Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Posted by bolod on November 24, 2008

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд С.Баяр Хавдар судлалын үндэсний төв дээр очиж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзсан ажээ. Энэ уулзалтаараа тэрээр нэгэн зүйлийг цохон тэмдэглэв. 2009 оны төсөв хэдийгээр хэмнэлтийн төсөв болж байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлж, 2009 онд 5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулан төсөвт тусгасан байгаа хэмээн мэдэгдэв. Яасан баяртай мэдээ билээ.

Өнгөрсөн жилүүдэд мартагдсан шоовдорлогдсон салбар нь эрүүл мэндийн салбар байлаа. Эмч нарын цалин гэж хүнд хэлэхэд ч ичмээр тоотой. Тангараг өргөсөн гэх нэрээр үг хэлэх ажил хаях ч эрхгүй цагаан халаад, чагнууртны арми 18 жилийн хүнд хэцүү үеийг туулж ирсэн байна. Одоо харин С.Баяр сайдын засгийн газрын нүүрэнд тэдэнд сэргэх боломж олдож байгаа ажээ. Гэвч 5 тэрбум төгрөг гэдэг хэр их мөнгө билээ. Сүүлийн үеийн чанартайхан ганц аппарат (MRI, ч юм уу CT ч юм уу энэ талаар би нарийн мэдэхгүй л дээ) авахад 1 сая долларын өртөгтэй байдаг ажээ. Тэгвэл 5 тэрбум төгрөгөөр 5- хан төхөөрөмж л авах нь ээ. Нөгөө их хөрөнгө оруулалт нь тэгээд ердөө л энэ үү. Ердөө энүүхнийг хийчихээд гадагшаа гарч эмчлүүлдэг оношлуулдаг бүх өвчтөнүүдийг Монголдоо эмчлүүлнэ, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг тогтооно ч гэх шиг үлгэрийн зүйл ярьж болох уу? Монголчуудын, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө 5-хан тэрбум төгрөгөөр 5 -хан аппараат авчихад л болох байтал өнөөг хүртэл юу ч хийгээгүйг нь бодохоос л гомдоод байх юм. Гэтэл 14 тэрбумаар нь, 60 тэрбумаар нь та нар үрэн таран хийсэн биз дээ. Яагаад та нар энийг хийхгүй байсан юм бэ гэж амыг нь асуумаар байна.

Нөгөө талаас, Эрүүл мэндийн даатгалын сан нь өнөөг болтол төсвөөс бие дааж салаагүй байсаар. Эрүүл мэндийн даатгалын сан жил бүр ашигтай гардаг бөгөөд энэ нь жил ирэх бүр нэмэгдэж, 20 гаран тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсаар байна. Эрүүл мэндийн даатгалын сан ашигтай гарах нь эдийн засгийн талаасаа төсөвт ашигтай харагдаж байгаа боловч хүн амын эрүүл мэнддээ бол огтхон ч ашиггүй төдийгүй, ихээхэн хохиролтой, хорлолтой билээ. Миний бодлоор эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө ашиг гаргах шаардлагагүй санагдах юм. Харин ч бүгдийг нь эргүүлээд хүн амынхаа эрүүл мэндэд буцаан зарцуулж байвал эрүүл мэндээ даатгуулсны хэрэг гарах биш үү? Энэ 20 тэрбумаар жил бүр 20 ширхэг өндөр үнэтэй, гэхдээ орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж авчихаад байсан бол бидний эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт болох байсан биш үү? Тэгсэн сэн бол хичнээн олон өвчнийг эрт үед нь оношлох байсан бол. Хэрвээ тэгсэн сэн бол өдийд хичнээн олон хүн амьд сэрүүнээр байрахгүй, хичээж бүтээгээд, улс орноо хөгжүүлээд сүйд болдоггүй юм аа гэхэд улсад татвараа ч болсон төлөөд гэр бүлдээ харагдаад явж байж болох байсан бол. Хэрвээ тэгсэн сэн бол гадагшаа оношлуулахаар, эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн маань багагүй хувь нь эндээ оношлуулдаг эмчлүүлдэг болох байсан бол. Тэгвэл ч харин эдийн засгийн ашиг гэдгийг харин нэг тооцож болмоор санагдах юм. Хэрэв жил бүр шинэ техник тоног төхөөрөмж аваад байсан бол өдийд манай эмч мэргэжилтнүүд түүн дээр аль хэдийнээ ажиллаад суричхсан, дэлхийн зиндаад хүрсэн мэргэжилтнүүдтэй болчихсон байхгүй юу? Алийн болгон эмч нараа мэдлэг боловсролгүйгээр нь дуудаж, Гепократын үеийнхнээс хэдхэн дүү гэхчлэн гоочлох юм бэ? Би, чагнуураас өөр зэвсэггүй эмч нарт бүх бурууг тохож чадахгүй.

 С.Баяр сайдын маань амалж байгаа их хөрөнгө оруулалт нь эрүүл мэндийн даатгалын сангийн ашгаар бүрдэж байгаа 20 гаран тэрбум төгрөгний ердөө л тавны нэгтэй дүйцэж байхад түүнийг хөрөнгө оруулалт нэмэгдлээ, эрүүл мэндийн салбарыг онцгой анхаарч байна гэж хэлж болох уу? Үгүй байхаа. Харин ч эрүүл мэндийн салбараас танаж, эрүүл мэндээрээ өөр бусад зүйлийг сольж зольж авч байгаа хэрэг ажээ. С.Баяр сайд маань бидний ирээдүйн эрүүл мэндэд ийм л зүйлийг санал болгож байна.

2008 оны 11 сарын 22

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: