Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ИХ ХЯМДРАЛ

Posted by bolod on January 2, 2009

XX зууны дунд үеэс л Монголчууд Шинэ жилийн баярыг нийтээрээ тэмдэглэж эхэлсэн ч өдгөө нэгэнт өргөн тэмдэглэдэг баяруудын нэг нь болжээ. Энэ баярыг гэр бүлээрээ хамт байж, баярлаж хөгждөг, гэр бүлийн нандин баяр, уламжлал ч гэж үзэж Монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг баяруудын нэг болчихож. Цагаан сарын баяртайгаа дүйцүүлэн бэлгэшээж, зарим ёс уламжлалыг нь хуулбарлан дууриадаг болсон бөгөөд шинэ оноо өнгөтэй өөдтэй өнгөрөөх гэж хэрэндээ л мэрийдэг. Тэгээд ч нэрээ хичээнэ, дэлгүүр хэснэ, идэш ууш цуглуулна. Үүнийг нь дагуулан сүүлийн хэд хоног их хямдралын зар ТВ-үүдийг булав. Инфляцитай уралдан бүх их дэлгүүрүүд, супермаркетууд, нэрийн барааны дэлгүүрүүд гэхчлэн уралдан хямдрал зарлажээ. Яг хэрэг дээрээ ингээд хямдарчихав уу гэвэл харин асуудалтай. Энэ хямдрал гэж ер нь юу вэ?

Супер хямдрал. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар ихээхэн муудсан нь илэрхий ажиглагдаж байна. Дэлгүүрийн мэргэжилтнүүд ч хэлж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад худалдан авалт муу байнаа гэж. Яахав эрхээ биш жирийн өдрүүдээс дээр л байгаа бололтой. Үүнийг нөхөхийн тулд дэлгүүрүүд өндөр өндөр хувийн супер хямдрал зарлан уралдацгааж байна. Намууд сонгуульд их их тоотой мөнгө амалдаг шиг. 10%, 30% бүр зарим нь 50%, 70%, 80% хүргэж хямдралын үнэ хаялцаан зарлаж байна. Нээрээ юу. Тэд бидний төлөө нээрээ бараа үйлчилгээгээ ингэж навс хямдруулчихав уу? Үгүй бололтой. Бизнес хүн хэзээ ч алдагдалд орохгүйгээ мэднэ. Тэгэхээр би юу гэж бодож байна гээч. Ингэж их өндөр хувьтай супер хямдрал зарлаж байгаа дэлгүүрүүд урьд нь бид нарыг ийм өндөр хувьтай “шулж” байсан байна шүү. Хамгийн өндөр хувийн хямдрал зарлаж байгаа нь хамгийн их шулж байсан болж таарлаа. Номин их дэлгүүр 70 хүртэл хувийн хямдрал зарлаад байгаа, тэгэхээр тэд биднийг 70 –аас доошгүй хувиар “шулж” байж. Гаднаас бөөндөж авчирсан бараагаа, гялгар лангуун дээр 5 нугалаад зарж байж. Одоо борлуулалт нь буураад ирэх үед харин үнээр нь зарах гээд мачийж байгаа нь тэр буюу.

Хуучин үнэ ба шинэ хямдрал. Энэ аргад зарим дэлгүүрүүд сүүлийн үед мэргэшжээ. Номин их дэлгүүр бол бүр гаргууд. Ухаан нь 125000 төгрөгийн үнэтэй барааг үнийг нь нэмж 170000 гэж тавингуутаа, зөрүүлээд 30% хямдруулаад 119000 төгрөг гэсэн шинэ үнэ биччихнэ. Хямдралын хувь яах аргагүй 30%, харин мөнгөн дүнгээр бол ердөө л 6000 төгрөгийн зөрүү гаргана. Тэгэхээр энэ нь үнийн дүнгээр биш, өндөр хувиар урхидан дуудах арга болж байна.

Хямдрал хийгээд ханшийн зөрүү. Онгоцны тийз хямдарчихсан гэнэ. Бүр нэлээд өндөр хувиар шүү. Баярлаад хямдралтай билет авах гээд очсон чинь доллараар бодоод хямдруулчихсан үнэ нь төгрөгөөр бодохоор харин ч үнэ нэмэгдсэн болж таарсан гэх нэг эрхэм гомдол мэдүүлж байх юм. Тэрээр цааш нь энэ хямдралаа болиод хуучин үнээр нь зардаг ч болоосой гэх мэтээр гомдож гарав.

ПиАр. Баяр болохоор, аливаа дэлгүүр, худалдааны газруудын борлуулалт эрс нэмэгддэг. Хаяагүй тийм. Зарим төрлийн барааны наймаачдын хувьд жилийнхээ орлогын голыг энэ үеэр хийдэг байна. Хэдийгээр борлуулалт тэртээ тэргүй нэмэгддэг ч гэсэн, эсвэл тухайлан борлуулалт ингэж нэмэгддэг болохоор энэ үеэр, дэлгүүрүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүн, бизнесээ сурталчлах хэрэгцээ нь ч даган өсдөг. Энэ нь баяр, шинэ жил, сайхан дурсамжтай нь холбогдуулан өөрийн брэндийг сурталчлах таниулах сайхан боломж ажээ. Тэгэхээр хямдрал гэдэг бол сурталчилгааны сайхан боломж юм.

Оновчтой маркетинг. Хямдрал зарлаж байгаа явдал нь хэрэглэгчиддээ барьж байгаа бэлэг гэхээсээ илүүтэй, маркетингийн оновчтой шийдэл билээ. Хямдарсан нэрээр их хэмжээний барааг богнино хугацаанд зарж борлуулах нь ямар ч бизнесмэний хувьд таатай боломж. Гэвч энэ хямдрал гэдэг нь манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна уу гэдэг нь эргэлзээтэй ажээ.

Ирэх жил Монголд дефляци болж магадгүй гэж эдийн засагчид таамаглаж байгаа. Одоохондоо манайд жинхэнэ “хямдрал” болоогүй байна. Ирэх жил харин магадгүй юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: