Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЦУГЛААН

Posted by bolod on August 14, 2008

Монголчууд олимпийн аваргатай болов. Энэ нь яах аргагүй үндэсний баяр болж байна. Сүхбаатарын талбайд энэ баяраа тэмдэглэхээр иргэд олноороо цуглажээ. Хүмүүс цуглахаа хүрэхээр хэнээр ч албадуулалгүй цугладагийг энэ удаагийн цуглаан батлан харууллаа. Байз гэхдээ, цуглаан хийх зөвшөөрөл авсан хүн байгаа болов уу? Олимпийн аваргын барилдаан ажлын цаг дууссан хойно болсон. Тэгэхээр ажлын цаг дууссанаас хойш хэн ч цуглаан хийх зөвшөөрөл авч амжаагүй байх. Хэн ч зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл өгөөгүй бол энэхүү цуглаан нь хууль бус цуглаан болж таарах уу? Хууль бус цуглаан хийсэн хэргээр Арслан, Саруул нар баригдаж хоригдсон жишгээр бодвол цуглаанд оролцсон хүмүүс бүгд хууль зөрчигч болж, баригдах буруу хэрэг хийсэн болноо доо. Түүн дотор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АН-ын дарга, УИХ-ын дарга, Нийслэлийн захирагч ч багтана. Гэхдээ Нийслэлийн захирагч өөрөө энэ цуглаанд оролцож байгаа болохоор амьд зөвшөөрөл болж байгаа юм болов уу? Тэр өөрөө өөртөө, эсвэл Сүхбаатар дүүргийн засаг даргад үзүүлэх амьд зөвшөөрөл. Тэд зөвшөөрөл олгох илүү эрхтэй учраас зөвшөөрөлгүй ч гэсэн цуглаан хийж болдог юм болов уу?
Цуглаанд олон “согтуу иргэд” оролцож бүр үг хэлцгээв. Үг хэлсэн хүмүүсийн дотор хууль тогтоогчид, хуулийг хэрэгжүүлэх учиртай яамны сайд, хуулийн бэлгэдэл нар байлцсан учраас хууль тэдэнд үл хамаарах ажээ. Хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгч нар хуулийг зөрчиж болдог юм болов уу? Хууль сахиулах учиртай цагдаа нар нь ч гэсэн тэдний энэхүү үйлдлийг хараагүй юм шиг өнгөрүүлж, “баримтжуулалгүй” үлдээв. “Согтуу иргэд” үг хэлээд зогсохгүй бусад “согтуучуудаа” үг хэлэхийг уриалан зарлаж, хууль бус зүйл хийлгэхээр “өдөөн турхирав”. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй ч, ТЭД халдашгүй дархан эрхтэй хүн бишүүд учир хамаагүй. Харин “согтуу иргэдийг” баривчилж эрүүлжүүлээгүй цагдаа нар л буруутай.
“Согтуу” иргэн “согтуу” иргэнээ “Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлнэ” хэмээн зарлаж барьж өгөөд байхад ч цагдаа тоосонгүй. “Согтуу” иргэн өөрийгөө “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр, УРА!” хэмээн хашхирч илчилсэн ч цагдаа нар тоосонгүй. “Согтуу” иргэн өөрийгөө “би азтай ерөнхийлөгч” гэхийн сацуу “согтуу” иргэдээ “Баяр бол азтай ерөнхий сайд”, “Лүндээжанцан азтай УИХ-ын дарга”, “Элбэгдорж азтай АН-ын дарга” хэмээн хуруугаараа зааж чичилж байгаад тодруулсан боловч цагдаа тоосонгүй.
“Согтуу” иргэн төрийн далбаа намируулж, гараараа занган зоригжуулж элдэвлэх явцдаа хөл дээрээ тогтохгүй уначих гээд байх тул араас нь нэг хүн алдалгүй тэвэрч, согтуу гэдгийг нь олон түмэнд бүр илчилж барьж өгөв. Тэрээр өөрөө ч дутахгүй дүвчигнэж Төрийн дууллынхаа үгийг мэдэхгүй мөртлөө, дагаж хашхирч, буруу өнгөөр дуулмаглав. Ерөнхий сайд нь төрийн дууллаа мэддэггүй ажээ. Нэг минутад амнаасаа гаргадаг үгийнхээ тоогоор Монголдоо тэргүүлдэг, уран илтгэгч, цаас харж ярих нь битгий хэл нэг ярьснаа давтаж ярьж үзээгүй шилдэг лектор амьдралдаа анх удаа цаас харж шагайж байгаад төрийн дууллаа дуулав. Монгол улсын хошой ерөнхий сайд асан тэрээр төрийнхөө дууллыг мэддэггүй ажээ. Төрийн дууллыг шинэчлэн засварлагч маань харин Төрийн дууллын ремиксийг зохиогчийн хувьд эхний бадгийг ээрч мууралгүй, цаас шагайлгүй, зөв дуулчихав.
Эдгээр “согтуу иргэд” төрийн албан хаагчид байх өндөр магадлалтай бөгөөд аягүй бол ажлын байран дээрээ архидан согтуурсан байж болзошгүй. Яагаад гэвэл тэднийг албаны хувцастайгаа байхыг миний энэ муу хоёр цэхэр нүгэл хурааж харсан билээ. Хэрэв тэд ажлын байран дээрээ архидан согтуурсан бол Ерөнхийлөгчийнхөө зарлигийг зөрчсөн болж таарч байна. Зарлиг гаргагч өөрөө дунд нь байхыг бодвол зарлигаа цуцалсан байж ч болох талтай юм. Зарлиг цуцлагдсан эсэхийг туршиж шалгаж үзэх нь үүнийг сараачигчид ихээхэн эрсдэлтэй алхам болохын учир шалгаж үзэх боломжгүй. Эсвэл зарлиг гаргагчтай цуг байж, зарлиг гаргагчийн дэргэд зарлигийг нь үл хэрэгсэж болдог ч байж болох л юм. Зарлигийн дор тойгтнууд л сөхрөх учиртай болохоос төрчингүүдэд хамаагүй.
Эрх баригчдын хууль бус үйлдлийг нүд цавчихгүй харж хянаж байх учиртай сөрөг хүчнийхэн тэдний энэхүү үйлдэлтэй эвлэрэв, зөвшилцөв. Зөвшилцөл бол фашизм гэдэг. Хувьсгал хийхэд хууль хамаагүй, зөвшилцөхөд зөв буруу байддаггүй бололтой.
Улс төрчид мундаг мэдрэмжтэй юм аа. Тэд шоудаад сурчихаж. Олимпоос алтан медаль авч, Монголчууд баярлаж хөөрч байгааг тэд ямар хурдан мэдэрч, ямар сурамгай ажиллаж шоу болгож хувиргаж чадаж байнаа. Нийгмийн сэтгэлзүйг удирдаад сурчихсан улсууд болохоор энэ боломжийг алдалгүй ашиглав. Энэ боломжийг ашиглаж тэл үйл ойлголцлыг цэглэж, өмнөх хар нэрнээсээ салах оролдлогыг амжилттай хэрэгжүүлэв. Талбай дээр ямар хурдан тайз засаж, олон мянган хүн цуглуулж шоу болгож чадаваа? Тэд 7 сарын 1-нд ч гэсэн ийм хурдтайгаар ажилласан юм биш биз гэсэн хардлагыг эрхгүй төрүүлж байна. 7 сарын 1-нд ч гэсэн яг тэр газар, яг тэр газар тайз засагдаж байсан. Сонгуулийн ялалтаа тэмдэглэх гэж байсан юм биш биз.
 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: