Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВ. . .

Posted by bolod on March 7, 2009

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж 72 суудал авав. Энэ сонгуульд ИЗН-аас С.Оюун, МАШСН-аас Б.Эрдэнэбат, АН –аас Ж.Наранцацралт агсан, бие дааж Гүндалай гишүүн ялж билээ. Оюун гишүүнийг ахынхаа нэрээр сонгуульд ялсан, Эрдэнэбатыг мөнгөөр зодож гарсан гэхчлэн муулж байсан ч АН-ын хамаг лидерүүд өөрсдөө ялагдчихсан юм чинь хохь нь гэхээс өөр юу гэх билээ. Үйлийн үр л гэхээс өөр юу ч гэхэв. Наранцацралт агсан л нүүр тахлаагүй бол АН өнөөдөр ямар ч байх байсан юм. МАХН-ын эсрэг АН хүртэл хүчин мөхөстөж байхад Гүндалай л харин бие даагаад гараад ирсэн. Энэ бол тэр үедээ үзэгдэл байлаа. Ёстой л улаан шуурга сөрөөд гараад ирсэн юм. Яаж, чухам яаж тэр хүн бие даагаад ялчихдаг байнаа?

Тэр үед үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриа гарсан юм. Гүндалай гадаадын (германы мэргэжилтнүүдийг) пиарчдыг хөлсөлж ажиллуулсан гэнэ. Сонгуулийн сурталчилгаа дуусах өдөр Гүндалай иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн маш өвөрмөц сюрприз барьжээ. Нутагтаа олон хүний мэдэх нэг суумгай охин байжээ. Охин 14 настай гэхчлэн барим тавим ярьж байж билээ. Тухайн үедээ сонгуулиас хэдэн сарын өмнөөс түүнийг Герман руу эмчилгээнд явуулж эмчлүүлжээ. Сонгуулийн хаалтын шоу хийх үеэр олон хүн цугларчихаад байж байтал нэг нисдэг тэрэг ирж эргэлдэж байгаад олны нүдэн дээр хараа тусах газар аажуухан буужээ. Дотроос нь Гүндалай гишүүн нөгөө суумгай охиныг хөтлөн гарч ирэх нь тэр. Гайхалтай нь охин хөлд орсон байлаа. Охин бууж ирээд ээж рүүгээ гүйн очиж тэврэлдэн уйлалдахыг олон хүн харж, харсан хүмүүс нулимс унагаж байсан байна. Ийм хүчтэй акцийн дараа сонгогчид Гүндалайд саналаа өгөхгүй яах билээ. Үнэн худлыг нь ёстой бүү мэд. Үнэн бол гайхамшигтай сурталчилгаа. Ийм юмыг бодож олж хэрэгжүүлж чадаж байгаа хүн олон хүний сэтгэлийг эзэмдэх аргад гаршсан гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гүндалай ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Амтай болгон л түүнийг муулж, очиж очиж Гүндалай байх даа яах вэ дээ л гэнэ. Дур эзнээ голдоггүй л гэнэ. Түрийний бөөс тэргүүнд гарах нь л гэнэ. Муу цаатан л гэнэ. Ер нь сургууль төгссөн нь ч эргэлзээтэй л гэнэ. Ийм ерөнхийлөгчтэй болчихвол яанаа л гэнэ. Өвчтэй солиотой, эргүү мангууд нь тулж өмнөөс нь ичиж үхэх гээд байгаа юм байхаа. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр, Гүндалайгийн өмнөөс хэн ч юу ч вэ дээ. Гурвантаа УИХ-д сонгогдох нь хэр баргийн аавын хүүгийн чаддаг юм биш. Түүний хэлж хийдэгийг манай зарим нэртэй ардчилагчид ч хийж чадаагүй, чадах ч үгүй. Гүндалайг шүүмжлээд байгаа тэр хүмүүс тийм л сайн юм бол өөрсдөө нэрээ дэвшүүлээд их хуралд орохыг нь хэн байг гэсэн юм. Гүндалайд байдаг чанар тэдгээр хүмүүст байхгүй болоод л тэр.

Гүндалай, чуулганы нээлтэн дээр (2000-2004 оны парламент) үг хэлэх зөвшөөрөл хүсэв. Бүлэггүй, намгүй түүнд үг хэлэх байтугай эрх олгосонгүй. Гэхдээ Гүндалай үгээ хэлээгүй ч үгээ үзүүлэв. Олон хүнд хүргэсэн. Гүндалайг үгээ цаасан дээр бичиж, ээлж дараагаар өргөн үзүүлэхийг телевизүүд шууд дамжуулан үзүүлж, орон даяар цацсан. Ерөнхийлөгч хүртэл үгээ хэлж чадахгүй тасалдаж байх хооронд тэр нэг хэсэгтээ түмний анхааралд байж чадсан билээ. Одоо тэр чуулганы нээлтэн дээр ямар үг хэлсэнийг байтугай хэн хэн үг хэлсэнийг ч санаж байгаа хүн ховор. Харин Гүндалайгийн үгээ үзүүлсэнийг санаж байгаа хүн олон. Олонхийн гишүүд тал талаас нь боорлож, УИХ-ын дэд дарга нь хүртэл оролцож байж, тэр хэдэн цаасыг нь булааж авсан. Ерөнхийлөгч дараа нь сэтгүүлчдийн өмнө тусдаа үгээ хэлж дуусгасан санагдана. Гүндалайг үг хэлүүлээгүй, гэхдээ тэр зорилгодоо хүрсэн. Үг хэлснээс ялгаа юун.

Нямдорж хятадын тагнуул болох тухай дөчин хэдэн хуудас материал “олдов”. Мөнөөх Гүндалайд. Гүндалай түүнийг нь нийтэд дэлгэчихжээ. Үнэн худлыг нь шалгах ч гэсэнгүй. Сүүлд хэвлэлээр бичихдээ Гүндалайг тээвэрлэгч, дамжуулагч тоглоом л болгож ашигласан болохоос биш цаад эзэд нь цаад зорилго нь өөр гэх мэт нэмэлт тайлбарыг хийж байсан. Гэвч тэр нь ямар хамаа байхав. Хамгийн гол нь Гүндалай түүнийг нь задалж, Нямдорж бухимдаж бантаж, улс төр хөөсөрч нэг хэсэг юм болсон. Ху намынхан олонхоороо түрий барьж байхад, нийтээрээ айдаст автчихсан байхад, Нямдорж До яамны сайд байхад, “ардчилагчид” ээлж дараагаараа шоронд орж, лааз өшиглөж байх үед, сонинд нийтлэл бичсэнийхээ төлөө сэтгүүлчид шүүхэд дуудагдаж төлбөр ялбарт унаж байсан тэр цаг үед Гүндалайгаас өөр тэгж “тэнэгтэх” хүн олдоогүй л хэрэг. Үүний үр дүнд нийгэмд ямар ойлголт үлдсэн гэхээр, Нямдорж хятадын тагнуул, Гүндалай үндэсний баатар гэх нэр. Энэ хоёрын аль нэг нь буруутай байж таарна. Хэрвээ Гүндалай буруутай бол шоронд орох ёстой. Орохгүй байхыг бодоход нөгөөх нь л буруутан юм болов уу даа гэж. Яалт ч байхгүй Гүндалай бол Нямдорж эсрэг дүрийн баатар болж тодров. Гүндалайг Нямдоржтой наалдан пад гэж реклам хүртэл гарч билээ.

Гүндалай онгоцны буудал дээрээс баригдав. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй түүнийг онгоцон дотроос барьж, “чирч гулдран” гаргаж ирээд машинд чихээд авч явахыг завдлаа. Энгийн хувцастай, тусгайгийнхан элдвээр оролдоод хичнээн нуух гэж оролдсон ч яаж ч чадалгүй сүр дуулиан болгочихсон. Цамцных захыг урж, хацры нь маажсан. Намынхаа байранд хоргодсон түүнийг дөрвөн мөчнөөс нь дамжлан гаргаж байлаа. УИХ-ын гишүүнийг сарвалзуулаад ачдаг тийм үе байлаа, тэр үед. Гүндалай баригдаж байсан. Эгээ л Бат-Үүл шиг.

Гүндалай АН-д элсэв. УИХ-д ганцхан суудалтай байсан нам нэг суудал нэмэгдэхэд уухайн тас зөвшөөрөлгүй яахав. Зөвшөөрөөд зогсохгүй АН-ын дэд дарга хүртэл болгов. 2004 онд АН овоо олон суудал аваадахсан чинь Гүндалайн жин буураад ирсэн билээ. Нөгөөдүүл нь ч чи манай намд шинэ хүн, чи нам байгуулж үзээгүй байж гэхчлэн баалсан бололтой юм билээ. Зөрөөд Гүндалай Ард түмний нам байгуулсан. Тэр нам байгуулж үзэв. Намын дарга болж үзэв. Насаараа намын дарга байхаар дүрмэндээ заалт оруулав. Намынхаа суудлыг АН-ын эсрэг хөзөр болгон ашиглаж, ЗГ-т орж чадав. Хэрвээ Гүндалай нам байгуулаагүй бол хэзээ ч ЗГ-ын бүрэлдэхүүнд орж чадахгүй байсан. Түүнийг нам байгуулж үзээгүй, тэнэмэл цөөвөр улс төрч гэх нэр салахгүй байсан. Намдаа тэр бүлэглэлтэй болохгүй байсан байх. Тэгээд л аажуухан уусаж шингэх байсан биз. Харин тэр нам байгуулах замыг сонгосон. УИХ-ын гишүүний ганц суудлыг нэг намын суудал, ЗГ-ын гишүүний суудал болгон арилжиж дөнгөсөн. Өргөн утгаар нь харвал үүнийг шүүмжилж, буруутгаж болно. Гүндалайн зүгээс харвал харин ойлгож болно. Тэр улстөрч учраас улстөрч шиг л шийдвэр гаргасан байна. П.Очирбат, Д.Бямбасүрэн, Р.Гончигдорж, М.Энхсайхан, Д.Ганболд, Баабар, Б.Жаргалсайхан, С.Оюун, Баярцогт, Батзандан, О.Магнай энэ тэрээс юугаараа ялгаатай юм бэ? Тэд цагтаа намаасаа гарч, намаа сольж, намаа зарж, шинэ нам байгуулж л байсан. Улс төрчид угаасаа ийм л байдаг юм биш үү?

Иргэний хөдөлгөөнүүд байгуулагдаж эхлэв. Жагсаж эхлэв. Гүндалай ч хоцорсонгүй. Хамт жагсав. Тэр эрүүл нийгмийнхэнтэй ч хамт жагссан, эрс шинэчлэлийнхэнтэй ч жагссан. Иргэний нийгмийнхэнтэй тэр эхнээсээ л хамт байж хамт жагсаж байлаа. Ардчиллын партизанууд гэх Элбэгдорж нар харин гарч ирээгүй юм. Тэд тэр үед эрх баригчид байлаа. Жагсаж байсан, тэмцэж байсан, өлсөж байсан гэх хуучин түүх нь нэн шинэ түүхийн өмнө бүдгэрэв. Гүндалай тэдэнтэй харьцуулбал илүү иргэний талд тоглож чадав. Суулт ч хүртэл зарлаж байлаа. Саарал ордон дотроос гарч ирж иргэдтэйгээ цуг жагссан нь Гүндалайгаас өөр хэн юм бэ? Элбэгдорж гарч ирээгүй л байхгүй юу? Гадна байхдаа жагсаж байсан байж магадгүй. Гарч ирж харин жагсаагүй л юмдаг.

Гүндалай нүдэндээ давхраа хийлгэсэн гэнэ. Хүүхэн шиг аалигүй гэдэг нь гэхчлэн нэг хэсэг шуугисан. Ганц Гүндалай биш олон л улс төрч, олон ч одод косметик хагалгаа хийлгэсэн билээ. Бусдыг нь тоосонгүй Гүндалайг л ярив. Гүндалай гандуу саарал дээлнээс салахаа байв. Ордон дотор албаны биш хувцастай нэг хэсэг манаргав. Костюмтай, зангиатай олноос нэг хэсэгтээ л онцгойров. Сэтгүүлчид ч байнга л түүнийг бүчиж тэр талаар нь асууна. Анхаарлыг татаж чадахгүй байна гэж үү?

Нуршихын учир бол өөрийн бодол өөртөө зөв л гэх гэсэн юм. Гүндалай ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээ л биз. Яагаад болохгүй гэж. Эр хүний дотор юу юу гэдэг билээ. Энэ хэрийн амбиц байхгүй бол улс төрд орохын хэрэг юун. Гүндалай яагаад өөрийгөө бусдаас дор тавьж байх ёстой юм бэ? “Энэ муу биеийг би тоохгүй бол өөр хэн тоох юм бэ” гэж нэг онигоо байдаг биз дээ. Гүндалайгийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсэх нь сонин биш. Бусад хүний нүдээр харахад ялах ямар ч боломж байхгүй байж болно. Хамгийн гол нь Гүндалай өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж чадаж байгаа нь л юм. Ганцхан энэ нь л гэхэд түүнийг олны анхаарлын төвд аваачих, түүнийг олонд танигдах, мартагдахгүй байхад хачин сайхан үйлчилж байгаа биз дээ. Энэ процес нь л түүний хувьд чухал болохоос ерөнхийлөгч болох нь түүний зорилгын зорилго биш. Гэтэл өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг өөнтөглөнө гэдэг шиг түүний өмнөөс ичих нь илүүц юм уу даа. 

Өөрийн толгой дээрх гэснээс ийм нэг түүх санагдчихлаа. Философийн Цэрэн гэж багш манайд хичээл ордог байлаа. Маш өвөрмөц гүнзгий сэтгэдэг, чөлөөт стильтэй, задгайдуу хамаагүй яриатай, хээ шаагүй нэгэн. Хичээл дээр трубкээ гаргаж ирээд тамхи нэрнэ. Гал байна уу гээд л оюутнуудаасаа гал гуйна. Өөдөөс хараад ширээн дээр суучихна. Эрх баригчдыг хоржоонтой шоглочихно. Ний нуугүй хэлэхэд Цэрэн багшийн хичээлд сууж байснаас биш философийн хичээлд гэж зорьж сууж байсангүй. Цэрэн багш нэг “хөгийн” малгай өмсөнө. Кепк гэхэд кепк биш, шляп гэхэд шляп биш, үнгэгдэж налчийсан өнгө алдаж гандсан хуучин малгай. Малгайныхаа талаар тэр нэг удаа ингэж хэлж билээ. “Миний малгайг хүн болгон л ад үзэх юм. Тэгээд хэн шүүмжлээд, муулаад байнаа гээд хартал шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө бүгдээрээ малгайгүй юм” гэж.

2 Responses to “ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВ. . .”

  1. JKL said

    Эр хүний дотор эмээлттэй хазаартай морь гэдэг бол Эрхэм гишүүний дотор эзэнтэй морь ч байгаа юм бил үү? бүү мэд дээ. Гэхдээ л тэр өөрийгөө тоож байгаа, олны анхааралд байлгаж чадаж байгаа нь түүнийг туршлагатай улс төрч болжээ. Чадаж байгаа юманд арга байхгүй. Түүнд буруу байхгүй ээ

  2. "amar" said

    Завхарсан амьтан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: