Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ КОМПЬЮТЕРТ ХЭРХЭН ОРУУЛАХ ВЭ?

Posted by bolod on September 17, 2009

(SPSS програмыг хэрэглэх нь – 2)

 Аливаа судалгааны эцсийн үр дүн нь анхдагч мэдээллийн үнэн бодитой байдлаас ихээхэн шалтгаалдаг. Мэдээллийн чанарт судлаачийн мэдлэг туршлага, мэргэжлийн ёс зүй, судалгааны бэлтгэл, зохион байгуулалт, судалгааг явуулж буй орон зай, цаг хугацаа, судалгаанд зарцуулж буй хөрөнгө мөнгө, дэмжлэг, тэрчлэн анкет хэрэглэгдэхүүн хэр зэрэг чанартай боловсруулагдсан, хэмжилтийн найдвартай байдал, респондент судалгаанд хэр үнэн сэтгэлээсээ хандсан зэрэг объектив, субъектив олон хүчин зүйл нөлөөлдөг билээ.

Судалгаа явуулахад хамгийн их цаг хугацаа шаарддаг, техник ажилтай хэсэг нь мэдээлэл цуглуулах болон мэдээллийг компьютерт оруулж, нэгтгэн дүгнэх шатууд байдаг. Тиймээс ч энэ үе шатуудад л мэдээлэлд алдаа гарч, мэдээллийн чанар буурах магадлал өндөр. Хэдийгээр анхдагч мэдээллийг маш үнэн зөв,  чанартай цуглуулсан ч гэсэн, компьютерт оруулахдаа хайнга хандаж алдаа гаргавал энэ нь өмнөх шатны үр дүнг үгүйсгэж байгаа хэрэг юм. Бид хичнээн ч сайн судалгаа явуулж, чухал мэдээллийг цуглууллаа ч гэсэн шивэхдээ алдаа гаргаж, үр дүнг нь үгүйсгэх юм бол судалгаа явуулахын хэрэг юун. Нөгөө талаас мэдээллийн чанарыг хадгална гээд цаг хугацаа алдвал цуглуулсан мэдээллийн үнэ цэнэ буурч болох талтай.

Тиймээс энэ удаад та бүхэнд хугацааг багасгах ямар арга зам байгаа болон мэдээллийг компьютерт оруулахдаа юуг анхаарвал зохих болон чанарыг дээшлүүлэх боломжийн талаар зарим нэг зөвлөгөөг хүргэе.      

Социологийн судалгааны анхдагч мэдээллийн ерөнхий хэлбэр.

Социологийн судалгааны үр дүнд олж авсан анхдагч мэдээлэл нь дэвүүр хэлбэрийн бүтэцтэй байдаг. (И.В.Чесноков. Детерминационный анализ)

Е          – судалгааны объектуудын олонлог,

I           – индекс, 

Xi              хувьсах хэмжигдэхүүний олонлог гэвэл анхдагч мэдээлэл маань

Е      Xi , (i=1,n) гэсэн бүтэцтэй гэж үзэж болно. Мэдээллийг анкетын аргаас гадна өөр бусад ямар ч аргаар цуглуулсан бай компьютерт оруулахаар бэлтгэх явцад шинж тэмдгийн утгуудыг бүлэглэж, нээлттэй асуултуудыг хааж, кодолж дугаарласны эцэст аливаа мэдээлэл нэг л ерөнхий хэлбэрт ордог. Энэ нь

qw

гэсэн дэвүүр хэлбэрийн бүтэц байна.

Өөрөөр хэлбэл анкетын асуулт бүр, шинж тэмдэг болгон тус тусдаа компонент болж задардаг бөгөөд үүнээс үндэслэн өгөгдлийг компьютерт оруулах аргачлалыг боловсруулах ёстой юм.

Энэ бүтэцтэй уялдуулан зарим судлаачид олон хэмжээст өгөгдлийг объект-шинж тэмдэг гэсэн хүснэгт хэлбэртэйгээр төсөөлөх нь хялбар төдийгүй, хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. (Б.Г.Миркин. Анализ качественных признаков и структур) Энэ хүснэгтийн мөрүүд нь объектийг төлөөлөх бөгөөд, багана нь шинж тэмдэг болно. Тухайлбал i дүгээр мөр, k дугаар баганын огтлолцол дээр, i -р объектийн k – р шинж тэмдгийн утга байрлах юм. Ийнхүү социологийн судалгааны анхдагч мэдээллийг объект – шинж тэмдэг (шинж тэмдэг -объект хэлбэрийн бүтэц биш шүү) гэсэн хүснэгт хэлбэртэй гэж төсөөлөх нь бидний судалгааны өгөгдлийг компьютерт шивж оруулах үндсэн загвар болж өгнө.

Тиймээс судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын (тухайн тохиолдолд анкет гэе) өгөгдлүүдийг, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case (тохиолдол) буюу бичлэг хэмээн нэрлэнэ. Харин тухайн нэг багананд аль нэг тодорхой шинж тэмдгийн утгууд бичигддэг. Тухайлбал ямар нэгэн сэдвээр хийгдсэн тодорхой судалгаанд оролцогчдын нас, хүйс болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэж нэрлэдэг ажээ.

Мэдээллийг кодлох.

Цуглуулсан мэдээллийг шивэлтэнд бэлтгэх явцдаа хариултын  хувилбар тус бүрийг нэг нэгнээс нь ялгагдахуйц дэс тоогоор (зарчмын хувьд өөр өөр төрлийн тоо, үсэг, ямар нэгэн тэмдэгт ч байж болно) тэмдэглэх бөгөөд үүнийг кодлох гэж нэрлэдэг. Кодлох олон янзын арга байдаг ч социологийн судалгаанд дэс дараалан кодлох, байрлалаар кодлох аргууд илүү тохиромжтой учраас өргөн хэрэглэгддэг байна. Дэс дараалан кодлох арга гэдэг нь тухайн анкетад буй бүх асуултын хариултуудыг эхнээс нь бүгдийг дэс дараалан дугаарлахыг хэлдэг. Жишээлбэл:

4. Сургалтын дараах хэлбэрүүд танд хэр үр өгөөжтэй санагддаг вэ?

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага
1 Лекц

9

10

11

2 Семинар

12

13

14

3 Дадлага

15

16

17

4 Бие даалт

18

19

20

5 Лабораторийн ажил

21

22

23

6 Оролцооны аргууд

24

25

26

Дэс дараалан кодлох энэ аргын хувьд код давхцахгүй байх сайн талтай боловч асуултын тоо олон байхын хэрээр олон оронтой тоонууд бичигдэх болдог нь мэдээллийг шивэх болон дүгнэх, боловсруулах явцад ажиллагаа ихсэх муу талтай байдаг. Харин байрлалаар кодлох аргын хувьд ихэвчлэн нэг оронтой тоо л бичигддэг учраас шивэхэд хүндрэлгүй боловч, тоо давхцаж буй учир хариултууд холилдох, будилах тал байж болохыг анхаарах хэрэгтэй.

4. Сургалтын дараах хэлбэрүүд танд хэр үр өгөөжтэй санагддаг вэ?

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага
1 Лекц

1

2

3

2 Семинар

1

2

3

3 Дадлага

1

2

3

4 Бие даалт

1

2

3

5 Лабораторийн ажил

1

2

3

6 Оролцооны аргууд

1

2

3

Ухаандаа лекцийг сайн гэж үнэлсэн хариултыг 1 гэсэн тоогоор кодлосон тул 1 гэсэн тоог л тухайн багананд шивэх ёстой атал, гар халтираад семинарыг үнэлэх баганад  1 гээд шивчихсэн байлаа гэхэд энэ нь алдаа мөн эсэхийг шууд хараад ялгах боломжгүй болж байгаа юм. Практикаас үзвэл ингэж багана зөрөх техник алдаа гардаг, ялангуяа зориулалтын мэдээлэл оруулах програм ашиглаагүй тохиолдолд санамсаргүй алдаа нэмэгддэг байна.

Тиймээс дээрх хоёр аргын давуутай талуудыг хослуулан холимог байдлаар кодлох нь илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ:

нэгдүгээрт, дараалсан хоёр асуултын хариултуудад харгалзах тоо болон тэмдэгтүүд давхцахгүй байх;

хоёрдугаарт, шивэхэд хүндрэлгүй байхын тулд код нь аль болох нэг оронтой тоо байх ёстой гэдгийг анхаарна уу. Дээрх жишээний хувьд дараах байдлаар кодолж болох юм.

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага
1 Лекц

1

2

3

2 Семинар

4

5

6

3 Дадлага

7

8

9

4 Бие даалт

1

2

3

5 Лабораторийн ажил

4

5

6

6 Оролцооны аргууд

7

8

9

Дээрх байдлаар кодолсон тохиолдолд өмнө дурдсан алдаа гарсан гэж саная. Өөрөөр хэлбэл лекцийг сайн гэж үнэлсэн 1 гэсэн хариултыг семинарыг үнэлсэн багананд шивсэн байг. Семинарыг үнэлсэн баганад 4-6 гэсэн тоонууд л бичигдэх боломжтой тул энэ ямар алдаа вэ гэдгийг дор нь илрүүлэх боломжтой болж байгаа юм.

Мэдээллийг компьютерт оруулах.

Социологийн судалгааны анхдагч мэдээллийг, дээр дурдсан объект-шинж тэмдэг загварын дагуу шивдэг. Мэдээллийг шивэх гэдэг энэ хэллэг нь перфокартад шивж, цоолдог байсан тэр үеэс хэрэглэгдэж эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглагдсаар байна. Тиймээс анхны утга нь өөрчлөгдсөн ч шилжсэн утгаар нь энэ үгийг цаашид хэрэглээд явах нь ойлгомжтой байх бизээ. Шивэхдээ урьдчилан шивэх аргачлалаа боловсруулж толгой мөрийг бэлддэг. Толгой мөрөнд бүх хувьсах хэмжигдэхүүн буюу variable -уудыг тус тусдаа багана болгон бичиж, энэ тус тусдаа багануудад толгой мөрийн дагуу хувьсах хэмжигдэхүүнүүдийг оруулна. Мөн хамгийн эхний баганыг анкетийн дугаар оруулахад зориулж үлдээхээ мартваа. Анкет бүр хоорондоо давхцахгүйгээр ялгаатайгаар дугаарлагдсан байх ёстой.

Жишээлбэл толгой мөрөнд бичигдсэн Q1 гэсэн шинж тэмдэг нь нас, Q2 нь хүйс, Q3 боловсрол гэвэл Q1 багананд судалгаанд оролцогчдын нас нь л зөвхөн бичигдсэн байх ёстой. Харин  Q2 багананд эрэгтэй бол 1, эмэгтэй бол 2 гэх мэтчилэн 1 эсвэл 2 гэсэн тооны аль нэг нь л бичигдэнэ. Ийнхүү багана болгон зөвхөн нэг шинж тэмдгийг илэрхийлж, тухайн багананд тухайн шинж тэмдгийн утгуудад харгалзах код л бичигдэнэ.

3 хүртэл хариултыг сонгоно уу, хамгийн гол гэсэн хоёр хариултыг сонгоно уу гэх мэтчилэн хэд хэдэн хариулт сонгох бололцоотой асуултыг олон сонголттой асуулт гэх ба энэ нь шивэх болон боловсруулахад нэлээд ажиллагаатай байдаг. Олон сонголттой асуултыг шивэх хэд хэдэн хувилбар бий. Үүнд:

1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор тус тусдаа багананд задлах. Жишээлбэл 3 хүртэл хариулт сонгоно уу гэсэн асуултыг Q5_1, Q5_2, Q5_3 гэсэн гурван багана болгон задалж, эхний багананд 1-р сонголтыг, дараагийн багананд 2-р сонголтыг, 3-р багананд сүүлийн сонголтыг шивж тэмдэглэдэг.

2. Тухайн асуултын, хариултын боломжит хувилбарын тоогоор багананд задлах. 5-р асуулт 9 янзын боломжит хариултын хувилбартай байсан гэвэл түүнийг Q5_1 -ээс Q5_9 хүртэлх есөн тусдаа багана болгож задалдаг. Хэрэв респондент 2, 4, 7 -р хариултыг сонгож дугуйлсан бол Q5_2 багананд 2 гэсэн тоо, Q5_4 гэсэн багананд 4 гэсэн тоог, Q5_7 багананд 7 -ийн тоог шивж, бусад баганыг хоосон орхих жишээтэй.

3. Олон сонголттой асуултыг хариултын хувилбарын тоогоор багануудад задалж шивэхдээ арай өөр аргачлалыг ч ашиглаж болдог. Тухайн хариултыг сонгосон бол тухайн багананд 1 гэсэн код, тухайн хариултыг сонгоогүй бол 0 гэсэн код оруулдаг. 2 ба 3-р аргууд зарчмын хувьд нэг их ялгаагүй, нэгээс нөгөөд дахин кодлох замаар шилжүүлж болох боловч бас л өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг юм. Энэ ялгаанаасаа үүдээд асуултыг боловсруулах аргачлал нь ч бас өөр болно.

Анкетийг шивэхэд бэлдэж кодлохдоо давхар мэдээллийн найдвартай байдлыг шалгаж, хүчингүй анкетуудыг хасдаг. Гэвч практикт анкет нэг бүрийг шалгах бололцоогүй цаг давчуу, анкетийн хариултын өмнөх дугаарыг шууд код болгон ашигласан, мөн анкетийн хариултуудыг урьдчилан кодлосон зэрэг тохиолдолд анкетыг шалгалгүйгээр шууд шивэх тохиолдол гардаг юм. Ийм үед зарим асуулт бүрэн бөглөгдөөгүй хоосон байх тохиолдол байдаг бөгөөд үүнийг эсвэл хоосон орхих, эсвэл 0 бичих замаар шийдвэрлэдэг. Хоосон орхисон зайг SPSS програм missing value хэмээн тооцох учир хүчингүй хариултуудыг тооцооноос хасах боломжтой. 0 бичсэнээр сүүлд анкетыг шивж дууссаны дараа шалгахдаа давхар хүчингүй анкетуудыг илрүүлж хасахад илүү дөхөмтэй байдаг юм. Гэхдээ зайлшгүй хариулсан байх ёстой асуултын хувьд 0 бичих нь тохиромжтой байдаг. Мөн 0 гэсэн утгыг тооцооноос хасах /missing value/ бололцоотой.

Хэрэв та Excell програм ашиглан мэдээллээ шивж байгаа бол толгой мөр болон анкетийн дугаар бүхий баганыг дэлгэцэнд байнга харагдаж байхуйцаар бэхлэх хэрэгтэй. Үүний тулд Window менюд байх Freeze Panes командыг ашиглаарай. Энэ командыг дарснаар курсор байрлаж байсан нүднээс зүүн тийшх баганууд болон дээшхи мөрүүд бэхлэгдэнэ. SPSS програмд шивж байгаа бол баганын хаягийг хувьсагчийн нэрээр нэрлэж болох ба мөрийн дугаар нь анкетийн дугаарыг чинь орлоно. Гэвч энэ нь анкетийн дугаар хараахан биш гэдгийг мартаж болохгүй.

Мэдээллийг шивэх цаг хугацааг хэмнэх, өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой арга бол олон компьютер ашиглан зэрэг шивэх явдал юм. Хичнээн олон компьютер ашиглана мэдээллийг шивэх хурд төчнөөн дахин нэмэгдэж зарцуулах хугацаа багасах нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ олон компьютерт хувааж шивснээр нэг хүнд оногдох анкетийн тоо, ажлын ачаалал багасч, алдаа гарах магадлал бууран, мэдээллийн найдвартай байдлыг хангахад эерэг нөлөөтэй байдаг. Жишээ нь ямар нэг судалгааны 1000 ширхэг анкет  шивэх боллоо гэж саная. Хэрэв 20 компьютер дээр 20 судлаач зэрэг шивэх бол нэг хүнд 50 ширхэг анкет оногдож, энэ ажлыг дунджаар 5 цагт багтаан гүйцэтгэх бололцоотой. Дээр нь судлаачид бие биенийхээ шивснийг солиод шалгачихвал шивэлтийн чанар ч сайжирна. Харин 2 хүн шивэх бол дор хаяж 7 хоног шаардлагатайн дээр ямар ч туршлагатай судлаач байлаа гэсэн хэт их ажлын ачааллаас залхалт үүсч, шивэлтийн чанар буурдаг.

Шивэх ажлыг хөнгөвчлөхийн тулд анкетийн онцлогт тохируулан зарим багануудыг өнгөөр ялгаж будах нь маш тохиромжтой байдаг. Ингэснээр та хаахна явж байгаагаа мэдэх болон аль асуултын хариултыг шивж оруулснаа мэдэх, түргэн баримжаа авахад чинь тун хялбархан болохыг мэдрэх болно. Анкетийн шинэ хуудаснаас эхэлж байгаа асуултад харгалзах багана, шинэ бүлэг асуулт эхэлж байгаа багана, эсвэл зүгээр л 10 дахь багана болгоныг өөр өөр өнгөөр будаад байж болно. Хэрхэн будах, яаж шивэхийг таны туршлага л мэднэ.

Мэдээллийг шалгах.

Мэдээллийг кодлох болон шивэхтэй холбогдсон дээрх зөвлөгөөнүүд нь шивэх хурд болон чанарыг сайжруулахад чиглэгдсэн гэдгийг та анзаарсан байх. Гэсэн ч ямар ч туршлагатай судлаач, яаж ч нямбай шивлээ ч гэсэн санамсаргүй алдаа хэзээд гардаг. Үүнийг арилгахын тулд шивсэн мэдээллийг цэгцэлж нэгтгэсний эцэст дахин сайтар шалгах хэрэгтэй. Мэдээллийг шивж дуусмагц судлаачид бие биенийхээ оруулсан мэдээллийг сольж шалгах нь шалгах эхний шат болно. Энэ шатанд шивэлттэй нэгэн адил оруулсан мэдээллээ мөр мөрөөр нь шалгадаг. Ингэж объект нэг бүрийг тус тусад нь анкетийн дугаартай тааруулан шалгах нь нэлээд их цаг хугацаа /бараг шивэлттэй нэгэн адил/ шаардахын зэрэгцээ алдаа бас л гарах магадлалтай.

Шалгах хоёр дахь шатанд мэдээллийг мөрөөр биш харин баганаар нь шалгана. Өөрөөр хэлбэл объектоор нь биш шинж тэмдгээр нь хөөж шалгадаг. Баганаар шалгах явцад багана зөрсөн мэдээллүүдийг гол нь илрүүлж, ийм алдаа гарсан анкетуудыг дахин шалгахад санамсаргүй алдаа нэлээд багасна. Жишээлбэл хүйс гэсэн шинж тэмдгийн хувьд тухайн багананд эрэгтэй бол 1 эмэгтэй бол 2 гэсэн тоо шивсэн бол үүнээс өөр тоо тухайлбал 3 гэсэн тоо байх ёсгүй. Иймээс энэ 3 гэсэн тоо шивэгдсэн анкетийг олж шалгахад багана зөрсөн, будилсан алдаа илэрч засагдана. Хэрэв та Excell програмыг ашиглаж байгаа бол үүний тулд Auto Filter командыг ашиглаж болох юм.

Байрлалаар кодлосон тохиолдолд багана зөрсөн зарим алдаа тэр болгон илрэх боломжгүй байдаг. Тухайлбал хүйс гэсэн шинж тэмдэг шивэгдэх ёстой багананд дараагийн асуултын 1 юмуу 2 гэсэн кодтой хариулт шивэгдвэл энэ нь илрэхгүй гэсэн үг. Харин дэс дараалан кодлосон бол багана зөрөх, хариулт будилах алдааг нэг бүрчлэн илрүүлж засах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд олон оронтой тоо бичдэг учир шивэхэд хүндрэлтэй байдгийг дээр дурдсан. Иймээс байрлалаар кодлох арга нь шивэхэд тохиромжтой, шалгахад тохиромжгүй байдаг бол дэс дараалан кодлох арга нь шивэхэд хүндрэлтэй, шалгахад хялбар байдаг гэж ойлгож болно.

Харин холимог байдлаар, тухайн анкетийн онцлогт тохируулан кодлох нь шивэх болон шалгахад аль аль нь хүндрэлгүй байхад чиглэгдсэн байх ёстой. Тухайлбал нэгдүгээр шаардлагад аль болох нэг оронтой тоогоор кодлох гэсэн нь шивэхэд хүндрэлгүй байх талаас, хоёрдугаар шаардлагад дараалсан хоёр асуултын кодууд давхцахгүй байх гэдэг нь шалгахад хялбар, багана зөрөх алдааг хялбархан илрүүлэхэд зориулагдсан хэрэг юм.

Олон сонголттой асуултын хувьд ч дээрхтэй адил зөрчилтэй нөхцөл байдал үүсдэг. 3 хүртэл хариулт сонго гэсэн асуултыг 3 багана болгож задалснаар өгөгдлийг шивэх хугацаа бага, нийт өгөгдлийн сангийн хэмжээ ихсэхгүй байх сайн талтай ч хариултын хувилбарууд холилддогоос шалгах явцад зарим нэг алдаа илрэхгүй байх муу талтай. Харин хариултын боломжит хувилбарын тоогоор багана болгон задалснаар нэг багананд зөвхөн нэг л тоо буюу код бичигдэх учраас шалгаж алдааг илрүүлэхэд дөхөмтэй боловч хэт олон багана болгон задлах нь нэг мөрөн дэх мэдээлэл уртсаж, хэмжээ нь ихсэх, шивэхэд цаг алдах зэрэг дутагдалтай тал бий.

Шалгах дараагийн шатанд хүчингүй анкетуудийг ялгаж хасдаг. Үүний тулд ямар асуулт бүрэн бөглөгдөх ёстой, анкетийн хичнээн хувь нь бөглөгдсөн байвал хүчинтэй гэж тооцохоор судалгааны хөтөлбөрт заасан байна түүний дагуу хүчингүй анкет, чанаргүй мэдээллүүдийг хасна. Жишээлбэл тухайн судалгаанд хүйс заавал бүрэн бөглөгдсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан бол хариулт байхгүй хоосон нүднүүдийг шалгаж үзээд хэрэв шаардлага хангахгүй бол хасна. Судалгааны зорилготой уялдан тухайн судалгааны хувьд хамгийн гол гэсэн мэдээллүүд, мөн паспортын асуултууд хэмээн нэрлэгддэг хүн ам зүйн байдлын талаарх мэдээллүүдийг ихэвчлэн бүрэн бөглөгдсөн байхыг шаарддаг.

Хэрэв анкетийг 85 -аас дээш хувьтай бөглөгдсөн байвал хүчинтэйд тооцно гэж заасан бол 15-аас дээш хувь нь бөглөгдөөгүй анкетуудыг хүчингүй хэмээн тооцно. Мөн хөтөлбөрт тусгагдсан бол логик зөрчилтэй хариултуудыг шалгаж, хасахыг нь хасна.      

Эцэст нь түүврийн бүтцийг шалгадаг. Үүний тулд судалгааны дүнд урьдчилан боловсруулалт буюу дан тоололт хийж, гол мэдээллүүд болон хүн ам зүйн байдлын талаарх мэдээллүүдийг статистик тоо баримт, болон зарим суурь судалгааны дүнтэй харьцуулан үзэж, түүврийн бүтэц хэр зэрэг алдагдсаныг шалгаад, шаардлагатай бол эх олонлогийн бүтцээс гажуудсан зарим мэдээллийг санамсаргүй байдлаар хасаж засварлана.

One Response to “СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ КОМПЬЮТЕРТ ХЭРХЭН ОРУУЛАХ ВЭ?”

  1. bg_snow said

    ugugdluu komd oruulj chadahgui bnaa, ene hicheeliig unshaad ch chadahgui bna. help me. data view gorimd baganii ner ne var1 gsn ne uurchlugduhguimaa. data view tsonhond bi gants ch uzeg too bichij chadahgui bna. why? yunaas bolood bna wee? help me?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: