Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ САМУУНД ОРОЛЦСОН БАЙЖ МАГАДГҮЙ

Posted by bolod on October 25, 2008

Хорь гаран жилийн тэртээ, хүнсний хорьдугаар дэлгүүрийн дэргэд олон хүнийг хамарсан нийгмийн эмх замбараагүй байдал бий болсон билээ. Оргодол цэргийг хашраах гэсэн комендантын цэргүүд өөрсдөө хашраалгасан нь тэр. Үймээн самууны учир шалтгаан хийгээд хожмын үр дагавар, түүнд оролцогчдын асуудлыг хэрхэн шийдсэн зэргийг үүнийг сараачигч миний бие төдий л сайн мэдэхгүй. Хожим хэвлэл мэдээллээс уншсан болон ам дамжсан ярианаас сонсоход л тийм юм болсон гэдэг.

Үймээн Зөвлөлтийн (хуучнаар) элчингийн хойд талд болсон бөгөөд манайх зөвлөлтийн элчингийн урд талд, хоёр зуун хорьд амьдардаг байв. Тухайн үед хийх ажилгүй пацаанууд хамаг цагаа гадаа /гудамжинд/ л өнгөрөөдөг байлаа. Үймээний эхний сураг дуулгагч, “ардын элч” ирж, “Зөвлөлтийн элчингийн цаана томчууд чулуугаар байлдаж байна” гэх мэдээг дуулгангуут бөмбөг тэслэх шиг л болж, энэ “онц сонирхолтой мэдээ” амнаас ам дамжин байрнаас байранд гэрлийн хурдаар тархаж, хавийн дэггүйчүүд болон хийх ажилгүйчүүд хүнсний хорийн зүг “хүч нэмэгдүүлэхээр” хөлийн хурд мэдэн харайлгасан санагдана. Элчингийн харуулын путк хүрэнгүүт, самуунд оролцогчдын эхний давалгаа болох үймээнээс дайжигчдын эхний ээлжинхэнтэй тулгаран, тэдэнтэй хамт буцан гүйцгээсэн боловч сониуч зандаа дийлдэн дахин тийш зүглэж билээ. Бидний багад чулуугаар байлдах явдал байдаг л байсан. Заримдаа байлдаанд ах нар оролцож, бидний хувьд “эх орны дайны” түвшинд хүрэх нь мэр сэр байдаг л байсан. Толгойгоо хага цохиулсан, эсхүл хүний толгой хага цохисон нь эх орны баатар шиг л өргөмжлөгдөн тодордог байж. Гэхдээ томчууд, тэр дундаа насанд хүрсэн томчуудын оролцсон чулаан байлдааныг үүнээс өмнө болон түүнээс хойш хараагүй билээ. Томчууд тийм олноороо чулуу шидэлж, “муусайн” цагдаа нарын малгай газраар өнхөрч, орилж хашхирч байгааг хараад хавийн хүний цөс хөөрөхгүй байхын аргагүй юм билээ. Тухайн үед, дайн гэж ингэж л эхэлдэг байх гэсэн сэтгэгдэл төрж байсан. Юун түрүүнд “Чилийг нөмөрсөн шөнө” гэдэг кинотой адилтган бодож билээ. Ийм юм болж байхад “гудамжныхан” яаж зүгээр байхав, гар бие оролцож л таараа. Одоо бодоход нийтийг хамарсан үймээн самуунд би болон бид ухамсаргүйгээр оролцсон байжээ. Оролцоод зогсохгүй өдөөн турхирсан байна. Бүр зохион байгуулалттайгаар чулуу зөөж, чулуу шидэлж гар бие оролцсон ажээ. Тэгэхэд арваадхан настай байсан бидний шидсэн чулуу хаа л хүрээ аж, юун л сүртэй хор хохирол учруулаа аж. Гагцхүү “зохион байгуулалттайгаар”, нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд оролцож, бусдыг өдөөн турхирч, мэдээж юу гэж л дуугүй байв гэж, төрийн эсрэг үг хэл хийн бусдыг даган дуурайж чанга дуугаар хашхирсан байх. Өнөөгийн жишгээр бодвол би болон бидний мэтийн гудамжны жаалууд төрд тэрсэлсэн, төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд, нийтийн эмх замбараагүй байдлыг үүсгэсэн зохион байгуулагчид ч байж магадгүй ажээ. Хэдийгээр арваадхан настай байсан ч гэсэн. Азаар баригдаагүй л болохоос. Хэрвээ баригдсан бол мөн балрах байжээ. Ардчилсан нийгэмд, XXI зууны хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм бүхий Монгол улсад ийм хэрэгтэй хүүхдүүд 3-7 жилийн ял авч байхад тэр хаалттай нийгэмд байх үед хэрвээ баригдсан бол насаараа хорих ял авах байсан юм болов уу даа. Гэвч тухайн үеийн хууль ном нь ямар байсан юм бол хууль шүүхийнхнээс асуух юм сан. Миний хувьд тэнд очиж, “идэвхтэй” үзэгчийн үүрэг гүйцэтгэсэндээ тухайн үедээ их л бахархаж байсан бөгөөд одоо ч харамсахгүй байгаа болно. Цагдаагийн томоохон оффицер ирж байдлыг зохицуулах санаатай байсан ч чулуунд шидүүлэн машин руугаа зугтан орохыг, цагдаагийн “зөгий шар” зугтаж чадалгүй олон хүнд ээрэгдэж, хойд дугуй нь өргөөстэй хий хаазлан арчаагүй байдалд орохыг, элчингийн путкны харуулын цагдаа буугаа гарган сүрдүүлсэн боловч хэн нэгэнд шанаадуулан малгай нь өнхөрч одохыг чухам үнэхээр үзсэн хийгээд дараа нь хүнээс сонссон, эсвэл өөрөө ургуулан бодож дүрсэлсэн алин болохыг одоо би сайн ялгахгүй байна. Гэвч энэ үймээнд оролцсоны хувьд би нийтийн эмх замбараагүй байдалд орсноо л мэдэж байна. Хүнд битгий хэлээрэй, би шоронд орохоос айж байна, хууль шүүхийнхнээс асуугаад өгөөрэй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсэхийг.

2008 оны 10 сарын 25

2 Responses to “БИ САМУУНД ОРОЛЦСОН БАЙЖ МАГАДГҮЙ”

  1. Tamir said

    Ene chini tegeed yag heden on uym ve? 1988 on mon uu?

  2. Huder said

    Tamir bagsh oortoo bas uyaj avah geel

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: