Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

КАТАЛИЗАТОР

Posted by bolod on March 27, 2009

Энэ хуучийг хүн бүхэн мэднэ дээ. Ринчен Бямбаев катализатор гэдэг үгийг хурдасгуур хэмээн орчуулсан гэдэг. (билгүүн номч, их гүүш энээ тэрээ гэж тодотгох гэсэнгүй, тэртээ тэргүй зүгээр л нэрийг нь хэлэхэд монголчууд андахгүй) Гэтэл хэн нэгэн их мэдэгч залуу, Ринчен гуай, катализатор чинь зарим тохиолдолд хурдасгуур болдог боловч зарим тохиолдолд бас удаашруулах үүрэгтэй байдаг шүү дээ, гэж гэнэ. Ринчен гуай босож очоод унтраалга руу зааж, энийг юу гэж нэрлэдэг юм бэ гэж. Нөгөө залуу тэр дор нь унтраалга гэж гэнэ. Хариуд нь Ринчен гуай гэрлээ асаагаад, энэ чинь бас гэрлийг асаадаг юм шүү дээ, гэсэн гэдэг.

Өнөөдөр Монголчууд дахиад л сонгуультай нүүр тулж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсоор зарлажээ. Албан ёсоор сонгууль зарлагдсан ч сурталчилгаа албан ёсоор эхлэх болоогүй төдийгүй нэр дэвшигчид ч албан ёсоор эцэслэн тодроогүй байхад нэр бүхий хүмүүсийн сурталчилгаа аль хэдийн эхэлжээ. Эхэлсэн ч гэж дээ ид дундаа явна.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. Зарим нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар элдэв таамаг, хувилбар өргөнөөр яригдаж, зарим нь бүр хүний өмнөөс шийдвэр гаргаж, тэр энэ нэр дэвших нь зөв, тэр энэ нэр дэвших нь буруу, ер нь ардчиллаа дэмжинэ, АН-ыг одоо муулахгүй, Энхбаяр л биш бол хэн ч яахав, зорилго нь аргаа зөвтгөнө гэх ухааны юм их ярих ажээ. Тэр дундаа Ногоон намын дарга Д.Энхбат бол улс төрийн хувьд шал ногооноороо амьтан, иргэний хөдөлгөөнөөс урвагч, аймхай холбиромтгой, хоёр талд тоглогч гэх мэт ярианууд. Яг нарийндаа улс төрийн хувьд хэн нь боловсорч ув улаан болсон энэ тэр нь ч бас тусдаа яриа. Энэ талаар ч үл өгүүлье.
Яриа таамгийн ихэнх нь ганцхан сэдэвтэй. Н.Энхбаярыг л унагах, ингэхгүй бол хорвоо дэлхий сүйрэх, ардчилал гээч юм мөхөх тухай яриа. Үүний тулд Н.Энхбаярын эсрэг цорын ганц боломжит кандидатыг нэр дэвшүүлж, эцсээ үзэх тухай л ярих аж. Үүнийхээ төлөө бусад намыг нэр дэвшүүлэх боломжийг жадлан эсэргүүцэж байна. Ялгаагүй л коммунист арга л даа. Баабарын хэлдгээр, ард түмэн тэднийг сонгочихсон юм, ард түмэн тэдэнд ерөнхийлөгчид нэр дэвших мандатыг нь өгчихсөн, тэд тэнэг ч байж болно, ихэнх нь тийм байгаа л даа, тэгэхдээ хууль ёсоор тэгж тэнэгтэх гэж байгаа учраас яах ч аргагүй, гэж.

Таамаглагчдын бодлоор бол ИЗН-аас С.Оюун юм уу эсвэл Ц.Ганхуяг нэр дэвшиж магадгүй. Аль нь ч байсан Энхбаярын хүн болно. Тэднийг Н.Энхбаяраас мөнгө авч худалдагдсан, Энхбаярын талын хүн гэж хочилно. Яагаад гэвэл АН-ын эсрэг учраас. Таамаглагчдын бодлоор бол Ногоон намаас Д.Энхбат нэр дэвшиж магадгүй. Зорилго нь АН-аас нэр дэвшигчийн саналыг хувааж, Н.Энхбаярт тус болохын тулд. Хэрэв тэд нэр дэвших л юм бол хамгийн адгийн амьтад, ардчиллаас урвагчид, хөдөлгөөнөөс хошоод удаа урвагч нэрийг зүүх юм байна. Ялын тогтоол бэлэн дүүжлүүрийн олс хүзүүнд нь углаатай байгаа. Дээрх таамаглагчдад зориулж нэг үг хэлэхсэн. Катализатор чинь заримдаа хурдасгуур, заримдаа удаасгуур болдог гэсэн дээрх хуучийг сануулахсан. Тайлбарлая.

Ардчилсан Намаас Э.Бат-Үүл болон Ц.Элбэгдорж нарын нэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хамгийн боломжт хувилбар болон яригдаж байгаа. Аль нь илүү давуу болон сонгуульд ялах боломжтой талаар дараа өгүүлье. Ногоон намын дарга Д.Энхбатын хувьд сонгуульд амжилт гаргах боломж бараг байхгүй. Сонгуулийн үр дүнг дандаа ялалтаар хэмжих нь утгагүй. Зарим тохиолдолд ялагдал нь ялалт болох нь ч бий. Энэ талаар ч дараа өгүүлье. Гэхдээ Д.Энхбатад сонгуульд ялах боломж байхгүй ч сонгуульд нөлөөлөх боломж бол харин байгаа юм. Үүнийг нь АН-ын угшилтай хийрхэгчид буруугаар ойлгоод сөрөг талаас нь хараад хэт эрт дайралтаа эхлээд байгаа бололтой. Д.Энхбат сонгуульд хүчтэй нөлөө үзүүлж болно. Гэхдээ гол дүрийн хувьд биш. Тэрээр катализаторын үүргийг гүйцэтгэх боломжтой. Катализатор хурдасгаж удаашруулдаг хоёр талтай байдагтай адил Д.Энхбат сонгуульд эерэг сөрөг хоёр талын үүрэг гүйцэтгэх магадлалтай юм. Хэний талаас асуудлыг харахаас шалтгаална. Аль нь давуу болохыг сайн тооцолгүйгээр урьдчилан дүгнэлт хийж, дайралтаа эхлэх нь тэргүүн эгнээний дайрагчдын л үйлдэл л дээ. Гол аналитикчид харин ард нь суугаад шатрын хөлөг дээрээ нүүдэл бүхнээ тооцон сууж байгаа бололтой. Одоогоор утаа гарахгүй л байна.

Болзмол байдлаар, сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, МАХН-аас Н.Энхбаяр нар нэр дэвшиж, бусад намаас нэр дэвшүүлээгүй гэж саная. Хоёрхон өрсөлдөгчийн хооронд явах энэхүү халз тулаанд хэн нь ялах магадлалтай вэ? Олон хүн АН-аас нэр дэвшигчид ялаасай гэж хүсэж байх шиг байна. Гэхдээ хүсэл бол бодит байдал биш. Асуудлыг бодитойгоор харвал Н.Энхбаяр ялах магадлал нь илүү. Түүнд илүү боломж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ талаар мөн л дараа өгүүлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй байх аюул байхгүй. Ямар орон нутгийн сонгууль биш. Тэгээд ч ерөнхийлөгчийн сонгуулийн ирц УИХ-ынхаас дандаа илүү явж ирсэн. Тиймээс эхний сонгуулийн дүнгээр л хэн нэг нь 50%+1 саналыг бараг гарцаагүй авч таарна. Хоёр нэр дэвшигч яг тэнцүү тооны санал авах магадлал их наяд нарийвчлалтайгаар тэгтэй тэнцүү. (Манай ерөнхий сайд энэ тоонд дуртай учир эш татав) Өөрөөр хэлбэл сонгууль нэг шаттайгаар өндөрлөж шийдэгдэнэ. Хоёрхон өрсөлдөгчдийн дунд явагдах сонгууль нэг раундтай болж нэг нь гарцаагүй нокаутад орох ажээ. Дүгнэвэл, хослолын онолоор хоёр элементтэй эх олонлогоос нэгээс олон хос үүсэхгүй. Өөр хувилбар байхгүй учраас бүх юм энгийн, бүх юм тодорхой, тэгэхдээ “муу” тал руугаа л илүү тодорхой ажээ. Хоёрхон нэр дэвшигчтэй тохиолдолд ямар нэгэн хувилбар, тактик, “хор найруулга” энээ тэрээ ямар ч боломжгүй юм. Харин нэр дэвшигч “элэментүүдийн” тоо нэмэгдвэл хувилбар боломж нэмэгдэнэ. Гурван нэр дэвшигчтэй тохиолдолд сэлгэмэлийн тоо нэмэгдэнэ. 4 бол бүр ч олширно. Гэхдээ 4 гэдэг нь бүр нийлмэл хувилбар учраас илүү төвөгтэй болох тул зөвхөн 3 нэр дэвшигчтэй тохиолдолд ямар байж болох талаар эргэцүүлье.

Болзмол байдлаар хоёр дахь хувилбараа дэвшүүлье. АН-аас Ц.Элбэгдорж ч юм уу Э.Бат-Үүл, МАХН- аас Н.Энхбаяр нэр дэвшсэн гэж саная. Ногоон намаас Д.Энхбат нэр дэвшиж, ИЗН тэдэнтэй эвсэл байгуулсан байг л даа, хамаагүй. Тэгвэл сонгуулийн дүн ямар болох бол. Олонхийн бодож байгаагаар Д.Энхбат АН-аас нэр дэвшигчийн саналыг хармаанаас нь хулгайлаад саналыг нь хуваагаад байх юм байна. Яагаад гэвэл тэр АН-ын фонтой учраас тэр гэнэ. Магадгүй л юм. Нээрээ ч тэрээр АН-аас нэр дэвшигчийн саналаас хуваалцах байх. АН-аас нэр дэвшигч 45 хувийн санал авах байсан чинь Д.Энхбат 10%-ийг нь хуваачихлаа гэж гомдоллох нь зөв үү? Тэртээ тэргүй санал хуваасан хуваагаагүй ялах боломжгүй байхад санал хуваасан ардчиллын дайсан гэж урьдчилан цоллох нь коммунист арга барил билээ.

Нөгөө талаас нь харъя. МАХН-аас нэр дэвшигчийн хувьд тэр ямар ч аюулгүй гэж үү? МАХН-аас нэр дэвшигчийн саналаас тэр хуваалцахгүй юу? Энэ талаар хүмүүс огт тооцохгүй байх шиг байна. Их бага нь л юу юм гэхээс Д.Энхбат МАХН-аас ч санал хуваана, АН -аас ч санал хуваана. Харин МАХН -аас дорвитой санал хуваагаад татаад эхэлбэл харин тэрээр МАХН-аас нэр дэвшигчид аюултай халгаатай “элемент” болж харагдана. Тэр сонгуульд ялахгүй, тэр нь хамаагүй, гэхдээ тэрээр МАХН-ын саналаас зулгааж 50% -аас доош оруулж чадаж мэднэ. Үүний үр дүнд сонгууль хоёр шаттай болох бөгөөд ямар ч байсан эхний удаад МАХН -ын нэр дэвшигчид ногоон гэрэл асааж өгөхөд саад учруулж байгаа нь тэр. Цааш нь ургуулан бодъё. Д.Энхбат МАХН болон АН -аас өөр платформ дээр байгаа, үүнийгээ тодруулж товойлгож чадвал тэр бусдаас ялгарч чадна. Ингэснээр тэр сонгуульд ялахгүй ч өөрийгөө болоод намаа, үзэл бодол мөрийн хөтөлбөрөө түмэнд хүргэж сайхан сурталчилж чадна. Магадгүй 20%, түүнээс ч илүүг зулгаана. Бат-Үүл яаж ч бодсон 35%-аас доош санал авахгүй. Н.Энхбаярт дээд тал нь 45%-ийн санал үлдэнэ. Д.Энхбат АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваалаа гээд тэр саналаа Н.Энхбаяр луу бариад гүйгээд бэлэглээд байж чадахгүй нь ойлгомжтой учраас сонгууль гарцаа байхгүй хоёр шаттай болж хувирна. Хоёр шаттай болсон тохиолдолд хэнд ашигтай байж болох талаар одоо эргэцүүлье.

Өмнөх сонгуулийн туршлагаас үзэхэд, олон удаагийн судалгааны дүнгээс үндэслээд хэлэхэд сонгууль дөхөх тусам лидерийн рейтинг буурдаг юм. Сонгууль дөхөх тусам гол гол нэр дэвшигчид рүү электоратууд хуваагдаж ялгарч дуусдаг. Өөрөөр хэлбэл шийдвэрээ гаргаж дуусдаг. Энэ процесс сонгууль дууссаны дараа үргэлжлэхгүй гэж үү? Яагаад гэвэл гол тоглогчоос хүмүүс уйдамтгай байдаг. Тиймээс лидер өөрийнхөө саналыг хадгалж барьж байх нь маш хүнд хэцүү болно. Дээр нь сурталчилгааны ритмээ үргэлжлүүлэн хадгалах нь хүн хүч, хөрөнгө мөнгөний ресурсийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр хүнд дарамт болно.  Харин дагаж яваад салхин дор нь сууж явсан өрсөлдөгчийн хувьд бариан дээр хөөж гүйцэж түрүүлэх боломж чухам энэ хоёр шаттай сонгуулийн хувьд л үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл электоратуудын дахин хуваарилалт явагдана.

Одоо катализатор маань ямар үүрэг гүйцэтгэх вэ? Эхний шатанд тэрээр гол гол нэр дэвшигчийн саналыг хувааж удаасгуурын үүрэг гүйцэтгэсэн. Хоёр дахь шатанд харин хурдасгуурын үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Катализатор аль талд тоглох вэ гэдгээс сонгуулийн дүн хамаарч магадгүй. Катализатор, АН-ын нэр дэвшигчийг дэмжээд, сайн ажиллаж чадвал, хураасан цуглуулсан кредитээ АН-ын нэр дэвшигч дээр овоолж чадвал АН-ын нэр дэвшигчид ялах боломж үүсэх боломжтой гэж харагдаж байна. Катализатор, онолын хувьд МАХН-ын нэр дэвшигчийг ч дэмжиж болно. Гэхдээ ингэвэл тэр ёстой жинхэнэ утгаар “ардчиллаас урвагч”, “үндэсний гутамшиг” болно доо. Гэхдээ хэзээ ч ийм юм болохгүй, ямар ч тэнэг хүн ийм юм хийхгүй бизээ. Катализатор харин энэ шатанд тоглоомоос гарчихвал, идэвхгүй байр суурь баримталбал эхний хувилбар буюу хоёр тоглогчийн халз тулаан дахин эхэлнэ. Нөхцөл байдал харин өөрчлөгдөнө. Ямар байх вэ гэдгийг таамаглаж болно, хэлж мэдэхгүй. Катализаторын идэвхгүй байдал нь эс үйлдэл нь МАХН-ыг дэмжсэнээс өөрцгүй харагдана.

Дүгнэвэл 2009 оны сонгуульд катализатор хэрэгтэй ажээ. Ингэж байж хувилбар үүснэ, том биетэй өрсөлдөгчийг хөдөлгөж байж мэхний хувилбар үүсдэг шиг. Ингэж байж АН-аас нэр дэвшигчид ялах боломж гарах магадгүй юм. Гэхдээ энэ бол оюун дүгнэлт, логик гаргалгаа, судалгааны таамаглал төдий юм. Хэрхэхийг судалж үзвэл илүү тодорхой зүйл хэлж болох билээ.

Д.Энхбат хэний талын хүн бэ гэдэг нээлттэй асуулт. Тэр үнэхээр бие даасан хүн үү, эсвэл АН-ын хүн үү? Эсвэл Н.Энхбаярын хүн үү? Тэр Н.Энхбаяртай тохиролцлоо гэж үү? Үүнийг түүнээс өөр хүн өөрөөс нь илүү мэдэхгүй биз ээ? Үйл хэрэг нь харин харуулна. Ямар ч гэсэн тэр 1997 онд нөхөн сонгуулиар МАХН-д нэг суудал ямар чухал байсан шиг, 1996-2000 оны парламентад талийгаач О.Дашбалбар ямар чухал үүрэгтэй байсан шиг тийм үүрэг гүйцэтгэж магадгүй юм. Тэр хэнээс ч үл хамаарсан бие даасан тоглогч байж чадах уу, эсвэл цаашид хэн нэгний талд орох уу гэдэг нь нээлттэй асуулт.

Одоо харин эхний асуудал руугаа эргээд оръё. Ногоон намаас Д.Энхбат ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл тэрээр ардчиллаас ухарч, ардчилсан хүчний эсрэг хүн болж таарах уу? Дээрхээс дүгнэвэл үгүй ажээ. Харин тэрээр нэрээ дэвшүүлэхгүй, нэрээ татвал Н.Энхбаярын ялалтад зам тавьж, НОГООН ГЭРЭЛ асааж өгсөн хэрэг болно. Түүнийг нэрээ дэвшүүлбэл хардах хэрэггүй, харин нэрээ татвал хардах хэрэгтэй болж таарч байна. Түүнийг нэрээ дэвшүүлэхийг эсэргүүцээд байгаа хүмүүс харин хэний талд байна вэ? Түүнийг нэрийг нь татуулахыг хүсээд байгаа хүмүүс Н.Энхбаярын талын хүмүүс байж харин ч магадгүй ажээ. Тэд л харин жинхнээсээ ТҮҮНД худалдагдаад, наанаа нандин дүр эсгээд цаанаа чамин хор зуураад байгаа биш үү? Эсвэл бүр эсрэгээр үүнийг сараачигч бибээр, Энхбаярын тагнуул байж, цаагуураа Энхбаярын талд ажиллаж байж мэдэх л юм. Хэрхэн дүгнэхээ уншигч та шийд.   

2009 оны 3 сарын 25

7 Responses to “КАТАЛИЗАТОР”

  1. Сайхан хаваржиж байна уу?

    1. Таны энэ гаргалгаа сайн болжээ!

    2. 2 нэр дэвшигчтэй сонгуульд одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр ялах нь тодорхой байгаа.

    3. Тиймэээс Хэрэв өөр үр дүнг хүсвэл 3, 4 … гэх мэт нэр дэвшигчтэй сонгуулийн хувилбаруудыг үнэлэх нь ухаалаг алхам болно.

    4. Энэ гипотезийг мэргэжлийн түвшинд хийсэн социологийн судалгаагаар шалгах л үлдэж.

    Танд амжилт хүсье

    Цогтоо

  2. Batzorig said

    Таамаглал бараг батлагдана биз ээ…2009 оны ерөнхийлөгийн сонгуульд хурдасгуур, шинэчлэл, ардчилал, сонгуулийн боловсрол нэн чухал…Энхбат хэний хүн бэ, Миний хувьд энэ л анхаарал татаж байна.
    Багшдаа амжилт хүсье..
    Батзориг

  3. Катализатор Д.Энхбатын дээр өгсөн ярилцлагыг сайн ойлгохгүй байсан юм. Багшийн өгүүллэгээс л ойлголоо. Хэрвээ Д.Энхбат нэр дэвшлээ гэхэд сонгууль 2 шаттай байж чадах болов уу? 2005 оны сонгуульд яагаад ийм байж болоогүй юм бол? Олон хүчин зүйлс нөлөөлсөн ч гэсэн. Магадгүй энэ сонгууль-2009 1997 он 2001 оны сонгуультай төстэй болох юм биш үү? МАХН-аас АН-аас Энхбат хэр санал хувааж авах бол оо? Судалгаагаар сайн батлагдах нь дамжиггүй.
    Ер нь бол АН- аас хэн нэр дэвших нь асуудал байна даа. Сонирхолтой л өгүүллэг байна.

  4. Тийм юм байна. баярлалаа сайхан өгүүлэл байна. Танд амжилт хүсье

  5. amar said

    Сонирхолтой нийтлэл болжээ.

    Энхбаяр ч яахав ойлгомжтой. Харин Энхбаяраас өөр хүн ерөнхийлөгч болвол тэр хүн л тун сонирхолтой байна.
    Хэн байлаа ч гэсэн тэр хүн бидний хүсэн хүлээсэн ерөнхийлөгч байж чадах болов уу? /Өмнөх ерөнхийлөгчдөөс хараад байхад ч мэдэхгүй ээ/
    Үүгээр Н.Энхбаярыг дэмжиж байгаан биш харин ерөнхийлөгч гэдэг хүний тухай, түүний эрх мэдэл, үүргийн тухай хөндөж байгаа юм. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанарт өөрчлөлт үгүй гэдэг шиг юм болох вий дээ.

    3 гэсэн хувилбар дээр таньтай санал нэг байна харин түүнээс дээш байвал Н.Энхбаярт л эерэг байх болов уу?

    Энхбат нэрээ татахгүй байлгүй дээ. Энэ бол түүний хувьд нэр хүнд, дэмжигчдээ нэмэгдүүлэх сайхан боломж шүү дээ. Ялалтын төлөө гэхээсээ үүн дээр л төвлөрч энэ сонгуульд оролцвол хэтийн зорилго нь биелэх. Ямар сонгууль ганц биш дээ. Тэгээд ч сонгогдлоо гэхэд тэр хийх гэснээ хийж чадахгүй. Дэндүү ганцаардаж, хүчин мөхөсдөх байх гэж бодохым даа.

  6. TB said

    YU gej dee naizaa. Elbegdorjiig enhbayrtai tuluulaad uz ted gadnaasaa harhad uur bolovc mun canar n yg adil godiluud shuu dee. Elbegdorj garaad asuudliig saijruulna gej yu baihav dee. Hudlaa yrihaas uur ymgui shuu dee. Bayriig unagaana gehees suuj cadahgui baigaa hun. Bayr uhaantai ucir AN heden saidttai shuu dee. Ted elbegdorjiig demjine gej bodoj baina uu ugui shuu dee. Bayrtai harin enhbyr ucraa ololcoj baij l garc irne. Ene udaad zugeer haraad l baij bai harin zuv zaluucuudiig cever uls turd beltgeh hergetei baina mergejliin bolovson hucin. Bidend enbayr elbegdorj nariihaas sain bag baij baij tedentei uzne shuu dee daanc mungu baihgui gedeg shig

  7. TB said

    yu ve setgegdel gardaggui ym baina zohiomol ed baina shu dee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: