Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НОГООН ОРХОН

Posted by bolod on July 29, 2009

…Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд…

Ногоон гэхээр та нэг их гоёор бодов оо. Яахав сүүлийн үед Ногоон нам УИХ-д суудалтай болж, ногоон үзэл баримтлал Монголд дэлгэрэх маягтай, дэлхийд ногоон үзэл эрчимтэй дэлгэрч байгаа болохоор эерэг байдлаар сонсогддог болсон байж мэдэх юм. Энэ удаад би сөрөг утгаар хэрэглэх гэж байна. Хүлцэл өчье.

Орхон гол ногооноороо эргэчихэж. Хөгшин Орхон гэж байдгаас ногоон Орхон гэж байхгүй, Орхон түшээ (түшээ гүн энээ тэрээ гэж өргөмжлөх нь зарим хүнд эмзэг сэдэв тул ингэсгээд орхиё) мөрнийг минь битгий доромжил гэж битгий мэтгэлц. Орхон гол ногооноороо эргэж байна. Эрх биш Орхон голын саваар урсаж байгаа юм болохоор Орхон гол гэж нэрлэлээ. Тийм гэж хэлэхийн эцэсгүй, шар ногоон өнгөтэй, бохир ус Орхон голын ай саваар урсаж байна.

8Nuur 032 (WinCE) Хархориноос өгсүүлээд Орхон голын усыг ажлаа. Доогуураа ч яахав улаанаараа урваж байна. Эхэн үедээ ч үертэй байна гэж эндүүрлээ. Улаан голоос дээхнүүрээ ногооноор эргэж байна. Ус нь ч бага байна. Энэ ч яавч үер биш болж таарлаа. Ийм бага устай, миний мэдэх үергүй үеэс ч бага устай, гантай жилээс ч бараг татруу устай мөртлөө улаанаар урваж, ногооноор эргэж байна. Загаснууд нь уснаасаа зугтаж амиа хорлож байна.

Саяхандаа, УИХ-ын эрхэм гишүүн, Өвөрхангай аймгаас сонгогдсон, сая ч бас улиран сонгогдсон З.Энхболд нутгаараа “айлчилж” ирээд халаглаж гаслаад л, би Орхон голынхоо уснаас амсаад биеэр юм туурлаа гээд л асуудал болоод л, нутаг усандаа хайртайгаа гайхаад байсан. Хоёр жил өнгөрлөө, байдал яг хэвээрээ, хэвээрээ ч гэж бүр дордчихож. Эрхэм гишүүд Оюутолгой, Таван толгой, дэлхийн санхүүгийн хямрал гэлцэн ихийг ярьж том сэтгэх зуур нутаг орон нь сүйдэж дууслаа даа. Хаврын чуулганаар ойн сан, голын ай савд уул уурхайн олборлолт хийхгүй байх тухай хууль баталчихлаа гээд л сайрхаад байсан. Онги голын Ц.Мөнхбаярын хэлж байгаагаар бол амин сүнс нь болсон хэд хэдэн заалтыг хасчихсан гэнэ. Угтаа тэд л шахаж байж батлуулсан юм.

Харин надад нэг л заалт нь огт ойлгогдохгүй, таалагдахгүй байна. Хууль батлагдсанаас хойш 5 сарын дараагаас алтны болон бусад компаниуд голын ай саваас савраа татах юм гэнэ. Тэр болтол чадлаараа ух, өрсөж ид, сүйтгэ, сөнөө, усыг нь эргүүл, уулыг нь нураа, чаддаг л юм бол гэснээс ялгаа юун. Нөгөөдүүл нь ч төлөвлөгөө нормоо 300 хувь давуулж ухах биш эргүүлж байгаа гэнэ. Алтан дорнод, Монгол газар тэргүүтэй мангасууд Орхон голын яг эхэнд алт ухаж сүйтгэж байгаа гэж нутгийн иргэд ярьж байна. Нутгийн иргэдэд бас л наалдах юм үртэс ч үгүй. Эсэргүүцсэн, юм хэлснийг нь бороохойтой цагдаа нар зодож дарамталдаг, барьж хорьдог гэлцэнэ. Эсэргүүцээд буудуулсан шархатсан улсууд ч байдаг бололтой. 7 сарын нэгнийхнээс илүү юу гэхээс дутуугүй олон хүн шархатсан гэлээ. Энэ Монголын чинь эзэн нь чухам хэн юм бэ? Ухаад л байдаг ухаад л байдаг, хэнд ер нь ашигтай юм бэ? Хэлээд өгөх хүн байна уу? Татвар матвар, улсын төсөв, ажлын байр майр гэж хуурах гэж байгаа бол хол очиж хуцаарай гэх байна. Сүйтгээд дуусчихсны дараа тэр хэдэн халтар төгрөгөөр Орхон голыг сэргээж болох эсэхийг хэлээд өг.

Юу ч гэж хэлэх билээ. Орхоны хөндий төв Монголчуудын нутаг гэж хэлэх аргагүй болж, хүн үүссэн өлгий энэ тэр гээд байдаг нь ч хаачлаа. Улаанбаатараас нийслэлийг Орхоны хөндий рүү нүүлгэнэ гэсэн ерөнхийлөгч Элбэгдоржийн төлөвлөгөө цаасан дээр л нурлаа. Орхоны хөндийд Орхоны сайр л үлдэх вий. Алдарт Үүртийн тохой, хоёр жилийн дараа Үүртийн хавцал болчихож мэднэ. Өвөрхангайн гишүүд 2012 онд нутагтаа очиход цаазын тогтоол нь бэлэн, дүүжлүүрийн олс нь өлгөөтэй угтах бизээ.

One Response to “НОГООН ОРХОН”

  1. amaraa said

    Пээш. Ямар аймаар юм бэ?
    Манайхан ер нь нэг хэрэглээний улс юм аа. Дахин ашиглана энэ тэр гэсэн ойлголт алга аа.
    Бүх юм болоод өнгөрсөн хойно нь тэднийг яаж ч дүүжлээд яах ч юм билээ дээ. Харин одоо хөдөлбөл байгалиа, иргэнээ аль алийг нь аврах бусуу? Нөхөд өө!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: