Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СОНГОГЧДЫН ИДЭВХ БУУРЧ БАЙНА

Posted by bolod on March 4, 2009

2002 оны хавар Ч.Тамир бид нар Социологийн ангийн оюутнууд, оюутны клубүүдтэй хамтран энэхүү судалгааг хийсэн юм. Судалгааны дүгнэлтүүд тухайн үед “Өнөөдөр” сонин болон “Монгол таймс” зэрэг сонинуудад цувралаар хэвлэгдэж байсан билээ. Өгүүллийг 2002 онд бичсэн бөгөөд дүгнэлтүүд нь удалгүй батлагдсан. Энэ судалгааг үргэлжлүүлэх, харьцуулан судлах сонирхолтой хэн бүхэнд зориулж судалгааны архиваас уудлан тавилаа. 

ӨНӨӨГИЙН СОНГОГЧДЫН ХЭВ МАЯГУУД

 Улсын Их Хурлын сонгууль (УИХ-ын 2004 оны сонгууль) болоход хоёр жил үлдээд байгаа буюу улс төрийн нөхцөл байдал харьцангуй тайван гэж үзэж болох энэ үед сонгогчдын үзэл бодол, түүнд гарч буй өөрчлөлт, чиг хандлагыг судлан мэдэх нь тун чухал байдаг. Энэ нь бусад олон орны судалгааны байгууллагуудын тогтсон практик байдаг. Ингэж үзэл бодлын төв цэг буюу тогтонги төлөв байдлын үндсэн параметрүүдийг тодорхойлоод авбал тухайн үед болох өөрчлөлт, динамикийг үүнтэйгээ харьцуулан үзэж, сонгуулийн үр дүнг зөв таамаглах суурь өгөгдөхүүн болж өгдөг.

Нөгөө талаар манай электоратын зан үйлийг олон жилийн давтамжаар нь судлан үзэж, гарч буй өөрчлөлт, хандлагыг  ажиглаж хийсэн дүгнэлт нь мөн л тухайн үед үнэлж баршгүй чухаг зүйл болдог.

Сонгууль дөхөөд ирэхлээр аль дуртай хүн, байгууллага болсон болоогүй, чадсан чадаагүй судалгаа явуулдаг практик улам бүр явц муутай болсоор байна. Ер нь нам болон тодорхой хүмүүсийг дэмжиж байгаа хувь, процентыг гаргахыг судалгаа гэж нэрлэхэд төвөгтэй юм. Ийм ажлыг дунд сургуулийн захын хүүхэд ч хийж чадах бөлгөө. Иймэрхүү судлаач хэмээгчид хууртсан улс төрчид хөрөнгө мөнгө, алтан боломж, нэр төрөөрөө олонтаа хохирч байсныг бид мэдэх юм.

Бид дээр дурдсан агуулгад нийцүүлэн “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, сонгогчдын хэв маягууд” сэдэвт социологийн судалгааг 2002 оны 5 дугаар сарын дундуур нийт 740 хүний дунд явуулсан юм.

Одоогоос 11 жилийн өмнө Төр, нийгмийн судлалын Академиас эрхлэн 1200 хүний дунд явуулсан “Хөдөлмөрчдийн улс төрийн ухамсрын төлөвшилт” судалгаатай харьцуулан үзэх арга зүйг хэрэглэснээр манай судалгаа сонгогчдын хэв маягийн өөрчлөлт, хандлагыг харах боломжтой болсон юм. Ингэх ч цаг болсон гэж бид үзэж байна.
 Энэ удаад  судалгааны үр дүнгийн тун өчүүхэн хэсэг “Сонгогчдын хэв маяг” гэсэн хэсгийн заримаас уншигчдад толилуулж байна. Тухайн цаг болоод ирэхлээр жүжигчин, дуучин, эмч, орон нутгийн болон анхан шатны түшмэдүүд, намын идэвхтнүүд, ахуйн үйлчилгээний ажилчдаас, мөн түүнчлэн дилетант (хуурамч гэж орчуулж болно) судлаачдаас жинхэнэ судлаачдыг дорд оруулчихгүй байлгах үүднээс судалгааны үр дүнгээр гарсан нэн сонирхолтой, чухал, зайлшгүй анхаарвал зохих олон дүгнэлтийг нийтийн хүртээл болгох цаг нь болоогүй гэж бид үзлээ.

Сонгогчдыг идэвхи, оролцоогоор нь хэрхэн үнэлдэг вэ ?
Сонгогчид бол нийгэм – улс төрийн тодорхой систем дотор оршин буй гол субъект гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэднийг сонгуулийн үеийн суртал нэвтрүүлэгт автаад саналаа өгөөд байдаг мэт ойлговол үнэхээр эндүүрэл болно. Тэд бол түүхэн ёсоор бүрэлдсэн тогтсон нийгэм – соёлын орчин, нийгэмшлийн явцдаа олж авсан үзэл бодол, итгэл үнэмшил, өөрийн гэсэн эрх ашиг бүхий идэвхитэй хүмүүс юм. Эдгээр нь тэднийг сонгуульд оролцоход үлэмж нөлөөлдөг. Харамсалтай нь монгол хүний зан үйлийн энэ хэсгийг өнөө хэр тулхтай судалж хараахан амжаагүй байна.

Энэ судалгаанд бид манай социологийн практикт тун цөөн хэрэглэж ирсэн хэв маягчлах аргыг хэрэглэсэн. Мэдээлэл боловсруулах энэ үе шат нь нэлээд их ажиллагаатай хүнд төвөгтэй процесс байдаг. Сонгогчдыг хэв маягчлахдаа гурван цагийн хэлхээнд авч үзэж, өөрөөр нь үнэлүүлэх аргыг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүйд өөрийн улс төрийн идэвхийг хэрхэн үнэлж байгаагаар нь шалгуур болгож сонгогчдыг хэв маягчлах оролдлого хийсэн билээ.

1.Иргэдийн улс төрийн амьдралд оролцож ирсэн байдал. Манайд 1990 – ээд онд ардчилал шинэчлэл эхэлсэн эхний үед иргэдийн улс төрийн идэвхи, оролцоо туйлын өндөр байж,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эргэцүүлэн бодох, ардчиллыг төгс байдлаар төсөөлөх, түүнийг бүхнийг хангагч ид шидэт зүйл мэт ойлгох, барууны ардчиллын үнэт зүйлс, зарчмууд, загваруудыг хуулбарлах, мөн үндэсний ухамсар, соёлыг дахин сэргээх зэрэг үлэмж зөрчилтэй үзэл бодлын үүднээс улс төрийн амьдралд оролцдог байсан. Энэ үед олон нам, хөдөлгөөн байгуулагдаж, иргэдийн олонхи нь тэдгээрт хамрагдаж байв. Энэхүү идэвхитэй үе нь тухайн хүний өнөөгийн үзэл бодол, үйл ажиллагаанд  гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь манай судалгаанаас харагдаж байна. Иймээс улс төрийн амьдралд оролцож ирсэн байдал хэмээх энэ шалгуурыг судалгааны анкетийн хэд хэдэн асуултаар оруулж өгсөн болно.

2. Иргэдийн улс төрийн амьдралд одоо оролцож буй болон түүнд хэрхэн хандаж буй байдал.  Манайд ардчилсан улс төрийн тогтолцоо буй болсноос хойш иргэд олон сонгуулийн нүүрийг үзжээ. Энэ хоооронд олон үйл явц болж, иргэд маань улс төрийн идэвхи, оролцоогоороо ихээхэн ялгарч, үзэл бодлын дифференциаци явагдаж, зарим нь улс төрийн өндөр идэвхээ хадгалан үлдсэн байхад зарим нь амьдралаа хөөн улс төрөөс хөндийрч, зарим нь бүр түүнээс залхсан өөр нэг төлөв байдалд оржээ. Мөн энэ хугацаанд улс төрчдийн бүхэл бүтэн үе бий болж, тэдний заримынх нь үе нэгэнт дуусч, зарим нь ид мандах зэрэг халаа солионы үйл явц болсон байна. Одоо хоёр дахь цуваа гэж нэрлэж болмоор өөр нэг үе эхэлж байна. Мөн улс төрийн намууд харьцангуй тогтворжиж, нийгмийн мобиль хөдөлгөөн эрс буурав. Өөрөөр хэлбэл нийгмийн бужигнаан намдав. Бас бид бүхний сайн мэдэх улс төрийн олон үйл явц болсон ба энэ нь иргэдийн маань улс төрийн идэвхи, оролцоонд асар хүчтэй нөлөөлжээ. Өнөөдөр манай иргэдийн улс төрийн амьдралд оролцож буй болон  түүнд хэрхэн хандаж буй байдлыг тодруулах нь нэн чухал ач холбогдолтой юм. Судалгааны анкет болон бусад хэрэглэгдэхүүнд улс төрийн нам, хөдөлгөөнд хамрагдсан байдал, түүнд оролцох хэлбэр, улс төрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж буй байдал, улс төрийн мэдээллийг сонирхож буй байдал зэрэг олон үзүүлэлтийг оруулан энэ шалгуурыг хэмжиж болох юм. Бид чухам ийм оролдлого хийсэн болно.

3. Иргэдийн улс төрийн амьдралд оролцох ирээдүйн боломж буюу потенциалт идэвхи оролцоо.  Энэ шалгуур нь өмнөхөөсөө шууд урган гарна. Энэ оны намраас эхлэн улс төрийн уур амьсгал ширүүсч эхлэх нь ойлгомжтой байгаа. Зарим нь бүр одооноос эхлэн эрчимтэй бэлтгэж байна. Тухайлбал, манайд буй гол намууд МАХН, Ардчилсан Нам, ИЗБНН, МАШСН–ууд, түүнчлэн парламентын бус бусад намууд, олон төрлийн төрийн бус байгууллага, хувь хүмүүс идэхижих байдалд орж байна. Энэ бүхэн нь иргэдийн улс төрийн зан үйлд нөлөөлөхгүй байхын аргагүй юм. Иргэдийн потенциал оролцоо хэмээх дээрх шалгуур үзүүлэлтийг одоохондоо нийтэд хэлж боломгүй хэд хэдэн үзүүлэлтээр бид хэмжихийг хичээсэн.

Ингээд дээр дурдсан үндсэн гурван шалгуур үзүүлэлтийг үндэс болгон судалгааны анкет болон бусад хэрэглэгдэхүүнд асуултуудыг байрлуулсан. Асуултыг хариулсан байдлаар нь сонгогчдыг тодорхой хэв шинжээр нь ангилах тусгай загварыг гаргасан. Сонгон авсан асуултуудыг хариулах боломжийг хүмүүсийн тодорхой үйл ажиллагаа, зан үйлийг өндөр, дунд, нам гэж үнэлж болохуйц мэргэжлийн хэллэгээр индикатор хэмээх дэд шалгууруудад нийцэхээр тохируулан сонгосон. Энэ тохиолдолд хариултын нийт хувилбар 3*3*3 гэсэн хослолыг үүсгэх юм. Мэдээжийн хэрэг үзэл бодол нь илт зөрчилтэй хүмүүсийн анкетийг тусгай шүүлтүүр ашиглан тооцооллын дүнгээс хассан болно. Дашрамд дурдахад ийм хүмүүс харьцангуй цөөн байсан агаад зарим хүмүүсийн үздэгчлэн манай ард түмэн тийм “тэнэг” биш юм байна гэсэн дүгнэлтэд бид хүрсэн юм. Энэ нь судлагааны магадлалт шинжийг дээшлүүлэхэд их нэмэр болсон гэж бид үзэж байгаа.
Цааш нь тусгайлан хийсэн математик загвар дээр хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн болон дисперсийн шинжилгээг нарийвчлан тооцож үзсэн.
Манай тооцооллоор дээрх гурван үндсэн шалгуурыг үзүүлэлтүүдээр нь тооцож хэв шинжийн ангилал хийж үзвэл онолын хувьд манай сонгогчид 27 үндсэн хэв шинжид хуваагдах ёстой байсан. Харин эмпирик байдал дээр сонгогчдын 8 үндсэн хэв шинж илт давамгайлж, бусад бүлгүүд нь тун өчүүхэн жинтэй байлаа. Бид нийт сонгогчдын дунд 3 хувиас үл хэтрэх бага бүлгүүдийг завсрын бүлэг гэж үзээд тооцоололд хамруулаагүй. Гэхдээ зүгээр л хасчихаагүй гэдгийг цохон дурдаж байна.

Манай сонгогчдын үндсэн хэв маягууд
Эхний судалгаа явуулснаас хойш  бараг 10 гаруй жилийн дараа буюу 2002 онд дараагийн судалгааг явуулсан юм. Арван жил гэдэг хүний амьдралын хувьд их боловч түүхийн хувьд бага хугацаа билээ. Гэвч өнгөрсөн арван жилд манай орон багагүй өөрчлөгдөж иргэдийн улс төрийн системд хандах хандлага, идэвхи, өөрчлөгдөж шинэ үнэт зүйлс аажмаар төлөвшиж эхэлж байгааг бид эргэн тойрныхоо амьдралаас байнга ажиглаж байдаг. Одоо судалгааны дүнг үзье. 
 

  Хэв маягууд 1991 2002
1 Рыцариуд 5.4 5.1
2 Ажиглагчид 12.0 32.6
3 Хүнийсэгчид 0.6 4.5

Дээрх гурван хэв маяг нь цэврээрээ оршиж байгаа үндсэн бүлгүүд юм. Одоо эдгээрийг тус бүрд нь авч үзье.
Рыцариуд:
Эд бол өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, одоо ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн, оролцох хүсэл эрмэлзэл дүүрэн, цаашид ч гэсэн ийм байхаа илэрхийлсэн хүмүүс юм. Улс төрийн намуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, сонгуулийн кампанит ажилд сайн дураараа оролцдог, эдгээр хүмүүсийг Рыцариуд гэж бид нэрэллээ.
Рыцариуд 1991 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 5.4 хувийг эзэлж байсан бол 2002 онд 5.1 хувь болж үл ялиг багасчээ. Судалгаанд түүврийн болон бусад санамсаргүй алдаа орсон гэж үзэх юм бол ерөнхийдөө бараг өөрчлөлт ороогүй байгаа нь харагдаж байна.
Ажиглагчид:
Эдгээр хүмүүсийг цэвэр төвийг сахигчид хэмээн томъёолж болно. Тэднийг тодорхойлох юм бол өнгөрсөн жилүүдэд болсон улс төрийн үйл явцад хааяа нэг оролцож ирсэн одоо ч улс төрийн ажиллагаанд оролцох онцын сонирхолгүй, өөрийн байр суурийг бүрэн тодорхойлж чадсан болон чадаагүй, улс төрийн мэдлэгээ урсгал байдлаар нэмэгдүүлдэг хүмүүс  юм. Энэ бүлэг нь 1991 онд 12 орчим хувийг эзэлж байсан бол 2002 онд 31.8 хувь болж бараг 2.6 хувиар өссөн нь бидний таамаглалтай таарч байсан юм. 1991 онд энэ бүлэг нь барагцаагаар гуравдугаарт орж байсан бол 2002 онд 31.8 хувь болж шууд хамгийн том бүлэг болсон ба цаашид ч энэ бүлэг өснө гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа болно. .
Хүнийсэгчид:
Бидний шалгуур болгон сонгон авсан дээрх гурван асуултанд гурвууланд нь үгүй хэмээн хариулсан хүмүүс энэ бүлэгт орно. Өмнө нь улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, цаашид ч оролцох сонирхолгүй, тиймээс одоо улс төрийн талаар мэдээллийг огт авдаггүй улс төр бол шал дэмий зүйл хэмээн үздэг тийм хүмүүс юм. Улс төрөөс бүхэлдээ хүнийссэн хэмээн үзэж болох эдгээр хүмүүс шилжилт эхэлж байсан 1991 онд дөнгөж 0.6 хувьтай буюу бараг байхгүй байсан бол 2002 онд 4.5 хувь болж багагүй өссөн байна. Энэ бүлгийг ч гэсэн бид цаашид өснө байх хэмээн бид таамаглаж байгаа юм.

Дээрх үндсэн гурван хэв маягаас гадна хамгийн их жин татаж байгаа бусад бүлгүүдийг авч үзье.
 

  Хэв маягууд 1991 2002
1 Окопонд байгаа хүмүүс 16.6 2.3
2 Сэрэгсэд 12.9 11.1
3 Урсгалаар явагсад 11 2.0
4 Идэвхитэй төвийг сахигчид 9.2 13.3

Окопонд байгаа хүмүүс
Улс төрийн үйл ажиллагаанд хааяа ажиглагчийн байр сууринаас оролцож ирсэн, цаашид оролцох онцын сонирхол байхгүй, гэхдээ энэ талын мэдээллийг байнга сонирхож, ажиглаж эргэцүүлж байдаг хүмүүс энэ бүлэгт орж байна. 1991 онд энэ бүлэг нь нийт иргэдийн 16.6 хувийг эзэлж байсан бол 2002 онд 2.3 хувь болж багасжээ. 
Сэрэгсэд
Урьд өмнө улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож яваагүй одоо ч онцын сонирхолгүй. Тухайн байдлаас хамааран үйлдэл хийх, улс төрийн мэдээллийг анхааралтай ажиглаж буй хүмүүсийг энэ бүлэгт оруулж байна. 1991 онд Сэрэгсэд 12.9 хувийг эзэлж байсан бол одоо энэ бүлэг нь 11.1 хувь болж бараг хэвээрээ байна.
Урсгалаар явагсад
Улс төрийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй. Цаашид оролцох онцын сонирхолгүй энэ төрлийн мэдээллийг алдаг оног авдаг тайван байдалд буй хүмүүс энэ бүлэгт орууллаа  Урсгалаар явагчдын хувьд өнгөрсөн арав гаруй жилийн турш 11 хувиас 2 хувь болж 5.5 дахин багасчээ.
Идэвхитэй төвийг сахигчид
Улс төрийн үйл ажиллагаанд ажиглагчийн байрнаас оролцож ирсэн. Цаашид оролцох сонирхол төрж буй, мэдээлэл тогтмол  авч мэдлэгээ дээшлүүлж  буй хүмүүс энэ бүлэгт багтаж  байна. Энэ бүлэг нь харьцангүй тогтвортой шинж чанартай байна. Учир нь 1991 онд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 9.2 хувийг эзэлж байсан бол 2002 онд 9.3 хувь болж бараг хэвээрээ байна.

Дээрх  гурван цэвэр, дөрвөн холимог бүлгээс гадна Довтлогчид гэсэн нэгэн шинэ бүлэг шинээр үүсчээ. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20.1 хувийг эзэлж байгаа бөгөөд дотроо гурван үндсэн хэв маягтай. Өөрөөр хэлбэл улс төрийн идэвхийн нь сэргэлтийн эрчмээр ийнхүү гурван хэсэг болгон хувааж болохоор байна. Довлогчдын бүлгийн Манлайлагчид 6.2 хувийг, Түрэгчид 8.5, Хоцрогсод 5.3 хувийг эзэлж байна.  

Дээрх давталттай судалгаанаас анализ хийн үзэхэд дараах дүгнэлтийг хийж болохоор байна.

1. Монголчуудын улс төрийн идэвхи буурах эхний үе шатандаа явж байна. Үүний эхний үе шат нь идэвхтэй оролцогчдын байр сууринаас төвийг сахигчдын бүлэг рүү шилжиж байгаагаараа онцлог юм.

2. Улс төрийн идэвхи буурах дараагийн шатанд төвийг сахигчдын зонхилох байдлаас ажиглагчдын бүлэг рүү шилжих хөдөлгөөн хийж улмаар ажиглагчдын бүлэг аажмаар нэмэгдэж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

3. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд монголчуудын улс төрийн идэвхид зарчмын гэмээр өөрчлөлт орж эхэлж байна.

4. Монголчуудын улс төрийн идэвхи 1991 онд ихээхэн өндөр олон янзын хэв маягийг үүсгэж дөнгөж ялгарлын шатандаа явж байсан бол өдгөө нэгдэх үйл явц эргээд эрчимжиж байгааг харж болохоор байна.
5.  Үүнтэй холбоотой үндсэн гурван хэв маягийн жин ихэсч завсрын бүлгүүд багасах байх гэж дүгнэхэд хүргэж байна.

Энэ бүхэн нь Монголчуудын улс төрийн идэвхи бүхэлдээ буурч байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Ц.Болд, Ч.Тамир

2002 оны 6 сарын 3

One Response to “СОНГОГЧДЫН ИДЭВХ БУУРЧ БАЙНА”

  1. "amar" said

    “Хөдөлмөрчдийн улс төрийн ухамсрын төлөвшилт” судалгаатай харьцуулан үзэж судалгаа хийсэн гэдэг чинь маш их таалагдлаа. Ер нь харьцуулалт гэдэг бол танин мэдэхүйд чухал байр суурь эзэлдэг.
    Цуврал гэж байна тэхлээр энэ нэг хэсэг эсвэл тойм нь гэж ойлголоо. Тэхдээ тодруулах зүйл байна.

    1-рт 1991 онд цэврээрээ илэрсэн бүлгүүд нь аль юм бол ?

    2-рт “онолын хувьд манай сонгогчид 27 үндсэн хэв шинжид хуваагдах ёстой” гэхээр энэ нэр томъёонууд, түүний тайлбар нь цаанаасаа өгөгдсөн юм шиг байна. /Та нар өгөөгүй/ Гэхдээ хоорондоо зарим нь дэнцүү ойролцоо басхүү миний мэдлэг дутснаас зарим нэг нь олгомжгүй байна. /Окопонд нь “гэхдээ ЭНЭ ТАЛЫН МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА СОНИРХОЖ, ажиглаж эргэцүүлж байдаг хүмүүс” ГЭХЛЭЭР ажиглагчид баймаар юм шиг ээ? Үгийн утгыг нь ч мэдэхүй юм байна.

    3-рт “Монголчуудын улс төрийн идэвхи 1991 онд ихээхэн өндөр олон янзын хэв маягийг үүсгэж дөнгөж ялгарлын шатандаа явж байсан бол өдгөө нэгдэх үйл явц ЭРГЭЭД эрчимжиж байгааг харж болохоор байна.”
    гэснээс эргээд гэж яаг юуг хэлээд байна?

    4-рт 8 шинжээ судалгаанд оролцогчдын настай харьцуулж үзвэл хувь хүний төлөвшилтэй болбоотойгоор насны хувьд сонирхолтой хэв шинж гарах байхдаа.

    Ер нь эхийг нь унших хэрэгтэй юм байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: