Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АМЛАЛТЫН ХАНШ

Posted by bolod on November 7, 2008

Хавтгайруулсан халамжийн бодлого. Өнөөгийн Монгол дахь хавтгайруулсан халамжийн бодлого нь (халамжийн бодлогын дахин сэргэлт ч юм уу) 2000 оноос эхтэй. Тэр үеэс л төрийн албан хаагчийн нэг хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, малчин өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨР даах, хоёроос дээш хүүхэд нь сурч байгаа бол нэг хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, сурагчдын дотуур байрны зардлыг ТӨР даах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд 16000 төгрөгийн хичээлийн хэрэглэлийг ТӨРӨӨС үнэ төлбөргүй олгох зэрэг нийгмийн чиглэлтэй олон амлалтыг авч, МАХН сонгуульд “тасархай” ялалт байгуулсан. АН ч тэр үед олхиогүй байсан, олон тасарсан байсан, талийгч С.Наранцацралт л нүүр тахлаагүй бол өнөөдөр АН гэж байгаа ч уу үгүй ч үү.

Улмаар, энэхүү хавтгайруулсан халамжийн бодлогод 2004 оны “Итгэлийн мөнгө” гэх хүүхдийн 10000 төгрөгний амлалт чухам ташуур өгсөн билээ. МАХН үнэ хаялцаж, 100000, 500000 –ыг амалсан боловч, хүүхдийн арван мянгыг дарж, ялж гарч чадаагүй юм. МАХН-ын амлалтын ялгаа нь нийгмийн аль нэг бүлэг рүү чиглэсэн байдаг, тэр хэрээр нийгмийн гишүүдийг ялгаварлаж, заримыг чиртаны гадна үлдээдэг учраас олон нийтэд төдийлөн хүрдэггүй байсан билээ.

Анх л 2000 оны сонгуулийн дараагаар 2 хүүхэд нь зэрэг суралцаж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлнэ гэсэн яасан бэ гэсэн хэл ам, хэлэлцүүлэг өрнөж байсныг санаж байна. С.Төмөр-Очир сайд л “Хоёроос дээш гэдэг чинь гурав ба түүнээс дээш гэсэн үг шүү дээ” хэмээн тайлбарласаар аргалан өнгөрөөж байсан санагдана. Шинэ төрсөн хүүхдэд олгох 100000 ч тэр, шинээр гэр бүл бологчдод олгох 500000 ч тэр ийм л шалтгаанаар өргөн олон нийтийг хамарч чадаагүй юм. Тэгээд ч шинэ гэр бүлийг хэрхэн тогтоох вэ, насаар нь уу, бүртгэлээр нь үү гэхчлэн олон маргаантай зөрчилтэй асуудлууд гарч амлалтын агуулгыг аргачлалын эх адаггүй мэтгэлцээн, цэцэрхэлд живүүлчихсэн билээ.

2008 онд үнэ хаялцах ханш чухам л галзуурчээ. МАХН эхлээд 50000 гэж дуудаад ам руугаа алгадуулсан. ҮШН, хүүхдийн 20000 гэсэн нь сонсогдсон ч үгүй, тоосон ч үгүй. АН Эрдэнийн хувь нэртэй 1 сая төгрөг хэмээн дуудаж, өдөр шөнөгүй рекламдаж, АН сонгуульд ялчихлаа даа гэх сэтгэгдлийг нийгэмд бий болгоод байлаа. МАХН Эх орны хишиг нэртэй 1 сая 500 мянгаар цэвэр дарж, үнэ цохин сонгуулийн дүнг эргүүлсэн юм. Олон ч нам хүчин энэхүү амлалтын уралдаан, бодлогын дампуурлыг шүүмжилж муучилж байсан боловч зэрэгцэн уралдан үнэ хаялцсан. Энэ сонгуулийг, АМЛАЛТЫН БИШ БОЛЗЛЫН СОНГУУЛЬ болгоно гэж байсан нэр бүхий хүмүүс ч дуудлага худалдаанд идэвхийлэн оролцсон билээ. Гэхдээ л МАХН-ын дуудсан үнийг хууль бус, сонгуулийн хууль зөрчсөн энэ тэр гэж яриа хэл гаргасан ч, тэртээ тэргүй МАХН-ынхаар болж МАХН сонгуульд ялалт байгууллаа. Энэ үнэ хаялцаан, дуудлага худалдаа, мөнгөний өрсөлдөөн, халамжийн бодлого яах аргагүй сонгуулийн дүнд жинтэй нөлөөлөв. Энэ нь сонгогчдын саналыг дуудлага худалдаагаар үнэ цохин худалдаж авч байгаагаас өөр юу ч биш.

Амлалтад итгэхэд нөлөөлсөн нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлс. Олон хүн, МАХН-ын амалсан эх орны хишиг гэх сая таван зуун мянган төгрөгний амлалтад автсан байна. Энэ амлалтад итгэхэд нөлөөлсөн нийгэм сэтгэл зүйн хэд хэдэн хүчин зүйл бий.

Иргэдийн төр засагт итгэх итгэл болон намуудад, улс төрчдөд итгэх итгэл эрс унасан нөхцөлд сонгогчдын итгэлийг хүлээж байсан бараг эцсийн, цорын ганц улс төрч нь тухайн үед С.Баяр байсан. С.Баяр зөвхөн МАХН-ын нэр хүндийг дээш нь чирч авраад зогсохгүй төрийн институцүүдийн хувьд аврагч нь болоод байлаа. Амлалтаа биелүүлэх үндэслэлээ тайлбарлахдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, стратегийн орд газруудаа ашиглаж, Оюу толгой, Таван толгойн зэрэг орд газруудыг ашиглалтад оруулснаар хэрэгжинэ хэмээсэн. С.Баяр дарга үүнийг “БҮРЭН БОЛОЛЦООТОЙ ЗҮЙЛ” хэмээн итгэл төгс амалсан билээ. Сонгогчдын итгэн хүлээж, горьдон харж байсан хүний амлалт нь сонгогчдыг татах, нийгмийн сэтгэл зүйг эргүүлэхэд жинтэй нөлөөлсөн юм. Энэ нь нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон нэгдүгээр алхам байлаа.

Оюу толгой хийгээд Таван толгойн, бүхэлдээ стратегийн хэмээн нэрлэсэн орд газруудын “дэлхийн хэмжээний” гэж өргөмжлөгдсөн төслүүдийн дуулиан нийгмийн сэтгэл зүйд асар их хүлээлтийг бий болгосон байлаа. Эдгээр ордуудыг ашиглах, үр ашгийг нь үзэх, хувь хүртэх сонирхлыг олон жилийн хэлэлцүүлгийн явцад иргэн бүрт суулгасан байв. Үүний цаадах явуулга, ашиг сонирхлын зөрчил, далд улс төрийн тоглолтыг мэдэхгүй ч яршиг цаашаа ашиглаад ашгаа өгөөсэй гэсэн залхалтыг ч үүсгэсэн. “Дэлхийн хэмжээний төслүүдийн” хүлээлт дээр тоглосон нь нийгмийн сэтгэлзүйгээр тоглосон хоёрдугаар алхам билээ.

С.Баяр даргын ерөнхий сайд болохдоо хэлж байсан үгс болон таван төгөлдөршилтөөс нь үүдэн, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа хүнсний барааны үнийн хөөрөгдлийг хязгаарлах юм байна, гурил будааны үнэ буурч, бензиний үнэ буурдаггүй юмаа гэхэд ядаж л нэмэгдэхгүй юм байна гэсэн хүлээлт нийгэмд үүссэн байлаа. С.Баяр дарга үүнийг хийж, ард түмнээ үнийн өсөлтөөс аварч, инфляцийг уургалж, үнийг бөхийлгөнө гэж итгэж байв. Энэ нь иргэдийн сэтгэл зүйгээр тоглосон гуравдугаар алхам байлаа.

Амалсан мөнгөө тэд ер нь өгч л таарах биз. Ард түмний 80% нь мөчиг тарчиг, албан ёсны тоогоор 36% нь ядуу учраас төр засгаас халамж хишиг горьдож хүртэж, угжуулаад нэгэнт сурчихсан. Төр нь ч өгч байгаа дээрээ өгнө гээд нэмээд амлаад уралдаад байгаа учраас тэжээлгэх сонирхол нэгэнт бүрдээд байгаа. Хэзээ өгөх хийгээд хэрхэн өгөх нь өөрөө бие даасан асуудал бөгөөд ямар ч байсан 2012 оны сонгуулийн өмнө өгөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ байх. Гэхдээ тэр үед 1500000 төгрөгний худалдаж авах чадвар ихээхэн буурах тул, иргэдэд сэтгэл ханамжийн баталгааг харин өгч чадахгүй л болов уу. Энэ бол иргэдийн сэтгэл зүйгээр тоглосон дөрөвдүгээр алхам билээ.

Дор хаяж энэ дөрвөн хүчин зүйлийн хамтын нөлөөгөөр нийгмийн сэтгэл зүйд үүсэх нийлбэр эффект нь 1500000 төгрөгний амлалтын ханшийг асар өндөр болгож, гарцаагүй сонгуульд ялуулах хүчин зүйл болгосон байна.

Амлалтын ханш. Сонгуульд амлалт өгч байх үеийн 1500000 төгрөгний нэрлэсэн үнэ, тухайн үедээ нийгмийн сэтгэл зүйд хэр зэрэг нөлөөлж байсан бэ гэдгээс 2012 оны 1500000 төгрөгний ханш ихээхэн зөрүүтэй болж таарна. Ялангуяа инфляци ийм өндөр хувьтай байх үед. Тиймээс 2008 оны 6 сард 1500000 төгрөгөөр юу худалдаж авч болж байсан бэ, түүнтэй л дүйцэх бодит худалдан авах чадвартай мөнгөн дүнг нэхэх нь сонгогчдын хувьд шударга шаардлага болно. Нарийн яривал 2008 оны 6 сар ч бус, бүр 2007 оны намраас 2008 оны өвөл хүртэлх үнэтэй дүйцүүлэн ойлговол зохино. Учир нь нийгмийн сэтгэл зүйд үнийн мэдрэмж өнгөрсөн 6-8 сарын үнээр л ойлгогдож байгаа. Өөрөөр хэлбэл иргэд 10 сард авсан нүүрснийхээ үнээр баримжаална, 11 сард авсан идэшнийхээ үнээр, намар авсан шуудай гурил, цагаан будаа, төлсөн байрны үнээр, өвөл авсан цагаан сарын боов, идээ битүүлэгний үнээр л баримжаалж байгаа билээ. Хэдийгээр масс мартамхай байдаг ч, иргэд хүлцэнгүй ч, нийгмийн сэтгэл зүй гэдэг айхтар тодорхойгүй тааварлахад бэрх ч, МАХН амлалтаа биелүүлэхдээ тулахад хүндхэн давааг давахад хүргэнэ. Тиймээс МАХН, нэг сая таван зуун мянган төгрөгний эх орны хишгийг санал болгохдоо, сонгогчдод чухам юуг амалсан бэ гэдгийг хамтдаа тооцож үзье.

Атар талхны үнэ 580 байсан гээд тооцвол энэ мөнгөөр 2586 ширхэг талх худалдаж авч болно. Цаашилбал, гурилын үнийг буулгаж, дагаад талхны үнэ ч хямдарна, эргээд 390 төгрөг болно гэсэн хүлээлттэйгээр тооцвол 3846 талхны үнэтэй дүйцнэ. Өөрөөр хэлбэл нэг хүн өдөрт 10 талх идэхэд нь хүрэлцэхүйц асар их мөнгө болно. Нэг кг махны үнийг тухайн үед 2200 байсан гэж тооцвол энэ нь 682 кг мах худалдан авахад хүрэлцэх мөнгө ажээ. Хүн болгон өдөрт 2 кг тарган мах шараад ч юм уу чанаж идээд гулигуулаад байхад бардаагаар хүрэлцэх аж. Үхрийн тагалцаг 250 төгрөг байсан гэвэл 6 ширхэг тагалцаг аваад стужин хийж идээд байвал энэ мөнгө нь 3 жилийнх нь туж идэх стужингийн мөнгөнд хүрэлцэх шахуу. Цувдай 2000 байсан гэвэл, 1500000 төгрөг нь хоёр жилийн турш өдөр бүр цоо шинэхэн цувдай авч чанаж идээд байхад цаана нь илүү гарах мөнгө. Бууз 150, хуушуур 200, тефтель 900, гуляш 1100 гэх мэтчилэн тооцвол хүн өдрийн хоолонд 1500 төгрөгөөр нэг хоёрдугаар хоол авч гэдийтлээ идэж хүрэлцдэг байсан бөгөөд эх орны хишгээрээ мань мэт нь 1001 өдрийн хоолонд орох нь байна.

Тэр үед хотын такси 1 км замд 300 төгрөгөөр явж байлаа. Сая таван зуун мянгаар 5000 км газар таксидаж болох ажээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын нэг захаас бараг нөгөө зах хүртэл такси хөлөглөн зугаалж болох мөнгө. Энэ мөнгөөр Алтанбулаг, Замын-Үүдийн хооронд таксигаар хоёронтоо рейслэнэ. Нийтийн тээврийн автобуснууд том хүнд 200 төгрөгөөр үйлчилж байсан гээд тооцвол энэ мөнгөөр автобусанд 7500 удаа сууж үйлчлүүлж болох юм байна. Буудал болгонд автобус сольж, харсан зүгтээ автобусаар тэнэсэн ч нэг хүн жилдээ 7500 удаа автобусанд суухгүй л болов уу.

Нэг портер нүүрсийг 100000 төгрөгөөр авч байсан гээд тооцвол энэ мөнгөөр 15 машин нүүрс авч хүрч байна. Нэг өрхийн 4 өвлийн хэрэгцээнд өлхөн ханхалзаад өмдний цууямбуу илүү гарна. Гурван өрөө орон сууцны байранд амьдардаг өрхийн нэг сарын байрны мөнгө дунджаар 50000 төгрөг. Үүнд цахилгаан, дулаан, СӨХ, радио, телевиз, бас“Сансар” КТВ, халуун хүйтэн ус, бохир, хог, цэвэрлэгээ, жижүүр бүгдээрээ багтаад тэр. Өрхийн нэг гишүүн, нэг жилд авах 1500000 төгрөгний эх орны хишгээрээ бүхий л өрхийнхөө байрны төлбөрийг 2 жил 6 сар дааж хүрэх нь байна.

Өдөр тутмын болон долоо хоног тутмын 29 нэр төрлийн сонин сэтгүүл захиалахад улиралдаа “ердөө” л 221100 төгрөгийг төлнө. (Өдрийн сонин-12500, Өнөөдөр-12900, Ардчилал-11800, Ардын эрх-8500, Зууны шуудан-9900, Зууны мэдээ-10000, Үнэн-8900, харин Улс төрийн сонин-6000, Цаг төр сэтгүүл-18000 гэх мэт) Бүтэн жилээр нь захиалбал эх орны хишгийнхээ талаар нь л бүх сонин хэвлэлийг аваад уншчих ажээ. 1500000 авчихсан хүн нийгэм соёлынхоо хэрэгцээнд энэ зэргийн мөнгийг зарцуулахад болохгүй нь юу байхав.

“Фужи фильм” зургийн газраар үйлчлүүлж 10х15 хэмжээтэй зураг угаалгахад 150 төгрөг байлаа. Энэ нь 10000 зураг угаалгахад хүрэлцэх мөнгө билээ. Хүн бүх л амьдралынхаа турш ер нь 10000 зураг угаалгах билүү. Тэгэхээр энэ мөнгө хүний зарим хэрэглээнд насан туршид нь хүрэлцэх ажээ.

2007-2008 оны хичээлийн жилд их дээд сургуулиудын сургалтын нэг жилийн төлбөр дунджаар 500000 төгрөг байлаа. Сая таван зуун мянгаар хүүхдийнхээ гурван жилийн сургалтын төлбөрийг төлчихөж болох аж. Эсвэл “Орчлон” зэрэг өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн дунд сургуульд хүүхдээ нэг жил сургаж, төлбөрийг нь төлөхөд бараг хүрэлцэх мөнгө. Энэ мэтээр хүн бүр өөр өөрийнхөөрөө тооцоо хийж үзвэл барагдашгүй олон янзын тооцоог хийж болно.

Харин эдийн засгийн зарим суурь үзүүлэлтүүдтэй харьцуулбал энэ нь ямар ханштай байна вэ? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108000 гээд тооцвол энэ нь 13.9 сарын цалинтай тэнцэж байна. Монголчууд бид дөнгөж төрж буй нялхаасаа авахуулаад хөгшин хөвөө бүгдээрээ ажил хийхгүй ч гэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний цалинг жил тойрон, бүр арван гурав дахь арван дөрөв дахь сарын цалинтай нь хамт авах нь байна. Ёстой л хөл хөсөр гар газар амрах цаг ирэв биш үү?

Амжиргааны баталгаажих доод түвшинг хамгийн өндрөөр бодоход л нийслэлд 73300 төгрөг байлаа тэр үед. МАХН амалсан мөнгөө өгч орхивол амжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой өрх байтугай үүхэд ч олдохгүй болох аж. Ядууралтай дайн майн зарлаж сүржигнэх ч хэрэггүй, ингээд л бултаараа ядуурлаас гарцгаах нь байна. Ядуурал гэдэг үг хэрэглээнээс хасагдаж, ажилгүйдэл гэж үг утгаа гээх ажгуу.

Цалингийн дундаж 300000 төгрөгт хүрлээ гээд л сайдууд сайрхаад байсан. Төсвийн байгууллагын ажилчдын цалингийн дунджаар бодвол Эх орны хишиг маань, тэдний 5 сарын цалинтай нь дүйх хэмжээний асар их мөнгө болно. Их хурлын гишүүд, ЗГ-ын гишүүдийн бол яах вэ, хоёрхон сарын цалинтай л тэнцэх юм байна. Ерөнхийлөгчийн бол 1.5 сарын л цалинтай тэнцэх ажээ.

Үүнээс жилийн өмнөхөн л М.Энхболд сайд, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1500 ам долларт хүрлээ хэмээн манийхаа магнайг тэнийлгэсэн билээ. МАХН-ын амалсан мөнгө үүнтэй л бараг тэнцүү хэмжээний их мөнгө ажээ. Өөрөөр хэлбэл нийлбэр дүнгээрээ Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бардаагаар тэнцэх хэмжээний мөнгийг МАХН сонгуульд амалжээ. Энэ амлалтын ханш болон нийгмийн сэтгэл зүйн нөлөөлөл нь өөр юутай ч зүйрлэшгүй өндөр байлаа. Энэ амлалтын ӨРТӨГ нь харин ямар байх бол?

2008 оны 11 дүгээр сар 5

One Response to “АМЛАЛТЫН ХАНШ”

  1. "amar" said

    Saikhan niitlel boljee. Taalagdaj bna.

    1. Khumuus khun shuvuug goyo l gedeg /Usandaa l goyo baidag/
    Harin usnaasaa garchikhlaar muukhai khul ni haragdaag yamar ch saikhan zuil haragddaggui/nadad l lav tiim/
    Uun shig undur une, goyo saikan zuiltai une tsenegui zuil ch dee.

    2. Bi ikh surguulid 4 jil surakhdaa 2 dakhin ikh tulbur tulsun negiig ni belneer nuguug ni tatbar khelbereer. Tiimees amlaad baigaa mungiig ni abakhiin tuld bagadaa l gekhed amlasan hedees ni 2 dakhin ikh mungu olood sariin suuleer taliig ni avch magad. Bidend irekh ni iim l baikh daa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: