Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ

Posted by bolod on June 19, 2009

Өчигдөр Монгол улс шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Түүнийг “ардчилсан” ерөнхийлөгч, “шударга” ерөнхийлөгч гэж ямраар ч нэрлэх нь одоохондоо эрт байна. Ямар Богд тодруулж цол өргөмжилж байгаа биш дээ. Богдуудыг тодруулж цол өргөмжилчихөөд л “Бадаргуулалт төрийн”, “Сайшаалт ерөөлтийн”, “Олноо өргөгдсөний” гэхчлэн он тооллоо нэрлэдэг байсан хуучин заншил санагдчихлаа. Харин Их Монгол улсын хаадыг хийсэн бүтээснээр өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг нэрлэдэг байсанчлан, одоогийн ерөнхийлөгчдийг нэрлэх гэж байгаа бол түүнд ямар нэг нэр шошго зүүх нь арай эртэднэ. Тиймээс зээлээр цол өргөмжлөлгүйгээр зүгээр л ШИНЭ ерөнхийлөгч гэж нэрлэе.

Тэр үнэндээ шинэ ерөнхийлөгч юм шүү. Анхны ерөнхийлөгч П.Очирбат анх сонгогдохдоо МАХН-аас нэр дэвшиж сонгогдож байлаа. Хоёр дахь удаад харин ардчилсан намаас нэр дэвшсэн байх. Дараагийн ерөнхийлөгчид бүгд л МАХН-аас нэр дэвшсэн ерөнхийлөгчид байсан билээ. Ингээд бодвол Ц.Элбэгдорж “Ардчилсан” хүчнийхнээс сонгогдож байгаа анхны цоо шинэ ерөнхийлөгч мөн юм.

Өмнөх ерөнхийлөгчид ихэвчлэн улиран сонгогддог байсан. Үүнд нь ерөнхийлөгчийн институцийн нэр хүнд эерэгээр нөлөөлдөг байлаа. Гэтэл энэ удаад Н.Энхбаяр дахин сонгогдож чадсангүй. Нэг л удаагийн бүрэн эрхийн хугацаагаар түүний ерөнхийлөгчийн алба дууслаа. Ингээд бодвол Ц.Элбэгдорж бас л хуучин ерөнхийлөгчийг дундаас нь халж сонгогдсон шинэ ерөнхийлөгч мөн.

Урьд урьдын ерөнхийлөгчийн сонгуулиудад намын фон чухал үүрэгтэй байдаг байлаа. Тэд бүгд л намын фоноор гарч ирсэн ерөнхийлөгчид. Хэдийгээр ерөнхийлөгч болчихвол намаасаа түтгэлздэг боловч энэ нь хэлбэрийн төдий. Ард түмэн тэртээ тэргүй тэр намын ерөнхийлөгч гэж нэрлэх болдог. Харин энэ удаад эрх барьж буй хоёр намын нэр хүнд доройтож, унасан үе байлаа. Тиймээс зөвхөн намын дэмжлэгийг харсан бол Ц.Элбэгдорж сонгогдож чадахгүй байлаа. Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгч бол жинхэнэ утгаар ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч болж байна. Тиймээс тэр цоо шинэ зарчмаар сонгогдсон цоо шинэ ерөнхийлөгч болж таарч байна.

УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хот хөдөөгийн ялгаа электоратуудын сонголтод илэрхий ажиглагддаг. Гэвч сонгуулийн дүнд хөдөөгийнхний санал дандаа илүү жин дарж ирсэн билээ. Хэдийгээр хотод сонгогчдын дийлэнх нь байдаг боловч, хотын сонгогчид ардчилсан хүчин болон иргэний хөдөлгөөнүүдийг илүү дэмждэг боловч МАХН хөдөөгийнхний дэмжлэгтэйгээр дандаа ялалт байгуулж байлаа. Гэтэл энэ удаад сонгуулийн дүнг хот тодорхойлж чадлаа. Ц.Элбэгдорж, хотын сонгогчдын санал сонголтын өнгийг тодорхойлж чадсаны хүчинд сонгогдсан анхны ерөнхийлөгч, нэг талаар хотын ерөнхийлөгч болов.

Түүнийг “ШИНЭ” ерөнхийлөгч байхыг хүлээсэн хүлээлт нь бүр ч их. Тэр авлигыг үгүй болгоно, авлигачдыг бөхийлгөнө, ард түмний нурууг тэнийлгэнэ, боловсролыг шинэчлэнэ чанаржуулна, оюутнуудад стипенд олгоно, ардчиллыг шинээр болон сэргээн тогтооно, эх орны болоод эрдэнийн хувийг хүртээхийг шахна, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг Монголд ашигтайгаар шийдүүлнэ, баялгийн хуваарилалтыг шударга болгоно, шүүхийг шинэчлэнэ, хуулийг шударга үйлчилдэг болгоно гэхчлэн амандаа орсноо л амалсан. Хэдийгээр нэг их зүйлийг хүлээх нь бодитой биш ч ямар ч байсан тэр чинь “ШИНЭ” ерөнхийлөгч шүү дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: