Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТӨР ХҮЧГҮЙДЭХҮЙ

Posted by bolod on February 19, 2009

“Төрөөс гуйхуй” гэсэн бичлэгийн эсрэгцэл

Төр ба иргэд. Монголчууд ташуураа бариад мориндоо мордвол дэлхийн талыг эзэлж мэдэх улс гэсэн үг бий. Үүнийг батлах гэсэн мэт өнгөрсөн 7 сарын 1-нд шорт подволктой, шоу үзэх гэж цугласан шалдан нүцгэн залуучууд голдуу гар хоосон иргэд төрийн эрх барьж байсан намын төв байрыг нь шатаагаад хаячихав. Намын байрыг уг нь дуулга касктай, шилэн бамбайтай, хамгаалалт хүрэмтэй, гавтай бороохойтой, бэлтгэл сургуультай, түрэмгий зантай, дээрэлхүү авиртай, төрөөр далайлган сүрдүүлэгчдийн бүхэл бүтэн арми хамгаалж байсан. Хэдийдээ ч тэгж бэлэн байдалд ордог юм. Хэнийгээ ч тэгж сүртэй хамгаалах гэсэн юм. Хамгаалах нь л хамгаалж байсан, хамгаалж харин чадаагүй. Тэдний эсрэг харин баахан гар хоосон иргэд, зохион байгуулалтгүй мөртлөө айхавтар сүрхий чулуу нүүлгэж, төрийн нэрээр далайлгагчдыг хүчин мөхөс болохыг нь мэдрүүлсэн, ард түмэн харсан билээ. Манай төрийн цагдаа иргэдийнхээ өмнө хүчгүйдэж, автав. Засгийн газрын тэргүүн нь “Ард иргэд минь, намаа ирж хамгаалаач” хэмээн илэрхий ард түмнийг хагаралдуулсан, өдөөн турхирсан мэдэгдэл хийгээд өөрөө дотор нь байсан мөртлөө харсаар байгаад “голомтоо хийсгүүлэв”. Гомдож тунирхсандаа, “Та нар шатааж би унтрааж байх ёстой юм уу” гээд харсаар байгаад шатааж орхисон. Энэ үед төр хаана байсан юм бэ? Намын байран дотор уу? Намын хормой дор уу? Төрийн тэргүүн нь төрийн тэргүүн шиг биш, нэг муу намын дарга шиг аашилсан учраас төр эзгүйдэж, хүчгүйдсэн билээ. Олон түмний уур дургүйцэл чинээндээ тулах үед хэнээс ч үл айж, юунаас ч үл буцдагийг дахин батлав. Манай төр ийм юманд бэлэн биш, илэрхийаүчин мөхөсдөв. Иймэрхүү юм болж мэднэ шүү хэмээн олонтаа анхааруулсан ч үл хэрэгссэн билээ. Нийгмээ мэдрэхгүй байна гэдэг хүчгүйн шинж мөн.

Эрх баригч” хөдөлгөөнүүд. Манай улс уул уурхайн орон мөртлөө уул уурхайгаасаа мөнгө олж чадахгүй дандаа л алдаад байгаа ажээ. “Шулуулахгүй гэвэл хөгж, хөгжье гэвэл шулуул” гэж нэг аксиом ч юм шиг парадокс ч юм шиг хэллэгээр гул барьж өөрсдийгөө өмөөрдөг нь ч бий. Эрх баригчдын яриагаар бол уул уурхайн салбараас өдөрт нэг сая доллар олж болох байтал бид алдаад байгаа юм байна. Хэнээс болоод гээч. Энэ муусайн иргэний хөдөлгөөнүүдээс болоод. Тэд л асуудлыг улс төржүүлж, тогтвортой байдлын гэрээг бойкотолж, олон түмэнд илчлээгүй бол өдийд ХОГ-ийн гэрээ аль хэдийн хийгдээд үр ашгаа өгч байх байсан гэнэ. Гайтай түйтэй иргэний хөдөлгөөний гэх “юу ч мэдэхгүй”, дээр нь “юу ч чадахгүй”, тэгсэн мөртлөө ямар ч эрх мэдэлгүй хэдэн нөхдөөс болоод тэр шүү дээ. Манай төр иргэний хөдөлгөөнийхний өмнө хүчин мөхөстжээ. Энэ муу гудамжны хэдэн жагсагчдаас дор төр юм гэж үү дээ. Уг нь засгийн эрх тэдний гарт байсан. Хууль тогтоох байтугай хуулиар тоглох, хууль засах байтугай хусах, хуулиар түрий барих нь байтугай хуулиар далайлгах эрх нь тэдэнд байсан. Хэрэв тэд чаддагсан бол хэрэв тэд хүссэнсэн бол гэрээг батлах байтугай ашиг хүртчих хугацаа өнгөрсөн. Одоо харин бүх бурууг гудамжны хэдэн жагсагчдад тохож байна. Тэднээс л болсон гэнэ. Манай Төр “гудамжны” жагсагчдаас хүчгүй аж. Чааваас даа тэр төр.

Мөнгөний бодлого тодорхойлогч ченжүүд. Монголд сүүлийн гурван сард валютийн ханш огцом өсөв. Валютийн ханш ингэж огцом өсөх нь эдийн засагт маш их хохиролтой хийгээд иргэдэд халгаатай ажээ. Засгийн газар буруугүй гэнэ. Монгол банк ч буруугүй юм байна. Буруутан нь хэн гээч. Муусайн ченжүүд. Шуналын хар микробууд чинь ханшийг зохиомлоор өсгөөд дундаас нь их хэмжээний ашиг олж, иргэд хөдөлмөрчдийг сорон мөлжиж байгаа бололтой. Идэмхий натриуд чинь эдийн засаг гэж юу болохыг мэдэхгүй мөртлөө, эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой хор хохирол учруулж байна. Түүнээс болоод төгрөг үнэгүйдэж, төсөв мөнгөгүйдэж, валютийн нөөц дундарч, шавхарч байна. Энэ нь улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрчээ. Муусайн ченжүүд долларын гүйлгээний 0,5 хан хувийг гүйцэтгэдэг мөртлөө. 99,5 хувийг атгаж байгаа банкуудын ханшинд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Даварсан муу ченжүүд Монгол банкнаас зарласан албан ёсны ханшийг зориуд үл тоож, төрөөс тогтоосон ханшийг уландаа гишгэн хар захын үнээр дамын наймаа хийж, зүв зүгээр байсан валютийн ханшийг савлуулаад хаячихжээ. Үүнд төр огт буруугүй бөгөөд Монгол банк ч бас буруугүй юм. Энэ ченжүүдийг ингэж давраасанд л хэргийн учир байна. Түцэнд байрлах хэдэн тэнэмэл сайн дурын ченж төрийн байранд залрах мэргэжлийн супер эдийн засагчдаас илүүгээр төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж, монгол дахь валютийн ханшийг удирдаж байна. Хөөрхий дөө тэр Монгол банк, ченжүүдэд санаачлагаа алдчихаж.

Нэг хүний балаг багаддаггүй. Өнгөрсөн намар М.Энхсайхан нэг ярилцлага өгчээ. Түүндээ Монголд эдийн засгийн хямрал нөлөөлөх нь гарцаагүй, банк санхүүгийн хямрал нүүрлэж байна хэмээн сэрэмжлүүлсэн байна. Гэтэл түүнийг буруушааж, тал талаас нь дайрав. Монголд эдийн засгийн хямрал нөлөөлөхгүй л гэнэ. Нэг ч банк дампуурахгүй л гэнэ. Валютийн ханш өсөхгүй, төгрөг үнэгүйдэхгүй л гэнэ. Ард түмнийг хуурлаа л гэнэ. Нэг хүний балаг багаддаггүй л гэнэ. Гадаадын тагнуул, хорлон сүйтгэгч, эх орноосоо урвагч гэлцэн боорлов. М.Энхсайханыг үзэн ядах гутаан доромжлох кампанит ажил өрнүүлэв. Удалгүй Анод банкны асуудал хүндэрмэгц, М.Энхсайханаас боллоо. Нийгмийн сэтгэлзүйг савлуулж, иргэдийн сэтгэл санааг үймүүлж, мөнгө санхүүгийн зах зээлийг бужигнуулаад хаячихсан үндэсний дайснаар өргөмжилж билээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж үнэн ажээ. Хямралын бурууг тохох байх хүнээ олж ядахдаа ганц М.Энхсайхан руу дайрч байлаа. Ганц хүн нэг муу ярилцлага өгсөний төлөө Монголын банк санхүүгийн систем хямарч, үндэсний үйлдвэрлэл буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, валютийн нөөц дундарч, эдийн засгийн өсөлт зогсож байгаа болж таарлаа. Ганц хүнээс болж хямарч байгаа Монгол улс хөөрхий. Улс орныг сүйрүүлэхэд нэг л хүн хангалттай аж. Нэг хүнээс долоон дор төртэй улс юм бид.

Нам төр гэх хоршоо үг. Социализмын үед нам –төр гэсэн үгс хоршоо үг болон хэрэглэгдэж байлаа. Нам нь төрөө удирдаж байсан учраас тэр. Шашин төрийг хослон баригчтай эгээ ижил, нам төрийг хослон баригчтай байв. Одоо ялгаа байгаа юм уу. Хуулинд зааснаар бол манайх парламентийн засаглалтай улс. УИХ дээр хэлэлцэж бүх асуудлыг шийдэх учиртай. Гэтэл парламент дотор нь намын бүлэг гэж нэг бүтэц байх бөгөөд хэдийгээр үндсэн хуулинд байхгүй ч аливаа асуудлыг чухамхүү энэ намын бүлэг дээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Намын бүлэг дээрээ шийдчихсэн асуудлыг чуулганы танхимд хэлэлцэж сүйд болохгүй бөгөөд намын бүлгийн шийдвэрийг ёсчлох үүрэгтэй. Намын бүлэг нь ийм эрх мэдэлтэй юм уу гэхээр бас биш. Удирдах зөвлөл асуудлыг шийдэж, намын бүлгийн хуралдаанд оруулна. Намын бүлэг дээр түүнийг нь сайшаасан дүгнэлт гаргана. Харин Удирдах зөвлөл дотроо нэр бүхий цөөхөн гишүүн, намын даргын оролцоотойгоор асуудлаа шийднэ. Энэ гинжин холбоонд эрх мэдлийн дамжих чанар биелэгдэх бөгөөд намын даргын шийдвэрийг удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн шийдвэрийг намын бүлэг, намын бүлгийн шийдвэрийг УИХ ёсчлон биелүүлнэ. Тэгэхээр манайх парламентийн засаглалтай биш намын даргын засаглалтай улс ажээ. Намын даргын өмнө төр хүчгүйдэх нь тэр буюу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: