Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Үндэсний их баяр – Үндэсний их эвлэрэл

Posted by bolod on August 14, 2008

Монгол Улсаас Олимпийн анхны аварга төрөв. Яах аргагүй Үндэсний их баяр боллоо. Монголчууд, олимпийн аваргын алтан медалийг дээр дооргүй хүсэн хүлээсээр хэдэн үеийг өнгөрөөж байгаа болохоор өнөөдрийн алтан медаль Монгол хүн бүрийн магнайг тэнийлгэж чин сэтгэлийн талархлыг хүлээж байна. Найдангийн ТҮВШИНБАЯР – энэ нэр Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэнэ гэхчлэн магтаалын үгс ар араасаа хөвөрсөөр. Яадгийм, магтацгаая, тэр ийм магтаал хүртэх эрхтэй. Онгирцгооё, бид түүгээр бахархаж байна. Магтаалын хуртай зэрэгцэн, шагналын үер, гавъяа шагналын давалгаа нөмөрлөө. Тиймээ тэр өнөөдөр Үндэсний баатар боллоо.
Юу хийж бүтээснээ тэр одоогоор бүрэн ухаараагүй байгаа. Тэр, үе үеийн тамирчдын мөрөөдөл болсон Олимпийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан эзнээр тодорлоо. Ганцхан энэ нь л гэхэд түүнийг БААТАР болгон өргөмжлөхөд хангалттай шалтгаан. Дээр нь тэр хичнээн сайн биеэ барьж, хичнээн даруухан байнаа. Энэ нүдэнд дулаахан залуугийн төрх нь Монголчуудын сэтгэлд нийцэж байна. Өнөөдрөөс эхлэн түүний нэрийг Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Хойлогдорж, Нацагдорж, Даваажав, Сэрээтэр, Дамдин, Сүхбат, Энхбат, Баярсайхан, Болдбаатар, Пүрэвбаатар, Наранбаатар, Цагаанбаатар, Мөнхбаяр, Гүндэгмаа нарын нэртэй зэрэгцүүлэн дуудах болно. Өчигдөрхөн түүний нэрийг ихэнх нь мэдэхгүй байсан бол өнөөдөр түүний нэрийг 2 сая 600 мянган Монголчуудаас гадна дэлхий мэддэг боллоо.
Өнөөдөр, Монголчуудын туг нь Найдангийн Түвшинбаяр гэх залуу болж, тэр Монголчуудыг нэгтгэж чадлаа. 7 сарын 1-ний үймээнээс хойш Монглчууд сэтгэлдээ битүүхэн хөндүүртэй, нууцхан айдастай байсан. Гэтэл тэр айдсыг үргээж, бүх Монголчуудыг Түвшинбаяр гэх энэ эгэлийн эгэл залуу нэгтгэж чадлаа. Сонгуулиас хойш, үймээнээс болоод бид нэг л түгшүүртэй байх болсон. Наадам болж, хичнээн сайхан наадсан ч гэсэн энэ түгшүүр дарагдахгүй л байв. Гэтэл өнөөдөр, 7 сарын 1-нээс хойш анх удаа өнөөдөр л Монголчууд сэтгэлийн хөдөлгөөнөө ямар нэг хаалтгүй илэрхийлж, үнэнээсээ баярлаж хөөрч, бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Хэний ч албадлагагүйгээр талбай дүүртэл цугласан олон түмэн, хэнд ч хамаагүй, таних танихгүй ялгалгүй, дээр дооргүй адилхан бие биедээ баяр хүргэж, гар гараа алгадалцаж, тэврэлдэж байх юм. Энэ үндэсний эвлэрэл байлаа.
7 сарын 1-ээс хойш цагдаа иргэдийн хооронд хагарал гарч, цагдаагийн нэр хүнд иргэдийн дунд унасан байлаа. Харин өнөөдөр, талбай дүүрэн цагдаа, талбай дүүрэн иргэд цугласан боловч хоорондоо зөрчилдсөнгүй, чулуу шидэлцсэнгүй. Цагдаа, хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах өөрийн үндсэн үүргээ л гүйцэтгэв. Өмнөх гомдол, үл ойлголцол мартагджээ. Бүгд л адилхан баярлаж байгаа болохоор, бие биенээ ойлгож, хүндэтгэж байлаа. Үнэндээ хөөрүү зарим нь хэтрүүлж байсан боловч, мэр сэр “зөрчил” гарч байсан ч аль аль нь инээд алдацгааж байх юм. Иргэд цагдаатай эвлэрэв. Иргэдийн дундах цагдаагийн нэр хүнд сайжрах сайхан далим гарлаа.
Үндэсний их баярын цуглаанд төрийн “өндөрлөгүүд” оролцож үгээ хэлцгээв. Төрийн өндөрлөгүүд гар гараасаа хөтлөлцөн инээд алдан зогсохыг энэ зун байтугай урьд өмнө нь ч харснаа санахгүй байна. Нэг намынхан гараасаа хөтлөлцөн шоудахыг олон л харсан. Хоёр намын дарга нар гар барилцах нь байдаг л явдал. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, АН-ын дарга нар гараа тавихгүй  хөтлөлцөөд зогсоод байлаа. 7 сарын 1-ээс хойш, бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэж, мэдэгдэл хийн тунилцаж, буруу харан сууж байсан улсыг юу нэгтгэчихвээ. Яах аргагүй, Монгол гэдэг нэгэн нэр, Монголоо гэсэн сэтгэл, Монголын анхны олимпын алтан медаль, түүнийг авчирсан Түвшинбаяр л тэднийг нэгтгэж чадав. Тэгэхээр Н.Түвшинбаярт олимпийн алтан медаль авчирсан гавъяагаар тогтохгүй, Үндэсний эвлэрлийг авчирсан их гавъяа оногдож байна.
7 сарын 1-ний үйл явдлаас хойшхи үл ойлголцол нь гацаанаас гарах гарцгүй мухардалд орсон юм шиг харагдаж байсан. Улс төр дэх энэ царцанги байдал өнөөдөр гэсэж эхэлж байх шиг байна. Мэдрэл нь тасрах шахсан хүнд хэцүү өдрүүд өнгөрч ойлголцож эвлэрэх сайхан далимыг тэдэнд Түвшинбаяр олгожээ. Энэ их баярыг тэд хамтдаа тэмдэглэсэн бололтой. Бие биенээ буруутгаж, нэг нүдээрээ ч харахгүй байсан Ц.Элбэгдорж, Ц.Мөнх-Оргил хоёр салахгүй тэврэлдээд зогсоод байх юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талдаа хоёр намын дарга нарыг зогсоож, гараас нь хөтлөн уухайлна. Эвлэрлийн уур амьсгалыг тэдний хэлсэн үгнээс ч мэдэрч болно.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр: -Би Баяр даргадаа баярлаж байна, Би Элбэгдорж даргадаа баярлаж байна. Өнөөдөр Монголчууд унтахгүй баярлах шөнө. Монголчууд эвтэй байх ёстой.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр: Монголчууд эвлэлдэн нэгдтүгэй! Ура! Монголчууд бие биедээ муу санах ёсгүй! Ура!
АН-ын дарга Ц.Элбэгдорж: Эв нэгдэл, эв нэгдэл! Хоёр сая зургаан зуун мянган Чингис сэрлээ.
УИХ-ын дарга Лүндээжанцан: Монголчууд эвтэй байхдаа хүчтэй, Монголчууд эвтэй байвал ямар ч орноос дутахгүй хөгжиж чадна.
Төрийн ордонд тэд баяраа тэмдэглэж уулзалдаж ойлголцож эвлэрчээ. Тэр уур амьсгал нь тэдний сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрч, хэлсэн үгэнд шингэжээ. Улс төрчид эвлэрэв. Улс төрчдийг эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгч эвлэрүүлж ядаж байтал олимпийн аварга Н.Түвшинбаяр эвлэрүүлж дөнгөв. Спорт гэдэг ийм аугаа зүйл. Олимп гэдэг ийм ид шидтэй. Үүсэхээсээ л дайн дажныг зогсоож, энх тайван эв нэгдлийн бэлгэдэл болсон аугаа их Олимпийн наадам Монголын улс төр дэх “дайны” галыг намжаалаа. Би л ямар ч байсан тэгж бодож байна, тийм байгаасай гэж хүсэж байна.   
Олимпийн аваргын замыг зассан булган сүүлтэй медаль хэмээн гавъяат тамирчин Гүндэгмаагийн мөнгөн медалийг Монголчууд бэлгэшээж байна. Тиймээ Гүндэгмаагийн авсан мөнгөн медаль нь олон олон анхны гэсэн тодотголтой болохоор Монголчуудын хувьд аваргын алтан медалиас дутахгүй үнэ цэнэтэй. Баярмаагийн тогтоосон Монгол улсын рекорд ч үнэ цэнэтэй. Шагналт байр, нэг ялалт, нэг даваа ч спортод үнэ цэнэтэй. Энэ удаагийн олимпоос Монголчуудын авах медаль ч дуусаагүй гэж найдъя, амжилтын буухиа үргэлжлээсэй гэж ерөөе. Гүндэгмаагийн, Түвшинбаярын медалиуд араасаа олон олон амжилтыг дагуулаад зогсохгүй улс төр дэх Их эвлэрлийг дагуулах булган сүүлтэй байх болтугай!
2008 оны 8 сарын 14. 23 цаг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: