Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-3

Posted by bolod on January 29, 2009

ГУРАВ. Хэрвээ маргааш сонгууль болбол. Хүчний харьцаа.

3.1 Хэрвээ маргааш сонгууль болбол
47, 48-р асуултаар намуудын сонгуулийн амжилтыг урьдчилан таамаглах оролдлого хийлээ. Ингэхдээ 48-р асуултад зөвхөн парламентад суудалтай намууд төдийгүй ирэх сонгуульд өрсөлдөж болохуйц потенциалт хүчнүүдийг давхар оруулж өгсөнөөрөө онцлог. Хоёр нам нийлээд ойролцоогоор 50%-ийн л саналаа авч, бусад саналыг жижиг намууд болон хөдөлгөөнүүд /шинэ үүсэх намууд/ татаж байна. Хоёр намын авсан нийт 50%-ийн саналаас үлдэж буй бусад 50%-ийн саналаас Гүндалайн АТН (8.2%) болон Оюуны ИЗН (7.2%) –ууд харьцангуй өндөр хувийг татаж байна. Гэхдээ энэ нь хүндийн төв болоход хангалттай хувь хараахан биш. Ердөө л бусадтай харьцуулахад л харьцангуй өндөр байгаа ажээ.

3.2 Намуудын хүчний харьцаа динамик

  Намууд 2003/8 2004/8 2005/8 2006/4 2007/8
1 МАХН 47,3 42,5 41,2 26,7 23,7
2 АН 30,1 30,1 27,6 30,5 26,7
3 Эх-Орон Нам 10,5 7,1 3,9 1,2 1,2
4 ИЗ-БНН 5,2 1,7 1,3 4,4 7,2
5 БНН 2,3 1,7 3,2 4,2
6 АТН 10,2 8,4
7 ҮШН 1,8 1,9
8 ЭНИХ 3,3
9 ЭШХ 3,6
10 ИХолбоо 6,3
11 Бие даагч 3,4     6,2 6,5
12 Бусад 3,5 2,1 0,9 15,7 6,9
13 Алийг нь ч дэмжихгүй   11,1 21,5 1,0

Эх Орон Нам. Судалгаануудын дүнг харьцуулан харахад намуудын рейтингэд дорвитой өөрчлөлт орсон хугацаа нь яах аргагүй Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг унагаж, М.Энхболдын ЗГ-ыг байгуулсантай давхцаад байна. Яг энэ үеэс л МАХН-ын нэр хүнд эргэлтгүйгээр унаж, үүнтэй уралдан Эх-Орон намын нэр хүнд ч шалдаа буужээ. Эх Орон-Ардчилал эвслийг задалснаараа Эрдэнэбат намынхаа нэр хүндийг алдаад зогсохгүй, улс төрчийнхөө карьерийг төгсгөл болгож, Үндэсний Эв Нэгдлийн Засгийн газарт наймаа тохиролцооны байдлаар сайдуудаа шургалуулсан нь энэ намд цэг тавьсан байна. Үүнээс хойш энэ намыг улс төрийн тавцанд тооцох шаардлагагүй болов уу.
 МАХН. Энэ наймаа, тохиролцоо, Үндэсний эв нэгдлийн Засгийн Газрыг байгуулсан процедур нь МАХН-ын рейтингийг унагасан. Цаашилбал Засгийн Газрын бүрэлдэхүүн, түүнд багтсан сайдуудын нэр хүнд зөвхөн ЗГ-ын нэр хүндийг унагаад зогсохгүй, МАХН-ын рейтингийг ч эргэж өгсөх нөхцөлгүйгээр доош нь чангааж байна. МАХН нэр хүндээ аврахын тулд энэ илүү ачаанаасаа салах ёстой. Салахын тулд Эрдэнэбат, Эрдэнэбаатар нарыг солих төдийгүй, ЗГ-ын бүрэлдэхүүнийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй болно. М.Энхболдыг ч солих, ЗГ-ын бүтцийг ч өөрчлөхөөс өөр гарцгүй. Гэхдээ сонгууль дөхсөн нь тэдний шийдэмгий байх, өөрчлөлт хийхэд саад болж шийрэгнүүлж байгаа.
 АН. Энэ хугацаанд Эх Орон намтай байгуулсан эвслийг задалсан муу нэр хүндээсээ АН амжилттай салж өөрийн нэр хүндээ хадгалж үлдсэн юм шиг харагдаж байна. Масс, эвсэл задарсан процессийг үндсэндээ мартсан боловч энэ нь АН-ын нэр хүнд өсөхөд төдийлөн хангалттай биш ажээ. Гол өрсөлдөгч нь суларсан боловч, тэдний орон зайг эзлэх потенциаль АН-д өнөөг хүртэл алга. МАХН маш муу байгаа боловч, АН сайн байж чадахгүй байна. АН-ын рейтинг МАХН-аас өндөр болсон шиг харагдаж байгаа боловч үнэндээ тэд сайндаа биш МАХН муудаад уначихсан учраас л тэгж харагдаж байна. АН-ын рейтинг өсөөд гозолзоод байгаа юм сүүлийн хоёр жилд харагдахгүй л байна. Тэдний нэр хүнд нормальдсан хэвээр тогтмол болжээ. Тэгэхээр тэдний 2008 онд үнэмлэхүй ялалт байгуулна гэсэн горьдлого нь бас л зэрэглээ байх магадлал өндөртэй.
 БНН. БНН-ын хувьд ИЗН-д нэгдэж, эргэн салсан зэрэг нь намын арав гаран жилийн түүхийг үндсэнд нь баллуурдсантай адил болжээ. Цагтаа Эрэлийн намтай рейтингээрээ өрсөлдөж зэрэгцэж байсан боловч, УИХ-д суудалтай намтай нэгдэж улс төрийн гарцаа өргөсгөх гэсэн оролдлого нь тэднийг бүгдийг шинээр эхнээс нь хийхэд хүргэсэн. ИЗН-тэй нэгдэж хэрэлдэж, муудалцаж салсан нь тэдний өнгөрсөн түүхийг ч баллуурдаж, бүх кредитийг нойллож, бас дээр нь намынх нь боловсон хүчнийг юу ч үгүй болгон задалсан юм. Энэ задралаас болж намынх шилдэг гэх боловсон хүчин, ирээдүйтэй улс төрчид Эх орон эвсэл рүү гулгаж, ИЗН-д үлдэх нь үлдэж, улс төрөөс зайлсхийх нь зайлсхийсэн билээ. БНН-ын хувьд эргэн 10%-ийн дэмжлэгийг олж авахын тулд хүнд хэцүү 10 жилийн тэмцлээ дахин хийхээс өөр аргагүй. Тиймээс 2008 оны сонгуульд энэ намын оролцоог хэтрүүлэн үнэлэх ямар ч шаардлагагүй. 10 жилийн дараа энэ намд лидер нь хэн байх нь тодорхойгүй, шинэ лидерүүд энэ хугацаанд төдийлөн төрсөнгүй. Харин 10 жилийн дараа Б.Жаргалсайхан улс төрийн карьераа нэгэнт дуусгасан байна. Өөрийн амийг тээгээд явж байж болох ч бүхэл бүтэн намыг чирээд ийм урт хугацаанд ганцаар явах боломж физический (ер нь аль ч талаар) байхгүй юм.
 ҮШН. ҮШН гэж намыг сонгогчид төдийлөн мэдэхгүй. Уламжлал Шударга Ёсны нам гэж байснаа, Үндэсний Шинэ нам болж өөрчлөгдсөн. Нэрээ байн байн өөрчлөөд байгаа нь оновчтой нэрээ одоо болтол сонгож чадаагүй байгаа гэсэн үг. Нэр дагасан брэнд үүсэхгүй гэсэн үг. Тэгээд ч ҮШН гэх нэрийг Шинэ Үндэстний Нам гэж хөрвүүлж, эрлийз хурлийзаар нь дуудах явдал нийгэмд бий болсон. Үзэл баримтлал гэх юм нь одоо болтол тодорхойгүй. Үндэсний үзэлтэй гэх боловч үүнийгээ тодорхойлж, ойлгомжтой томъёолж чадаагүй л байна. Дээр нь эвслийг задалсан, ардчилсан намыг задалсан муу нэр М.Энхсайхантай холбоотой. Түүнчлэн М.Энхсайхан, Н.Энхбаяртай холбоотой гэх бор шувуу, Н.Энхбаярт зориулан хөшөө босгосон гэх онигоо нь түүний нэр хүндийг өсөх ямар ч боломжгүй болгож, сонгуулийн дүнд нөлөөлөхгүй жижиг намын тоог нэгээр нэмснээс цаашгүй байна. ҮШН-ээс ганц хоёрхон лидер нь хувийн нэр хүндээрээ сонгуульд ялалт байгуулбал их юм. Эсвэл намаа үнэ хүргэн зарж том намуудтай наймаа тохиролцоо хийх гарц л бий. Түүнээс цааш сонгуульд нөлөөлөх бодит боломж одоогоор харагдахгүй байна. Тиймээс ҮШН -ийн нөлөөг тооцохгүй хаяж болно.
 Улс төрийн шинэ хүчин. Сонгогчдын 50% нь үндсэндээ сонголтоо хийх итгэл даах улс төрийн хүчнийг хайж байна. Энэ хүлээлт жил хагас үргэлжилж байгаа бөгөөд улс төрийн шинэ хүчний орон зай бий болсоныг гарцаагүй баталдаг. Гэвч энэ хүлээлтийг хангах улс төрийн шинэ хүчин өнөөг болтол гарч ирээгүй байсаар бөгөөд сонгогчид удаан хүлээлтийн эцэст залхах магадлалтай. Сонгууль дөхөж тулгамдсан үед байгуулагдсан улс төрийн цоо шинэ хүчинд тийм амархан итгэх нь юу л бол. ИЗН, АТН хоёр энэ хоосон орон зай дээр тоглож өөрсдийн рейтингийг боломжийн хэмжээнд өсгөжээ. Тус бүртээ хүндийн төв болж, улс төрийн гурав дахь хүчнийг байгуулахыг хичээж байгаа боловч бодит үр дүнд хүрээгүй л байна. Товчоор хэлбэл улс төрийн шинэ хүчний онгойсон орон зайг аль ч улс төрийн хүчин эзэлж чадахгүй, өвөр зуураа байлдсаар тохиромжтой хугацааг алдаж өнгөрөөж байна. Энэ тохиромжтой үе өдгөө хэдийн өнгөрсөн болов уу гэж айж байна. Үүнээс цааш механик нэгдэл бүхий, зохиомол хүчнүүд цаг зуурын шинжтэйгээр байгуулагдаж, сонгуулийн дараагаас дахин шинэ эрч хүчээр задрал үргэлжлэх болно.

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс үзнэ үү…

2007 оны 8 сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: