөр, 7 сарын 1-нээс хойш анх удаа өнөөдөр л Монголчууд сэтгэлийн хөдөлгөөнөө ямар нэг хаалтгүй илэрхийлж, үнэнээсээ баярлаж хөөрч, бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Хэний ч албадлагагүйгээр талбай дүүртэл цугласан олон түмэн, хэнд ч хамаагүй, таних танихгүй ялгалгүй, дээр дооргүй адилхан бие биедээ баяр хүргэж, гар гараа алгадалцаж, тэврэлдэж байх юм. Энэ үндэсний эвлэрэл байлаа.
7 сарын 1-ээс хойш цагдаа иргэдийн хооронд хагарал гарч, цагдаагийн нэр хүнд иргэдийн дунд унасан байлаа. Харин өнөөдөр, талбай дүүрэн цагдаа, талбай дүүрэн иргэд цугласан боловч хоорондоо зөрчилдсөнгүй, чулуу шидэлцсэнгүй. Цагдаа, хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах өөрийн үндсэн үүргээ л гүйцэтгэв. Өмнөх гомдол, үл ойлголцол мартагджээ. Бүгд л адилхан баярлаж байгаа болохоор, бие биенээ ойлгож, хүндэтгэж байлаа. Үнэндээ хөөрүү зарим нь хэтрүүлж байсан боловч, мэр сэр “зөрчил” гарч байсан ч аль аль нь инээд алдацгааж байх юм. Иргэд цагдаатай эвлэрэв. Иргэдийн дундах цагдаагийн нэр хүнд сайжрах сайхан далим гарлаа.
Үндэсний их баярын цуглаанд төрийн “өндөрлөгүүд” оролцож үгээ хэлцгээв. Төрийн өндөрлөгүүд гар гараасаа хөтлөлцөн инээд алдан зогсохыг энэ зун байтугай урьд өмнө нь ч харснаа санахгүй байна. Нэг намынхан гараасаа хөтлөлцөн шоудахыг олон л харсан. Хоёр намын дарга нар гар барилцах нь байдаг л явдал. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын дарга нар гараа тавихгүй  хөтлөлцөөд зогсоод байлаа. 7 сарын 1-ээс хойш, бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэж, мэдэгдэл хийн тунилцаж, буруу харан сууж байсан улсыг юу нэгтгэчихвээ. Яах аргагүй, Монгол гэдэг нэгэн нэр, Монголоо гэсэн сэтгэл, Монголын анхны олимпын алтан медаль, түүнийг авчирсан Түвшинбаяр л тэднийг нэгтгэж чадав. Тэгэхээр Н.Түвшинбаярт олимпийн алтан медаль авчирсан гавъяагаар тогтохгүй, Үндэсний эвлэрлийг авчирсан их гавъяа оногдож байна.
7 сарын 1-ний үйл явдлаас хойшхи үл ойлголцол нь гацаанаас гарах гарцгүй мухардалд орсон юм шиг харагдаж байсан. Улс төр дэх энэ царцанги байдал өнөөдөр гэсэж эхэлж байх шиг байна. Мэдрэл нь тасрах шахсан хүнд хэцүү өдрүүд өнгөрч ойлголцож эвлэрэх сайхан далимыг тэдэнд Түвшинбаяр олгожээ. Энэ их баярыг тэд хамтдаа тэмдэглэсэн бололтой. Бие биенээ буруутгаж, нэг нүдээрээ ч харахгүй байсан Ц.Элбэгдорж, Ц.Мөнх-Оргил хоёр салахгүй тэврэлдээд зогсоод байх юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талдаа хоёр намын дарга нарыг зогсоож, гараас нь хөтлөн уухайлна. Эвлэрлийн уур амьсгалыг тэдний хэлсэн үгнээс ч мэдэрч болно.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: -Би Баяр даргадаа баярлаж байна, Би Элбэгдорж даргадаа баярлаж байна. Өнөөдөр Монголчууд унтахгүй баярлах шөнө. Монголчууд эвтэй байх ёстой.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр: Монголчууд эвлэлдэн нэгдтүгэй! Ура! Монголчууд бие биедээ муу санах ёсгүй! Ура!
АН-ын дарга Ц.Элбэгдорж: Эв нэгдэл, эв нэгдэл! Хоёр сая зургаан зуун мянган Чингис сэрлээ.
УИХ-ын дарга Лүндээжанцан: Монголчууд эвтэй байхдаа хүчтэй, Монголчууд эвтэй байвал ямар ч орноос дутахгүй хөгжиж чадна.
Төрийн ордонд тэд баяраа тэмдэглэж уулзалдаж ойлголцож эвлэрчээ. Тэр уур амьсгал нь тэдний сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч, хэлсэн үгэнд шингэжээ. Улс төрчид эвлэрэв. Улс төрчдийг эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч эвлэрүүлж ядаж байтал олимпийн аварга Н.Түвшинбаяр эвлэрүүлж дөнгөв. Спорт гэдэг ийм аугаа зүйл. Олимп гэдэг ийм ид шидтэй. Үүсэхээсээ л дайн дажныг зогсоож, энх тайван эв нэгдлийн бэлгэдэл болсон аугаа их Олимпийн наадам Монголын улс төр дэх “дайны” галыг намжаалаа. Би л ямар ч байсан тэгж бодож байна, тийм байгаасай гэж хүсэж байна.   
Олимпийн аваргын замыг зассан булган сүүлтэй медаль хэмээн гавъяат тамирчин Гүндэгмаагийн мөнгөн медалийг Монголчууд бэлгэшээж байна. Тиймээ Гүндэгмаагийн авсан мөнгөн медаль нь олон олон анхны гэсэн тодотголтой болохоор Монголчуудын хувьд аваргын алтан медалиас дутахгүй үнэ цэнэтэй. Баярмаагийн тогтоосон Монгол улсын рекорд ч үнэ цэнэтэй. Шагналт байр, нэг ялалт, нэг даваа ч спортод үнэ цэнэтэй. Энэ удаагийн олимпоос Монголчуудын авах медаль ч дуусаагүй гэж найдъя, амжилтын буухиа үргэлжлээсэй гэж ерөөе. Гүндэгмаагийн, Түвшинбаярын медалиуд араасаа олон олон амжилтыг дагуулаад зогсохгүй улс төр дэх Их эвлэрлийг дагуулах булган сүүлтэй байх болтугай!
2008 оны 8 сарын 14. 23 цаг

Posted in СПОРТ | Leave a Comment »

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦУГЛААН

Posted by bolod on August 14, 2008

Монголчууд олимпийн аваргатай болов. Энэ нь яах аргагүй үндэсний баяр болж байна. Сүхбаатарын талбайд энэ баяраа тэмдэглэхээр иргэд олноороо цуглажээ. Хүмүүс цуглахаа хүрэхээр хэнээр ч албадуулалгүй цугладагийг энэ удаагийн цуглаан батлан харууллаа. Байз гэхдээ, цуглаан хийх зөвшөөрөл авсан хүн байгаа болов уу? Олимпийн аваргын барилдаан ажлын цаг дууссан хойно болсон. Тэгэхээр ажлын цаг дууссанаас хойш хэн ч цуглаан хийх зөвшөөрөл авч амжаагүй байх. Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Leave a Comment »

БИ ХАМ ХЭРЭГТЭН МӨН

Posted by bolod on August 5, 2008

Магнай, Батзандан хоёр буруутай. Тэд тэр өдөр талбай дээр очсон буруутай. Очсон нь буруутай юм бол Ц.Элбэгдорж, Бурмаа нар ч тэнд очсон. Хэдийгээр 20 мянга гэж байгаа боловч тэр өдөр талбай дээр 30-50 мянган хүн очсон байх магадлалтай, тэд бүгд буруутай болж таарна.
Тэд тэнд үг хэлснээрээ буруутай. Үг хэлсэн нь буруу юм бол Элбэгдорж ч үг хэлсэн, Лхагважав ч үг хэлсэн. Эрс шинэчлэлийн Энхбат ч үг хэлсэн. Тэд нэг ч чулуу шидээгүй ч гэсэн шидэхийг нь хорьж чадаагүй буруутай. Тэд залуу учраас бас буруутай. Залуу учраас омголон, зоригтой, юунаас ч айдаггүй буруутай. Залуу учраас тэд алдаа гаргадаг. Энэ нь л тэдний буруу. Залуучуудын алдааг ахмад үеийнхэн уучилж тэвчдэггүй юм. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, БИ . . ., Бачимдал | 3 Comments »