Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ДУТУУ ТӨР

Posted by bolod on December 15, 2008

Хүнээр юм бол манай төр дутуу төрчихөөд одоо болтол дутуу байна. УИХ нь ч бүрэн бүрэлдэхүүнтэй болж чадаагүй. УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан боловч өнөөг хүртэл 72 гишүүнтэй инкубаторт хуралдсаар. Хэзээ элэг бүтэн болж, хууль ёсны шийдвэрээ гаргаж эхлэх юм бүү мэд. Энэ 72 нь ч хууль ёсны гэж хэлэхэд хэцүү. Одоохондоо Баянгол дүүргийн сонгогчдыг хол очиж хуц гээд хөөчихсөн тэдний төлөөлөлгүйгээр хуралдсаар хуйвалдсаар. Баянголын 4 гишүүн ч дээ чааваас гэж, сонгогчдоосоо мандатаа авчихаад одоо болтол УИХ-даа ороод суучихаж чадахгүй.

Хуульч, хууль зүй дотоод хэргийн яамны сайд, дэд сайд асан, өмнө нь ч УИХ-д сонгогдож байсан Ц.Мөнх-Оргил, өнөөг болтол чимээгүй хүлцсээр. Үндсэн хуулийн эрх зүйгээр чухам мэргэшсэн, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, өнгөрсөн 4 жилд ТВ-ийн дэлгэцнээс салалгүй сурталдсан, АН-ын нарийн бичгийн дарга, хуульч Х.Тэмүүжин, бас л тэвчсээр хүлээсээр. Форум нэвтрүүлгээр олонд танигдаж, форумын гэх нэрээр алдаршсан Ногоон намын дарга, Иргэний Холбоог байгуулагч, Иргэний эвслийн тэргүүн, иргэний хөдөлгөөнүүдийн их хуралд ялалт байгуулсан цорын ганц төлөөлөгч Д.Энхбат таг чиг, анир чимээгүй. Энэ гурав их хуралдаа орж чадахгүй байхад өөр хэн ч байсан чадахгүй биш үү? Тэд яагаад чимээгүй болчихвоо. Танд сонин санагдахгүй байна уу? Тэд өөр өөр намын гишүүд, өөр өөр үзэл баримтлалтай, ялгаатай үзэл бодолтой, байр суурьтай хүмүүс учраас үгсэн хуйвалдсан баймааргүй юм. Учир юунд вэ? Тэднийг өдий болтол дуугүй байлгаж байгаа ямар нэг далд учир шалтгаан байна гэж би бодох боллоо. Юу вэ гэдгийг хожим эргэцүүлье.

Засгийн газар өнөөг болтол бүрэн байгуулагдаагүй байна. Хуулинд Засгийн газар байгуулагдаж дуусах хугацаа уг нь хэмжээтэй хязгаартай. Гэхдээ тэнд дэд сайдууд заавал томилогдож дууссан байна гээгүй. Угаасаа дэд сайдтай байх эсэх нь эвслийн зөвшилцлийн шийдвэр. Агентлагийн дарга нарын тухайд бол бүр юу ч үгүй. Тиймээс энэ хуулийн цоорхойгоор манай засгийн газар өнөөг хүртэл дутуу төрсөн муурын зулзага шиг сагилдаргалж байна. Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, хатагтай Б.Долгор ярьж байнаа. Юу нь болохоо больчихоод байгаа юм бэ, яамдын ажил зогссон юм байхгүй, дэд сайдууд ажлаа хийгээд л явж байгаа… гэхчлэн. Гэтэл тэр дэд сайдууд өмнөх ЗГ-ын гишүүд байгаа учраас энэ ЗГ нь шинэ ч юм шиг, хуучин ч юм шиг болчихоод байна. Оолд дэдүүд дотор ҮШН-ын дэдээ хүртэл байхыг бодоход энэ ЗГ нь олон намын хамтарсан ЗГ ч юм шиг. Хуучин дэдүүд нь хэзээ хэзээгүй халагдах тул ажилласан ч биш ажиллаагүй ч биш, ёстой л хүний юманд хүрз барьсан гамин шиг хандаж, долоо хоногтоо нэг гадагшаа явж, хэзээ халагдахаа хүлээх л ажил хийсээр. Агентлагийн дарга нарын нэг нь ч энэ хугацаанд үнэн сэтгэлээсээ ажилласан гэж хэлж чадахгүй. Яах юм бэ, юуны төлөө тэр вэ? Шадав нь авна уу, Готов нь авна уу, надад юуны хүртээлтэй юм бэ гэж сууна. Тэгээд ч агентлаг нь байх ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Яг энэ байдал нь дутуу төрсөн төрийг, инкубатор доторх арчаагүй нялх хүүхэдтэй адилхан болгоод байгаа биш үү? “Хүний ёсноос гажууд” стандарт бусаар төрсөн манай Засгийн газар хэзээ өсөж торниж, сараа гүйцээх юм бол. Өнөө шийдэмгий сайд, эрс шийдвэр гаргагч С.Баяр хаачив. Тэр архидаж яваад л өглөө орж ирэхдээ стандарт бус шийдвэр гаргаж, түүнийгээ эрс шийдэмгий хэрэгжүүлдэг гэдэг сэн. Арай ч ажлаа дийлэлгүй ядаргаанд орж хамрын шуухинаанд дарлуулж, судас тарианд ороогүй байх. Тэгэхээр үүний цаана бас л ямар нэгэн “стандарт бус” шалтгаан байгаа бус уу.

 Сураг ажихнээ, МАХН-ын Бага хурал удахгүй хуралдах юм байна. Гол асуудал нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, томилох асуудал. Юу ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тэгж ярьж бичээд, пиардаад байна. Цаадуул нь ч ийм мэдээллийг өгөөд, өөрсдийгөө пиардуулаад байгаа бололтой. МАХН-ы генсек тодорсны дараачаас бусад албан тушаалын томилгоо хөвөрнө. Гэхдээ он гарч байгаад. Учир нь намын бага хурлын маргаашаас шинэ жилийн цэнгүүнүүд хөврөх учраас, хамгийн улайрсан хувьсгалчдад хүртэл улс төр хийх сонирхолгүй болно. Энэ бол наад тал нь. Харин цаад шалтгаан нь Төрийн албаны шинэ хууль он гарангуут мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн дагуу төрийн албан хаагчид нам бус байх ёстой. Ядаж л намаасаа түдгэлзэх учиртай. Үүнээс болоод МАХН-ын Бага хурал орвонгоороо шинэчлэгдэх болоод байгаа аж. Тэгэхээр энэ удаагийн намын Бага хурал нь МАХН доторх эрх мэдэл, хүч нөлөөллөө булаацалдсан илэрхий дайн болох бололтой.

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь нам доторх иргэний дайныг өдөөгөөд зогсохгүй нам дамжсан эх орны дайнд ч хүргэж болзошгүй. Өнөөг хүртэл агентлагийн дарга нарыг томилохгүй гацаагаад байсны бас нэг шалтгаан нь энэ аж. Энэ хуулиар гул барьж МАХН, өөрөөр хэлбэл С.Баяр АН-ынхныг араар нь тавьж, амаар нь шороо үмхүүлэх гэж байгаа аж. Нэгэнт хууль нь тийм юм гэж хэлээд л нам бусчууд нэртэй махновчуудыг төрийн албанд томилоод байна даа. Нөгөө хамтарсан засгийн газар, 60:40 –ийн харьцаа, албан тушаалын наймаа яасан бэ гэж АН-ынхан хичнээн хашхираад одоо яах вэ дээ? Хамтарсан нэртэй ЗГ-т орж ажилласан нэртэй ашиглуулж, МАХН-ын буулганд сайн дураараа орсон тэднийг АН-ын гишүүд нь одоо юу гэж хүлээж авах бол? Ичсэн хүн, хүн ална гэдэгчлэн тэд харин яаж ч мэднэ. Юу ч гэсэн зүтгүүлж үзнэ, дэд сайдууд хэрэггүй гэхчлэн бойкотлоно, засгийн газрыг огцруулах хэмээн шантаажлана, тэгээд л молигодуулснаа мэднэ дээ. Энэ АН-ынхан гэж яасан ч албан тушаалд дуртай юм, ямар ч хууртагдаж дуусдаггүй юм, яасан ч хаширдаггүй юм. Хожоотой наймаа хийлээ л гэж боддог, дандаа л хулхидуулах юм. АН ч гэж дээ, угаасаа дэлхийн түүхэнд иймэрхүү эрх тэгш биш, хүчтэй хүчгүйн хооронд байгуулагдсан гэрээнүүд иймэрхүү байдлаар дууссан баримт олон бий.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: