Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-6

Posted by bolod on February 3, 2009

ЗУРГАА. Намууд, алдаа сургамж

6.1 Эрх баригч намууд.
 Засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн АН болон МАХН хоёрыг нэг түрийвчтэй болсон, нам дамнасан бүлэглэлүүдэд хуваагдсан, нэг зоосны хоёр тал болсон гэх зэргээр улс төр судлаачид, ажиглагчид дүгнэж, хэлж бичиж байгаа. Энэ талаар иргэд юу бодож байна вэ? Өнөөгийн улс төрд нэг талд нь МАХН, АН гэсэн улс төрийн бүлэглэл, нөгөө талд нь иргэний холбоо хөдөлгөөнүүд гэсэн бүлэглэл сөргөлдөж байна гэвэл Та санал нийлэх үү? гэсэн асуултад 42% нь тийм хэмээн хариулжээ. Харин 24.1% нь үгүй, 33,7% нь хэлж мэдэхгүй хэмээн хариулсан байна. Товчоор хэлбэл хоёр намыг иргэний хөдөлгөөнүүдийн эсрэг талд тавьж үзэхийг иргэдийн олонх нь хүлээн зөвшөөрч байна. Энэ нь бас давхар бусад жижиг намууд өнөөдөр улс төрийн тавцанд нөлөөлөх хүчин биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. 

Намуудыг дэмжигчид ч гэсэн энэ байр суурийг хуваалцсан байх юм. Сонгуульд МАХН-ын төлөө саналаа өгнө гэж хариулсан хүмүүсийн 37% нь, харин АН-ын төлөө саналаа өгнө гэж хариулсан хүмүүсийн 41,6% нь “АН ба МАХН” гэсэн хоёр нам улс төрийн нэг бүлэглэл болсныг хүлээн зөвшөөрч байна. Бусад намуудыг дэмжигчдийн хувьд энэ хувь ойролцоодуу жигдхэн байгаа бол хөдөлгөөнүүдийг дэмжигчдийн дотор энэ хувь харьцангуй өндөр байна. Тухайлбал ЭНИХ-ийг дэмжигчдийн 48,9%, бие даагчдыг дэмжинэ гэсэн хариулт өгөгчдийн 46,6% нь АН-МАХН гэсэн бүлэглэлийг хүлээн зөвшөөрч байна. Энд бас онцлохгүй байж болохгүй нэг зүйл бол ирэх сонгуульд Иргэний Холбоог дэмжинэ гэж хариулсан хүмүүсийн 58,8% нь МАХН-АН гэсэн хослолыг хүлээн зөвшөөрчээ. Дүгнэлт нь маш энгийн. Иргэний Холбоог дэмжигчид бол энэ хоёр намыг үл тоогсод, эдгээр намуудад итгэл алдрагсад. Тэд Иргэний Холбоог энэ хоёр намаас өөр шинэ сонголт гэж хүлээж авч байгаатай холбоотой. Энэ давуу тал бол тэдний хүсэж байсан тэр зүйл мөн бөгөөд одоогоор энэ дэмжлэг 6,3-хан хувь байгаа боловч танигдсан байдал 15% байгаатай харьцуулбал чамлахаар үзүүлэлт биш гэж бодож байна. Хэрвээ иргэний хөдөлгөөн холбоод үйл ажиллагаагаа идэвхжүүлж, сайн ажиллаж чадвал орон зайгаа зөв томъёолж чадсан учир дэмжлэг авах боломж илүүтэй байгааг баталж байна.

6.2 МАХН ба АН гэсэн хослол
 Судалгаанд оролцогчдын 46,3% нь МАХН ба АН хоёрыг бие биенээсээ ялгарахаа больсон гэдэг дүгнэлттэй санал нэгдэж байна. Харин 30% санал нийлэхгүй, 23,6% нь эргэлзэж ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлсэнгүй. Намуудыг нэг шуудайнд чихэж буруутгах үзэл иргэдийн бараг тул хувийг хамарч байна. Сонгогчдын 45-50% нь ер нь энэ хоёр намаас нүүрээ буруулсан байгаа нь бидний сүүлийн хоёр жилд хийсэн судалгаануудаас болон бусад судалгааны байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс харахад батлагдаж байна. Янз бүрийн үзүүлэлтээр, янз бүрийн асуултаар, цаг хугацааны хувьд ялгаатайгаар  олон талаас нь өөр өөрөөр асуухад 45-50 орчим хувь нь эрх баригч хоёр намыг байнга буруутгасан, тэднээс нүүр буруулсан, итгэл үзүүлэхгүй, муу дүн тавьсан байдал харуулж байна. Нийгмийн сэтгэл зүйд намуудыг үл тоох үзэл хатуу бүрэлдэн тогтжээ. Энэ дуулианд бусад намууд ч тэр дотроо шинэ байгуулагдаж байгаа намууд ч хамрагдаж чирэгдэж байгаа. Иргэд сонгогчид улс төрийн цоо шинэ хүчнийг хүсэн хүлээж, эрж хайж байна.

МАХН ба АН бие биенээс ялгарахаа байсан гэсэн дүгнэлтийг мэдээжээр МАХН, АН-ыг дэмжигчид хамгийн өндөр хувьтай үгүйсгэсэн юм. Гэхдээ энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хувь МАХН-ыг дэмжигчдийн дунд эсэргүүцсэнээсээ нэг их дутахааргүй  байлаа. (зөвшөөрсөн 34,6%, үгүйсгэсэн 38,7%) Харин АН-ыг дэмжигчдийн дунд энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөгсөд үгүйсгэгчдээсээ өндөр байна. (зөвшөөрсөн 43,5%, үгүйсгэсэн 35,5%) ИЗН-ыг дэмжигчдийн 63,9%, Иргэний Холбоог дэмжигчдийн 68,2% нь АН, МАХН хоёр хоорондоо ялгаагүй гэж үзэж байгаа нь бусад нам хүчнийг дэмжигчдээс хамгийн өндөр хувьтай нь байлаа.

Улс төрийн намууд олон нийтийг төлөөлөх үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэсэн асуултад 62,3% нь үгүйсгэсэн хариулт өгчээ. МАХН-ыг дэмжигчдийн 15,7% нь намууд тэднийг төлөөлж чадаж байна гэж хариулсан нь бусад намыг дэмжигчдийнхээс хамгийн өндөр үзүүлэлт болно. Гэвч МАХН-ыг дэмжигчдийн 53,3% нь нам нь тэднийг төлөөлж чадахгүй байна хэмээн үгүйсгэсэн хариулт өгсөн нь итгэл үзүүлсэн хариултаасаа даруй гурав гаруй дахин өндөр байгаа юм. Намуудын олон нийтийг төлөөлөх үүргийг сөргөөр үнэлэгчдийн эзлэх хувь ИЗН (68,0%), БНН (75,4%), АТН (65,8%), ЭШХөдөлгөөн (67,3%), Иргэний Холбоо (84,7%) зэрэг нам хүчнүүдийг ирэх сонгуульд дэмжинэ гэсэн сонгогчдын дунд хамгийн өндөр байна. Эдгээр нам хөдөлгөөнүүдээс бусад, өөр нам хүчний төлөө саналаа өгнө гэж хариулсан хүмүүсийн дотор ч энэ хувь маш өндөр, 71%-ийг эзэлж байна. Дүгнэвэл, намуудад өгч байгаа төлөөллийн үнэлгээ нь бүх нам хүчнийг дэмжигчдийн хувьд маш доогуур байгаа бөгөөд энэ хувь нь сөрөг хүчний (МАХН ба АН –аас бусад) нам хөдөлгөөнийг дэмжигчдийн хувьд бүр ч өндөр байгаа ажээ.

Дүгнэлт нь, шинээр байгуулагдах XXI зууны цоо шинэ улс төрийн нам нь олон нийтийг төлөөлөх, гишүүдээ төлөөлөх үүргээ сайн хангаж чадах тийм л нам байх ёстой ажээ.

6.3 Нийгмийг өөрчлөх хүчин хэн бэ?
Монголын нийгэмд зарчмын шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэж судалгаанд оролцогчдын 63,9% үзэж байна. Дөнгөж 11,4% нь тэгэх шаардлагагүй гэж хариулсан байгаа юм. Иргэд сонгогчид санал нэгтэйгээр энэ төр засгийг шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Нийгмийн харилцаанд, тэр дундаа төр засгийн удирдлагын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай, улс төрийн ялзарсан харилцааг эрүүлжүүлэх зарчмын шинжтэй өөрчлөлтийг хүсэж байгаа нь хүсэхгүй байгаагаасаа 5,5 дахин давуу байгаа нь нийгмийн өөрчлөлтийг Монголын нийгэм тэр чигтээ хүлээж байгааг харуулах үзүүлэлт мөн.

Өнөөдөр засгийн эрх барьж буй нам хүчин Өнөөгийн Засаглалын хямралыг шийдвэрлэж чадна гэж иргэд итгэхгүй байна. Судалгаанд хамрагдагчдын 50,5% нь тэдэнд үл итгэж, дөнгөж 15% шийдвэрлэж чадна хэмээн итгэл үзүүлж мөрөөдөлдөө үнэнч хэвээр байна. Тэгвэл ямар улс төрийн хүчин өнөөгийн улс төрийн хямралыг шийдвэрлэж чадах вэ гэсэн асуултад иргэд дараах байдалтай хариулжээ.

e46. Өнөөгийн улс төрийн хямралыг аль нам хүчин шийдвэрлэж чадна гэж та бодож байна вэ?

 

Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

1 МАХН

276

20.2

20.8

20.8

 2 АН

273

20.0

20.6

41.4

 3 Парламентад суудалтай бусад нам

117

8.6

8.8

50.2

 4 Улс төрийн шинэ хүчин

223

16.4

16.8

67.0

 5 Иргэний хөдөлгөөнүүд

145

10.6

10.9

78.0

 6 Өөр

265

19.4

20.0

98.0

 7 Аль нь ч чадахгүй 

1

.1

.1

98.0

 8 Альернатив хувилбарууд

4

.4

.4

98.3

 9 Мэдэхгүй

22

1.6

1.7

100.0

 10 Total

1326

97.3

100.0

 

  Хариулаагүй

37

2.7

 

 

Total

1363

100.0

 

 

МАХН болон АН, улс төрийн шинэ хүчин хийгээд өөр ямар нэг эвсэл ч юм уу хамтарсан хүчин энэхүү хямралыг шийдвэрлэж чадна гэж үзэгсэд бараг тэнцвэртэйгээр тал талд хуваагджээ. Түүнчлэн иргэний хөдөлгөөнүүдэд итгэх итгэл ч гололтгүй өндөр байгааг харж болно. Харин парламентад суудалтай бусад жижиг намуудад энэ тал дээр төдийлөн итгэхгүй байна. Энэ нөхцөл байдал нь өнөөдөр Монголын улс төрд улс төрийн тэргүүлэх хүчин үгүйлэгдэж, итгэл даах улс төрийн цоо шинэ хүчний орон зай бий болсоныг дахин баталж байна.
 Эрх барьж буй нам хямралыг шийдвэрлэж чадна гэж дөнгөж 15% нь хариулсан мөртлөө, МАХН хямралыг шийдвэрлэж чадна гэсэн хувь 20% -тай байгаа зөрчилтэй хариултыг хэрхэн ойлгох нь зөв бэ? Энэ зөрчилтэй хариулт яагаад гарав? Мэдээлэлд алдаа гарав уу? Энд алдаа гараагүй байх гэж би бодож байна. Өнөөдрийн намын удирдлагад итгэхгүй байгаа боловч хэрэв нам шинэчлэгдэж, сэргэж чадвал хямралыг шийдэж чадна гэж тэд үзсэн байж болохтой. Эсвэл хэн шийдвэрлэж чадах вэ хэмээн тулгаж асуухад шийдвэрлэх эзнийг онооход бусадтай харьцангуйгаар МАХН л илүү бодитой хүчин болж харагдсан ч байж болох юм. Харьцуулж үзэхэд эрх барьж байгаа нам хямралыг шийдвэрлэж чадна гэсэн 15% дээр нэмээд, шийдвэрлэж чадахгүй гэж хариулсан хүмүүсээс нийт судалгаанд оролцогчдын 4,3% нь намуудын удирдлага солигдсоноор ерөнхийдөө шийдэгдэнэ гэж үзэж байгаа бол 22,9% нь зарим нэг асуудлууд л шийдэгдэнэ хэмээн үзсэн байлаа. Ямартай ч хямралыг шийдвэрлэх найдвартай итгэл даах байдлаараа МАХН-д давуу байдал харагдахгүй байна. Намуудын удирдлага солигдсоноор ерөнхийдөө шийдэгдэнэ гэсэн хариултын хувь 11,8% байгаа бол зарим нэг асуудлууд л шийдэгдэнэ хэмээн 47,1% нь үзсэн байв. Асуудал бүрэн шийдэгдэнэ гэх итгэл сул байгаагийн зэрэгцээ бахь байдгаараа байна хэмээн 40,6% нь үзсэн байгаа нь итгэл алдрагсдын хувийг зарим талаараа баталсаар ажээ.  

6.4 Яагаад ийнхүү итгэл алдрах болов оо?
Судалгаанд оролцогчдын 19,1% нь л (нөгөө л хатуу электоратууд болох 20 орчим хувь) МАХН-ыг шинэчлэгдэж байгаа хэмээн үзэж, 53,6% нь үгүй хэмээн эрс үгүйсгэж байна.

Ямар ч тохиолдолд МАХН-ын төлөө саналаа өгнө хэмээн хариулж байгаа сонгогчдын ердөө л 40,4% нь МАХН-ыг шинэчлэгдэж байна хэмээн итгэж байгаа нь үнэнч дэмжигчидтэй гэгддэг байсан МАХН-ын хувьд бол тун тааруухан үзүүлэлт юм. МАХН-д итгэх, санал өгөх, дэмжих нягтрал ихээхэн суларч байгаа бололтой юм. Гэхдээ үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай.

АН-ын хувьд бүр ч тааруухан үзүүлэлттэй байна. Өнөөгийн АН-ыг 90-ээд оны АН биш гэж судалгаанд оролцогчдын 63% үзсэн байна. Дөнгөж 11,4% нь АН хэвээрээ байгаа хэмээн хариулсан байх юм. Тэр дундаа АН-ыг дэмжигчдийн талаас илүү нь (53,2%) нь өнөөгийн АН, 90-ээд оны АН биш болсон хэмээн хариулсан байв.
 АН-ын амлалт амьдрал дээр дунд зэрэг хэрэгжиж байна хэмээн 55,6% хариулж, муу дүн тавигсад нь (31,1%) сайн дүн тавигсдаасаа (12,3) илэрхий давамгайлж байна.
Сонгогчид өөрийн сонголтод харамсаж байна уу? Үгүй бололтой. 2004 онд би буруу сонголт хийсэн хэмээн судалгаанд оролцогчдын дөнгөж 17,3% нь хариулсан байлаа. Харин 42,8% нь сонголтондоо сэтгэл хангалуун байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт юм. Харин за даа ялгаагүй байсан байхаа хэмээн 40 орчим хувь нь хариулсан байв. Эндээс дүгнэхэд сонгогчид сонголтондоо ерөнхийдөө сэтгэл хангалуун байна. Өнөөгийн энэ нөхцөл байдал нь сонголтын буруу биш ажээ. Харин сонгуулиар далимдуулж гарч ирсэн хувь хүмүүстэй холбоотойгоор, улс төрийн бохир арга ажиллагаатай холбоотойгоор итгэл алдарч байгаа ажээ. Энэ нь голлон МАХН-тай илүү холбоотой байгаа бөгөөд энэ талаар тусдаа бүлэг судалгааг хийх шаардлагатай. Энэ сэдвээр тусдаа бүтэн бүлэг гаргах байх. Түүнчлэн төр засагт итгэх итгэл суларсантай холбоотой байгаа нь мөн л МАХН-тай холбогдох юм.

Үргэлжлэлийг дараагийн хэсгээс үзнэ үү…

2007 оны 8 сар

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: