Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СЭТГҮҮЛЧИД ХЭЗЭЭ АЖИЛДАА ОРОХ ВЭ?

Posted by bolod on August 30, 2008

7 сарын 1-ний үймээний дараагаар Монгол улсын ерөнхийлөгч нийслэл Улаанбаатар хотод онц байдал зарлаж, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүний дотор бүх ТВ-үүд, радио FM-үүдийн дуу хоолойг хаав. МҮОНТВ -ээр зөвхөн хурандаа Сайнжаргал ярьж, түүнийг ядраад амрах цагт бусад нь ярих хуваарьтай юм шиг байлаа. Энэ өдрүүдийг ҮЗЭН ЯДАХ ДӨРӨВ ХОНОГ хэмээн албан ёсоор нэрлэж болно. МҮОНТВ-ийн хоёрхон хөтлөгч сэтгүүлч л өдөр шөнөгүй ажиллаж байсны нэг нь болох сэтгүүлч Мөнхтөр үзэл суртлын ноцтой “алдаа” гаргаж, нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эмч сувилагч нарын үзэл бодол дуу хоолойг үзэн ядах өдрүүдийн хүрээнд гаргасны хувьд буруутаж, улмаар ажлаас нь чөлөөлсөн гэх яриа дараагаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, нэр бүхий улс төрчид ярьцгаав. Сэтгүүлч Мөнхтөр хэзээ ажилдаа орох вэ?

Захиалгат сэтгүүл зүй. Мөнхтөр ажлаасаа халагдсан гэснээс, ер нь сэтгүүлчид ажлаа хийж байсан юм уу, хийж байгаа юм уу? Сэтгүүлчид хаана байна? Сонгуулийн кампани албан ёсоор 6 сарын 1-ээс эхэлж, энэ үеэс сэтгүүлчид санаачлагаа алдав. Сонин сэтгүүл, телевиз радио, фм, интернет, номын худалдаа, рекламын самбар гэхчлэн хэвлэл мэдээллийн бүх сувгийг, рекламын шинэ хуучин бүх орон зайтай нь улс төрчид эзэлчихэв. Нийтлэлийг улстөрчид бичиж, номыг улс төрчид хэвлүүлж, лекцийг улс төрчид уншиж, шоуг улс төрчид хөтөлж, хоолыг улс төрчид хийж, мөнгийг улстөрчид тарааж, хурлыг улс төрчид удирдаж, нэвтрүүлгийг нэр дэвшигч улстөрч хөтөлж, нэр дэвшигч улс төрчидтэй ярилцав. Сэтгүүлчид, нэр дэвшигчдэд орон зайгаа алдав. Нэр дэвшигчид судалгаа хийж, нэр дэвшигчид прогноз дэвшүүлж, таамаглал гарган, нэр дэвшигчид санал санаачлага гаргаж, нэр дэвшигчид амаараа улс орныг хөгжүүлцгээв. Нэр дэвшигчид, “БИ” хэмээн цээжээ дэлдэцгээж, нэр дэвшигчид Алтантүрүүг гэртээ хонуулж, “Танайд хоноё” нэвтрүүлэг “Нэр дэвшигчийнд хоноё” гэдэг нэвтрүүлгээр солигдов. Нэр дэвшигчид спорт сонирхогчид болж, хөл бөмбөгийн “Евро-2008” тэмцээнийг тайлбарлацгаав. “Сэтгэлийн байгаль” биш “нэр дэвшигчийн байгаль” болов. “Кофе юм уу цайг” нэр дэвшигчид л уув. Нэр дэвшигчид л “Нүүр тулсан ярилцлага” хийж, нэр дэвшигчид л “Болзож” нэр дэвшигчид л “Тантай ярилцав”. ТВ-ээр хөтлөгч нэвтрүүлэгчид гарахаа байж, гарсан ч мануухайны үүрэгтэй, нэр дэвшигчийн фон болон суух болжээ. Ингэнгүүт тэд сэтгүүлч биш бараа бологч болон хувирч байгаа юм. Нэг үгээр хэлбэл сонгууль дуустал бүх сэтгүүлчид ажлаасаа чөлөөлөгдөж, улс төрчдийн аясаар симфони тоглоцгоов. Мөнгө төлсөн нь хөгжмөө захиалж, үгээ хэлж байлаа. Сэтгүүлчид түүнд нь “дуртайяа тусаллаа. Сонин, хэвлэлээр бичигдсан материалууд бүгд захиалгын дагуу бичигдэж, сэтгүүлчид бүгд тал талд хуваагдан хөлсний армийн үүргээ гүйцэтгэв. Тэгэхээр 6-р сард сэтгүүлчид ажлаа хийгээгүй, хөлсний ажил хийж, захиалгат сэтгүүл зүй Монголд ноёлж байсан гэсэн дүгнэлтийг хийж болж байна.

Үзэн ядах сарын ажил. 7 сарын 2-ноос эхлээд ганцхан ММ агентлаг 4 хоног дангаар ажиллав. Бусад агентлагууд, ТВ-үүд, сэтгүүлчид ажиглагч болов. Үндэсний ТВ-ээр дан ганц үзэн ядах нэвтрүүлгүүд л гарах ажээ. Морин хуурын чуулгын Батчулуун гуай нулимсаа дуслуулж байгаад хэдэн морин хуурь, тоглолтын хувцас хэрэгслийнхээ хойноос харамсч байлаа. Би, Морин хуурын чуулгын концертыг билет нь үнэтэй учраас үзэж чаддаггүй болохоос тоглосон концерт, ая эгшгийг нь дуртайяа сонсдог. Монголчууд морин хуураараа, Морин хуурын чуулгаараа Батчулуун гуайгаас ч дутуугүй бахархаж, хайрлаж гайхуулдаг. Гэтэл үүнийг нь овжин ашиглаж, 7 сарын 1-ний үймээнийг үзэн ядуулах зэвсэг болгон ашиглав.

Төрийн хошой шагналт Жанцанноров гуай бүр урам нь хугарчихсан, гунигт автангуй “Миний хэдэн нот газраар нэг тарчихсан байна” хэмээн үг унагав. “Би энэ хэдэн хөгжмийг хэний төлөө зохиосон юм бэ” хэмээн харамсав. Жанцанноров гуайн хөгжмийг сонсох дургүй Монгол хүн байхгүй биз. Хүний нутагт он удаан жил амьдарсан байтугай томилолтоор хэд хоног аялаад ирж байгаа Монголчууд МИАТ-ийнхээ онгоцонд сууж Жанцанноров гуайн “Мандухай цэцэн хатан”, Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонуудын аянаас сонсонгуутаа сэтгэл нь хөдөлж юу юугүй нэг юм огшоод ирдэг гэлцдэг. Эх орон, онгон байгаль гэж нялуурч, монгол дуу, ардын урлаг гэж нялхарч сүйд болдоггүй найз минь япон жуулчин дагуулж эзгүй говьд очоод машины хөгжмөөс эгшиглэх Жанцанноровын аязыг сонсоод өөрийн мэдэлгүй нүд нь бүрхээд ирсэн гэж дурсаж байж билээ. Гэтэл ийм хүчтэй зэвсгийг үзэл сурталд ашиглав. Ийм үнэт бүтээлийг устгасан хэмээн үзэн ядах сэтгэлийг дэврээв.

Өөрөө тэр чигээрээ “Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл” болсон Бавуугийн Лхагвасүрэн гуай цээжнийхээ гүнээс анаа алдаж, “ямар хойч үеийг бид үлдээж байна вэ?” хэмээн халаглав. “Байдуу мянганы уулсаа дуурайж тэргүүнд нь буурал суусан” хэдэн тулхтай буурлуудаа Монголчууд дээдлэн хүндэтгэж, үгий нь анхааран сонсдог. Хэдэн тавьтаргүй улс төрчдөөс илүү хүндэлдэг, үгий нь дуулдаг нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн нэг нь Б.Лхагвасүрэн гуай. Бидний үеийнхэн Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн нарыг сайн мэдэхгүй. Бидний үеийнхэнд тэдэн шиг нөлөөтэй хүн юм тэр.

Жанцанноровын хөгжимийг Батчулууны удирдсан Морин хуурын чуулга тоглож, тэр аяан дээр Б.Лхагвасүрэн гуай “Боржгоны бор тал” -аа өөрөө уншихад Монгол хүн хэн ч атугай амьсгаа даран сонсохоос аргагүй. Гэтэл тэднийг маань үзэл суртлын зэвсэг болгон ашиглав. Болж өнгөрсөн үйл явдлыг тэд дүгнэв. Гэхдээ өөрсдийн байр сууринаас. Харин түүнийг нь үзэн ядах явдалд үзэл суртлын зэвсэг болгон ашигласан юм.

Сэтгүүлчид энэ үед ажлаасаа чөлөөлөгдсөн байлаа. Тэдэнд үг хэлэх, хэлүүлэх эрх ч байхгүй байв. Онц байдал цуцлагдсан хойно ч, ТВ-үүд ажилдаа орсон ч гэсэн нэг л хиймэл, хаалттай, битүүхэн айдастай байж, их л цэмцэгнэн мэдээлэл хийв. ТВ-үүдээр нийгмийн зүтгэлтнүүдийн үгийг гаргасангүй, олон талын байр суурийг харуулсангүй. Хэн нэг нь илүү дэмий зүйл яриад ажлаас халагдах болуужин гэж тэд эмээв. Сэтгүүлчид өөрсдөө ярихаас гадна хэн нэгнийг яриулахаасаа ч айж байлаа. Энэ айдас нь 7 сард бүтэн үргэлжлээд одоо ч дуусаагүй байна. Нийгмийн болох болохгүй асуудлыг олон талын байрь сууринаас харж шүүмжилж, илчилж байх нь нийгэм эрүүл байхын, ядаж эрүүлжиж магадгүй гэсэн итгэл төрүүлэх шинж нь. Гэтэл энэ үзэл бодол дуу хоолой хоригдсоноос сэтгүүлчид ажлаа хийж чадахаа байжээ. Сэтгүүлчид зөвхөн үзэл суртлын зэвсэг болж, бусдын тулгасан зүйлийг дамжуулагчийн үүргийг л гүйцэтгэх болох нь.

Олимпийн наадам. 2008 оны 8 сар гарангуут бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүх анхаарлаа зөвхөн зуны олимпийн XXIX наадамд хандуулав. ТВ-ийн бүх суваг нэгэн ижил зүйлийг үзүүлж өөр өөрийнхөөрөө чадан ядан тайлбарлав. ТВ-үүдийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч тайлбарлагчид л ажилтай юм шиг байлаа, хориод хоногийн турш. Спортын хөтлөгч тайлбарлагчид хэрэндээ бэлдэж, хичээж, чадлаараа л тайлбарлацгаав. Цаг наргүй, ээлжгүй, хоногийн 16 цаг, хөдөлмөрийн хууль зөрчин зөрчин ажиллаж, Хятадын ТВ-ийн дамжуулсныг Монголчлон тайлбарлаж үзүүллээ. Тайлбарлах ч юу байхав, ихэнхийг нь мэргэжлийн тамирчдыг авчирч тайлбарлуулав. Тэр нь ч үзэгчдэд илүү дөхөм, сонирхолтойгоос гадна өгөөжтэй байлаа. Тэргүй бол зарим нь бас халааж л байх юм.

Баярмаа шагналт байранд шалгарав, улсынхаа рекордыг шинэчлэв. Гүндэгмаа түрүүлэнгээ алдаад, 28 жилийн дараа Монгол улсад Олимпийн мөнгөн медаль авчрав. Түвшинбаяр Японы жудоч, дэлхийн аварга Сузукиг цэвэр шидэв. ИПОН. Тэр жил Накамурад луйвардуулсны хариуг авлаа. Түвшинбаяр олимпийн аварга болов. Базари, коко, юко. Бид азтай Монголчууд. Сэрдамба мөнгөн медалийн болзол хангалаа. Бадар-Ууган Кубийн боксчинг рингэн дээр зодож илт давуугаар ялалт байгууллаа. Монголчууд хос хос алт мөнгөн медалийн эзэд болж 205 орноос 31-р байрт шалгарлаа. Та бид азтай Монголчууд! Түвшинбаяр, Бадар-Ууган нарт хөдөлмөрийн баатар цол олговь гавьяат тамирчин цол олгов, нэг, хоёр, гурав, дөрвөн өрөө байр бэлэглэв, ланд, сузуки автомашин бэлэглэв, 10 сая, 60 сая, 120 сая төгрөг, 500 мянга 1 сая доллар, азын дугаар, үнэгүй эрх, газар олгов, хүндэт иргэн болгов, хүндэтгэлийн арга хэмжээ зохиов гэх мэдээллүүд л хөврөх ажээ. Монголын тамирчдын амжилт яах аргагүй магнай тэнийлгэсэн баяр хөөр байлаа. Тэдний амжилттай цуг Монголчуудын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулж, омогшил бардамнал нь өөрийн эрхгүй гадагшилж байх шиг.

ТВ-ийн бүх суваг Спортын суваг болов. Олимпоос өөр юу ч үзүүлсэнгүй. Нийгэм, эдийн засгийн редакци, хүүхдийн нэвтрүүлгийн редакци, хөгжөөнт танин мэдэхүйн нэвтрүүлгүүд, өөр бусад редакци хамт олон, сэтгүүлч уран бүтээлчид хөл хөсөр газар амарцгаажээ. ТВ-ийн арын албаныхан, инженер техникийн ажилтнууд мэдээж ажлаа хийж л байсан байж таараа. Харин сэтгүүлчид нь хаачаа вэ? Бүгдээрээ нэг нэг камер бариад Бээжин явчихвуу? Сэтгүүл зүйн бусад төрөл жанр мартагдчихвуу? Амьдрал гэдэг чинь ердөө л спорт болж орхив уу?

Р.Чойномын “Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай, Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай” гэсэн шүлгийн мөрүүд бий. Спорт хэдий сайхан ч, Олимп хэдий шимтэй ч спортоос гаднах амьдрал хааччихваа. Сэтгүүлчид ажил хаялт зарласан юм уу? Сэтгүүлчид хэзээ ажилдаа орох юм бэ? Спортоос уйдлаа гэх нь хаашаа юм бэ? Ядахдаа заримдаа ч гэсэн өөр нэвтрүүлэг үзмээр санагдаж байлаа. Ядахдаа Мэдээллийн хөтөлбөрүүдээ үзүүлээд, хүүхэлдэйн киногоо цагт нь гаргаад, Солонгос цувралаа үзүүлдэгээрээ үзүүлээд байвал үүхэд хөгшдөд таатай байх сан. Монголын хэвлэл мэдээлэл 8 сард бүтэн Олимпоор амьсгалав.

Дүгнэвэл 6 сараас хойш 8 сарыг дуустал зуны 3 сар сэтгүүлчид үндсэн ажлаа хийсэн эсэх нь тун ч эргэлзээтэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол дөрөв дэх засаглал энэ тэр гэдэг нь ч хаачлаа. Төр засаг хямрах зуур, 4 дэх засаг ч амрав. Зуны сар зургаа биш гэх үг ч бий. Сэтгүүлчид хэзээ ажилдаа орох вэ?

Жич: Бичлэгийн эхэнд дурдсан сэтгүүлч Мөнхтөр өнөөдрөөс ажилдаа орсон бололтой. Түүний хөтөлдөг “Ярилцъя” нэвтрүүлэг явж эхэллээ. Тэр эргээд ажилдаа орчихжээ. Яамай даа. Сэтгүүчид ажилдаа орж эхлэх нь.

2008 оны 8 дугаар сар 30

4 Responses to “СЭТГҮҮЛЧИД ХЭЗЭЭ АЖИЛДАА ОРОХ ВЭ?”

  1. Blod хэзээ ажилдаа орох вэ?

  2. Болд хэзээ ажилдаа орох вэ? Ормоор юм.

  3. Batzorig said

    Сэтгүүлчид хэзээ ажил хийж байсийн. Хаана хэвлэлийн бага хурал болно тэнд л зугаалж явдаг сайн дурыхан болсон ш дээ. Манай Хүрээлэн лүү байнга л утас цохиж ажил хийлгэхгүй. Юу гэдэг гээч. “Танайд өнөөдөр хурал байна уу” гээд л. Сэтгүүлчид ээ ажил хийж сураач ээ

  4. amur said

    “7 сарын 1 ба Хүний эрхийн зөрчил” хэвлэлийн мониторинг-оос харахад эх сурвалжийн дундаж тоо ТҮ 1, сонин 1,5 байгаа нь эх сурвалжийн найдвартай гэх тоонд аль аль нь хүрэхгүй байна. Ингэж мэдээлэл бэлтгэх юм бол юун 4 дэх засаглал ёстой яг ш дээ. Хэн нэгнээс дуулсан юм аа мэдээлэл болгоод байхыг сэтгүүлч гэдэг юм бол би ч сэтгүүлч юм байна. Уг нь тэр 4 засаглалын жинхэнэ сэтгүүлч нь сэтгүүлийнхээ ажлыг хийдэг бол ч мөн сайхан даа. Энэ далимд З.Алтай хаачив аа? Сураг байна уу? 4 засаглал энэ тэр гээд байхаар нь сонгосон чинь таг болчихлоо. Сураг сонсвол дуулгаарай даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: