Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ ХАМ ХЭРЭГТЭН МӨН

Posted by bolod on August 5, 2008

Магнай, Батзандан хоёр буруутай. Тэд тэр өдөр талбай дээр очсон буруутай. Очсон нь буруутай юм бол Ц.Элбэгдорж, Бурмаа нар ч тэнд очсон. Хэдийгээр 20 мянга гэж байгаа боловч тэр өдөр талбай дээр 30-50 мянган хүн очсон байх магадлалтай, тэд бүгд буруутай болж таарна.
Тэд тэнд үг хэлснээрээ буруутай. Үг хэлсэн нь буруу юм бол Элбэгдорж ч үг хэлсэн, Лхагважав ч үг хэлсэн. Эрс шинэчлэлийн Энхбат ч үг хэлсэн. Тэд нэг ч чулуу шидээгүй ч гэсэн шидэхийг нь хорьж чадаагүй буруутай. Тэд залуу учраас бас буруутай. Залуу учраас омголон, зоригтой, юунаас ч айдаггүй буруутай. Залуу учраас тэд алдаа гаргадаг. Энэ нь л тэдний буруу. Залуучуудын алдааг ахмад үеийнхэн уучилж тэвчдэггүй юм.
Тэд бас нөхдөө зөв олж нөхөрлөсөнгүй. Бэртэгчингүүдтэй нийлж, тэдэнд ашиглагдсан буруутай. Муу санаагүйгээр хорон санаатны арганд автаж, эмх замбараагүй байдлыг үймээн самуун болгож хувиргасан улс төрийн хүчнүүдийн золиос болсноороо буруутай.
Тэд ядуу учраас буруутай. Мөнгөгүй учраас тэд сонгуульд ялж чадаагүй буруутай. Сонгуульд ялж чадаагүй учраас “Дархлагдаж” чадаагүй буруутай. Ах дүү намуудын шударга бус тогтолцоог эсэргүүцэж, тэдний намд элсээгүй учраас буруутай. Аль нэг намд нь элсээд амар хялбараар явж болох байтал хүнд хэцүү замыг сонгосноороо буруутай. Хоёр намын хормой доогуур шургаж, “шахаанд” ороогүй, дээвэрт нь хоргодож ивээлд нь багтаагүй ялтай.
Бас тэд намын дарга, дэд дарга нар учир буруутай. Намын дарга нар буруутай юм бол АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Ногоон намын дарга Д.Энхбат нар тэнд очсон байсан, үг хэлсэн байсан. Талбай дээр очсон, үг хэлсэн, бас намын дарга нар буруутай юм бол тэд Батзандан, Магнай хоёроос илүү ч үгүй дутуу ч үгүй эн тэнцүү буруутай байж таарна. Тэд бас хөдөлгөөнийх учраас буруутай. Хөдөлгөөнийхөн буруутай гэвэл ЭНИХ, ЭШХ, ММГШХ, АХ, ИХ, ҮНХ, АЧХ, ДМ гээд тэнд очоогүй хөдөлгөөн байхгүй гэж хэлж болно. 
Одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарчмын байр суурь илэрхийлээд, хууль ном яриад байгаа улс төрчид, эх оронч дүр эсгэсэн хүмүүс бол ердөө л асуудлын өнгөн тал нь. Энэ бүх асуудлын цаад талд тэдний эрх мэдэл булаацалдсан, олз ашигт шунасан, улс төрийн хонжоо хайсан өчүүхэн эрх ашиг нь л бий. Тэрнийгээ ил хэлж болохгүй болохоор л тэд хууль ном ярьж, зөвшилцөл нэрийн дор наймаалцаж байна. Энэ заваан улс төрийн тоглоомон дунд тэднийг оруулан зүгээр л ашиглаж байна.
Магнай, Батзандан хоёр буруутай, гэхдээ тэр хоёрт хэрд нь таарсан бурууг л тохооч. Битгий хамаг бурууг тэр хоёр дээр овоолж, золиослох гээд байгаач. Тэд үнэхээр буруутай. Гэхдээ тэр хоёрыг Хадгаламж банкны 14 тэрбумыг хулгайлсан хулгайчдаас илүү буруутай гэж бодохгүй байна. Магнай, Батзандан хоёр муу хүмүүс. Тэгэхдээ тэднийг төрийн төсвийн мөнгө ашиглан шамшигдуулагчдаас муу хүн гэж би бодохгүй байна. Тэд алдаа гаргасан. Гэхдээ Хууль засварласан, сонгууль будлиантуулсан, хууль завсардуулж хийдүүлсэн, ял завшсан хүмүүсээс илүү муу хүн гэж бодохгүй байна. ХЗХ-ны хохирогчдын 60 тэрбумыг тэд аваагүй гэдэгт би итгэж байна. Тэгэхээр тэд хамгийн муу хүмүүс биш. Тэдэнтэй хариуцлага тооц, гэхдээ эхлээд хамгийн том хэрэгтнүүдээс нь эхлээч
Би ч буруутай. Тиймээ Би ч бас тэнд байсан. Тиймээс би ч бас буруутан мөн. Би Магнай, Батзандан хоёртой хамт тэр өдөр талбай дээр байсан юм. Ялгаа нь намайг хэн ч танихгүй учраас миний буруутайг хэн ч анзаараагүй. Би юунд буруутай вэ? 7 сарын 1-нд талбай дээр цугласан 20 мянган хүнтэй би нэгэн адил буруутай. Би тэдний нэг адил сонгуульд дэндүү их луйвар булхай орлоо гэж бодож байсан. Тиймээс ч би 7 сарын 1 –ний өдөр талбай дээр очсон. Талбай дээр очсон нь буруутай бол би ч бас буруутай. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйдээ биш, сонгуулийг ийм муу зохион байгуулсан, ийм их замбараагүй заваан болгож хувиргасанд нь би дургүйцсэн. Би сонгуулийн ерөнхий хороог ажлаа хийж чадаагүй гэж буруутгаж байсан. Тэнд очсон олон мянган хүний нэгэн адил би яахыгаа мэдэхгүй байсан. Зүгээр л юу болох бол, ямар үр дүнд хүрэх бол гэж ажиглах гэж очсон. 90 оноос авахуулаад урьд өмнө болж өнгөрсөн олон арван жагсаал цуглаанд очиж байсныхаа нэгэн адил би тэнд очсон. 90-ээд онд би тэдгээр жагсаалыг сонирхож очдог байсан бол 2000 оноос хойш би ажиглах гэж очдог болсон юм.
Сонгуулийн дүн гараагүй байхад МАХН, манай нам ялчихлаа гэж зарлаж, Баярын хурлаа хийж эхэлсэнд нь миний дургүй хүрч байлаа. Тэгээд л би тэнд очсон. Тиймээс би МАХН –д, Ё.Отгонбаярт дургүйцээд очсон хэрэг. МАХН-д дургүйдээ биш, МАХН ийм увайгүй байгаад нь дургүй хүрсэн хэрэг. Элбэгдорж, Баабар хоёр л манай нам ялчихлаа гээд сонгуулийн өмнө хөөрөөд байснаас биш, МАХН 39 түүнээс дээш суудал авчих боломжтой байгааг судлаачдын хүрээнд мэдэж л байсан. Гэхдээ ингэж илэрхий завааруулахын чинээ даанч бодоогүй юм.
Цугласан эмх замбараагүй олны дунд орж ордныг нэг гороолчихоод, өөр хийх ажилгүй, гэнэтхэн орсон ширүүн бороонд хөөгдөж хамаг улс төрийн тэмцэл минь дууссан билээ. Батзанданг талбай дээр очсоных нь төлөө буруутгаж байна. Тэгвэл би ч очсон бишэд нь ч очсон. Бид бүгдээрээ буруутай. Магнайг олон түмний өмнө үг хэлсэн, өдөөн турхирсан хэргээр буруутгаж байна. Би ч гэсэн үг хэлсэн. Гэхдээ телевизийнхээ өмнө ганцаараа, өөртөө л хэлсэн болохоос. Угаасаа намайг үг хэлэхэд тоож сонсох хүн тэнд байхгүй учраас л үгээ олны өмнө хэлээгүй хэрэг. Магнайгийн хэлснийг олон хүн сонссон нь л Магнайгийн буруу байх. Тэрэндээ хүрвэл яг тэр шөнө ТВ9 телевизээр, МАХН-аас нэр дэвшигч чулуу барьчихаад, Магнай, Батзандан та хоёрт би энэ чулууг чинь өгнө гэж илэрхий заналхийлсэн, өдөөн турхирсан мэдэгдэл хийж байсныг хэн ч яагаад ярихгүй байгаа юм бэ? Тэр нэвтрүүлгийг 20 мянга биш, бүр 200 мянган хүн үзсэн. Энэ олон түмнийг өдөөн турхирсан, нийгмийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэрэг биш үү? МАХН-ын дарга С.Баяр, Нам ард түмнээсээ өмгөөлөл хүсэж байна, ард түмэн минь ирж намаа хамгаалаач хэмээн илэрхий нийгмийг хагаралдуулан, өдөөн турхирах байтугай тэмцэлд уриалан дуудсан мэдэгдэл хийснийг яагаад ярихгүй байгаа юм бэ? Би үүнийг буруу гэж бодож байгаа ялтай хүн.
Би хам хэрэгтэн. Би Батзандан, Магнай болон бусад баригдаж хоригдсон олон арван залуучуудтай хам хэрэгтэн мөн. Би тэдэнтэй нэгэн адил үзэл бодолтой байлаа. Би тэдэнтэй нэгэн цагт, нэг газар, нэг ижил зорилготойгоор очиж, нэг ижил үзэл бодолтой байсан учраас би тэдний хам хэрэгтэн мөн. Магнай, Батзандан хоёр намайг танихгүй ч, Би шударга бус эрх мэдэлтнүүдийг, авлигачдыг буруутгаж байснаараа, хуулийн хариуцлага хүлээдэггүй улс төрчдийг үзэн ядаж байснаараа тэдэнтэй адил хам хэрэгтэн билээл.
Би Магадгүй өөрч олон хэргийн хамсаантан мөн. Ч.Улаан сайд, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Цогнэмэхийг бичсэн нийтлэлтэй нь холбогдуулан, шалгуулахаар шүүхэд өгч, “Хууль шүүхийн шийдвэр гарч, би өөрийн гэм буруугүйд улам бүр итгэлтэй болж байна” хэмээн мэдэгдэж байсан. Тэгж мэдэгдэхтэй нь хамт би түүний гэм буруутайд улам бүр итгэж байсан нь хачирхалтай. Хууль шүүхийн шийдвэрт эргэлзсэндээ ч тэр, Ч.Улааны зан байдалд эргэлзсэндээ ч тэр, сэтгүүлч Цогнэмэхийн бичсэн нийтлэлийг үнэн гэж бодож байсан. Ингэж бодсоноороо би түүнтэй хам хэрэгтэй болж байгаа юм. Итгэл үнэмшлийнхээ төлөө би “эсэргүү” сэтгүүлчийн хамсаатан эсэргүү мөн билээ.
Сэтгүүлчдийн хардах эрхийг боогдуулж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь уншигч миний эрхийг хөндөж байгаа асуудал юм. Эрх баригчид зөвхөн сэтгүүлчдийг шахан боогдуулж байгаа бус олон мянган уншигчдынх нь эрх ашгийг боогдуулж, эрхийг нь зөрчиж байгаа юм. “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид, ажилтнууд, сониныг эзэмшигч, захиалагчид, бүгдээрээ дам байдлаар хам хэрэгтнүүд мөн. Тэд сэтгүүлчийн бичсэн илэрхий эсэргүү, гүтгэлгийн шинжтэй материалыг толгой дохин уншицгааж, бусдад дамжуулан цуурцгаасан учраас гэмт хэрэгтнүүд. Би тэдний нэг учраас, тэдний хам хэрэгтэн мөн.
Ц.Нямдорж сайдтан “Монгол Таймс” сониныг хааж, хэвлэн нийтлэх эрхийг нь боогдуулж байхад би “Монгол Таймс” сонины байнгын уншигч байсны хувьд үхтлээ дургүйцэж эсэргүүцэж байлаа. Сэтгэл дотроо би сайдыг хичнээн харааж байсан гээч. Эсэргүү үзэл бодолтой хүмүүсийн бичдэг, хэвлэн нийтэлдэг сонины уншигч байсны хувьд, улс төрийн шалтгаанаар хоригдож хаагдсан сонины уншигчийн хувьд би гэмт хэрэгтэн мөн.
Улмаар, шинээр гарч эхэлсэн “Улс төрийн сонины” захиалагч болж, санхүүгийн хувьд өчүүхэн ч гэсэн дэмжлэг үзүүлсэн буруутай хүн би. Санал нийлэх нийлэхгүй, дэмжих үгүйсгэх олон асуудал байсан ч би Улс төрийн сониныг дугаар алгасахгүй авч уншиж байлаа. Улс төрийн сонинд Гаалийн Баатарыг авлигач гэж “гүтгэсэн” баримтат материал гарахад би шимтэн уншиж, Форум нэвтрүүлгээр Уянга, Баатар нарын нүүр нүүрээ харан мэтгэлцэхийг нүдээ чавчихгүй үзэж, Уянгын талд орж, илэрхий нэг талыг барьсан байр суурьтай байж, Баатар бол авлигач мөн хэмээн “баримтгүйгээр” бодож байсан ялтай хүн. Тиймээ би Уянгаатай хам хэрэгтэн мөн.
Би сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Би “Үнэн” сонин уншдаггүй, “Өдрийн сонин” уншдаг. Хүн гүтгэсэн доромжилсон хэрэгт холбогдож байсан Дашрэнцэн гуай, ажлаа хийж хэвлэн нийтэлснийхээ төлөө байсгээд л дуудагдаж байцаагддаг сэтгүүлчид, Мөнхбаясгалан, Мөнгөндалай, Янжмаа зэрэг олон сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг би дуртайяа уншдаг. Надтай адил олон мянган хүн байдаг нь сонины захиалагчдын тооноос харахад илхэн байна. Би Засгийн Газрын хэвлэл мэдээллийн албаны дарга байсан Дэмбэрэлд дургүй. Гэхдээ, түүнийг хэлсэн үгийнх нь төлөө барьж хорьсныг би эсэргүүцэж байсан. Би хаана, хэзээ, хэнд элсэгдсэнээ мэдэхгүй, нэг мэдэхэд энэ эсэргүү бүлгийн гишүүн болчихсон байна. 
Эдгээр улс төрийн онц ноцтой эсэргүү материалууд бүхий, хориотой сэтгүүлүүдийг улс төрийн сонор сэрэмж алдан авч уншиж, хайчилбар хийн, гэртээ хадгалж байсны хувьд би гэм буруутай. Илэрхий “гүтгэлгийн” шинжтэй баримтгүй материалуудад хөнгөмсгөөр итгэж, сэтгүүлчийн хийсэн “хөнгөн” дүгнэлтэд зүгээр л итгэснээрээ би “сэтгэхүйн гэмт хэрэгтэн”. Итгэх дуртайдаа итгэсэн учраас энэ гэм бурууг би сэтгүүлчдэд тохохгүй, улс төрийн сонор сэрэмж алдсан бурууг өөр дээрээ авч байна.
Би Магнай, Батзандан хоёрт хайртай дуртай биш. Тэдний хэлсэн зарим үг, үйлдлийг би хүлээн зөвшөөрдөггүй, үнэн голоосоо дургүйцдэг, “МАХН бол алуурчдын нам” гэж хэлснийг нь хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл 7 сарын 1-нд иргэдээ буудаад алчихлаа. Буудуулаад нас барсан нь 4 гээд яриад байгаа болохоос бусад буудуулж шархадсан хүмүүсийн тухай яагаад хэн ч юу ч ярихгүй байгаа юм бэ? Эхэндээ 20 гаран хүн буудуулж шархатсан байна гэж байлаа. Энэ тоог ч гэсэн магад засварлах биз. Тэдний дотор эмэгтэй хүн, хүүхэд буудуулж шархатсан гэдгийг нууж байгаа юм биш биз. Би одоо “МАХН бол алуурчдын нам” гэж хэлсэн хүнийг үгүйсгэж чадахгүй. Хэрэв би залхуураагүй бол тэнд байж байгаад баригдаж буруутаж болох л байсан. Хэрэв миний нойр хүрч, гэртээ хариагүй бол тэнд байж байгаад буудуулсан, алуулсан хүмүүсийн нэг байж мэдэх л байж. Тэнд очсон хүмүүсийн хэн нь ч, та ч магадгүй буудуулчихсан байж болох байлаа. МАХН-ыг эсэргүүцэж очсон нь ч, дэмжиж хамгаалж очсон нь ч, зүгээр л сонирхож харах гэж эсвэл дарвиж очсон хүмүүсийн хэн нь ч буудуулж болох байжээ. Тэнд хүмүүс нас хүйс, яс үндэс, мэдлэг боловсрол, нийгмийн гарал, үзэл бодол, тэр ч байтугай намын харьяаллаас үл хамааран, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрх тэгшээр алуулж болох байв.
Би хамсаатнуудаа нэрлэе. Би аймхай учраас хамсаатнуудаа бушуухан нэрлэе. 2004 оны УИХ-ын сонгуулийн дүн гарангуут, Ц.Нямдорж дарга, “Иргэд сонгогчид минь сонор сэрэмжтэй байгтун. УИХ-ын ариун дагшин танхимд 36 луйварчин, гэмт хэрэгтнүүд орж ирэх гэж байна” хэмээн мэдэгдэж байлаа. Тиймээ, би Нямдорж сайдтай хамсаатан. Би түүнтэй адилаар АН-ынхныг луйварчин, бузар булайтай хутгалдсан гэж хардаж байна. Нийтлэлч Баабар УИХ-ын гишүүдийг толгой дараалан авлигачнаар нь дуудаж, “чулуу аваад л харсан зүгтээ шидэхэд нэг авлигачийн толгойг хага цохиж байна” хэмээн хэлсэн. Ц.Элбэгдорж авлигачдын нам хурлаа хийж байна” хэмээн хэлж байсан. Тиймээ, би Элбэгээ, Баабар нарын хамсаатан мөн. Би тэдний хэлсэн үгийг “ҮНЭН” хэмээн итгэсэн хамсаатан. БСШУЯ-ны сайд Н.Болормаа НИТХ-ын дарга байхдаа “Батбаяр, М.Энхболд нарын хийсэн заваан юнаас болж би нүүрээ хийх газаргүй болж байна” хэмээн цогтой үгээ хэлж билээ. Тиймээс, би Н.Болормаа сайдын хмсаатан мөн. Тиймээ би тэдний хэлсэн үгэнд ухамсаргүйгээр автан элсэгдэж, хамсаатан нь болсон байна. Тэдний хэлснээр л би УИХ-ын гишүүд авлигач юм байна гэж бодох болсон. Би тэднийг хамсаатнаараа нэрлэж байна.
Би мөн, АНУ-аас Монголд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Жон Дингерийг хамсаатнаар нэрлэж байна. Түүний хэлснээр “авлигачид УИХ-ын танхимд одоо ч сууж байгаа” гэсэн үгэнд би итгэж байна. Монгол улс авлигад автагдсан, хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн, Үндсэн хууль болон бусад хуулиуд зөрчигдөж байгаа гэдгийг удаа дараа хэлж байгаа “Эмнести интернэшнл”, “ННХ”, “Глоб интернэшнл” зэрэг гадаад дотоодын олон байгууллагуудтай санал нэгтэй байдаг тул тэдний хамсаатан болохоо хүлээе. Би иргэн Д.Ламжав, иргэн Хайдав, иргэн Б.Лхагважав нартай ч хамсаатан. Үндсэн хуулийг өөрчилснийг буруутгаж байгаа “Ардчилсан үндсэн хуулиа хамгаалах хөдөлгөөний” -хөнтэй ч хам нэг гэдгээ хүлээж байна.
Би аймхай. Гэвч би аймхай учраас чулуу шидээгүй. Чулуу шидээгүй ч би шүлсээ хаясан. “Хээ Тэнд очсон бол би мөн хэмх балбуулах байжээ” гээд булангийн цаанаас харж байсан аймхай хүн. Надтай адилхан олон аймхайнууд булангийн цаанаас харж, байшин тойроод “хош” гээд гүйж байсан.
Ийм эсэргүү үзэл бодолтой байсныхаа төлөө нэгдүгээр эмнэлгийн эмч нартай нэгэн адилаар ажлаасаа халагдах вий гэж би айж байна. Тиймээ би Е бүлгийн хүн. Дээд боловсролтой хүнийг л сэхээтэн гэдэг юм бол би сэхээтэн хүн. Би аймхай сэхээтэн, үхтлээ айж байна. Монголын нийгэмд ингээд дарангуйлал руу гулсаад орчих вий гэж би айж байна.
Батзандан, Магнай хоёрыг дэмжээд байсан олон мянган хүн одоо хаана байна. Тэдэнтэй уулзаад санал солилцоод, эвсэл хөдөлгөөн бололцоод байсан хүмүүс хаана байна. Заецнууд бүгд үүр үүрэндээ ороод бүгчихжээ. Хөнжил доогуураа шургачихаж. Тэд одоо, “Буруутай бол тэр хоёр л буруутай, би ямар ч буруугүй” гээд буруу харж байна. Тэднийг л адгийн шаарнууд гэж хэлж болно. Хэрэв энэ тэмцэл нь амжилтад хүрсэн бол тэр хоёрыг түлхчихээд үр дүнг нь хүртэх гээд яаж уралдах байсан бол. Сайн явахад нь нөхөр гэж эвсчихээд, анхны жоохон бэрхшээлтэй тулгарангуут нь цаашаа гээд түлхэж байгаа тэр муусайн бэртэгчингүүд, тэр хоёрын жинхэнэ дайсан нь. Энд л жинхэнэ үе хоорондын зөрчил хурцаар илэрч байна.  
Тэд хуулиа хуйвалдаж засдаг байснаа, сүүлдээ хуралдах ч үгүй засдаг болсон. Тэд сонгуулийн булхай хийдэг байсан бол одоо луйвар хийдэг болжээ. Сонгуулийн дүнг ч засварлачихдаг болжээ. Сонгуулийн дүнд нөлөө үзүүлэхүйц болон нөлөө үзүүлэхээргүй бага луйвар гэж ялгаж болох уу? Ингэж ялгаж болно гэвэл сонгуулийн дүнд нөлөөлсөн нь гэмт хэрэг, нөлөөлөөгүй нь ердөө л багахан хэмжээний дүрсгүйтэл төдий зүйл үү? Үгүй. Аль аль нь төрийн эрх мэдлийг булаах гэсэн оролдлого. Сонгогчдын сонгох сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан хууль зөрчсөн үйлдэл. Хуулийг ихээр ба багаар зөрчинө гэж байж болохгүй. Хууль зөрчсөн л бол гэмт хэрэг гэж би ойлгодог.
Тиймээ би айж байна. Одоо Үнэний Яам ажиллаж байх вий гэж айж байна. Тэд хууль, дүрэм журам, тогтоол гаргаж, тэрнийгээ засдаг байсан бол одоо илэрхий факт баримтыг засварлаж эхэллээ. Тэд одоо “ҮНЭН”-ийг засварлаж эхэллээ. Бүх зүйлийг тэр хоёрын эсрэг эргүүлж, тэр хоёрыг болон бусад баривчлагдсан хүмүүсийг буруутгах баримт бүрдүүлэхийн тулд ажиллах вий гэдгээс айж байна. Монгол улс 1984 он руугаа буцах вий гэдгээс айж байна. Монгол улс тусгаар тогтнолоо алдаж аль нэг орны нөлөөнд автчих вий гэж би айж байна. Онц байдал зарлахтай зэрэгцэн, “Үзэн ядах өдрүүд” үргэлжилсэн. Талбай дээр очсон болгоныг галдан шатаагч, самуун дэгдээгч, дээрэмчин гэж харуулж үзэн ядуулах суртал ухуулгыг хийж байсан. Монголын нийгэм айдаст автчихлаа. 
Аав минь намайг “Дуугүй байснаас бүтэж үхдэггүй юм” гэж хэлж сургаж хүмүүжүүлсэн. Хэрэггүй газар илүү үг хэлж явахыг минь хазаарлаж, хязгаарлаж байгаа нь тэр. Урт хэл хүзүү орооно гэж ардын цэцэн үг бий. Ховч, хорон хүмүүсийг жигшүүлэх гэж тэр биз. Гэвч өнөөдөр дуугүй байвал бүтэж үхчих гээд байна. Хэлээ хазаад хазаад тэсдэггүй тийм үе байдаг юм байна. Монголчууд үг хэлэх хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нь үнэн юм бол, Монгол улс үндсэн хуультай, төрт ёстой, эрх чөлөөт ардчилсан улс мөн юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээ би хам хэрэгтэн мөн. Гэхдээ би сэтгэхүйн гэмт хэрэгтэн мөн учраас сэтгэхүйн цагдаа нараас үхтлээ айж байна.
2008 оны 7 сарын 20

3 Responses to “БИ ХАМ ХЭРЭГТЭН МӨН”

  1. Tsogtoo said

    Uneheer sain niitlel bolj, yamarch ergelzee alga

    Tsogtoo

  2. gjg said

    bitgii buruu ym hiij bai l daa. Buruu ym hiiwel yah estoigoo nadaar heluultgui medej bgaa bh. tegeed busdad zarlah hereg bn uu

  3. Huder said

    “сэтгэхүйн гэмт хэрэгтэн” гэсэн ойлголт нэрээ 1984 он зохиол дээр байдаг ш дээ. Тэр зохиол бүүр нүдэнд харагдчихлаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: