Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ “АРДЧИЛАГЧ” БИШ

Posted by bolod on April 4, 2009

Азаар би “ардчилагч биш” ажээ. Ардчилагч байх нь бас их хэцүү бололтой юм. Үнэндээ 2004 он хүртэл улс төрийн хүчнүүдийг МАХН ба ардчилсан хүчин гэж ангилж болохоор байлаа. Тэгж ч хувааж байсан. Ч.Тамиртай хамтран бичсэн “Сонгуулийн прогноз хийх арга зүй” гэсэн өгүүлэлд бид хоёр яг тэгж хувааж байсан юм. Яагаад тэгж хувааж байсан үндэслэлээ тэнд бичсэн байгаа. Харин түүнээс хойш нөхцөл байдал их өөрчлөгджээ. Ардчилсан гэх нам маань МАХН-тайгаа Их эвслийн засгийн газар байгуулж 62-ын бүлэг гэгчид багтаж байлаа. Өнөөдөр ч гэсэн АН маань МАХН-тайгаа эвслийн засгийн газар байгуулчихаад л явж байна. Одоо яг үнэндээ хэн нь ардчилсан хэн нь хувьсгалчин болохыг ялгаж зааглаж болохооргүй болчихож. АН-ыг дэмжих гэхээр транзитив чанар ёсоор МАХН-ыг дэмжих гээд байх шиг. МАХН-ыг дэмжих гэхээр АН-ыг эсэргүүцээд ч байх шиг. Эсвэл бүр эсрэгээр МАХН-ыг муулахаар АН-ыг хамтад нь муулаад ч байгаа юм шиг. Угаасаа энэ улс төрийн бодлого гэдэг юмыг би ойлгодоггүй байсан, одоо бүр ч ойлгохоо болилоо.

Сүүлийн үед харин зах сэжүүр гарч ирж байх шиг байна. Элбэгдоржийг дэмжвэл ардчиллын тал, эсрэг тал бол дайсны талаа гэж. Иймэрхүү өнгө аястай ганц нэгхэн нийтлэл, ярилцлага гараадахсан чинь хавийн заецнууд айгаад булт үсрээд Ардчилсан дүрд тоглож эхэллээ. Ардчилсан нам бол нео комунист нам энэ тэр гээд л онолын лут лут дүгнэлт хийгээд байсан хүмүүс тэрхүү нео комунист намдаа нэгдчихлээ. Ардчилал гэж юуг хэлээд байгаа юм болоо. Би үүний учрыг ч сайн ойлгохгүй байгаагаа хэлчихье. Цөөнхийн үгийг сонсох, цөөнхийнхөө үзэл бодлыг хүндэтгэх нь ардчиллын нэг зарчим хэмээн мунхаглана. Харин олонхоороо түрий барьж цөөнхийгөө үгүйсгэн нухчин дарах нь яавч ардчиллын зарчим биш болов уу. Гэтэл ардчилагчид яг л ийм замаар явчихлаа. ИЗН болон НН-ууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байсан боловч ардчилагчид энэ боломжийг нь жадлан эсэргүүцлээ. Хэрэв нэр дэвшүүлбэл ардчиллаас ухарсан урвагч, үндэсний дайсан хэмээн урьдчилан тодорхойлж эчнээ ял оноочихов. Дагуул ардчилагчид үүнээс нь айж үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж байх юм.

Позор. Ийм ч намууд байх гэж. Ийм ч намын дарга нар байх гэж. Шившиг. Өчигдөр Телевизүүдээр Ногоон Намын бага хурлын явцыг бараг л шууд дамжуулж байлаа. АН болон МАХН-ын хурлуудаас дутахгүй л гаргав. Ногоон нам түүхэндээ ингэж анхаарлын төвд орж үзсэн нь үгүй байх. Дээр үед, өнгөрсөн зуунд ганц удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэг намд дэлүү шиг наалдаж байсныг нь эс тооцвол сонгуульд амжилт гаргаж байсан түүх үгүй. Гэтэл өчигдөр юу боловоо. Ийглээр ногоон намын бага хурлын талаарх мэдээллийг цаг тутамд гаргаад л. Гэтэл нөгөөдүүл нь Элбэгдоржтой уулзана, Элбэгдоржтой уулзаж байж шийдвэр гаргана гэж шившиг болдог байна. Нам ч гэж дээ чааваас, тоглоомын нам юм даа. Бүхэл бүтэн нэг намын бүхэл бүтэн бага хурлын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өөр намын даргын амыг хараад шийдвэрээ гаргаж чадахгүй сууж байх ч гэж. Тэдэнд өөрийн намын үзэл баримтлал, байр суурь, зарчим гэх зүйл үгүй бололтой. Эрх ашиг хөөцөлдсөн бүлэг хүмүүс шиг л шийдвэр гаргалаа. Нам нэртэй бөөн хүн. Шийдвэрийг 80% нь дэмжсэн гэхийг бодоход эрх биш бие даасан бодолтой хүмүүс дотор нь байжээ.

Иргэний Зориг Нам мөн л тийм шийдвэр гаргав. Нэр нь л өөр болохоос, гишүүд нь л ондоо болохоос, газар нь тусдаа байснаас яг ижил сценараар явагдаж ихэр юм шиг ижил шийдвэр гаргажээ. Иргэний Зоригт зориг нь байдаггүй гэж үнэн юм. Дандаа л энд тэнд очиж гуйж наалдаж явдаг. Мөнхийн 3 хувьтай мөхлийн ирмэг дээрх улс төрийн хүчин болжээ. Энэ байдлаараа ИЗН хэзээ ч сэхэхгүй бөгөөд 2012 оноос өмнө сайн гуйвал АН-д уусч магадгүй бизээ. Төрхөмдөө буцсан хүүхэн хэзээ л сайн нэртэй байлаа.

Юун нөгөө УИХ-д иргэний блок млок байгуулах. МАХН-тай эвссэн дагуул намын дагуул болчихлоо. Гамингийн гар бароны боол юу юу гэдэг билээ.

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар нэг эвслийн хоёр нам өөр хоорондоо өрсөлдөх болох нь. Өрсөлдөх ч юу байх вэ дээ. Жүжиг тавих нь. Эсвэл эвсэл доторх ротаци гэж ч нэрлэмээр юм уу. Ухаан нь АН-ИЗН-НН эвсээд ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжих бөгөөд хэрэв Элбэгдорж ялчихвал эвслийн ерөнхийлөгч гэж нэрлэх юм уу, АН-ын ерөнхийлөгч гэж нэрлэх юм уу. Бүү мэдээ, бүү мэд. Намаасаа түдгэлзчихээр нөгөө эвсэл нь хаашаа явж одох юм ойлгох юм алга. МАХН, АН-тай эвсэлтэй, АН, ИЗН болон НН-тай эвцэлтэй, НН болохоор ИХН-тай эвсэлтэй. Ёстой цус нь ойртоод байгаа юм уу албан тушаал наймаалцаад байгаа юм уу. Юу болоод байгаа юм чөтгөр аваг.

Ардчиллын талын намууд нэгдлээ гээд л ТВ-үүд шуугиад сүйд. Ямар санаатай тэгээд байгаа нь ч тодорхойгүй. Улайн цайм ах намыг дэмждэг сэтгүүлч Дагиймаа хүртэл Ардчилсан хүчнүүд нэгдлээ гээд л саймшраад магтаад байх нь хүртэл цаанаа л сэжигтэй. Ардчилсан хүчнүүдийг нэгдээсэй гэж би хүсдэг байсан. Санаагаар болдог бол Бүх “ардчилагчид”, “хөдлөгчид”-ийг нэг блокт нэгтгээд нийлүүлээд яваасай гэж боддог. Гэхдээ ганц ерөнхийлөгч сонгоход ингэж нэгдэх биш, ноднин УИХ-ын сонгуулиар л нэгдэх хэрэгтэй байсан юм. Энэ талаар бид зөндөө л бичсэн. Элбэгдорж л АН бол эрийн цээнд хүрсэн нам, хэнтэй ч эвсэхгүйгээр ялж чадна гэж хөөрөөд л, зарим нь түүнийг хөөрөгдөөд л байсан. Одоо болохоор ганц муу Н.Энхбаярын эсрэг юун ч сүртэй эвсэл байгуулах юм бэ дээ.

Энэ хөөрөгдөөд байгаа хүмүүс Элбэгдоржийг золионд гаргаж байгаа юм биш биз. Түүгээр туг тахих гэж байгаа биш биз. Өмнөх сонгуулиудаар Р.Гончигдорж, М.Энхсайхан нарыг яг л тэгж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа ч гэсэн түүнийг ийм эрт тэтгэвэрт гаргах нь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр чинь дөнгөж саяхан л 45 хүрч байгаа биз дээ. П.Очирбатыг хар, Н.Багабандийг хар, одоогийн ерөнхийлөгчийг хар. Бүгд л их улс төрөөс хол хөндий тусгаарлагдсан, зарим нь бүр мартагдчихсан байгааг.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихвал яах юм бэ? Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүмүүс тэгсгээд л гундуухан явж байгаа. Л.Түдэв, Р.Гончигдорж, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Л.Дашням бүгд л улстөрчийн хувьд карьер нь дуусаж байна. Эсвэл карьер нь дуусаж байгаа нь нэр дэвшдэг ч юм болов уу? Ардчиллын нэрээр бусдынхаа үзэл бодлыг боомилж байгаа ийм ардчиллыг би ойлгохгүй байна. Ардчилал гэж энийг хэлдэг юм бол би лав “ардчилагч биш”. Ардчиллыг дэмжиж буй нэрийн дор ямар ч кредитгүйгээр эвссэн нэр хэмээн зүгээр хөндлөнгөөс харж суух намууд ардчилалд хэр нэмэр болохыг харж суух л үлдэх шив дээ. Элбэгдорж ялаасай даа гэж бурханд л залбирахаас.

3 Responses to “БИ “АРДЧИЛАГЧ” БИШ”

  1. amar said

    Хэлээд яахав шал завхарсан юм болдог байна ш дээ. Үнэндээ энэ тухай өчигдөр л мэдлээ. Өмнөх сонгуулиудаас харахад тэд нэгдвэл ялах магадлал өндөрч тийм ерөнхийдөгчтэй болохоос ичиж байна. Нөгөөх нь ялвал дахин нэг 7 сарын 1 үзэх байх даа. Арай тэнцэж эвслийн ерөнхийлөгч гарч ирэх юм биш биз дээ. Улс төрийн тогоон дахь аалзны торонд бага ороолцолдсон шинэ хүн гарч ирвэл дэмждэг юм билүү гэж бодож байсан чинь залуу чинь шогтдог байна ш дээ. УИХ сонгуулийн өмнө С.Баяртай халз мэтгэлцээд дийлдэггүй юм аа гэхэд цэвэрхээн гэх чинь гарч чадахгүй тулаад ялагдсан тэрүүнд л лав залбирахгүй юм шүү.

  2. Batzorig said

    “Юу болоод байгаа юм чөтгөр аваг.
    Элбэгдорж ялаасай даа гэж бурханд л залбирахаас.”
    Манай багш сүрхий бухимдаж байнаа…Би ч бас яг ингэж бухимдаж байна…Юу ч ойлгохгүй байна…Юу болоод байгааг бурхан л мэдэх байхээээ
    Элбэгээ л ялаасай…Би санал нэмэрлэнээ…

  3. элбэгээд 2 зам байгаа гэсэн үг үү? ялаад тэтгэвэртээ гарах эсүүл ялагдаад тэтгэвэртээ гарах

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: