Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НОГООН ЕРӨНХИЙЛӨГЧ

Posted by bolod on September 3, 2009

(А.Баатархуягийн гаргасан энэ томъёолол таалагдсан тул үг үсэгчлэн хууллаа. Гэхдээ сөрөг утгаар биш эерэг утгаар нь ойлгоно уу)

Ерөнхийлөгч хичээл заав. Дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар. Ерөнхийлөгч маань ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үеэсээ л идэвхтэй ногоорсон. Ногоон намтай эвсэж сонгуульд оролцсон нь ч нөлөөлсөн байх. Аа тийм байгаль орчны асуудал… хэмээн хэлсэн үг ярианыхаа төгсгөлд заавал санаж байгаад онцлон дурдах болсон. Одоо бол бүр гүнзгий ногоорчихож. Сонгож авсан хамгийн тулгамдсан гэж байгаа сэдэв нь байгаль орчны асуудал дэлхийн цаг уурын дулаарал байх хүртэл тийм гүнзгийгээр зарим хүмүүс түүнд нөлөөлжээ. Зөвхөн байгаль орчны асуудал гэлтгүй түүний хэлж ярьж байгаа, хийж байгаа үйлдэлд “зарим” хүмүүсийн нөлөөлөл нэлээд байгаа нь хүмүүст анзаарагдахуйц болжээ. Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөхүүдийн нэг нь ногоон намын нэг дарга нь байгаа болохоор түүнийг л хэлж байна гэж бүү андуураарай, тэр л биш, түүнээс өөр “зарим” хүмүүсийг хэлж байгаа юм шүү. Ерөнхийлөгч маань ногоороод зогсохгүй иргэншчихсэн байна. Муу нь ч юу байх вэ? Ерөнхийлөгч ногоорч л байг дээ. Гэхдээ хэр удаан бэ гэдэг л харин асуудал даа.

Цаашид ерөнхийлөгч жил бүрийн 9 сарын 1 –нд нээлтийн хичээл болгож аль нэг тулгамдсан асуудлаар лекц унших гэнэ. Гэхдээ жилдээ ердөө л нэг удаа. Нэг жил нь нэгэнт болоод өнгөрсөн тул одоо түүнд гурван удаа лекц унших боломж л баталгаатай үлдлээ. Гуравхан удаагийн лекцээр ерөнхийлөгчийн нэгэн удаагийн бүрэн эрх дуусгавар болох билээ. Манай ерөнхийлөгч нэгэнтээ ам алдаад, “хэлэх нь хийхийн тал” гээд хэлчихсэн удаатай. Үүнийг нь шүүрч аваад олон хүн ярихаас цаашгүй, хоосон чалчигч, уран жиргээ энэ тэр гэж хэлэх хэлэхгүйгээр муу хэлсэн. Нуршихын учир нь түүний лектор хэмээн алдаршсаныг сануулахын тулд. Ерөнхийлөгч болсон ч гэсэн лектор зангаа тавихгүй, лекцээ уншиж байх нь хэр оновчтой бол гэсэн бяцхан эргэлзээ төрж байна.

Жирийн нэг уран илтгэгч байх нь хэнд ч хортой биш. Тэр тусмаа уран илтгэх чадвар нь олон талын давуу тал болдог. Гэхдээ ерөнхийлөгчийн унших лекц чанарын ялгаатай, ерөнхийлөгчийн зиндаанд дүйцэхүйц байх ёстой. Багабанди ерөнхийлөгч шиг үг үгээр нь зөөж тавьсан, үгэн дотор үг хавчуулсан подтексттэй, хатгасан шүтгэсэн байх албагүй. Гэхдээ л аль нэг сэдвээр дурын хүний уншчихаж болохоор жюрё зиндааны илтгэл, уран үгсийн цуглуулга байх нь төдийлөн оновчтой биш. Аливаа хэлсэн үг, хийсэн үйлдлийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг заавал бодож тооцох шаардлагатай мэт. Ийм өнцгөөр харвал, ерөнхийлөгчийн хэлсэн үгийн ач холбогдол, нийгэмд үзүүлэх нөлөө нь аажим уусан замхрах мэт санагдлаа. Тухайн үед төрсөн сэтгэгдэл, сэтгэлийн хөөрөл бол юу ч биш. Дараагийн нөлөө, үлдэх үр дүн чухал билээ.

Лекцийн үр дүн чухал биш ээ, Үгүй ээ, ард түмэнтэйгээ, хүүхдүүдтэй ойр байх гэсэн юм гэх байх. (Ленин хүүхдүүдийн дунд гэдэг шиг) Гэхдээ ингэж биш. Хүүхдэд хайртай байж болно, ард түмэнтэйгээ ойрхон байж болно. Зүгээр л цаанаасаа нэг энгийн сайхан байж болдог доо. Нэг л тийм биш хиймэл харагдаад байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн одоо жирийн нэг лектор биш, төрийн тэргүүн. Түүний хэлсэн үг уншсан лекц, ярилцлагын цаана дандаа төрийн бодлого нуугдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл түүнд төрийн хүний зангараг, алсын хараа, бодлого далайц байх ёстой гэж хүлээж байгаа. Энэ хүлээлтэд нийцэхгүй бол тэр тун удахгүй үнэ хүндээ алдаж хямдрах болно.

Ц.Элбэгдоржийн лекцийг харахад, А.Горын лекцийн муужруулсан хуулбар шиг л санагдлаа. Тийм өндөр түвшний, тийм сайн логиктой, гайхалтай лекцийн дараагаар иймэрхүү лекц сонсох нь нэг л амтгүй, амьгүй, сулбагар санагдах юм. Өөр сэдвээр арай чамбай, чанартай лекц уншиж болоогүй л юм байх даа. Нөгөө олон зөвлөхүүд нь юу хийж байдаг юм бол доо чааваас.

Баабар дандаа хэлдэг, оройн хоолны махгүй байж, сольж өмсөх хувцасгүй байж дэлхийн цаг агаарын дулааралд юундаа санаа зовдог юм бэ гэж. Харин Элбэгээ эсрэгээр, өөрийгөө зөвхөн улс орны хэмжээний хүн биш дэлхийн хэмжээний хүн гэж сэтгэх тул дэлхий нийтийг хамарсан глобаль асуудалд анхаарлаа хандуулж байх шиг байна. Монголын хямрал яах вэ, ядуурал 50 гаран хувь байх ч зүгээр, эдийн засгийн өсөлт, төсөвийн алдагдал, шударга бус байдал, авлигад автагдсан төрийн алба, энэ тэр ч гайгүй хүлээж байг, номер нэг асуудал бол дэлхийн цаг уурын дулаарал. Дэлхийн хэмжээний хүн бол дэлхийн дэвжээнд сэтгэж дэлхийн хэмжээний асуудалд л санаа зовдог аж.

Манай ерөнхийлөгч чинь дэлхийн зиндааны хүн. Дэлхийн зиндааны хүнд шадарлагчид нь мөн л дэлхийн зиндааны улс байгаа, эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хэлээд өгөөч, дэлхийн хэмжээний ерөнхийлөгчийн зөвлөх нь ямар хүн байж болох хийгээд болохгүй талаар ямар нэг зүйл заалт, хязгаарлалт байхгүй биз. Монгол улсын ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэдэл, тэр утгаараа аль ч намын төлөөлөл бус (зөвхөн намууд, тэр дундаа парламентад суудалтай намууд л ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх эдэлдэг хэдий ч) аль нэг намаас тусгаар, үзэл суртлаас ангид нэгэн билээ. Гэхдээ түүний зөвлөхүүдийн тоонд аль нэгэн намын дарга багтсан нь зөв үү? Ухаан нь, ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, МАХН-ын дарга байж болох уу? Эсвэл ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх АН-ын дарга байж болох уу? Түүнтэй адил логикоор аль нэг “жижиг” болон “жижгэвтэр” намын даргаар зөвлөхөө тавьчихсан ерөнхийлөгч тухайн намын нөлөөлөлд орчихсон гэж үзэх үү? Эсвэл нэр дэвшүүлсэн намынх нь боловсон хүчин хангалтгүй байснаас өөр намаас зөвлөх гуйсан гэж ойлгох уу? Надад улаан нь ч байгаа цагаан нь ч байгаа гэж хэлэхийн тулд олон намын төлөөлөл сонгов уу? Хүн мундсан биш дээ, очиж очиж намын дарга нь байхдаа яахав дээ? Эсвэл үнэхээр өөр хүн байхгүй жижигхэн нам ч юм уу хөөрхий. Бүү мэд дээ. Би угаасаа элдэв балиар улс төрийн бодлого энэ тэрийг ойлгодоггүй юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: