Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СОНГУУЛИЙН ИРЦ

Posted by bolod on December 1, 2008

Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Тиймээс сонгуулийн ирцийг судалснаар бид олон зүйлд хариулт өгч чадах юм. Нөгөө талаас сонгуулийн ирц нь сонгох сэдлийг хэмжих нэг үзүүлэлт ч болно. Сонгогчид юуны тулд сонгуульд оролцож саналаа өгдөг вэ? Сонгуулийн ирц буурч байгааг дараах хэдэн зүйлээр тайлбарлах боломжтой гэж бодож байна.

Нэгдүгээрт, энэ нь зүй тогтлын шинжтэй байсан, Социалист чиг баримжаагаар замнаж байх үед сонгуулийн ирц нь иргэдийн улс төрийн идэвхийг харуулах гол үзүүлэлт байлаа. Тиймээс л иргэд нь нам төрийн бодлогыг бат тууштай дэмжиж, нам засгаа нягт тойрон хүрээлж байгааг батлан харуулахын тулд бүх нийтээрээ сонгуульд идэвхтэй оролцож, 99,9%-ийн ирцтэйгээр сайн дураараа саналаа өгч байгаа мэт жүжиг тоглож байсан аж. Үүнийг сонгууль гэж хэлэхэд хэцүү ч Ардчилсан сонгуулиудад энэ үеийн сонгуулийн идэвхи, ирцийн инерци хадгалагдаж байсан гэж хэлж болно. Тиймээс Социалист сонгуулиас Ардчилсан сонгуульд шилжих явцад Сонгуулийн ирц буурах нь зүй тогтлын шинжтэй хэмээн дүгнэж болох юм. Өмнөх сонгуулиудын ирцийг харахад УИХ-ын сонгуулиас орон нутгийн сонгуулийн ирц ямагт арав гаран хувиар доогуур байдаг. Гэвч энэ удаагийн сонгуулийн ирц хүрээгүй явдалд ерөнхий зүй тогтлын шинжтэй уналтаас гадна бусад хүчин зүйлүүд нөлөөлжээ. Энэ нь болж өнгөрсөн сонгуулийн үйл явцаар ч батлагддаг. Өмнөх сонгуулийн ирцээс бага багаар буурдаг байсан ч энэ удаагийнх шиг ингэж нэг мөсөн 20-оод хувиар буурсан удаагүй юм.

Хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд ирц үргэлж бага хувьтай байдаг. 1996 оны УИХ-ын сонгуулиас 2008 оны УИХ-ын сонгууль хүртэл сонгуулийн оролцоо 20 шахам хувиар унаад байна. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл харин 20 гаран хувиар унасан ажээ. Орон нутгийн сонгуулийн хувьд ирц харьцангуй доогуур хувьтай байдаг нь нэг талаас орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуулийн дараахан болдог учраас сонгогчид залхсан байдаг, нэр дэвшигчид нь ч УИХ-ын сонгуулийг бодвол хоёрдугаар эшелоны, жюрё зиндааныхан эсвэл УИХ-ын сонгуульд ялагдагсад байдаг, нөгөө талаас орон нутгийн сонгуульд аль аль талаас ач холбогдол бага өгдөг, түүнчлэн цаг хугацааны хувьд оновчгүй, намрын ид ажлын үетэй давхацдагтай холбоотой билээ. 1996 оны орон нутгийн сонгуулийн ирц 72,1% байсан бол 2000 онд 65,9%, 2004 онд 67,2% болж буурсаар улмаар 2007 оны намар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33-р тойргийн нөхөн сонгуулиар 51% болж эрс унасан юм. 2008 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд анх удаа сонгуулийн ирц хүчинтэй байх хэмжээнд ч хүрэлгүй дутсан билээ.

Сонгууль       УИХ         Ерөнхийлөгч      Орон нутаг

1 1996           92,1%         97,2%              72,1%

2 2000           82,4%         82,9%              65,9%

3 2004           81,8%         75%                 67,2%

5 2008           74,31%                              47%

Гуравдугаарт, Намаас дайжилт нөлөөлжээ. Үүнээс өмнөх сонгуулиудад сонгогчид аль нэг намаас нэр дэвшигчдэд ээлжлэн итгэл үзүүлсэн гэж улс төрчид сурталддаг байлаа. 2004 оны сонгуулиас эхлэн энэ хоёр намд хоёуланд итгэх итгэл ихээхэн буурсан юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр намыг дэмжигчдийн эзлэх хувь нийлээд нийлээд нийслэлд 50% ч хүрэхээ байжээ. Тиймээс сонгуулийн ирц 50%-д хүрсэнгүй хэмээн дүйцүүлэн гөрдөж бас болно. Сонгогчид намуудад итгэх итгэл буураад зогсохгүй улс төрчдөд ч итгэх итгэл ихээхэн суларсан бөгөөд аль нь ч гарсан ялгаагүй гэх хандлага сонгогчдын дийлэнх олонхыг хамарч байна. Гэхдээ үүнийгээ нийслэлчүүд үйлдлээрээ баталж хөдөө орон нутгийн сонгогчид амаараа л ярьж сонголтоо харин дуртай дургүй хийсэн юм.

Дөрөвдүгээрт, Гадагш шилжилт хөдөлгөөн нөлөөлдөг. Манай хүн амын идэвхитэй хэсэг нь, ид хөдөлмөрийн насны иргэд олноороо хилийн чанадад гарч ажиллаж, амьдарч, сурч байгаа бөгөөд зарим тооцоогоор 100 000 орчим сонгогч гадаадад гарчээ. Энэ нь нийт сонгогчдын 7-8% болж байгаа бөгөөд сонгогчдын ирцийг тэр хэрээр бууруулж байгаа юм. Нийслэлийн хувьд гадагш шилжилт хөдөлгөөний түвшин улсын дунджаас дээгүүр бөгөөд дор хаяж 10% болох биз. Ялангуяа орон нутгийн сонгууль болдог намрын цагаар амралтаараа нутагтаа ирсэн монголчууд хуугаараа буцан одсон байдаг билээ.

Тавдугаарт, Сонголтын боломжгүй байсан нь нөлөөлсөн байна. 2004 оны УИХ-ын сонгуулийн дараагаар их эвслийн засгийн газар гэгч байгуулагдаж, 2004 оны парламент үндсэндээ сөрөг хүчингүй болсон билээ. Сөрөг хүчний онгойсон орон зайн дээр иргэний хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж, идэвхтэй тэмцсэний хүчинд нийгэмд тодорхой орон зайг бий болгоод байлаа. УИХ-ын сонгуульд тэд гавьтай амжилт байгуулаагүй ч (сонгуулийн хууль нь угаасаа амжилт гаргах боломжийг нь хаасан байлаа) сонголтын боломж болж харагдаж байлаа. Иргэний эвсэл нь сонголтын альтернатив хувилбар болж харагдаж байсан учраас тэдний төлөө сонгогчдын чамлахааргүй хувь нь саналаа өгсөн билээ. Гэтэл 2008 оны намар орон нутгийн сонгууль болох үед иргэний хөдөлгөөнүүд үндсэндээ үгүй болж, сонгогчдын хувьд сонголтын боломжийг нь үгүй хийчихсэн учраас сонгуулийн ирц буурсан байна.

Зургадугаарт. Сонгуулийн зохион байгуулалт муу байгаагаас иргэдийн сонгуульд итгэх итгэл алдарчээ. Олонх сонгогчид улс төрөөс залхаж, хүнийссэн байна. Сонгуулийн луйвар булхай хэрээс хэтэрч, нэр дэвшигчид төдийгүй сонгуульд оролцсон намууд толгой дараалан сонгуулийн хуулиа зөрчиж, сонгогчдын саналыг зөвхөн мөнгөөр худалдаж авахаар хэнээрхснээс үүдэн улс төрчдийг үл тоомсорлох болов. Сонгуулийн дүн олон тойрог дээр гаралгүй удаж, хэд хэдэн тойргийн маргаан шийдэгдэлгүй өнөөг хүргээд байгаа, аль нэг намын нөлөөнд автсан сонгуулийн хорооны гишүүн сонгуулийн дүнг дураараа гацааж байгаа, түүнийг шийдэх мэдэлтэй хүн олдохгүй, гарц нь ч ойлгомжгүй тодорхойгүй байдалд удаан байсан нь сонгуулиас залхах байдлыг даамжруулсан. Хамгийн гол нь сонгуулийг ингэж будлиантуулж байгаа хүнд ямар ч хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийг арчаагүй болгон харуулж байна.

Долоодугаарт. Сонгуулийн үр дүнгээр бус, намуудын тохиролцооны дагуу байгуулагдсан стандарт бус хэмээх эвслийн засгийн газар байгуулагдсан явдал сонгуулийн ирцэд нөлөөлсөн байна. Тэртээ тэргүй сонгуулийн үр дүнгээс үл хамааран хамтарсан засгийн газар байгуулдаг юм чинь би саналаа хаана ч өгсөн ялгаагүй гэсэн бодол олонх сонгогчдод байлаа. Үүнийг нь дэврээх гэсэн ч юм уу, нээрээ тэгж тохирсон ч юм уу, МАХН ба АН-ууд орон нутгийн сонгуулийг 60:40 -өөр хувааж авахаар тохирчихжээ гэсэн яриа нийгэмд тархсан нь сонгогчдын итгэл үнэмшлийг бууруулж, улмаар сонгуулийн ирц буурахад нөлөөлсөн байна. МАХН ба АН- ууд хэдийгээр тусдаа намууд гэх боловч нам гэхээсээ илүүтэй нам дамнасан бүлэглэлүүдэд хуваагдсан гэх дүгнэлт улам бүр батлагдсаар, иргэд ч тэгж харах болсон байна.

Наймдугаарт. УИХ-ын сонгуулийн дараа, 7 сарын 1-нд болсон үйл явдалтай холбоотойгоор гол нь 7 сарын 1-ний явдлын аймшиг нь сонгогчдын сэтгэл дотроос бүрэн арилаагүй байгаа, нийгэм битүүдээ айдаст автсан байгаа нь нөлөөлж байна. Орон нутгийн сонгууль болохтой давхцуулан 7 сарын 1-ний үйл явдалд оролцогчдын хэргийг шүүн таслах шүүх хурлууд ээлж дараалан болсон нь нийгмийн айдсыг сэргээсэн байж болзошгүй.

Есдүгээрт. Иргэд сонгуульд илүү прагматик байдлаар хандах болсон. Яг үнэндээ сонгуулийн дүн миний амьдралд огтхон ч нөлөөлхгүй байна гэх шүүмжлэл газар сайгүй гарах болсон. Иргэдийн төлөөлөгч гэх боловч тэнд иргэний төлөөлөл нэг ч сонгогддоггүй, иргэд төрөө барьж байна гэх хоосон гоё үгэнд итгэхээ байсан, иргэдийн төлөөлөгчдийн хийсэн ажил тодорхойгүй, нүдэгд үзэгдэж гарт баригдах зүйлгүй, хяналтгүй, сонгогдсон төлөөлөгч болон гишүүнийг эргүүлэн татах механизм, хөшүүрэг байхгүй, засаг дарга, орон нутгийн удирдлагаа шууд сонгож чаддаггүй зэрэг нь сонгуульд ач холбогдол өгөх явдлыг багасгаж байна.

2008 оны 11 сарын 28

One Response to “СОНГУУЛИЙН ИРЦ”

  1. "amar" said

    Тун сайхан нийтлэл болжээ.
    Ф.Бастиагийн “Хууль” гэдэг номон дээр бүх нийтийн сонгууль гэсэн нэрийн доор Францын 36 сая хүн бус 9 сая хүн оролцдог гэдэг шиг /9 бусдыг нь чадамжгүй гэдгээр хасдаг хүүхэд, эмэгтэйчүүд, сэтгэл мэдрэлийн өвчтэй гм/ манайд сонгууль өгөх эрхтэй хүмүүсээс гадаад дотоодод байгаа бичиг баримтын зөрчилтэй, хаясан гээсэн гм эрхтэй байж эрхгүй болсон хэдийг нь хасаад дээрээс нь дээр байгаа сонгогчид, зохион байгуулагчидад итгэл алдарч идэвхигүй бологсод, сонгох хүнгүйгээс сонгуульд оролцдоггүй гм хүмүүсийг хасвал цөөхөн монголчуудаас юм үлдэх нь үү? Ингээд бодохоор хуурамч сонгогчид нэмээд ч ирц хүрээгүй нь аргагүй юм байна дөө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: