Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НҮГЭЛ & БУЯН

Posted by bolod on December 29, 2008

Энэ бичлэгийг би долоо хоногийн өмнө бичье гэж бодсон юм. Гэвч тэгж ингэсээр байгаад долоо хоног өнгөрчихөж. Яг долоо хоногийн өмнө 12 сарын 22-нд ес эхлэхтэй давхцан зулын 25 болж таарав. Богд Зонховын их дүйцэн өдөр аж. Миний хувьд нэг их шүтэж сүйд болоод байдаггүй ч гэсэн бусдын итгэл үнэмшлийг хүндэтгээд энэ өдөр элдэв муу сайн зүйл үйлдэхээсээ цааргалж, ямар нэг юм бичихээсээ түр түдгэлзсэн нь ийнхүү долоо хоногийн завсарлага авахад хүргэжээ.

Бурхны номонд биеэр үйлдэх нүгэл, хэлээр үйлдэх нүгэл, сэтгэлээр үйлдэх нүгэл гэж нүгэлийг дотор нь гурав ангилжээ. Бичгээр үйлдэх нүгэл гэсэн төрөл жанр тусгайлан байхгүй ч гэсэн нэгдүгээрт сэтгэлдээ ургуулан бодож бичиж буй, хоёрдугаарт, дор хаяж гар (keyboard биш шүү ориг арван хуруутай гар), нүд хоёроо ашиглан бичиж буйн учир бие сэтгэлээр хавсарсан нүгэл үйлдэж буй болчих бөгөөд миний энэ өчүүхэн нүгэл 2000 –аар үржигдэх гээд байсан юм. Ер нь ч тэгээд цаашид бичгээр үйлдэх нүгэл гэсэн ангиллыг оруулах нь бурхны шашны модернизацид тулгамдсан шинжтэй байж болох. Тэгэхгүй бол интернет дэх элдэв бичлэгүүд аль нэгэн ангилалд нь багтахгүй байгаа учир интернетийн сэтгэгдлүүд хил хязгаараасаа халиад байгаа бус уу. Эсвэл интернетийн нүгэлийг online нүгэл гээд томъёолчих уу.

Энэ өдөр шашин ном, сүм хийдийн хувьд нээлттэй хаалганы өдөр зарлаж байгаа нь тэр бололтой. Идэр гурван ес эхэлж буй өдөр их хүйтний туйл давхцаж байсан ч гэсэн эгэл хорвоогийн нүгэлтнүүд хүйтнийг ч үл хайхран Гандан хийдийн гадаах хүрдэнд оочирлон шавжээ. Үүнийг улс төрчид хараад атаархаж шээс нь гоожих шахдаг биз. Зулын 25-ныг арай л ерөнхийлөгчийн ивээл дор гэж зарласангүй. Манай төрийн албаныхны зарладаг нээлттэй хаалганы өдрөөс энэ өдөр шал өөр. Төрийн албаныхны нээлттэй хаалганы өдөр ядарсан цөхөрсөн нь ирээд зарим нэг нь хэргээ бүтээдэг л байх, бүтээж чадахгүй нь олон, баривчлагдаад явах нь ч бий. Зулын 25 гэж Зарласан зарлаагүй, урьсан уриагүй тэртээ тэргүй мөргөлчид тасралтгүй цуварна. Ирээд ч санаснаа гүйцээж, буянаа арвижуулж, сэтгэлээ ариусгаад, бүгдийг бурхандаа даатгаж овоолчихоод бүгд л сэтгэл хангалуун буцацгаах аж. Чухам үүнийг л нээлттэй хаалганы өдөр гэдэг юм даа.

Мөн энэ өдөр сүсэг бишрэл, нүгэл буян аль аль нь SALE зарладаг гэж ч ойлгож болох аж. Энэ өдрийн их хямдралын уриа нь НЭГИЙН ҮНЭЭР МЯНГЫГ ХОЖ ажээ. Богд Зонховын их дүйцэн өдөр буян хийвэл 1000 дахин арвижиж, нүгэл үйлдвэл 1000 дахин хүндэрдэг гэлцэнэ. Өөрөөр хэлбэл нүгэл буяны алиныг нь ч үйлдсэн энэ өдөр 1000 гэсэн үржих коэффициентээр үржигддэг ажээ. (Уг нь, миний энэ өдрийн цалин энэчлэн үржигддэг бол ч улам л таатай байхсан) Зөвхөн би энэ кредитээ бичүүлэх бүртгүүлэх буяны данс хараа, нэрийн данс, хадгаламж байхгүй нь харамсалтай. Харин таны үйлдсэн нүгэлийг цент ч үлдээхгүй дэнсэлж данслах бөгөөд буянд тань хүү бодохгүй байж магад ч нүгэлд чинь бол гомдоохгүй хүү төлөх болно. Үүнийг үйлийн үр гэж нэрлээд байх шиг байгаа юм.

Нөгөө талаас, хялбар шүтлэгтэн, буруу номтон, чаралбаа нарт бол энэ өдөр бас л нэг төрлийн боломж, хөнгөлөлт болох ажээ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэж бас яахав. Буруу зөвгүй номтнуудад, баян хоосон нүгэлтнүүдэд буян хийх тэгш боломж олгож байгаа буюу. Бүтэн жил буян хураах гэж зовж явсан дорвол энэ өдөр л ганц сайн буян хийчихвэл жилээ гурав нугалаад даачих боломжтой ажээ. Бурхны шашинд байдаг ганц хөнгөлөлт нь энэ юм уу даа. Ингэж л буяныхаа кредитийг өсгөх ганц сайхан боломж олгодог аж. Бусдаар, үйлийн үр гэж бий шүү гэж айлгаад нүглээ цайруулах боломж ер олгодоггүй болтой юм билээ. Харин хэрээстийнхэн бол шал өөр, нүгэл үйлдэж болно, нүглээ наминчлаад л тэгэлчихнэ, ариусчихна.

Энэ өдөр надад нэг хүндрэл тулгарлаа. Яавал буян болох хийгээд аль нь нүгэл болохыг над мэтийн усан нүдтэй цусан зүрхтэй, эгэлийн эгэл үхэх үйлтэн төдийлөн ялгаж чадахгүй аж. Буян гээд үйлдтэл нүгэл болчих гээд, сайн санаад хэлтэл муу санаатан болчих аюул алхам тутамд дагах. Цаашлаад бурхны ариун шавь нар ч нүгэл буяныг зэрэгцүүлээд байх шиг санагдаж намайг сэтгэлээр үйлдэх нүгэл рүү түлхээд байх шиг. Бүр учрыг ялгаж салгах оюуны цараа илэрхий дутах ажээ.

Энэ өдөр шашны сүм хийдүүд хөлд дарагдаад зогсохгүй урлагийн сүм хийдүүд ч хөлд дарагджээ. Монгол бөхийн өргөөнд “ЗУЛЫН 25” нэртэй шашин урлагийн цэнгүүн зохиогдов. Тасалбарын үнэ 6000. Нэг талаас нь харвал сүсэгтэн олондоо зориулсан их буяны үйлс ч юм шиг. Нөгөө талаас нь харвал сүсэг бишрэлээр далимдуулан ашиг хонжоо харсан сэргэлэн бизнесмэний зохион байгуулсан шоу биз гэж бодоод өнгөрөв. Энэ нь хэдэн мянгаар үржигдэх буян хийгээд нүгэлийн алин болохыг би ойлгож чадсангүй, чадах ч үгүй биз.

Харин энэ өдрийг тохиолдуулан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба лам, гавж мяндагтан Д.Чойжамц болон , Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, бурханч лам Г.Пvрэвбат нар АСА циркэд ном айлдаж, илтгэл тавижээ. Энэ лавтайяа агуу их буян байж таарна гэж сэтгэтэл тасалбарын үнэ нь 3500 гэсэн сураг сонсогдмогц, итгэлийн чавхдас сулрав. Төлбөртэй буян байжээ. Эсвэл тарифтай шүтлэг, төлбөртэй итгэл үнэмшил ч юм уу. Үүнтэй зэрэгцэн сэтгэлд бас нэгэн муу сэтгэл шүглэж, өнгөрсөн муу мэдээг эргэн санаадхав. Юу гэвэл АСА циркэд болох энэ хоёр том ламтаны номын айлдвар нь азын сугалаатай болох тухай. АСА циркэд болох “лекцэнд” (ном айлдах ариун үйлийг лекц унших гэхчлэн зүйрлэсэн тэр хүн хийгээд, шууд хуулбарласан өчүүхэн намайг бурхан өршөөг) оролцож аз нь гийсэн 15 хүнд тусгай бэлэг, урамшуулалтай гэх зар мэдээг миний муу хоёр дэлдэн нүгэл хурааж сонссон билээ. Олигтой юм олж сонсохгүй байж, тэрийг очиж очиж олж сонсоод байх даа яадаг муусайн дэлдэнгүүд вэ?

Ламтангууд ч гэж ламтангууд. Нөгөө ариун буян чинь тэгээд энэ үү, буян гэдэг тэгээд сугалаагаар тодордог зүйл болж таарав уу? Үйлийн үр гэж бий энэ тэр гээд байсан нь хаа очиж одов. Аз гэдэг сохор. 3500 төгрөгөө л төлчихвөл алуурчин, луйварчин, авлигачин түйлэгчин, хулгайч, худалч, үсчин ясчин аль нь ч байсан аз нь гийж болох ажээ. Дайварт нь бүх нүгэл нь ариусч, гэгээрч, бараг л бурхны зэрэгт хүрэх юм байхаа. Бурхны шашин шинэчлэгдээгүй гээд байсан худлаа аж. Азаар, аз таарвал ариусах байтугай, нэмээд хожиж баяжиж болдог болчихож. Харин энэ нүгэл үү, буян уу? Үүнд миний ухаан хүрэхээ байлаа. Ламтангууд маань мянга мянган буян хийчихэв үү, мянга мянган нүгэл хураачихав уу? Тэд лав ариун улс биш болж таарлаа. Надад ингэж бодогдох, намайг сэтгэлээр дахин нэг нүгэл үйлдэхэд хүргэсэн тэд нүгэлтэн үү буянтан уу? Ер нь нүгэл гэж юу юм, буян гэж юу юм. Мэдэхгүйгээс цааш зүв зүгээр байвал тэр нь буян юм даа.

One Response to “НҮГЭЛ & БУЯН”

  1. "amar" said

    Unshikhad ikh khugjiltei, zugaatai bailaa.

    Baskhuu ner ni, aguulga ni tsag ue ee yag oljee.

    Burkhangui gazriin bug gegcheer yum bolgon l burkhanii ner barikh bol dee. Ene ikh burkhan neriin tsaana buyan baikhaas gadna ashig khonjoo tsaashlaad PR ch yavaad baigaa yum shig.
    Sonin zakhialga, end tendkhiin uul ovoo takhikh za tegeed end tend khural nom aildana. Tuun deer tiim iim yum taraana…
    Minii l medekhiin urid shashnaar damjuulj MGLuudiig 2ch udaa nomkhoruulj baisan. Gekhdee ter 2t gadaad khuchin ikh baisan kharin odooniikh ni dotood khuch ikh baina. Tos dotroosoo utukh ni ayultai baidag. Ene olon shashnii zambaraagui ursgal, urgul barits, tarif, uuhuulga surtalchilgaa gekh met etsestee yund l khurgekh boldoo. Yostoi l nuguu neg khelsen kharaal chini khar ulaan khaniad bolj ergej ta nar deer irne bish uu gesen Bogdiin surgaald gardag ug ekhneesee bieleed eldev uvchin, emkh zambaraagui baidal, gachigdal yaduural zereg bolj biden deer erj baigaa yum bna duu. Er ni ali ali ni ankhaarmaar buyan tugeej bna geed khatuu trif togtookh, buyan uildej bna geed gar tatakh, burkhanii ner barij ashig olokh, ni ineedtei buguud nugel baimaar.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: