Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2005 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-4

Posted by bolod on January 11, 2009

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр
магадлалтай хүмүүс: сонгогчдын үнэлгээ

Нэг. Намуудын нэр дэвшүүлэлт

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн рейтингийг нам дотор нь болон холимог гэсэн хоёр янзын байдлаар үнэлүүлж үзэхэд дараах байдалтай байна. Юуны өмнө нам дотроос хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдэг нь туйлын чухал болоод байна. Хэн хэн нэр дэвших нь харьцангуй тодорхой болоод байгаа боловч цөөн тооны хүн үлдэхэд хэнийг нь дэмжих буюу электоратын санал хуваагдал ямар байхыг одоогоор тодорхойлоход түвэгтэй байна.  
2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр өдгөө МАХН, АН, Эх орон нам, ИЗБНН, БНН гэсэн 5 нам суудал авсан, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байгаа юм.

1. МАХН ба Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлт:

 МАХН-ыг дэмжигчдийн дийлэнх нь /75.2/ Н.Энхбаярыг дэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол Ч.Улааныг 12.9 хувь нь дэмжиж байна. Д.Идэвхтэний төлөө 2.9 хувь нь, С.Баярыг дэмжиж 2.5 хувь нь тус тус саналаа өгөхөө илэрхийлжээ.

2. АН ба Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэлт:

 Ардчилсан намыг дэмжигчдийн дотроос Р.Гончигдоржийн төлөө 27 хувь нь, 26.4 орчим хувь нь Ц.Элбэгдоржийг, М.Энхсайхны төлөө 23.6 хувь нь, 13.5 хувь нь Ж.Наранцацралтыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. 

3. Бусад намаас нэр дэвшигчид:

Бусад намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн дотроос Б.Жаргалсайханы рейтинг 9.4 хувьтай байна. Харин Б.Эрдэнэбатын хувьд 2.8 орчим хувьтай байгаа нь эвсэл задарсан ба засгийн газрын гишүүнээс огцорсонтой холбоотой болов уу. 

МАХН-ыг дэмжигчид Н.Энхбаярын төлөө санал өгөхөөр нэгдсэн байхад, АН-ын дэмжигчид олон хүнд санал харьцангуй тэнцүү хуваагдсан, тэр хэрээр дотроо хуваагдаж хүч тарамдах байдал бий болж болзошгүй байна. Эдгээртэй өрсөлдөх гол хүний тоонд Б.Жаргалсайхан зүй ёсоор орох ба ИЗН, Эх орон намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурь баримтлах, хэнийг дэвшүүлэхээс бүх юм хамаарах ба энэ талаар одоогоор дүгнэхэд эрт байна. ИЗ-БНН хэн нэг эмэгтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлбэл жендэрийн баримжааллаар нэлээд хувь татаж болох боловч эсрэгээр ч нөлөөлөх боломж бий тул нарийвчлан судалж үзэх шаардлагатай.

Эх – Орон нам ба ИЗ-БНН ууд нэр дэвшигч тодруулалгүй АН –ын нэр дэвшигчийг дэмжиж оролцсон тохиолдолд АН, ба МАХН-ын нэр дэвшигчдийн хооронд өрсөлдөөн гарах нөхцөл үүснэ. Гэвч энэ нь хэнийг нэр дэвшүүлэхээс ихээхэн хамаарах юм. Харин эдгээр намууд нэр дэвшүүлэн оролцсон тохиолдолд МАХН-ын нэр дэвшигч ялах нь тодорхой боловч хэрэв нэр дэвшигчийг зөв сонгож сурталчилгаагаа зөв хийж чадсан тохиолдолд сонгуульд баттай амжилт олох магадлал багатай ч намынхаа нэр хүнд, рейтингийг өсгөх, тухайн нэр дэвшигчийг олонд таниулах, улмаар ирэх УИХ-ын сонгуульд эерэгээр нөлөөлөх сайн талууд олонтой байна. 

Хоёр. Сонгууль явагдаж болзошгүй хувилбарууд: 

Өдгөө сонгууль болохоос 2 сарын өмнө явуулсан судалгаанаас харахад намууд ямар хүнийг нэр дэвшүүлэхээс хамаарч сонгуулийн үр дүн ихээхэн өөрчлөгдөх хандлагатай байна. Үүнд сонгуулийн хамгийн гол өрсөлдөгч нар намаасаа нэр дэвшиж чадах эсэхээс хамаарч дараах дөрвөн үндсэн хувилбар үүсээд байна. Одоо эдгээрийг тус бүрд нь авч үзье.

Хувилбар 1 буюу 2-Э

 Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан үзвэл бусад хувилбараас бодит байдалд илүү дөхүү хувилбар нь МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан нарыг нэр дэвшүүлэх юм. Мэдээж үүн дээр БНН-ын Б.Жаргалсайхан, ЭХ орон намын Б.Эрдэнэбат, ИЗН-ууд нэр дэвшүүлэх боломж хуулиар бий.  Эл тохиолдолд хэдий олон нэр дэвшигчтэй боловч сонгууль нэг үе шаттай явагдах бөгөөд Н.Энхбаяр нэлээд олон хувийн илүүгээр баттай ялалт байгуулах боломжтой болно. Учир нь МАХН –аас нэр дэвшигчийн төлөө сонгогчдын тал хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн бол Н.Энхбаярыг дэмжихээ 45 орчим хувь нь мэдэгдээд байна. Сонгуулийн сурталчилгаа явагдаж эхлээгүй байхад нөхцөл байдал ийм байгаа нь хэрэв сурталчилгаандаа 2004 оны УИХ-ын сонгууль шиг ноцтой алдаа гаргахгүй бол Н.Энхбаяр ялалт байгуулах хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл бүрдээд байна. 

М.Энхсайханы хувьд намынх нь рейтинг 31 орчим хувьтай байгаа, гэвч өөрийнх нь рейтинг нь одоогийн байдлаар 9 хувьтай байгаа. Мэдээж АН-аас албан ёсоор нэр дэвшигчээр тодорсон тохиолдолд хувийн рейтинг нь намын рейтингэд дөхөж очих байх. Гэвч М.Энхсайхан 40 хувиас илүү санал авч чадахгүй нь зөвхөн гуравдагч хүчний нэр дэвшигчдийн санал хуваалтаас шалтгаалж байгаа биш, сонгуулийн дараа АН-ын дотор үүссэн зөрчилт ихэнхи үйл явдлыг сонгогчид сэтгэл дундуур хүлээн авч байгаатай холбоотой байна. Мэдээж ИЗН АН-ын саналаас татах бол БНН-ын хувьд сонгуульд бараг нөлөө үзүүлэхгүй. Учир нь БНН-ыг дэмжигчид нь МАХН ба АН-д адилхан тоотой хуваагддаг. Энэ тохиолдолд сонгуульд 1993 оны анхны ерөнхийлөгчийн сонгуультай адил буюу сонгуулийн дүн 60/40 харьцаагаар дуусч болзошгүй.

Хувилбар 2 буюу М. Энхсайханы эсрэг Ч.Улаан

Ч.Улаан нэр дэвшигчээр тодорвол сонгуулийн дүнг урьдчилж таамаглахад ихээхэн бэрхшээлтэй болж байна. Өмнө өгүүлсэнчлэн МАХН-ын рейтинг 50 хувиас буухгүй байгаа боловч Ч.Улааны хувийн рейтинг одоогоор 7.7 хувьтай байна. Мэдээж Ч,Улаан албан ёсны нэр дэвшигчээр тодорвол түүний рейтинг хурдан өсөх боловч намынхаа рейтингийг арай гүйцэж чадахгүй магадлалт тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл намын рейтингийг доош нь бага зэрэг татна. Тэрээр хөгшин жардууд ба радикалуудын саналыг хумьж чадах боловч хөвдөг сонгогчдын саналыг алдаж болзошгүй байна. М.Энхсайхан түүнтэй өрсөлдөхөд хувийн рейтингээрээ 1 оноогоор илүү байгаа боловч намын нэр хүнд 20 орчим хувиар дутуу байгаа. Энэ үед сонгуульд нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй сонгууль 2 үе шаттай явагдаж ч болзошгүй юм. Мэдээж Б.Жаргалсайхан ба ИЗН-ын нэр дэвшигч нэрээ татахгүй тохиолдолд энэ нь хэрэгжинэ.  
  

Хувилбар 3 буюу Р.Гончигдоржийн эсрэг Н.Энхбаяр

 Р.Гончигдорж хэрвээ сонгуульд өрсөлдөхөөр болвол энэ хувилбарт өрсөлдөөн тун ширүүснэ. Яг одоогийн байдлаар Р.Гончигдоржийн рейтинг Энхсайханаас дөнгөж 2 орчим хувиар илүү байгаа. Гэвч тэрээр хөдөө орон нутагт сайн танигдсан, өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан зэрэг давуу талтай. Хэрвээ Н.Энхбаяр Р.Гончигдорж гэсэн хоёрхон хүн өрсөлдвөл сонгуулийн сурталчилгаанаас ихээхэн зүйл хамаарна. Гэвч Н.Энхбаяр 50+1 саналыг авах магадлал маш өндөр байна.

Хувилбар 4 буюу Ч. Улаан ба Р.Гончигдорж

Р.Гончигдорж хувийн рейтингээр Ч.Улаанаас 2 орчим хувиар илүү байгаа ч намын рейтинг 20 орчим хувь дутуу. Улааныг намын фон нь дээш татаж байхад Гончигдорж өөрийн намаа дээш нь татаж эхэлнэ. Сурталчилгаанаас ихээхэн зүйл шалтгаалах боловч Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломж гарч болзошгүй.

Ц.Болд, Ч.Тамир

2005 оны 3 сарын 5

One Response to “2005 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-4”

  1. "amar" said

    Udriin mend!
    Ene blog arai ert neegdsen bol …

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: