Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МОЛОМ ЗАНГИ

Posted by bolod on April 22, 2009

Үер кинонд Молом занги гэж нэг лут дүр бий. Дамчаа гуайг “Мандухай цэцэн хатан” кинонд тоглохоос нь өмнө бараг л энэ дүрээр нь нэрлэх шахаж байсан гэдэг. Харсан хүн бүхний зэвүүг хүртэл тоглож чадсан нь жүжигчний чадал авъяас юм даа. Молом занги, цагаан оросуудтай нийлэх мөртлөө, шоронгоос оргосон нэг оросыг тэдэнд хэлж өгч бариулаад буудуулчихдаг нэг хэсэг бий. Шагналд нь сувдан зүүлт аваад их л баярлаж, түүнийгээ эхнэртээ гайхуулах гэхэд нь эхнэр нь хүртэл энэ бузар үйлдлийг нь тэвчихгүй үзэн ядаж байдаг билээ. Молом нэг оргодол босуул оросыг сувдан зүүлтээр зарчихсан л хэрэг.
Үүнтэй төстэй явдал одоо ч болдог, болсоор байна.

Сүүлийн хэд хоногт Солонгосоос Монголчууд олноороо баригдаж ирэх болжээ. Хямрал болж ажлын байр хомсдоод байгаагаас засгийн газраас нь ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Гэхдээ Монголчууд нь бага хөлстэй ч хамаагүй ажиллахыг хүсээд, эзэд нь бас Монголчуудыг нуугаад ажиллуулаад байх сонирхолтой байдгийг бодоход хэн хэнд нь хэрэгцээ байсных биз. Эзэд нь л ямар ч гэсэн барьж өгөхийг хүсдэгүй аж. Тиймээс ийм нуугдмал “харласан” Монголчуудыг илрүүлэхийн тулд мөнгөн шагнал амалжээ. Нэг Монгол барьж өгвөл 200 000 воны шагналтай. Монголчуудаа гэрэлтүүлж барьж өгдөг, өөрсдийнхнийгөө намнадаг, үүгээрээ мэргэжсэн Монголчууд байдаг аж. Барам гээд нэрлэчихье.

Саявтархан би тэндээс баригдаж ирсэн нэг монголтой уулзлаа. Ийм нэгэн Барамд шургуулаад баригдаад иржээ. Үйлдвэр дээрээсээ 10- уулаа баригдаж ирсэн гэнэ. Өглөө үйлдвэрийнх нь үүдэнд нэг Монгол залуу инээгээд мэндлээд, та нар монгол уу гэж асуугаад л бараг тоолоод зогсож байж, ажилд нь оруулчихангуутаа тэднийг хүн нэг бүрийг 200000 воноор арилжчихаад 2 сая вон бэлнээр хармаалаад алга болсон байна. Барам нэг удаа 2 сая вон хармаална, харин 10 Монгол амьдралаараа тоглуулчихаж байгаа юм. Энэ явдлыг Монголчуудаа худалдсан гэхгүй тэгээд өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? Молом зангиас ялгаа байгаа юм уу? Агаар нэг буюу.

Саявтархан С.Баяр сайд Солонгост очоод зарим зүйлийг “хариуцлагагүйгээр” мэдэгдчихсэн бололтой. Тэрээр, “Хаа сайгүй л хямралтай хүнд хэцүү байна. Монголд ч гэсэн ялгаагүй. Монголчуудын ид хөдөлмөрийн насныхан нь гадагшаа ажиллахаар гараад явчихсан тул ажлын байр эзгүйрч энэ хоосон орон зайг гадны ажилчид дүүргээд тэр дундаа Хятад ажилчид эзэлчихээд байгаа нь бас нэг хүндрэл бэрхшээлтэй асуудлыг үүсгээд байна” гэх ухааны юм ярьсан бололтой. Үүнийг баталгаатай бус эх үүсвэрээс авсан тул эндүүрсэн байж болзошгүй.

Ямар ч гэсэн С.Баяр сайд иймэрхүү утгатай үг хэлсэн гэж ойлгосон Солонгосчууд Монголчуудад туслахын тулд зөвшөөрөлгүй ажиллаж амьдарч байгаа Монгол ажилчдыг нутагт нь буцааж Монголын засгийн газарт тус хүргэхээр кампанит ажил өрнүүлжээ. Солонгос эзэд нь ажилчиддаа, танай ерөнхий сайд ирээд ингэж хэлсэн гэнэ, тиймээс ирээд бариад явбал би яаж ч чадахгүй шүү хэмээн урьдчилан сануулж байсан ажээ. Үүний дүйвээнд олон л Монголчууд баригдаж, хүргэгдэж ирсэн бололтой юм. Солонгосчууд ч яахав Монголд тус болох л гэж санасан байх. Харин С.Баяр сайд тэдгээр баригдаж ирж байгаа Монголчуудад тус болж байгаа болов уу, ус болж байгаа болов уу? Үүнээс болж хичнээн гэр бүл салж сарниж, хичнээн гэр бүл амжиргаанаасаа салж байгааг тооцоход хэцүү билээ. Намынх нь нөхөд сонгуулиар гадаадад ажиллах хүч гаргана, тойргоосоо төчнөөнийг солонгос явуулж өгнө гэж амалчихсан, гаргаад байсныг хэлэх үү? Зөрүүлээд хичнээн хүн баригдаж ирээд байгаа бол. Энэ нам засгийн бодлого ер нь хаашаа чигтэй юм болоод байгаа юм гэж будилмаар болох юм. Энэ Баяр ер нь намынхаа талд байна уу, хэний талд байна.

Монголчууд гадаадад хараар ажиллаад байхыг би зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ ард иргэдээ ингэхээс өөр аргагүй байдалд хүргэчихсэн гэдгээ тэд яагаад ойлгодоггүй юм бол. Тэдэнд өөр сонголт байгаагүй болоод л ийм замыг сонгосон хэрэг. Төр засгаас юу ч гуйлгүйгээр өөрийгөө аргалаад гэр бүлээ тэжээгээд явж байгаа иргэдийнхээ сонголтыг хүндэтгээд илүү дутуу үг хэлэлгүй тэвчиж болдоггүй л юм байх даа. Төр засгийн тэргүүн, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн, хөдлөх хэлэх бүрээ бодож тооцож байх ёстой. Нэг хариуцлагагүй мэдэгдэл, илүү дугарсан нэг үг хичнээн хүний амьдралд муугаар нөлөөлж байна аа. Одоо та надад хэлээд өг. Монголчуудаа бэлэн мөнгөөр зарж байгаа Барамнууд болон Монголчуудаа амьдрах аргаас нь салгасан Баяр хоёрын хэн нь илүү буруутай болохыг хэлээд өг.

4 Responses to “МОЛОМ ЗАНГИ”

  1. Tsogtoo said

    Аль аль нь буруутай!
    Баяр илүү буруутай!

  2. amar said

    Мэдээж хэн хэн нь гэхдээ Үйлдэгч нь илүү буруутай. Учир нь тэр бодит болгосон шүү дээ.

  3. “баталгаатай бус эх үүсвэрээс авсан тул эндүүрсэн байж болзошгүй”
    баталгаатай эх үүсвэр байвал Баярын буруутгаядөө

  4. Tamir said

    Saikhan oguulel bn. Er ni Bayriig neg bicheech.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: