Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ

Posted by bolod on April 21, 2009

Аль нодлин бичсэн юм. Политикс.мн сайтад тавьсан боловч өөрийнхөө блогт тавихаа мартчихаж. Олон хүн С.Баярыг тэр үед тахин шүтэж байсан, би харин болгоомжилж байсан. Нэг их цэцэн мэргэн, ухаантайдаа биш. Зүгээр л энэ улстөрчдөд итгэж бодохгүй гэдэг үүднээс бичиж байсан байх.

С.Баяр гэх эрхэм их боловсролтой, чадвартай, дипломатач, стратегич, дээр нь шийдэмгий, хурдтай ажилладаг гэсэн имижээр нийгэмд танигдаж олны дэмжлэгийг авч байна. Гэвч хэлсэн ярьсанд нь хий зөрүү гарсаар.

МАХН-ын 25-р ИХ дээр намын дарга, ЗГ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж санал оруулж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авсан. Гэвч намын даргын сонгуульд ялангуутаа “Эрх мэдлийг минь олгооч” хэмээн Ерөнхий сайдын албан тушаалыг  шаардав.

ЗГ-ын бүрэлдэхүүн хэт нүсэр, оновчгүй, үрэлгэн бүтэц хэмээн шүүмжилж, бүтцийн шинэчлэлийн тухай ярьсаар байлаа. Харин өөрөө Ерөнхий сайд болонгуутаа, Засгийн газрын бүтэц бол ард түмэнд хүртээлтэй зүйл биш хэмээн мэдэгдэж, өмнөх бүтцийг бараг өөрчлөлгүй, зөвхөн эрхэлсэн сайд гэх ургацаг төдий зүйлийг л танах төдийхнөөр бүтцийн өөрчлөлтөө хязгаарлав. Засгийн Газрын бүтцийг танасан уу, танасан. Яамдын тоо хэвээрээ юу хэвээрээ. Ёстой л хонь бүтэн, чоно цатгалан гэдэг шиг.

Оюу толгой, Таван толгойн орд газруудын Тогтвортой байдлын гэрээг ард түмэн анхааралтай ажиглаж, энэ талын байр сууринаас түүнд хандах хандлага дэмжлэг ихээхэн хамаарахыг улс төрч хүний хувьд тэр сайн мэдэж байгаа. Тиймээс л Таван толгойн орд газрын гэрээг УИХ-аас эргүүлэн татах шийдвэр гаргав. Энэ нь ард түмний дэмжлэгийг тэртээ тэргүй хүлээх буюу. Харин нөгөө талаас Оюу толгойн асуудал тодорхойгүй үлдлээ. Энэ хоёр ХОГ –ний асуудал үргэлж цуг яригдаж ирсэн бөгөөд одоо нэг нэгээр нь салгаж, нэгийг нь татаж нөгөөг нь үлдээж байгаа нь улс төр эдийн засгийн хувьд ихээхэн тодорхойгүй, популизм талаасаа дэндүү ойлгомжтой зүйл билээ. Үлгэрлэвэл эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг.

Нийгэмд бутлан ургасан авлига гэх хорт ургамалтай эрс шийдвэртэй тэмцэнэ гэж мэдэгдэх мөртлөө Засгийн Газрынхаа бүрэлдэхүүнд Ч.Улаан, М.Энхболд мэтийн шударга бус зүйлд нэр холбогдсон хүмүүсийг хэнэг ч үгүй оруулж ирэв. М.Энхболдыг сайн ажиллаж байсан гэж үзсэн юм болов уу. Шударга гэж итгэсэн юм болов уу. Улаан огт гэмгүй юм болов уу. Эсвэл дайснаа удирдлаган доороо ажиллуулдаг удирдагчийн арга барил юм болов уу. Сонгогч зон олон үүнийг нь наашаа харж инээн, цаашаа харж уйлан хүлээж авч байна даа. М.Энхболдын бүлэг С.Баярт дэмжлэг үзүүлэх учиртай жийргэвчийн үүрэг гүйцэтгэнэ. С.Баяр Монголоос үнэн хэрэг дээрээ цөлөгдөж, улс төрөөс хөндийрсөн байх хугацаанд түүнд өөрийн гэх хүмүүс, сүлжээ нь байхгүй болсон юм. Тиймээс М.Энхболдын сүлжээ нь түүний ашиглаад хаях дамжлага төдий.

АН, Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ч.Хүрэлбаатарыг алдаа гаргасан гэх үндэслэлээр ЗГ-т оруулахыг дэмжихгүй хэмээн буцаалаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдэгдсэн. Гэвч 14 хоногийн дотор ЗГ-аа бүрдүүлж чадахгүй бол яана гэсэн шахалтаас гарч айдгүйгээ авдрандаа хиймэгц түүний нэрийг дахин оруулж ирэн хүчлэн батлууллаа. Энэ хооронд эрхэм Хүрэлбаатар алдаагаа зассан байх болтугай гэж залбирах л үлдлээ.

Засгийн Газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдийг гуравны хоёроос илүүгүй байх зарчим баримтална хэмээн тэр мэдэгдсэн. Гэвч одоо нэгэнт байгуулагдсан ЗГ-ын бүтцийг харвал талаас илүү хувь нь, тодруулбал гуравны хоёр нь УИХ-ын гишүүд болжээ.

ЗГ-аа байгуулах мөрөөрөө байгуулахгүй, НИТХ-ын дарга Н.Болормааг БСШУЯ-ны сайд болгочихов. Нийслэлийн иргэд үнсэнд хаясан шалз шиг өрөвдөлтэйгөөр сарвалзан үлдлээ. Нийслэлийн иргэдийг эзэнгүйдүүлэх энээ тэрээ түүнд падгүй. Нэгдүгээрт түүний ЗГ-ын бүрэлдэхүүнд жендерийн талаасаа нэг эмэгтэй хүн хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, Намын 25-р Их Хурал дээр М.Энхболдыг огцруулахад байгуулсан гавъяаг нь үнэлж, хариу барьлаа хэмээн хэвлэлээр шуугиад байгаа нь ортой бололтой. Гуравдугаарт, Хэл амтай ажлаас нь салгаж, хал балгүй ажилд дэвшүүлэн томилсноор намаг балчигаас нь салгаж, ирэх сонгуульд нэр цэвэр орох боломжийг нь нэмэгдүүлж байгаа аж.

ЗГ-ын бүрэлдэхүүнд БНН-ыг оруулж, бараг л хоёр сайдын албан тушаал амалчихаад байгаа юм шиг хэвлэлээр шуугиад байсан. Гэтэл харин Итгэлт баян, Бадарч тахарыг шороо үмхүүлдэг шиг эртний өст ИЗН-д хоёр сайдын суудлыг бэлэглэчихлээ. С.Оюун ч яахав жендер талаасаа ч тэр, зөв хүн имижтэй гэдэг талаасаа ч тэр түүний ЗГ-ын бүрэлдэхүүнд хэрэгтэй байсан. Харин ХХАЯ-ыг Ганхуягт өгсөн нь янаглан хорлосонтой л адил зүйл билээ. Нэгдүгээрт, хүнс өргөн хэрэглээний барааны үнэ асар их нэмэгдсэн. Иргэд үүнд бухимдаж боож үхэх гэж байгаа. Хоёрдугаарт энэ өвөл өвөлжилт хүндэрнэ хэмээн дээр дооргүй ярьж байгаа. Хэрэв энэ жил өвөлжилт хүндэрвэл хөөрхий Ганхуягт орондоо орох зав олдохгүй бий. Тиймээс тэр үхтлээ ажиллаж байж онд орж, ирэх сонгуультай золгоно. Ажиллаж чадвал өөрийгөө аврахаас гадна давхар Баярын ажлыг хийж байгаа учраас өөрийнхөө нэр хүндээс гадна С.Баярын нэр хүндийг өсгөнө. Хүчин мөхөствөл буруу нь харин бүхлээрээ Ганхуяг дээр тохогдоно. Мал өсөөд, 40 саяд дөхөж яг сайхан болж байтал Ганхуяг алаад хаячихлаа гэдэг нэртэй хоцорно. Арай гэж мал төллөхтэй уралдаад хаврын тариалалт гэж далан задгай ажил угтах бөгөөд энэ их ажлыг хийж тариалалтыг давлаа гэхэд ургацыг нь дараагийн сайд хураах болно. Тиймээс Ганхуяг бол үнэгүй зарц ажээ. Ердөө л ашиглаад хаях гондом төдий.

МАХН -ын удирдах зөвлөл ч гэнүү хэсэг нөхдийн хүрээнд шийдвэр гаргаж, Нийслэлийн захирагч Батбаярыг хусаж хаяхаар дайрч байна. Сценарийг нь С.Баяр бичиж, далдаас дохиж, удирдаж байгаа гэлцэнэ. Батбаяр бол Энхболдын олж ирж тавьсан хүн. Сайн муу ажиллаж байгаа эсэх нь тусдаа асуудал. Олон нийтээс хангалтгүй үнэлгээ авч байгаа нь бодит үнэн. М.Энхболд, Н.Болормаа хоёрыг сайдын суудлаар мялаасан мөртлөө Баятбаярыг хусаж хаяхаар оролдож байгаа нь эрүүл ухаанд ойлгомжгүй, логикгүй бөгөөд их улс төрийн хувьд л ойлгож болох дан ганц улс төрийн л шийдвэр ажгуу. Нэгдүгээрт, Энхболдын хүнийг зайлуулснаар, Энхболдыг сайдаар тавьсан боловч түүнийг хүлээн зөвшөөрч бууж өгөхгүй гэдгээ харуулах. Хоёрдугаарт, Энхболдын эрх мэдлээс нийслэл хотыг, өөрөөр хэлбэл улс төрийн утгаар сонгогчдын талыг, эдийн засгийн утгаар ч гэсэн төвийг нь, эрх мэдлийн хувьд суурь баазаа булааж авч байгаа хэрэг. Гуравдугаарт, ерөнхийлөгч, экс ЕС хоёрын эртний далд тэмцлийг эцэст нь тулгаж, ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэн дагуулж тонгорохын  хамт санаачлагаа булааж авч буй хэрэг. 

2007 оны 8 сард Намын Бага Хурлын өмнөх өдөр ТВ-25 сувгаар өгсөн ярилцлагадаа гэмт хэрэгт холбогдсон хүн манай намд ч байгаа, АН-д ч байгаа. Тиймээс энэ цусан өшөөгөө одоо больё. Ээлж ээлжээр бие биенээ намнахаа зогсооё. Өршөөлийн хууль гаргая. Хэрэв хууль зөрчсөн бол түүнээ шударгаар хүлээгээд цайруулаад, өнөөдрөөс эхлээд хууль зөрчсөн ямар нэг үйлдэлтэй харин хатуу хариуцлага тооцох ухааны юм ярьж билээ. Ингэх нь улс төрийн хүрээнд дэмжлэг авахад нь тун чухал байлаа. Ингэж чихэн дээр нь цэцэг ургуулж, цэцэг бүхэн дэлгэрэг хэмээн уриалж байснаа болив. МАХН-ын 25-р Их Хурлынхаа урьд өдөр гэмт хэрэгтнүүдэд ямар ч өршөөл байхгүй. Чанд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн хатуу дүр эсгэв. Өршөөлийн хууль хэмээн цэцэг ургуулж, намынхаа нөхдөөс дэмжлэг авангуутаа Намын дарга болох нь тодорхой болмогц чанд хариуцлага ярьж эхлэв. Энэ нь масст таалагдана гэдгийг тэрээр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэхтэйгээ улс төрч. Намын бага хурал дээрээ, намын гишүүдээрээ чөлөөт шүүмжлэл өрнүүлж баахан яриулав. Эцэст нь, би та нарын юу ярихыг сонсох гэж зориуд яриулсан юм. Хэн юу бодож явдгийг харлаа сонслоо. Гэж хэлмэгц нь үг хэлсэн гишүүд шээс алдах шахаж, түүний дотор М.Энхболдыг өмөөрч нэлээн ширүүхэн үг хэлж байсан Ц.Нямдорж хүртэл хулчгасгээд явчихсан. Саналыг илээр хураана гэнгүүт нөгөө том толгой пийдаалууд бүгд толгой гудайж дагаар орох нь тэр. Тэрээр ийм л улс төрч. 

С.Баярын хийх таван үндсэн чиглэлийн нэгдүгээр нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо. Үүнийгээ хийхдээ хүний гараар могой бариулахаар далдаас төлөвлөж, М.Энхсайхан нар болон АН-ын гишүүн, ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төсөл санаачлуулан УИХ-д оруулуулав. Мөн Иргэний нийгмийнхэн, шинэ байгуулагдсан хэнз намуудаар дэмжүүлэн пиардаж бэлтгэхээр шийдсэн боловч энэ төлөвлөгөө нь гүйцэд хэрэгжсэнгүй. Хууль санаачлагчид ч гэж хариуцлагагүй нөхдүүд дутуу дулимаг, хийтэй төсөл оруулж, иргэний нийгмийнхэн ч гэсэн мэргэн цэцэн улс болж, тал тал тийш нь авч давхиад юу ч биш болгоод хаячихав. Нэг үгээр хэлбэл, нэг амьсгаагаар шийдэх учиртай БАРБАРОС төлөвлөгөөг нь урагшгүй албатууд нь идэвх гарган нурааж, дутуу алсан могой шиг болгож орхилоо. Одоо энэ гацаанаас гарах аргаа хайж ядаж, хүчиндэхээр санаархаж байна.

Дээрх бүх баримтыг зэрэгцүүлэн харвал тэр хоёр үзүүртэй зүй ажээ. Түүний хэлсэн үгэнд итгэхэд бэрх, түүний үйлдлийг урьдчилан тааварлашгүй, шийдвэр гаргана, хагас хэрэгжинэ, найзалж ч болохгүй, дайсагналцахад ч хэцүү. Товчоор хэлбэл С.Баяр бол Н.Энхбаяраас долоон дор дарангуйлагч. Гагцхүү нөхцөл байдал 2007 онд 1997 оныхоос ялгаатай болчихжээ. 1937 онхоос бүр ч ялгаатай л даа. Тиймээс түүнд санасандаа хүрэхэд тийм ч амаргүй байгаа бололтой. Гэвч тэр, Н.Энхбаяр 1997-2000 онд Монгол улсыг хэрхэн гартаа атгасан шиг атгахыг хүсэж, тэмүүлж байна. Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр Намын даргын суудлыг, Ерөнхий сайдын албан тушаалтай цуг булааж авсан бөгөөд, М.Энхболдын дэмжлэгтэйгээр нийслэл болон, МАХН-ын УИХ дахь Энхбаярын бус бүлгийг гартаа оруулж байна. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор ерөнхийлөгч одоо С.Баярын эрхшээлд орж байна. С.Баяр хэрэв сонгуульд ялалт байгуулбал 4 жилийн хугацаанд Ерөнхий сайд хийж, залгуулан 8 жил Ерөнхийлөгчийн сэнтийд суухаар зүтгэж байгаа юм. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нараас ялгаатай нь түүнд, 70 шүргэтлээ Их улс төрд хүч үзэх боломж нээгдэж байгаа юм. Тиймээс 2008 оны сонгууль болтолх 6 сарын хугацаа нь түүний ирээдүйн 10-15 жилийн амьдралыг, улс төрийн карьерийг шийдвэрлэх чухал мөч учраас арван хуруугаа тамтартал, чөмгөө дундартал зүтгэж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөх үе буюу.

2008 оны 1 сарын 1

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: