Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТЭР СЭТГҮҮЛЧ ХҮН

Posted by bolod on September 23, 2009

Монгол телевизийн (сурснаараа тэгээд л нэрлэчихье) сэтгүүлч Ц.Мөнхтөрийн, бямба гаригийн өглөөгүүр хөтөлдөг “Ярилцъя” нэвтрүүлэг нэгэнт брэнд болсон гэж хэлж болно. Хагас сайны өглөөгүүр сэрээд ажилгүй гэртээ байвал, унших үзэх зүйлгүй нойрмоглох уйдахын заагаар энэ нэвтрүүлгийг үзэхдээ би дуртай. Нэвтрүүлэгт, олонд танигдсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс, тухайн үед ид яригдаж байгаа асуудалтай холбоотой, тухайн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлын “баатар” гээд нийгмийн бүхий л бүлгийн төлөөлөгчид ордог юм болов уу гэх сэтгэгдэл төрдөг. Бараг тасалдалгүй тогтмол явдаг, хэт нэг талыг барьдаггүй, зарим сэтгүүлч шиг өөрийн үзэл бодлоо тулгаад, оролцогчоосоо илүү олон юм ярьж, үнэлэлт дүгнэлт өгөөд байдаггүй болохоор сэтгүүлчийнх нь хувьд Ц.Мөнхтөрийг чадалтай сайн сэтгүүлч юм гэж би үнэлдэг. Тэр Лари Кинг биш ч гэсэн Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч хүн. Мэргэжлийн биш хүн сайн муу гэж үнэлж болдог ч юм уу, үгүй ч юм уу?

Ноднингийн 7 сарын 1 –ний үйл явдлаас болж түүнийг ТВ-ийн нэвтрүүлэг хөтлөхийг нь хориглолоо, ажлаас нь халлаа гэхчлэн сонин сэтгүүлээр нэг хэсэг шуугисан. Үнэн худлыг бүү мэд, 2008 онд зунжингаа л зурагтаар гараагүй нь харин үнэн юм даг. Ганц Ц.Мөнхтөр ч гэлтгүй олон л сэтгүүлчид үгээ хэлж, сониноор бичиж чадахгүй сонин болцгоочихсон, одоо ч нэг их дээрдээгүй л байна. Надад л тэгж санагддаг. ТВ –ийн суваг үзээд солиод, сонин эргүүлээд гарчиглаад ч үзээд өгье ч гэсэн олигтойхон үзэх, унших юм өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсангүй. Тийм ээ, тэр сэтгүүлч учраас бусдын жишгээр л, бусадтай л адил дугарахдаа дугарч, дуугүй байхдаа дуугүй л явна. Тэр хэдийгээр сэтгүүлч ч гэсэн түүнээс илүүтэй хувь хүн. УИХ-ийн гишүүнтэй ярилцахдаа болон жирийн мэргэжилтэнтэй ярилцахдаа хандлагын ялгаа гаргадаг нь ч хэн хүнд байдаг л асуудал. Өөрийн үзэл бодлоо тулгахгүй, илэрхийлэхгүй байхыг хичээдэг ч гэсэн хүн л юм болохоор тэр нь цухалзалгүй л яахав. Тэр сэтгүүлч хүн, гэхдээ л тэр хувь хүн.

2008 оны 6 сарын 30-нд сонгуулийн урьдчилсан дүнгүүд зарлагдаж, МАХН-ынхан баярын хурлаа хийж байх үед, миний таньдаг сэтгүүлчид, нэвтрүүлэгчид нэг ижил зүйлийг хэлж байлаа. За одоо ингээд чөлөөтэй ярьж донгосдог үе өнгөрлөө дөө гэж. Би гурван сэтгүүлчтэй гурван өөр газар, гурван өөр шалтгаанаар дайралдаж уулзалдсан. Яг адилхан дүгнэлтийг хэлсэн юм. Тухайн үед надад, за юун сүртэй юм, аймхай гэдэг нь, гэж л бодогдож байж билээ. 

Саяхан, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр хэлмэгдсэн баахан сэтгүүлчдийн тухай нэвтрүүлэг үзүүллээ. Гавъяат сэтгүүлч, “Гавъяа” нийтлэлийн автор Г.Жамъян гуай тэр нийтлэлийнхээ төлөө “Орос Монголын найрамдалд сэв суулгасан” хэргээр ажлаасаа халагдаж, модны үйлдвэрт нормчноор ажиллах болсон гэдэг. Би ганцхан Г.Жамъян гуайн тухай л уншиж байснаас биш, яг тэр хэргээр 10 гаран сэтгүүлч хэлмэгдсэнийг харин мэддэггүй байж. Мөн ч харанхуй бүдүүлэг, нэг намын үзэл суртал ноёрхсон, хаалттай дэглэмтэй үе байж дээ хэмээн тэртээ эртний үе шиг ярих боловч өнөө ч гэсэн ийм “хэлмэгдүүлэлт”, дарамт ил далд байсаар байгааг харин харахгүй болжээ.

Жилийн өмнө би, сэтгүүлчид хэзээ ажилдаа орох вэ? гэж өөрөөсөө ч юм уу хүнээс ч юм уу асууж байсан. Одоо ч дахин асуумаар байна. Сэтгүүлчид хэзээ жинхэнэ ажлаа хийх юм бол доо. Эсвэл эсрэгээр нь, сэтгүүлчдийг хэзээ ажлыг нь зүгээр хийлгэх юм бол доо. Хэвлэл мэдээллийн салбар улс төрийн нам бүлэглэлд харьяалагдаж, тэдэнд үйлчлээд, тэдэнд үйлчлээгүй нь гадуурхагддаг, хавчигддаг байхыг хэлмэгдэл гэх үү? Гадуурхагдсан гэх үү? Улс төрчдөд үйлчилж байгааг нь сэтгүүлч гэх үү? Хөлсний арми гэх үү? Хөлсний арми гэснээс, хөлсний бүхэл бүтэн арми Монголд бүрэлдэн тогтсон ч юм уу? Зөвхөн сэтгүүлч гэлтгүй, судлаач шинжээч, эрдэмтэн мэргэн, зохиолч, уран бүтээлч, дуучин бүжигчин, тамирчин, хуульч шүүгч, цагдаа хамгаалалтынхан, бизнесчин, төрчин, пиарчин, шоучин гээд алийг тэр гэх вэ? Монголд хөлсний мэргэжилтнүүдийн арми улам бүр нэмэгдсээр.

2 Responses to “ТЭР СЭТГҮҮЛЧ ХҮН”

  1. amar said

    Magadgui ter namd elseegui baikh aa.

  2. Huder said

    Het hulsni armiar dairahaar humuus zalhadag yum bn lee. 2009 oni Yeronhiilogchiin songuuliig ajiglahad

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: