Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШИЛЭН ТОЛГОЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЪЯ

Posted by bolod on March 13, 2009

Засгийн Газар, Оюу толгойн гэрээг боловсруулж бэлэн болгоод хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа. Энэ долоо хоног эхэлснээс авахуулаад Монголын улс төрчид, уул уурхайн салбарынхан зөвхөн Оюутолгойн ордын ХОГ-ний талаар л ярилцсан гэхэд болно. Зөвхөн улстөрчид ч гэлтгүй Монголчууд тэрчигтээ энэ гэрээг анхааралтай ажиглаж байх шиг. Учир нь Оюутолгойн гэрээний асуудал нь Монголчуудад их хүлээлт бий болгосон юм. Энэ асуудал хэт олон жил дамнан яригдаж байгаа болохоор заримд нь залхалт ч үүсгэсэн. Зарим талаар залхалт бий болгож, зарим талаар хүлээлт үүсгэж үүсгэж, хөөсрүүлж хөөсрүүлж байгаад Монголчуудын “ханд” дарагдаад ирэх энэ үеийг анаж байгаад гэрээг байгуулах асуудлыг яаравчилж шахаж байгаа байж магадгүй.

Энэ ордыг ашиглаж эхлээсэй гэж Монголчуудын дийлэнх олонх нь хүсдэг. Бушуухан үр дүнг нь үзэж, ашиг гараасай гэсэндээ тэр. Гэхдээ энэ гэрээ шударга болох эсэхэд мөн л дийлэнх нь эргэлздэг. Шалтгаан нь гэрээг байгуулах гэж байгаа улстөрчид, эрх баригчдын шударга эсэхэд эргэлзэж байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд иргэдийн төр засагт итгэх итгэл, улс төрчдөд итгэх итгэл буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлийн нэг нь  стратегийн ордуудыг тойрсон асуудал болоод байгаа билээ. Энэ байдал одоо ч хэвээрээ байна.

Яагаад заавал, олигтойхон сөрөг хүчингүй болсон энэ үед гэж, яагаад заавал эвслийн засгийн газар байгуулсан юм бэ? Энэ гэрээг байгуулахын тулд биш биз? Сөрөг хүчний дуу хоолойг дарахын тулд биш биз. Яагаад хямрал гэж иргэдийн сэтгэл санааг хямраагаад байнаа.. Яагаад цалинг 20% бууруулна, цахилгаан дулааны үнийг 30% нэмнэ гэж иргэдийг айлгаад байнаа. Долларын ханш ингэж өсөөд байгаа нь зохиомол зүйл биш биз. Хэн нэгэн хүн нийгмийн сэтгэлзүйгээр тоглоод байгаа юм биш биз. Яагаад заавал хямралын үеэр энэ гэрээг байгуулах гээд байгаа юм бэ? Бороогийн ордын гэрээг бас л хямралын үеэр баталсан. Үүнтэй төстэй санагдахгүй байна уу? Агаар нэг биш гэж үү? Нэг л танил сценари биш үү? Энэ санамсаргүй давхардал уу? санаатай бодлоготой үйлдэл үү?

Гэтэл ЗГ гэнэтхэн л Оюутолгойн ХОГ-ийг оруулаад ирлээ. Тэгээд бүр ээлжит бус чуулганд шүү. Юундаа тэгж яараад байгаа юм бол. Яагаад ингэж давчдаад байгаа юм бол. Оюутолгойн гэрээ амжилттай болох эсэхээс олон асуудал хамаарах учраас иргэд олон нийтийн зүгээс үл итгэсэн хардсан байдал давамгайлж байна. Хардах нь ч бас зөв. Гэрээний заалтуудад анхаарвал зохих олон л заалтууд байгаа бололтой. Үүнийг энэ долоо хоногт судлаач шинжээчид, мэргэжилтнүүд зөндөө л ярьж байна. Цаашид ч ярих биз. Энэ бол зөвхөн эхлэл. Удах тусам улам олон зүйл тодрох болно. Гэхдээ нэг л зүйлээс бүгдээрээ болгоомжилж байна. Энэ гэрээг намын бүлэг дээр хэлэлцсэн болж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэрэлдүүлж байгаад зүтгүүлээд батлуулчих вий дээ гэсэн хардлага. Цахилгаанчилсан төлөвлөгөө нь хардлага төрүүлээд байна. Урьд нь олон асуудлыг энэчлэн батлуулж байсан учраас хаширчихсан юм. Батлуулсан хойноо засчих вий дээ. Урьд нь засаж байсан хуулиудын балаг дуусаагүй байгаа билээ.

Тиймээс энэ гэрээг батлахын тулд зарчмын хэд хэдэн асуудлыг эхлээд шийдэх нь зөв байх.

Эрх тэгш байх. Юуны түрүүнд эрх тэгш гэрээ байгуулах хэрэгтэй байна. Авах хүн бөгтөр, өгөх хүн гэдгэр гэсэн үг байдаг ч өнөөдөр манай төрчингүүд арай л илүү бөхийгөөд байх шиг. Гэрээсээ, хүүхдийнхээ юмыг хулгай хийж, хямдхан зарж уух гэж байгаа адгийн архичин шиг. Хямралаар далимдуулаад, хямралын өчүүхэн бэрхшээлийг Оютолгойн гэрээтэй цохилдуулан батлуулах гэсэн сонирхол зарим хэсэгт цухалзаж байна. Ингэхдээ хөрөнгө оруулагч талаас хэтэрхий дээрэнгүй маягтай, хүч түрсэн, тулгасан байдал мэдрэгдэж байгаа бол Монголын талыг төлөөлж байгаа эрхмүүд гуйсан царай алдсан маягтай байгаа нь хэтэрхий муухай доромжлол юм. Тиймээс ч хөрөнгө оруулагч гээд байгаа цаад тал нь үнээ үндэслэлгүйгээр өсгөж, зардлаа маш өндрөөр тооцож гэрээний нөхцөлүүдийг өөртөө хэтэрхий ашигтайгаар байгуулах гэж тулгаж байна. Ийм эрх тэгш бус гэрээнүүд удаж байсан түүх үгүй билээ. Тэгээд ч нэг муу охины охин, зээнцэр охин компанитай манай төр гэрээ байгуулж доош ороод байхдаа ч яадаг юм, нэг муу ХХК-ийн захиралтай манай тэр олон сайдууд гэрээ хийж гарын үсэг зураад байхдаа ч яахав дээ.

Ил тод нээлттэй байх. Саяхныг болтол энэ гэрээ нь маш нууц байлаа. УИХ-ын гишүүд л долоо хоногийн эхэнд дөнгөж авсан байх жишээтэй. Монголчуудын олонх нь энэ талаар сургаар мэдээлэлтэй л байна. Сонинд нийтлэгдсэн гэх боловч тэр нь нэгдүгээрт албан бус, хоёрдугаарт бүрэн бус, зарим нэг заалтуудыг онцолсон маягтай байна. Энэ хэсэг хэсэг заалтууд нь хальт сонсоход ашигтай мэт боловч бусад заалтуудтай нь хамтад нь харвал харин ч эсрэг утгатай байж болзошгүй. Гуравдугаарт, Монголчуудын хэдэн хувь нь сонин захиалдаг билээ. Сонин захиалаагүй нь яах билээ. Интернет сайтуудаар энэ гэрээ өдийг болтол тавигдаагүй байх жишээтэй. Гэрээг УИХ-ын гишүүд авсан гэх боловч гэрээтэй холбоотой бусад материалууд, тухайлбал эдийн засгийн тооцоо үндэслэл зэрэг зүйл нь одоо болтол байхгүй байгаа гэх мэт. Үндсэндээ гэрээг байгуулах үйл явц нууц байдалд хаалттай явагдсан бөгөөд гэрээг байгуулах үйл явцын талаар жирийн иргэд байтугай жир биш гишүүд ч нарийн ойлголтгүй явж ирсэн. Нөгөө тал ямар санал тавьсан, манай талаас ямар санал тавьсан, аль талаас хэрхэн буулт хийсэн, ямар хүндрэл гарсан, хэрхэн гацсан, гацаанаас хэрхэн гарсан, аль тал нь хожсон, хэрхэн наймаалцсан, ямар уран нарийн дипломат арга хэрэглэсэн, хэн нь уран бэрийн нүүдэл хийсэн, хэн нь өгөөшинд орсон, яаж гох дэгээ тавьсан, дэгээг хэрхэн мулталж хариуд нь ямар мэх хийсэн, сөрж хутгасан, дагуулж тонгорсон гэх мэт гэрээтэй холбоотой, гэрээг байгуулах үйл явцтай холбоотой аливаа асуудлууд туж нууц байсан одоо ч нууц хэвээрээ л байна. Нууц байх ёстой гэж дүрэмддэг хүмүүс ч байгаа. Харин иргэд ил тод байхыг хүсэж байна. Яг юу болоод байгааг нүдээр үзэж чихээр сонсож байж л үнэмшдэг улс юм бид. Тиймээс шилэн дотор байгаа мэт ил тод ШИЛЭН ГЭРЭЭ байгуулбал ямар вэ?

Мэдээллийн хүртээмжтэй байх. Мэдээллийн хүртээмж гэдгийн дор, дор хаяж хоёр зүйлийг ойлгодог. Нэгдүгээрт, тухайн мэдээллийн олдоц, хоёрдугаарт ойлгомжтой байдал. Мэдээлэл олдохгүй байгаа нь үнэн. Таньдаг мэддэг хүнээс гуйж, ажил болж байж, гүйцэтгэх ажлын шугамаар л гэрээний хуулбарыг олж авч байна. Олж авч чадахгүй нь ч байна. Олохыг хүсэж, шамдахгүй нь ч байна. Үндсэндээ мэдээлэл олдоцгүй байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.17-д иргэдийн мэдээлэл авах эрхийн талаар:
 “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”

Нөгөө талаас гэрээ нь маш олон заалттай, зарим заалтууд маш бүрхэг, хэтэрхий өргөн агуулгатай, хоёрдмол утгатай байгаа зэрэг ойлгомжгүй зүйлүүд байгаа нь гэрээний ойлгомжтой байдлыг бууруулж байна. Болдогсон бол гэрээг хатуу тохирсон, нарийн дэлгэрэнгүй заасан нэн тодорхой заалтууд бүхий, хүүхэд уншаад ч ойлгохоор хэнд ч ойлгомжтой, хоёргүй нэг утгатай, нэмэлт тайлбар шаардлагагүй байхаар хийвэл сайнсан. Гэтэл энэ гэрээг мэргэжлийн хүн уншаад ч хэр барагийн нарийн ньюансийг нь ухаж ойлгоход хүнд байдлаар хийжээ. Тиймээс дараа нь юу ч гэж засаж, нэмж тайлбарлаж болох билээ. Уг нь бол барууныхан аливаа зүйлийг детальчлан задалж, эмх цэгцтэй логиктойгоор хэт энгийнээр тайлбарлаж хүнд ойлгуулахдаа сайн л сан. Хүн гараа яаж угаахыг хүртэл заадаг бүхэл бүтэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг улс шүү дээ. Ерөнхийдөө мэдээлэл олдоц муу, ойлгомж муу, өөрөөр хэлбэл мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаа билээ.

Долоо хэмжиж нэг огтлох. Ганц энэ гэрээ ч гэлтгүй, аливаа хуулийг батлахдаа маш нухацтай ханддаг болмоор байна. Нэг хуулийн төслийг боловсруулах үйл явцыг нарийн дэгтэй болгож, процедурыг нь тодорхой хэмжээнд хүнд сурталжуулах ч хэрэгтэй байж магадгүй. Тэгэхгүй болохоор хэн нэг хүний сайн санаагаар, сэтгэлийн хөдөлгөөнөөр санаачилсан хуулийн төслдүүд УИХ-аар орж өдөртөө батлагддаг байдал газар авах маягтай. Дургүй зарим хуулиа хэлэлцэх ч үгүй парламент дамнуулан гацаадаг туршлага ч бий. Тиймээс нэг хуулийн төсөл ч юм уу, ямарваа нэг асуудал хэлэлцэгдэхээр УИХ -д өргөн баригдсанаас хойш өргөн олон нийтэд нээлттэй зарлаж танилцуулж, хэлэлцэх хугацаа, оролцох боломжоор хангамаар байна. Нээлттэй зарлаж гурван сар хэлэлцүүлээд, судалж, санал аваад, иргэдийн саналыг тусгаад дараа нь УИХ –аар хэлэлцдэг ч юм уу цаг хугацааны хувьд хязгаарлалт тавьж өгөхгүй бол лобины хуулиуд, гэрээнүүд батлагдсаар байх болно.

Монгол Улсын Үндсэн Хуулийн 3.1-д иргэдийн оролцооны талаар:
“Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”. Түүнчлэн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй”.

Ингэж цаг хугацааны хувьд шахахгүй яарахгүй байх нь олон нийтийн санал бодлыг тусгаж, иргэдийн оролцоог хангаж өгөхөд маш чухал. Ингэхгүйгээр хүн уншиж танилцах нь битгий хэл сөхөж харах ч зав өгөлгүйгээр баталсан аливаа асуудлын цаана заавал но үлдэх билээ. Оюутолгойн ХОГ-ний хувьд энэ байдал давтагдаж байх шиг. Ашгүй намын бүлгүүд дээр үүнийг анзаарч Хаврын чуулганаар хэлэлцэх болж байгаа нь бага ч гэсэн олз юм даа. Гэхдээ эрдэмтэн мэргэд, судлаачдад судалж танилцах цаг хугацааны, оролцох хэлэлцүүлэх оролцооны боломжийг нь хангаж өгөхгүйгээр хойшлуулаад ч зарчмын үр дүн нь гарахгүй л болов уу. Энэ гэрээг уншиж танилцах тусам олон зөрчилтэй маргаантай зүйл гарах нь дамжиггүй юм.

Хуулийн хүрээнд хийх. Засгийн Газрын зүгээс Оюутолгойн гэрээ ямар чухал болох талаар пиардаж, хууль дахин батлах шаардлагагүй, хууль батлагдахыг хүлээх цаг байхгүй, хуучин хуулийнхаа хүрээнд гэрээг батлах боломжтой гэхчлэн зүтгүүлж байсан. Гэтэл Ц.Нямдорж сайдтаны буянаар холбогдох зарим хууль нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй болоод байгаа билээ. Үндсэн хуулийн цэц дээр асуудалтай байгаа, засварлагдсан хүчин төгөлдөр бус болохыг нь тогтоочихсон, дүгнэлт гаргачихсан, хууль зассан хүнийг нь л шийтгээгүй болохоос бурууг нь хүлээлгэж улайлгаад огцруулчихсан тийм хуулийг барьж гэрээ хийх нь хэр зөв бэ? Энэ гэрээ эрхзүйн чадамжтай болох уу гэдэг нь бас л маргаантай асуудал болж байна. ЗГ-ын тэргүүн С.Баяр ч гэсэн, хүлээх хугацаа байхгүй, эхлээд гэрээгээ байгуулчихъя, дараа нь хуулийг нь баталчихъя гэж мэдэгдэж байсан нь хууль тогтоогч, хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй хүний амнаасаа унагах үг мөн үү?

Мөн түүнчлэн Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлахтай холбогдуулан хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах тухай заажээ. Танд ойлгогдож байна уу? Надад лав ойлгомжгүй байна. Энэ гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийх гэж байна уу эсвэл хуулиас гадуур хийгээд, түүндээ тааруулж хуулиа засах өөрчлөх гээд байна уу? Миний мунхаглалаар бол хуулийнхаа дагуу л гэрээгээ хийх нь зөв мэт. Тэгээд ч ер нь Айванхоу майнз компани энэ ордын хайгуулын лицензийг хууль бусаар худалдаж авсан гэх юм билээ. Хэрэв хууль бусаар худалдаж авсан юм бол энэ ордыг ашиглах эрхийн лицензийг тэдэнд өгөх нь хуулийн дагуу болоо гэж үү. Хууль бус юм бол манай эрх баригчид юундаа тэдний өмнө жижигрээд байдаг байна даа.

Энэ гэрээг эрхзүйн хувьд хүчин төгөлдөр чадамжтай болох эсэх асуудалд анхаарал хандуулахгүй бол хожим хойно маш ноцтой үр дагавартай байж болох юм.  Энэ гэрээ нь дараа дараагийн ХОГ-ийн гэрээнүүдийн загвар гэрээ болох гээд байгаа юм. Тиймээс эхнийхийг нь ШИЛЭН ГЭРЭЭ хийчихвэл дараагийн гэрээнүүдийг энэ загварын дагуу хийж болох билээ.

2009 оны 3 дугаар сар 10

2 Responses to “ШИЛЭН ТОЛГОЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЪЯ”

  1. Засгийн газрынхаа ордонг ШИЛЭЭР барья. Давраад бүр Ху намын байрыг А намын байртай нь ШИЛЭН болгоё.

  2. Нэмж хэлэхэд ШИЛЭН байр маань нэвт гэрэлтдэг байх ёстой. Тэрнээс биш УБ банк шиг биш л дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: