Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТАНЫ САНАЛЫГ ГУЯДАЖ АВНА

Posted by bolod on November 18, 2008

Ардчилсан Намын нэр бүхий гишүүд, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. “Сайн муу хоёр мэдээ байна” гэдэг шиг, энэ мэдээлэлд эерэг сөрөг хоёр тал байна. Эерэг мэдээлэл нь сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал. Сөрөг нь мөн адил сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал.

Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа нь яагаад сайн мэдээ вэ? Томсгосон тойргоор явуулсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь аль аль талдаа хүнд бэрхшээлтэй байсан. Нэр дэвшигчиддээ ч тэр, сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хорооныхонд ч гэсэн, сонгогчдын хувьд ч ялгаагүй хүндрэлтэй байлаа. Гэхдээ эцсийн дүндээ энэ хууль нь ах дүү МАХН болон АН хоёрт л ашигтай байсан юм. Сонгууль болгоны дараа л сонгууль шударга бус боллоо, Сонгогчдын санал, сонгуулийн дүнд бүрэн тусгалаа олсонгүй гэхчлэн гомдоллох явдал байнга гарсаар ирсэн. Энэ нь ялагдсан талаас илүү хүчтэй дуулддаг байсан бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бүх талууд сонгуулийн хууль шог байна гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Сонгуулийн тогтолцоо болохгүй байна гэдгийг анх удаа талууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч өөрчлөх гэж байж болзошгүй нь энэ мэдээллийн сайн тал нь юм.

Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа нь яагаад муу мэдээ вэ? Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байдаг нь сонгуулийн хуулийг өөрчлөхийн муу тал нь юм. Тэд хэзээ ч “сайныг” нь сонгодоггүй, “ашигтайг” нь сонгодог билээ. Өнөөгийн сонгуулийн хуулийг өөрчилж байхад ч бид шүүмжилж л байсан. Хууль тогтоогчид ч сул талыг нь мэдэж л байсан. Гэхдээ тэдэнд сул талаасаа илүүтэйгээр ашигтай тал нь тод харагдаж байсан учраас ийм сонгуулийн хуулийг баталсан болов уу? Өнгөрсөн сонгуулиудын дүнгээс харахад, сонгуулийн хуулиас л хамаарч хүчний харьцаанд дорвитой өөрчлөлт гардаг байлаа. Өөрөөр хэлбэл сонгуулийн хууль нь өөр байсан сан бол сонгуулийн дүн нь шал өөр байж болох ч тохиолдол байсан. Гэвч тэд үүнийг засах биш давуу талаа улам бэхжүүлэхийг л хичээсээр ирсэн билээ. Энэ удаад ч гэсэн сонгуулийн хуулийн гажгийг засах биш, өөрсдийн давуу талыг хуульчлах гэж оролдох нь бараг гарцаагүй бөгөөд энэ нь мэдээллийн муу тал нь юм. Тэд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохдоо сийх ч үгүй.

Сонгуулийн шинэчлэл мөн үү? Ардчилагчид 10 гаран жил сонгуулийн пропорциональ системд шилжих байр суурин дээр хатуу зогсож байсан. Гэтэл 2007 оны эцсээр МАХН –ын зүгээс гэнэтхэн ийм санал тавингуут яагаад ардчилагчид хүлээж авсангүй вэ? Аль аль тал нь дэмжиж, эсвэл эсэргүүцэж байсны цаад шалтгаан нь ердөө л намынх нь юм уу бүлгийнх нь явцуу эрх ашиг, хүчний харьцааг үл харгалзан давуу боломж олж авах гэсэн санаархал. Нийгмийн бодит дэмжлэг ямар байгаагаас үл хамааран ахиуц үр дүнг хүртэх зорилготойгоор сонгуулийн хуулинд өөрчлөлт хийвэл энэ нь сонгуулийн тогтолцооны шинэчлэлт огтхон ч биш, бас л нэг урт насгүй цаг зуурын хуулийн нэг болох бизээ. Хууль санаачлагчид сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахдаа нийгмийн өөрчлөлтөөс хоцорчихсон бололтой. Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг сайн судлалгүй, өөрөөр хэлбэл сонгуулийн гажигийг оношлоогүй байж эмчилгээгээ биччихжээ. Эмчилгээ бичих ч гэж дээ, өвчний гадаад шинж тэмдгээр өнгөц онош тавьж, зүйрлэвэл архаг олгойтой өндөр халуунтай хүнд аспирин уулгаж, хүйтэн жин тавих төдий эмчилгээ санал болгож байна. Тэгвэл энэ нь асуудлыг шийдэж байгаа хэрэг огтхон ч бус харин ч үгдрүүлж ужигруулах алхам болно.

Та Сонгох эрхтэй юү? Монгол улсын үндсэн хуулинд “тунхагласанчлан” та бид сонгох эрхтэй. Сонгоно гэдэг нь олон хувилбар боломжоос өөрт таалагдсан, өөрийн хүссэн хувилбарыг өөр хэн нэгний, гадны нөлөөлөлгүйгээр бие даан шийдвэр гаргаж сайн дураар шилж авахын нэр. Бидний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөсөрдүүлэн саналыг маань сугалаагаар хөшүүрэгдэн хүч нэмэгдүүлж албадан худалдаж авах саналыг хууль тогтоогчид гаргаж байна. Энэ нь сонгох эрхийг чинь цуцаллаа гэдгээс өөрцгүй. Надад сонголт олгоогүй мөртлөө заавал нэгийг нь сонго гэж тулгах нь миний сонгох эрхийг боогдуулж байгаа хэрэг биш үү. Таны баруун халааснаас суйлж авсан мөнгөөр сугалааны санг байгуулж, улс төрийн эрхээ хүчиндүүлж саналаа өгсний чинь төлөө түүнийхээ өчүүхэн жаахан хувийг зүүн халаасанд тань дусаана. Үнэн шударга байгаа биз. Сугалааны мөн чанар нь ч бас шал эсрэгээр. Сугалаанд сонгогч та тоос сорогч хожиж магадгүй боловч жинхэнэ хонжвор нь сонгуульд сонгогдож байгаа талд оногдоно. Өөрөөр хэлбэл сугалааны супер хонжвор нь сонгуулийн ялалт болой.

Та сонгох албатай. Сонгох эрхийг, бас сонгохгүй байх ч эрхтэй гэсэн агуулга давхар дагалдаж байгаа. Гэхдээ тэр гарцыг чинь ч бас хууль санаачлагчид хааж байна. Хэрэв та сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол (сонгуулийн дарангуйллаар саналаа хүчиндүүлж хураалгаагүй бол) таныг нийгмийн халамжаас хасах нь байна. Аймаар ялгаварлан гадуурхалт биш үү? Юу вэ? фашизм ханхалж байна уу? Намд элсээгүй бол нийгмээс гадуурхан хавчдаг байсан бол одоо бүр намыг нь дэмжихгүй бол нийгмийн халамжаас хасаж, нийгмээс гадуурхан шоовдорлоно. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж эхлэх нь үү? Нөгөө хүний эрх мэрх юу болох вэ? Чөлөөт ардчилсан нийгэм энээ тэрээ хаашаа зугатаж одов? Та сонгох албатай. Хэнийг? Зөвхөн намуудаас нэр дэвшүүлсэн хүнийг. Тэр хүн бурхан ч байж магадгүй, буг ч байж болзошгүй, гэхдээ л танд сонголт байхгүй, тэдний нэгийг азаа үзээд сугал, бингод гэж тулгаж байна. Сонгууль нэртэй сугалаагаар ардчилсан нэртэй олигархуудыг, сонгох биш томилох гээд байна уу? Та бидэнд сонголт байгаа юм уу даа.

Та сонгогдох эрхтэй юу? Үндсэн хуульд заасан олон эрх хэт тунхаглалын шинжтэй байгаа. Та Монгол улсын иргэн болсноор улс төрийн хувьд сонгох, сонгогдох эрхтэй гэхчлэн. Гэвч та сонгогдох эрхтэй юм уу? Манай улс төрчид, эх орончид, чухам л өөрийг нь сонгох юм бол Монгол орныг хөгжүүлээд, таныг баяжуулаад, жаргуулаад унана гэж ам уралдан амалсаар сонгогддог. Тэд та биднээс илүү “эх оронч” гэдэгт итгэе. Гэхдээ над мэтэд эх оронч байх боломж байгаа юу? Одоогийн хүчин төгөлдөр байгаа (Хүчин төгөлдөр ч гэж дээ, нямкадчихсан хууль гэдэг. Түүнээс үүдэн, энэ сонгуулийн хууль нь хүчин төгөлдөр эсэх, хэрэв хүчин төгөлдөр бус юм бол сонгууль хүчин төгөлдөр юм уу гэхчлэн олон асуудал урган гарах хэдий ч энэ нь тусдаа бие даасан сэдэв болно) Сонгуулийн хуулинд зааснаар бол “жирийн” иргэнд сонгогдох эрх байхгүй гэж хэлж болно. Харин намчин иргэдэд бол ийм боломж бий. Тэгэхээр та нам бус бол сонгогдох эрхгүй болж байгаа биз. Гэтэл одоо сонгогдох эрхгүй дээрээ, сонгох эрхгүй болж байх шив.

ТА ердөө СОНГОХ АЛБАТАЙ л үлдлээ.

2008 оны 11 дүгээр сар 18

5 Responses to “ТАНЫ САНАЛЫГ ГУЯДАЖ АВНА”

  1. Batzorig said

    Тиймээ. Өнөөдөр залуучууд минь бид улс төрийн хоригдол болоод заваан сонгуулийн чинь үр шимийг хүртээд сууж байна. Сонгуулийн бараг ямар ч хууль, тогтолцоо Монголын өнөөгийн бодит нөхцөл байдал тохирохгүй юм бишүү. Яагаад гэвэл улс төрийн баримт факт УИХ хэмээх завхруулагч институтаар дамжиж өнгөрч байгаа болохоор. Хэлэх үг алга..

  2. нэг бодлийн said

    Би сонгуулийн хуулийг өөрчлөх тухай мэдээлэл аваад баярлаж сүйд болоогүй ч за ашгүй дээ гэж бодсон юм.Харин муу талыг нь бодож үзсэнгүй ээ.Нэг бодлийн муу мэдээний талаар бол зөв шүү, болж байна.
    Сонгуулийн системийг өөрчлөх талаар Германы нэгэн сангаас санаачлан уулзалт болсон юмдаг уу. Тэгсэн манай улсад холимог систем мистем нь тохирно гэж үзээд байгаа бололтой.
    Ардчиллагчид уул нь зөв бодсон юмш дээ. Сонгуулийн тогтолцоо нь одоохондоо яах вэ? сонгуулиа шударга явуулж сурах тухай, сонгуулийн ерөнхий хороог өөрчлөх, шинэчлэх талаар…
    Ямарч системээр яваад сонгуулиа хийгээд тооллого нь чухал гэдгийг М.Ичинноров Сүхбаатар гишүүн дээр гоё хэлсэн байна лээ

  3. Товариш said

    Зоригоо чиний зөв чи тэгээд парлемент ёсыг яах гээв. Чи лав урт шарт дээлтийг дэмждэг байх аа

  4. Товариш said

    Зоригоо чиний зөв l доо. Чи тэгээд парлемент ёсыг яах гээв. Чи лав урт шарт дээлтийг дэмждэг байх аа

  5. "amar" said

    Их сайхан нийтлэл болсон байна. Маш их таалагдаж байна. Ялангуяа “Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг сайн судлалгүй, өөрөөр хэлбэл СОНГУУЛИЙН ГАЖИГИЙГ ОНОШЛООГҮЙ БАЙЖ ЭМЧИЛГЭЭГЭЭ БИЧЧИХЖЭЭ. Эмчилгээ бичих ч гэж дээ, өвчний гадаад шинж тэмдгээр өнгөц онош тавьж, зүйрлэвэл архаг олгойтой өндөр халуунтай хүнд аспирин уулгаж, хүйтэн жин тавих төдий эмчилгээ санал болгож байна. Тэгвэл энэ нь асуудлыг шийдэж байгаа хэрэг огтхон ч бус харин ч үгдрүүлж ужигруулах алхам болно.” гэсэн хэсэг, “ТА СОНГОХ АЛБАТАЙ” гэсэн дэд сэдвийн хэсэг бүүрч их.

    Оношгүй эмчилгээ хаа сайгүй болсон, эрх мэрх гэсэн гоё үгээр хүрээлүүлсэн чөлөөт нийгэм нэртэй юу нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалд байгаа бид энэ байдлаасаа гарахын тулд саад болж байгаа тэр зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.
    Улс төржсөндөө бус алхам бүр минь түүнээс хамааралтай болчоод байгаа нөхцөлд /улс төр намайг сонирхож байна/ ухаалгаар идэвхитэй оролцоод гарах л хэрэгтэй. Тэгэхгүй хэн нэгэн хийнэ биз гээд үлгэрийн шидэт Жимийг хүлээгээд байвал тодорхой болохгүйн дээр хэн нэгний хоол болох нь гарцаагүй. Гэхдээ идэвхитэй байна гэдэг талбай дээр гараад улаан шарыг намируулан орилохын нэр биш л дээ.
    Өөрийгөө, Монголоо л гэж байгаа бол Монгол гэж цээжээ дэлдэхийн оронд модон чихрийнхээ цаас, ишийг л хаяхгүй байвал болох юм . Ийм л мэссэжийг нийгэмд тарааж цусанд нь шингээвэл болохоос мянга хууль мууль өөрчлөөд албатай л үлдэх байх дөө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: