Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЖИНХЭНЭ ПАРЛАМЕНТ

Posted by bolod on August 21, 2009

А.Дюмагийн зохиолуудыг хүүхэд байхдаа мөн ч амтархан уншдаг байж билээ. Тэр дундаа “Шадар гурван цэрэг”, түүний үргэлжлэл болох “Хорин жилийн дараа” зэрэг зохиолуудыг бүр ч шимтэн уншдаг байлаа. Хэдэн удаа давтан уншсан тоогоо алджээ. “Хорин жилийн хойно” зохиол бараг 900 гаад хуудастай бандгар зузаан ном, би хоёрхон шөнө л уншиж дуусгаж билээ. “Арван жилийн дараа” зохиол 3 боть, Монгол хэлээр орчуулагдаагүй, зөвхөн орос хэлээр л байх, гэхдээ төв номын санд 1 ба 3 –р боть нь л байдаг байж билээ. Оросоор сайн ойлгохгүй хэрнээ л захиалан авч, гөрдөн уншиж дуусгасан. Би ямар орос сургууль мургуульд сурсан ч биш, ардын хүүхдүүдтэй адил жирийн монгол сургуульд сурсан. Бушуухан орчуулагдаж гараасай гэж мөн ч их хүлээсэн дээ. Тэгсгээд мартаж орхиж, юун ном момтой манатай нэгэн үе өнгөрсөн юм, Монголд. 20 гаран жил өнгөрсний эцэст монголоор орчуулагдаад гарчихсан байсанд, яамай даа гэж их л олзуурхсан сан. (Гэхдээ орчуулга нь ч тааруухан юм уу, зохиол нь ч сонирхолгүй юм уу, миний хүлээлтэд хүрээгүй)

Энэ бүхнийг үл өгүүлэн өгүүлэхэд, шадар гурав маань Д.Артаньянтайгаа Англид хоёр дахиа очоод, I Карл хааныг цаазлах ялаас мултлахаар овлож байх үеийн нэгэн сюжет гэнэтхэн санаанд орчихлоо. Тэнд “жинхэнэ парланмент” гэж нэг ойлголт гардаг юм. Жинхэнэ парламент гэдэг нь хөрөнгөтний хувьсгалын нэгэн эрхтэн, хурандаагийн цэвэрлэгээ хийсэн парламентийг хэлдэг. Зохиолд ингэж гардаг:

“…Хурандаа Придж уул нь хөтөч хүн. Тэрэг тууж явахдаа замд чулуу дайралдвал дугуйгаараа өнхрүүлж давах гэж оролдохын оронд өргөн замаас зайлуулчих нь дээр гэдгийг ойлгосон байжээ. Тэгээд тэр парламентийн хоёр зуун тавин нэгэн гишүүний нэг зуун ерэн нэг нь түүний замд саад болоод, улс төрийн төлөө зүтгэх сүйхийг нь онхолдуулж мэдэх байсан тул урьд нь замын чулууг зайлуулдаг байсан туршлагаа хэрэглэн, тэднийг зүгээр л парламентаас хөөгөөд гаргачихсан юм. Хөөгдсөн гишүүд цөм Стюартын талынхан байсан тул тэд эзэн хааныг өмгөөлөн аварч болох байсан юм…” Ингэж дан өөрийн талынхнаас бүрдүүлсэн парламентаа тэд “жинхэнэ парламент” гэж нэрлэсэн тухай зохиолд гардаг.  

Манай парламент чинь үүн шиг “жинхэнэ парламент” юм биш биз гэж сүүлийн үед бодогдох боллоо. Тэрчлэн, яг энэ логикоор манай засгийн газар ч гэсэн “жинхэнэ засгийн газар” байж магадгүй билээ. 2008 оны сонгууль маапаан будлиантай болсны дараагаар С.Баяр сайд “Стандарт бус нөхцөл байдалд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй” гэж хэлж байгаад, хэдийгээр СЕХ-ны “албан ёсны” дүнгээр МАХН олонх болж дангаараа ЗГ –аа байгуулах боломжтой байсан ч гэсэн зөрж сөрж байгаад, намынхнаа гомдоож, хохироож байгаад хамтарсан засгийн газрыг байгуулсан билээ. (2008 оны 7 сарын 2 -нд С.Баярын стандарт бус лут шийдвэрийн талаарх таамаглал Оросын хэвлэлүүдээр гарчихсан байсныг сүүлд мэдсэн) Тэр үедээ, “Оюутолгой, Таван толгойн ХОГ-ийн гэрээг хийхийн тулд ингэхээс өөр арга байхгүй” хэмээн мэдэгдэж, энэ засгийн газар бол Оюутолгойн гэрээг байгуулахын тулд байгуулагдсан Засгийн Газар шүү гэдгээ тодотгосон санагдана. Тэр ёсоор ч болж байх шиг байна. “Жинхэнэ Засгийн Газрын” боловсруулсан гэрээг “жинхэнэ парламент” батлах дээрээ тулж ирээд байна. Ингээд л батлах нь л дээ. Нэгэнт батлагдчихвал дээшээ тэнгэр хол болох буюу. Үүний тулд л парламент дахь сөрөг хүчнийг устгаж нэгтгэсэн билээ. Нидэр дээрээ “жинхэнэ парламент” байгуулчихсан хэрэг биш гэж үү? Би хариуцлагаа үүрээд ороод ирлээ гээд л ярвалзаад байсан, Баярт хариуцлага хүлээх нас ч байхгүй, бие ч байхгүй. Хариуцлага хүлээхгүй хүн л ачаа татаад байна даа.

Жил гарангийн өмнөхөн л Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр бөөр бөөрөөрөө нийлж сууж байгаад, “Монгол улс 51 хувийг эзэмшинэ” гээд л гар барилцаад л сүйд болоод байгаагүй билүү. Тэр мэдэгдлийг нүгэл хурааж харсан миний хоёр цэхэр яах билээ. Одоо нэг нь ерөнхийлөгч, нэг нь ерөнхий сайд болчихоод ҮАБЗ-д дийлэнх олонхболчихоод байна. Гэтэл тэр хэлсэн ярьсан тохиролцсоноо мартчихсан гэж үү. Тэр тохиролцоо зөвхөн сонгуулийн шоу, сонгуульд ялах оноо цуглуулах гэсэн оролдлого байсан гэж үү? Хүнд худлаа хэлж байгаад юмыг нь авахыг залилан энэ тэр гэж зүйлчилдэг биш билүү. Энэ залилангийн хэрэг биш биз. Юм мэддэг хүмүүсээс асуугаад өгөөрэй дөө.

Хавар Оюутолгойн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирэх үеэр, 34%-ийн тухай асуудал хөндөгдөхөд С.Баяр сайд, “Хууль нь тийм юм, яах ч арга алга” гэхчлэн их л хууль сахидаг хүний дүр эсгэв. (Энэ хууль нь Нямкадуулсан болохоор хүчин төгөлдөр эсэх нь ч эргэлзээтэй) Гэтэл өмнөхөн нь тэрээр хууль дээгүүр гишгичиж, “эхлээд гэрээгээ баталчихъя, дараа нь гэрээндээ тохируулаад хуулиа өөрчлөөд баталчихъя” хэмээн санал гаргаж байсан удаатай билээ. Энэ хууль тогтоогч, хуулийг хэрэгжүүлэгч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавигчид чинь ийм юм ярьж болдог билүү. Хууль тогтоогч хэрэгжүүлэгч, Зсагийн газрын тэргүүний хувьд их л хариуцлагагүй үйлдэл дээ.

Одоо тэд цэвэрлэгээгээ, чулуу зайлуулдаг технологио дахин хэрэглэж байна. Гэхдээ түүнийгээ хуулийн дагуу хийх гэнэ. Эхлээд гэрээгээ баталчихаад, дараа нь хуулиа өөрчлөх гэж муйхарлахаа больжээ. Харин гэрээ батлахад саад болоод байгаа хэдэн зүйл заалтыг өөрчлөх, үүний тулд дөрвөн ч хуульд өөрчлөлт хийх саналыг оруулж ирж байгаа гэнэ. Нөгөө хөрөнгө оруулагч тал тийм санал тавьсан гэнэ. Яагаад гэхээр ингэж өөрчлөлт оруулахгүй бол тэд Монголын талыг дэндүү шулан мөлжих гээд байгаа юм байх. Тиймээс арай гайгүй “шулан мөлжихийн” тулд энэ энэ хуульдаа ийм ийм өөрчлөлт хийчих гэж санал тавьжээ. Хууль санаачлах, хуульд өөрчлөлт оруулах эрх Монгол улсад хэдхэн субъектэд байдаг. Тэдгээрийн тоонд Монгол улсын бүрэн эрхт гишүүн боловч жив жирийн иргэн бол орохгүй, харин Монгол улсын иргэн биш боловч мөнгөтэй, Монголд хөрөнгө оруулах гээд байгаа этгээд бол ордог бололтой юм. Эргэж үндсэн хуулиа нэг судлахаас… 

Энэ удаагийн цэвэрлэгээнд саад бологч бул чулуу болсон хэд хэдэн хууль, түүний зүйл заалтууд өртөх бөгөөд эхлээд тэдгээр хуулинд өөрчлөлт оруулж замаа цэвэрлээд дараа нь гэрээгээ батална. “Ингэвэл хууль маань “жинхэнэ хууль” болж, гэрээ ч “жинхэнэ гэрээ” болж, “жинхэнэ засгийн газрын” боловсруулсан “жинхэнэ гэрээг”, “жинхэнэ парламент” батлах ажээ. С.Баяр сайд маань, “хууль нь тийм юм, хуулийн зүйл заалт нь тийм болохоор яах ч арга алга даа“ гэж хэлж болохгүй л байгаа юм байх даа. Үгүй ажээ. Тэдэнд ашигтай бол хуулиа мөрдөнө, бидэнд ашигтай бол хуулиа тэдэнд ашигтайгаар өөрчилж байгаад гэрээгээ байгуулах юм байна. Үүнийг л “жинхэнэ парламент” гэдэг ажээ. Үүнийг л хууль номтой, эрх зүйт төртэй, бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдэг ажээ.

2 Responses to “ЖИНХЭНЭ ПАРЛАМЕНТ”

  1. erdenebaatar said

    Гоё юм аа

  2. zorigtsoc said

    Жинхэн компани нь захиа бичиж жинхэн парламент нь батлаад ЖИНХЭНЭ гэрээ Батлагдах юм байна л даа…сонин сонин юм харж болох юм байна…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: