Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НЭГ ЖИЛ

Posted by bolod on March 20, 2009

Би блогоо нээснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. BLOD.MN хаягаар орж миний блогоор зочилдог та бүхэнд, нэг жилийг надтай хамт өнгөрүүлсэнд баярлалаа. Хүнээр юм бол нэг нас хүрсний ой ч юм уу? Нөгөө талаас хүний амьдралын нэг жилийн түүх ч юм уу. Номоор бол нэг хуудас ч юм уу. Цөөхөөн хуудастай нэг нимгэхээн номны тасархай хуудас шиг эмх замбараагүй бичлэгүүд нэг жилийн турш гаргалаа. Бүтэн нэг жилийн хугацаанд Монголын нийгэмд юу юу болж өнгөрсөн, энэ талаар миний юу гэж бодож байсан, ямар байр суурьтай байсан, аль эсхүл хэрхэн гуйвж дайвж, урваж шарваж байсныг ч энэ блог түүх болгон хадгалжээ. Сайн нь ч тэр муу нь ч тэр, зөв нь ч тэр буруу нь ч тэр миний блогт бий. Сайнтай муутайгаа архивлагдан хадгалагдаж байдгаараа блогийн давуу тал байна. Энэ нэг жилийн хугацаанд өөрийн блогтой болох гэж оролдож эхэллээ. Нэг жилийн хугацаанд өөрт санагдсан бодогдсон, сонссон, олж мэдсэнээсээ буулгаж бичих гэж тухайн үед төрсөн сэтгэгдэл төрөгдлөө гаргалаа. Блог гэж юу болох талаар дөрөв таван жилийн өмнөөс сонсож байсан боловч төдийлөн сайн ухаарч шамдаж байсангүй. Ямар нэг вэб сайтад өөрийн гэсэн булантай болчихвол эсвэл ямар нэг сонин сэтгүүлд гарцтай болчихвол элдэв блог энэ тэр хөтлөх нь төдийлөн ач холбогдолтой зүйл биш гэж ойлгож байлаа. Блог хөтлөх нь ТҮЦ-ний сэтгэлгээ гэж урьд нь цааргалж байлаа.

* * *

Энэ талаар товчхон тайлбар хэлье. Миний найз Хашбаяр ингэж хэлдэг юм. “Монголчууд ер нь ТҮЦ -ний сэтгэлгээтэй” гэж. 90-ээд оны эхнээс жижиг жижиг ТҮЦ-нүүд энд тэнд байгуулагдаж эхний хэсэг нь их ашигтай ажилласан байх. Нэг нь ашигтай ажиллавал нөгөө нь яг дэргэд нь зэрэгцүүлээд түц байгуулна. Зах зээлээ шээрлэж байгаа учраас ашгаа ч шээрлэж, ашиг нь хоёр дахин багасна. Удалгүй бүгд л ТҮЦ байгуулах болов. Хаа сайгүй түцнүүд. Хүн болгон түцтэй. Орлого нь харин хүн хүсмээргүй болно. 90- ээд оны эхээр ТҮЦ-ийн зөвшөөрөл авах нь газрын зөвшөөрөл авахтай адилхан хэцүү, чухал зүйл байжээ. Түцийн зөвшөөрөл өгч байгаагаа зарим засаг дарга нар ажлын байр бий болгож, ард түмний амьжиргааг дээшлүүлж байна гэж сурталчилж байлаа. Энэхүү нэгнийгээ дагаж дуурайдаг, хуйлардаг, шинийг сэтгэдэггүй, түцнийхээ хэмжээнд сэтгэдэг занг л тэр түцний сэтгэлгээ гэж томъёолсон юм. Зарим талаар их л оновчтой юм шиг санагддаг. Ийм түцний сэтгэлгээ олон зүйл дээр илэрсэн бөгөөд хамгийн сүүлийнх нь Барилгын салбарын хөөсрөлт болж байна. Үр дүн нь чаддаг чаддаггүй баахан “барилгачид” чанартай чанаргүй баахан байшинг дутуу гуцуу бариад орхичихсон, мөнгөний хомсдолд оруулчихсан байх жишээтэй. Аа үгүй, одоо шинээр нэг давалгаа бий болж байна. Саяхандаа, дээд сургууль байгуулах нь мод байсан бол одоо МСҮТ байгуулах нь мод болж хөөсөрч байна. Яагаад гэвэл ЗГ-аас мэргэжилтэй ажилчид бэлтгэхийг бодлогоор болон санхүүгээр дэмжиж байгаа, Мянганы сорилын сангаас тухайлан үүнд зориулж мөнгө олгож байгаа, МСҮТ-д суралцагчдад зориулж тэтгэлэг олгоно, дээр нь хувьсах зардал олгоно. Тэгэхээр дээд сургуулиуд МСҮТ болж зүсээ хувиргах нь аргагүй бизээ. Үр дүн нь харин эргэлзээтэй. Туйлшрал л юм даа. Түцний сэтгэлгээ гэж.

* * *

…Судлаач Д.Ганхуяг орж ирэхээрээ бид нарыг байнга л “загнадаг” байлаа. Одоо ч хэвээрээ. “Та нар өчнөөн олон жил нэг л юмаа давтаж ярьсаар байгаад магнитафон болчихлоо. Энэ жил та нарын ярьж байгааг магнитафонд бичээд л дараа жилийн оюутнуудад сонсгоход бараг болно, та нарын хэрэг байхгүй” гэж эхлээд л авч өгнө. Үргэлжлүүлээд “Судлаач хүн чинь жилдээ дор хаяж 4 өгүүлэл бичиж байх ёстой. Ямар ч гаралтгүй битүү систем гэж байдаггүй юм. Та нар шиг их уншдаг хүмүүс манай энэ адгийн нийгэмд байхгүй. Гэхдээ та нар шиг ийм их юм уншчихаад юу ч гаргахгүй бол ямар хэрэгтэй юм, зүгээр л хог” гээд л үргэлжлүүлнэ. Хэдийгээр өрийгөө судлаач гэж өргөмжлөөгүй ч, судлаач болох сэхүүн санаатайгаар ганц нэг юм бичиж үзвээ. Нэг юм бичиж гаргачихаад л магтуулах санаатай. Ганаа ах, гаргасан өгүүлэл нийтлэл юу ч бай урмын үгээр мялаана. Араас нь харин шүүмжлэл, егөөдөл нь үнэгүй дагалдана даа. Жилдээ дор хаяж 4-ийг гэж загнадаг байснаа, сардаа нэг юм гаргахгүй бол болохгүй гэдэг боллоо. Одоо бүр долоо хоногт нэгийг бичиж чадахгүй бол судлаач биш гэдэг болжээ. Ямар Баабар биш дээ, мань мэт нь тэгж дураараа гулгиж яаж чадах билээ.

…Ингээд элдэв сайт дамжин хэдэн жил хэрэгтэй хэрэггүй юм бичлээ. Бичсэн ганц нэг зүйлээ сонин хэвлэлд хэвлүүллээ. Ч.Тамир хэлж байна. “Та нэг өгүүллээ форум.мн –д өгөөч. Тэднийх бодлогын судалгааны өгүүллүүд тавьдаг юм. Олон хүн орж үздэг сайн сайт болж байгаа” гэж. Нэг юм өгч орхилоо. Сарын дараа гарчихаж, овоо ч олон хүн үзээд санал шүүмж хэлж байна. Шүүмж нь л давамгайлж байсан байх. Нэг хэсэг бичсэнээ форумд тавиулах нь шалгуур болж байсан бол тэгсгээд форумын сайт ч унтарч эхэлсэн билээ. Тэр үед ажиглагч Цэрэнжав politics.mn -ийг хийж эхэлж байлаа. Форумаасаа политикс руу “нүүв”. Цэрэнжав ах тэр үед олон зохиогчтой, улс төрийн асуудлаар дагнан бичдэг колумнистуудтай вэб хийх гэж санаачилж байсан билээ. Одоогийн news.mn –ийн нийтлэлчийн буланг Цэрэнжав ах анх санааг нь гаргаж эхлүүлж байсан юм. NEWS-ийнхэн тэр санааг нь амжилттай хэрэгжүүлсэн гэж боддог. Харин тэр өөрөө үүнийгээ орхиод “Цаг төр” сэтгүүлийг эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн тул сайт нь зогссон юм. Бичсэн бичлэгээ “Цаг төрд” нэг хэсэг хэвлүүллээ, хоёрын зэрэг сайт хийх гэж оролдож үзлээ. Политиксийг дахин сэргээх гэж хоёронтаа хичээлээ, болсонгүй.

Эцэст нь эдийн засагч судлаач Батболд надад ингэж зөвлөсөн юм. “Өөрийн гэсэн савтай байх нь дээр юм байна. Өөрийн гэсэн савгүй болохоор ямар ч хуримтлал үүсэхгүй” гэж. Гэхдээ тэр өөрөө болохоор одоо болтол блогоо ажиллуулахгүй байгааг дашрамд дурдая. Сүүлийн хоёр жилд өөрийн гэсэн блог хөтөлж эхлэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тэгээд жилийн өмнөөс л нэг блог нээж хөтлөхчөө аядаж бүтэн жил мунгинаж байна даа. Өөрийн юм өргүй гэж үнэн юм.

…Ажиглагч Д.Цэрэнжав, олон хүнийг блогтой болоход уруу татсан хүн. Дээрх, судлаач Д.Ганхуяг, бодлогын судлаач Ч.Тамир, эдийн засагч Батболд гээд л. Тэр л бид нарыг уруу татаж өөрийн блогтой болгож, домэйн нэр авахуулж, “хэрвээ чи энэ нэрийг одоо авч чадахгүй өөр хүнд алдчихвал чамд дахиад хэзээ ч олдохгүй” гэж ятгаж сэнхрүүлсэн билээ. Цэрэнжав ахын ятгалга зөвлөгөөгөөр блог эхлүүлж, одоо ч сайн хэлбэржүүлж дуусаагүй л байна. Тэр бас бидний блогоор байнга орж, байнгын хяналт тавьж, үнэгүй мониторинг хийж өгдөг билээ. “Чиний бичлэг чинь хэт хүнд байна. Ийм нуршуу урт юмыг чинь хэн унших юм бэ? Хөнгөхөн, ойлгомжтой, товч тодорхой байх ёстой. Судлаачийн арга барилаасаа салаагүй байна” гэхчлэн шүүмжилнэ. “Одоо болтол чи фокусаа олоогүй байна, Чиний блог руу ороод, Болд гэдэг хүн ийм юмны тухай бичдэг юм гэсэн цэгцтэй ойлголт авах боломж алга, есөн шидийн юм хамж бичээд л, ийшээ ч нэг үсчээд, тийшээ ч нэг үсчээд л. Чиний сонирхол яг юу юм бэ, Тэрнийгээ тодруулж, нэг сэдвээрээ дагнаж бичиж мэргэших хэрэгтэй” гэх мэтээр байнга л зөвлөгөө өгнө. Нэг хэсэг ямар сэдвээр бичих вэ, миний бичлэг, миний блог юунд төвлөрөх вэ гэж нэлээд бодсон боловч “Эргэж эргэж нуг” гэдэгчлэн ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ингээд юу ч гэсэн бичээд л байхаар шийдлээ. Юу ч байсан хамаагүй. Хэрүүлийн чанартай, тухайн үеийн уур бухимдал, гомдол, улс төрийн бөөлжис, гулгидас гээд л сэтгэлийн хөдөлгөөнөөр ч хамаагүй есөн шидийн юм бичлээ. Наполеоны хэлсэнчлэн. “Юу ч гэсэн эхлээд орхиё, тэгж байтал яваандаа учир нь олдоно биз” гээд л бичиж байна даа.

* * *

…Нэрт Леонардо да Винчиг тийм мэргэжилтэй гэж хэлэхэд бусад мэргэжил нь гомдмоор олон талын авьяастай хүн байжээ. Түүний оролцоогүй, оролдоогүй салбар бараг үгүй гэж хэлж болно. Түүнийг дэлхий нийтээр Мона Лизагаар нь мэддэг учраас хамгийн алдартай уран зураач гэж тооцдог боловч бүх л амьдралынхаа туршид 13 ширхэг томоохон зураг зурсан гэдэг. Харин түүний үлдээсэн өв, гар бичмэлүүд нь түүнээс ч илүү үнэ цэнэтэй юм. Леонардо да Винчи биедээ байнга тэмдэглэлийн дэвтэр авч явдаг байжээ. Бусаддаа ч тэр тэмдэглэлийн дэвтэр авч явахыг захидаг байж. Энэ тэмдэглэлийн дэвтэр ноорог нь түүний үзсэн харсан, тархи толгойдоо ургуулан бодсон сэтгэсэн бүхний зөвхөн өчүүхэн хэсэг боловч тэрээр 7000 шахам хуудас ноорог үлдээсэн гэдэг. Энэ нооргуудаа нандигнан хадгалж, эдгээрийгээ томоохон бүтээл туурвихдаа гарын авлага болгон ашигладаг байснаа дурдсан байдаг билээ. Энэ түүхийг би оюутнууддаа дандаа ярьдаг. Хэрэв судлаач болох гэж байгаа бол биедээ тэмдэглэлийн дэвтэр байнга авч яв. Юу бодогдсоноо бичиж тэмдэглэж бай гэж. Одоо бол блог нээ, түүнд үзсэн харсан, бодогдсон болгоноо бичиж хадгал гэж зөвлөж байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг байсан ч хамаагүй бичээд бай гэж. Леонардо да Винчийн тэмдэглэл ч гэсэн түүнээс нэг их дээрдэхээргүй эмх замбараагүй байсан юм. Гэхдээ доторх санаанууд нь агуу л даа, биширмээр. Хэрэгтэй хэрэггүй тэмдэглэл дундаас чинь шинэ санаа төрөх ч юм билүү гэж.

* * *

… Социологийн тэнхмийг үүсгэн байгуулагч В.Отгоннасан багш маань ингэж хэлдэг байж билээ. “Зурагт үзсэн ч хажуудаа дэвтэр харандаатай сууж бай. Зурагтаар ямар нэг тоо хэлсэн ч бичиж тэмдэглээд хадгалаад бай. Хүний хэлснийг сонсоод чамд ямар нэг санаа төрөхгүй байна гэж байхгүй, тэр болгоныг л бичээд хадгалаад байхад бэлээхэн судалгааны материал болно. Гурван жилийн дараа хараарай. Докторын диссертацийн чинь материал бүрдсэн байх вий” гэж. Гэвч урагшгүй мань мэт нь тэр үгийг тухайн үедээ ойлгож байсангүй. Одоо бодоод байхад да Винчийн хэлсэнтэй адилхан зүйлийг хэлж байж.

… Блог гэхээр дандаа мундаг нийтлэл байх албагүй. Блог дээрээ хүн ер нь юу хүссэнээ тавьж болох билээ. Тамир бид хоёр бас зөвлөлдсөн юм. Блог хөтлөх нь ер нь ямар ач холбогдолтой вэ гэж. Олон төрлийн ач холбогдолтой байж болохын дотроос багш хүний хувьд бас давуу тал үүсгэж болох юм. Юу гэвэл өөрийн блогтоо багш хүн хичээлийн лекцүүдээ тавьж болно, хичээлтэй холбогдуулан нэмж унших материалуудаа тавьж болно, ядахдаа нэмж унших материалын жагсаалт ч байж болно, оюутнуудад, залууст зориулсан зөвлөгөө өгч болно, олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж болно, онлайн мэтгэлцээн дагсалдаан ч байж болох юм, зайны сургалт ч явуулсан болохгүй гэх газаргүй, хичээлээс гадуурх сургалтаа үүгээр дамжуулан гүйцэтгэж болох юм, онлайн лавлах үүсгэх гэх зэрэг олон давуу талыг олж харсан юм. Өөр ч олон давуу талууд байгаа талаар ярилцсан бөгөөд тэр болгоныг санах ч үгүй байна. Тоочоод ч бас барахгүй юм.

…Нэг жил болоод харсан чинь, нэг жил гэдэг ямар хурдан өнгөрдөг юм бэ? Нэг их юм бичиж хийж шалиагүй байх юм. Р.Чойномын шүлэгт байдагчлан “Явах ёстой замаа урагшаа харсан чинь ямар урт юм бэ, Яваад өнгөрсөн замаа эргээд харсан чинь ямар богинохон юм бэ” гэж. Хийе, бичье гэж бодож байсныхаа талын талыг ч хийж амжаагүй байна. Гэвч чамлахаар чанга атга гэж, урьд бичсэн улирсан баларсантайгаа нийлүүлээд бас ч гэж 90 гаран бичлэг хийсэн байна. Эхэндээ өдөрт 10-20 хүн орж үздэг байсан бол одоо зарим өдөрт 100 гаран хүн орж үздэг болжээ. Нэг бичлэгт дунджаар 3-4 комент ирдэг боллоо. Бүтэн жилийн хугацаанд давхардсан тоогоор 10000 шахам хүн орж үзжээ. Би хэдийгээр тооны хойноос хөөцөлдөж, түмэн олонд зарлаж сүйд болоогүй ч уншигчдын тоо хэд байна гэдгийг битүүхэн хардаг анзаардаг болчихож. Блог нээсний буянаар эчнээ олон танилтай ч болж байна. Хаанаас ямар шугамаар олдог юм бүү мэд. Миний блогийг олоод үзчихсэн байх юм. Нэр, насыг нь мэдэхгүй, зүсийг нь ч танихгүй арав арван танилтай болж, зарим нь намайг эчнээ багшаа гэж нэрлэх боллоо. Блог нээгээгүй бол арваад “шинэ” танилтайгаа байнгын мэйлээр харилцдаг болоо гэж үү? Магадгүй тэдний дэмээр л би өдийг болтол болсон болоогүй юм бичээд байгаа байх

… “Ганцаараа үедээ чи өөрөө өөртөө эзэн, хоёулаа байвал чи тал буюу түүнээс ч багаар өөрийгөө захирна, харин олуулаа байвал чи хэн ч биш, тун ч хөөрхийлөлтэй байдалд орно” хэмээн Леонардо да Винчи нэгэнтээ хэлсэн юм гэнэ лээ. Тэрчлэн, блог дээрээ би хэнээс ч үл хамааран хэлье гэснээ хэлж бичье гэснээ бичдэг билээ. Үүнд минь саад болох хэн ч байхгүй бөгөөд гагцхүү энэ эрх чөлөө нь л гэхэд надад маш их таалагдах боллоо. Би ингээд хэлчихвэл хэн намайг юу гэх бол гэсэн эмээдэсгүй бичиж болдог юм. Ийм шалтгааны улмаас ч бас олон хүнд зарлахыг хүсдэггүй байж магад. Хэдийгээр миний бичсэн зүйлүүд дотор миний байр суурь гэхээсээ илүү олон түмний санаа бодлын тусгал, судалгааны дүн, түүнээс гарсан дүгнэлтүүд олонт бий боловч тэдгээр нь зөвхөн миний л хийсэн дүгнэлтүүд юм. Буруу эсэхийг минь харин уншигчид шүүг. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаатай адил нөр их хөдөлмөр зарцуулж, тоо баримт цуглуулж, хэлбэржүүлж, шүүсийг нь шахах албагүй байдаг. Тэгэхээр давтамж нь ч ойр ойрхон байх боломжтой. Тиймээс л чухамдаа блог гэж нэрлэсэн байх. Заримдаа зүгээр л тургичихад болно.

…Философич Б.Батчулуун саяхан, Айн Рэндийн “Эх сурвалж” романыг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Номын өмнөх үгийг тэрээр “Хамтач ёсны эсрэг зогсох хувь хүн” хэмээн нэрлээд, түүндээ “энэ бол эгоизм ба альтруизм, индивидуализм ба коллективизмын тэмцлийг харуулсан роман” хэмээн бичжээ. “Энэ роман бол бидний өнөөгийн байдлын тусгал болсон бүтээл юм. Өнгөц харж, сонсоход зөв, ухаантай юм шиг атлаа эргэцүүлэн бодоод үзэхэд хамгийн буруу, туушгүй, өөрөө өөртэйгөө зөрчилдсөн юм ярьж, үйлдэж авдаг хүмүүсийн дүр төрхийг эндээс харна. Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ, ганцхан үйл хэрэгт нь итгэ гэдэг зарчим нэвт шингэсэн роман. Нэг зүйл бодчихоод, өөрөөр амьдардаг, нэг юм ярьчихаад өөрөөр үйлддэг хүмүүсийг жигшсэн бүтээл” хэмээн тодотгожээ. Зохиолын гол баатар Роарк, жинхэнэ утгаараа бие даасан хувь хүн ажээ. Үүрэх ёстой үүрэг хариуцлагаа өөрөө үүрч өөрөө өөртөө эзэн болсон хэнээс ч үл хамаарах, хувь хүн. Харин би, Би ингэхэд хэн юм бэ? Би, өнөө хэр өөрийгөө индивидуалист хийгээд коллективист алин болохоо мэдэхгүй. Ямартай ч бусдын таашаалд нийцүүлэх, бусадтай зохицох гээд байдаг нийгмийн хяналтаас гадуур байж чаддаггүй эгэл нэгэн. Гэхдээ ядаж блог дээрээ хэнээс ч үл хараат байх гэж хичээж дүр үзүүлдэг юм болов уу даа. Зарим нь намайг та битгий хараал хэрүүл бичээч гэнэ, зарим нь хэт академик байна, бага зэрэг шарлуул гэнэ, Зарим нь хэт нуршуу байна, нөгөө нь богинохон байна гэнэ, нэг нь зөвлөгөө өгөөч гэнэ, нөгөө нь чи ямар бүгдийг мэдэгч юм уу гэнэ. Эцэст нь би зүгээр л өөрөө өөрийнхөөрөө бичих нь дээр гэж үзлээ.

…Миний шавь Г.Цогтбаатар нэг удаа надад ингэж хэлж билээ. “Багшаа блогт донтох өвчин гэж байдаг гэнэ. Өдөр болгон блогтоо ороод л комментоо үзээд л, хариу бичээд л, хэдэн хүн орж вэ гээд л шалгаад, миний бичсэнийг уншсан уу гээд л хүнээс шалгаагаад, бусдын блогоор хэсээд л үүнд хэт их цаг зарцуулаад эхэлбэл та блогт донтох өчтэй болж байгаагийн анхны шинж тэмдэг шүү” гэж. Цочих шиг болж билээ. Нээрээ би блогт донтож байгаа юм болов уу гээд. Гэвч үгүй ч шиг, хэн мэдлээ. Юутай ч надад ирсэн мэйлүүдэд хариу бичихийг өөрийн үүрэг гэж бодож байгаа бөгөөд надад хэлсэн, захисан, хүссэн болгоныг өөрийн чадах хэрээр гүйцэлдүүлэхийг хичээх болно. Эцэст нь хэлэхэд миний блог дээр миний бичлэгүүдэд олон зөрчилтэй зүйлүүд байгаа болоод энэ зөрчил нь энэ бичлэгт ч илүү хурцаар илэрч байгааг та анзаарсан байх. Хатуу логиктой байж чадахгүйгээс хойш яалтай ч билээ дээ.

6 Responses to “НЭГ ЖИЛ”

  1. Та блогынхоо нэг жилийн ойг тохиолдуулан тайланг нь сайхан илэрхийлсэн байна. Таны блогт баяр хүргэе. Амжилт Урагшаа

  2. Batzorig said

    Сайн байна уу Багшаа…Хавар цаг нэгэнт хаяанд ирж эрдмийн улирал айлчилжээ.
    Таны нийтлэл, өгүүлэл, постуудыг уншиж эхэлсэнээс хойш бас ч үгүй бага биш хугацаа өнгөрчээ. Энэхүү блогынхоо 1 жилийнхээ ойд зориулж бичсэн нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө. Багш хүн гэхэд илэн далангүй, өөрийнхөө бичиж чаджээ..Үнэхээр үнэлж байна таныг.
    Миний бие мөн мэргэжлийн блогоо нүүлгэн http://www.zorigtsoc.blogspot.com руу буурь сэлгэсэн билээ саяхан. Таниас миний линкээ сольж өөрчилж оруулахыг хүсье. Залуу судлаач хүний хувьд санаа авах, санал солилцох, туршлага судлах зүйл маш их байгааг дээрхээс тунгаалаа.
    Таныг хүндэтгэсэн: Н.Батзориг

  3. gorkii said

    aanhaan

  4. одноо said

    BLOD.mn блогт өнгөрсөн ч гэсэн нэг насны баярын мэнд хүргэе,нээрээ л та байнга дэвтэр гэдэг байснаа одоо бол блог блог гэдэг болсон шүү.таны блогыг унших дуртай,таны яриаг сонсож байгаа мэт байдын, цаашдаа зөндөө хэрэгтэй юм бичиж байгаарай,амжилт

  5. altantsooj said

    Нэг насны баярын мэнд хүргэе!
    Хамгийн их таалагдсан бичлэг нь энэ байлаа.
    Таны хэлснээр өөрийнхөөрөө үргэлжлүүлээд блогоо бичээд байгаарай.
    Уншаад л байдаг шүү.

  6. huder said

    Энэ Одноо ямар үнэн хэлээ бэ? Нэрээ нийтлэлийг нь уншхаар урд гарч ирээд яриал байдаг ш дээ. Уурлах үедээ уурлаал, бухимдах үедээ бухимдаал царай төрхийнх нь хувирал нь хүртэлх харагддаг. Харин миний сүүлд бодох болсон зүйл гэвэл энэ бүхэн нийтийн хүртээл болоосой гэж хүснэ. Таниас заримдаа асуугаад бусад газарт нийтлүүлэх юмсан гэж бодсон.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: