Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МОНГОЛЧУУД ӨӨРЧЛӨГДЧИХЖЭЭ

Posted by bolod on June 18, 2009

Монголын нийгмийн харилцаа хийгээд Монголчууд хэрхэн өөрчлөгдсөн талаар ярих нь маш өргөн хүрээтэй сэдэв тул ойртож халдаж үл зүрхлэн, зөвхөн илрэл нь байж болох гурван жишээгээр л хязгаарлаж, та бүхний анхаарлыг энэ зүгт хандуулъя.

“Universe Best Songs” шоуны эцсийн шатны шалгаруулалтын гала концертийг үзлээ. Энэ шоуг үзээд хамгийн түрүүнд надад ямар сэтгэгдэл үлдсэн бэ гэхээр, Монголчууд өөрчлөгдчихжээ гэх бодол. Мэргэжлийн биш хүмүүс гэх, ямар ч мундаг дуулдаг бүжиглэдэг юм бэ? Тайзан дээр гарч үзээгүй голдуу гэх юм, сандарч тэвдээд алингаа алдаад байгаа юм алга, мэргэжилтнүүдээсээ дутахгүй. Монголчууд шоуг хийгээд сурчихаж. Эхлүүлж байгаа, үзэгчдийг хөөргөж байгаа, нэгтгэж байгаа, төвлөрүүлж байгаа, дунд нь оновчтой газар пауз авч, оновчтойгоор хослуулж байгаа энэ тэр нь ч тэр. Шоуг олон сараар үргэлжлүүлж жинхэнэ утгаар шоу бизнес болгон хувиргажээ. Жор технологийг тааруулжээ. Хамгийн гол нь оролцогчдоосоо илүүгээр үзэгчид нь өөрчлөгдчихөж. Хэнийг, юуг дэмжих болоод юуны тулд ирснээ сайн мэдэж байна.

Судлаачид, Монголчууд бүрэг ичимхий, дотогшоо улсууд, үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө гадагшаа гаргаж илэрхийлдэггүй гэхчлэн дүгнэдэг байсан. Энэ нь Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилтай ихэвчлэн холбоотой гэнэ. Чимээгүй бай, томоотой бай гэхчлэн үргэлжлэн яншиж сануулахаас гадна, сургалт нь ч номхон суулгаж, эгнэж жагсаах байдлаар явагдана. Цэцэрлэгээс нь авахуулаад их дээд сургууль төгстөл нь, цэцэрлэг сургууль дээрээ төдийгүй гэр орондоо хүртэл өөрийнхөөрөө байж, хашхирч уйлах эрхгүй шахуу. Энэ нь явсаар эцэстээ монголчуудыг ийм бүрэг ичимхий, үзэл бодлоо байтугай, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй дотогшоо гөлгөр болгодог гэнээ.

Харин энэ шоуг үзээд өөр сэтгэгдэл төрж байна. Тэд үнэнээсээ байдаг чадлаараа хашхирч, дэмжих гэснээ дэмжээд сурчихаж. Өмнө нь би олон л концерт, шоу үзэж байсан. Томоохонуудыг нь л юу юм гэхээс, тэднийг эс тооцвол хэртэй л бол ингэж хашхирч үнэнээсээ дэмжиж байхыг хараагүй санагдана. Хурдын концертон дээр л үзэгчид нийтээрээ дагаж дуулахыг үзсэнээс биш өөр олон тохиолдлыг санахгүй байна. Гэтэл энэ концертон дээр дуулж байгаа дуучид чинь хэний ч танихгүй, тэгээд мэргэжлийн биш, хуучнаар бол уран сайханчид байсан шүү дээ. Гэтэл тэднийг дэмжих гээд заал дүүрэн хүн цуглачихсан төдийгүй эхлэхээсээ авахуулаад дуусах хүртэл нь бүтэн гурван цагийн турш огтхон ч дуу нь сулралгүй, ядарч цуцсан уйдсан шинжгүй дэмжиж, хоолойгоо сөөтөл хашхирч, дагаж дуулж, алгаа ташиж, босон харайж байлаа. Дэмжих гэснээ дэмжээд, сэтгэлийн хөөрлөө илэрхийлээд, өөрөө өөрийнхөөрөө байж, дуучиддаа ч дэм өгч, өөрсдөө ч түүнээсээ таашаал авч, сэтгэл хангалуун гарах шиг болсон. Монголчууд өөрчлөгдөөгүй байна гэж үү?

Дараагийн жишээ бол 8 сарын 14. Энэ өдөр Монголчууд Олимпийн аваргатай болсон. Монголчууд сэтгэлийн хөдөлгөөнөө ямар нэг хаалтгүй илэрхийлж, үнэнээсээ баярлаж хөөрч, бие биедээ чин сэтгэлээсээ баяр хүргэж байсан. Хэний ч албадлагагүйгээр талбай дүүртэл цугласан олон түмэн, хэнд ч хамаагүй, таних танихгүй ялгалгүй, дээр дооргүй адилхан бие биедээ баяр хүргэж, гар гараа алгадалцаж, тэврэлдэж байх юм. Тэнгэрийн дор зөвхөн Монголчууд л гэж байхаас дээр дор, дарга түшмэлийн ялгаа алга байлаа. Энэ өдөр талбай дээр цуглая гэж хэн ч уриалаагүй, олимпийн аваргатай болох нь түүхэн үйл явдал гэж хэн ч сурталдаагүй, нийтийн баяр болно гэж хэн ч зохион байгуулаагүй. Ердөө л олныг хамарсан баяр хөөр нь зөнгөөрөө дэлбэрэн гарсан нь тэр.

Гурав дахь жишээ бол 7 сарын 1. Энэ өдрийн үйл авдлыг жагсаал цуглаан байсан, нийгмийн эмх замбараагүй явдал байсан, зохион байгуулалттай зандалчлах гэмт хэрэг гэхчлэн олон талын, олон өнцгөөр, олон янзын байр сууринаас харж хандаж хийсэн тайлбарууд байгаа ч, энэ үйл явдал яг юу байсан юм бэ гэж дүгнэлт хийхийг энэ удаад хүссэнгүй. Зүгээр л 7 сарын 1 –ний үйл явдал, үзэгдэл гээд нэрлэчихье. Энэ өдөр Монголчууд үзэл бодлоо илэрхийлсэн, цугласан. Аль нэг нам үүнийг зохион байгуулахыг оролдсон бол магадгүй барагтай хүн цуглахгүй байсан байх. Хэн нэг нэр дэвшигч ч үүнийг хийж чадахгүй. Тэр өдөр тэнд хэн нэг нам хүчин, аль нэг эвсэл, нэр бүхий лидер улстөрч энээ тэрээгийн төлөө бол нэг их олон хүн цуглаагүй байх. Чиний төлөө амиа өгье, нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцана гэж хэн ч ирээгүй. Ердөө л аяараа бий болсон олон түмний дургүйцэл, өмнө нь хуримтлагдсан олон олон асуудлын хариулт, тайллыг нэхэж энэ өдөр тэсэрсэн болов уу? Энэ давалгаан дээр кредит хийх гэсэн олон талын байр суурь, улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол бол мэдээж байсан. Энэ үйл явдлыг өөрт болон өөрийн талд ашигтайгаар эргүүлэх гэсэн, улс төрийн ашиг гаргах гэсэн хүчнүүдийн, нэр бүхий хүмүүсийн тоглолт дээр цаашдын үйл явдал өрнөсөн. Энэ талаар үл өгүүлэн өгүүлэхэд, энэ өдөр Монголчууд үзэл бодлоо илэрхийлсэн, юунаас ч айхгүй, зохион байгуулалтад орчихвол юу ч хийхэд бэлэн байгааг харуулсан. 7 сарын 1 ний үйл явдлын дараачаас нийгэм нэг хэсэгтээ айдаст автсан нь үнэн ч, тэр үед хэн нэгнээс, ямар нэг хүчнээс, аль нэг намаас огтхон ч айгаагүй. Өнөөдөр Айдасын талаар цуврал шахуу бичлэгүүд ар араасаа гарч байгаа ч тэр нь хамгийн үнэн голыг нь олсон дүгнэлт гэх баталгаа байхгүй. Яахав номенклатурчид, бэртэгчингүүд, улс төрчид айдаст автсан нь үнэн. Монголын нийгэм бүхэлдээ эцэс төгсгөлгүй айдаст автсан гэж дүгнэх боломжгүй. Түр зуурын намжмал байдалд орсон гэвэл илүү үнэнд нийцнэ. Дүгнэвэл 7 сарын 1 нь үзэгдэл болохынхоо хувьд өмнө нь хуримтлагдсан олон олон асуудлын хурц илрэл, нийгэмд бугласан архаг өвчний симптоми, үйл явдлын үр дагавар байсан болохоос шалтгаан нь байгаагүй юм. Энэ нь Монголчуудын нийгмийн сэтгэл зүйд эргэлт гарсны, монголчууд өөрчлөгдсөн болохын шинж тэмдэг гэж хэлж болно.

Дахиад л Баабараас эш татъя. Тэр “Намайг оролцуулаад надаас дээш үеийнхэн үхэж дуусахаар Монголын нийгэм цэвэршинэ” гээд хэлчихсэн. Нэг хэсэг нь, Баабар ахмадуудыг бүгдийг нь буудах, алах юм ярьж байна гэж зэвүүцсэн өрвөлзсөн. Нөгөө хэсэг нь, өө эдний үхэж дуусахыг хүлээх юм бол нас гүйцэхгүй юм байна гэж урам хугарсан, шантарсан. Баабар өөрөө тоолын эх биш л дээ. Яг Баабараас хойш төрсөнгүүд нь дандаа шинэ үеийнхэн, түүнээс өмнө төрсөнгүүд нь хуучны үлдэгдэл хунхуузууд гэж хатуу хуваах ч боломжгүй. Баабар ийм хуваалт хийхийг ч хүсээгүй байх. Багцаагаар өөрөөрөө жишээ аваад л хэлчихсэн хэрэг. Гэтэл нөгөөдүүл нь үүнийг шууд буулгаж аваад хадуурчихсан. Эндээс л шинэ үе эхэлж байнаа ч гэдэг юм уу, надаас л шинэчлэл эхэлж байгаа гэж хэлчихэд хэцүү учраас шилжилтийн үе энэ тэр гэсэн нэр томъёог хэрэглэдэг. Шилжилт ямар шатандаа яваа хийгээд хэзээ шилжиж дуусах талаар мэтгэлцдэг ч энэ нь тусдаа сэдэв тул ингэсгээд товчилъё.

Нийгмийн үзэгдлийн хувьд ямар нэг эргэлтийн юм уу хугарлын цэгийг яг энэ байна гээд заах боломжгүй. Энэ өөрчлөлт нь алгуур аяараа аажуухан явагддаг учраас. Математикт, ийм хугарлын цэгийг дифференциалчлагддаггүй гэж нэрлэдэг. Энэчлэн үзвэл нийгмийн энэхүү өөрчлөлт нь дифференциальчлагддаг функц байх бөгөөд эргэлтийн цэгээ аль хэдийн давчихсан гэж үзэж болно. Товчоор хэлбэл Монголчууд өөрчлөгдчихжээ.

2 Responses to “МОНГОЛЧУУД ӨӨРЧЛӨГДЧИХЖЭЭ”

  1. Batzorig said

    Монголчууд өөрчлөгдсөн нь ерөнхийлөгчийн сонгуулиас л харагдсан шүү дээ

  2. АМАР said

    Сайн байна уу?
    Хаана алдаа гараад байгааг мэдсэнгүй юм бичиж болдоггүй ээ. Тэгээд мэйлээр явуулчихлаа.

    Нөгөө Бурхан багшийн “Өө миний нас хүрэхгүй юм байна.” гэдэг онигоо биш дээ. Одоо өөрчлөгдөхгүй юм бол хэзээ өөрчлөгдөх юм бэ?

    Ардын хувьсгал 1921 онд ялсан ч 60,70 онд ид бүтээн байгуулалт, амар жимэр, хөгжил цэцэглэлт энэ тэр гэсэн жинхэнэ сайхан үе байсан гэдэг. Энэ хоорондох 40,50 жилд юу юу болсон тухай бид мэднэ. Харин ардчиллын 60, 70 оныг үзэх цагийнхаа лавтай 20 жилийг ардаа хийсэн бид үлдсэн 20, 30 жилийг товчлох болов уу? Хэрэв бид чадвал үнэхээр өөрчлөгсөн эс бөгөөс энэ жам ёсны үзэгдэл гэлтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: