Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АМА

Posted by bolod on November 26, 2008

Ама, Озеки цолны болзлыг хангахаар барахгүй давуулан биелүүлэв. Озеки цол авахад дараалсан гурван башёд 33 –аас дээш даваа авах болзолтой байдаг ч барилдааны чанар энэ тэр гэх олон шалтгаанаар болзол хангасан ч гэсэн энэ цолыг өгөхгүй байх тохиолдол байдаг. Харин манай Ама энэ болзлыг нь аль аль талаар давуулан биелүүлсэн тул түүнд өгөхгүй байх ямар ч шалтаг үлдсэнгүй. Энэ утгаараа тэрээр Озеки цолыг гуйж биш гуядаж авч байгаа юм.

Кюшю башё ер нь манай Монголчуудэд нэлээд ээлтэй бололтой. Энэ удаад ч гэсэн Монгол сумочид тэргүүлсээр башёг сонирхолтойгоор дуусгалаа. Амагийн хувьд хэд хэдэн онцлог зүйл тохиолдож буйг ажигласнаа хэлхье.

Ама маш сайхан барилдааныг үзүүллээ. Тэрээр Озеки цолны болзлыг давуулан биелүүлэв. Сүүлийн гурван башёд тэрээр 35 давжээ. Эхний дөрвөн өдрийн дараагаар 2 давж хоёр унасан байсан ч сүүлийн 11 барилдаанд тэрээр нэг ч уналгүй бүх өрсөлдөгчөө давсан бөгөөд үүн дотор нь аварга арслангууд бүгд багтаж байгаа юм. Ийм хүнд нөхцөлд ийм их сэтгэлзүйн дарамтан дунд ийм өндөр амжилт гаргана гэдэг үнэхээр хүнд даваа биз. Олон бөхчүүд энэ сэтгэл зүйн дарамтыг давалгүй унацгааж байсан. Котомицуки, Котошю, Кайёо, Чиётайкай зэрэг олон бөхчүүд цол амлангуут л тэр сарын барилдаанд амжилт нь эрс унаж, илэрхий бухимдаж байхыг харж байсан. Ама ч энэ уламжлалыг давтах нь уу гэтэл харин ч сайхан барилдаан үзүүлж, хийморь сэргээлээ.

Монголчуудын дунд өрсөлдөөн болов. Гараагаа тааруухан эхэлсэн гэхэд тэрээр сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдэж чадсан. Түүний өрсөлдөгч нь Их аварга Хакухо Даваажаргал л байв. Монголчуудаас өөр, Хакухо их аваргаас өөр түүнтэй өрсөлдөх бөх энэ удаагийн башёд даанч байсангүй. Энэ сарын башё яах аргагүй Амагийн башё байлаа. Монгол бөхөд нэг үг байдаг гэлцдэг. Тэр нь юу вэ гэхлээр “Түрүүлэх бөхтэй л таарчихгүй юм сан” гэх үг. Ама үнэхээр түрүүлэх хэмжээний барилдаан үзүүлсэн, үнэхээр тэр одтой хиймортой байлаа. Түүний амжилтад дэвжээнийх нь секитори ч дэм үзүүлсэн. Их аварга Хакухог өвдөг шороодуулсан хоёр бөх нь Ажигава дэвжээний Ама, Аминишики нар байсан юм. Улмаар нэмэлт барилдаан гарч, нэмэлт барилдаанд хоёр монгол үлдэн барилдлаа. Ажаад байхад сумод “өрсөлдөөн” гарахаар япончууд их баярладаг бололтой юм билээ. Япончууд ч гэлтгүй хаана ч адилхан даа. Тиймээс нэмэлт барилдаанаар ялагчийг тодруулна гэдэг нь их л сонирхолтой өрсөлдөөнтэй сайхан башё болж байгааг харуулж байгаа хэрэг. Хакухо аваргатай Ама эн тэнцүүхэн өрсөлдөж аваргын зиндаатай бөх гэдгээ ч батлан харуулав. Энэ удаа аваргад өвдөг шороодсон ч дараа нь түүний ээлж ирж л таараа. Тэгээд ч энэ башёгийн хувьд даваа унааны харьцаа 1:1 байлаа.

Монголчуудын хувьд билиг дэмбэрэлтэй. Амагийн Озеки цолыг гардуулж өгөх ёслол нь 11 сарын 26-нд буюу Анхдугаар үндсэн хууль баталсны ойтой давхцаж байгаагаараа бас их билиг дэмбэрэлтэй зүйл юм. Энэ өдрийг Монголчууд Монгол улсыг тунхагласны баяр болгон тэмдэглэж, албан ёсоор хууль ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Улс тунхагласны баяртай давхцан түүнд Озеки цолыг албан ёсоор гардуулан өгөх ёслол болж байгаа нь ганцхан Амагийн хувьд ч биш олон Монголчуудын хувьд давхар давхар баяр болж байгаа нь эргэлзээгүй. Энэ өдөр тэрээр бас шинэ нэртэй болж байгаа юм байна. Түүний харьяалагддаг дэвжээ нь өөр дэвжээтэй нэгдэж, Исегахама нэртэй шинэ дэвжээ байгуулагдаж байгаатай холбоотойгоор түүний нэрийг ч бас сольж байгаа ажээ. Өннөөдрөөс эхлэн тэрээр албан ёсоор Харумафужи хэмээн нэрлэгдэх болж байгаа юм байна. Албан ёсны вэб хуудсанд түүний танилцуулганд Озеки Ама – Харумафужи хэмээн нэрлэсэн байна.

Түүний дээлийн захыг ах нь мушгив. (Кимоногийн захыг ч юм уу) Амагийн барилдааныг үзэж, дэмжихээр ээж нь, Амагийн ах улсын начин Лхагвадоржтой хамт иржээ. Урьд нь Асашёрю аваргыг дэмжихээр аав Долгорсүрэн заан, ах аварга Сумъяабазар нар, Хакухо аваргыг дэмжихээр Мөнхбат аварга нар гээд бусад бөхчүүд, монголчууд олон л очдог байсан. Энэ удаад Амагийн ах очсон байгаа нь түүнтэй л адил юм. Гэхдээ яг энэ мөчид аав нь биш, ах нь ирсэн байгааг харахад бас эрхгүй өмнөөс нь харамсах сэтгэл төрж байна. Үүнээс жилийн өмнө аав улсын заан Давааням автын ослоор нас барсан учраас хүүгийнхээ энэ удаагийн амжилтыг харж чадсангүй. Хэдийгээр ах нь ирчихсэн байгаа нь сайхан байгаа ч өөрийн эрхгүй аав нь байсан бол…гэж бодогдож байна. Аав нь зуурдаар нас бараад сэтгэл зүйн хувьд хичнээн хүнд байсан ч Ама түүнийг эр хүн шиг туулж өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш сайн барилдаж өндөр амжилт үзүүлжээ. Энэ сард тэрээр гурван гол шагналын нэгийг зүй ёсоор хүртэв. Сүүлийн 7 башёд дараалан 6 удаа шагнал хүртэж байгаа нь тэр юм. Тэгэхээр тогтмол амжилттай барилдаж байсан нь хэнд ч тодорхой бизээ.

Сумогийн дүрэм шударга. Сумо бөхөд арын хаалга байхгүй юм. Тэнд хэн ч очоод хүсвэл барилдаад, чадвал дэвшээд, өгсөөд цол нэмээд байх боломжтой юм. 90-ээд оны эхээр нэг онигоо гарчихсан байж билээ. Монгол бөх сумо хоёр юугаараа ялгаатай вэ, Монгол бөх гараараа дэвдэг бол сумо бөх хөлөөрөө дэвдэг гэж. Энэ хэдий онигоо ч Монгол бөх сумо хоёрын хэлбэрийн талын ялгааг маш хурцаар илэрхийлсэн учраас хүмүүст их таалагдсан юм. Мэдээж энэ хоёр өөр төрлийн барилдаан болохынхоо хувьд олон ялгаатай л даа. Гэхдээ хагийн гол ялгаа нь сумо дахь цэвэр өрсөлдөөний зарчим нь бололтой. Үнэхээр шударгаар шүүдэг, шударгаар өрсөлддөг, нутаг нуга, танил тал харж тал тохой татддаггүй, хуучин партизан байсан гэж бурханчилдаггүй, давуу эрх эдлүүлдэггүй, ёстой л үнэн хүчийг үзэн барилдаж, сайн барилдсан нь зиндаа дээшилж, чадаагүй нь доошоо гоождог энэ зарчим Монгол бөхөд байтугай Монголын нийгмийн харилцаанд үгүйлэгдээд байх шиг санагддаг. Монгол бөхчүүд амжилтынхаа оргил амжилтаар эрэмбэлэгддэг. Нэг удаа сайн барилдахад л хангалттай. Тэр нь тухайн бөхийн хэр том цолтойг тодорхойлно. Харин сумод бол нэг удаа сайн барилдах нь хангалтгүй, тогтмол амжилтай барилдах шаардлагатай байдаг. Хэрвээ ийм шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлээд чаддаг нь дэвшээд өгсөөд, чадахгүй унаад гоожоод явдаг болчихвол Монголын нийгмийн харилцаа, тэр дундаа улс төр цэвэршээд жигдрээд явчих болов уу? Монголчууд өрсөлдөх чадвар сайтай. Баягалиас заяасан дасан зохицох чадвартай ч гэдэг. Баталгаа нь гэвэл дараа сарын башёд Гурван Монгол бөх сумог тэргүүлэн барилдах гэж байгаа явдал болно. Хоёр их аварга, нэг шинэ залуу Озеки. Энэ чинь бахархал биш гэж үү?

2008 оны 11 дүгээр сар 26

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: