Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

СУЛ АСГАСАН СУВД ШИГ…

Posted by bolod on October 1, 2009

Нэг зүйлийг мартахаа шахаж. Саяхан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооныхон хуралдаж, энэ жил 60 сая мал тоолох урьдчилсан прогнозтой байгааг мэдээлэв. Зун хөдөө гадаа явж байхад анзаарагдсан зүйл бол яах аргагүй мал өссөн явдал байлаа. 2000 оны зуднаас хойш хөдөө явахад барагтай л бол хонь мал харагддаггүй байсан бол, энэ жил мэдэгдэм өссөн, хааяагүй мал бэлчиж харагдана. Мал өссөн юм уу, эсвэл баруун аймгийнхан бүх малаа туугаад нүүгээд шилжээд ирсэн юм уу гэдгийг мэдэхгүй. Хөдөө тал нь малаар дүүрэн гэж ёстой л энийг хэлдэг байх гэмээр. 60 сая хүрч байгаа нь үнэн байх гэж бодогдмоор.

Үүнийг дагаад жолооч нарын хувьд нэгэн бэрхшээл нэмэгдсэн нь зам дээгүүр хөндөлсөх, замын хөдөлгөөний соёлгүй, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхөө мэддэггүй, замын хөдөлгөөнд оролцох эрхийн үнэмлэхгүй мөртлөө харгалзагчгүйгээр хөдөлгөөнд оролцогч, бусдын хөдөлгөөнд санаатайгаар саад учруулагч, жолоочгүй, жолоогоо бусдад дур мэдэн шилжүүлсэн ердийн хөсөгнүүд, үхэшгүй мөнхийн хутаг олсон мэт аашлах малнууд. Мөнх бус гэдгийг нь батлах мэт, энд тэнд дайруулсан мөргүүлж үхсэн мал амьтны сэг зэм арзайж, сарзайсан, эргэн тойронд нь сэгэн дээр овоорсон том хар шувууд, тас суусан  байх нь замаар нэг байх ажээ.

Машин ирэхийг ёстой үл тооно. “Хар лакан туфлийнх” нь өлмийг дайраад шахуу гарч байхад муухай харан өнгөрөөх, ганц нэг сэжих төдий. Хэвтэж байхад нь тулж очин сигналдах, хөөж туухыг үл хэрэгсэн, цаашаагаа нэг займчсан болоод хивж хэвтэх. Багтаж ядсандаа л зам дээгүүр хөндөлсдөг байх даа. Америкт буга, гөрөөс нь хурдны зам руу орж ирж дайруулчихаад байдаг нь бараг хэвийн үзэгдэл гэнэ. Австралид болохоор, кенгуру нь цагаан зээр шиг зам тосон уралдаж, заавал зам хэрэн давхидаг, дайруулдаг гэмтэй гэлцэнэ. Манай малнууд тэндээс суралцаж байгаа юм болов уу? Хавтгайчлагдаж байгаа дэлхий дээр амьтад хүртэл муу зангаа авалцдаг юм уу хаашаа юм. Эсвэл үнэхээр элбэг болохоороо ингээд зам дээгүүр хөндөлдөө байдаг юм уу?

Замын хажуугаар бэлчих хонин сүргийг харахад, хонин сүрэг ч гэж дээ, сүргийн бүтцэд нэр хэмээсэн ганц нэг хонь оролцсон ямаан сүргийг харахад нэгэн дууны үг санагдана. “Баян Монголын хонь ямаан сүрэг нь, сул асгасан сувд шиг” хэмээх дууны үгээр төсөөлбөл хонь ямаан сүрэгт цагаан өнгө голлодог байсан гэж дүгнэж болно. Харин одоо сул асгасан “хар сувд” шиг гэж тодотгохгүй бол болшгүй. Сүргийн талаас илүү, бараг дийлэнх нь ямаа харагдана. Аргагүй дээ, ямаа өөрөө орлоготой мал, зөвхөн ноолуураар нь эзэд нь жилийнхээ бүх хэрэгцээг хангах шахуу. Дээр нь засгаас ямааг цалинжуулж, ноолуурын үнийг тэнцвэржүүлж, ямаа өсгөх бодлогыг баримталж байхад инкубацид байгаа мал өсөхгүй гээд хаачих вэ?

Мэргэжилтнүүд Монгол орны бэлчээрийн даац, хонин толгойд шилжүүлснээр 60 сая мал гэдэг. Гэтэл энэ жил толгой дараалан тоолоход л 60 сая хүрэх гээд байгаа гэв үү?Дэлхийн цаг агаар дулаарч, Монгол цөлжилтөд нэрвэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, талхлагдаж байхад ямаа голдуу 60 сая малыг одоо яах вэ? МУИС-ийн биологийн салбарын багш нар нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Үлийн цагаан оготно өсөж үржээд ихсээд, бэлчээр сүйтгээд байна гэж олон жил ярьдаг, тэмцдэг байсан. Гэтэл яг адил хэмжээтэй, зэрэгцээ хоёр талбайн нэгийг хүн мал оруулахгүй хашиж, нөгөө хэсгийг ил задгай үлдээж туршилт явуулжээ. Үлийн цагаан оготно өндөр өвстэй, хашаатай талбайд биш, харин ч эсрэгээр улаан халцгай болсон талбайд үй олноор гүйлдэж язганаж байсан гэдэг. Эндээс үлийн цагаан бэлчээр сүйтгэдэг эсэхэд эргэлзсэн дүгнэлтийг хийж болно.

Үлийн цагаан оготны үржлийн өсөлтийн давтамж байдгийг тэд тогтоосон. Тодорхой давтамжтайгаар эрс элбэгшин өсөөд, энэхүү өсөлт нь тэдний хувьд нийтээрээ хиаран үхэхэд хүргэдэг байна. Улмаар газар, хөрсийг сэндийчиж, сийрэгжүүлээд, хөрсөнд бордоо болон шингэж, бэлчээрийг сэргээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулдаг байна. Түүнтэй адилаар ямаа ингэж ихээр өсөж байгаа нь гарцаа байхгүй, тэднийг үхэж хорогдоход л хүргэнэ. Үүлэн чөлөөний нар хурц, үхэх хүний нүд хурц гэдэг шиг. Тийм хүнд үе тулгарахад эрсдлийг бууруулах, төлөвлөгөө, стратеги, манай бодлоготнуудад байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй дээ.

3 Responses to “СУЛ АСГАСАН СУВД ШИГ…”

  1. soc-11 said

    “Монголд нүүдэлчин аж ахуйд эртний монгол аж ахуй хадгалагдан үлджээ” гэлцдэг.Гэтэл үнэндээ малч ахуйд “бизнесч” чанар нэвт шингэсэн нь олон зүйл дээр ажиглагддаг нь багшийн хэлснээр “сул асгасан хар сувд” болов уу?

  2. amur said

    Цаасан дээр ч янз бүрийн юм байж магадгүй ээ. Тулгамдаж буй олон асуудлыг хэлдэггүй биш хэлдэг, мэддэггүй биш мэддэг, ярьдаггүй биш ярьдаг, арга хэмжээ авах нь ч бий даанч олигтойхон хэрэгжүүлэхгүй юм байна ш дээ. Ер нь манайд хариуцлагын систем хаа хаанаа байхгүй.
    Маргааш дэлхий сөнөх байсан ч өнөөдөр алимны мод тарина. гэсэн ойлголтгүй.

  3. huder said

    bagshiin bichlegiin helver neree huniig tuuruulj bgad gol heleh yumaa nuuren der naagaad hayachih yumaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: