Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ИХ ХҮЛЭЭЛТ БА ГОРЬДЛОГО КОМПАНИ

Posted by bolod on November 24, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн дүн гарах гэж дунших зуур нийгэмд их хүлээлт бий болоод байлаа. Нийгэм тэр чигээрээ сонгуульд аль нам ялах бол, хэдэн суудал авах бол, хэн хэн ялах бол гэх зэрэг олон асуултын хариуг хүлээж байв. Ном ёсоороо, хуулийн дагуу шударгаар явсан бол сонгуулийн дүн тэгсгээд л шийдэгдэж бүгд дуусах байсан бизээ. Гэвч сонгуулийн дүн ном ёсоороо гарахгүй өнөөг хүртэл хүлээлт үүсгээд байна. Эхлээд 14 тойрог дээр маргаан гарлаа гэж байсан боловч, МАХН болон АН-ууд тохиролцоонд хүрч ямар ч байсан 12-ыг нь эхний ээлжинд шийдсэн. Дорнод болон Баянгол тойрог л шийдэгдэхгүй үлдсэн боловч Дорнодыг мөн л тэгсгээд наймаалцчих шиг болсон. Харин Баянголын асуудлыг шийдэхэд өөр асуудал байгаа бололтой. Үнэхээр сонгуулийн дүн сонгуулийн хууль болон СЕХ-оос хамаардаггүй юм байна. Сонгуулийн дүн нэр бүхий улс төрчдөөс, намуудаас ихээхэн хамаардаг нь үнэн болж таарлаа.

Баянгол тойрог бусад тойргоос ялгараад байх онц зүйлгүй, жирийн л тойрог. Баянголын сонгогчид ч гэсэн Монгол улсын жирийн л сонгогчид. Баянгол тойрогт сонгууль бусад тойргуудтай л адил өрсөлдөөнтэй бол өрсөлдөөнтэй, хэл амтай бол хэл амтай, луйвартай бол луйвартай болсон. Бүхий л тойргоос илүү ч үгүй дутуу ч үгүй бүх л зүйлээрээ бараг адилхан байсан байх. Гэхдээ Баянголд улс төрийн хөзөрнүүд нэлээд хэд байсан болтой юм.

Баянголын тойргийн асуудлыг гацаасан шалтгаан нь эхэндээ Н.Баяртсайхан, С.Эрдэнэ хоёрын маргаан юм шиг харагдаж байлаа. Мэдээж тэр хоёрын хоорондын өрсөлдөөн багагүй байсан л байж таараа. Дээр нь намуудын хооронд нэг суудлын булаацалдаан байсан биз. Гэтэл МАХН илэрхий ялалт байгуулаад ирэхээр Н.Баяртсайхан ялалт байгуулах эсэх нь намын ялалтад эцсийн дүнгээрээ ач холбогдолгүй болж орхисон юм. Тэгэхээр нэг суудлыг С.Эрдэнэд өгчихөд Н.Баяртсайхан л хохирно уу гэхээс МАХН хохироод сүйд болох зүйлгүй байлаа. Гэсэн ч хоёр тал зөвшилцсөнгүй, гацаасаар.

 Дараачаас нь асуудал Н.Баяртсайхан, С.Эрдэнэ хоёртоо ч биш болж таарав. Асуудал Ц.Мөнх-Оргилд байжээ. Сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэлмэгц л Ц.Мөнх-Оргилын амбиц хөдөлж, сайдын суудлын тухай ярьж, ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бараг ерөнхий сайдад санаархаж эхэлсэн юм даг уу даа. Тэрээр гэнэ алдаж энэ талаараа зарим хүмүүст цухуйлгачихсан болтой яриа ам дамжин яригдав. Энэ нь мэдээж зарим хүнд таалагдсангүй. Тиймээс Баянголын асуудлыг гацаагаад байвал түүний энэ мөрөөдөл талаар болох байлаа. Ийм таамаглал явж эхлэхтэй зэрэг, тэгвэл Засгийн газар байгуулагдчихвал Ц.Мөнх-Оргилын аюул үгүй болж асуудал илааршиж шийдэгдэх байх гэсэн хүлээлт бий болов. Засгийн газар байгуулагдаж, сайдууд томилогдож, байнгын хороодын дарга нар ч тодорч, Ц.Мөнх-Оргил юу ч үгүй үлдсэн боловч асуудал бас л гацсаар.

Залгаад шинэ таамаглал дэвшин яригдаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байлаа. Дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ? 2009 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх потенциальт өрсөлдөгчийн тоонд Н.Энхбаяраас гадна С.Баяр, Ц.Элбэгдорж, Д.Энхбат нарын нэр яригдаад байгаа билээ. ИЗН-ын С.Оюун, бие даагч З.Алтай нараас гадна сонгуульд ялалт байгуулж байгаа гуравдагч хүчний цорын ганц төлөөлөгч нь Ногоон намын дарга Д.Энхбат юм. Форумын хэмээх тодотголтой Д.Энхбат нь улс төрийн туршлага багатай, ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргах магадлал муутай ч ерөнхийлөгчийн сонгуулийг эргүүлэхэд нөлөө үзүүлэхүйц тоглолтын хөзөр байж харин чадах билээ. Тэрээр санал хувааж чадна, ядаж л сонгуулийг хоёр шаттай болгож магадгүй. Тэрээр ардчилсан намтай ойрхон, иргэний хөдөлгөөний фонтой учраас АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваахад хэрэг болох юм. Нөгөө талаас, хэрэв С.Баяр МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэлгүй гацаавал Н.Энхбаярт нэр дэвших карманы нам хэрэг болох билээ. Н.Энхбаяр Ногоон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хэдий боломжгүй зүйл мэт санагдавч улс төрд санамсаргүй зүйлээр дүүрэн байдаг. Тиймээс Д.Энхбатыг гацааж байх нь Н.Энхбаярыг мухарлах, эсвэл нөгөө талаас Н.Энхбаярын замыг цэвэрлэхийн тулд хийгдэж байж болох юм гэсэн гаргалгааг зарим улс төр судлаачид хийж буй. Тиймээс ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл Баянгол дүүргийн асуудлыг гацаах болов уу гэсэн таамаглалыг тэд хийгээд байна.

Дөрөв дэх таамаглал мөн л Ц.Мөнх-Оргилтой холбоотой. Хамтарсан засгийн газрын нэр хүнд тааруухан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар С.Баярын засгийн газрыг огцруулах асуудал яригдаж магадгүй. Үүнтэй холбоотойгоор түүнийг саатуулж байх зорилго бий гэж яригдаж байна.

УИХ-ын сонгууль тойрсон их хүлээлт үргэлжилж байхад нэмээд орон нутгийн сонгууль гацчихлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгууль ирц хүрээгүйгээс дахин явуулахаас өөр аргагүй болов. Гэтэл сонгуулийг дахин явуулбал ирц хүрэхгүй нь бараг тодорхой байдаг. Энэ мухардмал байдлаас яаж гарах вэ? гэж зарим нэг нь толгойгоо гашилгаж хууль зөрчих хэмжээнд хүртэл санал гаргаж байна. Үүнтэй нь зэрэгцэн нийслэлийн сонгуулийн хорооноос, дахин сонгуулийг 11 сарын 30-нд явуулна гээд зарлажээ. Сонгуулийн ирц хүрэхгүй нь тодорхой байхад яагаад сонгуулийг зарлачихав. Эсвэл сонгуулийг хүчээр ирц хүргэх, эсвэл зориуд ирц хүргэхгүй байхаар дахин сонгуулийг зохион байгуулах хоёр л боломж бий. Аль ч тохиолдолд аюултай юм.

Хэрэв орон нутгийн сонгууль хүчинтэй болохгүй бол өмнөх иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх үргэлжилсээр байх болно. Өмнөх иргэдийн төлөөлөгчдийн 37 нь МАХН-ынх байгаа учир энэ хэвээрээ сонгуулийн ирц хүрэхгүй заваараад байж байвал тэдэнд ашигтай болж таарна. Тиймээс тэд зориуд сонгуулийн ирцийг хүргэхгүйн тулд яаран дахин сонгуулийг зарласан байж болзошгүй ажээ. Уг нь болдогсон бол Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийг ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгуультай хавсруулан хийх нь оновчтой бизээ. Тэгвэл зардал мөнгө хэмнэх талаасаа ч тэр, залхалт нь багасах талаасаа ч тэр, ирц нь нэмэгдэх талаасаа ч тэр цорын ганц боломжит хувилбар гэж бодно. Гэвч хэн мэдлээ. Ирцийг хүргэх ч юм билүү.

Орон нутгийн сонгуулийн асуудал шийдэгдээгүйгээс болоод орон нутгийн томилгооны асуудал шийдэгдэлгүй хүлээгдэж байгаа юм. Дээр нь агентлагийн дарга нар, дэд сайдуудын томилгоо гэхчлэн цаашид гинжин урвалаар үргэлжлэх олон томилгооны асуудал шийдэгдэхгүй байгаа нь улс төрчдийн дунд хүлээлтийг бий болгоод байгаа ажээ. Үүнийг л хүлээж улс төрчид одоохондоо байдлыг харзнан төвийг сахиж байна. Нэг агентлаг, засаг дарга, төрийн нарийн ч болтугай олдох ч юм билүү гэсэн горьдлоготой баахан улс төрчид их хүлээлтийн байдалтай байгаа бөгөөд энэ их хүлээлтийг хэвээр нь хадгалж, санаачлагыг гартаа атгаж байх нь хэн нэгэн хүнд ашигтай байна. Бүх орон тоо эзэнтэй болж, бүх томилгоо хийгдчихвэл гологдогсод гомдогсдын арми тэр даруй гарч ирэх аюултай учраас эвслийн нэртэй стандарт бус Засгийн газрын насыг уртасгах цорын ганц зам нь энэхүү тодорхойгүй байдал болоод байгаа юм биш үү? Тэгэхээр энэ бүх тодорхойгүй байдлыг зориуд бий болгож, зориуд гацааж байж болох уу? Магадгүй л юм.

Advertisements

3 Responses to “ИХ ХҮЛЭЭЛТ БА ГОРЬДЛОГО КОМПАНИ”

  1. Editor said

    ene uls tur gedeg yamar zavaan ed ve, ingej ard tumniig hohirooh gj

  2. "amar" said

    Kherev ene une bol mun aimaar aa.

  3. Veers said

    Galzuu veers boljee. Sonin, setguuld garahuu?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: