Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХУВЬСАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ

Posted by bolod on November 7, 2009

SPSS програмыг хэрэглэх нь – 4

Өгөгдлийг татаж авсны дараа, эсвэл өгөгдлийг компьютерт оруулж бэлэн болсны дараа бид хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнийг Define Variable командаар гүйцэтгэдэг. SPSS-10.0, SPSS-11.0 болон түүнээс хойшхи хувилбаруудад Data Editor цонх нь хоёр горимтой байхаар зохион байгуулагдсан байдаг. Дэлгэцийн доод хэсэгт байх Data view, Variable view гэсэн бичиг бүхий (EXCEL -ийн sheet -тэй адил) хоёр товчийг дарснаар нэг горимоос нөгөө горимд (нэг дэлгэцээс нөгөө дэлгэцэнд) шилжиж болно. Variable view горимд хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсагч тус бүрийн талаар тодорхой мэдээллийг эндээс харж болно.

Хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд хувьсагчийн нэрийг (Name) тодорхойлно. SPSS програмд хувьсагчийн нэрийг тодорхойлохдоо баримтлах зарим нэг журмыг мэдэхэд илүүдэхгүй. (SPSS.15 болон түүнээс хойшхи хувилбаруудад энэ хязгаарлалт багасаж, боломж нь нэмэгдсэн байдаг. Энэ зөвлөмж нь SPSS 11.5 болон SPSS 12 зэрэг өмнөх хувилбаруудад зориулагдсан гэдгийг анхаарна уу?)

  • Хувсагчийн нэр наймаас илүүгүй тэмдэгтээс бүрддэг. (Yсэг, тоо, символ) Тиймээс та найман тэмдэгтэд багтааж ойлгомжтой нэр өгөх хэрэгтэй.
  • Хувьсагч тус бүр өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдэх ёстой. Хэрэв хоёр өөр багана буюу хоёр өөр хувьсагч яг адилхан нэртэй байвал хоёрдахь хувьсагч нь VAR00001 гэх мэтчилэн өөр ерөнхий нэрээр нэрлэгдэж, дугаарлагдана.
  • Мөн SPSS програмд хувьсагчийг нэрлэхдээ ашиглаж болохооргүй тэмдэгтүүдийг та ашигласан бол нэгэн адил VAR00002 гэх мэтчилэн автоматаар нэрлэгдэнэ. Хэрэв ийм ерөнхий нэр дугаартай хувьсагчид олон гарвал тухайн багананд ямар хувьсагч байгааг ойлгоход хүндрэл гарч будилж болзошгүй. Хувьсагчийн нэрэнд @, #, $, _ зэрэг тэмдэгтүүдийг ашиглаж болно.
  • ?, !, -, *, / гэх мэт дээрхээс бусад тэмдэгтүүдийг ашиглах, мөн хувьсагчийн нэр бичихдээ зай (space) оролцуулж болохгүйг анхаар. Эдгээр тэмдэгтүүд нь өөр өөрийн гэсэн үүрэгтэйгээр, өргөн ашиглагддаг тэмдэгтүүд учир хувьсагчийн нэр бичихэд ашиглах боломжгүй байдаг.
  • Стандарт функцүүд болон түлхүүр үгнүүдийг хувьсагчийн нэр болгон ашиглаж болохгүй нь ойлгомжтой.
  • Хувьсагчийн нэр заавал үсгээр эхэлсэн байх ёстой.

Иймээс та Excell болон өөр бусад ямар нэгэн програм ашиглан мэдээллээ шивэх гэж байгаа бол анхлан толгойгоо оруулахдаа л үүнийг санаж байх хэрэгтэй.

Variable View горимд цонхны бүтэц дараах байдалтай харагдана.

spss4_1

Хувьсагчийн нэр наймаас илүүгүй тэмдэгтээс бүрддэг учраас зарим тохиолдолд шууд хараад тухайн хувьсагчийг ялгах боломжгүй байж болно. Ийм тохиолдолд хувьсагчийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл тайлбарыг бичиж болох Label гэсэн баганыг ашигладаг. Label буюу шошго гэсэн багана нь тухайн хувьсагчийг нэмж тодорхойлсон нэмэлт мэдээллийг агуулна. Практикт энэ талбарт ихэвчлэн анкетийн асуултыг бичдэг юм.

Type гэсэн багананд хувьсагчийн төрлийг тодорхойлно. String буюу үсэгт хувьсагчаас бусад хувьсагчид тоон төрлийн хувьсагчид байна.

spss4_2

Numeric – Үндсэн хэлбэрийн тоон хувьсагч

Comma – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог гурав гурван орноор тасалж зайгаар тусгаарлана

Dot – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог гурав гурван орноор тусгаарлаж цэгээр тусгаарлана.

Scientific notation – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог аравтын зэргээр илэрхийлнэ.

Date – Огноо. Он сар өдрийг олон төрлийн форматаас сонгож хүссэн хэлбэрээрээ бичиж болно

Dollar – Доллар, мөнгөний нэгжийг илэрхийлэхэд ашигладаг.

Custom currency–Бусад мөнгөний нэгж

String – Yсэгт хувьсагч

Data view горимд мэдээллээ оруулах, шалгах засварлах боломжтой.

Variable view горимд тодорхойлсон хувьсагчид маань Data view горимд дараах байдалтайгаар харагддаг.

spss4_3

Мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/ өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнүүд байрлана. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг (тохиолдол гэх нь ч бий) хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд бичигддэг.

Width гэсэн талбарт зааж өгсөн тоо нь хувьсагчийн өргөнийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Data view горимд тухайн хувьсагч агуулсан багана хэдэн тэмдэгтээс хэтрэхгүй байж болохыг заадаг. Гэхдээ энэ нь үсэгт (string) хувьсагч буюу чанарын шинж тэмдэгт л голлон зориулагдсан байна. Харин тоон хувьсагчид (Numeric болон бусад), хэрэв зайлшгүй тохиолдол биш л бол ихэвчлэн 8 гэсэн стандарт өргөнтэйгөөр тодорхойлогдсон байна.

Decimals – аравтын бутархайн таслалаас хойшхи орны тоог заана. Тоон шинж тэмдгийг хэдэн орны нарийвчлалтайгаар хэмжсэн болон бодолт боловсруулалтыг хэр зэрэг нарийвчлалтайгаар гүйцэтгэх шаардлагатайгаас шалтгаалан зууны нарийвчлалтай юм уу мянганы нарийвчлалтай гэх мэтээр хүссэнээрээ тодорхойлж болно. Социологийн судалгааны мэдээлэл нь голлон чанарын шинж тэмдэг байдаг бөгөөд түүн дотроо нэрлэсэн болон эрэмбийн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгүүд дийлэнх байдаг. Тэдгээрийг компьютерт оруулахдаа бүхэл тоогоор тэмдэглэн оруулдаг учраас практикт аравтын бутархайн таслалаас хойшхи орны тоог 0 гэж зааж өгөх нь элбэг. Ингэх нь их хэмжээний мэдээлэлтэй ажиллахад хялбар байх тал бий. Гэхдээ энэ нь Decimals талбарыг дандаа 0 гэж зааж өгөх хэрэгтэй гэсэн үг биш нь ойлгомжтой.

Values талбарт хувьсагчийн авах утгуудыг тодорхойлно.

spss4_4

Жишээлбэл Хүйс гэсэн мэдээллийг оруулахдаа эрэгтэй бол 1, эмэгтэй бол 2 гэсэн тоог оруулсан гэж саная. Value label гэсэн цонхонд тухайлан 1 гэсэн тоогоор эрэгтэйчүүдийг тэмдэглэсэн шүү гэдгийг зааж тодорхойлдог. Ингэхдээ Value гэсэн дээд талын мөрөнд 1 гэсэн утгаа бичээд Value Label гэсэн доод талын мөрөнд тухайн тоо ямар утга агуулгатай мэдээллийг илэрхийлж байгааг зааж өгнө. Add товчийг дарснаар тухайн утга маань тодорхойлогдож дуусна. Дараа нь Value талбарт 2 гэсэн тоог бичиж, Value Label талбарт 2-ын тоогоор ямар утгыг илэрхийлж байгааг бичээд Add товчийг дарна. Гэх мэтчилэн тухайн хувьсагч хичнээн утгатай байна, тэдгээр утгуудаа нэг нэгээр нь дэс дараалан тодорхойлж дуусгана. Зураг дээр 1 гэсэн тоогоор эрэгтэйг тэмдэглэснийг 1=”Male” хэмээн тодорхойлсон байна. Харин 2 гэсэн тоогоор эмэгтэйг тэмдэглэснийг хараахан тодорхойлж дуусаагүй, Add гэсэн товчийг дарснаар доод талын дэлгэцэнд шилжиж орсноор бүрэн тодорхойлогдож дуусах юм. Yүний дараа ОК товчийг дарснаар шинж тэмдгийн утгуудыг тодорхойлох үйлдэл бүрэн дуусах ажээ. Хэрвээ тоо болон утгаа буруу бичээд Add товч дарчихсан бол санаа зовох зүйлгүй. Тухайн буруу тодорхойлогдсон утгаа сонгоод Remove товчийг дарснаар устгаж, дахин шинээр тодорхойлох боломжтой. Эсвэл тухайн утгаа сонгоод засварлаж Change товчны тусламжаар шинэчилж сольж болдог.

Missing гэсэн талбарт тооцооноос хасах утгуудаа зааж өгдөг. Практикт аливаа мэдээллийг 100% бүрэн дүүрэн цуглуулах нь ховор. Респондентууд хариулахаас татгалзсан, эсвэл бусад шалтгаанаар бөглөгдөөгүй асуултууд цөөнгүй тохиолдоно. Эдгээр хариулт байхгүй нүднүүдийг Missing value хэмээн үздэг. Боловсруулалтанд Missing value буюу хариулагдаагүй утгуудыг оролцуулах буюу оролцуулахгүйгээр хоёр янзаар тооцоо хийж болдог. Түүнээс гадна зарим тохиолдолд хариулт байгаа боловч тэр нь үнэнээс гажиж байгаа, хэт хазайлттай гэж үзсэн утгуудыг, зарим тохиолдолд идэвхгүй дундыг барьсан (мэдэхгүй, хариулаагүй, хариулахыг хүсэхгүй байна, тодорхой санал алга, хэлэхэд хэцүү г.м) хариулт бүхий утгуудыг Missing value хэмээн үзэж тооцооноос хасаж болдог. Yүнийг Missing талбарт зааж өгнө.

spss4_5

Зурагт үзүүлсэн жишээн дээр 0-59 гэсэн [0,59] завсрын бүх утгууд, дээр нь 100 гэсэн дискрет утгыг Missing value хэмээн заахаар сонгож авчээ.

Measure буюу хэмжээс. Энэ талбарт шинж тэмдгийн хэмжилтийн түвшинг тодорхойлно. Метрийн шкалаар хэмжигдсэн утгыг Scale, эрэмбийн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгийг Ordinal, нэрлэсэн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгийг Nominal хэмээн тодорхойлно.

Хувьсагчийг тодорхойлох үйлдлийг хийж дуусгаснаар мэдээллийг боловсруулахад бэлтгэх шат үндсэндээ дуусаж байгаа юм. Энэ хүртэл бидний хийж гүйцэтгэсэн үйлдлүүд хэдий чухал ч гэсэн бидний үндсэн зорилго биш юм. Дараа дараагийн удаад мэдээллийг боловсруулах талаар цуврал зөвлөгөөг хүргэх болно.

One Response to “ХУВЬСАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ”

  1. amar said

    Ер таны цувралууд их зүгээр юм аа. Их өгөөжтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: